Categories
гадаад мэдээ

Пхеньян устөрөгчийн бөмбөг туршжээ

Пхеньян өнөөдөр устөрөгчийн бөмбөгийн анхны туршилтыг амжилттай хийсэн гэдгээ мэдэгдлээ. Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт өнөөдөр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар Хятад, Япон, Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн билээ.

АНУ-ын геологийн судалгааны төвөөс Хойд Солонгосын цагаар өглөөний 10.00 цагт Кильжу хошуунаас баруун хойд зүгт 50 км орчим зайнд газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэсэн байна. Газрын чичирхийлэл 5.1 магнитудын хүчтэй байсан аж. Энэ нь Пүнге-ри цөмийн туршилтын талбайн яг хажууд аж. Ийнхүү олон улсын ажиглагчид Хойд Солонгосыг дөрөв дэх удаагаа цөмийн туршилт явуулсан байж магадгүй гэх сэжиг батлагджээ.

Пхеньян өнгөрсөн арванхоёрдугаар сард устөрөгчийн бөмбөгтэй гэдгээ зарласан билээ. Гэхдээ олон улс Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөг бүтээх чадваргүй хэмээн дүгнэж байсан юм. Пхеньян 2006, 2009 болон 2013 онд газар доор цөмийн туршилт явуулахдаа дээрхтэй ижил мэдэгдэл хийж байжээ.

Үүний зэрэгцээ Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн гэнэ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлснээр Пхеньян өмнө нь арваннэгдүгээр сард мөн шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон аж. Хойд Солонгос 2012 оны арванхоёрдугаар сард алсын тусгалтай пуужин амжилттай хөөргөсөн билээ.

НҮБ-аас Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөх, цөмийн туршилт явуулахыг хориглож, худалдаа эдийн засгийн хориг тавьсан байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцааж авах боломжтой

Их, дээд сургуулийн оюутнууд сугалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцааж авах боломжийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулсан байдаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлжээ. Иргэн та хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд материалаа харьяа дүүргийнхээ татварын албанд бүрдүүлж өгөх ёстой юм.

Сургалтын төлбөрийн буцаан олголт хоёр янз байдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалтайгаар бичиг баримт бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материалын хувьд эхний жил болон дараагийн жил гэдгээрээ ялгаатай юм байна. Эхний жил татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авахад бүрдүүлсэн материал нь дараагийн жилээс багасдаг юм. Буцаан олголтод хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалтыг доорх хүснэгтээс харж болно.

Мөн гадаадын их дээд сургуулийн оюутнууд тухайн орны валютаар төлбөрөө хийсэн тохиолдолд тухайн үеийн валютын ханшаар тооцон буцаан олголтыг өгнө. Төлбөр төлсөн, банкны гуйвуулгын маягтаар баталгаа болгодог гэдгийг санууллаа.

Энэ хөнгөлөлтөд зөвхөн гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их, дээд сургуулийн оюутнууд л хамрагдана. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэл, магистр, докторын зэргийн оюутнуудад энэ хөнгөлөлтийг олгохгүй юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгөх юм байна. Тэрбээр энэ удаа төрийн дээд, одон медаль шагналын тухай хуулийн талаар мэдээлэл өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн багш С.Төгс малын шөрмөсөөр мэс заслын утас хийжээ

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгосын Оюуны өмчийн байгууллага, Монголын Оюуны өмчийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015” уралдаанд ШУТИС-ийн профессор С.Төгс тэргүүн байр эзэлжээ. Эл уралдаанд нийтдээ 40 гаруй бүтээл өрсөлдсөн байна. Тэрбээр “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” бүтээлээр тэргүүн байр эзэлжээ. Ингэхдээ Монгол малын шөрмөсийг ашиглан мэс заслын утас хийсэн байна. Энэ ажил нь одоогоор туршилтын хэмжээнд явж байгаа ч үйлдвэрлэхэд бүрэн бололцоотой гэж үнэлж Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, мөнгөн шагналаар шагнасан аж. Мөн энэхүү уралдаанд ГУУС-ийн дэд профоссор В.Алимаа оролцож шилдэг 10 байранд орсон амжилт үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр суллагдагсдыг сургалтад хамруулжээ

Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар Хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулсан Сайхан амьдрал таны гарт аяныг сарын хугацаанд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд есөн хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэл зүйн сургалтанд, суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтанд хамруулан идэвхижүүлэн чадавхижуулаад байна.

Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн ажил хайж бүртгүүлсэн. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн аваад байна. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Кикбоксчин Н.Бат-Эрдэнэ Гуанжоуд түрүүлжээ

“Мишээл” кикбокс сургалтын төвийн тамирчин Н.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон клубүүдын уулзалт тэмцээнд түрүүлж, шинэ оны гараагаа амжилттай эхлүүлжээ. Түүний мэргэжлийн кикбоксын рингэнд хийх дараагийн тулаан 1 дүгээр сарын 16-нд болох юм. Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн рингэнд 14 тулалдаан хийснээс 10 ялж, дөрөв хожигдоод байгаагаас дөрвөн удаа өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялсан үзүүлэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Гудамж замын халтиргааг багасгах зорилгоор шалгалт хийнэ

Замын халтиргаа гулгааны улмаас унаж бэртэх тохиолдол их байгаа тул бууруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээр шалгалт хийхээр болжээ. Шалгалтыг өнөөдрөөс эхлэн таван хоногийн турш явуулах аж.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээг авч байгаа эсэх, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн байцаагч нарыг ажиллуулж, дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьсан байдал, илрүүлсэн зөрчил, тэдгээрийг арилгуулж, шийдвэрлүүлсэн байдал, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний байгууллагууд нь хариуцсан гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг шуурхай цэвэрлэж, үүссэн халтиргааг арилгасан байдал, орон сууц, гэр хорооллын доторх зам талбайн цас мөсийг арилгах ажлыг хэрхэн гүйцэтгэж буй байдалтай газар дээр нь танилцах юм байна.

Мөн тус ажлын хэсгээс халтиргаа, гулгаа ихтэй, цэвэрлэгээ хангалтгүй байгаа гудамж, талбайн судалгааг дүүрэг, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч байгууллага бүрээр гарган, зурагжуулж баримтжуулах юм. Түүнчлэн цас ихээр орсон үед нийтийн эзэмшлийн талбайн цас мөс цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүн хүч, машин техник, багаж хэрэгслийн хүрэлцээ, бэлэн байдал бүрдсэн эсэхийг шалган тоон судалгаа хийж, үнэлгээ өгч зөрчил дутагдал гаргасан албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд хариуцлага хүлээлгэх талаар нийслэлийн удирдлагад танилцуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дизайнер Д.Эрдэмбилэг “Чингис хаан” машины загварыг зохион бүтээжээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэгийн загварыг нь гаргасан “Чингис хаан” нэр бүхий авто машиныг “Мерседэс бенз” тэргүүтэй гадны машин үйлдвэрлэгч компаниуд ихэд сонирхох болжээ.


Тэрбээр Төв аймгийн Эрдэнэ суманд орших “Чингис хааны морьт” хөшөө, Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог “Гурван цагийн бөхчүүд” Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цом зэрэг бүтээлүүдийг урласан юм. Мөн Монголын хамгийн өндөр бүтээн байгуулалтууд болохоор хэрэгжиж эхэлж буй “Их Майдар” цогцолбор болон “Морин хуур” цамхгийн загварыг гаргасан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Гэрэлчулуун: Хотын амьдралд улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунтай ярилцлаа.

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ. Одоогоор туршилтын маягаар ажиллаж байгаа юм байна. Энэ төвийг Э.Бат-Үүл дарга “Төрийн үйлчилгээний супермаркет” гэж тодотгоод буй?

-Адилтгаж хэлсэн л дээ. Гурван жилийн турш бэлтгэсэн нүсэр ажил шүү дээ. Өнөөдрийн байдлаар энд 21 байгууллагын 400 гаруй үйлчилгээ үзүүлж байна. 400 гаруй үйлчилгээний хүсэлтийг хүлээж авахаас шийдвэрлэх хүртэлх бүх процесс нь яаж явдаг зургийг нь гаргаад, тухайн зургаа программчилсан. Манайхан өргөдөл хүлээж авах юмыг л нэг цэгийн үйлчилгээ гэж хараад байдаг. Энэ бол тийм биш. Та энд ирээд хүсэлтээ өгөөд бүртгүүллээ. Таны асуудал зургаан хүнээр дамжиж шийдвэрлэгдэх байлаа гэхэд зургуулантай нь уулзах гэж цаг авч, үүдэнд нь хүлээж суух хэрэггүй болж байна.

