Categories
мэдээ нийгэм

Охидууд гэрээслэл үлдээгээд байрнаас үсэрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин захын хойд талд байдаг 29 дүгээр байранд нэгэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, 14-15 настай хоёр охин тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байдалтайгаар олдсон гэнэ. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
Гэхдээ одоогоор гэрээслэлд юу гэж бичсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч цагдаагийн байгууллагынхан эл хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийн хүүг тав болгох боломжтой гэв

Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр гаргасан шийдвэрээс улбаалан ипотекийн найман хувийн хүүтэй зээл өнөөдрийн байдлаар зогсонги байдалд ороод байгаа. УИХ-ын дарга орон сууцны зээлийн асуудлыг энэ сардаа багтаан шийдэхээ мэдэгдээд буй. Энэ асуудлаар “Өдрийн сонин” З.Энхболд даргатай дэлгэрэнгүй ярилцлага хийсэн билээ. Тэрбээр “Ипотекийн найман хувийн зээлийг энэ сардаа шийдвэрлэнэ” хэмээн ярилцлагадаа дурсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын ипотекийн корпорацийн /МИК/ гүйцэтгэх захирал Д.Гантөгс нар моргейжийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох боломжгүй. Харин НАЙМАН хувийн хүүг бууруулж ТАВ болгох боломж байгааг хэлэв. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгээ бууруулах нь зээлийн урьдчилгааг бууруулснаас илүү олон хүнийг орон сууцанд оруулах болно” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Эндсэн эх, хүүхдийн шинжилгээний хариу гарлаа

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржихаар
очсон эх хүүхдийнхээ хамт эндсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар
сарын 21-ний өдөр гарсан.

Эл хэрэг гарсны дараа НЭМГ-аас
талийгаачийн задлан шинжилгээний хариу 10 хоногийн дараа гарна
гэж мэдэгдсэн. Харин Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс
хуулийнхаа хүрээнд 21 хоногийн дотор гарна гэж мэдээлж байсан
юм.

Тэгвэл талийгаачийн шинжилгээний хариу удаан хүлээлгэж өнөөдөр гарсан байна. Энэ талаар Шүүх эмнэлгийн дарга
Х.Батбаяр “Одоогоор шинжилгээний хариуг үзүүлэх боломжгүй. Гурван шинжээч,
эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, оны өмнө эх, нярай тус бүр дээр өөр өөр
дүгнэлт гаргасан. Шинжилгээний хариу удсан нь эмч нарын буруутай үйлдлээс
шалтгаалсан учир сайтар нягтлах хэрэг гарсан” гэв.

Харин талийгаачийн ар гэрийнхний
зүгээс эмч нарын 100 хувь буруутай үйлдэлтэй холбоотой учраас Шүүх
эмнэлгийн дүгнэлтийг нарийн танилцуулахгүй, нууцлаад байна гэдгийг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ

Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст тус сумын гуравдугаар багт авто машин шатаж байна гэх мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нар очиход иргэн О өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч баатарлаг үйлс бүтээсэн а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нарт иргэн С.Одбаяр талархснаа илэрхийлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ хөдөлгөөн”-ийг үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирсан хэмээн ҮХЦ үзэв

Үндсэн хуулийн цэцээс “Иргэний хууль болоод Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай” хууль Үндсэн хуультай харшилж байна гэж дүгнэлт гаргасан юм. Ингэснээр барьцааг зохицуулж байсан хууль хүчингүй болж арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл зэрэг барьцаа авч олгодог бүх төрлийн зээлээ зогсоогоод байгаа билээ.

Цэцийн дээрх шийдвэрийг иргэд эсэргүүцэж “Шинэ хөдөлгөөн” байгуулж, тус хөдөлгөөнөөс өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдэд хандаж сонордуулга гарган нийслэлд байрлах гэрлийн шон, мэдээллийн самбар зэрэг газруудад наасан байсан. Тэд тус сонордуулгадаа “Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё. Барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд үндсэн хуулийн цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэсэн байдаг.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс дээрх сонордуулгыг гудамж талбайд байрлуулсан иргэд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийсэн гэж үзэн, зохих арга хэмжээг авахуулахаар холбогдох байгууллагад хандаж байгаагаа мэдэгджээ.

Үндсэн хуулийн цэц мэдэгдэлдээ “2015 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван залууд хүчирхийлүүлсэн эмэгтэй амиа алджээ

Таван залууд зэрлэгээр хүчиндүүлсэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц нь 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө таван залууд хүчиндүүлжээ. Түүний хэт их согтсон байдлыг нь танилцсан залуус ашиглан зэрлэгээр хүчирхийлэн, гаднын биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна. Үүнээс болж Ц-ийн биед хүндээр гэмтжээ. Гэвч залуус түүнийг шөнө авто замын хажууд орхиод явсан аж. Ингээд өнгөрсөн сарын 15-нд түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн байна. Улмаар тус эмнэлгийн Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа хоёр удаа хагалгаанд оржээ.

