Categories
мэдээ улс-төр

Зарим улсад суух Элчин сайд нарыг томиллоо

Зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томиллоо.

Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг эгүүлэн татахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Татварын байцаагчтай холбоотой гомдлууд иржээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон байна. Тус төвөөр 31142 иргэн үйлчлүүлжээ.

Татварын буцаан олголтын материалыг нэгдүгээр сард олгодог. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн татварын газар ачаалал ихтэй ажиллажээ. Үүнээс гадна Нийслэлийн халамж, үйлчилгээний газрынханд хөнгөлөлтийн карт шинээр авах, сунгах, халамжийн асуудлаар иргэд олноор хандсан байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил Нийслэлийн татварын газрын нэр бүхий хоёр байцаагчтай холбоотой багагүй гомдол ирснийг хэллээ. Эдгээр байцаагчид үйлчилгээний стандартыг удаа дараа зөрчжээ. Ийм нийслэлийн харьяа байгууллагаас томилж буй ажилтнуудыг харилцаа, ёс зүйд анхаарч хандуулж, удаа дараа зөрчил гаргасан дээрх ажилтнуудад хариуцлага тооцох талаар санал оруулсан байна. Тус саналын дагуу алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцуулах саналыг харьяа газарт нь хүргүүлэхээр болов. Цаашид иргэдэд хүнд суртал үзүүлсэн ажилтныг шууд сэлгэн ажиллуулахаар тогтлоо.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Содон хороолол, Мишээл экспо төвд байгуулах бэлтгэл ажлыг хурдасгах, дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үүрэг болгосон байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн эхний салбар Дүнжингарав худалдааны төвийг энэ сарын дөрөвнөөс туршилтаар, 14-нөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн юм.

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд Каори Ичод ялагдав

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээн эхлээд байгаа юм. Энэ тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-д С.Цэрэнчимэд олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичотой эхний тойрогт оноолт таарсан нь чөлөөт бөхөд шимтэгчдийн сонирхлыг татаад байсан. Гэвч С.Цэрэнчимэд энэ удаад Японы домогт бөх Ичод 13:0-ээр ялагдав.

С.Цэрэнчимэдийн хувьд ДАШТ-ээс хойш жин хасч олимпийн жин болох -58кг-д хүч үзэж байгаа юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны аймаг есөн гаригтай юу?

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ

Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм. Одоогоор нарны аймгийг үндсэн найман гаригтай, хэд хэдэн одой гаригтай хэмээн тогтоосон ч илрээгүй маш олон гариг, хиймэл дагуул, тоосонцор хүн төрөлхтний үл мэдэх нууц оршин байгаа гэж үздэг.

Үүний баталгаа болж Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач эрдэмтэд Майк Браун, Константин Батыгин нар нарны аймагт нэгэн шинэ гариг байгааг илрүүлжээ. Энэхүү үл мэдэгдэх X гариг нь нарны аймгийн хамгийн жижиг нь болох Дэлхий ван гаригийн тойрог замын цаана байрлах аж. Хэмжээгээрээ Далай ван гаригтай адилхан бөгөөд дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Энэ гариг өмнө нь одон орончдын дуранд өртөж байгаагүй шалтгаан нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдогт оршино. Эрдэмтдийн тогтоосноор Х гариг бүтцийн хувьд Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудтай адилхан юм байна. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан байна.

Нар болон шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь астрономын 200 нэгжтэй (нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг) тэнцэж байгаа бөгөөд Х гаригийг нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 астрономын нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.

Гэхдээ эрдэмтэд тус гаригийн яг бодитоор хараагүй аж. Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Майк Браун, Константин Батыгин нар энэхүү гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэжээ. Ингээд тэд Хавайн арал дахь “Subaru” гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Тэд гаргийг судлахдаа найман метр урт сансрын дуран ашиглаж байгаа аж. Х гариг үнэхээр байгааг баталтал тав орчим жил хэрэгтэй хэмээн тооцоолж буй юм. Учир нь ойролцоогоор таван жилийн дараа Х гаригийг таван жилийн дараа гэхэд одон орны дурангаар харах боломжтой болох аж. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болно.

Энэ дашрамд уншигчдадаа нарны аймгийн талаар товч танилцуулъя.

