Categories
мэдээ спорт

Футзалын өсвөрийн УАШТ эхэллээ

Монголын хөлбөмбөгийн энэ оны анхны тэмцээн болох футзалын өсвөрийн УАШТ Монголын хелбөмбөгийн холбооны футзаланд эхэллээ. Энэ удаагийн өсвөрийн УАШТ-д 11 хүртэлх насны ангилалд хот, хөдөөгийн 27 баг, 13 хүртэлх насанд 32 баг оролцож байна. Нас тус бүрт есөн баг орон нутгаас оролцож байгаа нь хөлбөмбөгийн спорт хөдөө, хотод жигд хөгжиж байгааг харууллаа. Хэсгийн тоглолтууд уржигдар эхэлсэн бөгөөд хэсэг тус бүрээс шалгарсан 16 баг хасагдах системээр өрсөлдөх юм. Тэмцээний медалийн эзэд энэ сарын 17-нд тодорно.

Categories
мэдээ нийгэм

Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртжээ

СХД-ийн зургаадугаар хороонд байрлах “Гурван цүүр” өрхийн эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр гал гарч, Онцгой байдлын албанд дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу гал унтраах тусгай ангийхан очиж, дээвэр дэх түймрийг унтрааж байх явцдаа гал сөнөөгч Б унаж, улмаар зүүн хөлийн дунд чөмөг нь хугарсан байна. Одоогоор өвчтөнийг ГССҮТ-д эмчилж байгаа бөгөөд хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцны зээлийн хүүг ТАВАН хувь болгох хуулийг өргөн барина

2013 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль хүчингүй болсноор өнөөдөр орон сууцны зээлээс гадна барьцаалбар шаардагдах бүх төрлийн зээл олголт зогсоод байгаа. Ингэснээр зах зээл дээр 19 мянган орон сууц эзнээ хүлээсэн байдалтай байна. Ийнхүү орон сууцны борлуулалт тодорхой хугацаанд зогссон нь урьдчилгааг 10 хувь болгоно гэж Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар хариуцлаггүй мэдэгдэл хийсэнтэй зарим талаар холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа.

Харин УИХ-ын дарга З.Энхболд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг яаралтай дахин батлаж өгнө гэж амласан. Мөн инфляци 14 хувь байхад орон сууцны зээлийн хүүг найман хувиар тогтоосон энэ бол санамсаргүй хувь биш одоо инфляци 3 хувь болсон тул орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн.

Мөн энэ долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын дарга З.Энхболдын албаны өрөөнд болсон мэдээллийн үеэр орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулна гэж мэдэгдсэн. Мөн энэ долоо хоногт хуулийн төслийг өргөн барих ёстой гэж мэдэгдсэн. Тэгэхээр өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох тухай, орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулах зэрэг хуулийн төслийг өргөн баригдана.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Урьдчилан сэргийлэх ажил нь гамшгийн эрсдлийг бууруулах гол суурь нь байх болно

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлагуудаас хамгийн онцгой салбар бол яах аргагүй Онцгой байдлын алба. Онцгой байдлын салбараа бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байна. Эрхэлсэн сайдын хувьд онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба. Энэ онцгой үүрэгтэй албанд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдаараа үргэлж бахархдаг.

Зөвхөн өнгөрсөн жилд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байдаг. Аврагчдын амь насыг нь аварсан хүний тоо урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 гаруй хувиар, авран хамгаалсан эд хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн.

Би хамт олны амжилтыг нэн тэргүүнд дурдаж байгааг ойлгож байгаа байх. Аливаа байгууллагын амжилт бол хамт олны амжилт байдаг. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, аврагчдын үүрэг гүйцэтгэх чадвар, багаж, техник тоног төхөөрөмжийн хангалт харьцангуй дээшилж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болоод үе, үеийн асуудал хариуцсан сайд, дарга, удирдлагуудын хүчин чармайлт, хичээл зүтгэлтэй холбоотой гэдгийг дурдахад таатай байна. Өнгөрсөн онд гэхэд Онцгой байдлын салбарт аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Энэ хөрөнгө оруулалтууд хийгдсэнээр Онцгой байдлын албаны чадавхи өмнөх жилийнхээс 2,3 дахин өссөн нь Монгол Улсын гамшигтай тэмцэх чадвар тодорхой түвшинд дээшилж байгаагийн илрэл юм. Үүнийг цаашид улам шат ахиулж, хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улс орны хөгжлийн бодлогод тусгах, олон нийтийн үйлс болгох, иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг иргэдэд системтэй олгох, ололт амжилтаа ахиулж, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлэх ёстой.

Мөн энэ онд Австри улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл эхнээсээ нийлүүлэгдээд байна.

Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг та яриандаа хөндлөө. Онцгой байдлын албаны хувьд хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн гэж та боддог вэ?

-Онцгой байдлын алба өнгөрсөн онд хууль эрхзүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлэн ажиллалаа. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орлоо.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Энэ бүхэн бүхэлдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг бататгаж байгаа юм л даа.

Бид цаашид, гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

-“Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болж байна. Тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойллоо шүү дээ. Онцгой байдлын салбарын энэ жилийн гол зорилт юу байх вэ?

– 2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, айл өрх бүрт хүрч, тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг нь хангахад бүрэн чиглэсэн байх ёстой. Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэлээс ард иргэд, хэрэглэгчдийг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, давтамжтайгаар зохион байгуулах нь чухал байна.

Онцгой байдлын салбарт 2016 он “Аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх жил” байна. “Хэрэглэгчийн жил” байна, “Сахилга хариуцлагаа дээшлүүлэх жил” байх болно.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд илүү ойроос, иргэн хүнд энгийнээр ойлгомжтойгоор хүргэх, сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулахад анхаарах, төсөвлөсөн хөрөнгө, мөнгийг үр ашигтай, өгөөжтэй, хүртээмжтэй зарцуулна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын гол цөм нь сургалт байх ёстой. Сургах, сурталчлах гэдэг үгийг мартаж болохгүй.

Энэ бүхэнд иргэн таны оролцоо туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иргэд та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар, дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах хүмүүжил, орчныг бий болгож чадна.

Тиймээс иргэний үүргээ биелүүлж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, өгсөн анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөж, нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хамтдаа эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг бүтээцгээе гэж уриалмаар байна.

Онцгой байдлын алба бол гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй хүргэх ёстой ариун алба. Тийм ч учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлнэ.

Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

Бүсүүдийн удирдлагын төв байгуулах, гал унтраах ангиудыг шинээр нэмж байгуулах асуудал яригдаж байсан. Эдийн засгийн хямралын үед төсөв хөрөнгийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлсэн, нэг ёсондоо хөгжлийн шинэ шатанд гаргана. Үүний тулд төр, засгийн дэмжлэг ч хэрэгтэй, онцгой байдлын салбарын албан хаагчдын идэвх зүтгэл, санал санаачилга ч чухал.

Бид, энэ онд илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах ангийг шинээр байгуулах бүтэц, зохион байгуулалтыг хийж эхлээд байна. Дорнод аймгийн Баяндун, Завхан аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Цогтцэций, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байгуулах гал унтраах ангийн урсгал зардал болох 2.1 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан.

Мөн бүсийн удирдлагын төвүүдийг Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь, Ховд, Дорнод аймагт байгуулна. Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалтаас гадна гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд тусламж үзүүлэх төрийн үйлчилгээг илүү ойртуулах, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.

2015-2016 онд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт нийт есөн аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байна.

Үнэхээр эдийн засгийн хямралын энэ үед хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амаргүй. Онцгой байдлын албаны албан хаагчдын хүнд хүчир ажил, мэргэжлийг Засгийн газраасаа эхлээд ард түмэн ойлгодог, мэдэрдэг болсны илрэл гэж бодож байна.

Өнөөдрийн байдлаар хэдэн аймаг зудын хэмжээнд хүрээд байна вэ? Монгол Улсын Засгийн газраас ямар арга хэмжээг авч байна?

– Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байна.

Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.

Бид аливаа болзошгүй аюул, осол, байгалийн гамшигтай араас нь биш, урдаас нь тосч урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх ёстой. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, орон нутагт тохиолдож байгаа эрсдэл, цаг агаарын мэдээллээс харагдаж байсан. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийлгэлээ. Шуурхай бүлэг бүх аймгийн Засаг дарга нартай нэг бүрчлэн уулзаж, өвөлжилтийг эрсдэлгүй даван туулахад танай аймгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна, хэдий хэмжээний хөрөнгө, зардал шаардагдах вэ гэдэг санал хүсэлтийг авч, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Шуурхай ажлын хэсгийн өвөлжилтийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээг үндэслэн Засгийн газрын 480 дугаар тогтоол гаргаж, улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн шуурхай албаны автомашин олголоо.

Эрүүл мэнд, спортын яамнаас он солигдохын өмнө Япон улсад эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэсэн түргэн тусламжийн Ниссан маркийн автомашиныг 12 аймагт 23-ыг, нийслэлд долоог тус тус хүргүүллээ.

Одоо Засгийн газар өвөлжилт хүндэрч, түргэн тусламжийн автомашин шаардлагатай байгаа 15 суманд олгох машины зардлыг улсын нөөцөөс гаргуулахаар санал оруулж байна. Бид нэгдүгээр сард багтаан шийдвэрлэх болно.

Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэ төлбөргүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Нийт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэлээ.

Одоо бол орон нутаг өөрсдийн хүч бололцоогоор өвөлжилтөө ямар нэгэн хүндрэлгүйгээр даван туулчих байх аа гэж найдаж байгаа шүү. /инээв/

Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйлийг асуумаар байна. Оны өмнөхөн “Ми-8” нисдэг тэрэгний осол болсон. Яг энэ үед “хуучин, шинэ” Шадар сайд нар нь онцгойгийнхоо даргатай “ёлкодлоо” гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан. Та үүнийг юуг гэж тайлбарлах вэ?

– Хувь хүнийхээ хувьд улс төрийн захиалгат энэ мэдээлэлд эмзэглээгүй. “Ми-8” нисдэг тэрэг унасан гэсэн мэдээллийг аваад бид мэргэжлийн удирдлагаар шуурхай ханган ажилласан. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг нэн даруй томилж, онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын бүрэлдэхүүн ослын газарт ажилласан. Бэртэж, гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Шадар сайдын хувьд ажлын байран дээрээ Төрийн ордонд 21:20 цаг хүртэл байж цаг, минут тутам мэдээлэл авч байсан. Тэр орой онгоц уначих юм гэж хэн ч таахгүй шүү дээ, ослын дараахь үеийн удирдлага, зохион байгуулалт алдагдсан, цаг хугацаа алдсан зүйл огт байхгүй.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын шинэ жил дээр 21:30 цагийн үед очиж баяр хүргээд цаг орчим болоод гарсан. Хэдий болтол монголчуудыг хооронд нь хагалж, гүтгэж байхав дээ, болих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч сахилгагүй, хариуцлагагүй, салан задгай байдлыг би огт тэвчдэггүй. Намайг өөрсдийнхөнтэйгөө адилтгах, будилах хэрэггүй.

Эх орон, ард иргэдийнхээ амар тайван, энх амгалан, амьдралын төлөө халуун, хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, төр, түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж яваа Онцгой байдлын албаны албан хаагчид жилд ганц удаа баярлах эрхтэй шүү дээ.

Үнэндээ аюул, осол, гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид маань олон нийтийн анхаарлыг татахын тулд бүх зүйлийг улстөржүүлж, бүхэл бүтэн салбарын нэр хүндэд халдахгүй байвал зүгээрсэн. Аливаа юманд ёс зүй, хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Ардчилал нэрээр сахилгагүй, салан задгай байдал гаргах, бодит үнэн байдлыг гуйвуулах, гүтгэхээ больж, улс орны хөгжлийн төлөө хамтран ажиллая.

Б.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Орц бүрээ камержуулснаас хойш нэг ч гэмт хэрэг гарсангүй

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантай ярилцлаа.

