Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2” хороолол руу нийтийн тээвэр явуулахыг хүсэв

“Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд байр авсан иргэд хөл дүүжлэх унаагүйгээс зутруухан байгаа аж. Дээрх чиглэлд нийслэлийн Тээврийн газраас нэг ч автобус үйлчилгээнд гаргаагүй байгаа юм байна. Иймээс тус хороололд амьдардаг иргэд хотын төв рүү ажилдаа ирэх, мөн гэртээ харих бол Улаанбаатар хот-Төв аймгийн хооронд нийтийн тээвэрт явж байгаа автобус, микробус, эсвэл Өлзийт хороолол руу үйлчилгээнд явдаг автобусанд дайгддаг аж.

Өлзийт хороолол руу үйлчилгээнд явдаг автобус нь 1 цагийн зайтай явдаг бол Төв аймаг руу хот, хоорондын тээвэрт явж байгаа автобус, микробус нь өдөрт гурав л явдаг байна. Тиймээс тус хорооллын оршин суугчид Нийслэлийн Тээврийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөл дүүжлэх унаатай болгохыг хүсч байгаа юм.

Онцлоход, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон юм.

Уг хорооллыг Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалт корпраци барьсан юм.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн лам сонгуульд нэр дэвшинэ гэв үү?

Улс төрийн амьдрал өдөр ирэх бүр улам сонирхолтой болсоор байна. Зарим нэг тойрогт горилогчид, нэр дэвшигчид тодорхой болж байгаа энэ үед Өвөрхангайд л гэхэд өвөрмөц хоёр нэр дэвшигчийг сойж байгаа сурагтай. Тэдний нэг нь Х.Баасансүрэн ламтан. “Хайрлаарай” дуугаараа олны хүндлэл хүлээсэн Х.Баасансүрэн лам, ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар нарыг Өвөрхангайгаас “Цагаан жагсаалт”-д багтаан дэмжинэ гэдгээ МЗХ-ны тэргүүн сошиал ертөнцөд илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Товчоодод халдваргүйжилтын пост ажиллана

“Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөл хэлэлцээд нийслэл тойрсон товчоодод халдваргүйжилтын пост ажиллуулах шийдвэр гаргав.

Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн таван аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдан урьдчилан сэргийлэх тандалтын ажил зохион байгуулах үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Цэцэг өвчин таван аймгийн 24 суманд гарсан онош нь батлагдсан. Мөн Багахангай дүүргийн хил залгаа Төв аймгийн Баян, Налайх дүүргийн хил залгаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цэцэг өвчин гарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Багахангай, Налайх, Багануур дүүргүүдийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг өвчний тохиолдол илрээгүй байна. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор Нийслэлийн есөн дүүргийн 162322 толгой хонь үүнээс хээлтэгч 79118 толгой онь тоологдсон байна. Улаанбаатар хот орчмын мал бүхий иргэдийн хонийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахад 241440 тун вакцин шаардлагатай гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ. Мөн Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын дэргэд халдваргүйтгэлийн постыг ажиллуулах зардлыг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу шаардлагатай хөрөнгийг гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт цэцэг өвчин дэгдэхгүй байхад онцгой анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой комисст үүрэг болголоо.

Categories
мэдээ спорт

“ФИФА”-гийн ерөнхийлөгчид 5 хүн нэр дэвшиж байна

Дэлхийн хөл бөмбөгийн удирдах
байгууллага “ФИФА”-гийн удирдлагууд шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тус
байгууллагын халаагаа өгөх гэж байгаа ерөнхийлөгч Зепп Блаттер авлигын хэрэгт
холбогдсоны улмаас хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ
хасуулсан билээ.

“ФИФА”-гийн ерөнхийлөгчид таван
хүн нэр дэвшсэний хоёр нь ялах магадлал өндөр байна. Учир нь тэд дэмжлэг авах
тохиролцоо хийсэн гэж мэдээлжээ.

Тэдний нэг нь Азийн хөл
бөмбөгийн холбооны тэргүүн Бахрейны Шейх Салман бин Ибрагим Аль Халифа юм.
Зарим хэвлэлд мэдээлснээр, “ФИФА”-гийн ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг авах
тухай санамж бичгийг Салман 56 гишүүнтэй Африкийн холбоотой байгуулсан байна.

Харин нөгөө нэр дэвшигч нь
“УЕФА”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Жанни Инфантино
бөгөөд тэрбээр хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ зургаан
жилээр хасуулсан, “УЕФА”-гийн ерөнхийлөгч Мишель Платинигийн баруун гар ажээ.

Инфантино “УЕФА”-гийн гүйцэтгэх
хорооны 54 гишүүний дэмжлэгийг авсан гэж зарим хэвлэлд мэдээлсэн байна.

Мөн Иорданы ханхүү Али Бин
Аль-Хусейн ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Тэрбээр
өнгөрсөн тавдугаар сард нэр дэвшсэн боловч Зепп Блаттерт ялагдсан билээ.
Түүнээс гадна, “ФИФА”-гийн үйл ажиллагаанд 10 гаруй жил идэвхтэй оролцсон
Францын дипломатч асан Жером Шампань, Өмнөд Африкийн бизнесийн магнат Токио
Сэксвали нар сонгуульд нэр дэвшиж байна. Токио Сэксвали улс төрийн үйл
ажиллагааныхаа улмаас Нельсон Манделагийн хамт 13 жил шоронд хоригджээ.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Алдармаа “Ядуугийн зовлон-2” кинонд тогложээ

“Ядуугийн зовлон” кино 2000 оны эхээр
дэлгэцнээ гарч тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан. Монгол орчин
цагийн хамгийн анхны аймшгийн кино уг бүтээлийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл тус
киноны цуврал хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийхээр болжээ.

Киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа
бөгөөд киноны гол дүрд жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг,
Ц.Алдармаа нар тогложээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын нэр дэвшигчид тодорч байна

УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ үед сонгуульд
горилогчдын нэр эхнээсээ тодорч буй. Аймаг, дүүрэг, нийслэлд хэн, хэн аль
намаас хүч үзэхээр бэлдэж буй талаар манай сайт мэдээлж байсан. Энэ асуудлаар
намууд ч шат, шатандаа хуралдаж буй бололтой. Сүүлийн мэдээллээр МАН-аас
сонгуульд нэр дэвшигчид тодорхой болжээ. Тухайлбал, У.Хүрэлсүх, Н.Төмөрхүү,
Д.Цогтбаатар, Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, С.Чинзориг нар Ч.Сайханбилэгийн Засгийн
газарт сайдын албан тушаалд очихдоо “УИХ-ын тойрогт нэр дэвшиж намдаа суудал
авчирна гэж намынхандаа амалсан” аж.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд Хятад улс консулын газраа нээжээ

БНХАУ Замын-Үүдэд Ерөнхий консулын газраа нээв. Ерөнхий консулаар Чай Вэн Руй томилогдсон байна. Тэрбээр өчигдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт консулын албан тушаалд томилогдсон тухай батламж бичиг гардуулжээ.

Батламж гардуулсантай холбогдуулан Хятадын элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ “Замын-Үүд бол Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачлагатай, талын замтай холбох чухал бүс нутаг юм. Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газар нь Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнууд дундаа цорын ганц хил дээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газар юм.

Categories
мэдээ нийгэм

Улаан-Үдэд монголчууд руу халдсан хэргийг анхааралдаа авсан гэв

Энэ сарын 16-ны өдөр хоёр монгол иргэнийг зэвсэгтэй этгүүдэд сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг Улаан-Үд хотноо гарсан. Монголчуудыг дээрэмдсэн хүмүүсийг тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа. Тэгвэл уг асуудлыг өчигдөр хуралдсан Буриадын Ардын их хурлын чуулган дээр хэлэлцсэн байна. Буриадын ДХЯ-ны тэргүүн хошууч генерал Олег Кудинов монгол жуулчдыг хамгаалахаа энэ үеэр мэдэгджээ. Тэрбээр “Уг хэргийн талаар Монголд ихээхэн шуугиж байна. Бид Монголын цагдаагийн төлөөлөгч нартай ажлын уулзалт хийсэн. Буриадад Монголыг жуулчид ирж байгаа цагт бид дэг журмыг сахиулж чадна гэж би хэлсэн” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Харуул хамгаалалтын ажилтнуудаас сорилгын шалгалт авчээ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсээс харуул хамгаалалтын ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах ажлыг авч хэрэгжүүлжээ.

Харуул хамгаалалтын ажилтнуудадУлсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/63 тоот тушаалаар баталсан “Прокурорын байгууллага, прокурор. ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 сарын 16-ны өдрийн 35 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-аар хичээл заан судлуулсны дээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Дотоод ажлын өдөр”-өөр дээрх журмуудын холбогдох заалтуудаар 40 асуулт бүхий сорилгын тест боловсруулан шалгалт авчээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтын хүрээнд 200 гаруй ажлыг хийх шаардлагатай гэв

Яам, агентлагуудын удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал боллоо. Хурлаар АСЕМ-ын зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнуудад хүргэснээс гадна цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан үндэсний зөвлөл болон 6 дэд хороо бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ оны долдугаар сарын 15-16-нд болох дээд түвшний энэ уулзалтад өнөөдрийн байдлаар 20 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар оролцохоо өнөөдрийн байдлаар албан ёсоор мэдэгдээд байна. Тэдгээрээс гадна 4000 орчим төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтан ирэх төлөвтэй байна гэлээ. Мөн дээд түвшний уулзалтын хүрээнд 10 чуулга, уулзалт зохион байгуулагдана. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлуудын талаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа цахим хурлын үеэр танилцууллаа. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 200 гаруй ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Эдгээр ажлуудын биелэлтийг хангуулахаар холбогдох яам, агентлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө гэв. Мөн уулзалтын бэлтгэл ажилд төрийн байгууллагуудаас гадна бизнес эрхлэгчид, холбоод, хувийн хэвшлийнхний оролцоог ханган ажиллаж байна гэсэн юм.