Categories
мэдээ нийгэм

“Шангри Ла”-гийн барилга дээр ажиллаж байсан ажилчид нь угаартжээ

Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын хажуугийн “Шангри-Ла төв”-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, Хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна.

Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн нь угаартсан гэх эх сурвалж мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Байгалийн антибиотик цангис

Кранберрис гэдэг жимс бий. Монголоор бол цангис. Цангис гэдэг энэ жимсийг байгалийн гаралтай хүчтэй антибиотик болохыг тогтоосон байдаг. Хүний биед байгаа хорт бодис буюу антиоксидантыг гадагшлуулах тал дээр бусад ямар ч жимсийг дагуулахгүй. Эмийн чиглэлээр тэргүүлэгч орнуудын эрдэмтэд энэ жимс нь эмийг орлох шидтэй бөгөөд бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд түлхүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг нотолчихсон. Тодорхой судалгааны дараа цангисын шүүс нь биед удаан хугацааны туршид шингэсэн хорыг гадагшлуулдаг өндөр чадвартай гэдгийг нь бүрэн батлаад байгаа аж.

Цангис нь шээсний замын үрэвсэлт өвчнийг үүсгэгч нянд үржих боломж өгдөггүй. Тэр хэрээрээ үрэвслийг богино хугацаанд устгаж, биеийг сэргээдэг. Е витаминаас дор хаяж 30 дахин хүчтэй гэж байгаа. Мөн химийн гаралтай эм хэрэглэх үед ямар нэгэн дагалдах нөлөө үзүүлэхгүй, хоргүйжүүжүүлэх чадалтай тул хөгшрөлт болон хорт хавдраас ч сэргийлэх боломжтой. Тиймээс энэ жимсийг хэрэглэж байхад огтхон ч буруудахгүй.

Дашрамд нь дурдахад нүд доогуураа хөхрөөд байвал мэдээж ядарсных. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалтай шууд холбоотой. Голдуухан оюуны хөдөлмөр эрхлэгчид, нэг дор удаан сууж дэлгэц ширтдэг ажилтай хүмүүсийн нүд хөхөрдөг. Тиймээс хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болно. Бас бүлээн усаар норгосон алчуурыг нүдэн дээрээ тавьж болох юм. Ингэж 10-15 минут болсны дараа нүд амарсан нь танд илт мэдэгдэнэ. Мөн хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарах нь чухал.

Ингэх нь нүдний ухархай, дээд, доод зовхины цусан хангамжийг сайжруулахад тун хэрэгтэй.

Мэдээж цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрсөн нь бага багаар арилна.

Categories
мэдээ улс-төр

ТБ-ын байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд болно.

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар ийм асуудал хэлэлцэнэ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДАРАА:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас:

1. Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

3. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай;

  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

4. Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

14.00 цагаас:

1. Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

2. Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

3. “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

4. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

5. “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

6. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

7. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

9. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

10. “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

11. Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний баяраа түүртэж биш өөрсдөдөө сайхан болгож тэмдэглэе

Монголчуудын хэдэн зууны турш тэмдэглэж ирсэн уламжлалт баярууд бол цагаан сар, наадам. Цагаан сар хаяанд ирж идэр дөрвөн есийн хүйтэнд бууз, ууц, ул боов, бэлэг сэлт зэхсэн хүмүүс худалдааны төвүүдээр дүүрэн. Хүйтнийг хүйтэн гэлгүйгээр ёстой л бужигнаж байна. Хэзээнээсээ уламжлагдан ирсэн энэ баяраа Монголчууд тэмдэглэх ёстой. Нэг хэсэг сар шинийн баярыг айл хэсч, бэлэг аван, бууз иддэг баяр гэсэн ойлголт түгээмэл байсан бол өнөөдөр хүмүүсийн сэтгэхүй арай өөр болсон. Улс төрийн хүрээнийхэн нам эвсэл гэлгүй аль ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золгож, тоотой хэд харагддаг захирал, дарга нартайгаа заавал ажил биш ахуй амьдралаас эхлээд сэтгэл зүрхний угаас ярилцдаг тийм сайхан баяр юм. Монгол үндэсний өв соёлыг тээж, эрхэм нандан ёс жудгаар учран золгодог баяр хэмээн ихэнх хүмүүс тодорхойлдог. Ойрд уулзалдаагүй ах дүүс, ураг саднаараа учран золгож, элэг дэвтээж хэдэн өдрийг өнгөрүүлдэг. Дайсан цэрэг гэж нуруугаа харуулалгүй, ах дүүсээрээ учран золгодгоороо өдөр бүр шахам тэмдэглэдэг бусад баяраас үнэ цэнтэй.

Хуучин цагт цагаан сарыг устгахаар малчдын баяр болгосон ч малчид гэлтгүй хотынхон нь хүртэл нууцаар тэмдэглэж ирсэн. Энэ баярыг устгаж дийлэхгүй болохоороо улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон тухай бага ангийн сурагч байхад ангийн багш маань сонин байх гэдэг үднээс бидэнд ярьж өгдөг байлаа.

Цагаан сарыг нүүдэлчин хэв маягийг хадгалж ирсэн баяр хэмээн тэмдэглэх нь олонтаа. Гэвч бид суурин иргэншилд шилжээд багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа ч үүндээ дасан зохицон баярлаж байгаа бил үү гэдэг асуулт өнөөдөр ч асуултын тэмдэгтэй хэвээр байна. Нэгэнт бид суурин иргэншлийг сонгосон тул цагаан сарын баярыг ч гэсэн арай өөрөөр тэмдэглэх ёстой санагддаг юм. Тухайлбал, тавгийн идээ засдаг ул боов, ууцнаас эхлээд ярих зүйл бий. Өнөөдөр хэвийн боов, ууцны өөхийг иддэг хүнгүй болсон гэхэд гайхаад байх зүйлгүй. Тос, гурил, элсэн чихэр хольж хийсэн ул боовыг идэхээ больсныг ноднингийн цагаан сарын дараа хогийн цэг дээр хэдэн зуугаар нь хаясан зурагнаас харж болно. Хэвийн боовонд тос ихээр агуулагддаг тул цөс өвтгөдөг хэмээн идэхээсээ илүүтэйгээр таваг засахад л хэрэглэдэг болжээ. Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө ууцаа чанаж, баярын гурван өдөр дамнуулан халуун гэрт хонуулж дараа нь бүтэн сарын турш идэцгээдэг. Хоносон хоол хүртэл идэхээ байсан энэ цагт ингэж ууцны өөх махыг идэх хүн байхгүй. Ходоод, цөс өвтгөдөг гээд энэ идээнээс цааргалах болжээ. Хүнсний бүтээгдэхүүн удахаараа тэжээллэг чанараа алдаж хоол болохоосоо илүүтэйгээр хор болдог тухай эрүүл ахуйчид хангалттай тайлбарладаг. Хамаг байдгаа барж нэг баярлаж, хамаг хүндээ идэж биеэ өвтгөнө гэдэг асуудал мөн үү, мөн. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг үгтэй. Эрүүл байж ирэх жилийн цагаан сараараа дахин золгоцгооё л доо.

Одоо бол нэг ууц авахын тулд дор хаяж 150 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. 2014 оны статистикийн дүнгээс харахад Монгол Улсын хэмжээнд 823.4 мянган өрх айл бий гэжээ. Эдгээр айлуудын тал хувь нь ууц тавилаа гэхэд 123.5 тэрбум болж байгаа юм. Түүнчлэн бүх айл хэвийн боовоор тавгийн идээ засдаг гээд бодохоор бас чамгүй өндөр тоо гарна. Сүүлийн үед транс тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг зүйлийг дээр дооргүй ярьж байна. Хэвийн боовыг чухамдаа транс тосоод хийдэг. Ингээд үзэхээр эрүүл мэнд, эдийн засаг талаа бодсон ч өөрчлөх цаг нь болсон гэдэг нь харагдаж байна. Энэ хэвшмэл хэв маягийг хэрхэн яаж өөрчлөх вэ. Ааруулаар тавгийн идээгээ засах нэг арга байна. Зарим айлууд ааруулаар тавгийн идээ зассан байгаа нь харагддаг ч бүх айл тэгж чаддаггүй. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд энэ тал дээр шинэлэг арга хэмжээ авч чадвал цаашаа гэх хүн гарахгүй л байх.

Монголчууд өндөр настнуудаа хүндэлж ууц тавьдаг байсан тухай Монгол ёс заншлын их тайлбар тольд бий. Энэ утгаар нь аваад үзэхээр 70-аас дээш насны ахмадууд л ууц тавьж, бусад нь дал, дөрвөн өндөр тавьдаг болчихвол ёс жаягаа ч гээхгүй явах боломж бий. Ууц тавих айл өрхүүдийн тоо багасвал тэр хэмжээний малын амь үлдэнэ гэсэн үг. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд цагаан сараар 420 мянган хонь нядалж ширээн дээр залснаас мах болгоод экспортод гаргавал хавьгүй ашигтай. Америкчууд гэхэд л жил бүр талархлын баяраараа цацагт хяруулын махыг бүтнээр нь ширээн дээрээ тавьдаг. Манайхаар ууц гэсэн үг. Тэд цацагт хяруулын махаа гэр бүлээрээ тойрч суугаад идчихдэг бол монголчууд ууцаа сар шахам халуун цайнд хийж байгаад иддэг. Тэгэхээр дал, дөрвөн өндөр манайханд тохиромжтой хувилбар байж мэднэ. Ядаж л цагаан сарын дараа савангийн үйлдвэрүүд өөх, тос авна гээд зар тараавал нохойд хаяж байхаар гээд өгөх хүн олон байх нь дамжиггүй.

Сүүлийн жилүүдэд баячууд нь данхайсан сүүлтэй ууц, есөн үеэр зассан тавгийн идээгээр чамирхах болсон. Өгч авалцдаг бэлэг сэлт гээд ярихаар нэг талаасаа эдийн засгийн хувьд алдагдалтай нөгөө талдаа дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийгээ хөлдөө чирч байгаа. Үнэндээ цагаан сараар л баян хоосны ялгаа тэнгэр, газар шиг илтэд мэдрэгддэг. Ууцгүй л бол цагаан сар биш гэсэн нэрэлхүү зан нь биднийг давхар туйлдуулдаг. Хуучин цагт хүрээнийхэн гэрээ зараад цагаан сар хийдэг байсан гэдэг шиг муугаа үзүүлэхгүй гэж хэзээнээс хийж ирсэн баяр юм. Гэхдээ шинэ зуунд эрүүл мэнддээ халаг болохооргүй, чирэгдэл түвэг болж зовоолгүй шинэлж сурмаар байна. Тиймээс эдийн засаг талаасаа үрэлгэн байдлыг халсан гэр бүлийн баяр болгох зайлшгүй шаардлага тулгарчихаад байна.

Сар шинийн баярын бас нэг асуудал бол ирсэн зочид гийчдэдээ өгдөг гарын бэлэг. Гэрийн эзэгтэй авдар, шүүгээгээ ухаж ухаж нэг бэлэг болчих зүйл гаргаж ирээд “Хүмүүсийг хоосон гаргаж болохгүй” гэж үглэж байгаад л өгнө. Ялангуяа хүүхдүүд гэрийн эзэгтэйн үйл хөдлөл бүрийг алдалгүй шахам нүдээ бүлтийтэл харж байгаад бэлгээ авчихаад маш их баярладаг. Нэг үе Эрээний бараа бэлгэнд өгдөг байсан нь ул болох тийшээ хандсан. Хүмүүсийн сэтгэхүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа ч үнэндээ сонголтын хувьд харьцангуй бага байдаг. Тухайлбал, ноднин арьсан түрийвч өгсөн, уржнан эсгий урлалын зүйл өгсөн энэ жил юу өгөх вэ гээд л толгойны өвчин болчихоод байгаа. Ер нь бол дугтуйнд мөнгө өгчихвөл болмоор байгаа юм. Дугтуйнд хийж өгснөөрөө тэрэнд тэдэн төгрөг өгчихөөд надад тэдийг өглөө хэмээн сэтгэлийн угт үлдэх харгүй, том жижиг бэлгийн ялгаа гарахгүй. Энэ мэтчилэн суурин иргэншилд таарсан, уламжлалаа хадгалж орчин цагт нийцсэн тийм л байдлаар цагаан сараа тэмдэглэмээр болчихож. Монголын нийгэм гэлтгүй дэлхий бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж байгаа нь нүдний өмнө илхэн байна. Болохгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан ч болно. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж байсан. Тухайн үед “Энэ хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл” хэмээн хүлээж авч байсан ч одоо айл өрх бүр л хоймортоо морин хуураа залсан байна. Ингээд явах ч боломж бий.

Ууц, мах, өөх, ул боовноос зайлсхийх ямар арга байна вэ. Манайхны олонхи айл өрхийг харж байхад ууцны өөх, ул боовоо цагаан сарын дараа шууд хогийн сав руу илгээж байгаа нь ердөө л бидний цамаан зантай холбоотой. Бид баяр ёслолоор хаях зүйлгүй илүүдэл зүйлсээ хэрэглээнд нэвтрүүлсэн тийм л байдлаар тэмдэглэх ёстой. Манайхан “Уламжлалаа гээхгүй шүү” хэмээн ярих хүмүүс олонтой тийм л улс. Уламжлал нь энэ юм гээд зүтгээд байх биш цаг үедээ зохицуулан зарим өөрчлөх зүйлсээ өөрчилье.