Шулуун гэдэс болон хэвлийн мэс засал хийлгэсэн ч арванхоёрдугаар сарын 27-нд шархаа даалгүй амиа алдсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны дүнд хохирогчийн нас барсан өдөр тус дуүргийн IX хорооны нутаг дэвсгэрээс сэжигтнүүдийг саатуулан баривчилжээ.

Categories
гадаад мэдээ

Мао Зэдуны хөшөөг шүүмжилжээ

Хятадын Хэнань мужийн нэгэн тосгоныхон нэрт удирдагч асан Мао Зэдуны 36.6 м өндөртэй алтаар бүрсэн хөшөөг босгож байгаа юм байна. Уг хөшөөнд зориулж тухайн орон нутгийнхан 459.300 ам.долларыг зарцуулж байгаа аж.

Тэгвэл энэ хөшөөг Хятадын зарим иргэд болхи хийцтэй, царай нь түүнтэй огтхон ч төсгүй байна хэмээн цахим ертөнцөд шүүмжилж эхэлжээ.“@Xinjiangkank” нэртэй хэрэглэгч “ Энэ хөшөө удирдагч Мао Зэдунтай адилгүй харагдаж байна. Миний бодлоор энэ тосгоны оршин суугчдын нэг л байх” гэж хошигножээ.

Харин зарим хүмүүс тосгоныхон 459.300 ам.доллараар ийм хөшөө босгохын оронд өөр зүйлд зарцуулж болохыг ч дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хэлтсийн даргын нэрийг барьж залилан хийжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлдэж буй нь илэрчээ. Иргэдийг энэхүү хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Залилагч этгээд нь Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгийн сумдаар 2014 оноос эхлэн нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын нэрийг барьж залилан хийжээ. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн гар утасны дугаарыг олж аваад, “Та жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна. Энэ дансаар мөнгө шилжүүлнэ үү” гэж иргэдээс мөнгө авсан тохиолдол удаа дараа гарчээ.

Иймд уг гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн зөрчлийн оноог ирэх сарын 01-нээс эхлэн хасна

Жолоочийн зөрчлийн оноог хасах тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхлэх талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргасан жолооч нараас оноо хасах журмыг 2015 оны наймдугаар сард баталсан. Өөрөөр хэлбэл, жолооч бүр 10 оноотой байх ба нийгэм учруулсан хор уршгаас хамаарч 1-5 хүртэлх оноогоор хасагдах юм.

Ингээд оноо дуусмагц жолоо барих эрхийг хязгаарлах арга хэмжээ авна.Харин зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болох аж.

Тэгвэл эл журам ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ээс хойш зөрчил гаргасан жолооч нарын оноог нөхөж хасах юм байна.Тухайлбал, зам тээврийн осол гаргасан жолооч 5, жолооны үнэмлэхгүй машин баривал 2, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний 1 оноог хасах зэргээр тооцох аж. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ.

Categories
гадаад мэдээ

Кубын цагаачдаас “H1N1” вирусийн халдвар илэрчээ

Панам дахь Кубын цагаачдаас томуугийн А хүрээний “H1N1” вирусийн халдвар илэрч нэг хүн нас баржээ. Коста-Рикагийн хилийн ойролцоо Кубын 1000 орчим цагаач явах газаргүй олон хонож байгаа юм. Кубын 53 настай цагаач эрэгтэй амьсгалын замын өвчнөөр ням гаригт нас барсан нь томуугийн А хүрээний “H1N1” вирус байжээ. Түүнчлэн өөр хоёр цагаачид томуугийн шинж тэмдэг илэрснийг тусгаарлан шинжилгээ хийж байгаа гэнэ. Панамын эрүүл мэндийн яамнаас цагаачдын байрлаж буй газарт ариутгал, цэвэрлэгээ хийж, вакцинд хамруулсан байна.

Кубын цагаачид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нөөс хойш Панамын хил дээр байрлажээ. Түүнчлэн Кубын 8000 орчим цагаач Коста-Рикад байгаа бөгөөд тэднийг АНУ руу нисэх онгоцоор тээвэрлэн авч явахаар төлөвлөж байгаа юм. Төв Америкийн орнуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Кубын цагаачдыг Коста-Рикагаас Эл-Сальвадор руу ойрын өдрүүдэд нисэх онгоцоор тээвэрлэн АНУ-ыг хүрэх аяллыг нь үргэлжлүүлэхээр болжээ. Томуугийн А хүрээний “H1N1” вирусийн халдвараар 2010 оноос хойш олон улсад гарч, 17 мянган хүн нас барсан байна.