Categories
мэдээ спорт

Ө.Чагнаадорж залуучуудын дээд амжилтыг 16 кг-аар ахиулжээ

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж залуучуудын улсын дээд амжилтыг нийлбэр дүнгээр 16 кг-аар ахиулж, шинэчлэн тогтоожээ. Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөжээ.

Хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит 2016 оны улсын аварга шалгаруулах залуучуудын тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.

Спортын ордонд явагдаж байгаа уг тэмцээнийг 21 хүртэлх насны залуусын дунд зохион байгуулж байна. Эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаан жинд аваргууд тодрох юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д “Самбуу сан” клубийн тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан байна. Мөн тус жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр Спортын дэд мастерын болзол хангажээ.

Categories
мэдээ нийгэм

Настай эмэгтэйг дээрэмдэж, гэмтээсэн гурван залууд эрүү үүсгэжээ

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр настай эмэгтэйг гурван залуу нийлж дээрэмдэж байгаа бичлэг цацагдсан. Дээрэм хийж, настай эмэгтэйг гэмтээсэн тэдгээр залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр баривчилсан юм.

Сэжигтэн этгээдүүд нь 1990 онд төрсөн, Дорнод аймгийн харьяат М, 1995 онд төрсөн, Увс аймгийн харьяат Б, А нар байсан байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог байна.

Харин хохирогч эмэгтэйн бие тааруу байгаа төдийгүй гар, хөл нь хугарсан, хамар хугарсан гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа юм байна.

Сэжигтэн этгээдүүд нь энэ сарын 8-ны үдшийн 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 74 настай эмэгтэй Ц-н цүнхийг булааж дээрэмдэхдээ шат руу чирж унагасан юм.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяр зориулсан үзэсгэлэн худалдаанууд болно

Сар шинийн баярт зориулсан идээ шүүс, ус ундаа болоод гарын бэлэг, өмсөх гоёлоо нэг дороос авч болох үзэсгэлэн худалдааны товууд гарчээ.

“Мишээл Экспо” төвд“Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс эхлэн 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд 130 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа юм.

Харин Хүннү молл-д “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг дуустал болох юм байна. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг өчигдрөөс эхлэнХХААЯ-ны Хүнснийүйлдвэрийнбодлогынхэрэгжилтийгзохицуулахгазарт бүртгэж байгаа аж.

Цагаан сараар өв уламжлал, ёс заншлаа сурталчлан таниулах, хамгаалан авч үлдэх зорилгоор үндэсний хувцсаараа гоёх нь жил ирэх тусам нэмэгдэх болсон. Иймээс иргэдэдээ нэг дороос үндсэний хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах, захиалах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Монгол гоёл-2016” үзэсгэлэнг нэгдүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлдэж байна. Энэхүү үзэсгэлэнд үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 100 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын амралт долоо хоногоор хойшлов

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт долоо хоног хойшиллоо.

Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны сайдын шийдвэрээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс ирэх сарын 08 хүртэл гурван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 сарын 12-18 хүртэл нэг долоо хоног тус бүр амрах болов.

Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28 хүртэл хоёр долоо хоног амарна.

Categories
гадаад мэдээ

Иранд жагсаал болжээ

Йемен дэх Элчин сайдын яам нь Саудын Арабын цохилтод өртсөн гэх мэдээлэл гарсны дараа Иранд томоохон хэмжээний жагсаал болсон байна.

Баасан гарагийн мөргөлийн дараа буюу өчигдөр жагсаал болжээ.

Жагсагчид Саудын Арабын хааны гэр бүлтэй холбоотой “Аль-Сауд үх” гэсэн зурагт хуудас барин Тегеран хотод цуглажээ.

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалсны дараа тус бүс нутаг дахь орнууд хоорондын хурцадмал байдал улам бүр газар авч эхэлжээ.

Йемен дэх манай Элчин сайдын яам Саудын Арабын агаарын цохилтод өртсөн гэж Иран пүрэв гарагт мэдэгдсэн. Харин Ираны уг мэдэгдлийг Саудын Араб няцаасан боловч Йемен дэх Элчин сайдын яам нь пуужингийн цохилтод өртөж, хамгаалалтын нэг ажилтан нь шархадсан тухай Ираны Гадаад хэргийн яам дахин мэдэгджээ.

Мөн уг хэргийн тухай нарийн мэдээллийг НҮБ-д илгээнэ гэж мэдэгдэлд дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хонин сүрэгт тарилга хийж байна

Дорноговь аймгийн Иххэт сумын МЭҮТ, хувийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамтарч сумынхаа хонин сууриудад “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарилгын ажил зохион байгуулж байна.

Тарилгын ажлын талаар тус сумын Засаг дарга Х.Пүрэвтэй холбогдож зарим зүйлийг тодруулахад “Тарилга зохион байгуулах Ажлын хэсэг долоо хоногийн өмнөөс ажлаа эхэлсэн. Шаардлагатай тун вакциныг аймаг нийслэлийн холбогдох газраас татан тавлөрүүллээ. Манай суманд дөрвөөс таван удаагийн давтамжтай их хэмжээний цас орсноосөвөлжилт хүндэрч хөдөө малчны сууриудаар явж ажиллахад багагүй бэрхшээл гарч буй. Жишээ нь тарилгыг өглөөний 09 цагаас хойш болон үдээс хойш харанхуй болохоос өмнө урьтаж хийх учиртай тул баг, хот айл бүрт хүрч үйлчлэх шаардлага тулгарч байна” гэлээ.

Дашрамд дурдахад тус суманд энэ жил 134 мянга орчим мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх Айраг, Алтанширээ сумын малчид отроор нутаглаж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү

Цэцийн шийдвэртэй холбоотой орон сууцны найман хувийн зээлийн олголт зогсчихоод байгаа билээ. Үүний дараа Иргэдийн сонордуулга нэртэй хуудас нийслэлийн гудамж, талбайд хаа сайгүй наасан байв. Энэ сонордуулгад “Арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болсон хэрэг. Цэцийн дүгнэлт нь Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж гарсан. Энэ нь орон сууцны зээлийг эргэн төлөгдөх баталгаагүй, хариуцах эзэнгүй, банк ч, шүүх ч хариуцахгүй болголоо. Аливаа үл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үнэ цэнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэл алга болов. Иймээс банкууд эргэн төлөгдөх баталгаагүй, найдваргүй зээлд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тарааж, эрсдэлтэй бизнес хийхээсээ татгалзаж, ипотекийн зээлээ зогсоов. Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч, хаус хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэсэн байв. Сонордуулгыг гаргасан газар нь “Шинэ хөдөлгөөн” гэсэн нэртэй аж. Орон сууцны найман хувийн зээл зогссонд дургүйцэж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс ямартай ч үүнийгээ олонд хүргэе гэж хаа сайгүй нааж. Гэтэл саяхан Цэц үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаж, Тагнуулд ханджээ. Цэцийн мэдэгдэлд “Иргэдийн сонордуулга нэртэй ухууулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж, зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.

“Шинэ хөдөлгөөн” гэдгээс гаргасан дээрх сонордуулгад үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирсан, сөргөөр нөлөөлөхөөр үг, өгүүлбэр нэгийг ч олж харсангүй. Үүнийг уншаад үндэсний эв нэгдэл яаж алдагдахыг ойлгосонгүй. Зээл зогсчихоор бухимдсан хүмүүс Цэцийн шийдвэр үүнд нөлөөллөө гэж үзэж. Үүнийгээ олон хүнд хүргэх гэж хуудас цааснууд наачихаж. Цэцийн шийдвэрийг бүх нийтээрээ алга ташин дэмжин хүлээж авах ёстой ч юм биш. Тэдний гаргасан шийдвэрийг хэн нэгэн буруу гэж үзэж болохгүй, ярьж, бичиж болохгүй гэсэн хууль байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч бай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Үүнийг Үндсэн хуульдаа заачихсан. Тэр Үндсэн хуулийг хамгаалж, зөрчүүлэхгүй байх ёстой байгууллага нь үзэл бодлоо илэрхийлсэн хэсэг бүлэг хүмүүс, эсвэл аль нэг хөдөлгөөнийг шалгуулах гээд тэр тусмаа үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирч байна гэж үзэж байгаа нь гайхан шогшроход ч багадмаар юм.

Ингэтэл их сүржигнэх юм ер алга. Эрхэм уншигчид ч “Шинэ хөдөлгөөн” гээчийн сонордуулгыг уншсан бол улс оронд хохирол учруулж, аюулгүй байдалд заналхийлсэн нэг ч зүйл олж хараагүй биз. Үндсэн хуулийн Цэц яаж хараад тэгж ойлгосныг мэдэхгүй юм.

Цэцийнхнийг хүмүүс элдвээр хэлдэг. Улс төрийн моорг, улстөрчдийн тэтгэвэртээ гарахдаа орогнодог газар, зөнөглөсөн хүмүүсийн цуглардаг газар гэх мэтээр ярьцгааж байхыг сонссон л байлгүй. Элдвээр ингэж хэлэхэд нь энэ ч юу л бол доо гэж боддог байлаа. Сая ийм хачирхалтай мэдэгдэл гаргахад нь эргэлзээ төрөөд явчихлаа. Зээлээр байр авч чадахаа байчихлаа гэсэн гоморхол, тунирхал, үүнд Цэцийн шийдвэр нөлөөлчихлөө л гэж тэдгээр хүмүүс үзээд санаа нэгдэн “Шинэ хөдөлгөөн” гэж байгуулчихаад Улсын бүртгэлээс нэрээ авч амжаагүй байсан ч байж болох юм. Үнэн хэрэгтээ “Шинэ хөдөлгөөн”-ийнхний тэр мэдэгдлийг уншиж байгаа ч хүн алга. Тэр нааж байгаа хуудсыг нь хараад цахимаар тараачихсан бол арай илүү хүн олж унших байж гэж бодогдоод л өнгөрч билээ. Ер нь үзэл бодлоо илэрхийлсэн ухуулах хуудас наахад хэн ч сүйд болдоггүй шүү дээ. Хаа байсан социализмын үед бүхэл бүтэн нийгэм солигдох мөчид одоо Монгол Улсын баатар болсон Э.Бат-Үүл цагтаа ухуулах хуудас наагаад явж л байсан. Хэн сүйд болж байсан юм. Айхтар юм болох вий гэж бэргэж байсан ч тэгээгүй. Гэтэл тэр үед цаг үе ямар байлаа даа. Өнөөдөр ямар байгаа билээ. Ямар ч хүн хувийн үзэл бодолтой байх эрхтэй. Үзэл бодлоо зарлан тунхаглах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үндсэн ойлголт ухагдахууны тэргүүнд явдаг. Хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуульд байдаг. Тэр Үндсэн хуулийг манаж, хамгаалж байх ёстой Цэц юу хийгээд байна аа. Хориннэгдүгээр зуун гараад, ардчилал Монголд хөгжөөд 25 жил болчихсон, ардчилсан оронд Цэцийн ийнхүү аяглах нь хэтэрхий инээдтэй харагдаж байна. Цаас наахад ганхдаг тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж байдаггүй юм. Монгол минь байрны зээл авч чадахаа байлаа гэсэн бичигтэй цаасны дайны хэврэг тусгаар тогтнолтой улс орон болж таарах юм уу, Үндсэн хуулийн Цэцийнхээн. Тэр байтугай бүхэл бүтэн нийгэм солигдоход ганхаж хөдлөөгүй тусгаар тогтнол. Хятадын дивизүүд Шанд өнгөрөөд явж байна гэвэл улс орны аюулгүй байдал эвгүйтэх нь гэж ярьж болох юм. Гэтэл хэдэн хүн цаас нааж, үзэл бодлоо бичсэний төлөө ийнхүү мэдэгдэл гаргахдаа тулж байгаа нь хэтэрхий хийрхсэний шинж. Тэдний мэдэгдлээс “Ихэнх нь улстөрч байсан, хийрхсэн хэдэн хөгшин хүн Үндсэн хууль манаж байгаа нэртэй эцэг хууль дээр зайдалж суучихаад улс төрийн шийдвэр гаргадаг” тухай зарим хүний хэлж байсан нь ортой юм шиг санагдахаар байна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 65 болгосон заалт оруулж ирж байгааг байнгын хороо хэлэлцэн дэмжээд байгаа. Ингэж нас зааж хуульчилж байгаад гайхах зүйлгүй юм байна. Үндсэн хуулийн Цэцийн эрхмүүд ээ, халдлага болох гэж байгаа юм шиг хадууралгүй, Үндсэн хуулиа л яг энэ үйлдэл шигээ маш сайн манаж, хамгаалж үзээрэй дээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ Умард Солонгост уриалав

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зарчмыг баримталж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох үйл ажиллагаа явуулахгүй байхыг Умард Солонгост БНХАУ уриалж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв.

“Бүс нутгийн байдлыг хурцатгах үйл ажиллагаа явуулахаас зайлсхийж, цөмийн зэвсэггүй болгох зарчмыг баримталж, үүнд өгсөн амлалтаа биелүүлэхийг БНХАУ Умард Солонгост уриалж байна. Умард Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг БНХАУ хамгаалж, уг асуудлыг зохицуулахад бусад оронтой хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

“Яг юу болсон нь бидэнд сонин биш. Харин Солонгосын хойгийг цөмийг зэвсэггүй болгох зарчмыг дагаж мөрдөн, бүс нутгийн тогтвортой, энх тайван байдлыг хадгалах нь БНХАУ-ын үндсэн байр суурь юм” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Зудтай таван суманд өвс тэжээл хүргэнэ

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь улсын нөөцийн салбарт хадгалж байгаа өвснөөс 8000 боодлыг зудтай байгаа таван сумын малчдад хуваарилах ажлыг аймгийн ХХААГ хийж байна.

Энэ сарын дундуур аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуй болон онцгой байдлын ажилтнууд бусад холбогдох албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зудтай байгаа Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумын малчдад өвс хүргэхээр боллоо. Үүнээс гадна Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дээрх сум бүрт 2000 боодол өвсийг үнэгүй олгожээ.

Засгийн газрын 480 дугаар тогтоолын дагуу зудтай байгаа аймгуудад өвс тэжээлийн тусламж үзүүлэх зорилгоор 2-3 жилийн өмнө Улсын нөөцөд татан төвлөрүүлж байсан үлдэгдэл өвс тэжээлийг малчдад үнэгүй олгохоор шийдвэрлэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Цөмийн туршилт нь амжилттай болсныг Пхеньянд тэмдэглэв

Хойд Солонгосын цөмийн туршилт амжилттай болсныг тус улсын иргэд өчигдөр Пхеньян хотод тэмдэглэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдөр мөн өдөр тохиосон байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга цугласан олонд хандан үг хэлэхдээ, ололт, амжилт гаргасан агуу хамгаалагч гэж улсынхаа удирдагч Ким Жөн Уныг сайшаав.

Мөн тэрбээр улсынхаа цөмийн туршилтыг зөвтгөж, АНУ-аас үзүүлж буй заналхийллийг тогтоон барих хүчирхэг цөмийн зэвсэгтэй болсон гэж мэдэгджээ.

Умард Солонгост суртал ухуулга явуулж байгаа Өмнөд Солонгосын ажиллагааг тэрбээр мөн буруушаагаад, АНУ болон түүний холбоотнууд суртал ухуулга цацсанаараа өөрсдийгөө дайны ирмэг рүү түлхэж байгаагийн шинж юм гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Умард Солонгосын удирдагчтай холбоотой кино тус улсын телевизээр гарчээ. Уг кинонд шумбагч онгоцноос баллистик пуужин харваж байгаа хэсэг гардаг аж. Ийм пуужин бүтээсэн тухайгаа Умард Солонгос тавдугаар сард мэдэгдсэн билээ.