Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Б.Бааст гуайд мэндчилгээ илгээжээ

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Баастын 95 насны ойг тохиолдуулан “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд болов.

Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээснийг уг ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсголоо.

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст Таны амар амгаланг айлтгаж, 95 нас сүүдэр зооглож буйд баяр хүргэн, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Монголын баруун хязгаарт, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булагаас умдаалж өссөн, 15 насандаа буюу 1936 онд “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичин үгийн урлагийн ертөнцөнд хөл тавьсан Бөхийн Баастыг Монголын ард түмэн андахгүй сайн мэддэг. Алтайн сүрлэг уулсын унаган хүү Бөхийн Бааст Хүүхдийн уран зохиолын “Гурван ишиг”, “Хөөрхөн Баадий”, “Бушуу туулай”, дууны шүлгийн “Хайрын дуу”, “Намрын шөнө голын эрэг дээр”, “Чамайг үдье”, өгүүллэг, туужийн “Алтайн цэцэг”, “Хунгийн дууль”, “Хөвчийн бор” зэрэг хэдэн арван бүтээл туурвисан нэрт уран бүтээлч болж, Монгол түмнийхээ хүндлэлийн магнайд заларч яваагаар нь бахархаж байна.

Уран зохиолын гэгээн ертөнцөд амьдарч, хөнгөн бийрийг хөшин хүний сэтгэлийг хөдөлгөж, үгээр урлах эрдэм ухааны арвин баялаг өвийг бүтээн, Монголын орчин үеийн уран зохиолын цаг цагийн бодит гэрч болсон Бөхийн Бааст гуай бол уншигч, сэтгэгч, хөдөлмөрч хүн бүхний үлгэр дуурайл юм. Таны бүтээсэн хийгээд бүтээх үйлс улам бүр төгөлдөр байг.

Танд эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт газар хөдөлжээ

Өчигдөр орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Иргэдийн мэдээлснээр нэлээд хүчтэй доргилт мэдрэгджээ. Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн гэх бөгөөд гэрийнх нь тавилганы хаалга онгойж, унтаж байсан ор хүртэл байрнаасаа хөдөлсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн байна.

Онцгой байдлын газрын мэдээлснээр Увс аймагт орон нутгийн цагаар 23 цаг 32 минут 22 секундад Тариалан сумаас баруун хойд зүгт 13 км-ийн зайд 4.11 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймагт мөн бага хэмжээний газар хөдлөлт мэдрэгджээ.

Categories
мэдээ спорт

УБ-ын дэвжээнд бөхчүүд шинэ өмсгөлтэй барилдана

Бөхийн спортыг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд ДБНХ-ноос бөхийн өмсгөлийн шинэчилсэн загвар батлан гаргасныг олон нийтэд өнөөдөр тус холбооны Швейцар улс дахь Төв байранд танилцуулав. Бөхчүүд нь өөрийн орны далбааны өнгөөр чимэглэсэн, цэнхэр, улаан өнгийн өмсгөлтэйээр барилдаж байх болжээ. Өмсгөлийг тухайн орны далбааны өнгөөр чимэглэснээр улс орныхоо төрийн билэгдлийг ашиглах боломжийг үндэсний бөхийн холбоодод олгож байгаа ажээ.

Өмсгөлийн энгэр талд тухайн орны нэрний товчлол, үндэсний далбаа байна, харин ар нуруунд нь тухайн орны нэрний товчлол, бөхийн нэр байна.

“Бөхчүүдийн шинэ өмсгөл нь барилдааныг илүү сонирхууштай болгоно гэдэгт бид итгэж байна. Манай холбооны зүгээс ОУОХ-ноос гаргасан зөвлөмж болон бөхийн спортыг олимпийн хөтөлбөрт байлгах зорилтуудын хүрээнд бөхийн спортод шинэчлэл хийсээр байх болно.” гэсэн тайлбарыг ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович хийжээ.

Улаанбаатар болон Стамбул хотуудад болох олимпийн сонгон шалгаруулалтын тэмцээнүүдэд бөхчүүд шинэ өмсгөлтэйгээр дэвжээнд гарах юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дорлигжав: Сонгомол ялыг олон болгосон

Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярилцлаа.

-Хууль зүйн салбарт нэлээн шинэчлэл хийгдэж байна. УИХ-ын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хууль зэрэг арав гаруй хууль баталсан. Эдгээр хуулийн гол өөрчлөлт юу байв?

-Эрх зүйн салбарын цөм нь болсон Эрүү болон Зөрчлийн хууль батлагдлаа. Материаллаг хуулийг хэн, яаж хэрэгжүүлэх, ямар үе шаттай байх буюу ажиллагааны нарийн зүйлийг зохицуулсан хуулийг процессийн хууль гэж ярьдаг. Одоо ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах, нотолсон хэргээ шүүхэд шилжүүлэх, гурван шатны шүүхийн хэлэлцүүлэг хийж шийдвэр гаргах гэхчилэн энэ бүхнийг багтаасан Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн хуучин 230 гаруй хуульд зөрчлийн тухай заалт байсан. Салбар, салбарынхаа хуульд зөрчлийн арга хэмжээ авдаг байлаа. Салбар, салбарын дарга, байцаагч нар зөрчлийг хайш яйш хэрэглэдэг байсан. Зарим нь илт гэмт хэргийн шинжтэй байхад зөрчил болгоод шийдчихнэ. Зарим тохиолдолд зөрчлийн шинжтэй байхад гэмт хэрэг болгоод шийдчихдэг байлаа. Улсын байцаагч нар хуулийн биш, салбарын мэдлэгтэй байх жишээтэй. Хууль зүйн хувьд нэг жигд ойлголцож хуулийг хэрэглэх асуудал олон жилийн турш буруу жишгээр явж ирсэн. Үүнийг цэгцэлж 230 гаруй салбарын зөрчлийг нэгтгэлээ. Зөрчлийн хууль гаргалаа. Зөрчлийг шалган шийдвэрлэх явцдаа хууль сахиулагч гэж хэн бэ, ямар хүмүүсийг хууль сахиулагч гэж үзэх вэ, хууль сахиулагч үйл ажиллагаа явуулахдаа ямар нийтлэг арга хэрэгсэл хэрэглэх вэ, нийтлэг бишээр яах вэ, зөрчлийн хэргийг яаж үүсгэх, хэрхэн шийдэх, шүүхийн ажиллагаа хаана харьяалагдах гэхчилэн олон ажиллагааг нэг хууль дор оруулж байгаа. Дээр нь нэмээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах явцад шаардлагатай бол албадлага хэрэглэхийг олон байгууллага янз бүрээр тусгасан байдгийг болиулж Зөрчлийн тухай хуульд нэгдсэн байдлаар тусгасан. Тэгэхээр зэрэг хууль сахиулах олон байгууллага нэг хуулийн зарчмаар, нэг арга хэрэглэнэ гэсэн үг. Тиймээс бид зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, албадлага хэрэглэх зэргийг нийлүүлсэн хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүнтэй холбоотой шинэ эрүүгийн хууль, шинэ ажиллагааны хуультай уялдуулан хуулийг хэрэгжүүлдэг байгууллагын тухай буюу прокурорын хууль, шүүхийн хууль, цагдаагийн хууль зэрэг олон байгууллагын хуульд өөрчлөлт оруулж заримыг нь шинэчлэн найруулсан. Үндсэндээ бол үндсэн таван хууль болон дагаж гарч ирэх нэмэлт, өөрчлөлтийн олон хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.

-Шинэ хуулиар хорих ялыг багасгасан уу. Аливаа зөрчил гаргавал барьж хорихоосоо илүүтэй торгодог болж зөөлөрсөн гээд байгаа?

-Хорих ялыг учиргүй их багасгаагүй. Сонгомол ялыг олон болгосон. Хорих, торгох, зорчих эрхийг хязгаарласан, гэрийн хорионд байлгах зэрэг маш олон төрлийн ялыг хэрэглэж болохоор болсон. Нэгийг дангаар нь юм уу, хоёрыг хэрэглэж болох байдлаар сонгомол ялын төрөлтэй болсон байгаа. Гэхдээ ял оноох зарчим дээр хуучныхаас өөр зарчим баримталж байна. Тэр нь хэрвээ материаллаг хохирол учруулчихаад түүнийгээ барагдуулсан бол заавал хорихгүй байх ч юм уу, эсвэл хорих ялыг хүнд хэрэг дээр хөнгөлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй заавал нотлогдож байгаа үед ялыг сонгож хэрэглэж болно. Харин гэм буруутай гэдэг нь нотлогдоод байхад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг арилгаагүй бол ялын бодлогыг чанга хэрэглэж болохоор байгаа. Ингэж хуулийг хийснээр орчин үеийн захиалгад нийцэж байна гэж үзэж байна. Өнөөдөр нэлээн олон хүн эрүүгийн гэмт хэргээр шийдэгддэг боловч хохирлоо барагдуулдаггүй. Хохирсон хүн хохирсон чигээрээ үлддэг. Мөн хохирол арилгасан арилгаагүй, буруу зөв ойлгож байгаа, хэрэг шалгах ажиллагааг санаатай болон санаандгүй хүндрүүлсэн, зардал чирэгдэл их гаргаж байгаа тохиолдолд хүлээх ял харилцан адилгүй. Мөн шинэ төрлийн ялууд орж ирж байгаа. Түүнчлэн цаазын ялыг халсан. Энэ мэтээр Монголын эрүүгийн хуулийн практикт байгаагүй зүйл шинээр нэмэгдэн орж ирсэн.

-Өнгөрсөн зун өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн. Уг хуулийн явц ямархуу байгаа вэ. Хууль батлагдсан ч гэлээ суллагдаагүй хоригдол олон байна гэх юм?

-Батлагдсан хуулийнхаа хүрээнд өршөөлд хамрагдах хүмүүсээ хамруулсан. Суллах ёстойг нь суллаад, орон нутагт нь хүргэж өгсөн. Зарим хүмүүсийн тухайд өршөөлийн хуульд хамрагдаагүй. Тэр хүмүүс ялаа эдэлж байгаа. Харин мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шатанд байсан бүх хэрэг шувтарсан. Өршөөгдөх нь өршөөгдөөд, гэм буруугаа хүлээх нь хүлээгээд явж байгаа. Нэг онцлог нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл өршөөлд хамруулсан. Өөрийгөө буруугүй гэж үзээд шүүхээр асуудлаа шийдүүлэн цагаадна гэсэн хүмүүс бий. Таслагдаагүй ийм хэргүүд дээр хэрхэхээ шийдэх нь тухайн хүний асуудал.

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зүйн болон эрхзүйн салбартай холбоотой нэлээн олон хууль баталлаа. Одоо харин эрхзүйн шинэчлэлийн салбарт ямар асуудал тулгамдаж байгаа вэ?

