Categories
мэдээ спорт

Н.Мөнхтуяа “Элит наадам”-д оролцоно

Олон улсын оюуны спортын “Элит наадам” Хятадын Хуай-Ан хотноо маргааш эхэлнэ. Энэхүү наадам шатар, даам, го даам, бриж, хятад шатрын төрлөөр зохиогдох бөгөөд шагналын сан нийт 200.000 евро юм. Мөн бүх оролцогчийн тээвэр, байр, хоолны зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцаж байгаа юм.

Даамын төрөлд дэлхийн цомын тэмцээнээс шалгарсан 24 эрэгтэй, 20 эмэгтэй тоглогч оролцож байна. Энэ удаад манай улсаас ДДХМ Насанбаярын Мөнхтуяа шилдэг 20-д багтсан байна. Тэмцээн рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхлэх ба Н.Мөнхтуяа эхний өрөгтөө дэлхийн 15 удаагийн аварга Зоя Голубеватай оноолт таарчээ.

Н.Мөнхтуяа нь 2000 онд Голланд улсад зохиогдсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирж байсан Монгол Улсын зургаан удаагийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээг тогтооно

Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар өнөөдөр зарлахаар болжээ. Өмнө нь энэхүү хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан бол Сонгуулийн тухай хуулинд зааснаар Үндэсний аудитын газар тогтоож нийтэд мэдээлэхээр болсон. Өнгөрсөн 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Онлайн луйврын гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

Дэлхий дахинд ‪онлайн луйврын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд хамгийн ихээр нэмэгдэж байна. Манай улсын ‪томоохон худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулж байгааг анхаарч өөрсдийн захидал харилцааны аюулгүй байдлыг хангах, ‪төлбөр шилжүүлэх дансны мэдээллийг зайлшгүй ‪утсаар тодруулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэртэйгээ шатаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаад түймрийн улмаас гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Тус тоотод оршин суух эрэгтэй, 44 настай Б нь согтуурсан үедээ гэртэйгээ шатаж нас барсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэдэг энэ нэрийг ажилд ороод сарын дотор л авчихсан юм даа

Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүүгэдэг үгийг мэдэхгүй хүн ховор. Домог болтлоо нэр нь дуурсагдаж, замын цагдаад насаараа ажилласан Г.Дэмбэрэл гуайтай ярилцлаа.

Хэдэн онд Замын цагдаад хөл тавьж байсан бэ. Дэмбэрэл цагдаа чинь бодит хүн юм уу гэж асуух хүмүүс ч байдаг юм билээ. Хэрхэн ийм нэртэй болсноо дурсахгүй юу?

-Би 1967 оны тавдугаар сард Замын цагдаа гэдэг энэ том айлын босгыг давж орж байлаа. Уг нь 1966 онд орох гэж байсан юм. Тэр 1966 он чинь их үерийн жил байсан. Тэгээд тэр үед манай боловсон хүчний дарга дэд хурандаа Гүрбазар гэдэг хүн “За миний хүү, чи энэ гал командад хэд хоног галч хийж бай. Тэгээд чамайг авто руу шилжүүлчихнэ” гэдэг юм байна. Тэгсэн юу хэд хонох хавар болтол галч хийж байгаад Замын цагдаад орсон. “Дэмий шүү, Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэдэг энэ золигийн нэрийг ажилдаа ороод ганцхан сарын дотор л авчихсан юм даа. Гэсэр сүмийн урд талын уулзвар, Хятад ажилчдын соёлын ордны арын уулзвар дээр би анх зохицуулагч хийж гарч байсан. Тэр уулзвар дээр гараад сайн ажилласан болохоор долоо хоногийн дараа жинхлээд үндсэн ажилтан боллоо. Өглөө, оройн ээлжинд сар гарсан даа. Энэ үед л ийм нэрийг олчихсон байгаа юм. Тэр үед хятад, монгол ажилчдын хүүхдүүд дугуй их унана. Ер нь том жижиггүй дугуй их унадаг байсан цаг. Тэр битгий хэл, албан газрын үүдэнд дугуйн зогсоол хүртэл байдаг байсан. Тэгээд тэр уулзвар дээр зохицуулалт хийгээд зогсож байхад, хүүхдүүд залхуураад явган хүний гарцаар гарахгүй дүрэм зөрчинө. Дүрмээрээ бол дугуйгаа хөтлөөд явган хүний замаар алхаад гарах ёстой. Гэтэл хүүхдүүд дугуйгаа унаад хөндлөн давхиад гарна. Би шүгэлдээд зогсооно. Хүүхдүүд л болсон хойно толгойгоо маажаад хүрээд ирнэ. Тэр үед чинь Гэсэр сүмийн тэнд гурван шон байдаг байсан юм. Тэр шонгоос зөрчил гаргасан дугуйг хурааж аваад уячихна даа. Нэг мэдсэн хорь гучин дугуйтай болчихлоо. “Миний хүү дүрэм зөрчсөн чинь үнэн үү” гэхээр л “үнэн” гэдэг. “Тэгвэл миний хүү яваад торгуулийн мөнгөө авчир” гэнэ. Тэгэхээр л нөгөө хүүхдүүд чинь намайг тойроод зогсох нь зогсоод, суух нь суугаад “Дугуйг минь цагдаа ах өгчөөсэй” гээд над руу бүгд харчихна. Өдөр 13.00 цагт би ажлаасаа бууна. Ажлаасаа буухын алдад л машинаа ухраагаад зогсоочихно. “За энэ дугуйнуудыг бүгдийг нь ачлаа шүү” гэхээр л бүгд халааснаасаа мөнгөө гаргаад өгчихнө дөө. Торгуулж байсан хүүхдүүд миний нэрийг мэддэг болчихсон, бас торгуулна гээд дүрмээрээ гардаг болов. Нэг өдөр тэнд байдаг дугуй засварын газрын гадаа байсан дугуй хийлэгчийг нэг хүүхэд хэлэхгүй нууцаар авч байгаад эзэнд нь баригдаж л дээ. Тэгсэн тэр дугуй засварын эзэн хүүг барьж аваад “Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэж айлгасан байгаа юм. Тэгж энэ үг анх гарсан юм билээ. Энэ үеэс хойш л хүүхдүүд юм л бол “Дэмий шүү, Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэж хэлдэг болсон байна. Намайг ингэж дууддагийг би тэр үед мэдээгүй. Нэлээд сүүлд мэдсэн юм.

Тэр үед замын түгжрэл гэж юм байхгүй байсан биз?

-Намайг цагдаад ороход гуравхан салаа байлаа. Нэг салаа 30-аад цагдаатай. Тэгээд намайг цагдаад ороод удаагүй байтал 1968 онд дөрвөн дүүрэг болоод салсан юм. Октябрын районд манай гуравдугаар салаа гардаг юм байна. Тэр үед жинхэнэ социализм байгуулагдаж байсан эд үе учраас ачааны машин суудлын тэрэгнээсээ илүү. Толгойтын замд ачааны машин түгжрэл үүсгэдэг байлаа. Ямар сайндаа эр зоригийн уулзвар гэж нэрлэж байхав. Тэгээд наашаа яваад Гурвалжингийн уулзвар дээр чинь гацаа үүснэ шүү дээ. Толгойтын зам чинь нэг чигийн урсгалтай байсан. Харин одоогийн түгжирдгээрээ алдартай нэгдүгээр хорооллын зам бол тэр үед юун түгжрэл, сураггүй байлаа. 32-ын буудлын ард талын нэгдүгээр хорооллын зам дагуу Хэнтийн тууварчид ирчихсэн хоноглож байсан газар байхгүй юу. Хорооллын эцсийн малтай айлууд нэгдүгээр хорооллоос хадлангаа бэлтгэдэг тийм зэлүүд газар байлаа. Тэр үед чинь манай районд арав гаруйхан хувийн тэрэгтэй айл байлаа шүү дээ. Гурвалжингийн уулзвар, Толгойтын замаас бусад нь сэлүүхэн байсан.

Машин тэрэг цөөхөн байсан учраас осол аваар бага гардаг байсан байх даа.