Танай хорооны орц бүрийг камертай гэж сонслоо. Тэгэхээр орцонд үйлдэгддэг элдэв хэрэгт цэг тавьсан гэсэн үг үү?

-Манайх хотын төвийн гэр хороололгүй хороо л доо. Тэнгис хавийн орон сууцнууд хамрагддаг юм. Иргэдээс орц руугаа аюулгүй орохсон гэсэн хүсэлт их ирдэг учраас сүүлийн хоёр жил энэ чиглэлээр түл­хүү ажиллалаа. Орц бүрээ камер­жуулсан нь ийм учиртай. Мэргэжлийн харуул хамгаалалтын алба 24 цагийн турш хариуцаж ажилладаг юм. Орцонд үйлдэгддэг гэмт хэрэг өнгөрсөн жил гэхэд огт гараагүй. Өмнө нь нийт гэмт хэргийн 23.2 хувийг орцонд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байсан. Дунджаар 30-40 гэмт хэрэг орцонд байнга үйлдэгддэг байсан гэсэн үг. Бүх байрныхаа орцны кодыг байнга анхаардаг. Код нь эвдэрлээ л бол солиулдаг. Манай хороо хуучны есөн давхрууд олонтой. Хуучин байрнуудын лифт шөнийн 24.00 цаг гээд зогсчихдог. Харин манай хорооны хуучин байрнуудын лифт 24 цагаар ажиллаж байгаа. СӨХ-тойгоо ярилцаад ийм үр дүнд хүрсэн. Орцонд дээрэм тонуул, хүчин­гээс эхлээд хэцүү хэргүүд их гардаг. Тэр утгаараа гадна талын тохижилт гэхээс илүүтэй аюулгүй байдалд анхаарч байна. Гадна тал нь гоё хэрнээ орц руугаа ороход айдастай байвал ямар олиг байхав. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Сая гэхэд хоёр охин орц руу ороод өөрсдийгөө боомилсон харамсалтай хэрэг гарсан. Танай хорооны хувьд ийм эрсдэл гарахаас бүрэн сэргийлсэн гэж ойлголоо?

-Иймэрхүү хэрэг гарах ямар ч боломжгүй. Камерыг харуул хамгаалалтынхан 24 цагаар хянаж байгаа.

Харуул, хамгаалалтынх­ны цалинг яаж шийдсэн юм бол?

-Санхүүжилт бол маш том асуудал. СӨХ-тойгоо ярьж байгаад шийдсэн. СӨХ, хороо, харуул хамгаалалтын алба гэсэн гурвалсан гэрээ хийгээд тодорхой хэмжээний мөнгийг СӨХ-ноос гаргуулаад ажиллаж байна. Өмнө нь энэ асуудлыг цагдаагаас шийдэх гэж үзсэн л дээ. Төсөв мөнгө, орон тоо байхгүй гээд нэлээд хүндрэл байсан. Үнэтэй хороолол, байшингуудад хүмүүс аюулгүй амьдардаг. Тэдэн шиг хуучны байрнуудад амьдардаг хүмүүс ч гэсэн аюулгүй амьдарч болно гэдгийг баталж харуулахыг л хүссэн юм. Санаснаа ажил болгоод явж байна.

Нийслэлд танайх шиг орц бүртээ камертай хороо байна уу?

-Манай хороо анхдагч нь. Бусад хороонууд ингэх нь зөв юм байна гээд туршлага судлаад явж байгаа. Өвлийн цагт орон гэргүй улс орцонд ороод хог шатаах, бункерт хоноглохоос эхлээд өчнөөн асуудал байсан бол өнөөдөр шийдэгдсэн. Өмнө нь СӨХ, орцны жижүүр шийдэж чаддаг­гүй байлаа. Иргэд манай орцонд ийм хүн унтаж байна гэх мэт мэдээллээ харуул, хамгаалалт руу өгчихөд л асуудалгүй. Манайтай гэрээ байгуулсан хамгаалалтынхан хоёр минутын дотор очоод асуудлыг шийдэж байгаа. Энэ жил болж өгвөл гадна талаа бүрэн камержуулъя гэж бодож байна. Дотор камер, гадна талын камер гэж бүрэн цогц сервер үүсгээд мэргэжлийн харуул хамгаалалт 24 цагаар хянадаг болбол бүр хэрэгтэй. Хорооны нутаг дэвсгэрт гарах гэмт хэргийн гаралт эрс буурна. Түүнээс биш гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэсэн бичигтэй цаасыг орцныхоо үүдэнд наагаад үр дүн гарахгүй.