Сар шинийн баяраар бүх үйлчилгээний байгууллага амарчихаад байхад зарим зоогийн газар ажиллаж байгааг анзаарсан байх. Хэдэн өдөр дараалан уван цуван ах дүүсээ хүлээж авч байхаар бөөнд нь нэг цуглуулаад ресторанд тэмдэглэдэг айлууд ч бий болсон байна лээ. Нэг талаасаа “Эхнэр чи бууз жигнэ. Охин цай чана гэхгүй амар юм билээ” гэж хуучлах хүмүүсийн тоо нэмэгджээ. Нөгөө талдаа ажил ажил гээд гэр бүлдээ цаг зав гаргаж амждаггүй хүмүүст үр хүүхдүүдтэйгээ хөгжилдөх цаг хугацаа ч олгох боломжтой. Дэлхийн хамгийн алдартай баяр болох Бразилийн карнавал баяр ямархуу өнгө төрхтэй болдог билээ дээ. Уг баярыг нь үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс тэмүүлэн очдог. Ийм хөл хөөртэй инээд цалгисан баярыг сонирхох хүн бишгүй дээ л нэг бий. Бид цагаан сараа карнавал шиг тэмдэглэдэггүй юмаа гэхэд орчин үетэй нь дүйцүүлж чадвал бас л сонирхолтой баяруудын нэг болно. Ядаж л цагаан сарын баяр тэмдэглэсэн гэчихээд эхнэр, охид нь хэдэн өдөр гал тогоо барьж ядарсан, эрчүүд нь хэдэн өдөр сөн түшиж түвэгшээсэн бөөн стресстэй үлдвэл ямар хэрэг байх вэ.

Categories
мэдээ цаг-үе

Гурав буюу түүнээс дээш удаа гэр бүлийн гишүүнээ зодсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2015 онд өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалантай ярилцлаа.

-2015 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нэлээд өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Хичнээн хүн энэ хэргийн хохирогч болсон бэ?

-2015 онд Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1356 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 280 хэргээр буюу 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нийслэлийн хэмжээнд 767 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувиар өссөн гэсэн үг. Хүчирхийллийн улмаас 600 гаруй эмэгтэй, 40 гаруй хүүхэд гэмтсэн. Харин Есөн эмэгтэй хүн, нэг бага насны хүүхэд, хоёр эрэгтэй хүн хүчирхийлэлд өртөж амиа алдсан харамсалтай мэдээ байна. Нас барсан эмэгтэйчүүдийн хувьд ихэнх нь нөхөртөө зодуулсан. Байнгын хүчирхийллийн дарамтад байж байгаад нас барсан ийм харамсмаар хэргүүд гарсан байна. Судалгаагаар нийт хохирогчдын ихэнх нь айлын эхнэр байдаг. Нийт хэргийн 200 нь согтуугаар үйлдэгдсэн бол үлдсэн ихэнх хувь нь эрүүл үедээ үйлджээ. Эрүүл байхдаа эхнэр, хүүхдээ, нөхрөө зодож, тарчлааж, гэмтэл учруулж байна гэдэг үнэхээр асуудал юм. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх нь залуу гэр бүлд гарч байна.

-Энэ төрлийн хэрэг нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу байна вэ. Ямар арга хэмжээ авбал энэ төрлийн хэргийн гаралт буурах бол?

-Нийгмийн хүчин зүйлүүд болох ажилгүйдэл, ядуурал, боловсрол, хүмүүсийн ухамсартай ихээхэн холбоотой. 2015 онд энэ төрлийн хэргийн илрүүлэлт сайн байсан. Хүчирхийлэл хаалттай хаалганы цаана, далд үйлдэгддэг учир энэ төрлийн хэргийн илрүүлэлт маш чухал юм. Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд 2014 онд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба” шинээр байгуулагдсан. Энэ тусдаа алба нь гэмт хэрэг хамгийн их гардаг 33 хороонд ажиллаж, айл өрхүүдээр явж сургалт сурталчилгаа хийж, иргэдээс мэдээлэл авч, тэрнийхээ дагуу шалгалт хийж ажилласан. Энэ нь үр дүнгээ өглөө. Хөрш айлын хүүхэд зодуулаад байна. Гэхдээ айлын асуудал надад хамаагүй гэдэг иргэдийн хандлагыг өөрчилж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгдөг болгох чиглэлээр түлхүү ажиллалаа. Хаана хүн уйлж, ямар айлд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгааг хөршүүд нь, хорооны нийгмийн ажилтан нь цагдаагийн газар мэдээлэл өгдөг болсон. 102 тусгай дугаарт ирж байгаа гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн тоо ч өссөн. Цагдаагийн байгууллага дангаараа тэмцээд хаана ямар айлд хүчирхийлэл үйлдэж байгааг бүрэн илрүүлэх боломж муу. Иргэдийн оролцоо чухал. Мөн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн ухамсарт нөлөөлөх маш чухал байна. 2015 оны есдүгээр сарын 25-наас эхлэн хамгийн их гэмт хэрэг гардаг хороодод “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтод аяныг зохион байгуулсан. Аянд 48 аж ахуйн нэгж, 23 иргэн сайн дураараа нэгдсэн. 2016 онд улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд зориулсан сургалт явуулсан.

-Цагдаа, хуулийн байгууллагад хандсан хохирогчдын эрхийг бүрэн хамгаалж чадах уу. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүн дахин давтан эхнэр, хүүхдээ дарамтлах, зодох асуудал гардаг юм билээ?

-Дахин давтан үйлддэг гэдэг нь үнэн. Тиймээс л иргэдийн оролцоо чухал байгаа юм. Хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан гээд иргэдтэй тулж ажилладаг, хамгийн ойр байдаг нэгжүүд болох энэ хүмүүстэй нягт ажиллаж байна. Энэ хүмүүс айл өрхүүдийнхээ судалгаа мэдээллийг мэддэг учир цагдаагийн байгууллагад мэдээлэл өгнө. “15 тоотод хүүхэд уйлаад байдаг юм байна. Судлаад үзлээ. Нөхөр нь архи уудаг юм байна. Энэ айл хүчирхийлэл үйлдээд байна” гээд мэдээлэл өгдөг. Энэ дагуу цагдаагийн байгууллага очиж шалгаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байвал эхний ээлжинд сануулна. Энэ бол гэмт хэрэг шүү. Дахиж үйлдэхгүй гэсэн баталгаа гаргуулж авна. Дахиад хүчирхийлэл үйлдвэл торгуулийн арга хэмжээ авч, баривчилна. Ингээд тоохгүй бол шүүхээр эрх хязгаарлах арга хэмжээ авна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнтэй нэг жилийн хугацаанд уулзах эрхгүй гэсэн шүүгчийн захирамж гаргуулна. Эрхээ хасуулаад, торгуулаад ирэхээр асуудалд өөрөөр ханддаг л даа. Улсын Дээд шүүхийн 2010 оны тайлбар гарсан. Энэ тайлбарт, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тарчлаах гэмт хэргээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулдаг болсон. Тарчлаах гэмт хэрэг нь яахыг хэлэх вэ гэхээр, байнга буюу удаа дараа, гурав буюу түүнээс дээш удаа зодсон тохиолдлыг тарчлаах гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, гурав буюу түүнээс дээш удаа гэр бүлийн гишүүнээ зодсон тохиолдолд шууд эрүүгийн хэрэг үүснэ. Энэ төрлийн хэрэгт хоёр хүртэл жилийн хорих ялтай. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүний нэг удаагийн үйлдлийг таслан зогсоох биш тухайн хүний зан үйлд нь нөлөөлөх сургалтууд явуулах нь маш чухал байдаг. Та сайн эцэг, сайн эх байхын тулд яах ёстой юм бэ гэдэг дээр төрийн бус байгууллагуудтай хамтраад албадан сургалт явуулж байна.

-Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн нийгмийн байдлыг судалж үзсэн байх. Энэ талаар?

-Судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн ихэнх нь эмэгтэй хүн байдаг. Бас ажилгүй иргэд байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хохирогч нарыг хамгаалахын тулд ажилд оруулж өгч, сургалтад хамруулдаг. Хүүхэд сургуулиасаа хоцорсон бол хорооны нийгмийн ажилтантай хамтраад хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах сургалтад хамруулж байна. Энэ ажлуудыг олон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг Цагдаагийн байгууллагын дэргэдэх Түр хамгаалах байранд авчирдаг.Түр хамгаалах газар 107 тусгай дугаарын утсаар дуудлага авна. Цагдаагийн алба хаагчид дуудлагаар очоод тухайн хохирогчийг зодуулсан, шарх сорвитой, тухайн орчинд байх боломжгүй гэсэн дүгнэлт хийж Түр хамгаалах байранд авчирдаг. Авчраад эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлнэ. Хамгаалах байр мэргэжлийн сэтгэл зүйчтэй, эмчтэй.

-Түр хамгаалах байр хэдэн хүн хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Түр хамгаалах байр 2014 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Нэгээс 30 хүртэлх хоногоор хохирогчийг байрлуулаад сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлдэг. Байгуулагдсанаасаа хойш 489 гэр бүлийн 845 үйлчлүүлэгч хүлээж авчээ. Эдгээр үйлчлүүлэгчийн 500 гаруй нь хүүхэд байна. 2015 онд хамгаалах байранд 509 хүн хүлээж авснаас 153 нь хүүхэд байсан. Хүүхэд их байгаа нь хүчирхийллийн гол хохирогч болсон эмэгтэй хүн гэрээсээ гараад явахад нэгээс гурван хүүхэд дагуулдагтай холбоотой. Хүүхэд хэдийгээр бие мах бодийн хүчирхийлэлд өртөөгүй ч гэсэн байнгын сэтгэл санааны дарамтад орж айж ичдэг. Хэзээ согтуу ирэх бол, яах бол гэхээс сэтгэл амар сууж чаддаггүй болохыг хэлж байгаа юм. Ийм орчинд өссөн хүн эргээд зөв хүн болох уу гэдэг бас асуудалтай. Өнөөдрийн хуулиар хүүхэд зодсон, биед нь гэмтэл учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэчихэж байна. Харин сэтгэл санааны дарамтад оруулж, айлгасан бол ямар хариулага хүлээлгэх нь тодорхой биш байна. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг дөрвөн хэлбэрээр илэрдэг гэж үздэг. Бие махбодийн, сэтгэл санаа, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллээр илэрдэг. Манай цагдаагийн байгууллага бие махбодийн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалж, гэмт этгээдэд нь арга хэмжээ авч чадаж байна. Харин сэтгэл санааны болон эдийн засгийн хохирлоо яаж үнэлэх вэ гэдэг нь тодорхой биш байна. Нэг өдөр зодуулаад сая төгрөгийн хохирол учирлаа гэж үзэх үү, гурван сарын турш зодуулаад 100 сая төгрөгийн хохирол учирлаа гэж үзэх үү гэсэн нарийн хуулийн тайлбар одоогоор байхгүй байна.

-Хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг судалж үзсэн байх. Яагаад гэр бүлээ хүнд байдалд оруулдаг юм бол?

-Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх буюу 60 хувь нь бүрэн дунд боловсролтой. Үлдсэн нь дээд боловсролтой хүмүүс байна. Хүчирхийлэл үйлдэгчийн ажлын байдлыг нь аваад үзэхээр 40 хувь нь ажилгүй, 30 хувь нь хувиараа бизнес эрхлэдэг, 20 хувь нь төрийн албан хаагч, бусад байгууллагад ажилладаг хүмүүс байна. Үүнээс харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг бүх нийгмийн давхаргын хүмүүс үйлдэж байна. Дээд боловсролтой, төрийн байгууллагад ажилладаг гээд нийгмийн байдлаараа янз бүрийн хүмүүс хаалттай хаалганы цаана хүчирхийлэл үйлдээд байна. Нэг зүйлийг онцлоход хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс багадаа аавдаа, ээждээ, хойд эцэг, эхдээ зодуулдаг, аав нь ээжийг нь зоддог байсан, элэг бүтэн амьдрал үзээгүй, хойт ээждээ зодуулж хүчирхийлэлд өртөж дарамтлуулж байсан тухайгаа ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг үг амьдрал дээр батлагдаж байгаа жишээ энэ байна.

Бүх хүн гэр бүлдээ амар амгалан, аюулгүй амьдрах ёстой. Хэрэв гэмт хэргийн хохирогч болж байгаа бол цагдаа, хуулийн байгууллагад хандах хэрэгтэй шүү гэдгийг сануулмаар байна. Эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлийн хэн нэг гишүүн ганцаараа тэмцэх хэцүү. Олон хүн, олон байгууллага хамтран ажиллаж байж зогсоодог. Нэг удаа хүчирхийлэлд өртсөн бол дахиад давтагдана гэсэн үг.

-Эрэгтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж хэлсэн. Энэ тухай тодруулаач?

-2015 оны байдлаар хоёр эрэгтэй хүн хамгаалах байранд хамгаалуулж байна. Эхнэрүүд нөхрөө зодож, дарамтлах хэргүүд гарч байна. Хамгаалах байранд байгаа эрэгтэй хүмүүс 30 гаруй насны залуучууд юм. Яагаад манай байранд ирээд хамгаалалтад байна гэхээр, нэг хүнийх нь эхнэр байнгын архины хамааралтай байдаг. Нөхрөө ажил хийхээр нь хардсаар ажлаас нь гаргаад, гэртээ зодож нүддэг ийм тохиолдол байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд гуравхан үлдсэн цагаан хирс

-СҮҮЛИЙН ЭРЭГЧИН ЦАГААН ХИРСИЙГ 24 ЦАГИЙН ТУРШ БУУТАЙ ЦЭРГҮҮД ХАМГААЛДАГ АЖ-

Сүүлчийн эрэгчин Умардын цагаан хирсийг буутай цэргүүд хамгаалж байгаа нь

Хуурай газрын амьтдаас биеийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг нь хирс юм. Өдгөө дэлхий дээр цагаан хирс, хар хирс, Энэтхэгийн хирс, Ява хирс, Суматрын хирс гэсэн таван зүйл амьдардаг . Эв хавгүй гэмээр лагс биетэй, царай муутай энэ амьтан дэлхийн ховордсон амьтдын тоонд ордог. Тодруулбал, цагаан хирс 20 мянга гаруй тоо толгой, хамгийн жижиг биетэй гэгддэг суматрын хирс 200 тоо толгой, ява хирс Үжүн Күлоний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ердөө есхөн ширхэг үлдсэн байна.

