Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол Улсын баатар” цолыг таван жилд нэг удаа олгохоор төсөлд тусгажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө. Төрийн шагналтай холбоотой харилцааг Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж ирсэн бөгөөд энэ асуудлыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Тухайлбал, Төрийн дээд шагнал болох “Монгол Улсын баатар” цолыг 5 жилд 1 удаа нэг хүнд олгож байхаар хуулийн төсөлд тусгажээ. Ерөнхийлөгчийн хийсэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь хүргэх болно.

Categories
гадаад мэдээ

Лос Анжелест онцгой байдал зарлажээ

Лос
Анжелест онцгой байдал зарлажээ. Лос-Анжелес хотын Портер Рэнч дүүрэгт газар
доорхи агуулахаас метаны хий шүүрсэн байна. Агуулахаас шүүрсэн хий маш
хурдацтай агаарт тархаж байгаа аж. Метан нь маш хүчтэй хүлэмжийн хий. Өнгөрсөн
10 дугаар сараас шүүрч эхэлсэн метаны хийн улмаас олон хүн өвдсөн ба өнөөдрийн
байдлаар тус дүүргээс 2000 гаруй айл гэрээ орхин нүүжээ. Метаны шүүрлийг
зогсооход “шаардлагатай бүх арга хэмжээ”-г авах үүргийг Калифорни муж улсын
захирагч өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн гишүүдийн нас маргаан дагуулав

УИХ-ын
нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаан дээр ч багагүй маргаан
өрнөсөн уг хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед мөн л маргаан гарлаа. Хууль
зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн
гишүүдийг тэтгэвэрт нь гаргах гэж байна” хэмээн ундууцаж байсан юм. Тэрээр
энэхүү байр сууриа чуулганы хуралдаан дээр ч илэрхийллээ. Ц.Нямдорж: -Үндсэн
хуулийн Цэцийн гишүүний зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор зөрчдөгийг
болимоор байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг биш Үндсэн хуулийг хамгаалж
хэлж байгаа юм шүү. Мөн Үндсэн хууль тогтвортой байхын тулд Цэцийн гишүүд нь
тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт байнга ялагч байхын тулд хийсэн ажил чинь
өөрийн толгой дээр мөндөр болж буух үе байдаг. АН-ынхан үүнийг сайн бодоорой.
Цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө явуулах гэж байгаа оролдлого чинь эргээд
мөндөр болж бууна шүү. Зургаан жилийн хугацаагаар томилогддог хүмүүс гэж
шүүмжилж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн буруу
биш. Зургаан жилээр томилох тухай Үндсэн хуульд заачихсан байгаа. Х.Тэмүүжин:
-Үнэхээр Үндсэн хуулийн цэцийг улстөржүүлж болохгүй. Хувийн атгаг бодлоор ч
хууль санаачилж болохгүй. Эрх зүйн хөгжлийг Монгол Улсад хөгжүүлэх шаардлага
байгаа юм. Австри, Германы жишгээр хуулийг хөгжүүлэх ёстой. Ц.Нямдорж гишүүн
өөрийн хувийн туршлага дээр тулгуурлаж хэлж байх шиг байна. Хувийн бодлоор энэ
хуулийг санаачлаагүй. ҮХ-ийн шүүхийн дэвшилтэд зүйлийг оруулж ирж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Ц.Ашид хүү шатрын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай тогложээ