-Зам сэлүүхэн ч осол аваар гардаг байсан шүү. Цөөхөн цагдаатай байсан юм уу ямар ч байсан их л олон цагаар замын голд зогсоод хяналт тавьж ажилладаг байсан юмдаг. Ямар сайндаа олон цаг зам дээр халуун наранд зогсоод халууцаад ирэхээр замын голын цагаан зураасан дээгүүр явсаар байж явган хүний гарцан дээр ирээд зогсохоор л нээх сайхан сэрүү татдаг байсан юм. Цагаан зураасан дээр нарны тусгал бага тусдаг учраас тэгж салхилдаг байсан байх. Замын голын цагаан зураасан дээр зогсоход сэрүү татдаг гэдгийг замын цагдаагаас өөр хүн мэдэхгүй л дээ. Зун зам дээр хяналт тавьж ажиллах чинь өвлөөс хэцүү шүү дээ. Өвөл бол зам дээр нэг машин зогсоогоод хөлөө дулаацуулаад явуулчихна. Зун тэгэх боломж байхгүй. Тэгээд ч бидэнд ажлаа хаяад дэлгүүр ороод амны цангаагаа тайлах эрх байхгүй, байшингийн сүүдэр бараадаад зогсож болохгүй. Хатуу дэгтэй байсан цаг. Тиймээс олон цагаар хар зам дээр зогсоод шатахын даваан дээр замын голоор алхаж байгаад явган хүний гарцан дээр хүрээд ирэхээр ямар гоё сэрүү татдаг гэж санана.

Осол аваарын хувьд, хэдий замын хөдөлгөөн сийрэг байдаг ч гардаг байсан шүү. Нэг зүйл санаанаас гардаггүй юм. 1968 оны наймдугаар сарын 10 байсан юм. Би тэр орой баруун дөрвөн зам дээр зохицуулагч хийж байлаа. Шөнө 01:00 цагт буух хуваарьтай. Нэг цаг болоход 15 минут дутуу байхад Төмөр замын соёлын ордны уулзварын замын голд зогсож байсан Жамсранжав гэдэг цагдааг Дүрсэмийн Тогтох гэдэг жолооч хүн дайрчихлаа. Би ч шүгэлдлээ. Манай цагдаа ч замын голд үсрээд явчихлаа. Тэгээд замын хажуугаар явж байсан хоёр хүүхдийг дуудаад энэ цагдааг эмнэлэгт хүргэж өг гээд дамжлуулаад унаанд суулгалаа. Хэрэв би тэр үед замын голд байгаагүй бол тэр казах жолооч цагдааг дайрчихаад явчих байсан. Харсан гэрч байхгүй, шөнө байсан учраас баригдахгүй ч юм бил үү. Дайруулсан цагдаа маань хөөрхий өөд болсон. Цагдаа дайрсан Тогтох гээд казах эр тэр өөд болдог цагдаад найм хоногийн өмнө талоноо цоолуулсон байгаа юм. Магадгүй үүнд өширхөөд дайрсан байхыг үгүйсгэхгүй гэж би боддог юм. Тэр үед хүмүүсийн хүн чанар сайн байсан гэдэг ч бас олны олон дотор муу хүн байсан. Цагдаа дайрсан машинд үзлэг хийхэд эд мөрийн баримт гэхээр юм байхгүй байв. Хохирогч цагдаагийн малгайных нь хүрээ машины тоостой шилэн дээр хүрсэн хэсэг, мөн машины урд талын сээтгэн хүрээ үл ялиг хонхойсон байснаас өөрөөр тэр машинд ямар ч сэв гараагүй байв. Тэр үеийн орос машин ямар ч бөх байсан юм. Тэр үед чинь одоогийнх шиг сүлжээтэй утас байхгүй байсан. Ямар сайндаа барилгын техникумын хаалгыг тогшсон чинь онгойлгож өгдөггүй. Тэгэхээр нь цонхыг нь хага өшиглөж ороод утсаар ярьж байлаа. Бүр сүүлд богино долгионы станц гэж юм гарч ирж, юм үзээгүй бид бөөн л баяр юм болж байсан юм даг.

Тэр хэрэг гарахын өмнөхөн манай тэндэхийн нэг жолооч “Чи харихгүй юм уу, дөхүүлээд өгье” гэхээр нь би, буух цаг арай болоогүй байна гээд яваагүй юм. Нэг буучихдаг ч юм уу гэж бодож байснаа за болохгүй гээд үлдсэн юм. Хэрэв би тэр үед цагаасаа 10 минутын өмнө буугаад явсан бол өдийд дээлээ нөмрөөд шоронд явчихсан байх байсан. Хариуцлага гэдэг чинь энэ юм байна гээд тэрнээс хойш хэдхэн минутын өмнө ч гэсэн ажлаасаа бууна гэсэн бодол толгойд орж ирэхээ байсан даа.

Өдөрт хэдэн цаг ажилладаг байсан юм бэ. Одоогийн замын цагдаагийн алба хаагчидтай харьцуулахад тэр үед хэр их ачаалал авч ажилладаг байсан бэ?

-Нэг ээлжинд зургаан цаг зохицуулагч хийнэ. Одоогийн цагдаа нарыг харахад бидний үеэс ачаалал бага байна. Манайх Толгойтод байдаг. Өглөө 5:30 цагт эхний автобусанд сууж байж ажилдаа ирнэ. Тэгээд нэгдүгээр парк, депогийн ард буугаад тэндээсээ явган нүцгэн гүйгээд замын цагдаа орно доо. Өглөө 6:30-7:00 цагийн хооронд амжиж очихгүй бол ажил тасалсан гээд цалин мөнгө засна, хатуу арга хэмжээ авахуулна. Өглөө болгон үүрээр гэрээсээ гарч ажиллана гэдэг бол ар гэрийн хүмүүст хүнд тусдаг. Босч цай чанаж өгөхөөр хань маань өглөө дөрвөн цагт босно. За тэгээд би ажлаасаа өдөр 13:00 цагт бууна. Ажлаасаа буугаад амаръя гэж байтал “Юун амрах. Чи хойд талын гуанзанд ороод аяга цай уучихаад гараад ир. Тэгээд хамгаалалтад гар” гээд тавьчихна. Өглөө 6,30 цагаас хойш ажилласан би чинь хамгаалалтад гараад оройны 22:00 цаг хүртэл буухгүй шүү дээ. Маргааш нь өглөө дахиад 5:30 цагт гэрээсээ гардаг байлаа. Ажлын ачаалал ийм л өндөр байж. Одоо бол замын цагдаагийн ажил бас ч гэж гайгүй болж дээ гэж хараад байна. Манай нэг хүү замын цагдаад ажилладаг юм. Хамгаалалтад гардаг цагдаагийн тусгай тасагтай болсон учраас зохицуулагч хийсэн хүн давхар хамгаалалтад гарахгүй юм байна гэж ойлгосон. Би төрийн том том хамгаалалтад зөндөө гарч байсан. Миний сэтгэлд үлдсэн дурсгалтай үе бол, Гүррагчааг сансарт нисэхэд би Тасганы овооны арын гарцан дээр хамгаалалтад гарч байсан юм. Тэр үе санаанаас гардаггүй.

