Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчдын хувцсыг гардууллаа

Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт “Mizuno” брэндийн шинэ хувцас гардуулан өглөө. Мөн энэ үеэр Үндэсний шигшээ багийн алба англи хэлний “Talk Talk english” төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ өнөөдөрСпортын төв ордын хурлын танхимд боллоо.

Үйл ажиллагааны үеэр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга П.Бат-Эрдэнэ “Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид гадаадад олон тэмцээн уралдаанд оролцдог. Тиймээc гадаад хэлний мэдлэг их чухал байдаг. Энэ дагуу “Talk talk english” сургалтын төвд санал тавьсны дагуу тамирчид болон дасгалжуулагчид хөнгөлттэй үнээр англи хэлний сургалтад хамрагдах бүрэн боломжтой болж байна. Тамирчдын тэмцээнд амжилттай оролцоход материал бааз их чухал байдаг. Тамирчдыг цугларалтад гаргах гээд анхаарал татсан асуудал их байдаг. Үүнд Эрүүл мэнд, спортын яам ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол Японы алдарт “Mizuno” компанийн бэлтгэлийн хувцсыг Үндэсний шигшээ багт гардуулан өглөө. Ингэснээр манай тамирчид илүү их амжилт гаргана гэдэгт найдаж байна.” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Хип хопыг дэлгэрүүлсэн хамтлагууд тайзнаа нэгдэнэ

Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан Хар Тас, Mon Ta Rap, Mr.Doggs болон Татар хамтлагууд эргэн тайзнаа нэгдэн хуучны домог болсон доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч сонсогчдынхоо дурсамжийг сэдрээх гэж байна.

1990-ээд оны сүүл, 2000-аад оны үед залуусыг жинхэнэ утгаар нь доргиож байсан та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болох “Бүрхэг тэнгэр”, “Хар Тас хаа ч явсан сийхгүй”, “Тэнгисийн эрэг дээрх 247”, “Танилцъя охин”, “Охин заяа” болон “Бороо” гэх мэт домог болсон дуунуудаараа энэ үдэш бэлэг барихаар болжээ.

Нэгдүгээр сарын 22-нд “Crocus”-д тоглох Pump-BEATS тоглолтонд Монголын үе үеийн залуусыг доргиож, хип хоп хөгжмийн хэмнэлд байлдан дагуулж байсан хамтлагууд болох Gee, Desant, Gennie, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн MeKh ZahQ, Show girls, Aim4r production, Улаан туг хамтлагууд урилгаар оролцож, хүндэтгэл үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Тасалбарын үнэ 40,000₮ онлайн тасалбарыг www.easyticket.mn мөн 1900-1188 лавлах утсаар захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын лицензийн өргөдлийг дахин хүлээн авна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоосон.

Тэгвэл ирэх долоо хоногийн Даваа гараг буюу нэгдүгээр сарын 11-нээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг дахин эхлүүлэхээр болжээ.

Энэ нь Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн, түүнчлэн экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч өөрчлөлт оруулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж буйтай холбоотой байв.

Уул уурхайн яам энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 9.67 сая гектар талбайг солбицлоор шинээр тогтоож, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан 31 сая гектар талбай бүхий солбицлоос экологийн ач холбогдолтой байгалийн нөөцийн үндэсний парк, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн зэрэг 8 сая гектар талбайн солбицлыг хасаж тогтоосон байна.

Монгол Улсын хилийн зурвас буюу хилийн шугамаас 15 км-ийн бүсэд хуулиар хориглосон,хязгаарласан талбайгаас бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 1.4 сая гектар талбайн солбицлыг ч мөн тогтоожээ.

Ингэсээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах зэрэг чухал ач холбогдолтой аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ипотекийн зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулах нөхцөл бүрдээд байна

Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа банкууд найман хувийн зээлээ зогсоож байгаагаа мэдээлсэн. УИХ-аас нэн даруй энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачилж энэ долоо хоногт багтан өргөн барихаар болсон байна. Түүнчлэн зогсоод буй найман хувийн зээлийг цагаан сарын өмнө үргэлжлүүлэх зорилт тавьснаа хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд болон “МИК”-ийн захирал Д.Гантөгс, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж танилцуулсан юм.