Энэ удаад цагаан хирсний талаар уншигчдадаа сонирхуулъя. Цагаан хирсийг дотор нь өмнөдийн, умардын гэсэн хоёр дэд зүйлд ангилдаг. Төрөл дотроо цагаан хирс хамгийн олон тоо толгойтойд тооцогддог ч умардын цагаан хирс нь өнөө маргаашгүй устахад хүрсэн байна. Цагаан хирс гэдэг нэр нь уг амьтны гадаад өнгө үзэмжээс бус, голланд хэлний “wijd” буюу өргөн гэсэн утгатай үгийг англи хэлэнд “white” хэмээн андууран орчуулснаас үүдэлтэй юм. Мөн “wijd” буюу өргөн гэдэг үгээр энэ амьтны биеийн ерөнхий хэлбэр галбирыг бус харин өргөн уруултай гэдгээр нь онцолсон байна. Ерөнхийдөө цагаан болон хар хирс нь өнгөний хувьд ойролцоо, хар хирс нь арай бараандуу саарал зүстэй ч нүдээр үзэж байгаагүй хүн ялгахад хэцүү аж. Харин цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.

2008 оны эхэн үеийн судалгаагаар өмнөдийн цагаан хирс нь 14 мянга 400 гаруй тоо толгой үлдсэн байжээ. Харин умардын цагаан хирс дэлхий дээр ердөө гуравхан үлджээ. Өмнөдийн цагаан хирсний төрөлх нутаг нь Өмнөд Африк юм. Энд нийт цагаан хирсний 93 хувь буюу 16 мянга гаруй тоо толгой тархан амьдардаг аж. Мөн Намиб, Ботсвана, Зимбабве, Швейцарьт амьдардаг.

Мөхлийн ирмэгт ирээд байгаа умардын цагаан хирс нь зүүн болон төв Африкийн халуун дулаан ойт хээр бүс нутагт суурьшдаг байжээ. Гэвч энэ зүйл Кени улсад ердөө гуравхан үлдээд байна. АНУ-ын Сан Диегогийн амьтны хүрээлэнд амьдардаг 42 настай Нола хэмээх хирс өнгөрсөн онд нас барснаар энэ зүйлийн хирс гуравхан үлджээ.

Хирсний гол дайсан бол хулгайн анчид. Халуун унаган нутгийнхаа хөрсөн дээр хэдэн мянгаараа тайван амгалан бэлчээрлэдэг байсан нь 200 гаруй жилийн тэртээх үе. Гэвч хулгайн анчин гэж дийлдэшгүй дайсан гарч ирснээр энэ амьтан маш хурдан мөхсөн байна. Шуналдаа хөтлөгдсөн хүмүүс түүний хамар дээрх шидэт эврийг авахын тулд амийг нь хөнөөх болжээ. Хирсний эвэр хорт хавдрыг анагаах шидтэй тул дорнын анагаах ухаанд олон зууны турш хэрэглэж иржээ. Орчин үед зөвхөн хорт хавдар гэлтгүй олон төрлийн өвчнийг эдгээх эмийн найрлагад ашигладаг болсноос өндөр үнээр худалдан авдаг аж. Тийм ч учраас эвэр нь хар тамхи болон алттай дүйцэхүйц үнэтэй болжээ.Нэг кг эвэр нь хар зах дээр 65 мянган америк доллар байдаг гэнэ. Сонирхуулахад хирсний эвэр нь олон жилийн турш дагтаршиж хатуурсан үснээс бүтдэг аж.

2011 он гэхэд энэ зүйл хирс Чехэд хоёр, Кенид дөрөв амьдарч байв. Гэвч 2011 оны тавдугаар сард Чехэд амьдарч байсан хоёрын нэг нь хулгайн анчдын гарт өртөж, нөгөө нь насны эрхэнд өвчилж үхжээ. Харин 2014 онд Кенийн нэг эрэгчин цагаан хирс амиа алджээ. Амьд үлдсэн гурван цагаан хирс Кени улсын “Пежета” гэдэг 700 га бүхий тусгай хамгаалалттай газарт амьдарч байна. Энэ гурвын хоёр нь эмэгчин, нэг нь эр юм. Өнгөрсөн онд цорын ганц эр цагаан хирсийг анчдын олз болгохгүйн тулд Кени улсын Засгийн газраас хамар дээрх эврийг нь авч, 24 цагийн харуул хамгаалалтад авсан байна. “Эвэргүй хирс хулгайн анчдад хэрэггүй. Хирсийг алах ганц шалтгаан нь түүний эвэр л байдаг” хэмээн хамгаалагчид ярьжээ. “Пежете” төслийн гүйцэтгэх захирал Ричард Вигне хэлэхдээ “Умардын цагаан хирс бүр мөсөн устахын өмнө энэхүү хирсний тугалыг гаргаж авах боломж байгаа гэж бид боддог” хэмээн ярьж байв. Энэ цагаан хирс 1960 онд 2000 гаруй тоо толгойтой байсан ч хулгайн анчид хайр найргүй хядаж, хорьхон жилийн дараа буюу 1983 он гэхэд ердөө 15 болж цөөрсөн байна.

ЦАГААН ХИРСНИЙ БИЕИЙН БОЛОН АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Хирснүүд дотроос цагаан хирс хамгийн том биетэй нь. Хүнд нүсэр бие, зантгар том толгой, богино хүзүү, өргөн цээжтэй бөгөөд биеийн урт 3.4-4.2 м, дунджаар 1440-3600 кг жинтэй байна. Эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй жижиг биетэй байх бөгөөд дундаж эм хирс 1770 кг жин татдаг. Энэ нь монгол тэмээнээс гурваас дөрөв дахин хүнд юм. Өөрөөр хэлбэл хирс нь өндрөөрөө хоёр ат, өргөнөөрөө гурван ат давхарлаж тавьсантай тэнцүү гэсэн үг. Тэмдэглэгдэж үлдсэнээр хамгийн хүнд жинтэй цагаан хирс 4500 кг хүрч байжээ.

Хамар дээрээ хоёр эвэртэй байх бөгөөд урд эвэр нь илүү том, дунджаар 89.9 см байна.Зарим хирснийх 150 см ч хүрдэг. Таны бичгийн ширээ шиг урттай том эвэр хамар дээр нь байна гээд бодохоор ямар лагс биетэй амьтан гэдэг нь ойлгогдох биз ээ. Хэрэв ийм эврээр мөргөвөл амьд хүн байтугай араатан амьтнаас ч юм үлдэхгүй нь тодорхой. Гэхдээ эвэр нь зөвхөн эрэгчин хирсэнд л байдаг. Мөн хирсний пагдгар хөл нь гурван хуруутай, халуун орны өвсийг ороож идэхэд зохицсон өргөн уруултай байна. Цагаан хирс нь бор шардуу болон цайвар саарал зүстэй.

Цагаан хирс өвсөрхөг тал, Саваннад нутаглана. Өдрийн талыг бэлчээрлэн өвс ургамал идэж, хэвтэж өнгөрөөх бөгөөд их тайван зантай ажээ. Дэлхий дээрх хамгийн том бэлчээрлэн амьдардаг амьтан юм. Өдөрт хоёр удаа ус уух хэдий ч гандуу үед усгүй 4-5 хоног байж чаддаг. Хэдийгээр бүдүүн болхи амьтан мэт харагдавч нэг цочиж үргэвэл маш хурдан шалмаг хөдөлдөг. Дээд тал нь 50 км/ц хүртэл хурдлах чадвартай тул хирс агнах гэж байгаад бүтэлгүйтвэл хүндхэн асуудалтай тулгарна гэсэн үг.

Тэд хоорондоо дуу чимээ гаргаж харьцах бөгөөд нөхцөл байдлаасаа шалтгаалж өөр өөр дуу гаргадаг байна. Тухайлбал, эрэгчин эмэгчин хоорондоо харьцахдаа хүрхрэх, тургилах мэт чимээ гаргах бол аюул тохиосон үед гахай мэт орилох чимээ гаргадаг ажээ.

ҮРЖИЛ

Эмэгчин хирс 6-7 нас, эрэгчин нь 10-12 нас хүрээд үржлийн нас бие гүйцнэ. Тэд хосоо олохдоо их залхаг удаан амьтад. Нэгэнт хосоо олсон бол эмэгчнээ үр тогттол 5-20 хоног хамтран амьдарна. Эм хирс хээлтэй болоход тус тусын замаа хөөдөг. Эмэгчин нь 16-18 сар хээлээ тээх бөгөөд 2-3 жилийн хугацаанд ганцхан удаа төрж нэг л тугал гаргадаг. Дөнгөж төрсөн тугал ойролцоогоор 40-65 кг жинтэй байна. Зулзагаа төрөхөөс өмнө түрүүчийн зулзагаа хөөж явуулан бие даалгадаг ажээ. Цагаан хирс 40-50 жил амьдардаг.

Дашрамд дурдахад, хирсний өвөг эцэг болох савагт хирсний толгой араг ясыг 2013 онд Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын хөвөөнөөс олж, эрдэмтдийн гарт шилжүүлжээ. Ийнхүү халуун орны бүгчим уур амьсгалд амьдардаг энэхүү аварга амьтны өвөг эцэг 20-иод мянган жилийн тэртээ Дорнодын тал нутагт бэлчээрлэн амьдарч байсан нь нотлогдсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг өдөр нь нар, орой нь Тесла гэрэлтүүлдэг

Өнөөгийн Хорват улсын нутаг дэвсгэрт (хуучнаар Австри-Унгарын эзэнт улс) орших Смилян тосгонд 1856 оны долдугаар сарын 10-ны шөнийн 12 цагт аянга ниргэх мөчид нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн суут ухаантан, дэлхийн цахилгаан эрчим хүчний эцэг Никола Тесла байв.

Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзонгийн салбарт хувьсгал гаргасан олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн их алдаршсан аугаа инженер. Түүний онолын бүтээл болон патентууд нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан бөлгөө. Энгийнээр тайлбарлан хэлбээс түүний хувьсах гүйдлийн технологийн ачаар дэлхий тэр чигээрээ гэрэл, гэгээтэй болсон гэхэд хилсдэхгүй.

Теслагийн бага нас Госпич хотоос зургаан км-ийн зайд байх Смилян тосгонд өнгөрсөн бөгөөд түүний эцэг Милутин Тесла (1819-1879) нь Сербийн үнэн алдартны сүмийн тахилч, эх Георгина Мандич (1822-1892) нь тахилчийн охин байв.Өөрөөр хэлбэл тэр устаж алга болсон Австри-Унгарын эзэнт улсын нутаг буюу өнөө цагийн Хорватад төрсөн серби үндэстэн бөгөөд Францд амьдарч Америкт нас барсан америк хүн юм.

Тесла 1881 онд Будапешт хотод цахилгааны инженерээр ажлын гараагаа эхэлж дараа нь тус хотын засаг захиргаанд цахилгааны инженерээр дэвшин, телефон утасны шугам, төв оффисын барилгын ажил зэрэгт оролцож явжээ.

Тухайн үедээ Тесла хувьсах гүйдлийн хөдөлгүүр бүтээх санаа голсон бөгөөд түүнийгээ шороон дээр зурж хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн эхлэлийг тавьсан нь цахилгаан эрчим хүчний дэлхийн жишиг стандарт болсон юм.

1884 онд 28 настай Тесла АНУ-ыг зорилоо.Түүний хармаанд амь зуух хэдэн зоос болон “чийдэнгийн эцэг” Томас Эдисонд бичсэн Теслагийн даргын тодорхойлолтын хуудас байсан юм. Тодорхойлолтод түүний дарга залуу зохион бүтээгчийг баахан магтсаны эцэст “…Би хоёр агуу хүнийг мэднэ. Нэг нь та, хоёр дахь нь энэ залуу хүн” гэсэн байв. Эдисон ухаантай бас зальжин хүн байсан гэдэг юм. Тэр Теслад түүний бүтээсэн тогтмол гүйдлийн цахилгаан машиныг бүтцийн хувьд сайжруулбал 50 мянган доллар (энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор нэг сая ам. доллар) өгнө хэмээн амлаж, залуу Николаг тултал нь ажиллуулав. Никола маш идэвхтэй ажиллаж Эдисоны цахилгаан үүсгэврийг сайжруулан 24 нэр төрлийн шинэчилсэн бүтээлийг танилцуулсан боловч Эдисон 50 мянган доллар өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй юм. “Тесла, чи америкчуудын хошигнолыг ойлгохгүй хүн юм даа” гэж хэлээд олон удаа санал зөрж, уурыг нь хүргэж байсан “бацаан”-аас хариугаа авсан гэнэ лээ. Эдисонд уурласан Тесла түүний төлөө ажиллахаа больж, “Ноён Эдисон, би ажлаасаа халагдлаа” хэмээн нэн даруй албан тушаалаасаа огцорч, өөрийнхөө “хувьсах гүйдлийг” бүтээх ажилдаа орсон. Ингээд олонд танигдсан зохион бүтээгч, шинэ санаачлагч хоёр дайснууд болсон түүхтэй.Эдисон тогтмол гүйдэл, Тесла хувьсах гүйдлийн системийг зохион бүтээх хувь тавилантай байв.