Хариуцлага өндөр байсан учир цагдаагийн алба хаагчид ажилдаа үнэнч шударгаар ханддаг байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Тэр үед Золоо гээд сайхан хурандаа байсан. Тэр хүний үгнээс гардаг замын цагдаа байгаагүй. Замын цагдаагийн урд талд Морин тойруулгын салаа гэж байсан юм. Тэр салаан дээр Олзвой гэдэг цагдаа зохицуулагч хийдэг байв. Нэг удаа гаднаас ирсэн зочдыг Тэрэлж рүү явуулахаар замын цагдаа нар бүгд хамгаалалтад гардаг юм байна. Тэр өдөр бямба гариг байсан юм. Тэгээд Золоо хурандаа “За Олзвой минь, чи буу гэсэн цагт л буугаарай” гэж хэлж л дээ. Нөгөө Олзвой чинь тушаал авчихаад хурандаагийн буух тушаалыг хүлээгээд зогсоод байж. Зочид Тэрэлж рүү явчихлаа. Хамгаалалтын цагдаа нар бүгд буучихлаа. Тэгээд нөгөө зочин нь маргааш орой нь буюу ням баригт буцаад ирэхээр болов. Золоо хурандаа зочноо хүлээж авах гээд цагдаа нараа зам дээр тавих боллоо. Тэгсэн нөгөө Олзвой чинь байдаггүй. Золоо хурандаа ч сандарч “Ямар хачин юм бэ, Олзвой байхгүй байна, өөр хүн оронд нь тавья” гээд хүрээд ирсэн чинь Олзвой зогсч л байсан байгаа юм. Бүтэн хоёр өдөр, нэг шөнө зам дээр зогссон байсан. Миний үеийн цагдаа нар ажилдаа тийм л үнэнч байж. Тэгээд ер нь баяр ёслол, цагаан сар, шинэ жилийг тэмдэглэнэ гэдгийг мэдэхгүй. Хүн бүр цагаан сараар шинэлж байхад зам дээр бид зогсч л байна. Би Замын цагдаад ороод тэтгэвэрт гарах хүртлээ улсын наадам үзээгүй шүү дээ. Улсын наадмаар байнга л хамгаалалтад гарна. Тэнд очоод зогс, энд очоод зогс л гэнэ. 1994 онд би тэтгэвэрт суусан. Харин наадмын дараа цагдаагийн баяр болдог. Энэ баяртаа үе үе очдог байлаа. Баяр наадам тэмдэглэнэ гэж бодохгүй, тэрэндээ ч бүр дасчихсан байж. Их удаан зогсохоор хөл их өвдөнө. Тэтгэвэрт гарахдаа хагас жил ажиллах дутуу байсан ч хөл минь өвдөөд ажиллаж барахгүй тэтгэвэртээ суусан даа.

Өөр ямар зөрчил гардаг байв. Хяналт шалгалт хийдэг байв уу?

-Цэрэндорж гээд Хятадын эрлийз хүн байсан юм. 22-ын товчоогоор хавар, цагаан сарын дараа юмдаг, тэр Хятадын эрлийз хүн тарвага алчихаад дөчийн бидонд гялгар уутанд хийгээд дээрээс нь тараг сүү гээд оруулж байгаад надад баригдсан юм. Нэг өдөр манай диспетчер “Наад Цэрэндорж чинь дандаа л сүү, тараг зөөх юм. Наадахаасаа жаахан сүү гуйгаад аваач” гэлээ. Тэгэхээр нь “чи надад цайны сүү өгөөд орхиоч” гэдэг юм. “Тэг тэг” гэхээр нь очоод бидоныг нь онгойлгоод хутгаад авах гэсэн чинь нэг юм туллаа даа. Энэ юу байдаг билээ гэхэд нөгөө эр чинь нэг л дүлгэнээд байна. Тэгэхээр нь замаас гаргаад шалгаад үзсэн чинь тарвага. Тэгж оруулж байжээ. Хятадуудын арга ийм нарийн. Хятадууд тун даруухан, тун зальтай шүү дээ. Нахилзаад л шогшоод байна. Тэр үед их бүтээн байгуулалтын үе учраас хятадууд барилгын материал их зөөнө. Цагаан бээлийтэй машин барина. Зогсоохоор л гүйж ирээд тамхи гаргаж ирээд шүдэнз зураад “Цайн байна уу, цайн байна уу, тамхи татваа” гээд бөхөлзөөд, шогшоод л байна. Тэр чинь заль байхгүй юу. Тэр үед их гардаг байсан зөрчил бол холын аймгаас ирсэн жолооч нар хүнээ их нуудаг. Товчоогоор орохдоо л хүнгүй гээд орно. Тэгээд диспетчер бид хоёр ээлжилж гараад машиныг нь шалгана. Ачаан дээр гараад хучлагатай зүйлүүд байхаар нь тэмтрээд шалгана. Хэд хэдэн удаа хүний нүүрэн дээгүүр гараараа тэмтэрч үзсэн. Их эвгүй шүү дээ, дотор арзас хийгээд явчихна даа. Хүний шунал юм даа. Хүнээ нууж, тэр хүний зардлыг нь жолооч нь өөрөө халааслах гээд байхгүй юу. Замын цагдаа болсны сайхан зүйл нь дуртай жолоочоо аваад нутаг руугаа хувийн унаа шиг хүргүүлээд явдаг байсан. Тэр үед их сайхан шүү дээ. Очихоор л нутгийн улсууд энэ том ачааны машинаар ингэж хүргүүлж байдаг том газрын улсууд өөр юм гэхээр залуу хүн чинь их онгирно шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанцэцэг: Онолын хувьд үнийн хэлбэлзэл, уналт зэргийг урьдчилан тооцох ёстой

МУИСийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Монголын эдийн засгийн талаар мэргэжилтнүүд маргаж байна. Ихэнх нь муу дүн тавьж байгаа бол зарим нь эдийн засаг хөрсөн дээрээ буулаа гэх юм?

-Би бол тааруухан гэж хэлнэ. Гэхдээ эдийн засгийг шинждэг параметрүүд байдаг. Саяхан манай эдийн засаг 20 шахам хувийн өсөлттэй байсан. Одоо хоёр хувийн өсөлтийн тухай ярьж байна. Бас нэг үзүүлэлт болох инфляцийн бага түвшинг сайн үзүүлэлт гэж дүгнээд байгаа юм. Үүнтэй санал нэгдэхэд хэцүү.

Яагаад?

-Эрэлт буурчихаар инфляци доод түвшинд орж байна. Эрэлт буурна гэдэг маань худалдан авалт багасч, иргэдийн амьжиргаа доошилж байгааг л харуулна. Ажилгүйдлийн түвшин бас их чухал үзүүлэлт. Гаднаас нь харвал ажилгүйдэл нэмэгдээд, ажлын байраа алдаад байгаа иргэдийн тоо цөөн харагдана. Шинээр ажилгүй гэж бүртгүүлсэн иргэдийн тоо нэлээд өссөн байдаг. Гэхдээ бүртгүүлэгчдээс ажилд орсон хүний тоо маш их буурсан. Эндээс харвал ажилгүй гэж бүртгүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдээд байдаг. Ажлаар хангагдаж байгаа нь маш чухал болчихож байгаа юм. Жишээлбэл 2015 онд сард дунджаар 11 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд бүртгүүлээд 2.5 мянган хүн ажилд орсон байдаг. Гэтэл 2011-2013 онд сард дунджаар зургаан мянган хүн ажилгүй гэж бүртгүүлснээс дөрвөн мянга нь ажлаар хангагддаг байсан гэсэн статистик байна. Мөн хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа байдаг. Сүүлийн үед 60 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт биш.

Энэ юуг харуулдаг индекс вэ?

-Хэрэглэгчийн одоо, ирээдүйдээ хэр итгэлтэй байгааг харуулдаг үзүүлэлт. Ойрын зургаан сард хэрэглэгчид итгэл муутай байгаа үзүүлэлт гараад байгаа. Энэ чинь хэрэглэгчид, өрхүүд гутранги байна гэсэн үг. Эдгээр үзүүлэлтээр эдийн засаг сайн биш гэж дүгнэж болно.

Эдийн засгийн ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Ийм үед нийт эрэлтийг урамшуулах бодлого хэрэгжүүлдэг. Төсвөө танах бус болж өгвөл жаахан тэлэх. Ялангуяа нийгмийн эрсдэлтэй бүлэгт үзүүлэх зардлыг бууруулах шаардлагагүй. Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг эдийн засагчид санал болгодог. Гэхдээ манайд орон зай, цаг хугацааны хувьд төвөгтэй байж магадгүй. Монголбанк хэрэглээг урамшуулахаар ханшид нөлөөлөхөөс болгоомжлоод байгаа юм болов уу гэж бодож байна.

Хямралын эх үүсвэр нь эрдэс баялгийн үнийн уналт гэж байна. Энэ байдлаас салах боломж байна уу?

-Бодит байдал бол бид уул уурхайгаас хараат байна. Цаашдаа ч багагүй хугацаанд хараат байдлаас гарч чадахгүй байх. Бид цөөн тооны баялгаас хамааралтай. Харамсалтай нь тэр цөөн тооны баялгийн үнэ нь дэлхийгээс хамаардаг. Үүнтэйгээ эвлэрч түүндээ тохирсон бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөг хүртэл хэрэгжүүлсэн бодлого нь нөхцөл байдлыг буруу дүгнэсэн бодлого байсан.

Ямар алдаа байна?

-Онолын хувьд үнийн хэлбэлзэл, уналт зэргийг урьдчилан тооцох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хууль чинь яг ийм эрсдэлүүдээс хамгаалах боломжийн хууль байсан. Энэ хуулиа хэрэгжүүлээгүйгээс л бид өнөөгийн хүнд байдалд орж байна. Цаасан дээр нэг бодлого, хэрэгжихдээ өөр бодлого болчихож болохгүй л дээ. Боломжийн хууль эрх зүйн орчин байна. Түүнийгээ хэрэгжүүлэх нь л чухал.

Ам.долларын ханш өндөр болсон гээд зарим нь гаслаад байна?

-Сайн муу гэдэг нь хэрэглэгчийн харах өнцгөөс шалтгаална. Жишээлбэл импортоос их хамааралтай аж ахуйн нэгж, хувь хүнд зардал нэмэгдэнэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлт тэдэнд хүнд тусна. Ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүдэд бас томоохон цохилт болно. Тэд чинь арай бага ханшаар авсан ам.доллараа өндөр ханшаар төлөх болж байна. Гэхдээ дан сөрөг нөлөөтэй гэж үзэж болохгүй. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдэд амьсгаа авах боломж гарч ирж байна гэж хэлж болно. Үндэсний бараа бүтээгдэхүүн маань импортын бараа бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх боломжтой болж байна. Дотоодын үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь нэмэгдэхээс гадна экспорт хийдэг аж ахуйн нэгжүүд ашгаа нэмэгдүүлэх боломж нээгдэж байна.

Ам.долларыг мянган төгрөг хүртэл бууруулах тухай ярьж байна?

-Зарчмын хувьд зөв л гэж бодож байна. Манай импортод хамгийн том хувь эзэлдэг нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл тэр хэмжээний доллар бидэнд хэрэггүй болно. Ингэснээр төгрөгийн ханш чангарах нь гарцаагүй. Гэхдээ тооны хувьд хэт өөдрөг төсөөлөл юм шиг санагдсан.

Ипотекийн зээлийг таван хувь болгох тухайд таны бодол?

-Эрсдэлтэй алхам. Тав бүү хэл найман хувь нь өөрөө зах зээлийн бодит хүү биш. Өөр эх үүсвэрээс зөрүүг төлж байгаа хүү. Өөрөөр хэлбэл та дэлгүүрээс мянган төгрөгийн талхыг 800 төгрөгөөр авч байна. Гэтэл талхны үнэ мянган төгрөг. Хэн нэг нь зөрүү 200 төгрөг төлж байна гэсэн үг. Ийм бодлого удаан үргэлжлэх үү. Харин одоо бүүр таван зуун төгрөгийг өөр эх үүсвэрээс төлөөд, та мянган төгрөгийн талхыг 500 төгрөгөөр авах гэж байна. Тэр таван зуун төгрөгийн тэтгэмж хаанаас гараад байна. Хэр найдвартай удаан үргэлжлэх вэ гээд олон тодорхойгүй асуудал байна. Зээлийн хүүгийн зөрүүг хэн хаанаас санхүүжүүлж байгаа тухай тодорхой мэдээлэл алга. Хэрэв энэ нь тодорхой бол мэргэжилтнүүд энэ нь зөв энэ нь буруу гэх мэтээр тодорхой санал дэвшүүлж болно. Мэдээлэл байхгүй тул элдэв маргаанаас эхлээд хардалт, сэрдэлт яваад эхэлж байна.

Таны буруутгах үндэслэл?

-Өнөөгийн орон сууцны зах зээлийг бодлого дэвшүүлэгчдийн ярьж байгаа зүйлтэй харьцуулахаар хэрэгжих магадлал буураад байгаа юм. Бодлого санаачлагчид орон сууцны зах зээлийг өргөн хүрээнд хамруулна гэж байна. Түүн дотор бага орлоготой иргэд багтаж байна. Мэдээж орон байрны хэрэгцээтэй иргэдэд энэ сайхан сонсогдоно. Би ч хүмүүсийг орон байртай болохыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ эдийн засгийн онолоор бол орон сууц худалдан авах чадвартай иргэдийн тоо ханачихсан гэсэн үзүүлэлт гарч байгаа юм. Зах зээл ч өөрөө ийм дохио өгөөд байгаа. Өнөөдөр зах зээл дээр 20 шахам мянган орон сууц борлуулалтгүй байна. Борлохгүй байна гэдэг нь илүүдэл болдог. Хэзээ илүүдэл үүсдэг вэ гэхээр үнэ өндөр байхад. Энэ юу хэлж байна гэвэл жамаараа барилгын үнэ унах ёстой гэсэн үг. Гэтэл одоогийн санаачилсан бодлого нь хаа нэгэн газраас үнийн зөрүүг өгч зохиомол ч гэх юм уу, албадан ч гэж болох борлуулалт хийх гэж байна. Өмнө нь 1.5 сая төгрөгийн орлоготой өрх зээлд хамрагддаг байсан бол шинэ санаачилгаар нэг сая төгрөгийн орлоготой өрх хамрагдах болж байна. Энэ бол Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл.

Иргэдэд бол таатай нөхцөл шүү дээ?

-Мэдээж гоё сонсогдоно. Хүүгийн зөрүү төлж байгаа нууц эх үүсвэр тогтвортой, найдвартай удаан хугацааны төлбөр хийнэ гэж өөдрөгөөр төсөөлье. Тэгвэл сая төгрөгийн орлоготой гэр бүл урт хугацааны төлбөр хийхэд ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Бидний олон жилийн судалгаанаас харахад бага орлоготой өрх их орлоготой өрхөөс илүү их эрсдэлд өртдөг. Эдийн засгийн өсөлт бага хэмжээгээр буурсан ч бага орлоготой өрхүүд нэрвэгддэг.

Жишээ хэлж болох уу?

-Нэг сая төгрөгийн орлоготой дөрвөн ам бүлтэй өрхийн ипотекийн төлбөрөөр тооцоо хийж үзье. Энэ өрх орлого багатай эрсдэл өндөртэй бүлэгт хамаарна. Гэхдээ ямар ч эрсдэлгүй, урт хугацаанд тогтвортой төлбөр хийх зарчимтай ипотекийн зээлд хамрагдаж байна. Энэ өрх өнөөдөр ч эрсдэлтэй байгаа бөгөөд ойрын хэдэн жилд эдийн засаг өсч, эрсдэл буурна гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй.

Сая төгрөгийн орлоготой өрх сард 400 гаруй мянган төгрөгөө ипотекийн зээлд өгөх боломжгүй гэж үү?

-Эхний ээлжинд сая төгрөгийн худалдан авах чадвар ямар байна гэдгийг тооцох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Засгийн газар нэг иргэний амьжиргааны доод түвшинг 180 гаруй мянган төгрөгөөр тогтоосон. Энэ нь нэг хүн сард амьдрах доод зардал нь 180 мянган төгрөг гэсэн үг. Гэтэл хэдэн жилийн өмнөх хэрэглээний үнэ өнөөдрийнхтэй дүйцэх үү. Дээрх дөрвөн ам бүлтэй өрхийн амьжиргааны доод зардал нь 720 мянган төгрөг болж байна. Нөгөө ипотекийн сарын хамгийн бага төлбөр 400 мянга. Гэтэл өрхийн орлого доод амьжиргаагаар тооцоод 280 мянган төгрөг л үлдэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн өрх амьжиргааны доод түвшнээс хоёр дахин доогуур зардлаар амьдарч байж зээлээ төлөх болно.

Бидний амьжиргаа өмнөд хөршөөс багагүй хамааралтай болсон. Өмнөд хөршийн маань эдийн засаг ямар байгаа бол?