Танайх шиг орон сууц голдуу хороонууд хэрэгжүүлэхэд болох л юм байна?

-Бүрэн боломжтой. Санхүүгийн хувьд СӨХ-тойгоо яриад шийдчих боломж байгаа.

Орцонд гардаг гэмт хэрэг байхгүй болчихсон гэхээр иргэд их таатай хандаж байгаа байх. Талархлаа илэрхийлж ирэх тохиолдол байна уу?

-Олон хүн биечилж ирж баяр хүргэсэн. Саяхан нэг оршин суугч орж ирээд “Эгч нь ээлжийн ажилтай учраас шөнө 12 цагаас тардаг юм. Орц руугаа орохын тулд утас, ээмэг, бөгж гээд аль үнэтэй бүхнээ гэдэс рүүгээ хийж ордог байсан. Одоо ямар ч айдас алга. Гэрэл, камер, лифттэй сайхан байна. Маш их баярлалаа” гэж хэлсэн.

Сүүлийн үед иргэд ямар асуудлаар хороондоо хандаж байна?

-Ихэвчлэн халамж тэтгэ­вэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, орон сууцны хөнгөлөлтөөр их ханддаг. Он гарснаас хойш явагдаж байгаа ажил гэвэл цэргийн бүртгэл. Нэгдүгээр сарын 6-24-ний хооронд цэрэг татлагатай холбоотойгоор цэргийн насны хүмүүс орон даяар бүртгүүлж байгаа. 18-50 насын бэлтгэл офицер, хурандаа, генерал гээд бүгдээрээ бүртгүүлнэ. Манай хорооны хувьд бүртгэл харьцангуй өндөр хувьтай байна. Иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол хоёр хувь цээж зураг, ажлын газрын болон оюутны үнэм­лэхтэйгээ ирэхэд болно. Ажлын өдрүүдэд 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд бүртгэж байгаа. Хүүхдийн хорин мянгатай холбоотой амьжиргааны түвшнээ дахин тогтоолгох хүсэлт иргэдээс их ирж байна. Манай хорооны 1267 өрхийн 938 нь дахиж шинээр үнэлгээ гаргуулахаар хүсэлтээ өгсөн. XVII түвшнээс дээш анги­лалд орсон хүмүүс түвшнээ дахин тогтоолгох хүсэлт гаргаад байгаа гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Н. Даваа: Бид солонгосчуудтай хамтарч ууран бойлер, халаагуур үйлдвэрлэх урт хугацааны гэрээ хийлээ

“Best Energy Saving” буюуБитүүмжилсэн шилдэг эрчим хүчХХК нь 2009 онд байгуулагдаж байгальд ээлтэй халаагуурыг шинээр зохион бүтээхээр шаргуу ажиллаж цахилгаан бага зарцуулалттай, сайн халдаг шинэ төрлийн халаагуурыг зохион бүтээсэн талаар “Best Energy Saving” компанийн зөвлөх Н.Даваатай ярилцсан ярилцлагыг манай сонин өнгөрсөн намрын нэгэн дугаартаа нийтэлж байсан билээ. ТэдЖилийн хугацаанд нэг сая битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэж хотыг утаанаас салгаягэсэн юм. Улмаар өнгөрсөн хугацаанд тэд зорилгоосоо няцаж буцалгүй бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож, эдэлгээний хугацааг нь уртасгаж чадсан байна. Ингээд Н.Даваатай дахин уулзаж ярилцсанаа хүргэе.

Битүүмжилсэн халаагуураа хэрхэн сэдэж үйлдвэрлэсэн тухайгаа ярихгүй юу. Уншигчдад маань сонирхолтой байна байх?