-Таван гол хууль батлагдсан. Тэдний нэг нь Арбитрын тухай хууль. Аж ахуйн хэрэг маргааныг шалган шийдвэрлэдэг хууль шүү дээ. Олон улсын жишигт нийцсэн, НҮБ-ын холбогдох газруудаас өгсөн зөвлөмжийн хүрээнд хийгдсэн хууль. Үүний ач холбогдол юунд байдаг вэ гэхээр хоёр аж ахуйн байгууллагын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэхгүй тохиолдолд хэрэг болдог. Хоёр тал хоорондоо тохиролцоод аль улсын арбитрын шүүхэд очихоо шийдэж болно. Манайхан голдуу Английн арбитрын шүүх дээр очоод байдаг. Асар өндөр үнэ хөлс төлдөг байлаа. Тиймээс шинээр баталсан Арбитрын тухай хуулийн төсөл олон улсын жишигт нийцсэн, сайн хууль болсон. Энэ хууль батлагдсанаар маш олон аж ахуйн хэрэг олон улсын арбитрт биш Монголынхоо арбитр дээр шийдэгдэх бололцоотой. Нөгөө талаас ихэнхдээ иргэний шүүх дээр хоорондоо маргалддаг байсан. Энэ олон маргаан арбитрын шүүхэд очих боломжтой. Ингэснээр нэгдүгээрт, иргэний шүүх дээр хэлэлцэх хэргийн тоо цөөрнө. Хоёрдугаарт, өндөр зардалтай гадаадын шүүхээр явахгүй болно. Гуравдугаарт, Монголын эрхзүйн систем хаа хаанаа жигд, олон улсын стандартын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болно. Түүнээс гадна Прокурорын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны хууль батлагдвал цөөн хэдэн хууль үлдэнэ. Мөн ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх нэг чухал хууль бол Хохирлын сангийн тухай. Хууль сахиулагч хэн ч бай төрийн нэрийн өмнөөс ажил хийж буй төрийн албан хаагч. Тухайн хүн ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн алдаа гаргаад хувь хүн, албан байгууллагыг хохироосон бол тэр байгууллагаас хохирлоо нэхэмжлэн гаргуулж авч болно. Одоо бол тийм эрх нээлттэй боловч Сангийн яаман дээр мөнгө байхгүй гээд өгч чаддаггүй. Тэгэхээр зэрэг энэ байдлаас гарах цаг болсон. Хохирсон л бол тэр байгууллага хохирлыг тэр дор нь барагдуулах ёстой. Харин удаа дараа ажлын хариуцлага алдаж улсын төсвөөс хохирол гаргуулаад байгаа албан тушаалтныг ажлаас нь халах, албан тушаал бууруулах үндэслэл болгож байгаа. Одоо бол тийм зүйл байхгүй байгаа шүү дээ. Хохирлын сангийн хууль гэдэг бол нэг талаасаа иргэд байгууллагуудад төрийн нэрийн өмнөөс учруулж буй хохирлыг саадгүй арилгаж байх. Хоёрдугаарт, хохирол учруулаад байгаа хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож байх ийм үндэслэл бий болж байгаагаараа шинэчлэлийн ач холбогдолтой. Цаана нь яах вэ энэ хуулиуд гарч байгаатай холбоотой өмгөөллийн хууль, нотариатын хууль, дотоодын цэргийн хууль гээд гурав, дөрвөн хууль бий.

-Хохирлын сангийн төсөв мөнгө нь хаанаас гарах вэ?

-Улсын төсвөөс гарна. Гэхдээ тэр нь өөрөө арвижиж байдаг. Улсын тэмдэгтийн хураамж, янз янзын хуулийн байгууллагын торгууль шийтгэлийн төлбөрүүд түүн дээр төвлөрнө. Тэр нь эргээд хүмүүсийн хохирлыг барагдуулахад зарцуулагдана. Гэхдээ улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар яригдаж байгаа.

-Хүмүүс зарга үүсгэхээр хохирсноосоо илүү зардал цаг хугацаа гаргадаг гэж ярьдаг шүү дээ?

-Хэрвээ өөрөө баталгаатай буруудахгүй гэж үзэж байгаа бол тэр хүн зардлаа гаргаад эцсийн шийдвэр хүртэл явна. Тэгээд эргээд зардал, хохирлоо гаргаж авах нөхцөл нь бүрдэж байгаа. Буруутай этгээд юм уу хувь хүнээс гаргуулаад авах жишээтэй.

-Сая Арбитрын тухай хуулийг батлаад гаргачихлаа. Маргаануудаа энд шийдвэрлүүлэх боломжтой юу?

-Бололцоотой. Манайх ийм жишиг хуультай. Лондон, Парисаас ялгаа байхгүй гэнэ шүү дээ.

-Арбитраа ашиглаад мөнгө олох боломжтой юу?

-Мөнгө олох гэхээсээ илүү гэрээ байгуулж байгаа талууд маргаанаа хаана шийдүүлэхээ тохирдог. Ингээд Монголын арбитраар шийдүүлэх бололцоотой болж байгаа. Ийм тохиолдолд Монголын арбитр юм уу хуульчид тодорхой хэмжээгээр туршлагатай болно. Нөгөө талаасаа бүх улс орны хууль нь жигд нэг стандарттай байх ёстой гэсэн шаардлага барьж байгаа.

-АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болох боломжгүй гэсэн хариу өглөө. Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь арилсан биш үү. Ц.Нямдорж гишүүн Н.Энхбаярыг шинэ Эрүүгийн тухай хуулиар бол ялгүй болсон хүн гэж хэлж байсан. Та энэ талаар сонирхож үзсэн үү?

-Хуучин хуулиар жишээлбэл, төдөн жилээр ялаа эдлээд гарсан бол тэдэн жилийн хугацаанд ялтайд тооцно гэсэн хуулийн үйлчлэл одоо хүртэл явж байгаа л даа. Есдүгээр сар хүртэл үйлчилнэ. Н.Энхбаярын хувьд бол би аль зүйл ангиар хэдэн жил шийтгүүлээд яаж гарч ирсэн талаар хэрэг болгож үзсэнгүй. Ямар ч байсан өршөөгдсөнийг нь би мэдэж байна. Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж байсан. Өршөөгдөнө гэдэг бол хэрэг хийсэн юм байна гэхдээ биеэр эдлэх ялаас нь зайлуулж өглөө л гэсэн үг. Энэ хүний тухай шүүхийн тодорхой таслан шийтгэх ялын тогтоолыг харж байж л хэлнэ.

-Х.Тэмүүжин гишүүнийг сайд байхдаа өргөн барьсан хуулиудыг татаж аваад өөрчилсөн гэдэг?

-Ямар ч хүн өөрийн гараар үзэж харж нягталж өөрийнхөө итгэл үнэмшил болсон юмыг барьж авдаг биз дээ. Тэр үүднээс би урьд нь боловсруулагдсан хуулиудыг буцааж авч үзсэн. Санал нийлж байгаа ч юм байгаа. Түүнээс сөргөлдөөд байгаа юм байхгүй л дээ. Ямар ч байсан боловсруулаад өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байна даа.

-Х.Тэмүүжин гишүүн та хоёр үе үе сөргөлдөж харагддаг. Ажил хэргийн шугамаар байдаг уу. Эсвэл та хувь хүнийх нь хувьд дургүй юм уу?

-Хувь хүний асуудал байхгүй. Хуулийг харахаар аль дээр нь санал нийлж байна, аль дээр нь нийлэхгүй байна гэдэг харагдана. Энэ чинь шинжлэх ухаан байхгүй юу. Шинжлэх ухаан дээр хэрвээ гэдэг юм байх ёсгүй. Шинжлэх ухааны мэтгэлцээн гэдэг юм уу ном хаялцах тийм л зүйл байх ёстой. Тэр түвшинд л ярих ёстой. Бусад хүмүүс юу гэж ярих нь тэр хүмүүсийн л асуудал шүү дээ.

-Цагдаагийн цолны асуудлыг та хуучнаар нь болгосон доо?

-Одоо байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд тушаал гаргаж өөрчилсөн. Цол хэргэм олгож байгаа асуудлын тухайд салбар дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл ханамжгүй зүйл байсан. Үнэхээр ч сургууль дөнгөж төгссөн хүүхэд албан тушаал дээр очиход олон жил ажилласан хүнээс илүү цолтой болоод оччих жишээтэй. Иймэрхүү дутуу харж хийсэн зүйлс байсан.

-Хувцас хунарын өөрчлөлтийн тухайд?

-Хувцасны загвар материалын тухайд эргэж харах юм байна. Манай яаман дээр ажлын хэсэг гараад үүн дээр ажиллаж байгаа.

-Тахарын албаны тал дээр Х.Тэмүүжин гишүүн та хоёр санал нийлдэггүй тал бий?

-Тахарын асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад орж байгаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмнэлэг, архивын газрын байр шинээр ашиглалтад орлоо?

-Бодлогын хувьд үүн дээр ач холбогдол өгсөн юм л даа. Нэгдүгээрт, архивын хувьд их олон жил хаа хамаагүй стандартын хувьд нийцэхгүй юманд явж ирсэн. Архивын олон жил хадгалдаг материалыг тусгай стандартын дагуу хадгалахгүй бол мууддаг. Янз бүрийн юм болно. Стандартын зураг хөргийн дагуу гаргасан архивын барилга баригдаж эхлээд ажил нь зогссон байсан. Тиймээс бодлогын хувьд салбарын хөрөнгө оруулалтыг дайчилж ашиглалтад орууллаа.

Хорихын эмнэлгийн хувьд хоригдож байгаа хүмүүс муу юманд байх ёстой юм шиг зүйл байсан. 120 ортой эмнэлгийг бодлогын хувьд ашиглалтад орууллаа.

-Таныг УИХ-д нэр дэвшинэ гэсэн таамаг их байна. Зарим нь намын жагсаалтад орно ч гэж байгаа?

-Нам дээр ярьж байгаад л шийднэ шүү дээ. Нам ямар журмаар шийдэх юм, түүгээр л явна.

Ж.БАЯРСАЙХАН

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бүсгүйчүүдийн зүрх, сэтгэлийг эзэмдсэн “Modern Talking”

“You’re my hearth, you are my soul” гэх алдартай дууг мэдэхгүй хүн 1980-аад оны залуус дунд үгүй биз ээ. Энэхүү дууг амилуулж, хэдэн арван жилийн турш сонсогчдын чихэнд уяж чадсан алдарт хамтлаг бол мэдээж “Modern talking”. Хөнгөн стиль, цоглог хэмнэлтэй диско дуунуудаараа нэгэн үе хөгшин хөвөөгүй дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тус хамтлаг 1984 онд байгуулагджээ.

Германы хөгжмийн магнат Дитер Болены байгуулсан энэ хамтлаг Европ, түүн дотроо тухайн үеийн ЗХУ-д залуусын жинхэнэ шүтээн болж, хөшөөг нь босгох хүртэл яригдаж байсан гэдэг. Цэрэг зэвсгийн хүчээр германчууд ЗХУ-ыг эзэлж чадаагүй ч поп урлагийн гайхамшгаар байлдан дагуулж чадсан гэж хэлж болно.

Хөгжмийн зохиолч, нэрт продюсер Дитер Болен дуучин Томас Андерс нар 1980-аад оны эхэн үед “Hansa” дуу бичлэгийн студиэр дамжуулан танилцаж хожмоо насан туршийн найзууд болцгоожээ. 1982 онд Дитер Болен тухайн үед хит болсон F.R.David-ийн “Pick up the phone” дууг герман хэлэнд хөрвүүлж бичээд дуулах дуучин хайж байж. Энэ үед нь “Hansa” студиэс түүнд залуу дуучин Томас Андерсийг санал болгожээ. Зүс царайгаараа ч тун ойролцоо залуусын хүсэл сонирхол ч нэгэн зүгт байсан бөгөөд гайхалтай нэгдэж чадсан байна. Тэд хамтлаг болон нэгдэж анхны дуугаа хүргэсэн даруйд бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж, шүтэн бишрэгчдээр хүрээлүүлэхээр болсон юм.