Эдисоны санаа: Электронууд тогтмол гүйдлийг ажиллуулахын тулднэмэх, хасах туйлын хооронд жигд үйлчилсэн хэлбэрээр урсах ёстой байдаг. Эрчим хүч нийлүүлэгч электрон нь өөрийн хийх ёстой ажлаа чиглэн очиж гүйцэтгээд цахилгаан үүсгэвэр рүү буцаж ирнэ. Тогтмол гүйдлийн онолын сул тал нь электрон сүлжээгээр дамжиж байх явцдаа эсэргүүцлийг сөрөн гарах шаардлагатай бөгөөд ингэснээр электрон урт зай туулж, эрчим хүчний ихэнх нь сүлжээгээр дамжиж байх явцдаа алдагддаг. Эдисоны тогтмол гүйдэл нэг километр орчим газар цацагдаад л чадал нь сулардаг, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм.

Харин 1887 онд Джеймса Кармены тусламжтайгаар «Тесла цахилгаан гэрлийн компани» байгуулан, 1888 онд найдвартай бөгөөд хямд хувьсах гүйдэл гэдэг долоон патентыг батлуулж АНУ-ын Засгийн газарт өгчээ. Энэ хувьсах гүйдэл нь нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байснаараа Эдисоны “тог”-ноос ялгаатай.

Теслагийн санаа: Хувьсах гүйдлийн систем нь электроныг сүлжээгээр заавал бүрэн тойруулж эргэлдүүлэхгүй харин үүний оронд гүйдлийг сэлгэн хувьсгаж болдог гэж үзэж байв. Тэр цахилгаан гүйдлийг нэмэх хасах туйлын хооронд секундэд 60 удаагийн давтамжтай солбидог хувьсах гүйдлийн үүсгүүрийг зохион бүтээсэн. Ингэх явцад цахилгаан гүйдлийн хүчдэл нэмэгдэж, улмаар эрчим хүчийг илүү хол зайнд өндөр хүртээмжтэй нийлүүлэх боломжтой болсон юм.

1888 оны долдугаар сард холын зайнд цахилгаан дамжуулах боломжтой гэсэн Теслагийн 40 гаруй патентыг Америкийн алдарт бизнесмэн Джордж Вэстингхауз (Уэстингхауз) тус бүрийг нь 25 мянган доллараар худалдан аваад Вестерн Хаус корпорацийн олон хувьцааг түүнд өгчээ. Тесла 1891 онд АНУ-ын жинхэнэ иргэн болов. Түүний хамгийн өвөрмөц алдартай бүтээл бол 1891 онд 35 настайдаа патентыг нь авсан “Аварга том цахилгаан шахуурга” буюу 120 вольтын стандартын цахилгааныг 500 мянган вольт болгож өсгөх трансформатор байсан билээ.

Тэрээр 43 насандаа Колародад лаборатори байгуулан, 60 метрийн цамхаг босгож, 150 мянган герцийн үелзэлтэй, 13 сая вольтын хүчдэл гарган цахилгаан соронзон долгион үүсгэж, утасгүй эрчим хүчээ туршиж эхэлжээ.

1893 онд Тесла байгаль орчинд ээлтэй цагаан гэрлийг Чикаго хотод болсон үзэсгэлэнд анх танилцуулснаар одоо бидний хэрэглэж буй эрчим хүчний зарцуулалт багатай чийдэнгийн анхдагч эцэг нь болжээ. Түүний энэ чийдэн Эдисоны шар гэрэлтэй харьцуулахад хамаагүй удаан хугацаанд хэрэглэж болох эд байсан юм шүү. Бас 1898 онд радио долгионоор удирдаж болдог хоёр метр урт завь бүтээн Мэддисон Сквэер Гарденд үзүүлснээр Теслагийн алсын удирдлагын онол гэдгийг нийтэд анхлан толилуулсан.

1900 он гэхэд Тесла техникийн төрөл бүрийн салбарт шинийг санаачилж олон төрлийн патентын эзэн боллоо. (Цахилгаан тоолуур, үелзэл хэмжигч төхөөрөмж, хийн хоолой, радио төхөөрөмжийг сайжруулсан хэд хэдэн санаа гэх мэт)

1915 онд Тесла физикийн салбарт Нобелийн шагналд нэр дэвшлээ хэмээн сонинуудад мэдээлж байв. Түүнтэй хамт Томас Эдисоны нэр бас дэвшжээ. Өөрөөр хэлбэл хоёр зохион бүтээгч шагналыг хуваан хүртэх байв. Гэвч Никола Тесла энэ шагналаас татгалзсан. Тэр өөрийг нь олон дахин хуурч доромжилсон Эдисонтой дахин нэр холбогдохыг хүссэнгүй.

Ниаграгийн хүрхрээнд усан цахилгаан станц барьж, дэлхий өөрөө эрчим хүчний мундаг эх үүсвэр гэдгийг таниулсан хүн бол Никола Тесла. Никола Теслагийн төрөл бүрийн салбарт зохион бүтээсэн нийт 300 гаруй патент байдаг. Тесла радиог Маркони ба Поповоос чөмнө бүтээсэн бөгөөд, 1943 онд л АНУ -ын Дээд шүүх үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн Тесла гурван фазын гүйдлийг Доливо-Добровольскийгоос ч өмнө нээжээ.

Тесла сэргээгдэх эрчим хүчний салбарыг олж харан патентжуулсан байна. Мөн нарны эрчим хүч,газрын гүний эрчим хүчийг ашиглах зарчмыг нээсэн ажээ. Калифорнийн Сан Карлосын Тесла Моторс компани нь түүний ногоон санаачилгыг хүндэтгэн 100 хувийн зай хураагуураар ажилладаг, дөрвөн секундын дотор 100 км цаг хүртэл хурдалж чаддаг цахилгаан машин үйлдвэрлэсэн бөгөөд энэ машин Теслагийн хувьсах гүйдлийн тусламжтайгаар 320 км замыг нэг ч дусал шатахуун хэрэглэхгүй туулж чаддаг.

Теслагийн хувийн амьдрал

Тесла нас дээр гарсан үедээ хөнгөн тэргэнд мөргүүлж хавиргаа хугалсан байна. Энэ нь түүний уушгийг гэмтээж улмаар өвчин нь хүндэрсний улмаас хэвтэрт оржээ. Энэ үед Европт дайн болж байв. Тэрээр бүслэлтэнд орсон өөрийн эх орны төлөө маш их зовниж, славян ард түмнийг амар амгалан, дайн байлдаангүй байлгахыг дэлхий даяар уриалж байлаа. Тесла 1943 оны нэгдүгээр сарын 7-ноос найманд шилжих шөнө хорвоогоос хальсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн 10 жилийг Нью-Йоркер зочид буудлын хоёр давхарт, 3327 тоот давчуу жижиг өрөөнд өнгөрөөсөн байдаг. Тесла өөрт нь саад болохыг тэвчиж чаддаггүй, буудлынхаа үүдэнд “Бүү саад бол” гэсэн бичиг байнга өлгөдөг байв.