Оны
өмнөхөн Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод олон улсын эрэглэлийн
шатарчдын нээлттэй тэмцээн болжээ. “Al Ain Classic – Masters 2015” тэмцээнд
нийт 31 орны 127 шатарчид оролцсоны 65 нь дэлхийн шилдэг буюу супер их
мастерууд байсан байна. Харин манай улсаас ‘”Зууны шатар”’ клубийн тамирчин, 12
настай Ц.Ашид урилгаар оролцож, амжилттай тогложээ. Ц.Ашид хүүгийн зарим өргүүд
тун сонирхолтой болж их мастеруудыг гайхашруулжээ. Тухайлбал, Францын их мастер
Safranska Anda -г хараар тоглон хожжээ. Түүний энэхүү амжилтыг мялааж ОУ-ын
супер Их мастер, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан шатрын
ертөнцийн акулуудын нэг Алексей Широв урмын үгээ хэлж, амжилт хүсэн зөвлөгөө
өгсөн гэнэ. Дашрамд дуулгахад, 2016 оны 4 сарын 5-15-ны хооронд Улаанбаатар
хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах эрхийг Азийн Шатрын Холбоо албан ёсоор баталжээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ

Энэ оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэг шинэчлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсч, санхүүжилтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхээр тогтлоо. Энэ дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгож, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Улаан загалмайн нийгэмлэгийн тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж 83.7 хувиар дэмжлээ. Улмаар 2005 онд батлагдсан Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүдийн 70.5 хувийн саналаар цуцаллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ерөнхий хороо хуралдав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төсөл танилцуулах, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн аймаг, дүүрэг хариуцсан хуваарь, хариуцах ажлын чиглэлийг батлах зэрэг сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.

Мөн ээлжит сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үед хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төслийг дэмжсэн бөгөөд түүнийг Улсын Их Хурлаас сонгуулийн санал авах өдрийг тогтоосон шийдвэр гарсны дараа батлан мөрдөж ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 10.26 цагт 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд болоод байнгын хорооны хуваарьт хуралдаанууд хуралдаагүй. Тэгвэл өнөөдрийн чуулганы хурлаар есөн асуудлыг хэлэлцэнэ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

З.Баясгалан: Эрчим хүчний салбарын шинэ технологиудыг Монголдоо нутагшуулахаар зорьж байна

“Альянс-Тех”
ХХК-ийн ерөнхий захирал З.Баясгалантай ярилцлаа.

-Юуны өмнө танд
баяр хүргэе. Танай компани МҮХАҮТ-ын “ENTREPRENEUR” 2015 шагнал гардуулах ёслолоос
“Эр­чим хүчний шилдэг байгууллага” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж, Эрчим хүчний
яамнаас “2015 оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарсан байна.
Та
компанийхаа тухай эхлээд танилцуулна уу?

-Манай компани эрчим
хүчний салбарт үйл ажиллагаа явуу­лаад арван таван жил болж байна. Бид энэ хугацаанд
салбартаа эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч суурилуулах, шинэ техник технологи
нэвтрүүлэх, эдийн засгийн хэмнэлттэй, эрчим хүчинд дутагдаж байгаа шинэ эх үүсвэрийг
бий болгох тал дээр судалгаа шинжилгээ хийн,
ажиллаж байна.

-Та 2015 онд хийсэн
гол ажлуудынхаа талаар яриач?

-Бид 2015 онд Шинэ
Яармаг хороололд зориулсан 2,4 км урт 600, 700 мм-ийн голчтой дулааны шугамыг барьж
байгуулах ажлыг хийлээ. Энэ ажлыг хийснээр шинээр төлөвлөгдөж байгаа орон сууцны
хороолол бусад барилгуудыг төвлөрсөн ду­лааны эрчим хүчний системд холбон дулаанаар
хангах боломж бүрдэж байна. Мөн Улаанбаатарын IV цахил­гаан станцын хүчин чадлыг
нэмэгдүүлсэнтэй хол­богдуулан энэ нэмэгдсэн хүчин чадлыг хэрэглэгчдэд хүргэхээр
IV цахилгаан станц дотор 1000мм-ийн голчтой 1,3 км шугам, коллектор станц ши­нээр
барих ажил, хуучин коллектор станцыг өргөтгөх багц ажлыг хийсэн.

2016 онд АСЕМ-ийн
уул­залт болохтой холбогдоод манай улс бэлтгэл ажлыг эртнээс хангаж эхэлсэн. Үүний
нэг болох “Их тэнгэр” цогцолборын чиглэлд ду­лааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх
ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг нэмж хийснээр АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл
ажил нэг­дүгээрт хангагдаж байна. Хоёрдугаарт Маршалын гүүр­ний хажуу талын ши­нээр
баригдаж байгаа хороол­луудыг дулаанаар хангах бололцоо боломж нэмэгдсэн. Гуравдугаарт
өмнө нь энэ шугамаас хангагдаж байсан хэрэглэгчдийн найдвартай ажиллагаа, тав тухтай
бай­дал нэмэгдэж байгаа юм. Эдгээр ажлуудыг бид цаг хугацаанд нь чанартай хийн ажиллагаанд
залгаад байна. Бидний хийсэн дээрх ажлуудыг маань үнэлж энэхүү шаг­налыг өгсөн байхаа
гэж бодож байна.

-Сүүлийн үед эрчим
хүч­ний салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт Чингис бондын мөнгөөр хийгдэж байна.
Үүний талаар та ямар санал бодолтой явдаг
вэ?

-Улаанбаатар хотод
хам­гийн тулгамдсан асуудал бол утаа, утааг шийдэх гарц нь Улаанбаатар хотыг орон
сууцжуулах юм. Төр засгаас Чингис бондын хөрөнгөөр дэд бүтцийг бий болгох, хөгжүү­лэхэд
тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Үүнийг зөв зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр орон сууц барихад дэд бүтэц
л хэрэгтэй. Тэгэхээр энэ дэд бүтцийг бий болгоод орон сууц барихад Улаанбаатар хот
утаагүй болно. 1 сая хүний эрүүл мэнд, аж амьдралд таатай нөлөөлнө.

-Таныг сагсанбөмбөгийн
спортыг сонирхдог мөн багтай гэж сонссон юм байна?

-Тиймээ манай
компаний дийлэнх нь залуучууд бөгөөд спортоор байнга хичээллэдэг.Хамт олны
дундаас энэ оны спортын сайчуулыг товч дурьдвал, Ч. Баттөр Монголын
бодьбилдингийн холбооноос зохион байгуулсан “Монголын мистер 2015” тэмцээнд +65
кг жинд мөнгөн медаль, Э.Дөлгөөн Монголын туялзуур сэлэмний “Хотын аварга”
тамирчинаар тодорсон. Мөн манай “Альянс-Тех Харцага” баг нь 2013-2014 оны
Үндэсний супер лигийн “Дэд аварга, 2014-2015 оны Үндэсний супер лигийн аварга
баг болж амжилттай тоглож байна

-Танай компанийн
цаашдын зорилго?

-Манай компани цаашдаа
эрчим хүчний салбарыг хөг­жүүлэх, эрчим хүчний салбарт бий болж байгаа шинэ техник
технологиудыг аль болох Монгол Улсад нутагшуулан, хэвшүүлэхийг зорьж ажиллаж бай­на.
Тийм ч учраас бид 2015 онд Европын эрчим хүчний салбарт тэргүүлэх чанартай бүтээгдэхүүн
нийлүүлэх АВВ компанийн албан ёсны дистрибьютер болон ажиллаж бай­на. Энэ компанийн
то­ног төхөөрөмжийн давуу тал нь хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ анхны үнэ нь
өндөр боловч хөрөнгө оруулалтаа нэгээс хоёр жилдээ нөхөж гурав, дөрөв дэхь жилээс
эхлээд тухайн хэрэглэгчийн эрчим хүчинд зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг хэмнэж,
эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг бий болгож чаддаг. Нэн ялангуяа давтамж хувьсгуур
нь дэлхийд нэг номерт үнэлэгддэг тоног­лол юм. Иймд бид АВВ-ын бүтээгдэхүүнийг эрчим
хүчний салбарт аль болохоор нийлүүлэх зорилготой бай­гаа.

Эрчим хүчний салбарт
том бүтээн байгуулалтад аль болох их оролцохыг хүсч байна. Гэхдээ тендерийн хуулиар
худалдан авалт зо­хицуулагдаж байдаг. Бид тендерт ялаад ажил авсан тохиолдолд өөрийн
компанийн зүгээс хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж, богино хугацаанд хамгийн
чанартайгаар хийж гүйцэтгэх болно.

-2015 онд та бүхэнд
хүнд­рэл, бэрхшээлтэй зүйл байсан уу?

-Эдийн засгийн хувьд
2015 онд бидэнд хүндрэлтэй байсан. Гэхдээ амьдрал ураг­шаа явж байгаа учраас ямар
ч хүндрэл байсан давж туулан урагш явах ёстой гэдэг зарч­маар ажилласан. Энэ онд
томоохон ажлуудыг хийхэд ямар ч компани зээл авч л гүйцэтгэж байна. Манайд арилжааны
банкнуудын зээ­лийн хүү өндөр, олон шал­гуурууд тавьдаг нь бидний ажилд хүндрэл
учруулдаг тал байдаг боловч бид энэ олон жил түншилж ажилласан бан­куудынхаа хамтын
хүч чармайлтаар 2015 онд энэ ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2016 онд ч бид түншүүдтэйгээ
хам­тарч ажиллаж эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулж, өмнөө тавьсан зорилгоо
биелүүлэн улс эх орондоо бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн итгэл найдвартай байна.

-2016 он бол сонгуулийн
жил. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би бол улс төр нэг
их сонирхдог хүн биш л дээ. Гэхдээ нэг үг байдаг даа “Чи улс төрийг сонирхохгүй
бол улс төр чамайг сонирхоно гэж” миний хувьд
аль болох л Монгол улс минь хөгжөөсөй, зөв зүйтэй юм хийгээсэй, гарч ирсэн улс төрийн
хүчин өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн
бодолтой, ард түмний сайн сайхны төлөө юм хийдэг байгаасай л гэж боддог. Тэгэхээр
төрийг хүндэтгэх утгаар зөв үйл ажиллагаа явуулж байгаа аль ч нам, улс төрийн хүчнийг
дэмжиж ажилладаг.

-Бидэнд цаг зав
гаргасан танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Т.ХЭРҮҮГА: “Оны шилдэг улсын их сургууль”-аар ХААИС шалгарлаа

-Эдийн засаг, бизнесийн хөтөлбөрөө олон улсад
магадлан итгэмжлүүлсэн-

ХААИС-ийн
захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгатай
дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. ХААИС олон нийтийн санал
асуулгаар “Оны шилдэг улсын их сургууль”-иар шалгарсан амжилттай шинэ оноо
угтаж байна.

-Шинэ оныг
сайхан амжилтаар угтаж байгаа юм байна. Баяр хүргэе…?

-Баярлалаа. “Best
of Mongolia” цахим санал асуулгын дүнгээр Төрийн өмчийн 16 их сургуулиас “Оны
шилдэг улсын их сургууль”-иар шалгарлаа. Энэ нь манай хамт олон, оюутан залуус,
үе үеийн төгсөгчдийн сургуульдаа өгсөн ү нэлгээ. Энэхүү үнэлгээний цаана том
хариуцлага байгаа.

-Их,
сургуулиудын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд ямар ажил хийж байна вэ. Танай
сургуулийн сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлт гарав?

-2012 оноос дээд
боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиуд бүх
хөтөлбөрөө шинэчилж. 2015 оны 9 сарын 1-нээс шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа
эхэллээ. Манай сургуулийн хувьд 2014 оноос
гурван томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 1.8 сая ам.долларын, “Мал аж ахуй,
мал эмнэлгийн салбарын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх” ЖАИКА-гийн 3 сая
ам.долларын мөн ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй судалгааны төслийг
Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Түүнчлэн Швейцарийн
хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх
хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхэд 1.2 тэрбум
төгрөгийг зарцуулаад байна.

-БСШУЯ-наас
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл”
төслийн хүрээнд судлаачид болон их, дээд сургуулиудад 3.5 тэрбум төгрөгийн
тэтгэлэг олгосон. Танай сургуулиас хэдэн төсөл шалгарсан бэ?

-2015 онд дээд
боловс­ролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг 2011 оныхтой харьцуулахад 20
дахин илүү байна. Энэ хөрөнгө оруулалт их сургуулиудын сургалт, судалгааны
орчныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
БСШУЯ-ны хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд манай
сургуулийн багш, судлаачид 100 хүртэл
сая төгрөгийн 3 төсөл, 28 сая төгрөгийн 11 төсөл хэрэгжүүлэхээр болсон.

-Сургалтын
материаллаг баазаа бэхжүүлэх, судалгааны орчноо сайжруулах чиглэлээр ямар ажил
хийж байгаа вэ?

-2014, 2015
онуудад 24 лаборатори байгуулсан. Судалгааны ажлын чанар, цар хүрээ
нэмэгдсэнээр гадаадын хамтран ажилладаг их сургуулиудтай томоохон судалгааны
төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Судалгааны орчин сайжирснаар сургалтын
чанарт ахиц гарч байна.

-Тэгэхээр
танай сургуулийн лабораториуд хүчин чадал сайтай байх. Сүүлийн үеийн дэвшилтэт
технологийг суурилуулж чадсан уу?

-Эдгээр
лаборатори бүгд хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан.

-Хөдөө аж
ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг гэдэг утгаараа малын эрүүл мэндийг сайжруулахад
хувь нэмэр оруулах судалгааны ажил хэр хийж байна вэ?

-Түрүүчийн
асуултад хариулахдаа хэлсэн дээ. ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй
судалгааны төслийг Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна гэж. Энэ
төслийн зорилго нь малын халдварт өвчнийг оношлох, эмчлэх шинэ технологи
боловсруулах, энэ чиглэлийн судлаачдыг чадавхижуулах, сургалт судалгааны орчныг
бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл
мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт,
судалгааны орчныг бэхжүүлэхээр хийж буй ажлууд маань ч малаа эрүүлжүүлэх, эрүүл
хүнс хэрэглэхтэй холбоотой.

-Гаднын
санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хүрээнд чамгүй ажил хийж байна. Танай сургууль
шинэ мэргэжилтэн бэлтгэж байгаа юу?

-Энэ хичээлийн
жилээс “Санхүүгийн менежмент” хөтөлбөрийг шинээр эхлүүлснээр бакалаварын
хөтөлбөрийн тоо 26 болж, магистр, докторын хөтөлбөрийн тоо ч нэмэгдэж 60
магистрын хөтөлбөр, 40 докторын хөтөлбөрөөр сургалт, судалгааны ажил явагдаж
байна. Ирэх хичээлийн жилээс “Хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн инженер”,
“Зохион бүтээгч инженер” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа
базааж байна.

-Барилгын
инженерийг олон сургууль бэлтгэж байгаа. Яагаад хөдөө аж ахуйн барилгын инженер
гэж онцолсон юм бэ?

-Өнөөдөр аль ч
их, дээд сургууль хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн инженерийн хөтөлбөрөөр
сургалт явуулаагүй байна. Гэтэл хөдөө аж
ахуйн фермерүүд олон болж, тэнд орчин үеийн барилга байгууламжийн хэрэгцээ,
түүний зураг төсөл, тооцоо шийдлээ хүлээгээд байж байна. Хөдөө аж ахуйн барилга
байгууламжийн хийц, тооцоо, зураг төсөл хийх инженер монголд ерөөсөө байхгүй.

-Фермерийн аж
ахуй хөгжүүлэхэд төрөөс анхаарал хандуулна гээд байгаа. Энэ чиглэлийн
мэргэжилтэн хэр бэлтгэж байна вэ?

-Мал аж ахуй,
газар тариалангийн чиглэлээр фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс бодлогоор
дэмжих шаардлагатай. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого,
тариалангийн хууль бусад хууль журамд энэ талаар тусгуулах талаар манай
салбарын эрдэмтэд саналуудаа нэгтгэж
холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн. Тариалангийн газрыг
урт хугацаагаар эзэмшүүлэх, банкны системээр дамжуулж хөнгөлөлтэй зээл олгох,
даатгал гэх мэт олон асуудлууд багтсан байгаа.

-ХААИС цаашид
хэрхэн хөгжих вэ. Олон улсын магадлан итгэмжлэл авахын тулд хэр анхаарч ажиллаж
байна вэ?

-Эдийн засаг,
бизнесийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Энэ жилээс инженер механикийн хөтөлбөрийг
олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байгаа. Малын их эмч бэлтгэдэг хөтөлбөрөө Европын их
сургуулиуд руу явуулж үнэлгээ хийлгэсэн. Цаашдаа бүх хөтөлбөрөө олон улсын
хамгийн шилдэг хөтөлбөрүүдтэй харьцуулах, тэдний бүтэц, чанарт хүргэх зорилго
байна.

-Оюутнуудын
сурлагын чанарыг сайжруулахад танай сургууль ямар ажил хийж байна вэ. Гадаадын
хэчнээн сургуультай хамтарч ажилладаг вэ?

-Нийтдээ 42 орны
160 их сургуультай хамтарч ажилладаг. Энэ хичээлийн жилд шинээр бакалаварын
зэргээр 25, магистр, докторантурт 26 гадаад оюутан элссэн. Ирэх хичээлийн
жилээс бакалаврын зэргээр 200, магистр, докторын сургалтанд 70 орчим оюутан
суралцахаар хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудтай гэрээ байгуулсан. Гадаад оюутны тоо нэмэгдэхийн зэрэгцээ
гадаадын их сургуулиудаас ирж ажиллах багш нар нэмэгдэж байна. Одоогоор
гадаадын 15 профессор ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Чехийн Карлын их
сургуулиас 3 багш урилгаар ажиллуулахаар шийдсэн. Жилдээ 200 оюутан хамтын
ажиллагаатай их сургуулиудад дадлага хийдэг, мөн тийм тооны оюутан гаднаас ирж
манай оюутнууд, багш нартай хамт сургалтын дадлагад оролцож байна.

-Судалгааны
сургууль болно хэмээн зорьж буй сургуулиуд оюутныхаа тоог бууруулдаг юм билээ.
Танай сургуулийн хувьд ямар байна вэ?

-Магистр, докторт
суралцах оюутны тоо нэмэгдсэн. Одоогоор нийт суралцагчдын 28 хувь нь магистр,
докторт суралцдаг. Цаашдаа магистр, докторт суралцагчдын тоо нэмэгдэх байхаа.

-Танай
сургууль шинэ хичээлийн байр, номын сан барьж байгаа гэл үү. Хэзээ ашиглалтад
оруулах вэ?

-Хичээлийн байр,
номын сангаас гадна спорт заал барьж байгаа. Ирэх жил ашиглалтад оруулахаар
төлөвлөсөн, гэхдээ хугацаа их алдаж байна. Улсын төсвөөр барьж байгаа,
санхүүжилтанд асуудал үүсэхгүй бол
хугацаандаа бариад дуусна.

-Хөдөө, орон
нутгаас ирж суралцдаг оюутнууд олон байх. Дотуур байрны хүрэлцээ, хангамж ямар
байдаг вэ?

-Гурван дотуур
байртай. Оюутны нэг дотуур байрыг гадаад оюутны байр болгож тохижуулсан.
Цаашдаа шинээр оюутны хоёр байр барихаар төлөвлөсөн.