“МИК”-ийн захирал Д.ГантөгсУлаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлвэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тав дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар найман хувийн зээлтэй иргэдийн 35 мянга гаруй нь Улаанбаатар хотол амьдарч байгаа бол 11 мянга гаруй нь хөдөө орон нутгийн иргэд байна. Иргэдийн зээлийн төлөлтийн байдлаас үзвэл иргэд “Өргүй бол баян” зарчмаар зээлийн сарын төлбөрөө нэмж төлж байна. Ойролцоогоор 47 мянган зээлдэгчийн сарын дундаж төлөлтийн хэмжээ 471 мянга орчим төгрөг байгаа” гэв.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ийн мэдээлсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол “Барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ үгийг эргээд санах хэрэгтэй. 2009 оны хууль гарахаас өмнө энэ үг Монгол хэлэнд байгаагүй. Энэ үгийг Чимэд гуай оруулж ирж байсан юм. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг биш л дээ. Яагаад биш гэхээр өмч нь болоогүй учраас. Манайд моргейжийн зээл байгаагүй учраас Deed гэдэг үг байгаагүй. Үүнийг барьцаалбар гэж орчуулсан. Өмч болох хүртлээ банкин дээр хадгалагддаг, банкнаас зөвшөөрөл авдаг хамгийн гол бичиг баримт бол барьцаалбар. Барьцаалбарын загварыг хуулинд нь заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр эндээс бүх юм эхэлсэн. Намайг 2009 онд энэ хуулийн ажлын хэсгийн ахлагч байхад маш олон хүн эсэргүүцсэн юм. Барьцаалбар гэдэг үг байхгүй. Тийм ойлголт байхгүй гээд. Ингээд хуулиа гаргасан. 2012 оны хууль гараад, 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл хэвийн явж байсан. Цэц барьцаалбар гэдгээ ойлгохгүйгээр чөлөөтэй эргэлдэхийг нь зөвшөөрчихсөн. Тэгэхээр барьцаалбар гэдэг чинь өөрөө утгаа алдчихаж байгаа юм. Үндсэн хуулийн цэц барьцаалбар гэдгийг байрны ордер гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Гэтэл барьцаалбар чинь өөрөө өмч болох хүртлээ 20 жил хэрэгтэй. Цэцийн шийдвэрийг буруутгасан нь ийм хохиролтой шийдвэр гаргасанд нь буруутгаад байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн гол суурь багана нь барьцаалбар өөрөө юм. Монгол улсын санхүүгийн систем суурь гэж байдаг. Яг энэ үед ипотекийн зээл суурь нь болчихоод байна. Барьцаалбар нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй чөлөөтэй эргэлтэд ордог улс дэлхий дээр нэг ч байхгүй гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ ипотекийн зээлийг галт тэрэгтэй зүйрлэвэл ардаа чиргүүлтэй галт тэрэг шүү дээ. Барилга угсралт гэхэд л 77 мянган хүн ажилладаг. Үүний араас барилгын материалын салбар гэхэд л 20 мянган ажилтантай, мебелийн үйлдвэр мөн тооны хүмүүс байх жишээтэй. Тэгэхээр дан ганц байранд орох гээд байгаа иргэдийн эрх ашгаас гадна энэ салбарт хамаатай бүхий л хүмүүсийн ажил, амьдралыг зогсоочихож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээл зогсвол иргэн байр авч чадахгүй, байр авахгүй юм чинь барилга угсралт явагдахгүй, барилгын материал худалдагдахгүй, шинэ байранд орсон айл тавилга авахаа болино, мэдээж нэмэгдээд дотоод засал чимэглэл ч байхгүй болно. Ингээд явж байсан галт тэрэг өөрөө гинжин холбоотой гэж үзвэл бүгдийг нь таслачихаж байна гэсэн үг. 2012 онд манай улс барилгын орцын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 60 хувийг үйлдвэрлэж байна.