Э.Бат-Үүл дарга яагаад супермаркет гэж хэлэв гэхээр хүлээж аваад тодорхой хэмжээний хураамж авсан л бол тэр асуудлыг нь шийдэх ёстой гэсэн үг. Дэлгүүрт мөнгөө төлсөн бол бараагаа авч байж л салдаг. Төрийн албан хаагчдын үүд сахиж суух асуудал байхгүй боллоо. Тэдний зан аашаас хамаарсан зүйл үгүй болж байна. Энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг ямар ч дарга шийдвэрлэж болохгүй болчихож байгаа юм. Танил хүн дээрээ ороод арын хаалгаар шийдвэрлүүлчихдэг гэдэг асуудал байхгүй болж байна. Энд хүлээж авсан цаг, минут, шийдвэрлэсэн цаг, минут, аль шатанд хэн шийдвэрлэсэн бэ гэдгийн цаг, минут гээд бүх зүйл нь байж байгаа юм. Тэр үүднээс төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, асар том ажлын эхлэл болж байгаа байхгүй юу. Төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа том хувьсгал гэж ойлгож болно.

-Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жил нэлээд шинэлэг, шинэ зүйл нэмэгдэж, хөгжиж байна. Одоо Улаанбаатар метро, Туулын усан сан цогцолбор, Туулын хурдны зам, нийслэлийг хийн түлшээр хангах, экологийн коридор байгуулах гээд олон төсөл яригдаж байгаа?

-Эдгээр бол бүгд бүтээн байгуулалтын том төслүүд. Засаглалын хүрээнд маш олон ажил хийсэн байгаа шүү дээ. Налайх, Багануурыг хот болголоо. Урьд нь дээд байгууллага нь аваад хот байгуулах эсэхийг нь шийддэг байсан. Заримдаа дүүрэг гээд нэрлэчихнэ, заримдаа хот гэчихнэ. Ерөөсөө учраа олдоггүй байсан. Хот гэдэг бол засаг захиргааны нэгж биш. Хот бол хамтран амьдарч байгаа хүмүүсийн олонлог. Тэр коммунити өөрсдөө яаж амьдрах вэ, юу хийх вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Энэ үүднээс хот гэдэг чинь улс төрийн нөлөөлөл байхгүй, хотын амьдралд улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй байхгүй юу.

Яг үүнийг хийхийн тулд бид сая Багануур, Налайхыг хот болгоод Хотын захирагчийг нь сонгосон асуудал бол Улаанбаатар хотод хийгдэж байгаа шинэчлэлийн нэг том утга учир. Өөр чухал асуудал бол иргэний оролцоо. Өмнөх дарга ингэж иргэдтэйгээ ойр ажиллаж байсан юм уу. Би хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Э.Бат-Үүл даргын үйл ажиллагаа, ил тод байдал, шилэн данс энэ бүхэн бол эргээд иргэдээ л мэдээллээр хангах явдал.

Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин гэж хүн бий. Бид зөвлөлдөх санал асуулгынхаа эхнийхийг нь хийсэн, дээр дурдсан бүтээн байгуулалтыг эрэмбэлэх асуудлаар. Иргэддээ эхлээд мэдээллийг нь өгдөг. Тэрнийхээ дараа асуудаг. Тэгэхээр иргэн хүн бодитой, барьцтай, сэтгэл хөдлөлгүйгээр саналаа өгсөн. Миний бодлоор Монголын улс төрийн амьдралд байгаа олон асуудлыг шийдэх нэг арга зам бол зөвлөлдөх санал асуулга мөн гэж үзэж байна.

Засаглалаа сайжруулж, түүнийг иргэд рүүгээ чиглүүлж, иргэдийн оролцоо бодитой болох л юм бол Монгол Улс ардчиллынхаа замаар цааш тогтвортой хөгжих үндэслэл байгаа байхгүй юу. Түүнээс биш нэг даргыг нөгөөгөөр нь солиод ч юм уу, эсвэл сайн хүн гарч ирээд засна гэж байхгүй. Засаглалыг орон нутгийн түвшинд сайжруулах ёстой байхгүй юу. Миний хатуу үнэмшил бол тэр. Сүүлийн үед тийм биш болоод байна. Засгийн газар, Улсын их хурал маань буцаагаад эрх мэдлээ авах гээд байгаа байхгүй юу. Төвийн асуудал хүндрэхээр орон нутгийн төсөв, татварыг нь авах гээд, одоо бүр өмчийг нь авах гэж үзээд байна. Энэ бүхэн чинь асуудлыг шийдэж байгаа биш. Улам хүндрүүлж байгаа байхгүй юу. Улам л ужигруулж байна. Нутгийн өөрөө удирдах чадварыг хэдий чинээ хөгжүүлж чадна, төдий чинээ улс тогтвортой байна. Яагаад гэвэл олон төвтэй болж байна шүү дээ. Нэг нь хөгжиж байхад нөгөөх нь уруудвал түүндээ туслах гээд харилцан бие биенээ нөхнө. Тэгтэл эдийн засаг хүндрэнгүүт нэгтгэх гээд, цөөлөх гээд, хасч танах гээд байгаа нь маш буруу. Тийм учраас Улаанбаатар хотод хийгдэж байгаа засаглалаа шинэчилж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж байгаа ажлын эсрэг талд төр том бодлогоороо эргээд хумих гэж байгаа нь хэцүү.

-Төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэхээр болсон. Энэ асуудал ямар шатандаа явна вэ. Өдийд барилгын ажил нь эхэлчихсэн байх ёстой байсан бил үү?

-Хотын захиргааг тус дүүрэгт шилжүүлэх асуудалд өнгөрсөн хугацаанд маш их ажил хийгдсэн. Газрыг нь чөлөөлчихсөн, ажлын зураг нь хийгдчихсэн, Улсын экспертизээр орчихсон, үнэ өртөгийг нь тохирчихсон. Одоо барилгын ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Хамгийн гол нь гүйцэтгэгчээр орсон Солонгосын компани маань эдийн засаг хүндрэлтэй байна, Монголын эдийн засаг тогтворгүй байна, бид жаахан харзнана гээд цаг алдаад байна. Бид тэдэнд “Та нар ойрын хугацаанд ажилдаа орохгүй бол бид гэрээ цуцлаад дараагийн асуудалд орно” гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл гэрээний дагуу зургаан сар өнгөрчихөөд байгаа юм. Түүнээс биш ажил хийгээгүй биш, хийсэн. Зөндөө ажил хийгдчихсэн байгаа. 50 мянган м/кв талбайтай барилгын бүх ажлын зураг бэлэн болчихсон байна. Барилга барьдаг хүмүүс үүнийг мэднэ. Барилгын хамгийн хэцүү ажлаа ардаа хийчихсэн. Одоо барих л асуудал үлдчихээд байна.

-Та нийслэл хот, Улаанбаатар хот гэдэг бол хоёр өөр ойлголт гэж байсан?

-Тийм шүү дээ.

-Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэж хамтад нь ярьдаг?

-Монгол Улсын нийслэл гээд ард нь Улаанбаатар биш байж болно шүү дээ. Үндсэн хуульд тэгээд биччихсэн байхгүй юу. Гэтэл хэзээ нэгэн цагт нийслэлээ Хархорин руу нүүлгэлээ гэвэл Монгол Улсын нийслэл Хар хорин хот гэж бичнэ. Нийслэл гэдэг бол засаг захиргааны нэгж. Улсын төр засаг төвлөрөн байдаг ийм засаг захиргааны нэгжийг нийслэл гэдэг. Хот гэдэг чинь засаг захиргааны нэгж биш. Хүмүүс төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод та бид хамтран амьдраад, хөгжлийн нэг бодлогоор, нэг ерөнхий төлөвлөгөөгөөр өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулаад л явдаг. Үүнийг л хот гэдэг. Ямар сайндаа хот бол өөрийн дүрэмтэй гэж бид яриад байгаа нь тэр. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Хэрвээ нийслэл өөр хот болчихвол тэнд л уг хууль үйлчилнэ. Нийслэл өөр хот болохгүй гэх баталгаа байна уу.

-Нүүлгэх тухай нэг хэсэг хүчтэй яригдсан?

-Яригдахаар барах уу, сая хүртэл МАН-ынхан Улаанбаатараас нүүцгээе гээд баахан юм ярьсан. Бүр 2003, 2004 оны үед УИХ дээр Ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байсан удаатай. Тийм учраас Улаанбаатар улсын нийслэл байх нь мөнхийн асуудал биш. Гэвч хот гэдгээрээ хэзээ ч байна шүү дээ. Казахстаны нийслэл Алмата байснаа Астана болсон. Гэхдээ Алмата хот байдгаараа л байгаа. Тэр үүднээс хот гэдэг бол бие даасан өөрийн гэсэн удирдлагатай, өөрийн гэсэн бодлого, дүрэмтэй байх ёстой.