-Сайн биш байгаа нь сүүлийн үеийн зарим үйл явдлаас харагдаж байна. Саяхан хөрөнгийн зах зээл дээр гэнэтийн үнийн уналт болсон. Хөрөнгийн биржээ хааж үзлээ. Олон хязгаарлалтаар зохицуулалт хийхээр оролдож байна. Захиргааны зохицуулалт хийнэ гэдэг нь зах зээл багагүй асуудалтай байна гэсэн үг. Юанийн ханш унах магадлал өндөр байна. Гэхдээ БНХАУ валютын их хэмжээний нөөцтэй учраас энэ их аюул дагуулахгүй байх гэж олон улсын шинжээчид харж байх шиг байна. Гэвч энэ нь юанийн аюулгүй баталгаатай гэсэн үг биш. Юань урт хугацаанд олон дарамттай учирна. Наад захын жишээ гэхэд БНХАУ-ын компаниуд зөвхөн 2016 онд нэг их наяд ам.долларын төлбөр хийнэ. Энэ нь ам.долларын эрэлтийг өсгөж юань сулрах нөхцөл бүрдүүлж магадгүй. Бас нэг сонирхолтой зүйл бол Хятадын эрх баригч нам хөрөнгө оруулалтад төвлөрсөн бодлогоос хэрэглээнд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэж зарласан. Хятад улс өнөөгийн шинэчлэлийг хийхэд 30 гаруй жил зарцуулсан. Одоогийн энэ өөрчлөлт эдийн засагт тодорхой хэмжээний савлагаа үүсгэнэ. Тогтолцоог өөрчлөх, хэрэгжүүлэх арга, иргэд хэрхэн хүлээн авах, зохицох гээд том эдийн засагт багагүй бэрхшээл үүснэ. Нэр нь хэрэглээнд суурилах гэж байгаа боловч зөвхөн эдийн засаг бус нийгэм улс төрийн салбарт маш их өөрчлөлт хийнэ. Засаглалын ил тод байдлаас эхлээд нийгмийн даатгал, хүний эрхийн хүрээнд ч том өөрчлөлт гарах байх. Хөрш орны хувьд энэ нь манайд эерэг нөлөө үзүүлнэ.

Хятадын эдийн засгийг тэтгэдэг АНУын эдийн засаг ямар байгаа бол?

-АНУ-ын төв банкнаас ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт нэг их ажиглагдахгүй байх тухай зарласан. Бодлогын хүүгээ нэмэхгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Мөнгөний бодлогоо чангаруулахгүй гэсэн үг. Энэ нь эдийн засаг сайн биш байгааг харуулсан дохио.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Хадбаатарын МӨнхбаатар: Бие маань спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол Улсын хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатарыг бөхийн дэвжээгээ орхиж байгаа тухай яриа гараад байгаа юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр тэрээр зодог тайлж буйгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдэх нь гэх мэдээлэл түгсэн. Гэвч Мөнхбаатар арслан тэр тухай мэдээлэл хийгээгүй. Тэрээр өнөө жил 35 настай бөгөөд улсын наадамд арван удаа шөвгөрсөн. 2012 оны наадамд Говь-Алтайн Ж.Амартүвшин, Өвөрхангайн Т.Санчир нараар зургаа, долоо давж их шөвөгт үлдсэн ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон хүчингүй болж байсан удаатай.

Х.Мөнхбаатар 2000 онд 19 насандаа Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж байсан бол 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойгоор хорин насандаа Б.Бадрал начингаар тав давж улсын цолны босго алхаж байв. 2005 онд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнээр долоо давж заан цол хүртсэн. 2006 онд зургаа давж Завханы М.Баяржавхланд өвдөг шороодсон бол 2007 оны төрийн наадамд Н.Ганбаатар гарьдаар долоо, Б.Сайнбаяр заанаар найм, И.Доржсамбуу гарьдаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолыг хүртэж байсан юм. Их спортод мөн амжилт үзүүлж, дэлхийн цом болон Азийн тоглолтын наадмаас хүрэл медаль хүртсэн удаатай. Энэ тухайгаа тэрээр “Жүдод сонирхолтой болж, ид барилдах хүсэл мөрөөдөлд автаж байсан үедээ бэртэл авсан даа. Бэртэлгэмтэл гайгүй болох үед барилдах гэхээр айгаад байдаг болчихдог юм билээ. Ялангуяа баруун хөл рүү хүмүүс дайрахаар бүр ч эвгүй. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг дотнын дүү нартайгаа бэлтгэл хийсний хүчинд дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ” хэмээн ярьж байсан юм.

Арсланг зодог тайлж бөхийн дэвжээгээ орхиж буй талаар сошиал ертөнцөөр одоо хэр нь шуугьсан хэвээр байна. Харин тэрээр энэхүү шуугиантай холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан.

Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтад том саад болж байна. 2015 оны наймдугаар сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна. Бие маань спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” гэсэн байна.

Бэртэл гэмтлийнхээ талаар таван жилийн өмнө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ. “Улсын цол авснаасаа хойш хамаа замбараагүй барилдсан болов уу гэж боддог юм. Ухаандаа, төрийн наадамд анх зодоглоод цол авчихсан учир барилдаан сайн мэдэхгүй, айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй, бэртэж гэмтэхийг мэддэггүй тийм л байсан. Тухайн үед баруун хөлийнхөө шагайнд бэртэл авсан юм. Шагайгаар тогтохгүй нарийн шилбэ маань цуурсан байсан л даа. Уг бэртэл гэмтэл баруун хөлийн өвдөгний хоёр шөрмөс тасрахад хүргэсэн байх. Ингээд би чинь 2002 оны намраас 2005 он хүртэлх хугацаанд бэртэлтэй байсан. Юуг нь нуухав дээ. Оюутны байранд, орон дээрээсээ босч чадахгүй хэвтэрт байхдаа “бөхийн зам мөр минь ингээд дууслаа, улсын өндөр цолонд хүрнэ гэсэн хүсэл зорилго минь нурлаа гэж үү дээ” хэмээн бодоход хоёр нүдний нулимс гардаг байв. Гэвч хүнд хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ. Солонгос улсад очиж эмчлүүлэн хоёр шөрмөсөө залгуулсан. Өнөөдөртэй харьцуулахад, мөнгө хатуу байсан үе. Тухайн цагт арван долоон мянган доллар төлж байсан. Нутгийн олонтойгоо элбэж байгаад л төлсөн. Бэрх байсан шүү” хэмээн ярьсан юм.

Тэрээр шөрмөсөө залгуулсан тэр жил буюу 2005 онд улсын заан цол хүртсэн байдаг. Тэр жилийн наадамд харцага Ц.Магалжав, Л.Пүрэвжав, Д.Батболд нараар дөрөв, тав, зургаа даваад зааны даваанд өөрийн багш Б.Бат-Эрдэнэ аваргатай хүч үзсэн. Багш нь “За чи цаашдаа сайн барилдана шүү” гэж хэлээд тахимаа өгөхөд нь ихэд баярлаж, бөхийн дэвжээнд олон жил хүч үзэж, өндөр цолонд хүрэх юм шүү гэж зүтгэсэн тухайгаа хэлдэг. Хүсэл зорилго нь биелж төрийн наадмын түрүү бөх болсон билээ.

Өнөө жилийн сар шинийн барилдаанд Х.Мөнхбаатар арслан зодоглоогүй. Үс сахал болсон нөхөр ирж бөхчүүдийнхээ дунд сууж бөхөө үзсэн. Өөрийн нутгийн дүү, нэгэн дэвжээнд олон жил бэлтгэл сургуулилт хамт хийсэн Содномдоржийгоо түрүүлэхийг дэргэдээс нь харсан. Түүний хувьд сар шинийн барилдаанд одтой барилдан хоёр жил дараалан түрүү үзүүрт шалгарч, үзүүр булаасан бахдам амжилт гаргасан юм. 2011 онд Ц.Мягмарсүрэн заан, А.Цацавшир харцага нарыг давж Сүхбаатарын Ш.Мөнгөнбаатартай үлдэж үзүүрлэсэн. Дараа жил нь 2012 онд Б.Батмөнх заан, Ц.Содномдорж харцага нарын шилдэг залуу хүчтэнүүдийг өвдөглүүлэн мөн л түрүү үзүүрт шалгарч аварга С.Мөнхбатад унаж байсан удаатай.