-Бид 1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийнтуршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадсан маань энэ. Харахад энгийн, байдаг л нэг паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Бүтээгдэхүүнээ зөвхөн Монголд бус дэлхийн зах зээлд борлогдох боломжтой байхаар тооцоолон ажиллаж байна. Бидний “Бүтүүмжилсэн халаагуур” ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна. Ер нь япон, солонгосчууд энэ төрлийн цахилгаан халаагуурын төлбөрт маш их мөнгө төлдөг юм билээ. Дэлхий дээр нэг тэрбум 200 сая гурай хүн цахилгаан халаагуураар дулаанаа шийддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүнд хагалттай зэх зээл байна. Гэвч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх тал дээр асуудалтай байгаа. Халаагуурын технологио аваад Хятадад очиж үйлдвэрлүүлнэ. Хүний юман дээр ажиллана гэдэг олиггүй зүйл. Бүтээгдэхүүнийхээ патентыг хятадуудад алдчих гээд их хэцүү. 2009 оноос хойш туршиж хийж байсан зарим халаагуурын технологиор хятадууд халаагуур үйлдвэрлэчихсэн манайд зарж байгаа. Гэвч бид технологио бүр сайжруулсан болохоор түүнийгээ алдчихгүй байхыг л хичээж байна.

Өөрсдөө үйлдвэр барьж дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм уу?

-Уг нь бидэнд үйлдвэр байгуулж болох байгууламж бий. Гол нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдаж авах тал дээр мөнгөгүйдчихээд байгаа. Өнгөрсөн хугацаанд манай бүтээгдэхүүнийг чамгүй олон хүн, албан байгууллага худалдан авч халаалт дулаанаа шийдсэн. Тэд манай бүтээгдэхүүнийг авсандаа сэтгэл хангалуун байгаа тул амнаас ам дамжин маш хурдан олон нийтэд эерэг мэдээлэл тарж байх шиг байна. Үүнд танай сонины нөлөө ч их бий. Битүүмжилсэн халуугаар маань үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь хүмүүст мэдрэгдэж байгаа болохоор төр засгаас ч бас дэмжиж тусална хэмээн найдаж байгаа. Бидэнд санхүүжилт ороод ирвэл паар үйлдвэрлэх үйлдвэрээ барина. Бид өмнө нь ч хэлж байсан. Манай нийслэлд нэг сая ширхэг битүүмжилсэн халаагуур байхад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл, Бид жилийн хугацаанд нэг сая битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэж хотыг утаанаас салгая гээд байгаа юм.

Өмнө нь та бүтүүмжилсэн халаагуурыг маань төр засгаас дэмжихгүй байна гэж байсан. Түүнээс хойш яг ямар ахиц гарсан бэ. Бодитой дэмжлэг туслалцаа та бүхэнд ирэв үү?

Төр засгаас тусламж туслалцаа, зээл хүсч холбогдох яам, тамгын газар, албан газруудад хандсан. Эрчим хүчний яамны удирдлагууд манай битүүмжилсэн халаагуурыг үзэж, түүгээр халаалтаа шийдсэн айлын нөхцөл байдалтай ч танилцсан юм. Ерөнхийдөө сайн гэсэн үнэлгээ авсан. Биднийг дэмжинэ гэдгээ ч дарга удирдлагууд нь илэрхийлсэн. Одоо харин холбогдох тамгын газар, агентлагууд нь бидэнд хэдэн хувийн хүүтэй, хэр хугацааны зээл олгохоо ярилцаж зөвлөлдөж байгаа байх. Өөрөөр хэлбэл, өнмөхөө бодвол төр засгийн төлөөллүүд биднийг ойлгож, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг маань дэмжих тал руугаа хандаж байна. Үүнээс илүү юу хүсэх билээ.

Нийслэл хотод сая гаруй хүн амьдардаг. Дээр нь манайх эрчим хүчний хувьд хараат улс. Тэгэхээр сая ширхэг халаагуураар утааг үгүй болгоно гэдэг итгэл үнэмшил муутай сонсогдож байна л даа?

-Байшин хороололд амьдардаг айл өрхийн тоог хасаад бодоход тийм тооцоо гарч байгаа юм. Хэдийгээр манай улс эрчим хүчний хараат байдалд байгаа ч айл өрх бүр зурагтаа үзэж, хөргөгчөө залгадаг. Тэглээ гээд эрчим хүчний хомсдолд орчихдоггүй. Тэгэхээр бүтүүмжилсэн халаагуур залгаж болно гэсэн үг. Учир нь манай халаагуур эрчим хүч маш бага зарцуулдаг юм. Зурагт хөргөгч шиг л 0,5 квт цахилгаан ашиглана. Мөн дээр нь манай халаагуур байгаль орчинд ээлтэй, агаар хуурайшуулдаггүй, утаа ялгаруулахгүй гээд олон давуу талтай. Халаагуур нь +75 хэм хүртэл халж, -60 хэмд үл царцах шинж чанартай буюу Монгол орны цаг уурт тохирсон, нэгдсэн ухаалаг удирдлагын самбар бүхий GSM системтэй холбогдсон автомат унтраалга асаалгын тохиргоотой. Одоогоор халаагуурын тохиргоог гар утсаараа алсын зайнаас удирдах боломжтойгоор үйлдвэрлэгдэж буй эко технологийг Солонгос улсын хоёр ч компани туршиж, улмаар хамтран ажиллах гэрээ байгуулах сонирхлоо илэрхийлээд байна. Мөн нэг бодитой болсон сайн мэдээ гэвэл солонгосчуудтай хамтарч эх орондоо ууран бойлер болон халаагуур үйлдвэрлэх урт хугацааны гэрээ хийгдлээ. BES ХХК-ийн хувьд өнгөрөгч 2015 оны онцлох үйл явдал гэвэл энэ байна. Үүнийг дагаад олон олон хөрөнгө оруулалт манай улсыг чиглэнэ гэж итгэж байгаа.

Дотооддоо үйлдвэр байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?

-Бидний зорилго дэлхийн зах зээлд өрсөлдөх. Жилийн хугацаанд сая ширхэг битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулъя гэвэл таван тэрбум төгрөг шаардлагтай. Гэвч эхний ээлжинд 300 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулж нийт монголчуудыг бага эрчим хүчээр дулаан байлгая гэсэн зорилт тавиад байна. Яг энэ радиатор буюу паар үйлдвэрлэлийн чиглэлээр Турк улс дэлхийд шилдэг нь юм. Манайх тэдэнтэй хамтарч болж л байна л даа. Бидний технологийг тэд ихсонирхож байгаа. Гэвч эцэстээ бидний бүтээсэн ололт Туркийн нэг компанийн болчихно гэхээр хайран байна. Халаагуурын үйлдвэр байгуулах манайд маш ашигтай. Яагаад гэвэл дэлхий нийт эрчим хүчний салбарт технологиор тасарчихаад байгаа юм. Мөн энд онцлон хэлэхэд бид нэгэн шинэ технологи боловсруулж байгаа. Мөнхийн хөдөлгүүр гэдэг шиг эрчим хүчний эх ундарга бүхий эрчим хүч үйлдвэрлэгчийг зохион бүтээж, онолын хувьд баталчихсан юм. Харин хөрөнгө мөнгөнийболомж олдвол бодит туршилт хийж үзэх шаардлагатай байгаа. Үүнд төр засаг, холбогдох яам тамгын газраас анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

Танайх технологио Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан уу?

-Бүртгүүлсэн. Харин одоо Дэлхийн оюуны өмчийн газарт материалаа өгчихсөн байгаа.

Одоогоор танайд шууд авааад хэрэглэчих халаагуурын нөөц хэр байгаа юм бэ?

-Бид радиатор буюу паараа Хятадад үйлдвэрлүүлж байгаа болохоор тийм ч ихийг үйлдвэрлэж чадахгүй байна. Гэхдээ энэ өвөлдөө нийслэл хотынхоо иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан халаагуурын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний паар бидэнд бий. Үнийн хувьд ч бага зэрэг хямдруулсан. Мөн хэлбэр хэмжээ, загварын хувьд өмнөхөөсөө өөр шинэ төрлийн паарнуудыг үйлдвэрлэж байна.

Битүүмжилсэн халаагуур цахилагаан бага зарцуулдаг л гээд байгаа. Танай халуугуур сард яг хэдэн төгрөгийн цахилгаан зарцуулдаг юм бэ?

-Бид тооцож үзсэн л дээ. Жишээлбэл, гэр хорооллын нэг айл дор хаяж хоёр портер нүүрс түлж байж онд орно. Тэгвэл нэг портер нүүрс 180-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайн айл багаар бодоход 400 мянган төгрөгөөр нүүрс авна. Харин манай нэг ширхэг битүүмжилсэн халаагуур +75 хэм хүртэл халж, цагт ердөө 50 төгрөгийн цахилгаан зарцуулна. Хоногт 1200 төгрөг, сардаа 36 мянган төгрөг. Тэгвэл таван ханатай гэртэй айлд гурван ширхэг паар байхад л байрны айл шиг дулаахан өвөлжинө гэсэн үг.

Монгол инженерүүдийн ур ухаанаар шинэ төрлийн цахилгаан халаагуур үйлдвэрлэж чадсан эвсэг хамт олон саяхнаас шинэ газар руу нүүж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлжээ. Өөрөөр хэлбэл “Дэнжийн 1000” –ын Дээж худалдааны төвийн нэг давхарт нүүж орсон байна.

Холбогдох утас: 91118929, 91916493,99021574,99664081,91910628

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний ангийн алба хаагчдыг тээвэрлэж явсан автомашин осолджээ

Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 353 дугаар ангийн 323 дугаар салбарын алба хаагчдыг тээвэрлэж явсан микроавтобус осолджээ.

Тодруулбал, уржигдар өглөө 09.00 цагийн үед Налайхын замд тус автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Тухайн микроавтобус цэргийн ангийн алба хаагчдыг ажилд нь хүргэхээр явж байсан хувийн унаа байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Ослын үеэр азаар хүний амь нас эрсдээгүй ч жижиг тэрэгний жолооч хүнд гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор чуулганы хуралдаанд оролцохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан нарын гишүүд л ирсэн байгаа юм.

Ирц бүрдсэн нөхцөлд Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсохын зэрэгцээ Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт цусан халдварт өвчин гарчээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн Олон дов гэдэг газарт өвөлжиж буй малчны хотонд цусан халдварт өвчин гарчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд тус айлын сарлагийн хоёр тугал үхсэн бөгөөд дээж авч шинжлэхэд тугалнууд цусан халдварт өвчнөөр үхсэн болох нь мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Тиймээс Тарагт сумын Засаг даргын А/27 тоот захирамжаар хуучин оны сүүлчийн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, уг малчны хотонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, бүх малыг вакцинжуулжээ. Цусан халдвар гэх уг өвчин нь үхэр, хонь, ямаа, адуу, гахай, тахиа, шувуу зэрэг амьтанд “pasteurel- la multocida” гэх бичил биетэн халдварлан, эд эрхтэнд нь цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг аж. Үүнийг цусан халдвар гэдэг бөгөөд цусанд орсон үүсгэгч олширч, элэг, бөөр, дэлүүг гэмтээж малыг 12-36 цагийн дотор үхүүлдэг халдвар өвчин юм байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн эцсийн найруулгыг сонсоно

Шинэ он гарахын өмнө УИХ Сонгуулийн хуулийг баталсан бөгөөд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн найруулгыг сонсохоор болжээ.

Хуульд зааснаар УИХ баталсан хуулийнхаа эцсийн найруулгыг сонссоноор Ерөнхийлөгч мөн давхар хянаж, хориг тавих эсэхээ шийддэг. Мөн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хууль хэвлэгдэж хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой болдог.

Сонгуулийн хуульд УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. УИХ-ын 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь пропорцианалиар буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох ёстой.

Гэвч парламентад суудалгүй намуудын төлөөлөл Сонгуулийн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хөндөөд буй.