Харин энэ хотыг нийслэл болгохын төлөө Улаанбаатар хотод мөнгө өгөх ёстой байхгүй юу, төр засгаас. Гадны орнуудад тэгдэг. Нэмэлт ачаалал бий болгож байгаа учир та нарт улсын төсвөөс мөнгө өгнө гэдэг. Ийм хөрөнгийн дэмжлэг байдаг. Жирийн хотын иргэнд хот нь нийслэл байх ямар ч хэрэггүй. Сайхан эрүүл агаартай, эрүүл хотод, хөрөнгө орлоготой, аюулгүй амьдарч байвал боллоо шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод нийслэл гээд ачаалал өгчихөж байна. Зам харгуйг нь хаагаад, хурал зөвлөгөөн хийгээд харуул хамгаалалт гаргачихдаг. Зарим оронд нийслэлээ болгосон хотдоо төсвийн дэмжлэг үзүүлдэг. Нийслэлийн ачааллыг та нар үүрч байгаа учраас дэмжиж байна гэдэг. Манайд харин өгөх байтугай аваад л байдаг.

-Нийслэл хот маань албан татвартай болсон. Дэлхийн томоохон нийслэлүүд энэ байтугай олон татвартай байдаг гэдэг шүү дээ?

-Үүн дээр шүүмжлэлтэй л юм ярья. Бид 400 орчим сая төгрөгийн зарцуулалт хийгээд 13 тэрбум төгрөгийн татвар хураана гэж тооцсон. Хотын татвараа авахын тулд бүх газруудаа кассын машинтай болгох хэрэгтэй. Гэтэл кассын машин тавих гэнгүүт л кассын машин шахах гэж байна гээд л нэгнийхээ хийж байгаа юмыг нөгөөх нь гутаадаг хандлага асар их байна. Хотын татварын албыг цөөлнө, цомхотгоно ч гэж байх шиг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын өөрийнх нь бие даасан хөгжлөө шийдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхгүй байна. Хэрвээ нэмэгдүүлбэл Улаанбаатар хот бол маш амархан бие дааж, хөл дээрээ босох эдийн засгийн потенциалтай гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харлаа. Зөвхөн 2015 онд гэхэд бид улсын хэмжээнд хөрөнгө оруулалт муутай, хямралтай, төсвийн орлого нэг их наядаар тасарчихсан байхад бүтээн байгуулалтын ажлаа урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр хийсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгосон. Улаанбаатар хот 30 хувийг нь хийгээд компаниуд 70 хувиа гаргаад замаа барьчихлаа. Бид тэр хүмүүсийн мөнгийг энэ ондоо өгнө. Хувийн хэвшлийн хөрөнгийн эх үүсвэрийг хотынхоо хөгжилтэй уялдуулаад татах механизмыг хийчих юм бол манайханд асар их хэмжээний бололцоо байгаа. Ингэж хамтарсан төсөл хийвэл хотын төсвийн нэг төгрөг чинь таван төгрөгийн хөрөнгө оруулалт болж өсч байна. Ийм механизмыг бид маш сайн ашиглаж хөгжих ёстой. Үүнийг хийж чаддаггүй байснаа 2015 онд амжилттай хийлээ.

-Цахимаар газар өмчилдөг болсноос хойш газрын албад авлигын хэрэгт холбогдох нь багассан гэсэн судалгааг үзүүлдэг?

-Заавал нэг Газрын албаны даргыг таньдаг, нэг дүүргийн Засаг даргыг таньдаг байж байж газар авдаг гэсэн хуучин ойлголт өнгөрөөд удаж байна. Одоо тэр цахимаар газар өмчлүүлсэн газрууд руугаа өнөө жил дэд бүтэц татна. Зам тавих гэж байгаа компаниудад замын хоёр талын гучин метрийн өргөнтэй газрыг эдийн засгийн коридор маягаар өгөх гэж байгаа. Тухайн компани замаа өөрсдөө тавиад зам дагуух газартаа худалдаа үйлчилгээний газруудаа бас барина. Тэгээд тэрийгээ зарна. Зам барьсан мөнгөө ингээд л буцаагаад олчихно. Энэ бол хийгдэж байгаа бас нэг шинэ ажил.

-Нийслэл хот дүрэмтэй болчихвол утаа, замын түгжрэл, элдэв ачаалал багасна гэж үздэг?

-Биднээс хамаарахгүй юм их байна аа. Жилд л гэхэд 40, 50 мянган хүнээр механик өсөлт явагдаад байна. Улаанбаатар руу хүмүүс шилжиж ирээд байна. Хүссэн хүн дуртай газраа буугаад яндан зоогоод, хөрс бохирдуулаад суудаг ийм нийслэл дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг хорих гэхээр Үндсэн хуулийг зөрчсөн болчихно. Тэгэхээр хорьж болохгүй болчихдог. За яахав, төвлөрч олуулаа амьдрах сайн талтай байж болно. Гэхдээ тэгж амьдрахын тулд та орон сууцтай байх ёстой, ажлын байртай байх ёстой, утаа гаргахгүй байх ёстой гэдэг шаардлагууд тавьчихмаар байгаа юм. Эдийн засгийн аргыг ингэж гүнзгий хэрэглэхгүй бол Улаанбаатарын асуудлууд шийдэгдэхгүй.

Сүүлийн үед орон сууц борлогдохгүй байна. 20 гаруй мянган орон сууц бэлэн болчихоод байна. Яагаад зарагдахгүй байна гэхээр нөгөө нүүж ирсэн хүмүүс мөнгөгүй. Тэгэхээр мөнгөгүй ирж байгаа хүнийг Улаанбаатар хот руу оруулмааргүй байх ёстой байхгүй юу. 20 мянган орон сууцанд түрээсээр ороод тэгж байгаад аажуухан авчих гэхээр тэгэх боломжгүй. Яагаад гэвэл ажилгүй. Ингэж бид өөрөө өөрсдөө зовлон үүсгэж байгаа юм асар их байна. Тэгээд энэ зовлонгоо төр засгаасаа нуун, нийслэлийн Засаг даргаасаа л нэхээд байдаг.

-Хот руу утаа май хаясан хуучин машин оруулахгүй, ажил төрөлгүй иргэнийг суурьшуулахгүй байя. Ядаж л амьдрах гээд ирвэл ажилд орох гэж байгаа газрынх нь тодорхойлолтыг үндэслэдэг болъё. Утаа гаргахгүй гэдэг ам мөчгийг нь авдаг байя гэдэг олон санал гардаг?

-Хотын дүрэм гээд байгаа чинь наадах чинь. Гуравдугаар сард зөвлөлдөх санал асуулгаар хотын дүрмийг иргэдээрээ хэлэлцүүлнэ. Яг энэ асуудал дээр явуургүй улстөрчид чинь бие биедээ их саад тотгор болж байна. Нэгдүгээр эгнээнд байрлуулсан машиныг ачих ёстой. Бусад оронд ёстой ямбийтал нь торгоод, үг үсэггүй аччихдаг. Тэгж байж л хүн ухаардаг. Манайд яг ингээд эмхэрч эхэлтэл Аюурсайхан гэдэг нөхөр гарч ирээд шүүхэд өгөөд, шүүх нь ч яаж тэгж ойлгодог юм. Тэгээд л энэ асуудал улс төрийн асуудал болоод хувирчихсан. Хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдгээрээ уралдаад эхэлчихсэн. Яг үнэндээ дэг журмын асуудлаар л уралдах ёстой.

Ажлын байрны тодорхойлолттой хүнийг нийслэлд оруулна гэхээр ахынхаа ч юм уу, таньдаг хүнийхээ компаниас жолоочоор ажилладаг гээд хуурамч бичиг аваад ирдэг. Хаягийн тодорхойлолт нэхэхээр хаана ч байдаг юм таньдаг нэг хорооны Засаг даргаар айлын хашаанд амьдардаг гээд тодорхойлуулаад ирдэг. Тэгээд л өөр газарт очиж буугаад газар ухаад, утаа гаргаад суучихдаг. Ингээд энэ ажил чинь явахгүй байгаа юм.

Шинэ он гарч байна, Улаанбаатар хотоо ухаалаг, найрсаг, ногоон, эрүүл аюулгүй хот болгохын төлөө цөмөөрөө олон талаасаа хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг уриалъя. Иргэн таны оролцоо хэрэгтэй. Хотын дүрмийг хэлэлцэх үед иргэн та бүхэн оролцоорой. Улаанбаатар хотыг зочдод ээлтэй, аюулгүй хот болгохын төлөө бодитой өөрчлөлтийг бид хийж чадсан шүү. Өмнө нь жуулчдад ээлгүй, аюултай хотуудын нэгд орчихсон л явж байсан. Тийм болохоор сайхан хотод, сайхан амьдрахын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллая.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөө өглөө хуралдаж Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн өнгөрсөн оны наймдугаар сард өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Үүнээс гадна уг байнгын хорооны хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулахаар тогтлоо.