Удам гарал хийгээд бөхийн зам мөр хөөсөн тухайгаа арслан ийн өгүүлсэн нь бий. “Аав маань бөхөд дуртай. Гэхдээ барилдаж ноцолдон бусдын анхааралд тэр бүр өртөөгүй байна. Харин дээр үед барилддаггүй ч гэсэн бяр тэнхээтэй хүмүүс олон байсан гэдэг. Тухайлбал, манай удамд даншгийн заан Шажинтөр гэж хүн байсан талаар дуулсан. Мөн өсч төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нарийн хэмээх газраас аймгийн арслан Түмэн-Өлзий, цэргийн заан Сэрээтэр тэргүүтэй бөхчүүд төрснийг хэлэх байна. Намайг бөхийн замд хөтөлсөн хүн Б.Бат-Эрдэнэ багш. 1997 онд “Говь” компанийн захирал Ц.Сэдваанчигтай Хөвсгөлөөр явж байх үед нь таарч уулзаж байлаа. Тэгэхэд би арван зургаан настай хүү байсан. Багш утас шөрмөсөө өглөө. “Хотод очиж бэлтгэл хий, их спортын болон үндэсний бөхийн тамирчин бол. Надтай уулзаарай” гэж захисан юм. Уг гэрээс захиасын дагуу хотод ирсэн гэхэд болно. Бат-Эрдэнэ аваргатай анх Спортын төв ордны үүдэнд уулзсан юм. Уулзсан даруйд л багш жүдо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж орон Эрдэнэбилэгт багшид тушааж байсан. Зүгээр ч нэг үлдээгээгүй. Төдөн хоногийн дотор төдөн мэх сурна шүү гэсэн амаргүйхэн үүрэг өгч байлаа. Тэр цагаас хойш багшийгаа дагаж спортын заал танхимаар явж байгаад өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын сургууль руу одоогийн Ж.Гансүх начин, Ш.Жаргалсайхан гарьд бид шилжиж байлаа” гэв. Сүүл үеийн спортын шуугиан болоод буй арслангийн тухай өгүүлэхэд ийм байна.

Ө.Манлай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн тойргуудад ХЭН, ХЭН ДЭВШИХ ВЭ?

УИХ-ын сонгуульд нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх хүсэлтийг нийслэлийн АН-аас гаргаснаар хүмүүсийн дунд нэг хэсэг нийслэлд нэр дэвшигчдийн тоо ахих нь гэсэн ойлголт төрөөд байлаа. Нэр дэвшихээр горилогчид хүртэл хот руу ирж магад гэж ярьж эхлээд байсан билээ. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Үе, үеийн хотын дарга нар энэ мандатын тоог нэмэгдүүлэхийн төлөө явж ирсэн. МАН-ын хотын дарга нар ч, М.Энхболд дарга ч тэгж явсан” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд үүнийг гүтгэлэг гэж хатуу мэдэгдэхэд хүртэл хүрсэн юм. АН-ынхан хүн амын тоогоороо тооцож үзвэл нийслэлд мандатыг нэмэхээс аргагүй гэж байсан бол МАН-ынхан хөдөө орон нутгаа хөсөр хаяж эзэнгүйдүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах асуудал болно гэж байлаа. Юутай ч өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганаар энэ асуудал эцэслэгдэж, мандатын тоог 2012 оны сонгуультай адилаар явуулахаар болсон юм. Тэгэ- хээр нийслэлийн зургаан тойргийн 14 мандат дээр хаанаас хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь яригдах асуудал болно. Үүнийг хамтдаа зураглаж харъя.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Нийслэлийн зүрхэнд орших энэ дүүргийн сонгогчдын хувьд хотын төвийнхөн бас гэр хорооллынхон аль аль нь багтдаг дүүрэг. Хоёр мандаттай. Ер нь үеийн үед аль ч намаас энд лидерүүд нь өрсөлдөж ирсэн жишиг бий. Тэр журмаар энэ удаагийн сонгууль өрнөж таарах болов уу. МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Сү.Батболд тойрогтоо буцаж ирнэ. Буцаж ирнэ гэдэг нь өөр газар руу явчихаад ирж байгаа хэрэг биш л дээ. 2012 оны сонгуульд намын даргын хувьд намаа толгойлж, жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д сонгогдсон юм. Харин энэ удаад 2004-2008, 2008-2012 онд итгэлийг нь өвөрлөн өмнөөс нь ажиллаж байсан уугуул дүүрэгтээ нэр дэвшинэ. Түүнийг урьдын адил Сүхбаатар дүүргийнхнээсээ олонхийн саналыг авна гэж улс төрийн хүрээнд ярилцаж байгаа. Харин өөр нэг нэр дэвшигч нь Д.Цогтбаатар байх нь. Тэрбээр МАН-ыг Засгийн газарт хамтран ажиллах үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Бас саяхнаас дүүргийнхээ намын хорооны даргын албыг авсан байгаа. Энүүхэндээ гэхэд Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо ихээхэн бужигнаантай байгаа аж. Олон жил энэ намын хороог даргалж ирсэн Төмөрбаатарыг хуучинсаг, намын гишүүдээ эвлэрүүлэн нэгтгэх бус хагалан бутаргаж байна гэсэн үндэслэлээр өөрчилж, Д.Цогтбаатарт хариуцуулан өгсөн гэж дуулдаж байсан. Тэгэхээр сонгуулийн өмнө намын хороогоо нэг эвд оруулж, нэгтгэн базах ажил ч МАН-ынхны өмнө байгаа бололтой. 2012 оны сонгуульд энэ дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн “ХАС”-ын гэгдэх Ч.Ганхуяг, МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Ц.Цогзолмаа нар ялагдал хүлээж, АН-аас нэр дэвшсэн Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар ялалт байгуулж байв. Харин тэд энэ удаад жагсаалт руу явж магадгүй. Р.Амаржаргалын хувьд намаас нь жагсаалтын нэг суудлыг өгөх нь тодорхой гэж эртнээс яригдсан бол Л.Гантөмөр ч жагсаалтын бүтцийг зөв харагдуулах үүднээс тэнд баймаар гэх. Тэгээд ч өөр, өөр фракцуудын томоохон төлөөллүүд учраас хоёулаа багтчих магадлалтай талаар өмнө бид дурдаж байсан. Л.Гантөмөр ерөнхий нэр хүнд өндөртэй яваа улстөрч. Түүний боловсролын салбарт хийсэн шинэчлэлүүд, инженерүүдийг олноор бэлтгэх бодлого, мэддэгээс чаддагийг бэлтгэнэ гэсэн нь нийгэмд таалагдаад байгаа төлөвтэй. Гэхдээ тэд жагсаалт руу явлаа гэхэд өөр хувилбарууд ч бэлэн. НИТХ-ын дарга Д.Баттулга энэ тойрогтоо өрсөлдөж байсан танигдсан улстөрч. Бас нийслэлийн орлогч дарга С.Очирбат ч олон жил орон нутгийн сонгуульд энэ тойргийн сонгогчдын итгэлийг дааж гарч ирж байсан. Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан залуу хүн гэлтгүй боломжийн ажиллаж, саяхан дүүрэг нь шилдэг болоод байгаа. Гэхдээ нийслэлийнхэн одоогийн багаараа сонгуульд орно гэж яригдаад байгаа болохоор байдал хэрхэх нь тодорхойгүй л байна.

ЧИНГЭЛТЭЙ

Чингэлтэй мөн л хоёр мандаттай дүүрэг. Өмнө нь гурван мандаттай цэнхэр дүүрэг гэдэг байсан бол 2012 оны сонгуулиар хоёр мандаттай болж, Шударга ёс эвслийн Г.Уянга, АН-ын Г.Баярсайхан нар УИХ-ын гишүүний тангараг өргөж байсан юм. Энэ удаад Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой хүмүүс нам намаас нэлээдгүй байгаа сурагтай. Г.Уянга бол энэ тойрогт уйгагүй удаа дараа үзэж байж 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүний рейтинг Засгийн газрыг огцруулах, зарим хүмүүсийн аав нарт захиа бичсэн зэргээс болоод уначихаагүй бол саяхныг болтол өндөр явсан. АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гурав дахь удаагаа энэ тойрогтоо нэр дэвших гэж байна. Мөн энэ дүүргийн намыг олон жил толгойлж явсан УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар нэр дэвшиж таарна. Тэрбээр өдгөө Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашиж байгаа. Б.Батбаатарыг тойргийнхон нь сайн мэднэ. Түүний хувьд аль нэгэн дарга дагаж, фракц гээд байдаггүй, улс төрд бор зүрх, зарчмыг эрэмбэлж өдийг хүртэл явж ирснээрээ ялгардаг. Анх Баянгол дүүрэгт УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржтой өрсөлдөн ялж, 31-хэн насандаа гишүүн болж явсан улс төрийн авьяас мэдрэмжтэй нэгэн. Харин энэ тойрогт нэр дэвшихээр яригдаж, түвшин түвшиндээ ажиллаад эхэлсэн гэх хүн бол О.Эрдэнэбулган. ТӨХ-ны дэд дарга, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж байсан тэрбээр чингэлтэйнхний хувьд цоо шинэ хүн. Боловсролтой чадалтай залуу гэсэн үнэлэмжтэй нэгэн. Магадгүй энэ тойргийнхон шинэ хүн, шинэ нүүр царай хүлээж байхыг ч үгүйсгэх аргагүй.

МАН-аас өмнө нь өрсөлдөж байсан Д.Зоригтыг дахин үзнэ хэмээж байгаа. Гэхдээ нам нь эрх баригч, өөрөө гол яамны сайд байж ялж чадаагүй. Өнгөрсөн дөрвөн жил нам гүм явснаа дахин гарна гэвэл бүтэхгүй гэх нь ч байгаа юм. Юутай ч тэрбээр хуучин дүүрэгтээ нэр дэвшихээ илэрхийлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход орон гарсан суудал дээр нь нөхөн сонгуульд нэр дэвшин гишүүн болж байсан түүхтэй. Гэхдээ Н.Энхбаяр нэр дэвших санаатай байхад Д.Зоригтыг хүч түрэн тухайн үеийн намын удирдлагуудын дэмжлэгээр дэвшүүлсэн нь өнөөгийн хүч тарамдсаны эхийг тавьсан гэж ярьдаг билээ.

Чингэлтэйд ирж өрсөлдөх гэж байгаа лидерийн сураг бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Тэрбээр Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн бөгөөд 2012 оны сонгуулиар намынхаа жагсаалтад бичигдэж байлаа. Харин энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөх гэж байна. Ерөнхийдөө хотын тойргуудыг нягт судалж яваа болов уу. БЗД ч бас түүнд ойрхон байх талтай. МАН-ынхны хувьд хотын тойрогт өрсөлдүүлэх гэж байгаа хуучцуул нэлээд хэд байгаагийн нэг нь Ө.Энхтүвшин юм. Чингэлтэй дүүрэгт жинхэнэ тулаан болох нь гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байгаа. Учир нь энэ дүүрэгт нэр дэвших санаатай, үүнийгээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байгаа юм. Түүний нэг нь ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан. Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, О.Магнайн дараа ШӨХТГ-ын дарга хийж байсан. Бас одоогийн Чингэлтэйн Засаг дарга Д.Ганболд ч санаатай байгаа. Мандатын тоо нэмэгдэх тухай ярьж байх үед энэ тойрогт бараг таван мандат ирж магадгүй гэсэн тооцоо сонстож байсан. Гэхдээ мандатын тоо нэмэгдээгүй учраас нам бүрээс хоёр хүн л нэр дэвшиж таарна.

ХАН-УУЛ, БАГАНУУР

Энэ тойрогт МАН-аас Ц.Нямдорж гишүүнийг ирнэ гэсэн эхний яриа байгаа. Тэрбээр өнгөрсөн сонгуульд жагсаалтад бичигдсэн, энэ удаа тойрогт өрсөлдөх даалгавартай гэх. Өмнө нь Увсад гурван мандат байхад хоёр залуу гишүүний хамт өрсөлддөг байсан бол өдгөө нийслэлийн тойрогт хүч үзэх нь. Ерөнхийдөө түүний улстөрчийн рейтинг өндөр байгаа учраас аль ч тойрогт торохгүй гараад ирнэ гэж тооцож байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг түүнтэй хамт явна гэж яригдаж байна. Тэрбээр МАН-ын жагсаалтаар орсон цорын ганц эмэгтэй гишүүн болж өндөрлөж буй парламентад ажилласан билээ. Ингэснээр МАН-ынхан өмнөх сонгуульд АН-ынхны Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг хамтран ажиллуулсан тактикийг барих гэж байж ч болох юм.

Мөн энэ тойрогт 2012 онд Ц.Батбаяр гишүүнтэй хамт өрсөлдөөд арай бараагүй “Урбанек”-ийн Д.Лхагважав даагаа нэхэх санаатай байгаа гэсэн. Судалгаагаар бас ч өндөр гарч байгаа сурагтай байна лээ.

Харин АН-ын хувьд Ц.Оюунгэрэл гишүүн дэвшихгүй гэж эхний байдлаар мэдэгдээд буй. Тэгвэл түүний оронд МоАХ-ны Г.Байгальмаа явна гэсэн чигтэй байна. Бас Л.Болд намын жагсаалтад бичигдэж магадгүй тал бий. Бас энэ тойрогт өрсөлдөх талаар эртнээс нэр нь дуулдаж байсан хүн бол ТОСК-ийн дарга А.Гантулга. Түүнийг Хан-Уул дүүрэгт нэлээд дэмжлэг авч магадгүй гэж ярьцгаах нь оргүй зүйл биш. ТОСК-ийн захиалгаар баригдсан Буянт-Ухаа-1, 2 дугаар хороолол энэ дүүрэгт байдаг.

БАЯНЗҮРХ, НАЛАЙХ

Нийслэлийн том тойргуудын нэг. Хүн ам ихтэй, гурван ч мандаттай учраас нэр дэвшигчид аль болох дэвшихээр сонирхож байдаг газар. Энд МАН-аас хуучин дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед ХХАА-н дэд сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нэр дэвшинэ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өнөөгийн дүр төрхөнд нь оруулж чадсан гэгддэг Б.Саранчимэг нар нэр дэвших нь тодорхой байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар саяхныг болтол ажиллаж байсан, урьд нь нийслэлийн орлогч дарга, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар, МАХА үзлийн талаар ярьдаг НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун нарын нэр мөн яригдаж байгаа.

Харин өмнөх сонгуульд энэ намаас нэр дэвшиж байсан Д.Арвин гишүүн сонголтоо улаанаас цэнхэр болгосноор одоо АН-аас нэр дэвшиж таарна. Бас Ж.Батзандан гишүүн хуучин энэ тойрогтоо дэвших бол И.Нарантуяа, Б.Мөнхтуяа гээд баянзүрхчүүдийн хуучны танил нэр дэвшигчид ч эндээ өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бас БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нэр дэвших амбицтай л суугаа байх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг жагсаалт руу орохгүй бол Баянзүрх дүүрэгтээ эсвэл Дорнод руу явж магад. Харин МАХН-аас Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон нэр дэвшинэ. Ер нь үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар цэргийн ангиуддаа өөриймсөн энд нэр дэвшдэг уламжлалтай.

Ер нь хотын дүүргүүдэд намын лидерүүд, УИХ-ын гишүүд хөдөөнөөс сэлгэн дээрээс орж ирэх магадлал тун өндөр байгаа. Тэр хүрээнд Ж.Энхбаяр гишүүний нэр ч энд дуулдаж л байгаа аж.

СОНГИНОХАЙРХАН

Хамгийн олон сонгогчтой дүүрэг. Энд өнгөрсөн сонгуулиар саналын маргаан гарч хэсэг яригдаж байж орж ирсэн Д.Сумьяабазар гишүүн дахин өрсөлдөнө. Тэрбээр дүүргийн байтугай нийслэлийн намын хороондоо нөлөөлөлт нэгэн. Харин сонгогчдоо хэрхэн ивээж, сэтгэлд нь хүрч ажиллаж чадсан эсэх нь ирэх зургадугаар сард мэдэгдэнэ дээ. “Бишрэлт”-ийн гэгдэх Б.Ундармаа энэ тойргийг мөн ч их тойлсон доо. Хүүхэдтэй ээжүүдийг бөөцийлж, шинэ жилийн материаллаг мэндчилгээ гээд ер нь байдгаа л энэ тойрог руу барьж байгаа байх. Нэг хэсэг түүнийг Дорнод руу явлаа гэдэг мэдээлэл хүчтэй цацагдаж байсан нь зорилготой мэдээлэл байсан болов уу. Түүнээс СХД-ийг тэгтэл их тордчихоод хаяад явна гэдэг худлаа гэх хүмүүс олон байгаа билээ. Д.Сумьяабазар өөрийн гарын хүн СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гэдэг хүнийг дагуулаад орчих санаатай гэх.

