Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”- даваа гаригийн дугаар хэвлэгдэн захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаараа тоймлон хүргэе.

Даваа гариг бүр тогтмол хүрч заншсан “Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт “Хүүхдийн цэцэрлэгийн өнгө өнгийн төрх”-ийг бичлээ. Улсын хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муугаас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, энэ оны эхнээс хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Гадаад хэргийн яам ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэж, дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болж, яамныхаа автобаазын хашаанд нийслэлийн 16 дугаар цэцэрлэгийн салбарыг байгуулсан байна. Энэ цэцэрлэгт өнжсөн тэмдэглэлийг нэг, 12, 13 дугаар нүүртээ нийтэллээ.

Өнөөдрийн дугаараас онцлох ярилцлага бол БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн ярилцлага байна. Тэрбээр салбар яамныхаа ажил болоод цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн юм. Ярилцлагадаа “Туул голд барих усан санд бага оврын цахилгаан станц барина” гэв. Түүний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Саяхан Өвөрхангай аймагт дунд сургуулийн хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан аавыг нь цагдан хориод байгаа. Энэ хэргийн талаар С.Сүрэнхорлоотой хийсэн ярилцлагыг нэг, долдугаар нүүрээс уншина уу. “Талийгаач хүү ангийнхандаа “Цагдаа нарт зодуулаад бөөлжөөд байна” гэж хэлсэн байна” гэх гарчигтай энэ ярилцлагад хэргийн талаар юу болсныг өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт П.Хашчулууны “Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй” нийтлэл хэвлэгдлээ.

Уг нийтлэлд “…Тэдэнд эх орноосоо урвасан гэх маш том ял онооно. Магадгүй хүний нийгэм дэх хамийн том ял энэ байх. Тэгвэл маш том ялыг бацаанууддаа ойлгуулах, ухамсарлуулах ажил хийсэн юм уу” хэмээн бичжээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

Оны өмнөхөн гавьяат цол хүртсэн дуучин Ж.Цэцгээгийн ярилцлага “Хүмүүс” буланд хэвлэгдлээ. Түүнийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын ээж, мөн алдарт морин хуурч Жамъяны охин гэдгийг урлаг сонирхогчид мэднэ. 19 дүгээр нүүрээс ярилцлагыг уншаарай.

Манай сонины брэнд булангуудын нэг болох “Удам судар” булан шинэ дугаараа хүргэж байна. Энэ удаад зураач С.Цогзолын удмынхны үүх түүхийг нийтэллээ.

Эдгээр онцлох нийтлэл, ярилцлага, тэмдэглэлээс гадна цаг үеийн бусад мэдээлэл, тодруулга өнөөдрийн дугаарт гарлаа.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2016.01.10/ өндөрлөлөө.

Нийт 95 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал 7 оноогоор шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт нийслэлийн Баянгол дүүргээс оролцсон С.Жаргалсайхан 7 оноогоор, тавдугаар байрт Хан-Уул дүүргийн оролцогч А.Энхтөгс 7 оноогоор тус тус шалгарсан юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд 34 эмэгтэй шатарчин оролцсноос Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн 8 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Дархан-Уул аймгийн оролцогч Т.Мандах 7 оноогоор удаалж, Налайх дүүргээс оролцсон Г.Ариунбаяр 7 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Хэнтий аймгаас ирж оролцсон 77 настай Р.Дамдинсүрэн, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор 59 настай М.Жаргалсайхан нарыг тодруулсан юм. Түүнчлэн “Оюунлаг түшээ”-гээр Ардын Их Хурлын депутат Д.Чилхаажав тодорчээ.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн жил ирэх тутам хүрээгээ тэлж, ач холбогдол нь өндөрсөж байгаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд маань өөрсдөө санаачлага гаргаж тэмцээнд оролцсон гэдгийг онцлов. Мөн тэрээр тэмцээнийг Монголын шатарын холбоо, нийслэлийн шатарын холбоо хамтран зохион байгуулж явуулсанд талархал илэрхийлээд, тэмцээний явцыг анх удаа найман өрөг дээр онлайн нүүдэл хийж, хийсэн нүүдэл бүр вэб сайт дээр тавигдаж байснаараа онцлогтой байсан гэдгийг тэмдэглэн хэллээ.Түүнчлэн ирэх жил зохион байгуулагдах тэмцээний үеэр хийгдэх өргийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 4800 шатар сонирхогч хамрагдсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Өнөрбат улсын аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорсоор байна. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй тэмцээний 61, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болов.

Эдгээрээс эрэгтэйчүүдийн 74 кг-ын аваргын төлөөх барилдаан үзэгчдийг шуугиулж, шүүгчдийг маргуулж орхив. Аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, улсын аварга Д.Гомбодорж нар барилдсан юм. Онооноос болж багагүй шуугиaн дэгдсэний эцэст П.Өнөрбат ялалтыг авсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 61 кг-ын жингийн аваргын төлөө дэлхийн залуучуудын аварга Т.Түвшинтулга, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Хаш-Эрдэнэ нар барилдаж Т.Түвшинтулга ялж, улсын аварга боллоо.

Categories
мэдээ спорт

П.Орхон түрүүлж, С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж, медальтнуудаа тодруулж байна.

Өнөөдрийн барилдаанаас 58 кг-д Дэлхийн аваргын медальт С.Цэрэнчимэд “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхонд ялагдаж, улмаар хүрэл медаль хүртэв. Харин П.Орхоны хувьд аваргыг ялж, өнөө жилийн түрүүг авлаа. Мөн 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг түрүүлсэн бол 75 кг-д Б.Одончимэг алтан медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

“Хилчин”спорт хорооны эмэгтэйчүүдийн баг түрүүлэв

Жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод гурав дахь өдрөө үргэлжлэв. Өнөөдөр багийн аварга тодруулах барилдаан болж, эмэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчид багаараа түрүүллээ. Харин хоёрдугаар байрт “Женко” клубийн охид шалгарав.

Багийн аваргын төлөөх барилдаанд:

  • -52кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Солонго “Женко”-гийн Б.Мөнхжаргалыг торгуулиар ялав.
  • -57кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Аззаяа А.Батзулд цэвэр ялагдав.
  • -63кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа Б.Мөнгөнчимэг нар вазари үнэлгээгээр тэнцэж, улмаар Д.Сумъяа торгуулиар ялав.
  • -70кг “Хилчин” спорт хрооны тамирчин Баасанжаргал өрсөлдөгчөө цэвэр ялав.
  • 78кг “Хилчин” спорт хорооны Б.Хонгорзул

П.Лхамдэгдэд цэвэр ялагдав.

Ийн 3:2 болж “Хилчин” спорт хорооны эмэгтэйчүүдийн баг түрүүлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүн төрөлхтөн жолоочгүй нисдэг тэрэг хөлөглөнө

Хятадын зохион бүтээгчид жолоочгүй нисдэг тэрэг зохион бүтээжээ. “EHANG 184” гэх энэхүү нисдэг машин мэт нисдэг тэрэгт хүн суугаад газрын зурагт очих газраа тэмдэглэхэд л болно. Жолоодох шаардлагагүй бөгөөд ийм төрлийн нисдэг тэрэгний анхны, туршилтын загвар аж. Энэхүү нисдэг тэрэг нь нэг зорчигч суух боломж бүхий их биетэй, дөрвөн хөлөндөө найман сэнстэй. Зохион бүтээгчид хэлэхдээ ашиглалтанд орох хараахан болоогүй байгаа бөгөөд Засгийн газрынхаа бүх төрлийн зөвшөөрлийг авсны дараа түүгээр нисч болох юм гэжээ. Гэхдээ Ehang төслийнхөн энэ технологийн талаар төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа гэнэ. EHANG 184 нь агаарт цагт 62 миль хүртэл хурдлах боломжтой. Мөн 11,480 фут явах ба 23 минутын хүчин чадал бүхий батерэйтай аж. Тэр маш жижиг. Ердөө л 18 фут урттай, 440 фунт жинтэй. Гэхдээ үүнээс ч жижиг хэмжээтэй болох боломжтой гэнэ.

184-ийг ашиглах нь жолоо барихаас аюул багатай.

Учир нь машин барихад гарах ослын эх үүсвэр нь жолооч өөрөө байдаг аж. Тэгвэл жолоочгүй нисдэг тэрэг маань бүх зүйлийг автоматаар хяналтандаа авч явах тул аюул багатай, хамгаалалт сайтай. Иймээс осол гарна гэж айх шаардлагагүй юм гэж онцолжээ.

Г.Сайнбилэг

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгджээ. Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халх, Ховд, Буянт зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2015.01.10-НЫ АРХИВААС: Twitter-ээр бусдыг гүтгэсэн гэх хэргээр ял сонсов

Анхан шатны шүүх энэ долоо хоногт twitter-т үзэл бодлоо илэрхийлсэн иргэнд холбогдох хэргийг хэлэлцэж, ял оноолоо. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн гэх үндэслэлээр Монголын Төмөр замын инженерийн холбооны гишүүн Л.Даваапилд анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (9.7 сая төгрөг) мөнгөн торгууль ногдуулсан юм. Л.Даваапил 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхийн твиттер хуудсандаа “МИАТ-т хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж бичсэний доор нь “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн юм бэ, сайдаа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 чинь хол давна” гэж бичсэн нь шүүгдэх үндэслэл болжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 111.2 буюу олон нийтийн өмнө бусдыг гүтгэсэн, алдар хүндэд нь халдсан гэх үндэслэлээр ял оноосон. Өмнө нь А.Гансүхийг twitter-ээр гүтгэсэн гэх үндэслэлээр жиргээч Ц.Бат мөн шүүгдэж байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан өд-2015” наадмын шилдгүүд тодорлоо

Утга
зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2015” наадам өчигдөр Монголын
хүүхдийн ордонд боллоо. Энэ өдөр МЗЭ-ийн хороо үүсэн байгуулагдсны 87 жилийн
ойн өдөр тохиосон юм. Түүнчлэн зохиолч Д.Сэнгээгийн 100, их зохиолч
Д.Нацагдоржийн 110 жилийн ойг тохиолдуулснаараа онцлог байв. Наадам утга
зохиолын есөн төрөлд шилдгүүлээ тодруулав. Тухайлбал, Хүүхдийн уран зохиол,
Хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, Жүжиг, кино, Утга
зохиолын судлал, Утга зохиолын шүүмж, Утга зохиолын орчуулга, Баримтат уран
зохиол гэсэн төрөлд шилдгийг нэрлэлээ. Наадмын үеэр Д.Нацагдорж болон
Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан тодруулснаас гадна “Утга зохиолын төлөө”
зүтгэлтэнг нэрлэж, МЗЭ-д гишүүнээр элссэн залуу яруу найрагчдад үнэмлэхийг нь
гардуулсан юм. Сонирхуулахад тус наадамд нэгэн шинэ номинац нэмэгдсэн нь УИХ-ын
гишүүн Н.Батбаярын санаачилсан гурван мөрт шүлгийн уралдаан юм.

“Алтан өд” шагнал хүртсэн уран бүтээлчид.

1. Яруу найргийн шилдэг бүтээл -Н.Мөнхбаяр -Дотоод цуурай

2. Хүүхдийн уран зохиолын шилдэг -Л.Мөнхбат- Амин зүрхний хайр буюу шидэт сарнай

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл Д.Энхболд- Өвс ногоо аниргүй

4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл Д.Пүрэв -Зүс буруу салхи

5. Жүжиг, киноны шилдэг зохиол Д.Урианхай- Ханануудын амьдрал

6. Утга зохиолын судлалын шилдэг бүтээл Г.Бямбажав- Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал

7. Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл Д.Хүү- Урлаг, утга зохиолын аман сэдвүүд

8. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл Н.Энхбаяр -Орчин үеийн Хятад яруу найраг

9. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл Ж.Баяржаргал- Монгол гарвальт суутан, цуутнууд

МЗЭ-ийн шагналыг:

1. Ч.Алтантүлхүүр – Есүй цагаан сарнаа уулс гэрэлтэнэ…

2. П.Анхтуяа-Дурлал яг дарс шиг

3. Ч.Наранцэцэг-Тунгалаг өнгө

4. Н.Өлзийбат-Оногдохуйн тавилан

5. Б.Хадбаатар-Чингүнжав дууль

6. Ш.Цоодол-Говь-Алтайн салбар

7. Ш.Энхбаяр-Сэтгэлийн хураангуй, Зүрхний хураангуй

8. Г.Даваасүрэн-

9. Болдын Батхүү-

10. Б.Цогнэмэх-Тэнгэрийн хүү /жүжиг/ бүтээлээр хүртсэн.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг:

1. Х.Чойдогжамц-Гүн хэлмэр-

2. Х.Алагаа-Эцэс үгүй төгсгөлд

3. Б.Алтанхуяг-Зурмал нүдэт хэрээ

Утга зохиолын төлөө зүтгэлтэнээр

1.Б.Дагвадорж, Б.Бүргэд нар нэрлэгдсэн.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг:

1. Ш.Бадарч-“Үд дундын уянга”

2. Д.Баянтунгалаг-“Зэлүүд сарны галбир”

3. Б.Баярсайхан- “Тэнгэрийн санаа”,”Хөх тэнгэр”

4. Л.Мягмарсүрэн-“Тэнгэрийн нутаг”

5. М.Эрдэнэбат-“Хүйтэн бороо”

6. Ш.Гүрбазар-

7. Б.Батрэгзэдмаа-Их хаадын санаа

8. Сумъяа-

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Сод Монгол” ХХК-ийн төв оффисын байр шатжээ

Гамшгийн удирдлагын төвийн мэдээлснээр, өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байжээ. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Соёлын төвийн өргөө “Сод Монгол” ХХК-ийн төв офисс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.10-ны өдрийн 03:26 цагт иржээ. Тус дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ослын газар ажиллаж галыг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын урд өвс борлуулах зогсоол дээр автомашин, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч, Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч ослын газарт очиж ажиллан унтраажээ.