Угтаа бол барилгын салбар хөл дээрээ босч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа энэ үед бол зээл зогсоно гэдэг асар том эрсдэл. Өнөөдөр 65 мянган өрх шинээр байрандаа орсон бол утаа ор мөргүй алга болохгүй ч гэсэн 65 мянган яндан алга болох байсан. Ипотекийн зээлийн хүү анх 13.8-22.5 хувийн хүүтэй байсан бол Монголбанк зориг гаргаж 8 хувь болгосноор хязгаарлагдмал байсан орон сууцны зээл хамрагдах хүрээгээ тэлж, дундаж давхаргынханд хүрч эхэлсэн. Орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөлийг дахин бүрдүүлэхийн тулд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэлээ.

-УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОХ НЬ ИРГЭДЭД АШИГГҮЙ ХУВИЛБАР-

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар 8 хувийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох тухай асуудлыг ярьсан. Иргэдийн хувьд сонсоход сайхан мэдээ юм шиг боловч нарийн тооцоолоод үзвэл энэ нь эрсдэлтэй хувилбар юм. Учир нь иргэн 10 хувийн урдчилгаа нь бага юм шиг боловч 90 хувийн зээлтэй үлдчихээр сарын орлого нь 1 сая 400 мянгаас 1 сая 800 мянган төгрөг болж өсөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол сард 800 гаруй мянган төгрөг төлдөг болно. Иймээс 30 хувийн урьдчилгаагаар оролдох нь өөрөө иргэдэд хүртээмжтэй байсан боломжийг буцаагаад хумьж эхэлнэ гэсэн үг.

-УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОСНООС 8 ХУВИЙН ХҮҮГ 5 БОЛГОХ НЬ ИРГЭДЭД АШИГТАЙ-

Тэгвэл заавал 30 хувийн урьдчилгаагаар оролдохгүйгээр 8 хувийн хүүг 6 хувь болгоод тооцож үзвэл сард зээлдээ 630 мянган төгрөг төлдөг байсан өрх сард 540 мянган төгрөг төлдөг болж 90 мянган төгрөг хэмнэнэ. Хэмнэсэн хэрэглээгээ гэр бүлийнхээ бусад хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн өөр өөрчилж болох зүйл нь одоогийн 8 хувийн зээлийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгож өөрчилбөл сард 410 мянган төгрөг зээлдээ төлөх боломжтой. Өрх айлууд сарын төлбөртөө санаа зовдог учир үүнийг нь багасгах арга замыг сонгохоос биш сарын төлбөрийг нь өндөр болгоод, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага тавих нь хамрагдах хүрээг улам л багасгана. Мөн инфляцитай уялдуулан 8 хувийг 5 хувь ч болгох боломж бий. Өнөөдөр инфляцийг 7 хувь байна гэж тооцож байсан бол 2.9 хувь гэдэг зээлийн хүүг бууруулах таатай нөхцөл байдал бий болж байгаа юм. Тиймээс энэ бүх боломжийг судалж, хуулиа хурдан санаачлаад, цагаан сараас өмнө эхний ээлжинд 8 хувийн зээлээ үргэлжлүүлэх болно” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта”-г үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан “Ромео, Жульетта” жүжгийг оны өмнөхөн Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин үеийн цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 6,8, 9,12,13, 29-31-нд нийт найман удаа дахин тавигдахаар болсон байна. Тус жүжгийн гол дүр болох Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байгаа бол ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нарын уран бүтээлчид ажиллажээ. Дашрамд дурдахад, сурагчдын амралтанд зориулан 15-30 мянган төгрөгөөр зарагддаг тасалбарыг сурагчид 8000 төгрөгөөр үзэх боломжтой аж.