АН-ын хувьд Сонгинохайр­ханд О.Магнай ихээхэн нэр хүндтэй байгаа дуулдана. Мэдээж Н.Алтанхуягийн хувьд энэ унаган тойрог нь. Гэхдээ жагсаалт руу явчихаж магадгүй байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээж эндээ өрсөлдөнө. Өөр нэг шинэ хүн энд өрсөлдөх гэж байгаа нь Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар аж. СХД-ийн АН-ын дарга тэрбээр “Хөх чоно” хэмээх бизнесийн томоохон компанитай гэгддэг. ИЗНН-аас С.Оюун дарга хуучин тойрогтоо ирж магадгүй. 2012 оны сонгуульд намынхаа нэрээр эхний хоёрт бичигдсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүн болж байсан бол саяхан өөрчлөгдсөн хуулиар намуудын нэрээр авсан хувь суудал нь ядаж нэг тойрогт ялалт байгуулснаар баталгаажих болсон. Тэгэхээр С.Оюун гишүүн хуучин СХД-тээ эсвэл өмнө гарч байсан Дорнод руугаа явж болох юм.

БАЯНГОЛ

Энэ тойрогт ерөнхийдөө тодорхой. АН-аас С.Эрдэнэ үзнэ. С.Одонтуяатай хамтдаа нэр дэвшин гарч ирсэн тэднийг багагүй хэмжээний хөрөнгийг тойрог руугаа татсан гэдэг. Саяхан С.Одонтуяа намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар нэг саналын илүүгээр очсон. Тэгэхээр тэр шууд жагсаалтад бичигдэх боломжтой болж байгаа гэсэн үг. Гэхдээ өөрөө тойрогтоо үзэх бодолтой байгаагаа сонгогдсоныхоо маргаашнаас илэрхийлсэн. Сонгууль дөхөх үед байдал ямар болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Хэрэв жагсаалт руу явуулбал АН-ын хувьд шинэ тутам эмэгтэйг явуулж магадгүй гэгдэж буй. Үүн дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа гэсэн нэр дуулдаж байна лээ. Харин МАН-ын хувьд саяхан намын үүрүүдээсээ нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулж дууссан аж. Ингэхэд үүрүүдээс нь хуучин дүүргийн дарга Л.Амгалангийн нэр гарч ирсэн дуулдана. Тэрбээр дахин нэр дэвшихээр яригдаж байгаа. Түүнийг намынхан нь “Тойргийнхон бүгд мэдэх хүн. Засаг дарга байхдаа хийсэн ажлуудыг нь одоо ч ярьдаг болохоор хүний хуучин, дээлний шинэ нь дээр” гэлцэж байгаа бололтой. Түүний хувьд өмнө нэг өвдөг шороодож үзсэн бас хал үзсэн нэгэн болохоор одоо даагаа хатуухан нэхэх талтай. Л.Амгалантай хамт “Оргил” худалдааны төвийн Ж.Ганбаатар хамт явахаар болжээ. Тэрбээр хэд хэдэн удаа НИТХ-ын сонгуульд өрсөлдөн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад УИХ-ын хэмжээнд өрсөлдөхөөр шийджээ. Бас энэ дүүрэгт яригдах хүн бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил байгаа.

Ерөнхийдөө дүүргүүдэд хуучин нэр дэвшигчид голдуу яригдаж байгаа ч нам намын хуучцуул орж ирэх магадлал их байгааг аль аль намдаа ярьж байгаа юм. МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас С.Ламбаа тэргүүтэй хуучны ланжгарууд хотын аль ч тойрог дээрээс нэг, нэг суудал авчирч мэдэх тул хуучин тогтсон жишгээс ихээхэн өөрөөр намууд нэр дэвшигчдээ зураглахыг үгүйсгэх аргагүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Онгоц барьцаалсан гурвын цаад паян” нийтлэлийг уншаарай

Ургах нартай уралдан “Өдрийн сонин” уншигчдынхаа гарт хүрлээ. Баасан гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд дэлхий болон монголд хүний эрхийн байдал ямар байгаа талаарх цаг үеийн мэдээллийг онцоллоо. “Энвест интернэшнл” олон улсын байгууллагаас өчигдөр 2015 онд дэлхий дахинд болон Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал ямар байсныг танилцууллаа. “Энвест интернэшнл” олон улсын байгууллага дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил бүр хүний эрхийн байдал дэлхийн улс орнуудад ямар байгааг тайлагнадаг билээ. Эх орноосоо дүрвэж байгаа хүмүүсийн тоо 60 саяыг хол давж, маш олон хүн сайн сайхан амьдралын төлөө, амьд байхын төлөө тэмцэн дүрвэж, далай тэнгист унаж, хүнд өвчин тусч үй олноороо нас барж байгаа энэ байдал нь 2015 он бол дэлхий дахинд хүний эрхийн асуудал хурцаар зөрчигдсөн жил болсон гэнэ. Энэ талаарх мэдээллийн үргэлжлэлийг зургадугаар нүүрнээс уншина уу.

Хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Өргөд­лийн байнгын хорооны дарга Ж.Батзандангийн ярилцлагыг хүлээн авч уншаарай.

“Баримт, үзэл бодол” булангаас “Онгоц барьцаалсан гурвын цаад паян” нийтлэлийг унших боломжтой. Энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг 33 минут орчим саатуулжээ. Энэ хэргийн талаар дэлхийд анх удаа төрийн өндөр албан тушаалтай хүмүүс онгоц “барьцаалан” саатуулсан талаар гадны мэдээллийн сайтуудад тавьсан байна. Эл паянт явдлын талаар нийтлэлд юу гэж өгүүлснийг гуравдугаар нүүрнээс унших боломжтой.

Өчигдрийн “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, Татвар гаалийн ерөнхий газрын дараг С.Пүрэв нар оролцож Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээллэсэн. “Сайдын цаг” уулзалтын талаарх дэлэгрэнгүй мэдээллийг тавдугаар нүүрнээс уншина уу.

Манай сонин С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгальтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Тэрбээр түүний охин одоо ямар нөхцөл байдалтай байгаа болоод хуулийн байгууллага, Б.Булганы өмгөөлөгч нарын талаар ярьсан юм. Түүний ярилцлагыг долдугаар нүүрээс сонирхоорой. Дэлхийд өчигдөр ямар үйл явдал өрнөснийг есдүгээр нүүрнээс тольдоно уу.

Амжилтаа тогтмол ахиулж яваа Их Британийн нэрт дуучин Адель өнгөрсөн оны өмнөхөн шинэ бүтээлээ үзэгчдэдээ толилуулсан билээ. Тэрээр ээж болсны дараа хэсэгтээ чимээгүй байсан юм. “Zeit Magazin”-д өгсөн түүнийг ярилцлагыг аравдугаар нүүрэнд орчуулан нийтэллээ.

“Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах талаар хэлэлцүүлэг уулзалт өчигдөр боллоо. Манай улс усан цогцолбортой болж Туул голын гадаргын усыг ашиглах талаар олон жил ярьж байгаа юм. Энэхүү төслийн захиалагч нь Ус сувгийн удирдах газар. Төслийн гүйцэтгэгчээр Солонгосын “Yooshin” инженеринг корпораци компани ахлан ажиллаж байгаа аж. Тус компанийн зүгээс “Туул усан цогцолбор”-ыг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулж холбогдох мэргэжилтнүүд санал солилцсон юм. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй хийсэн ярилцлага 11 дүгээр нүүрэнд хэвлэгджээ.

“Дэлхийн спорт” булангаас аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтуудын мэдээ, мэдээллийг 12 дугаар нүүрнээс сонирхоорой.

“Овжин охид” киноны Сампилын дүрээр анх олонд танигдаж байсан Ц.Ганзоригтой хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай.

Нийслэлийн эргэн тойронд өрнөж буй үйл явдал, НЗДТГ-аас ямар ажил хийхээр төлөвлөж байгаа, өрнүүлж байгаа талаарх мэдээ мэдээллийг хүргэдэг “Улаанбаатарын амьдрал” булангаа 15 дугаар нүүрнээс уншаарай. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас хүлээн авч уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингарав хаврын уралдааны хөтөлбөр гарчээ

“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ сарын 28-нд Цагаан хөтөлд болох юм. Тус уралдаан, наадмын хөтөлбөрийг боловсруулжээ.