Categories
мэдээ нийгэм

Улаан буудайн асуудлыг АТГ-аар шалгуулна

Өнгөрсөн
жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилан
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орж, талх, боорцог, гоймонгоо
үйлдвэрлэж чадахгүй шахам болж байсан. Тиймээс ч салбарын яамандаа хандаж
импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч, дотоодод буудайн хомсдлоос үүдэж
гурилын үнэ өссөн нь алдагдалтай ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учирласан
байдаг. Энэ ч үүднээс 2016 онд 40300 тонн улаан буудайн гурилыг импортлохоор
болж 65 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон юм. Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн
ихэнх нь дотоодын үйлдвэрлэгч биш, дээрээс нь гурил дамлан зардаг газрууд
хэмээн “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хүнсчдийн холбоо”-ны зүгээс мэдээлсэн.
Улмаар ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нарыг Авлигатай
тэмцэх газарт /АТГ/ шалгуулна хэмээн мэдэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

Чихэрлэг ундааны онцгой татвар үр дүнгээ өгчээ

Мексик улс ундаа, шүүсэнд 10 хувийн онцгой татвар ноогдуулсан нь худалдан авагчдын сонголтод нөлөөлж буйг судалгаа харуулжээ.

Тус улсын иргэдийн дунд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэж буйгаас өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард чихэртэй ундаа шүүсний нэг литр тутамд нэг песогийн онцгой татвар ноогдуулсан аж. Үүний адилаар АНУ-ын Калифорни мужийн Бэркли хотод 2015 оны гуравдугаар сард чихэртэй ундаанд онцгой татвар ноогдуулсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан юм. Харин Мексикт чихэртэй ундаанд онцгой татвар ноогдуулснаас хойш нэг жилийн хугацаанд энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа эрс буурсан үзүүлэлт гарчээ. Судалгааны дүнгээс харахад чихэрлэг төрлийн ундаа, шүүсний худалдаа зургаан хувиар буурч, бусад төрлийн татваргүй ундааны худалдаа дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Мексикт чихэрлэг ундаанд онцгой татвар ноогдуулснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа тасралтгүй буурч, өнгөрсөн арванхоёрдугаар сард 12 хувь болтол унасан байна.

Энэ судалгааны дүнг гаргахдаа татвар ноогдуулахаас өмнөх болон дараах үеийн чихэрлэг ундааны худалдааг харьцуулжээ. Судалгаанаас харахад 2014 онд нэг мексик хэрэглэгч дунджаар дөрвөн литр чихэрлэг ундаанд онцгой татвар төлсөн байна. Нөгөө талаар чихэрлэг ундааны худалдан авалт буурсан нь орлого багатай өрхүүдэд сайнаар нөлөөлсөн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс хойших хуралдаан эхлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд УИХ-аас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж санхүүжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон бүтэцтэй байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, зардал хэмнэх зарчим баримтлан 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан.

2016 оны төсвийн тухай хуулиар 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс Үндэсний статистикийн хороог татан буулгаж чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ уналаа

Лхагва гаригийн арилжаагаар дэлхий даяар түүхий эдийн үнэ ба хувьцааны үнэ уналаа.Хятадын Ардын банк юанийн ханшаа дахин сулруулсны дараа биржийн үнэ 2011 оны дөрөвдүгээр сараас хойш гэнэтийн бага төвшинг харуулав. Brent нефтийн үнэ таван хувиар унан 2004 оноос хойш анх удаагаа баррель нь 35 ам.доллараас доогуур зарагдсан байна. Москвагийн бирж дээр доллар түр зуур өсөн нэг нь 75,1 рублиэр зарагдаж, шинэ дээд үзүүлэлтийг харуулжээ.

Шинэ оны эхний өдрүүдэд зах зээл донсолгоотой, даяарчлалын санхүүгийн үргэлжилсэн хямралд оруулах аюулыг дагуулж байна. Анхны донсолгоо Хятадад тохиожээ. Нэгдүгээр сарын 4-нд амсан Shanghai Composite индексийг долоон хувиар унасны дараа тус орны томоохонд тооцогдох Шанхайн биржийн арилжааг автоматаар хаасан юм.

Үүнтэй зэрэгцээд 2016 оны арилжааны эхний өдөрт АНУ, Европын хөрөнгийн үзүүлэлтүүд 2,5-2,6 хувиар уналаа. Агуу депрессийн гэх 1932 оны эхний өдрийн арилжаа 2,8 хувийн уналтыг харуулж байсан түүхтэй.

Арилжааны зургаа дахь өдөр нефтийн зах зээлийн байдал хурцадлаа. Нэгдүгээр сарын 6-ны лхагва гаригт нефтийн үнэ 2004 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрлээ. Саудын Араб хамсаатнуудынхаа хамт Ирантай харилцаагаа муутгасны дараа нефтийн зах зээлд нефть экспортлогчдын хамтрах боломжийг буурууллаа. Гэсэн Brent нефтийн баррелийн үнэ $34,5 төвшинд очжээ.

Хөгжиж буй зах зээлийн үнэт цаасны үнэ зургаан жилийн доод хэмжээнд очлоо. Зэрэгцээд үндэсний валютууд Emerging-market доллартай харьцуулахад суларлаа. Мөн Европын хувьцааны худалдаа уналтаа үргэлжлүүлэв. FTSE-100 индекс хувиар, DAX 30 индекс 1,8 хувиар тус тус буурав.

Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын наадамд түрүүлбэл 1.5 сая төгрөгөөр шагнана

Бүх ард түмний спартикиад XIV их наадмыг энэ онд болох нь. Энэхүү наадмын гол зорилго нь биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм. Тус наадам 2016 оны 1 сараас 9 сарын хугацаанд орон даяар өвлийн 2 төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион байгуулагдахаар боллоо.

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг

Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин 1.5 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 800 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналыг олгох аж.

Дашрамд сонирхуулахад, Монголын бүх ард түмний спортын анхдугаар наадам 1961 онд зохион байгуулагдсанаас хойш эдүгээ 14 дэх наадмаа хийх гэж байна.

Categories
мэдээ спорт

Зэвсэгт хүчний тамирчид өвлийн спортоор өрсөлдөнө

Зэвсэгт хүчний тамирчид Цэрэг спортын өвлийн олон төрөлт тэмцээндээ бэлдэж эхэллээ. Тэмцээн энэ сарын 11-17-ны өдрүүдэд болохоор товлоод байгаа юм. Одоогоор Зэвсэгт хүчний Цаны баазад Зэвсэгт хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчид бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, цаны гүйлтийн гэсэн төрлүүдээр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. Энэхүү тэмцээн нь жил бүрийн Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогддог бүх төрлийн тэмцээний салхийг хагалдагаараа онцлогтой.

Categories
мэдээ улс-төр

Тавин сум зудтай, 120 сум зудархуу байна гэв

Өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд бөгөөд Ц.Оюунбаатар оролцлоо.

Тэрээр эхлээд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжинө. Манай орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, 15 аймгийн 50 суманд цасан зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу байна. Малчдад улсын нөөцийн өвснөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг дуулгав.

Засгийн газрын шинэ оны анхны хуралдаанаар 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлаж, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайдад үүрэг болгосон. Энэ талаар ярихдаа “Нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн бөгөөд хуулийн төслүүдийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барина” гэлээ.

Мөн Эрүүл мэнд, спортын яамны тухайд өнгөрсөн онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Нялх балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хууийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулсан.

Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болсон. Эхийн болон тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг мэдээллийг Ц.Оюунбаатар сайд өглөө.

Categories
мэдээ нийгэм

“МИ-8”-ын ослоор амь үрэгдсэн ахмадын ар гэрт тусламж үзүүлнэ

Өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийн Гордокт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, оройн 20.00 цагийн үед МИ-8 онгоц сургуулилтын нислэгийн үеэр осолдсон бөгөөд улмаар албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан. Харин хамт явсан 10 албан хаагч гэмтэж Батлан хамгаалах салбарын албан хаагчдын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм.

Батлан хамгаалах яамнаас амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд байр өгөх талаар хэлэлцэж байгаа гэж зарим эх сурвалж өгүүлж буй юм. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ. Гэхдээ ямар тусламж үзүүлэх нь тодорхойгүй байгаа” гэв. Амиа алдсан талийгаач ахмад Б нь зэвсэгт хүчинд 17 жил ажилласан байдаг.

Ослын улмаас гэмтсэн 10 албан хаагчийн тавынх нь биеийн байдал сайжирч эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олголоо

Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 319 дүгээр тушаал сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хурлыг үндэслэн А-467 тоот тушаалыг баталсан.

Энэ онд нийт 40,300 тонн улаан буудай гурил импортлохоос

  • 28,500 тонн дээд,
  • 10,500 тонн нэгдүгээр,
  • 1,000 тонн хоёрдугаар гурилынх,
  • меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар заасан.

Ингэхдээ тодорхой үе шаттайгаар, хуульд заасан дүрэм журмын дагуу хүсэлт ирүүлсэн байгууллагуудыг шалгаж нягталсны үндсэн дээр зөвшөөрөл олгожээ.

Энэ онд улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 78 аж ахуй нэгж хүсэлт ирүүлсэн. Өмнөх онуудад зөвхөн 10 гаруй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил 65 компанид гурилын хэмжээг тогтоож зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрөл олгохдоо Хүнсний тухай хууль болон холбогдох журамд зааснаар “Ажлын хэсэг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүү болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох зөвшөөрлийн багцын дээд хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн хүчин чадал, үйлчилгээний хүртээмж гэх мэт тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан үзэж зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталж таван хүнсний чиглэлийн үйлдвэр хүсэлт гаргасныг харгалзан үзэж гурил импортлох хүсэлтийг давуулан олгосон байна.

Мөн дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүдэд гурил нийлүүлэгч “Алейка”, “Өег” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус бүр 7,000 тонн гурил импортоор оруулж ирэх зөвшөөрлийг өгсөн. Учир нь эдгээр компаниуд нь импортоор оруулж ирсэн гурилынхаа 80 гаруй хувийг дотоодын хүнсний жижиг үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд үлдсэн хувийг зах зээлд борлуулдаг юм. Тодруулбал, “Өег” компанийн хувьд 40 аж ахуй нэгжид импортын буудайгаа нийлүүлдэг. “Алейка импекс” компани 20 орчим аж ахуй нэгжид нийлүүлдэг байна.

Дашрамд дурдахад, импортоор гурил оруулж ирснээр дотоодын гурилын хэрэгцээг хангахад мөн гурилын үнийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” ирэх сард болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ сарын 9-нд, “Болор цом” ирэх сарын 2-нд болох тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж буй “Алтан өд” наадмын бүртгэл эхлээд удаагүй ч одоогоор 100 зохиолч бутээлээ сойгоод буй гэнэ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болох юм.