Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатар сонирхогчдын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэв

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. 2016 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог онцгой спорт. Тийм ч учраас, Улсын Их Хурал шатрын спортын хөгжилд өндөр ач холбогдол өгч энэхүү тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн” хэмээн онцолсон. Тэрбээр, “Оюун ухааны “хаан спорт” шатрыг дэмжих чиглэлээр 2013 онд бид Улсын Их Хурлын гишүүдээр дамжуулан бүх ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилгыг гарган ажил хэрэг болгож эхэлсэн. Мөн, сургууль бүрийг шатрын дугуйлан явуулах шаардлагатай тоног хэрэгслээр хангах зорилт тавьж амжилттай ажилласан. Энэ хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар 2014 онд Завхан аймагт 9999 хүүхдийн шатрын фестиваль амжилттай зохион байгуулсаныг дурьдахад таатай байна.

УИХ-ын даргын санаачилгаар эхэлсэн “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн” улам бүр мэргэжлийн түвшинд ойртсоор байна. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж, түгээх чиглэлд анхаарах юм” гэж хэллээ.

Анх 2013 онд Үндсэн хуулийн өдрөөр “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг” зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогчдын тоо 1200 болж өссөн юм. 2015 оноос сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван үе шаттайгаар явуулж, нийт 2400 орчим тамирчин оролцсон бол энэ жил улам хүрээгээ тэлж, 4800 шатарчин хамрагдсанаас нийт 120 шилдэг шатарчин шалгарч, оюуны хүчээ сорихоор хуран цуглараад байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Тэмцээний хамрах хүрээ энэ жил эх орны хилийн дээс давж, БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас шалгарсан шилдэг хоёр тоглогч өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Т.Сумьяа, энэхүү тэмцээнийг энэ жилээс эхлэн Монголын шатрын холбоо цахим системээр дэлхийн 180 гаруй оронд цацаж буйг дурдаад, тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчин Монголын шатрын холбооны дэд мастер цолыг албан ёсоор хүртэх эрхтэй болж байгааг дуулгасан юм.

Түүнчлэн тэрбээр, “2016 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Амжилт нь улам ахисаар байгаа өсвөрийн шатарчдын хувьд энэ бол маш том тэмцээн төдийгүй хүүхдийн шатрын хөгжил дээд хэмжээнд гарах нэгэн боломж. Тиймээс энэхүү шатрын тэмцээнийг өөрийн ивээл дор явуулж өгнө үү хэмээн Монголын шатрын холбоо, өсвөрийн шатарчдын нэрийн өмнөөс УИХ-ын дарга З.Энхболд танаас хүсч байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар 2016 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдов

Сүүлийн жилүүдэд манай урлаг, соёлын олны танил эрхмүүд хар тамхи хэрэглэж, арга хэмжээ авахуулсан тухай хэвлэлүүд байнга мэдээлж, нийгэмд анхааруулсаар байгаа. Гэтэл өсвөр насны залуус хүндэлдэг дуучид, жүжигчдээсээ буруу үлгэр дуурайлал авч хар тамхи хэмээх чимээгүй тахалд өртөх явдал газар авсаар байгаад хууль хяналтын байгууллагынхны санаааг зовоосон асуудал болжээ. Нөгөөтэйгүүр насанд хүрээгүй хүүхдүүд бие биедээ уруу татагдан мансууруулах бодис хэрэглэж үзсэнээр энэхүү аюулт зандалчны бүрэн хараат болж буй нь аюултай.

Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон тухай таагүй мэдээллийг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас дуулгалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх насанд хүрээгүй хүүхэд мөн холбоотой нь илэрчээ. Түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж буй гэнэ.

Мөн оны өмнөхөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Гэтэл ахлах ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон байдаг. 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Нийслэлийн эрүүл мэндийн газар 2008 оноос хар тамхины хэрэглээ рүү анхаарал хандуулж, 2009-2013 онд хэд хэдэн судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн өсвөр үеийн залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ байгаа эсэхийг судалж, судалгаанд 32 сургуулийн 2232 хүүхдийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, хотын төв, захын болон гэр хорооллын, улсын, хувийн зэрэг сургуулиас төлөөлөл оролцуулж санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан байна. Мөн 400 гаруй хүүхдэд хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байсан аж. Хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож, санамсаргүй, саваагүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэсэн гэсэн дүн гарчээ. Архинд донтсон хүн хамаг эд хөрөнгөө зарж үрдэг. Гэтэл мансууралт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нь архинаас 60 дахин их донтох байдал үүсгэдэг учраас санхүүгийн хувьд ч асар их хор хохирол учруулдаг байна. Хар тамхинд хордсон, донтсон хүн зан авирын хувьд өөрчлөгдөж, хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл гэж байхгүй. Тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.Иймд өсвөр насны хүүхдүүдийг хар тамхинд донтуулахгүйн тулд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал болохыг цагдаагийнхан онцлов.

Categories
мэдээ нийгэм

Тууль хайлах ёслол болно

Өнөөдөр (I/9) Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд их хөлгөн туульсын нэг “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг бүрэн ихээр нь Жилкерийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж хайлах юм байна. Дашрамд дурдахад, туулийн үргэлжлэх хугацаа 20 цагаас багагүй байдаг аж.

Categories
мэдээ спорт

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

Улсын
аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
“Буянт-Ухаа” спортын ордонд хоёр хоногийн турш болох юм.

Өнөөдрийн хувьд эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг,
97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд
тодорно. Тэмцээний урьдчилсан барилдаан 10.00-14.00, хагас шигшээ барилдаан
16.30-20.00 цагийн хооронд болно. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт
болох юм байна.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга
шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон
шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой билээ.

ХӨТӨЛБӨР:
Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-20:00 Хагас шигшээ барилдаан

/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-20:00 Хагас шигшээ барилдаан

/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Үндсэн хуульд ийм өөрчлөлт орно

УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасныг хүргэе.

1 дүгээр зүйл. “Үндсэн хууль” гэсэн нэрийг “Эх хууль” гэж нэрлэж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид байгаа “Үндсэн хууль” гэсэн нэр томьёог “Эх хууль” гэж хэрэглэсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “хуралдааныг” гэсний дараа “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.” гэсэн 3 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

1/Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/ Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах;”

2/Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“4. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.”

3/Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Засгийн газар дор дурдсан яамтай байна:

1/Сангийн яам;

2/Дотоод хэрэг, хууль зүйн яам;

3/Гадаад хэргийн яам;

4/Байгаль орчин, хөгжлийн яам;

5/Батлан хамгаалах яам;

6/Гэгээрлийн яам;

7/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;

8/Хөдөө аж ахуйн яам;

9/Дэд бүтцийн яам.

Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

4/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, Улсын Их Хуралд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

5/Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

6/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хурлынзөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.”

7/Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна.”

8/Тавин долдугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг:

“1. Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

З. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”

9/Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд түүний нутаг дэвсгэрийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.”

10/Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгож байгуулах журмыг хуулиар тогтооно.”

11/Жардугаар зүйл:

“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хороонд төрийн удирдлагыг тухайн аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Сум, хотын Засаг даргын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ. Сум, хотын Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгож, аймгийн Засаг дарга батламжилж, мөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.” гэж өөрчлөх.

3. Засаг дарга бүрэн эрхээ дараагийн Засаг даргыг томилтол хэвээр хадгална.”

12/Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг:

“2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг дарга хориг тавих эрхтэй.

4. Баг хорооноос бусад засаг захиргааны нэгжийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. Засаг захиргааны нэгж дэх төрийн захиргааны албаны удирдлагыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. Төрийн тусгай албаны удирдлагыг төвлөрсөн удирдлагын зарчмаар хэрэгжүүлнэ. Засгийн газар засаг захиргааны нэгж дэх төрийн тусгай албаны удирдлагын зарим эрх мэдлийг тухайн шатны Засаг даргад шилжүүлж болно.”

13/Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Улсын Их Хурал шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж болно.”

4 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “илээр” гэснийг “нууцаар” гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт, Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “засаг захиргааны” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН” гэснийг “ЗАСАГ ЗАХИРГААНЫ” гэж, Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг” гэснийг “Ерөнхий сайдыг” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “Засаг захиргааны” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн жилийн хугацаагаар” гэснийг “зургаан жилийн хугацаагаар нэг удаа” гэж, Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэснийг “Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн” гэснийг “нутаг дэвсгэрийн” гэж, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хотод тухайн засаг захиргааны нэгжийн” гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг” гэснийг “нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл, сум, дүүрэг” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч” гэснийг “Засгийн газар” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дуаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Ерөнхийлөгчийн ба”, Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч,” Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийнГучин нэгдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, 7 дэх хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйл, Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 20 … оны … дугаар сарын … -ны өдрийн … цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Гадаадад түрээслүүлсэн газраас олдсон баялаг ард түмнийх

Баянгол дүүргийн иргэн М.ЛХАГВАДОРЖ

Гадаад улсад хугацаатай түрээсээр эзэмшүүлсэн газарт Оюутолгойгоос том орд илэрч, түүнийг 100 хувь авч, цааш нь худалдаж байгаа талаар мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. Энэ бол арай л дэндсэн хэрэг шүү дээ.

Уг нь түр суух буюу тариа тарьж ашиглах зориулалттай, хугацаатай эзэмшүүлэх журамтай. Үндсэн хуульд газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гэж хуульчилсан байдаг. Ард нийтийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өмч мэт цааш нь худалдах ёсгүй. Баялгаа зүгээр өгчихдөг улс дэлхийн хаана ч байхгүй. XX зуунд колони улс л баялгаа үнэгүй өгч байсан байх.

Манай улс маш их өртэй, улсын хөгжил иргэдийн амьжиргаанд үлэмж их мөнгө шаардлагатай. Эдийн засаг хүнд үед стратегийн том ордын асар их хөрөнгөнд олон хүн найдлага тавьж байгаа билээ. Дэлхийд байгалийн баялгаар хамгийн баян улс мөртлөө гадаад өрөөр тэргүүлж, иргэдийн тэн хагас нь ядуу амьдралтай байгаа тул олон улсын байгууллага, НҮБ анхаарал хандуулах хэрэгтэй байна даа.

Стратегийн том орд нь 500 тэрбум долларын баялагтай байдаг болохоор манай улсын 100 гаруй жилийн төсөвтэй тэнцэхээр байгаа нь бидний болон хойч үеийнхний хөгжил, иргэдийн амьжиргаанд үнэлж баршгүй хувь нэмэр болох учраас зориулалтаар нь ашиглацгаая.

Тус ордыг ашигласнаар 100 гаруй жил улсын төсвийн мөнгө хоёр дахин нэмэгдсэнээр улсын хөгжил эрчтэй хөгжиж, иргэдийн амьдрал хангалуун болно. Оюутнууд тэтгэлэг тэтгэмжтэй болж, өрхийн амьдралд тус нэмэр болно.

Мөн гадаад улсаас зээл авах, газар нутгаа түрээслүүлэх шаардлагагүй болох тул ард нийтээрээ саналаа илэрхийлцгээе.

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үндэсний статистикийн хорооны талаар хэлэх үг байна

Чингэлтэй дүүргийн XVII хорооны ахмад настан М.Даваахүү

Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаанд нэг онцлог байдаг юм. Энэ нь НҮБ болон түүний салбар байгууллага, бүхэн статистикийн хэлтэстэй байдаг. Тогтмол болон цаг үеийн асуудлаар шаардагдах тоо баримт бэлтгэх ажилд манай улс оролцох үүрэгтэй. Ер нь Статистикийн салбар нь өөрийн гүйцэтгэдэг ажлаараа удирдлагын болон олон улсын тавцанд чухал шаардлагатай учраас аргачлал арга зүй нь олон улсын хэмжээнд байнга өргөжиж, сайжирч, энэ салбарын нэгж хоорондын харилцаа улам өргөн хүрээтэй болж, шинжлэх ухаан, технологийн ололт хурдан нэвтэрдэг онцлогтой.

Тусгаар тогтносон улс байх хэв шинжийг бүрдүүлэх 18 зүйл заалтад төрийн асуудал хариуцсан яамдтай, үндэсний цэрэг армитай, үндэсний мөнгөн тэмдэгттэй гэх мэтээс гадна Үндэсний статистикийн газартай байх гэж заасан байдаг. Манай улс 1911 онд тусгаар тогтносон учир Статистикийн байгууллагын түүх энэ үеэс эхлэх учиртай. Үүнээс үзвэл Статистикийн хороо нь тусдаа байх нь олон улсын болон манай улсын эрх ашигт нийцэж байгаа юм. Харин гадаад нэр томъёо хэрэглэх нь зохимжгүй юм. Энэ үгийг утгачлан орчуулах боломжтой. Нийгмийн үзэгдэл бүр утгатай, далд хүч агуулж байдаг. Энэ нуугдмал утгыг зохих аргачлалаар танин мэдэх боломжтой болгох оюуны мэлмийд илрүүлэн харуулах үйл ажиллагааны явцыг статистикийн шинжлэх ухаан гүйцэтгэдэг. Энэ нь тухайн үзэгдлийн утгын талаар явуулсан дүн судалгаа гэж болно. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн болохыг харуулсан түүхэн баримтыг ч цуглуулж байгаа юм. Үүнд Хүн ам, мал тооллогын ажлыг Дотоод хэргийг бүгд захирах яамны төв хэлтэс удирдан явуулж байсан агаад Богд хаан “Хүн ам, үнэн хөрөнгийг магадлан тоолох олон шавь боолчуудын ахуй байдлыг тунгалаг толинд үзэх адил илэрхий толилох …” хэмээн зарлиг бичигтээ цохон тэмдэглэж байжээ. Энэ бүхэн уг салбарын үйл ажиллагаа түүхэн уламжлалтай байсныг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Ромео, Жульетта жүжгийг хориглох хэрэгтэй байна” нийтлэлийг уншаарай

“Өдрийн
сонин”-ы бямба гаргийн дугаар хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо.
Иргэдийн дуу хоолой болсон “Хэлэх эрхийн индэр”, “Таны гал тогоонд”, Ном ярьж
өгье”, “Амрах агшин”, “Гэмт хэргийн тойм”, “Өдрийн зочин” зэрэг тогтмол
булангуудаас гадна “Мишээл экспо”-д өчигдөр эхэлсэн “Сар шинэ-2016” өргөтгөсөн
худалдааны сурвалжлага, “Альберт Эйнштений эсрэг тэсрэг амьдрал”, УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын ярилцлага зэрэг материалууд
орлоо. “Ном ярьж өгье” буландаа Австрийн нэрт аялагч Хайнрих Харрерийн “Түвдэд
өнгөрүүлсэн долоон жил” номыг оруулсан бол “Таны гал тогоонд” буланд люля кебаб
хийх аргачлалыг дэлгэрэнгүй нийтэллээ. “Сар шинэ-2016” өргөтгөсөн худалдаанд
дэлгэгдсэн үндэсний үйлдэрлэлийн бүтээгдэхүүний үнэ ханшийн хамт дэлгэрэнгүй
сурвалжиллаа.

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Хууль зүйн
байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн
дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга
З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх Ардчилсан намын бүлгийн дарга
Б.Гарамгайбаатараас авсан тодруулга нэгдүгээр нүүрт орлоо. Баримт, үзэл бодлын
гуравдугаар нүүрт “Ромео, Жульетта жүжгийг хориглох хэрэгтэй байна” нийтлэл
орсон бол тавдугаар нүүрт Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин,
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхцэцэгийг онцоллоо.
Энэ мэтчилэн цаг үеийн мэдээ, мэдээллийг өнөөдрийн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш утга зохиолын оны шилдэг бүтээл тодорно

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам маргааш болно. Монголын хүүхдийн ордонд зохиогдох энэхүү наадам нь Монголын зохиолчдын гал голомт бадарсан өдөр тохиож буйгаараа онцлог аж.

Уг наадамд жүжиг киноны, яруу найргийн, түүхэн роман зэрэг долоон төрөлд шалгаруулалт явагдах юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог. Түүнчлэн МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. “Алтан өд” наадамд 100 гаруй бүтээл өрсөлдөж буй юм.