Тэр нян бактериас үхтлээ айдаг, байнга гараа угааж, буудлаас өдөрт 18 алчуур өгөхийг шаарддаг этгээд ааштай нэгэн байлаа. Хэрвээ хооллох үед нь ширээн дээр нь ялаа суувал зөөгчийг шинэ хоол авч ирэхийг үүрэгдэнэ. Түүний буух буудал нь заавал 3-ын тоотой байх ёстой.Теслагийн юмнаас айдаг зан чанар нь гайхалтай эрч хүчтэй хослохыг яана гээч. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явснаа гэнэт сальто эргэж хүмүүсийг гайхшруулдаг байв. Мөн Гётегийн “Фауст” -ыг цээжилж явах үед нь түүнд гэнэт техникийн шинэ санаа харван орж ирдэг байсан гэлцдэг.

Бас түүнд үл тайлагдах бурханы бэлэг буюу юмыг урдьчилан хэлэх чадвар байсан бололтой. Нэгэн удаа тэрээр найзуудыгаа гаргаж өгөхдөө ойртон ирж буй галт тэргэнд битгий суу гэж ятгаснаар тэдний амийг аварсан байдаг. Үнэхээр тэр галт тэрэг замаас гарч, зорчигчдын ихэнх нь амь насаа алдсан буюу гэмтэл бэртэл авсан байдаг. Түүний талаар жигтэй хачин яриа сонсогдон бурханы шившлэг хийж байна гэлцэх болов. Тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй бөгөөд насан туршдаа ганцаараа амьдарна хэмээн тангараг тавьж, түүндээ үнэнч байсаар өнгөрсөн юм билээ.

Теслагийн физиктэй холбоогүй зарим нэг авьяасуудыг нэрлэвэл:

•Бараг л мэргэжлийн түвшинд билльярд тоглодог.

•Шүлэг бичиж, хөгжим сонсдог , философи сонирхдог байв.

•Серби, англи, герман, чех, франц, унгар, итали, латин гээд найман хэлээр ярьдаг байсан.

•Томъёо, бодлого огт хэрэглэдэггүй, өөрийнхөө төсөөллийг илүүд үздэг.

•Дөрвөн цагийн турш амардаг. Эдгээрээс хоёр цагийг нь сэтгэн бодоход зарцуулах бөгөөд зөвхөн хоёр цаг унтдаг.

• Эмэгтэй хүний гоёл, чихээ цоолох, ээмэг зүүх, тэр дундаа сувдан ээмэг зүүлтийг үзэн яддаг.

•Судалгааны явцад түүний ашиглаж буй шингэн руу жижиг эвхсэн цаас унавал түүний аманд онцгой гашуун амт мэдрэгддэг,

•Алхаж явахдаа алхаагаа тоолдог, шөлтэй таваг, кофетой аяганы хэмжээ, хүнсний ширхэг бүрийг бодож суудаг, хэрвээ үүнийг хийж чадахгүй бол тэр хоол хүнс нь түүнд тааламжгүй байдаг. Иймээс ганцаараа сууж хооллохыг илүүд үздэг байжээ.

Тесла одоогийн хэлээр «багаар ажиллаж чаддаггүй» хүн байсан. Тэр юу ч бичиж тэмдэглэдэггүй, өөрийн ертөнцдөө ганцаараа умбаж амьдрах дуртай нэгэн. Тэрээр толгойдоо бүхэл бүтэн төхөөрөмжийг ургуулан бодчихоод нэг үг ч бичиж тэмдэглэлгүйгээр бүтээж чаддаг байлаа. Бүх зүйл түүний толгой дотор байдаг, бодол санаагаа тэр ярьж илэрхийлдэг, бусад хүмүүст тэр юу ч тайлбарлаж өгдөггүй байв.

Д.БАТЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хүн амиа хорлох үйлдэл хийснийг нууцалсан байсан тухай уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сурвалжлага” буланд “Томоохон худалдааны төвүүдэд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа нээгдлээ” сурвалжлагыг онцолжээ. Цагаан сарын үзэсгэлэнгийн үнэ ханшийг IV нүүрнээс уншаарай. “Монголд дэлхийн зах зээлд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөөрөг цөөнгүй бий” гэх сонирхолтой сурвалжлагыг XIII нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Сэтгүүлчдийн зээлийн хүүг бууруулъя” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд энэ нийгмийн эд эс болсон өөрийнх нь хүүхэд хоолтой ундтай байна уу гэхээсээ хүний төлөө гүйж, элдэв эрсдэл дунд цаг наргүй ажилладаг сэтгүүлчид ч бас зээлтэй. Гэлээ гээд малчид тариаланчид шиг халамж, урамшуулал, зээлийн хүүгийн хөнгөлөлт авдаггүй. Төрийн албаныхан шиг 13 дахь сарын цалин авч байсангүй. Харин хамгийн их загнуулж, элдвээрээ хэлүүлдэг нь сэтгүүлзүйн салбарынхан. Энэ салбарт ажилладаг найман мянган хүн бий. Тэд ч бас зээл авах сонирхолтой, хэрэгцээтэй байдаг талаар дээрх нийтлэлд хөндөн бичсэн юм.
Улс төрийн нүүрт чуулганы хуралдаан болон Хэн хаана дэвших вэ нийтлэл хэвлэгджээ. Та энэ талаар XI нүүрнээс уншаарай.
Эдийн засгийн нүүрт Ил тод уул уурхайн хэвлэлийн хурлыг тоймлов. Түүнд шатахууны жижиглэнгийн үнийг байж болох хэмжээнд буулгасан хэмээн ярьсан байна. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл VI нүүрт хэвлэгдлээ.
Баримт, үйл явдал нүүрэнд “Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хүн амиа хорлох үйлдэл хийснийг нууцалсан байжээ” нийтлэл гарлаа. Мөн цаг үеийн мэдээ мэдээллүүдийг уншаарай.
Мөн уламжлалт “Улаанбаатарын амьдрал”, “Дэлхийн спорт”-ын нүүрээс сонирхолтой мэдээ, мэдээллийг уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ Ерөнхий сайдыг огцруулалгүй үлдээлээ

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх
асуудлыг хэлэлцлээ. Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг
огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар
хэлэлцэхийг дэмжээгүй юм. Үүний дараа чуулган хуралдахаар болж, байнгын хорооны
оруулж ирсэн асуудлыг А.Бакей гишүүн танилцуулсан. Ерөнхий сайдыг огцруулах
асуудал дээр гишүүд үг хэлж, асуултдаа хариулт авсан юм. Ингээд санал хураалт
явуулж, гишүүдийн 57 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдлээ.