Categories
мэдээ нийгэм

“Цахим эрүүл мэнд” төслийн нээлт болов

Өнөөдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт болов. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр өнгөрөгч онд энэ төслийг батлаад байсан юм. Төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болж байгаа юм. Уг ажлын хүрээнд өнгөрөгч оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд насжилт дууссан техникийг шинэчилж, бүрэн хэмжээнд цахимжуулжээ.

Энэхүү төслийн талаар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ: “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой маш чухал төсөл юм. Эрүүл мэндийн салбарын нэгдсэн мэдээллийн санг байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Мэдээллийн нэгдсэн санг байгуулж, эмнэлэг эмийн сангуудыг хооронд нь холбож цахимжуулснаар иргэд эмчийн өрөөний үүдэнд дугаарлаж цаг алдах, жоргүй эм олгох, эмийн замбараагүй хэрэглээг хянах цаашлаад бүр мөсөн арилгах гээд олон давуу тал бий.

Төсөл бүрэн хэрэгжиж дуусахад манай улсын эмнэлгийн үйлчилгээ тусламж дэлхийн түвшинд хүрнэ. Мөн хоёрдагч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг болон улсын бусад эмнэлэг багтаж байгаа юм. Эхний ээлжинд Улсын төв нэгдүгээр эмнэлгийг бүрэн цахимжуулж дууслаа. Бүх эмнэлэг цахимжаад ирэхээр эмч нар эмийн жорыг цахимаар өгдөг болно.

Иргэн зөвхөн эмчийн бичсэн цахим жороор үйлчлүүлэх учир эмийн сангуудыг мөн энэ мэдээллийн системд нэгтгэх болсон. Ингэснээр дур мэдэн эм хэрэглэдэг эмийн замбараагүй хэрэглээг багасгах юм” гэв.

Categories
мэдээ улс-төр

Арбитрын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монголын Улаан Згалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгасан хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асууж тодруулсаны дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжин хуулийг баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оны Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль (цаашид “Загвар хууль” гэх)–д нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэлээ.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолжээ.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах аж.

Мөн уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын загвар хуульд нийцүүлэн шинэчлэн баталснаар Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж байгаа тул өндөр түвшний арбитрчдийг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг гадаадын арбитрын байгууллагад бус дотоодын арбитраар шийдэгддэг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах гэсэн саналыг тус тус гаргаж байсан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулгадаа дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Н.Энхболд, С.Дэмбэрэл асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хархорин”, “Макс” захуудад хонины мах хямд байна

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлаас хууль бусаар зорчигч тээвэрлэвэл хариуцлага тооцно

Нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн ЗЦГ-тай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ.

Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“LG”-ийн бүтээсэн хуйлдаг дэлгэц

Технологийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНСУ-ын “LG” компани 18 инчийн хуйлдаг дэлгэц бүтээсэн байна. “LG”, “Samsung” тэргүүтэй технологийн компаниуд хуйлдаг, нугалдаг дэлгэцийн конпенц танилцуулж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл яг ийм дэлгэц бүхий төхөөрөмж худалдаанд гаргаагүй юм. Цаас шиг хуйлж болох уг дэлгэцийг “Consumer electronic show” үзэсгэлэнгийн үеэр дэлхий нийтэд танилцуулах юм. Мөн үүнээс гадна “LG” компани технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүд болох 65 болон 77 инчийн хэмжээтэй 4к нягтрал бүхий OLED зурагт, цаас мэт нимгэн 55 инчийн OLED концепц зэргээ танилцуулах ажээ. 4к нь дүрсийг HD-гээс дөрөв дахин чанартай дамжуулдгийг илэрхийлсэн үзүүлэлт гэнэ. Ийм дэлгэц бүтээхийн тулд “LG” компани 900 сая ам.доллараар уян дэлгэцийн үйлдвэрийг тусгайлан байгуулжээ. OLED зурагт LCD, LED зурагт дэлгэрээд байгаатай адил айл бүрийн хэрэглээ болтол хамгийн багадаа таван жилийн хугацаа хэрэгтэй гэж “LG” компанийн захирал хэлжээ. “LG” –н 65 инчийн OLED зурагт Өмнөд Солонгост 12 сая вон буюу 11 мянган ам.долларын үнэлгээтэй байгаа аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone”-ын үйлдвэрлэлийн хэмжээг 30 хувиар бууруулна

Америкийн “Apple” компани “iPhone” ухаалаг утасны шинэ загвар болох “iPhone 6s” болон “iPhone 6s plus”-н үйлдвэрлэлээ анх төлөвлөж байснаас 30 хувиар бууруулахаар болжээ. “Apple” компани шинэ загваруудынхаа үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх загварын үйлдвэрлэсэн тоотой адил байлгахаар төлөвлөж байгаа аж. Дэлхий даяар борлуулалт буурсантай холбоотойгоор ухаалаг гар утас зах зээлд олон тоогоор хуримтлагдсан байна.

“Apple” компанийнхан “IPhone 6s” болон “IPhone 6s plus”-н үйлдвэрлэлийг бууруулснаар өмнөх загваруудыг борлуулах боломжтой болно гэж үзэж байгаа аж. Энэ шийдвэр нь тус компанид ухаалаг гар утасны төхөөрөмжүүд нийлүүлдэг Япон болон БНСУ-ын компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим газраар бага зэргийн цас орно

Маргаашаас нэгдүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 9-нд баруун болон говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын орчмоор, Дарьгангын талаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Харин Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-26 см цастай байгаа бөгөөд он гарсаар хүйтэрч өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Бэлтэс, Тэс, Үүр, Идэрийн голуудын сав газраар 32-40 градус, бусад нутгаар 20-30 градусын хүйтэн хоножээ.

Мөн өнгөрсөн шөнө Цагааннуурт 0,0 мм цас орсон бөгөөд хамгийн их цас Цагаан-Үүрт 26 см, Эрдэнэбулганд 13 см, Цэцэрлэгт 12 см, Жаргалантад 11 см, Чандман-Өндөрт 10 см-ын цастай байна.

Одоогийн байдлаар өвөлжилт хэвийн хүндрээгүй байгаа боловч цас нэмж орж хүйтэрвэл өвөлжилт хүндрэх, нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Долоон түмэн настай довон хар бөх” туулийг хайлна

2009 онд ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан монгол туулийг сэргээж, язгуур зан үйлийн байдлаар нь уламжлуулахаар Богд хааны ордон музейд 2014 оны есдүгээр сард Хаан туульсын өргөө нээгдсэн билээ. Энд жилд хоёр удаа тууль хайлдгийн нэгийг ирэх бямба гаригт буюу билгийн тооллын өвлийн дунд сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, “Долоон түмэн настай довон хар бөх” догшин туулийг Жилкерийн удмын ес дэх үеийн туульч А.Балдандорж бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Өвөл мал хотолж, бүрэнхий болох үед хайлж эхэлдэг уг туулийг 11.00 цагт эхлүүлэх гэж буй учрыг А.Балдандорж тайлбарлахдаа “Хэл ам, үхэл зовлон, гай барцад өвчин гээд хар буруу бүхнийг засдаг бэлгэдэлтэй уг баатарлаг туульсыг тасралтгүй хайлбал 24 цаг үргэлжилдэг. Хэрвээ үдээс хойш хайлбал ирсэн зочид хоёр өдөр зарцуулах тул зан үйлийг бага зэрэг гажуудууллаа” гэжээ.

Туулийн завсарлагаа бүрийн дараа хайлсан хэсгийн тухай тайлбарлаж, баруун монгол ардын бий бийлгээ, морин хуур, икэлийн татлага, цуур, хөөмэй толилуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мянган тэмээ уралдуулж, “Гиннес”-т бүртгүүлнэ

Төв цэнгэлдэхэд 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий биелгээгээ “Гиннес”-т бүртгүүлсэн монголчууд тэмээн сүргээ дэлхийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр зэхэж байна. Тодруулбал, “Монгол тэмээ 999” тэмээний уралдааныг гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулахаар болжээ. Тус аймгийн Баян-Овоо сумын засаг даргын санаачилгаар зохион байгуулах гэж буй энэ уралдаанд аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцох аж. Тэмээ өсгөн үржүүлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд ч уралдаанд оролцох боломжтой гэнэ. Саяхан, ингэнд ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэсэн.

Тэгвэл удахгүй 1000 тэмээний уралдаан хийж, хоёр бөхт тэмээг “Гиннес”-т бүртгүүлэх нь ээ.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг 21 хоногоор хойшлуулахаар болжээ

Үндсэн
хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өнөөдөр Шүүх байгуулах тухай хууль
Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч, уг асуудлыг
хэлэлцэхийг 21 хоногоор хойшлуулах магадлал гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн их
суудлын хуралдаан өглөө 09:40 цагт эхэлсэн ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны
дарга Д.Ганбатын хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэхээр түр
завсарласан байна. Ингээд цэцийн гишүүд гурван цаг гаруйн хугацаанд
зөвлөлдсөний эцэст хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэжээ.