Categories
мэдээ нийгэм

Тост, Тосонбумын нуруунд 22-24 ирвэс байна

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумын нурууг улсын нөөцөд авсан. Энэ нутаг дэвсгэр орчимд одоогоор 22-24 ирвэс байгаа гэсэн тоо баримт бий. Гэтэл тус нуруудад уул уурхайн 16 тусгай зөвшөөрөл олгосон байсан юм. Аймгийн төвөөсөө 320 км хол оршдог Гурвантэсийн Тост багт 999 хүн, 226 айл өрх бий. Нутгийн иргэд Тост, Тосонбумын нурууг түшиглэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, байгалиа хамгаалахаар төлөвлөж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол шуудан” компанийн хувьцааг худалдаалж эхэлжээ

“Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 6.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, өнөөдөр цан цохилоо. Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит зарим компанийг хувьчлах ажлыг Монгол шуудан компаниар эхлүүлж буй нь энэ юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй цэвэр ашигтай ажилласан тус компанийн нэгж хувьцааны доод үнийг 185 төгрөгөөр тогтоосон бөгөөд 33.8 сая ширхэг хувьцааг энэ удаа арилжих юм. Ингэснээр нийт 6.2 тэрбум төгрөгийг хувьцааны захаас татан төвлөрүүлэх юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​“Nikon” 360 градусаар бичлэг хийдэг камер бүтээв

Лас Вегаст зохиогдож буй технологийн чиг хандлагыг тодорхойлогч “CES 2016” үзэсгэлэнд Nikon компани шинэ бүтээлээ танилцуулжээ. “KeyMission 360” гэх энэхүү камер нь 360 градусаар бичлэг хийх бөгөөд спорт ангиллын камер юм байна. Үндсэндээ GoPro-той ижил 4К бичлэг хийдэг аж. Чанар, хэмжээний хувьд ч мөн адил гэнэ. Харин давуу тал нь бичлэг хийж, зураг авч байхдаа бүх өнцөг рүү хардаг. Түүнчлэн ус, шороо тоос болон чичиргээний хамгаалалттай юм байна. Энэхүү камер хэзээ, ямар үнэтэй худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч чамгүй үнэтэй гарна гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Учир нь GoPro ашиглан 360 градусын өнцөг бүхий камер угсрахын тулд танд 1000 гаруй ам.доллар хэрэг болох юм.

Г.Сайнаа

Categories
гадаад мэдээ

”Бүх оддын тоглолт”-ын санал асуулгыг Коби Брайнт тэргүүлж байна

NBA-ын “Бүх Оддын тоглолт”-ын санал асуулгын хоёр дахь дүн тодорсон байна. Тус санал асуулгаар Коби Брайнт 1.262.118 хүний саналаар тэргүүлсэн байна. Харин түүний араас 925.789 хүний саналаар Стивэн Карри, 636.388 хүний саналаар ЛеБрон Жеймс нар удааллаа.

Өмнөх санал асуулгаар Коби Брайнт 719,235 саналтайгаар бүх тоглогчдыг мөн тэргүүлж байсан билээ. Харин өмнөх санал асуулгаар Дрэймонд Грийн өрнөдийн тавдугаарт бичигдэж байсан бол Кавая Блэйк Гриффин нарыг гүйцэж “Бүх оддын тоглолт”-ын гарааны гурван довтлогчийн нэгээр гарах боломжтой болж ирсэн байна

Categories
мэдээ нийгэм

Хагас жил цалингаа аваагүй “Алтайн хүдэр” компанийн ажилчид эсэргүүцэл илэрхийлж байна

Хагас жил гаруйн хугацаанд цалингаа авч чадахгүй байгаа “Алтайн хүдэр” компанийн ажилчдын төлөөлөл өнөөдөр 09.00 цагаас эхлэн компанийнхаа байрны гадна эсэргүүцлээ илэрхийлж байна. 2015 оны зургадугаар сараас хойш ажилчдын цалинг өгөөгүй мөн 2013-2015 оны хооронд ажиллаж орон тооны цомхтголоор ажлаас халагдсан ажилчдын ажиллаж байсан хугацааны цалин, илүү цагийн хөлс, ээлжийн амралтын мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш тэд цалингаа тавихыг шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй, арга хэмжээ аваагүй байна. Тиймээс энэ сарын 6-нд албан шаардлага хүргүүлсэн байна. Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Цогзолмаа “Өнгөрсөн зургадугаар сараас хойш ажилчдын цалинг ерөөсөө олгоогүй. Дээр нь 2013, 2014, 2015 оны ээлжийн амралтын мөнгө, 2015 оны аравдугаар сараас хойшхи сул зогсолтын мөнгийг ч олгохгүй байна. Ажилчид банкны өр зээлэнд баригдаж, барьцаанд тавьсан эд зүйлсээ хүртэл хураалгачихсан өнөөдрийн байдлаар түлэх түлш, идэх хоолгүй болчихсон амьдрал хэцүү байдалд байна. Манай компани 1200 орчим ажилтантай, гэтэл 800 орчим ажилчид цалин аваагүй байгаа учраас өнөөдөр бид ийм арга хэмжээ авахад хүрлээ. Компанийн зүгээс банкнаас зээл авч, цалин тавина гэж хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөртэй танилцана уу

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн 08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан. Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна.

Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ

Үйлчилгээний төлбөр

Төлбөрийн хэмжээ /төгрөг/

Зөөж шилжүүлэх төлбөр

1

Суудлын автомашин

60 000

2

Том оврын автомашин, автобус

90 000

3

Мотоцикл

30 000

Түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр /1 хоногийн/

1

Мотоцикл

3000

2

Суудлын автомашин, микробус

5000

3

5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус

10000

4

Хүнд даацын автомашин, том оврын автобус

15000

5

Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл

20000

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулав

Чуулганы нэгдсэн
хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн
хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх тухай маргааныг 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Дунд
суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх
хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар
иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны
шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаж, хяналтын шатны шүүхэд
гомдол гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзжээ. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн
Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа
хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх
заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь
зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шүүхийн
шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь
заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг
хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэж үзэж, 16 дугаар дүгнэлтээ гарган хуулийн
дээрх заалтуудыг 2016 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм
байна. Энэ асуудалтай холбоотойгоор Цэцийн гишүүнээс тодорхой хариулт авах
шаардлага байсан ч Цэцийн гишүүний зүгээс тайлбар хийх боломжгүй дэгийн
хуулиараа хориотой тул ирэх долоо хоног болгон хойшлууллаа. Учир нь ирэх долоо
хоногт УИХ Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг батлах аж. Уг хууль батлагдсан нөхцөлд Цэцийн гишүүдээс гаргасан
шийдвэрийнх нь талаар тайлбар авах боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх өрөөтэй боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх өрөөтэй болов. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэнгийн санаачилга, түүний гэр бүл ойр дотныхны хандив тусламжаар тус хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх өрөөтэй болгожээ.

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёрдугаар байрны хоёр өрөөг тохижуулан Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг цагдаагийн хамгаалалтад түр байлгах, хууль эрх зүйн зөвлөмж өгөх, алба хаагч нарын хүүхдийг асран хамгаалах хүнгүй үед түр харж, саатуулж байх зорилгоор хүүхдийн тоглож, амрах орчинг бүрдүүлж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд газар хөдлөв

Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т энэ сарын 7 буюу өчигдөр өглөөний 05:29 цагт 3,8 магнитудын газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геополитикийн хүрээлэнгээс ирүүлжээ. Тодруулбал, газар хөдлөлт нь Хужирт багийн “Хужирт” гэдэг газар бөгөөд нутгийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй хэмээн иргэд мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улс гүнээ харамсаж байна” хэмээн мэдэгджээ

Энэ сарын 7-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас нэгэн мэдэгдэл гаргажээ. Гадаад хэргийн яам БНАСАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 1
дүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна
гэж мэдэгджээ. Тус мэдэгдэлд “БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын
аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын
хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн Хойд
Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс
ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна” гэжээ.