Царайлаг залуу дуучид 1983-1984 оны үед хамтдаа таван сингл герман хэл дээр гаргасан. Тэр дундаас “Wovon Trдumst du Denn” нэртэй сингл нь гарсан даруйдаа Германы хит парадын тэргүүн эгнээнд жагсч байв. Гэвч Дитер Болен англи хэл дээр дуу зохиох нь олон улсад нэрд гарах зөв зам болохыг аажмаар ойлгосон байна. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын нар ээсэн зуны дэлгэр өдөр Дитер Болен Канарын арлуудад амарч байхдаа алдарт хит “You’re my heart,you’re my soul” дууныхаа санааг олж бичжээ. Улмаар аравдугаар сард уг дуугаа Томас Андерстай хамтран бичүүлсэн байна. Хамтлагийн гоцлол дуучин Томас Андерс хамгийн анхны гэж хэлж болох энэ дууны үеэр өөрийгөө гаргахгүй байхыг хүссэн гэдэг. Учир нь түүний англи хэлний аялга тийм ч сайнгүй байсан хэрэг л дээ. Ингээд Германы богино долгионы радиогоор 1984 оны арванхоёрдугаар сард анх эгшиглэсэн байдаг. Харин 1985 оны нэгдүгээр сарын 17-нд анх телевизээр цацагдсан байна. Телевизээр цацагдсан даруйдаа хуурай өвсөнд асаасан түймэр мэт бүх Европоор түгэн тархаж хэдхэн сарын дотор олон орны хит жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээсээ урам зориг авсан Томас ч хэлнийхээ аялгыг сайжруулах дасгал хурдан хугацаанд хийснээр студийн бичлэгт дахин орж хоёр дахиа дуулсан нь өдгөө бидний сонсож буй хувилбар юм. Энэхүү сингл нь найман сая илүү хувь зарагдсан бөгөөд зургаан долоо хоногийн турш Германы болон бусад 35 орны чатуудад тэргүүлсэн байна.

Үүний дараа “You Can Win If You Want” дуугаа бичүүлжээ. Энэхүү дуу мөн л гарсан даруйдаа хит болж дахин тэргүүн байр эзэлсэн байна. Яг энэхэн үед тэдний анхны цомог гарсан бөгөөд асар их амжилт дагуулсан юм. Ер нь “Modern talking” хамтлагийг маш богинохон хугацаанд маш тодоор бадамлан ассан гэрэлт зултай зүйрлэж болно. Хамтлаг байгуулагдаж, анхны дуугаа бичүүлсэн мөчөөс л тэд жинхэнэ од болон гэрэлтэж, гаргасан дуу бүхэн нь хит болдог байлаа.

“You Can Win If You Want” дууныхаа дараа нэг их удалгүй “Cheri Cheri Lady”, “Brother Lou­ie”, “Atlantis Is Calling (S.O.S. For Love)” болон “Geronimo’s Cadillac” хитүүдээ дараалан гаргасан юм. Диско төрлөөр дуулж бүжиглэдэг Европын хамтлаг дуучдаас Английн хит жагсаалтад түрүүлж чадаагүй ч тухайн үедээ тавдугаар байрт жагсаж байсан цорын ганц дуу бол алдарт “Brother Louie” дуу юм. Тэр дундаа Их Британийн хит жагсаалтад ийн дээгүүр байр эзэлсэнд урам зориг авсан хамтлагийн ахлагч продюсер Дитер Болен ер нь Америкийн зах зээлд гарч болох юм байна гэсэн итгэл найдварыг өвөрлөжээ. Учир нь Америкийн Billboard хит жагсаалтад дээгүүр орох нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл байжээ.

“Modern talking” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гуравхан жилийн дотор зургаан цомог гаргаж, тэдгээр нь 60 сая илүү хувь борлуулагджээ. Гэвч 1986 оны сүүлээс тэд бэрхшээлтэй тулгарч эхэллээ. Учир нь Томас Андерсийн эхнэр Нора Дитер продюсерын үүрэг гүйцэтгэхийг хичээн Боленгийн уран бүтээлийн ажилд оролцож эхэлжээ. Энэ нь түүний дургүйг хүргэж байсан бөгөөд тэр хоёрын харьцаанд сэв суулгах шалтаг болсон байна. Улмаар гуравхан жилийн дараа буюу 1987 оны намар ‘”Modern Talk­ing” тарсан юм. Томас Андерс гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж, уран бүтээлийн замаа хөөн тэндээ амьдрахаар болжээ. Хожим Томас Андерс эхнэрийнхээ тухайд “Миний хуучин эхнэр Нора их түргэн зантай хүн байсан. Тэр бүхнийг өөрийнхөөрөө хийхээр зүтгэдэг байв. Бид АНУ-д хоёр хоног зүгээр л амраад ирэхээр шийдсэн юм. Эхлээд Нью-Йоркт очсон, их таалагдлаа. Долоо хоногийн дараа Нора “Бидний амьдрах газар энэ байна. Байр авах хэрэгтэй” гэсэн юм. Түүний шийдвэрийг би өөрчилж чадаагүй” хэмээн Би-Би-Сигийн ярилцлагын үеэр дурссан байдаг.

Харин Дитер Болен өөрийн “Blue System” хамтлагийг байгуулсан юм. Хэдийгээр тэд тус тусдаа хангалттай нэрд гарсан боловч хэн нь ч “Modern Talking”-ийн амжилтыг давтаж чадаагүй юм. Гэвч хамтлагийн замнал ингээд бүр мөсөн дуусчихаагүй байлаа, 1998 оны гуравдугаар сард “You’re My Heart, You’re My Soul” дууны шинэ хувилбар дэлхийн хөгжмийн ертөнцийг дахин доргиолоо. Тус оны тавдугаар сард нэгэн телевизийн шоун дээр Томас Андерс Дитер Болен нар дахин нэгдэж байгаагаа мэдэгдсэн нь шүтэн бишрэгчдийг нь жинхэнэ галзууруулах дөхөв.

Шинэ хувилбараар гарсан “You’re My Heart, You’re My Soul” Германд хоёр зарим орны хитэд нэгдүгээр байрт орсон байна. Тэд хуучин хит дуунууд болон шинэхэн дөрвөн хит дуугаа багтаасан “Back For Good” цомгоо гаргасан нь тус хамтлагийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай буюу 26 сая хувь зарагджээ. Жилийн хугацаанд зургаан цомог гаргасны дөрөв нь платиниум цомог болсон юм. “Modern Talking” хамтлаг 2003 оны зургадугаар сарын 23-нд сүүлийн тоглолтоо төрөлх орны нийслэл Берлин хотноо хийсэн юм.

Тэд нийтдээ 13 цомог гаргасны ес нь платиниум цомог (10 саяас илүү борлуулагдсан) болсон байна. Нийт 120 сая илүү хувь дэлхий даяар борлуулсан бөгөөд 15 дуу нь дэлхийн хит парадуудад номер нэг болж байжээ. Харин попын хаан Майкл Жексоны 17 дуу дэлхийн хит парадуудад тэргүүлж байсан юм.

Социализмын үе буюу 1980-1990-ээд онуудад “Mod­ern Talking” хамтлагийн хит диско дуунуудгүйгээр ямар нэгэн шоу цэнгээн, үдэшлэг наадам болдоггүй байв.

Гоцлол дуучин Томас Андерсийн тухайд:

Дуучин Томас Андерс нь 1963 оны гуравдугаар сарын 1-нд Германы Мюнстермайфельд хотод төржээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд айлын дундах хүүхэд юм. Түүний эцгийг Петер Вайдунг, эхийг Хелга Вайдунг гэдэг. Томас Андерс хэмээн алдаршсан түүний төрөлх нэр бол Бернд Вайдунг юм.

Түүний дуу хөгжмийн авьяас хар багаас нь эхэлсэн бөгөөд гурван настай байхдаа л цэцэрлэгийнхээ од байжээ. Тэрбээр “Би хэлд орсон цагаасаа л дуулдаг байсан байх” хэмээн ярьжээ. Харин зургаан настай байхдаа анхны тоглолтоо хийж, хүүхдийн концерт гэхэд 90 гаруй хүн үзэж байсан тухай хожмоо дурсан ярьсан юм. Тэр л үедээ жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, хөгжим болоод их тайзыг өөрийн болгохоор шийджээ. Энэ хүсэл мөрөөдлөөрөө тэрбээр насан туршдаа амьдарсан юм. Залуудаа дуу хөгжмөөс гадна сэтгүүлч болох гэж мөн сэтгүүл зүйн факультетад хоёр жил хэртэй сурсан ч төгсөж амжаагүй байна. Гэвч дуу хөгжим түүний сэтгэлийг эргүүлэн татаж, 15 настайдаа дуу бичлэгийн студитэй анхны гэрээгээ байгуулсан байна. Тэр үед Бернд Вайдунг гэдэг нэрийг нь түүний продюсер урлагт зохимжгүй гэж үзэж “Томас Андерс” гэдэг нэрээр сольжээ. Тэдний ажилладаг байсан дуу бичлэгийн компанийн тэргүүнийг Андерс гэдэг байсан учраас ийн нэрлэх болж, цомгийн бичлэгийн төсвийг нэмэх болов уу гэж тэд найдаж байлаа. Харин Томас гэдэг нэр Германд 1970-аад оны сүүлээр их түгээмэл байсан юм. Тэрбээр 1984-1987, 1998-2003 оны хооронд Алдарт “Modern Talking” хамтлагийн гоцлол дуучнаар ажилласан. Дуулахаас гадна англи хэлээр түгдрэлгүй ярьж, дуулдаг, францаар ойлголцдог бөгөөд мөн одоо испани хэл үзэж байгаа гэнэ. 1980-аад оны сүүлээр Mod­ern Talking хамтлаг гайхам амжилт олсны дараа Андерс хэсэг хугацаанд АНУ-д амьдарсан. Тус улсад амьдрах эхэн үед Калифорнийн нар ээж, 24 цагийн турш дэлгүүр онгорхой, хоол унд сайтай, гайхалтай сайхан ааштай хүмүүс гээд түүнд их сайхан байсан гэнэ. Гэвч сүүлдээ Лос-Анжелес дахь амьдрал уйтгартай санагдаж төрөлх нутаг руугаа буцсан байна. Тэрбээр анхны эхнэр Нора Дитерээс салж улмаар 2000 онд хэлмэрч бүсгүйтэй танилцаж гэрлэжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа түүний анхны хүү Александр Мик Вайдунг мэндэлжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд бие даасан тоглолтоо хийхээр ОХУ-ыг үе үе зорих болсон юм. Түүнд тус улс ихээхэн таалагддаг бөгөөд Орос орон ч түүнд хайртай.

Сонирхолтой түүх дурдвал, Арабын Эмират улсын шейх 2000 онд Томас Андерсийн тусгайлан урьж зөвхөн өөртөө зориулан тоглолт хийлгэсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав

Ардчилсан нийгэмд сонгууль болоход нэгийгээ зуун хувь ялна гэж байхгүй юм байна. Хуучин цагт манай сонгуулийн үр дүн зуун хувийн нэг талын ялалтаар өндөрлөдөг байсан. Одоо ч зарим улсад нэг нам, нэг хүнийг ялуулах гэж л сонгууль болдог. Тэрнийх нь төлөө иргэд нь саналаа өгдөг. Олон намтай, олон өрсөлдөгчтэй ч ялсан нам, эрх баригчид нь ялагдсанаа ялладаг нь ч бий. Ялагдсан нь бөөн уй гуниг болно. Ялсан нь ялагдсаныгаа хядаад дуусдаг жишээ олон. Эсвэл амьдралгүй болгоно. Шалгана, хянана, хамаатан садан ах дүү үр хүүхдийг нь зүгээр суулгахгүй. Арай гайгүй нь шоронд суулгаж таарах юм.

Манайд ч бас л 1990 оноос өмнө сонгууль одоогийнхоос өөр байсан. Зуугаас доош хувиар ялна гэж байхгүй. Ганц хүнийг сонгох гэж наадамд явах гэж байгаа мэт баяр бахдалтайгаар гоё дээлээ өмсөж очоод зуун хувь саналаа өгдөг байсан шүү дээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес сөрөг хүчнээ хэрхэн дарж жагсаал цуглаан хийхэд нь хүч хэрэглэн дарж байсан. Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чиноватыг яасныг санаж байгаа биз. Эх орноосоо зугтахад хүргэж, дараа нь дүү Ингланк Чиноватад ч мөн ял сонсгоод байгаа билээ. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе 35 жил төр барихдаа сөрөг хүчнээ өөд гаргахгүй дарж ирлээ. Өөртөө тааруулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өрсөлдөгчөө, сөрөг хүчнээ нь өөд гаргахгүй, өрсөлдөгчөө нэрээ татах хүртэл нь дарамталж ирсэн. Ийм улсад сөрөг хүчин болно гэдэг нь ял сонссонтой адилхан.

Одоо манайд зуун хувь ялах, үнэмлэхүй олонх болох ойлголт бараг л үгүй болж байгаа нь сүүлийн сонгуулийн үр дүнгүүдээс харагдаад байна. Нэгэнт аль нэг нам нь хол тасархай олон суудал авч олонх болж чадахгүй байгаагаас хойш төр барихдаа зөвшилцөх хэрэгтэй байна. Аль нэг нам нь цөөн хэдэн хүнээр л илүү гарч байгааг эс тооцвол нэг их зөрөө алга. Тиймээс ч сүүлийн сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй эвсэж, хамтарч засаг барьсаар ирэв. Нэгэнт ард түмэн тийм сонголт хийсэн бол өөрөөр засаг барих боломж ч алга.

Тэгэхээр МАН бид цөөнх болчихлоо. Гэдийж байгаад ажлыг нь гацаагаад дараа олонх болно гэж бодоод байх хэрэг алга. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Чуулган гэдэг чинь АН-ын өмч биш, МАН-ынхны шантаажилж, тоглоом тохуу хийдэг газар ч биш, монгол төрийн ажил. Монгол төрийг өнөөдөр АН, МАН, эвсэлтэй, бие даагчтайгаа бүрдүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдлаа. Шударга ёс эвсэл, МАН-ынхан хуралдаа орж ирдэггүй. Эвслийнхэн нь Н.Энхбаярыг шадар сайд болгохгүй бол хуралд суухгүй гэж шантаажлаад МАН-ынхан Цэцийн даргын асуудлыг хэлэлцэхгүй байж байгаад УИХ-ын даргыг огцруулна шүү гэж айлган тохиролцоо хийхийг санаархан ажил тасалцгаав. Бүгд л нэг барьцаа, шантааж хийгээд чуулган хуралдахгүй өнжлөө. Сүүлдээ нөгөө чуулган нь жуулган болж төр барих дээд байгууллага биш төрийн тухай ярих зөвлөгөөн болж хувирахаа шахав. Ардчилсан намын гишүүд нь дангаараа суучихсан зөвлөгөөн хийж, хэр барагтай үг дуугарахыг нь үзээгүй Наранхүү гишүүн хүртэл энэ сиймхийгээр дуу оров. Хүрд эргүүлэх боломж олдлоо гэсэн шиг хүн болгон л нэг юм хэлж сууна лээ. Гэхдээ энэ нь чуулганы хуралдаан биш байсан л даа. Ямар ч хууль хэлэлцээгүй, ямар ч асуудал шийдээгүй. Ирц хүрээгүй учраас УИХ-ын дарга үүнийг чуулганы хуралдаан биш зөвлөгөөн гэж тодотгож байв. Харин өнгөрсөн баасан гаригт өнөөх зарлагдсан ээлжит бус хурал дахин болоход Шударга ёс эвслийн зарим гишүүн ирж ирц хүрснээр чуулган хуралдлаа. МАН-гүй л асуудал шийдэгдчихсэн. Тэгэхээр МАН-ынхаан та нартай, та наргүй асуудлаа шийдчихэж болж байгааг харсан л биз дээ. Төрийн эрхийг зөвшилцөж барилцахаас өөр аргагүй гэдгийг МАН эрхбиш эндээс ойлгомоор юм. Энэ чуулган анх бүрдэх эхний хурлуудаас л МАН-ынхан эрх хүүхэд шиг аяглаж, хуралдаа суухгүй байсан. Ялагдлын шокноосоо гараагүй тэд Ардчилсан намтай хамтарч эрх барина гэж найдаж байсан ч санаснаар нь болоогүй учраас хурал хаяж, үүнийхээ гороор аль ч үгүй болох шахсан даа. Тэднийг хуралдаа суухгүй байсан ч дэгийн дагуу бүх процедур явчихсан. Ингээд МАН бүлэг ч үгүй, байнгын хороонд ч багтахгүй, хэдэн сул гишүүн болох дөхсөнөө ийм амархан мартаагүй байлгүй. Харин ч АН-ынхан тэр үед зөвшилцөж, хуульд өөрчлөлт оруулж байж бүлэгтэй болгосон. Одоо юу байхав. Зургаан сарын л хугацаа үлдэж. Ингэж их зан гаргаж хурал чуулгандаа суухгүй байлаа гээд алдах нь их үү гэхээс онох юм байхгүй. “Чамтай чамгүй болов оо” гэгчээр нөгөөдүүл нь нийлээд хуралдаад явчихаж болж байна. Үлдсэн багахан хугацаанд хуралдаа суухгүй хатуурхлаа гэхэд тэр хатуугийн буулга нь МАН-ынхан та нар дээр л буух гээд байна. Энэ нь харамсалтай, гунигтай юм. Нэгэнт төр барилцах эрх ард түмэн та бүхэнд олгосон. Төлөөллөө болгоод сонгоод явууллаа. Гэтэл та наргүйгээр шийдвэр гараад байна гэдэг чинь ард түмний нэг хэсгийн хүсэл санаа хүрэхгүй, бүтэхгүй, биелэхгүй болчихож байна. Мөн та нар хуралдаа суухгүй байгаагаараа ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Дараагийн сонгуулиар ядаж чуулгандаа суудаг гишүүн сонгоё гэлцэх боллоо, иргэд. Хэлэлцэж, батлаагүй өчнөөн олон хууль хүлээж байна. Барьцааны улс төр хийхээ одоо зогсоо. Цаашид үлдсэн бага хугацаандаа бүгдээрээ хуралдаж монгол төрийг бүтэн ажиллуулах хэрэгтэй байна. Улстөржилтөөс илүү улс орны эрх ашиг гэж бий шүү.

Categories
мэдээ цаг-үе

Э.Тодгэрэл: Баясгалан эгч бид хоёр жүжгийн зохиолоо авснаас эхлээд нээх хүртэл бараг л эхнэр, нөхөр шиг амьдарсан

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа.

-Та Улсын драмын эрдмийн театрт орсны дараахан анх удаа гол дүр бүтээсэн нь “Чөлөөт хос” жүжгийн дүр. Тэгвэл таны гол дүрд тоглосон бүтээл дахин тайзнаа тавигдах нь ээ?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Найдандоржийн бүтээл болох инээдмийн, дуутай, бүжигтэй, хөгжимтэй “Чөлөөт хос” жүжиг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тоглох гэж байна. Уг жүжигт миний бие УДЭТ-ын жүжигчин СТА Баясгалан эгчтэй хамтран тоглосон байгаа. Энэхүү жүжиг өөрөө Итали жүжиг. Нобелийн шагналт Италийн нэрт зохиолч жүжигчин Дарио Фогийн “Open Couple” гээд театр болон олон орнуудад тавигдсан байдаг.

-“Чөлөөт хос” жүжгийг үзэгчдэд хүргэх цаад зорилго юу вэ?

-Ерөнхийдөө хоёр хүний жүжиг гэж хэлж болно. Энэ жүжиг түрүү онд Төрийн соёрхолт найруулагч Наранбаатарын санаачилгаар хэрэгжүүлсэн бэсрэг жүжгийн өдөр буюу долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч, долоон өөр жүжигчин, долоон өөр сэтгэлгээг харуулахын тулд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд тавигдсан жүжиг байгаа юм. үүнийг гэр бүлийн жүжиг гэж хэлж болно. Гэр бүлийн дотоод асуудал, эхнэр нөхрийн хэнд ч хэлж болдоггүй нарийн нандин нууцыг ил гаргаж ирдгээрээ жүжгийн гол утга учир оршиж байгаа юм. Миний ойлголтоор миний эхнэр Антония өнгөрсөн нийгмийн төлөөлөл юм болов уу гэж хардаг. Миний дүрийн хувьд ардчилсан, эрх чөлөөтэй нийгмийг төлөөлсөн гэж хардаг. Жүжгийн нэрнээс нь яагаад “Чөлөөт хос” болох гээд байгаа юм бэ? Миний хувьд мэдээж эхнэртээ хайртай, хүүхдийнхээ төлөө зүтгэдэг боловч бусад биеийн болон сэтгэлийн жаргалыг амсмаар байдаг. Энэ тал дээр би эрх чөлөөтэй байж болно биз дээ? гэсэн асуултын хариуг жүжгийн турш эхнэрээсээ шаарддаг. Чи ч гэсэн адилхан өөр хүнтэй бол, би ч гэсэн адилхан өөр хүнтэй болъё. Гэхдээ хоёулаа эхнэр нөхөр хэвээрээ байна.

-Ардчилал, эрх чөлөөг хүсэмжилсэн өөрийнхөө дүрийг тодруулахгүй юу?

-Миний ажилласан дүрийн хувьд дөч гаран настай, гэр бүл зохиосон эр нөхрийн дүр Манбретто гэх итали залуу. Миний эхнэр мөн адил дөч гаруй настай Антония. Бид хорин найман настай хүүтэй. Энэ хоёр хүний гэр бүлийн дунд өрнөж байгаа асуудлын талаар гардаг.

-Хоёр хүний жүжиг гэдэг утгаараа ч юм уу тайз засал цомхон, өвөрмөц шийдэл бүхий харагдсан?

-Тайз ердөө хоёр сандал, хоёр ширээтэй. Жүжиг өөрөө бас хоёр л жүжигчинтэй. Тайз хувцас хэрэглэлийн хувьд нүсэр зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бол найруулагчийн шийдэл. Мөн энэ жүжгийг хаана ч, ямар ч албан байгууллага, дунд сургуулийн зааланд эсвэл зочид буудлын нэг өрөөнд очоод тоглочих боломжтой. Хөнгөхөн авсаархан. Жүжиг тавигдсан даруйдаа олон нийтийн ташаалыг хүртсэн уран бүтээл болж чадсан.

-Таны хамтран тоглогч жүжигчин Баясгалан энэ жүжгийн дүрээрээ тухайн ондоо “Гэгээн Муза”наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан байдаг?

-Тэгсэн. Мөн “Мөнгөн мод” шагналыг энэ дүрээрээ авсан. Миний хувьд бас “Гэгээн Муза” наадмаас оны шилдэг эрэгтэй дебют залуу уран бүтээлчээр шалгарсан. Олон сайхан шагналуудыг бидэнд авчирсан уран бүтээл болсон доо.

-Та хоёр насны хувьд ч амьдралын туршлагынхаа хувьд ч их зөрүүтэй. Энэ утгаараа хамтран тоглогчтойгоо ойлголцож ажиллахад бэрхшээл тулгарч байв уу. Жүжиг насанд хүрэгчдэд зориулсан төдийгүй зарим үзэгдэлд хамтран тоглогчоо хараах, доромжлох өнгө аястай үг хэллэг хэрэглэх тохиолдолд ч гардаг?

-Би хэлсэн. Жүжиг хоёрхон хүний л бүрэлдэхүүнтэй. Жүжгийнхээ харилцан яриаг бэлдэж ширээний уншлага хийдэг. Ширээний уншлагын явцад ямар ч хүндрэл гараагүй. Зөвхөн хоёр хүн харагдаж байгаа боловч цаанаа маш том уран бүтээлийн баг ажилладаг. Баясаа эгч амьдрал зохиосон үр хүүхэдтэй хүн. Миний хувьд хараахан гэр бүл зохиож амжаагүй нэгэн. Энэ утгаараа заримдаа “Үнэхээр ийм зүйл байдаг юм уу?” ч гэж асуух тохиолдол надад гарч байсан. Баясаа эгч намайг бодвол дүртэйгээ илүү ойрхон учраас надад маш их дэм болж байсан. Мэдээж хүндрэлтэй зүйлүүд гаралгүй яахав. Тэр бүхнийг нөмөр нөөлөгтэй хамтран тоглогчийнхоо хүчээр давж чадсан. Дүртэйгээ ажиллахад хамтран тоглогч маш чухал. Яг л эхнэр нөхөр шиг бие биеэ харж хайрлаж байж тухайн бүтээл үзэгчдэд халуунаараа хүрдэг болохоор яадаг ч байсан энэ дүр дээр ажиллах болсноос хойш энэ асуудлыг ярилцаж шийдсэн. Жүжгийн зохиолыг авснаас эхлээд нээх хүртэл бид хоёр бараг эхнэр нөхөр шиг болчихсон байсан (инээв). Машин явахгүй өдөр бие биенээ авна. Хаана юу хийж явна, өлсөж байна уу, цангаж байна уу гээд л. Тэр зүйл нь бид хоёрыг илүү дотно болгож, уусгаж эхнэр нөхөр гэх байр суурин дээр аваачихад тусалсан юм болов уу.

-Анх жүжгийн зохиолоо аваад уншихад ямар санагдаж байсан бэ?

-Амьд хөгжмийн хамтлаг, яруу найрагчийн шүлэг, тайз декрац, жижиг чимэглэл, хувцас гээд маш олон хүнтэй бүрэлдэхүүн тэр чигээрээ энэ хоёр хүний төлөө ажиллаж байсан учраас хичээхээс өөр замгүй л дээ. Миний хувьд оюутан насаа үдэж Улсын драмын эрдмийн театр гэх их айлтай холбогдоод анхны гол дүрээ авсан нь энэ. Найдандорж найруулагчаас зохиолоо аваад маш их эмээж байсан. Залуу уран бүтээлчийн хувьд маш их үүрэг хариуцлага ногдсон. Мөн залуу уран бүтээлч Тодгэрэл гэдэг хүн ямархуу чадвар чансаатай болж энэ урлагийн их айлд ирсэн бэ гэдгээ тодотгох шалгалт болсон гэж боддог.

-Найруулагч таныг сонгож тоглуулах болсон нь учир шалтгаантай л байж таараа. Та энэ талаар ер нь найруулагчаасаа сонирхож асууж байсан уу?

-Миний тоглосон дүр бодит амьдрал дээр надаас нэлээд хол. Жишээлбэл, гэр бүлийн амьдрал зохиосон, нууц амрагийн асуудлыг хөхиүлэн дэмждэг, 28 насны хүүтэй амьдрал нь боловсорчихсон хүний дүр л дээ. Би найруулагчаас “Насны зөрүү харагдах болов уу, надаас нэлээд хол юм? гэж асуухад найруулагч “Би энэ дүр дээр чамайг харсан. Найруулагч хүн хэзээ ч алдаж, буруу хардаггүй. Жүжигчид, жүжигчдийнхээ тавилт бүх зүйлийг нүдэндээ түрүүлээд харчихсан байдаг болохоор энэ зохиол бүтээл болдог юм. Тийм болохоор айгаад хэрэггүй, чи чадна. Чи чадах болохоор би чамайг сонгосон” гэсэн. Энэ хэдхээн үгэнд их урамшсан даа. Хүн гэдэг ер нь урмаар тэтгэгддэг амьтан шүү дээ.

-Нөгөө талаараа анхны уран бүтээл мюзикл чиглэлийнх байсан болохоор их авууштай байсан байжээ. Учир нь та 2012 онд “CITI” дээд сургуулийг мюзиклийн жүжигчний мэргэжлээр төгссөн юм билээ?

-Мюзикл гэдэг утгаараа жил бүр сонгодог бүжиг, олон ардын бүжиг, монгол ардын бүжиг зэргийг судалдаг байсан. Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд дуу хоолойны гам унших дасгал, дуулах ур зүйн хичээл ордог байсан. Биеийн уян хатан байдал, пластик хөдөлгөөн тал дээрээ сургууль түлхүү ажилласан болохоор найруулагчийн тавьсан тэр жанрыг нэлээн олзуурхсан.

-Үүний дараа дэлгэцийн анхны уран бүтээл “Бид гурвын болзоо” киноны гол дүрийг бүтээсэн. Киноны саналыг яаж хүлээж авав. Сэтгэлд тань хэр нийцэж байсан бэ?

-Продюсер надад анх зохиолоо өгч уншуулсан. “Бороо” гээд эмэгтэй хүн харахаараа сандардаг, найз гэх үгийн утга учрыг ойлгодог, найзынхаа төлөө юу ч хийхээс буцахааргүй, шаггүй компьютерийн мэдлэгтэй бас нэлээд будлиу залуугийн дүр. Уншингуут л миний сэтгэлд буусан. Би гадаад төрх байдлаараа эсрэг дүрд сонгогдчих гээд байдаг талтай. Уран бүтээлч хүн үргэлж нэг төрлийн дүр бүтээнэ гэж байхгүй. Бороо гэх залуугийн дүрийг гаргахын тулд их хичээсэн. Ямартай ч үзэгчдийн хандалтаас харахад дүрээ бүтээж чадсан юм шиг. Ер нь өнөөдрийн нийгэмд “анд” гэх гуравхан үсгийн утгийг таньж найзалж нөхөрлөдөг хүмүүс хичнээн байна вэ, нөхөрлөлийнхөө төлөө тэмцэж байгаа хүн ер нь байна уу, хэрвээ байвал ямар байх вэ гэдэг асуултад хариулсан кино. Залуу уран бүтээлчдээс бүрдсэн учраас “дуугарвал дуу нэг, дугтарвал санаа нэг” гэдэг шиг маш сайн нэгдэж ажилласан.

-Энэ сард хайрын баярын өдрөөр “Ромео Жульетта” ахин тоглогдлоо. Жүжгийн гол дүр гэхээсээ илүүтэйгээр Меркуциог бүтээсэн таныг үзэгчид их үнэлсэн байна лээ…

-Энэ бол сонгодог тэгээд маш алдартай зохиол. Сонгодог жүжиг тухайн нийгэмдээ тавигдах цаг хугацаа хүртлээ хүлээлт үүсгэсэн байдаг юм шиг. Өнөөдөр “Ромео Жулетта” жүжгийг тавих ёстой байсан болоод л үзэгчдийн хүртээл болгосон байх. Меркуцио гэх туслах дүрийг гол дүрийн энтэй авч бичсэнээрээ У.Шекспирийн гайхамшиг нь оршиж байгаа болов уу.

-Дүрээ сайн гаргахын тулд хэн нэгнээс зөвлөгөө, туслалцаа авч байв уу?

-Дэлхийн олон оронд тайз болон дэлгэцээр энэхүү жүжиг тавигдчихсан. Жаахан хүүхэд байхдаа энэ жүжгийн алдарт Леонардо Ди Каприогийн бүтээсэн хувилбарыг үзэж байсан. Тэгэхэд ирээдүйд жүжигчин болно ч гэж боддоггүй байсан үе. Ер нь аливаа дүр амьгүй байж байгаад амилдаг даа. Харин Меркуциогийн дүр нь аль хэдийнэ амилчихсан, Меркуцио ийм байх ёстой гэсэн загвар тогтсон байсан гэж хэлж болно. Надад үүнийг эвдэх эрх байхгүй шүү дээ. Тиймээс маш их судалгаа хийсэн. Өөрөө тодорхой хэмжээнд дүр дээрээ ажилласныхаа дараа бусад Меркуциог судална. Тэгэхгүй бол наана нь үзвэл би өөрөө ийм байна гэсэн хайрцганд орчих гээд байдаг тал бий.

-Таны хэлж буй уран цэцэн үгнээс гадна биеийн хөдөлгөөний илэрхийлэл, түүгээр гарч буй сэтгэлийн хөдөлгөөний уялдаа холбоо үзэгчдийн харааг яах аргагүй татаж байх шиг санагдсан?

-Манай театр энэ жилээс хөдөлгөөний найруулагч гэж тусдаа бие даасан статустай хүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн. МУСТА, бүжиг дэглээч Ган-Очир багшийг хөдөлгөөний найруулагчаар сонгож хамтарч ажилласан. Энэ хүн бараг найруулагчийн дайны хөдөлгөөний тавилтыг хийсэн байгаа. Тусдаа бие даасан бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр энэ жүжигт оролцож байгаа залуу жүжигчид, оюутнуудыг зуны зургаа, долдугаар сараас эхэлж биеийг хөнгөлөх дасгал, уян хатан байдлын дасгал зэргийг хийлгэж бэлтгэсэн. Энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл салшгүй холбоотой. Сонгодог бүтээл залуу уран бүтээлчийг үнэхээр задалж өгдөг. Жүжигчний ур чадвар тал дээр маш их ахиц гардаг. Миний хувьд жүжиг нээснээс хойш хоёр сарын хугацаанд тоглосон. Мөн үзэгчдийн хүсэлтээр дахин дахин тоглогдож байна. Энэ нь их сайшаалтай хэрэг.

-Театрынхан “Үнэний хаан Будда” бүтээлийг тайзнаа амилуулахаар бэлтгэлдээ орсон гэж сонссон?

-Тийм. “Үнэний хаан Будда” гээд яам болон олон төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хийгдэж буй маш том төсөл байгаа. Жүжгийн бэлтгэл ажилд ороод явж байна. Энэхүү уран бүтээл бол Азидаа анх удаа тавигдах гэж байгаа, маш олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрөнгө оруулалттай. Бурхан багшийн тухай жүжгийг театрын тайзнаа анх удаа тавихаар бэлтгэж байна даа.

-Та цахим хуудсандаа “УДЭТ-ын 85 жилийн ойгоор алтан тайзан дээр алтан үеийнхээ уран бүтээлчдээсээ эрхэм хүндэт үзэгчдийнхээ өмнө театрын жүжигчин хэмээн нэрээ дуудуулж үнэмлэхээ гардан авлаа” гэж бичсэн байсан. Театрын албан ёсны ажилтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх “Театр” гээд том статустай студи бий. Миний хувьд 2013 онд энэ студид орох шалгалт өгөөд жил зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд ажиллах гэрээ хийсэн. Дагалдан жүжигчин гэсэн үг л дээ. Энэ жил 85 жилийн ойн хүрээнд “Бид мартахгүй” гэж ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэх тоглолтод дээр энэ хүн бол “драмын театр”-ын жүжигчин мөн юм гэсэн мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан. Миний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан мөч. Үнэмлэхээ гардаж авахад манай театрын ах, эгч нар “Мэргэжил нэгт анд нөхөр минь, тавтай морил, жүжигчин хэмээх жинхэнэ нэрээ авлаа шүү” гээд баяр хүргэж байлаа.

-Дөнгөж гараанаас гарч буй уран бүтээлчийн хэтийн мөрөөдлийг сонирхмоор байна?

-“Broadway” театрын нэг мюзиклд тоглох нь миний маш том мөрөөдөл. Уран бүтээлч хүн хүзүүгээ давсан зорилготой байж л түүнийхээ цаана дөнгөн данган гардаг гэдэг. Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг хүн шүү (инээв). Миний мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ч драмын урлаг бол хамгийн амьд урлаг юм шүү.

Э.АРИУНЗУЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгаль: Охины минь нэр хүнд, сэтгэл зүйгээр тоглож байсан бол одоо бие махбодиор нь тамлах гээд шоронд хийчихлээ

-Цагдан хоригдож байххугацаанд эрүүдэн шүүж байгаад амиа хорлоход хүргэхэсвэл бүр амиа хорлосон болгохвий гэхээс айж байна-

-Охинд чинь ямар нэгэн зүйл тохиолдвол
яах вэ. Хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

-Миний хамгийн их санаа зовж байгаа
асуудал бол энэ. Хэд хэдэн удаа цагдан хорих байранд очсон боловч өмгөөлөгчийг нь
огт оруулдаггүй гэх юм. Энэ нь түүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон
“…хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх” эрхийг, Хүний эрхийн түгээмэл
тунхаглалын 11 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх
бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох
хүртэл гэм буруугүй гэж тооцогдох” эрхийг зөрчиж байна гэж учир мэдэх хүмүүс хэлж
байна. Би охиныхоо эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Цагдан хоригдож байх хугацаанд
түүний эрүүл мэнд нь муудах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох ч боломжтой. Тодруулбал
эрүүдэн шүүж байгаад амиа хорлоход хүргэх эсвэл бүр амиа хорлосон болгох вий гэхээс
их айж байна. Яагаад гадуур шалгаж болохгүй цагдан хориод байгаа нь ойлгомжгүй төдийгүй,
хаа хол Төв аймгийн цагдан хорих байранд хорьж шалгаж байгаа зэрэг нь түүнийг эрүүдэн
шүүж байх вий гэх хардалт төрүүлж байна. Өөрөөр хэлбэл хүнд нөхцөлд хорьж, залхааж
байгаад ямар ч аргаар хамаагүй хэрэг хүлээлгэх бодлоготой байгаа бол охин минь үүнийг
тэсч чадахгүй амь нас нь хохирох болно.

-Олон хүн энэ хэргийг “маш нууц”
гэсэн зэрэглэлд оруулж шалгаж байгааг ойлгодоггүй. Цаашлаад ямар нотлох баримт цугласан.
Түүнийг нь шүүх хэрхэн үзэж шийдвэрлэхийг мэдэх аргагүй…?

-Тагнуулын ерөнхий газраас тус хэргийг
ямар үндэслэлээр “маш нууц”-ын зэрэглэлтэй шалгаж байгаагаа бидэнд огт тайлбарлаж
өгдөггүй. Үүнээс дүгнэхэд нууц гэсэн далбаан дор байцаан шийтгэх ажиллагаа хууль
бус явагдах, шүүх хуралдааныг хаалттай хийж, тус хэрэгт ямар баримт авагдсан, юу
хэлсэн, өмгөөлөгч хэрхэн өмгөөлсөн зэрэг бүх зүйл хаагдмал явагдаж Б.Булганыг хилс
хэрэгт хэлмэгдүүлэн улс төрийн золиос болгож болзошгүй. Цагаан сараар уулзъя гэхэд
гэрийнхэнтэй нь ч, найз нөхөдтэй нь ч уулзуулахгүй, охиныг минь агаар салхинд гаргахгүй
хорьж байна гэдэг чинь залхаан цээрлүүлэлт гэж үзэхээс өөр арга алга.

-Энэ хэргийн юу нь нууц байгаа юм
бол?

-Хүн амины хэргийг л илрүүлэх гэж байгаа болохоос биш төрийн нууц
баримт бичиг бодлогын асуудал хөндөгдөхгүй баймаар санагдах юм.

Маш нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа
нь хууль хяналтын байгууллагыг хардахад хүргэж байна. Бид хүргэнээ бусдын гарт алдчихсан.
Энэ бол гэр бүлийн минь хувьд том эмгэнэл. Гэтэл дээрээс нь охиныг минь шоронд хийчихсэн.
Хүргэний минь зүтгэсэн, бусдын сайн сайхны төлөө тэмцэж олсон тэр ардчилал хаана
байна вэ. Ерөнхийлөгч нь энэ хэргийн талаар таг дуугүй, Хууль зүйн сайд нь Энэ талаар
асуухаар “Мэдэхгүй” гэж байна. Хууль зүйн сайд чи, охиныг минь яагаад хоригдсоныг
мэдэхгүй байгаа юм бол очоод мэд л дээ. Мэдээд өгөөч, чамд эрх мэдэл нь байна гэж
хэлье. Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон. Монгол Улсын иргэн бүрийн эцэг байх
ёстой. Ядаж миний бичсэн захидалд яагаад хариу өгч чадахгүй байгаа юм бэ. Миний
хүргэн С. Зоригтой хамт хүний эрх, ардчиллын төлөө явж байсан биз дээ. Энэ хугацаанд
охин минь хуулийн байгууллага дуудахад очиж уулзаж, гудамжинд таарсан нэгэнд нь
“алуурчин” гэж чичлүүлж явсан.

-Хууль зүйн сайдтай та уулзсан юм
уу?

-Нэг телевизээр сэтгүүлч “Б.Булганыг
яагаад цагдан хорив. Энэ хэрэг юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “Би мэдэхгүй”
гэж хариулж байхыг нь харсан .

-Хэргийн талаар та ер нь юу гэж
бодож байна вэ. Таньд мэдээж өөрийн гэсэн дүгнэлт, таамаг байдаг байх?

-Хэргийг мөрдөж шалгадаг байгууллагууд
нь шалгаж байгаа байх. Хэргийн талаар би юу мэдэж ярих вэ, мэдэхгүй. Хамгийн гол
нь хүргэний минь 25 жилийн өмнө тэмцэж явсан ардчилал хаана байна аа. Би ч гэсэн
энэ ардчиллыг дэмжиж явсан хүн. Гэтэл тэр ардчилал нь энэ мөн гэж үү. Миний бодлоор
охиныг минь биш, тэр захиалагч гээд байгаа хүнийг нь барих, олж тогтоох учиртай
юм биш үү. Эрдэнэтээс хоёр эрэгтэйг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн. Миний
охин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэж мэдүүлэг өгсөн бололтой юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй
биш хоёр эрэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бололтой. Охин минь
болохоор “Би үнэнийг л хэлнэ, буруугүй хүнийг хэлмэгдүүлж хоёр эрэгтэй гэж хэлэхгүй”
гэсэн байна лээ. Хэвлэлээс харахад тэр баривчлагдсан залуус “Ш.Отгонбилэг
агсны тогооч, малчин хоёр” гэж бичсэн байсан.Тэд 35 орчим насных гэнэ.17 жилийн
өмнө бол тэд 18 орчим настай байсан юм биш үү. Хөгшин би бодохдоо ийм насны хүмүүс
бусдыг захиалгаар хөнөөх үү. Ш.Отгонбилэг
агсан ч бусдыг захиалгаар алуулахаар малчин, тогооч хоёроо явуулах уу. Бодвол энэ
хуулийн байгууллагад надаас илүү ухаантай хүмүүс ажилладаг байлгүй дээ. Сураг сонсоход
нэг залуу нь тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй, эхнэр нь нотолгоог нь бүрдүүлээд
гомдол гаргасан гэж сонссон. Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл ч гэсэн
энэ талаар дуугараасай гэж бодох юм.

-Янз бүрийн л юм сонсогдох юм. Үнэн
худал нь хаашаа байдаг юм бол?

-Э.Бат-Үүлийн малгай
тухайн үед хэргийн газраас олдсон гэдэг. Хэвлэлээр түүний талаар хачин л юм бичих
юм байна шүү дээ. Гурван өмгөөлөгч авсан гэсэн сураг гарч байсан.

-Б.Булганыг 17 жил хуулийнхан хяналтдаа
байлгаж, хилээр гарах эрхийг нь хорьсон гэдэг. Энэ талаар мэдэх зүйл бий юу?

-Би нарийн ширийн зүйлийг нь сайн
мэдэхгүй юм. Энэ явдлаас хойш охин минь гадаад огт яваагүй. Найз нөхөд нь “Гадаад
явъя” гэхээр “Би болохгүй шүү дээ” гэж хариулдаг байсан. Гэтэл зарим хэвлэлээр
“Б.Булган мөнгөтэй, байнга гадаад явдаг”, “Тэр том байгууллагад ажилладаг” гээд
бичээд байдаг юм. Энэ бол худлаа. Охин минь энэ хэргээс хойш огт ажил хийгээгүй.
Өөрт нь олны дунд ороод ажил хийхэд хэцүү байсан байх.

Үе үе ажлын хэсгийнхэнтэй очиж уулзаад
ирлээ гэж хэлдэг байсан. Түүнээс ажлын хэсгийнхэн “Намайг тэгж байна. Би ингэлээ”
гэж ярьж байгаагүй. Хэрэв тэр үед алуурчин хоёулангийнх нь амийг хөнөөсөн бол “Эвий
хөөрхий, С. Зориг агсны эхнэр нь бас алуулчихаж гээд” охиныг минь ярих байсан биз.
Ийм зүйл болоогүй болохоороо 17 жил охин минь тарчилж байна. Өнгөрсөн жилүүдэд охины
минь нэр хүнд, сэтгэл зүйгээр тоглож байсан бол одоо бие махбодиор нь тамлах гээд
шоронд аваачаад хийчихлээ.

-Баривчлагдсан тэр өдрөө Булган
тантай утсаар холбогдсон гэдэг?

-Миний охин өдөр болгон надад ирж
хоол хийж өгдөг. Долоо хоногийн эхний таван өдөр хоол хийж өгчихөөд хоёр өдөр нь
гэртээ мацаг барьдаг байсан. Баривчлагдахынхаа өмнө утсаар яриад ”Ажлын хэсгийнхэнтэй
уулзахаар боллоо. Би өнөөдөр очиж хоол хийж өгч чадахгүй нь” гэж хэлсэн. Өдөр өнгөрлөө.
Оройн 20 цаг боллоо. Сэтгэл зовоод болдоггүй, гар утас нь холбогддоггүй. Оройн 20 цаг
өнгөрч байхад хүү утсаар яриад “Б.Булганыг баривчлаад аваад явчихлаа” гэж хэлсэн.
Тэгээд л маргааш өглөө нь хэвлэлээр “Б.Булганыг гэрээс нь баривчиллаа” гэсэн мэдээллүүд
гараад эхэлсэн. Их олон хүн очиж, сүртэй баривчилсан юм шиг байна лээ.

-Тусгайгийнхан очиж баривчилсан
гэж сонссон?

-Хар багтай хүмүүс байсан гэсэн.
Энэ явдлын дараа манай гэрт хөгшин намайг айлгах гэсэн юм байлгүй, баг өмссөн долоо,
найман хүн орж ирсэн. Тэд чинь их сүртэй юм байна лээ. Манайхыг нэгжээд л байсан.
Манай гэрээс юу эрж, хайсан юм бол.

-Арай 17 жилийн өмнө болсон хэргийн
эд мөрийн баримт эрж хайсан юм биш биз дээ?

-Ямар өчигдөр болсон хэрэг биш дээ,
би ч гайхаж л байлаа. 17 жилийн өмнө манайд ирж нэгжлэг хийж байгаагүй юм. Гэтэл
яагаад сая охиныг баривчлагдсаны дараа нэгжлэг хийж байгаа юм бол гэж бодсон.

-Хүүд чинь Б.Булганыг эргэх зөвшөөрөл
дахиж өгөхгүй гэж хуулийнхан хэлсэн гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Дүүгээ эргэлтээр очиход охин ойр
зуурын зүйл захисан юм билээ. Тэр цаасан дээрээ нэг утасны дугаар бичсэн байж. Тэгээд
дүүдээ “Энэ хүн рүү яриарай” гэж хэлсэн юм билээ. Хүүг гарахад нь нэгжээд нөгөө
цаасыг нь хураагаад авчихсан гэсэн. Би дараа нь хүүгээ зэмлэж. “Тэр утасны дугаарыг
нь цээжилчихнэ биз дээ” гэхэд хүү “Ээж ээ, хуулийнхан дахиж эргэлт оруулахгүй гэж
шалтаг хайж байхгүй юу” хэмээсэн.

-Хураагаад авчихна гэж бодоогүй
л байх л даа?

-Тийм бодол орж ирээгүй гэсэн. Тэгээд
маргааш нь тагнуулынхан хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдсон.
Дахиж эргэлтээр оруулахгүй гэж хэлсэн гэсэн.

-Хэн гэдэг хүний утасны дугаар байсан
юм бол?

-Хэн мэдэх вэ. Бодвол тусламж авах
гэж эсвэл хоригдсон гэдгээ мэдэгдэх гэж тэр хүн рүү утсаар ярь гэсэн биз. Хүн юм
чинь ийм үед тусалж чадах хүн рүүгээ ярь гэсэн байж таарна шүү дээ.

-Б.Булганыг өмгөөлөх хүн олдохгүй
байна гэж яригдаж байсан. Энэ асуудал цэгцэрсэн үү?

-Анх өмгөөлөгч авсан, удалгүй тэд
татгалзсан. Булган өөрөө бол “Ямар ч өмгөөлөгч аваад нэмэргүй. Намайг хэлмэгдүүлээд
буруутгая гэвэл өмгөөлөгчтэй өмгөөлөгчгүй буруутгана. Би өмгөөлөгчгүйгээр өөрийгөө
аваад гарч чадна” гэж хэлсэн байсан. Бодвол биднийг их хэмжээний мөнгө олох гэж
зовно гэж болгоомжилсон байх. “Өмгөөлөгч авах шаардлагагүй” гэж дүүдээ хэлсэн байсан.
Охинтойгоо уулзахын тулд өмгөөлөгч авах зайлшгүй хэрэгтэй юм билээ.
Эцэст нь бид хамаатныхаа нэг залууг өмгөөлөгчөөр авсан. Тэр нь Булгантай үеэл юм.
Түүнтэй хамт нэг өмгөөлөгч ажиллаж байгаа. Хөлс мөнгө өгөхгүй болохоор хүний төлөө
хэн явах вэ гэж санаа зовохдоо “Жаахан ч гэсэн мөнгө өгье, ав” гэтэл
өмгөөлөгч нар аваагүй.

Үргэлжлэл бий


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“С.Зориг агсны эхнэр Б.Булган: Намайг энд авчраад гаднаас цоожлоод орхиход их муухай байсан”

-Миний хүргэн хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлж, гэм буруутныг тогтоогоосой гэж Монголын хүн бүр хүсч байгаа-

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн түүний эхнэр Б.Булганыг баривчлаад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хэргийн талаар хуулийн байгууллагынхан албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй өдий хүрсэн юм. Маш нууц гэсэн зэрэглэлтэй шалгагдаж буй хэргийн цаана Б.Булганы эрүүл мэндийн байдал болон эрх чөлөөнд нь халдсан явдал гарч байгаа юм биш биз гэсэн хардлага олон нийтэд бий. Учир нь Б.Булганыг баривчлагдсанаас хойш “Түүнийг өмгөөлөх хүн олдохгүй байна”, “Түүнийг хууль зөрчин 24 цагийн турш гэрэлтэй камерт хорьж байгаа”, “Б.Булганыг эрүүдэн шүүсэн үү”, “Ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна” гэх мэт албан бус мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм.

Үхтэл үр харам гэдэг шиг охиныхоо талаар гурван сар чих тавин сууж, өдөр бүр сэтгэл нь зовниж суугаа Б.Булганы ээж Д.Байгальтай уулзаж ярилцлаа. 80 гарч яваа энэ буурай сэтгэлийн шаналалд ороод 100 гаруй хонож байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр олон ч газар ханджээ. Аргаа барсан эх төр засаг болон хуулийн байгууллага нь ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй байгаад гомдож, олон нийтэд хандаж тусламж эрсэн юм. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг бид цувралаар хүргэж байна.

-Охинтой чинь уулзуулахгүй байна. Өмгөөлөгч нар нь уулзаж чадахгүй байна гэх мэдээлэл гараад байх юм. Үнэхээр ар гэрийнхнийг нь хуулийн байгууллагынхан Б.Булгантай уулзуулахгүй байгаа юм уу?

-Миний охин хоригдоод гурван сар, арван хоёр хонож байна. Энэ хугацаанд гэр бүлийн эргэлт ганцхан удаа оруулсан. Булганы дүү, миний хүү Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авч ганц удаа эгчтэйгээ уулзсан. Охиноос минь хоёр удаа мэдүүлэг авахад өмгөөлөгч нар нь байлцсан байдаг. Үүнээс өөр ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарыг нь уулзуулаагүй байгаа.

-Бид зарим эх сурвалжаас биеийн байдал нь тааруу байгаа гэсэн мэдээллийг авсан юм?

-Хүүг минь очиж эргэхэд нүүр нь сэмбийсэн хавантай байсан гэсэн. Одоо биеийн байдал нь ямар байгааг мэдэх юм алга. Охин минь баривчлагдахынхаа өмнө “Цусаар шээгээд байна. Би эмчилгээнд орлоо шүү” гэж утсаар ярьж байсан. Эмчилгээнд орж байх үедээ буюу энэ явдлаас хоёр хоногийн дараа баривчлагдаад явсан. Үүнээс хойш юу болж байгаа бол гэж сэтгэл эмтрэх юм, тайван ч суух арга алга. Хоригдож байгаа ч эмчилгээг нь үргэлжлүүлэн хийж байгаа болов уу. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь хэдий хорих газар ч хүний эрхийг дээдэлдэг гэсэн, охиныг минь тарчлаагаагүй байгаа даа гэж түмэн юм бодож, санаа зовох юм. Миний охин архаг хуучтай, шарлаж байсан, бөөрний архаг үрэвсэлтэй, ходоод нь өвддөг. Үүнийг нь хорихын эмч нар үзэж, хэрэгцээтэй эмчилгээг нь хийж байгаа болов уу, би мэдэхгүй байна.

-Өмгөөлөгч нар нь холбогдох газруудад хүсэлт гаргаж эмчилгээнд хамруулах ёстой. Тэд ямар нэгэн газар энэ талаар албан бичиг болон хүсэлт гаргасан байдаг юм болов уу?

-Өмгөөлөгч нар нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулъя гэсэн хүсэлт гаргасан.Тэр нь бүтэлтэй шийдвэрт хүрэхгүй байгаа. Ер нь охиныг минь маш нууц гэсэн нэрийн дор шалгаж байгаа учир бүх зүйл нь хаалттай байна. Ямар ч эргэлт оруулахгүй.

Ямар ч сонин, сэтгүүл уншуулахгүй. 24 цаг гэрэл нь асаалттай өрөөнд хорьдог гэсэн.

-Та охиноо эргэж очих хүсэлтийг холбогдох хуулийн байгууллагад гаргасан уу?

-Би ямар ч байгууллагад хандаагүй. Учир нь Б.Булган “Ээжийг наашаа явуулах хэрэг байхгүй” гэсэн байсан. Би өөрөө даралт ихтэй. Охиныгоо хоригдсоноос хойш хямарч, ойр ойрхон даралт ихэсч, харавчих гээд байгаа. Тийм болохоор охиноо болон намайг “Энэ газар ирэх хэрэггүй. Сургуульдаа явдаг нь сургуульдаа яваарай. Ажил хийж байгаа нь ажлаа хийх хэрэгтэй. Надад санаа зовох хэрэггүй. Үүнийг би өөрөө л үүрч гарах ёстой. Миний өмнөөс та нар хохирч зовох ёсгүй” гэж хэлүүлсэн юм. Тиймээс би очъё гэж бодоогүй. Намайг яваад очвол охин минь шаналахын нэмэр. Хэн ээжийгээ тийм газар аваачаад ярьж хөөрч суух вэ. Улам л сэтгэлийг нь өвтгөж, би ч өөрөө хямраад сүйд болж магадгүй. Тэгж охиноо давхар зовоогоод яах вэ.

-Ганцхан удаа эргэлт оруулсан гэхээр ариун цэврийн хэрэглэл, хувцсыг нь солихыг зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг үү?

-Гурван сар гаруй хоригдож байна. Хувцсыг нь ядаж солих хэрэгтэй. Ариун цэврийн хэрэглэл, саван, сойз гэх мэт ойр зуурын хэрэглээний зүйлсийг нь өгмөөр байдаг. Харамсалтай нь ганц удаа дүүг нь эргэлтээр оруулахдаа ганц ширхэг чихэр ч оруулаагүй байна лээ. Харин ариун цэврийн ойр зуурын хэрэглэлийг нь оруулсан байсан. Үүний дараа дахин эргэлтээр орох хүсэлт гаргахад “Та нар нэг удаа орсон. Дахиж оруулахгүй” гээд зөвшөөрөөгүй. Иймэрхүү байдалтай л байна. Тэнд охиныг минь яагаад байлгаад байгаа юм бол. Ядаж хувцсыг нь солих зөвшөөрөл өгөхгүй юм.

-Хүүг чинь очиж эргэхэд Б.Булган өөрөө юу гэж ярьж байсан гэнэ. Нууц биш бол хэлж болох уу?

-Дүүгээ очиход Булган ”Намайг энд авчраад анх гаднаас цоожлоод гарахад их эвгүй байсан гэж хэлсэн байсан. Нэг өрөөнд оруулаад цоожилсон юм байна л даа. Түүнээс хойш миний охин хатуужсан юм шиг байна лээ.” Намайг энэ хэрэгтэй холбож 17 жил шалгаж байна. Энэ бүхний үнэн тогтоогдтол бүх хор уршгийг нь би даана аа. Охиныг хичээлд нь явуул. Орой үдэш болгоомжтой яваарай гэж хэлээрэй. Та нар дор бүрнээ ажлаа хий” гэж хэлсэн гэсэн. Ямар учиртай, төөрөгтэй юм,17 жил энэ хэргийг миний охин үүрч явна. Энэ хугацаанд түүнд тусалж, юу болов гэж анхаарч байсан хүн байхгүй. Бид хичнээн олон газар хандсан юм бэ дээ, ямар ч хариу ирээгүй. Бидний хийж чадах ажил бол энд тэнд өргөдөл, хүсэлт гаргах л юм билээ. Харин нэг сонин дээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Б.Булганыг эрүүдэн шүүж, тамласан зүйл байхгүй. Хоригдож буй явцад бага зэрэг алдаа гарсан. Одоо тэр засагдсан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа” гэж гарсан байсан.

-Манай сонин дээр гарсан шүү дээ?

-Тийм байх аа. Энэ нийтлэл гарсны дараа хүүг минь эргэлтээр орохыг зөвшөөрсөн. Огт эргэлтээр оруулаагүй байхад ийм зүйл гарсан болохоор зөвшөөрөл өгсөн байх. Бид эргэлт оруулаагүй гэдгийг нь мэдэж байсан болохоор арга хэмжээ авсан байх гэж боддог юм.

-“Эргэлтийг чөлөөтэй оруулж байгаа”гэсэн утгатай зүйлийг УЕП-ын орлогч прокурор ч тухайн үед орон нутгийн прокуроруудын цугларалт болох үеэр хэлж байсныг ч манай сонин нийтэлж байсан. Тэгэхээр тухайн үед тэдний хэлж байсан үг худлаа байсан болж таарах нь ээ?

-УЕП-ын орлогч “Ар гэрийнхэнтэй нь чөлөөтэй уулзуулж байгаа” гэсэн байсныг олж уншсан. Хэвлэл дээр тэдний яриа гарсны ачаар ганц удаа боловч охинтой минь дүүг нь уулзуулсан шүү. Өдөр тутмын хэвлэл дээр ийм мэдээлэл гарахаар холбогдох газрууд нь арга хэмжээ авсан байх. Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Буруугүй хүнийг ингээд хэл чимээгүй гурван сар хорьж болдог юм уу.

-Төрийн өндөрлөгүүдэд ил захидал ч юм уу, өргөдөл гомдол өгсөн үү?

-Ерөнхийлөгчид хоёр удаа өргөдөл өгсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард найм хоногийн зайтай хоёр удаа өргөдөл өгсөн. Тэрний хариу өнөөдрийг болтол алга. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн. Би өөрийн амьдардаг Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянгад ч өргөдөл өгсөн. Хариу нь ирсэн ч тоймтой зүйл бичээгүй байсан.

-С. Зориг агсны амиа алдсан хэргийг сөхөж байгаа нь удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотой гэж харах хүн байна.Та юу гэж бодож байгаа вэ?

-Тэр сонгууль бидэнд ямар хамаа байна аа. Хүний эрхийг зөрчин байж шоу хийж болдог нийгэмд бид амьдарч байгаа юм уу. Хамгийн аймаар нь Булган гэдэг хүнийг нийгэмд С.Зориг гэдэг хүнийг хөнөөсөн мэтээр арван хэдэн жил бичлээ, харамсалтай байна. Хамгийн гол нь баримттай, нотолгоотой хандах нь чухал. Миний хүргэн хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлж, гэм буруутныг тогтоогоосой гэж Монголын хүн бүр хүсч байгаа. Тэр тусмаа би, манай гэр бүл илүүтэй санаа зовж байдаг. Энэ хэргийг илрүүлэхийн тулд миний охин хоригдсон ч асуудал шийдвэрлэгдэж байгаа бол яахав ээ ч гэж заримдаа бодогддог. Гагцхүү охины минь эрүүл мэндэд хохирол учрах вий гэж би ээж хүний хувьд их санаа зовж байна.

-Ерөнхийлөгчид өргөдөл бичихдээ юу гэж бичсэн бэ?

-Гэр бүлийн түүхээ бичсэн. Би чинь ээжээрээ овоглодог хүн. Долгорсүрэнгийн Байгаль гэж явдаг. Миний аав Тамжав 1937 онд хилс хэргээр цаазлагдсан юм. Ерөнхийлөгчид өргөдөл бичихдээ, “Ардчиллын анхдагч, таны хамтран зүтгэгч, миний хүргэн хүүг хөнөөсөн хэрэгт охиныг минь сэжиглэн олон сар хорилоо. Та ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь тул энэ улсын хүн бүрийн, хүүхэд бүрийн төлөө санаа тавьж явдаг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Ялангуяа ардчилал, хүний эрхийн талаар байнга анхаарч, бусдыг энэ талд анхааруулж байдаг чинь дээрх санааг баталж нотолж байдаг гэж би боддог. Таны хэлж байдаг үг, хийж байдаг үйлсийг чинь би анхааралтай ажиглаж, талархан дэмжиж явдаг. Охин минь Банзрагч овогтой Булган Ардчиллын анхдагч, Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн эхнэр болж зургаан жил аз жаргалтай амьдарч байгаад 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон аймшигт аллагаас хойш цэл залуу эр нөхрөө ёс бусаар алдсан хамгийн уй гашуутай, хамгийн азгүй эмэгтэй болж хувирсан билээ. Түүгээр үл барам охиныг минь 1999 онд сэжиглэн баривчилж хорих ангид хорьж шалгасан бөгөөд гэм буруугүй нь нотлогдсон юм. Гэвч 2015 оны арваннэгдүгээр сард түүнийг ахин баривчилж, шоронд хорьж байна. Энэ хугацаанд өмгөөлөгч нарыг байцаалт авах үед хоёр удаа байлгасан. Миний охин худал хуурмагт дургүй, шулуун шударга зантай, хийсэн ажлаа гүйцэд сайн хийдэг, найз нөхдөдөө үнэнч хүн гэж би боддог. Миний охин буруу зүйл хийх хүн биш гэдгийг би сайн мэднэ. Миний хүргэн С.Зориг нь бид бүхний хайрыг хүлээсэн дэндүү сайн, сайхан хүн байсан. Өвгөн бид хоёрт халамжтай, бид ч түүнд их хайртай байсан нь мэдээжийн хэрэг. Тийм ухаалаг, сайн хүн гэмт хэрэг хийчихээр муу хүнтэй гэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Өмгөөлөгч нар нь хуулийн дагуу уулзах хүсэлт гаргахад уулзуулахгүй, эмчид үзүүлэх санал тавихад үзүүлэхгүй байна. Олон хоног хоригдож байгаа хүнд нэг ч эргэлт оруулдаггүй хууль Монголд үйлчилж байна уу?” гэж бичээд “Би өнөөдөр 80 нас гараад явж байна. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэх цаг нэг их хол биш биз ээ. Амьд байгаа дээрээ төрж өссөн хайрт эх оронд минь шударга ёс, үнэн зөв байдаг гэдгийг үзмээр байна. Манайх удам судраараа улс орныхоо төлөө зүтгэж ирсэн боловч энэ насандаа хангалттай хэлмэгдэж ядарч зүдэрлээ. Та энэхүү хэрэгт онцгой анхаарал хандуулж намайг болон миний охиныг дахин хэлмэгдүүлэхгүй, хэргийг үнэн зөвөөр, хуулийн дагуу шийдвэрлэхэд тус дэм болж өгөхийг гүнээ хүсч байна. Миний охиныг батлан даалтаар гаргах, хэрвээ тийм боломж үнэхээр байхгүй бол эмчид үзүүлэх, эргэлт оруулах тал дээр тусална уу?” хэмээсэн юм.

-Таны хувь хүний түүх анхаарал татлаа?

-Би Д.Сүхбаатар жанжинтай биечлэн уулзаж явсан, жанжны өөрийнхөө цэрэгт элсүүлж авсан шадар туслахуудынх нь нэг, Алтанбулаг, Бүргэдэй харуулын орчим гамин, Бароны цэрэгтэй байлдаж явсан, Нийслэл хүрээг чөлөөлөх байлдаанд шархадсан, Цэргийн яамны санхүүгийн хэлтсийн дарга, 1931 оноос Бүх цэргийн санхүүгийн хэлтсийн даргын алба хашиж байгаад 1937 онд хилс хэргээр цаазлагдаж 1964 оны есдүгээр сарын 10-нд цагаатгагдсан Цэрэндэндэвийн Тамжавын охин, хувьсгалын эсэргүү, ардын дайсны охин гэж дарамтлуулан ээж Долгорсүрэнгийнхээ нэрээр овоглож ирсэн. Арван сартайдаа ааваасаа өнчирч үлдсэн юм. Миний ээж Иш овогтой Долгорсүрэн 1932 оноос хойш улсад 40 гаруй жил хөдөлмөрлөж, үүнээс 30 шахам жил НАХЯ-нд ажилласан. Би өөрөө 40 шахам жил Эх нялхсын эрүүл мэндийн төвд ажилласан эмч хүн.

Үргэлжлэл бий


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүч өсгөх шинэ төхөөрөмжийн талаарх сурвалжлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы
бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт эрчим хүч
өсгөн үржүүлэх шинэ төхөөрөмжний талаар сонирхолтой сурвалжлага бэлтгэжээ.
Энэхүү сонирхолтой сурвалжлагын дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Нийгмийн
үзэл санааны чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар
нүүрт сэтгүүлч Э.Энхболдын “Март-8” олон улсын эмэгтэйчүүдийн баярын талаар
сонирхолтой нийтлэл орсон байна. IV нүүрт уламжлалт ёсоор Хэлэх эрхийн индэр
орсон бөгөөд иргэд үзэл бодлоо илэрхийлжээ. Харин VIII нүүрт Дэлхийн хүмүүс
буланд алдарт “Тоёота”-г үндэслэгч Кимчиро Тоёдагийн тухай нийтлэл багтжээ.
Түүний энэхүү сонирхолтой мэдээллийг та бүхэн “Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаараас унших боломжтой. Түүнчлэн Дархан-Уул хотод суулт зарлаад буй
“Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболдын ярилцлага оржээ. Тэрээр
өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн суулт зарлаад байгаа аж. Учир нь ахмадын орон
сууц барих асуудалтай нь холбоотой гэнэ. Харин энэ удаа “Их хувь заяаны эзэн”
номыг сэтгүүлч Э.Номин-Эрдэнэ та бүхэнд ярьж өгчээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