Categories
мэдээ спорт

“Дакар Ралли-2016”-д Монголоос тамирчид оролцсонгүй

Авто уралдааны “олимп” хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли-2016” уралдаан энэ сарын 2-нд эхэлжээ. Тус тэмцээн Аргентин, Болив улсын нутгийг дамжин нийт 9000 км зам туулах бөгөөд энэ удаагийн Дакар Раллид 60 гаруй улсын 360 орчим тамирчид дөрвөн төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал, мотоцикль 143, дөрвөн дугуйт 46, суудлын автомашин 110, ачааны автомашины төрөлд 55 тамирчин уралдахаар бүртгүүлжээ. Өнгөрсөн жилийн “Дакар Ралли-2015” уралдаанд манай улсаас ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, Д.Жаргалсайхан, Ө.Бямбацогт, мотоциклийн ангилалд ОУХМ Д.Болдбаатар, Ч.Анар нарын тамирчид оролцсоноос Мотоциклийн төрөлд ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар 45-р байрт, спортын мастер Ч.Анар 78-р байрт орж байсан. Харин суудлын автомашины ангилалд уралдсан ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын бүрэлдэхүүнтэй баг 62 дугаар байр эзэлж амжилттай оролцож байсан бол энэ жилийн хувьд манай улсаас баг тамирчид оролцоогүй байна. “Дакар Ралли-2016” уралдааны нээлтийн үеэр суудлын автомашины төрөлд уралдаж буй Мини багийн хятад тамирчин осол гаргасны улмаас 10-аад хүн хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргалаа

Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамба нар оролцлоо.

Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас бэлэн боллоо. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байна. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг шилэн болголоо гэж Ерөнхий Ч.Сайханбилэг хэллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 23 төрлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, татварын шалгалтыг эхний ээлжинд энэ системд оруулсан. Нийт 144 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, 13 мянга 500 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177 мянган обьект бүртгэгдсэн нь энэ систем өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна гэлээ.

www.shilenkhyanalt.gov.mn хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй. Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ. Мөн шалгуулагчид хяналтын үр дүнг оруулна. Хяналт шалгалтын байгууллагын удирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд статистикийн мэдээллийг харах, дүгнэлт хийх боломжтой талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.

Удирдлагууд хяналтын системээр байцаагчдаа хэрхэн ажиллаж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн саналтай танилцана. Зөрчил гарч байгаа обьектуудыг хянаж, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээ, бодлогодоо тусгах боломжтой. Хаана зөрчил гарч, шалгалт давхардаж байна гэдгийг статистик мэдээлэл харуулна гэж Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Статистикийн мэдээ нь хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг харуулах ажээ.

Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ. Байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ сайт болон сайтын үйл ажиллагааг сурталчилж, www.shilenkhyanalt.gov.mn-д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Улаан загалмайн нийгэмлэгийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Харин Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсэг хуралдаж амжаагүй гэх шалтгаанаар хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаан цуцлагдлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан. Гэвч хоёр байнгын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байсаар хуралдаан цуцлагдлаа. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх байсан юм.

Ийнхүү байнгын хороод хоёр дахь өдрөө ирц хүрэхгүй шалтгаанаар хойшилж байна. Өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдаан цуцлагдсан юм.

Categories
гадаад мэдээ

​Жиргээний тэмдэгтийн хязгаарыг нэмэгдүүлнэ гэв

“Twitter” компани хэрэглэгчийн жиргээний 140 тэмдэгтийн хязгаарыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа хэмээн мэдэгджээ.

“Twitter”-ийн нэг жиргээ буюу нэг нийтлэлд багтаах тэмдэгтийн дээд хязгаарыг 10 мянга хүртэл өсгөх магадлалтай гэв

Өөрөөр хэлбэл энэ хэмжээний бичвэр нь 20 минутын ярианы урттай тэнцэнэ гэсэн үг. Урьдчилсан туршилтын үр дүнгээс хамааран энэ хэмжээг 5000 болгон бууруулж магадгүй байгаа аж. “Facebook” нийгмийн сүлжээний нэг нийтлэлийн тэмдэгтийн дээд хязгаар 5000 байдаг. “Twitter-“ийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснийхээ дараа өнгөрсөн наймдугаар сард хэрэглэгч хоорондын мессежийн 140 тэмдэгтийн хязгаарыг арилгасан юм. Түүнчлэн өнгөрсөн сараас эхлэн “Twitter” зарим хэрэглэгчдийн нүүр хуудаст нийтлэлүүд цаг хугацааны дарааллаар бус, ач холбогдлын дарааллаар гаргахыг туршиж байна. 2006 онд “Twitter”-ийн ихэнх хэрэглэгч гар утасны мессеж ашиглан жиргэдэг байсан учраас нэг жиргээний тэмдэгтийн хязгаарыг нэг мессежийн тэмдэгтийн хязгаартай ижил буюу 140 гэж тогтоож байсан юм.