НАРНЫ АЙМАГ

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй хэмээн үздэг аж. Нарны аймгийн төв болох орчлон ертөнцийг гийгүүлэгч алтан нар нь бидний нүдэнд хамгийн ойр орших од билээ. Тэрхүү од болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрлөөс үүссэн юм. Гэвч энэ мананцар нь их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй. Тэднээс өөр олон элемент сансар огторгуйд тоосонцор адил тархаж байсан. Харин тэр элементүүд Их дэлбэрэлтээс хойш 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд хоёр хувьд ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг, дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг байна. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Нарны аймаг нь үндсэн найман гаригтай. Зарим эрдэмтэд есөн гаригтай гэж тайлбарладаг ч хамгийн бага Дэлхий ван гаригийг одой гаригт оруулснаар найман гариг хэмээн тооцох болсон билээ. Мөн маш олон тооны нээгдсэн болон нээгдээгүй одой гаригууд, нийт гаригийн дагуулууд болон тоо томшгүй жижиг хатуу биет, тоосонцруудаас бүтдэг.

Ингээд нарны аймгийн найман гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал:

•Буд Mercury

•Сугар Venus

•Дэлхий Earth

•Ангараг Mars

•Бархасбадь Jupiter

•Санчир Saturn

•Тэнгэрийн ван Uranus

•Далайн ван Neptune

Одоогоор эрдэмтдийн нээгээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай юм. Хамгийн тод ажиглагддаг томоохон, баттай тогтоогдсон таван одой гариг:

•Дэлхий ван Pluto

•Седна Sedna

•Оркус Orcus

•Квавар Quaoar

Нарны аймгийн үндсэн найман гаригийг хөрстэй гариг болон хийн гариг гэж хоёр ангилдаг. Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг гариг багтана. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.

Харин хийн гариг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг аж.

Бэлтгэсэн Э.НОМИНЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын дарга З.Энхболдод Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн байна. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн ба түүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Загдхүүгийн Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд алдарт Каори Ичотой барилдана

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн Олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Тус тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаан болох юм.

Манай улсаас энэ өдөр эрэгтэй 57 кг-ын жинд Ж.Баярхүү, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Хатантуул, Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд П.Орхон, Б.Шоовдор, А.Батцэцэг, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд , 64 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд Т.Түмэнцэцэг нар барилдана.

Энэ өдрийн барилдаанаас хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн барилдаан анхаарал татаж байна. Түүний хувьд эхний тойрогт олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар сугалаа татжээ.

Манай бөхчүүдийн эхний тойргийн оноолт:

Эрэгтэй 57 кг: (35 бөх)

  • Ж.Баярхүү – Ампар Рустам (ОХУ)

Эмэгтэй 53 кг: (17 бөх)

  • Э.Сумьяа – Марина Зуева (Казахстан)
  • Б.Хатантуул – Любовь Сальникова (ОХУ)
  • Д.Отгонцэцэг – Оршуш Стальвира (ОХУ)

Эмэгтэй 58 кг: (13 бөх)

  • П.Орхон – Б.Шоовдор
  • А.Батцэцэг – Э.Гантуяа
  • С.Бямбацэрэн – Анна Шербакова (ОХУ)
  • С.Цэрэнчимэд – К.Ичо (Япон)

Эмэгтэй 60 кг: (8 бөх)

  • О.Оюунтуяа – Елизавета Сорокина (ОХУ)

Эмэгтэй 69 кг: (12 бөх)

  • Т.Түмэнцэцэг – К.Буракова (ОХУ)
  • Ц.Баярзаяа – Эльвира Сыздыкова (Казахстан, II тойрогт) тус тус барилдахаар оноолт таарчээ.
Categories
гадаад мэдээ

Зика вирусийн халдвар авсан эсэх нь төрсний дараа л мэдэгддэг гэнэ

Латин Америкийн орнуудад нэгэн аймшигт халдвар өвчин тархаад байгаа талаар мэдээлсээр байна. Зика хэмээх вирусийн халдварыг авсан хүүхдийн тоо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 20 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Сальвадор зэрэг Латин Америкийн орнуудын эрх баригчид үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ эмэгтэйчүүдэд хандан энэ жилдээ жирэмслэхгүй байхыг анхааруулсан юм. Гэтэл өнөөдрөөс зика вирусийн халдвар Америк болон Европт гарсан тухай мэдээллээ.

Энэ аймшигт вирусийг ялаа тараадаг аж. Тодруулбал өвчтэй хүнийг хазах байдлаар нянг тээдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн их сөргөөр нөлөөлж хэвлийд бойжиж буй хүүхдийн уураг тархины хөгжлийг зогсоодог аюултай. Бразилийн 20 настай эмэгтэй Эрика Роке хэмээх бүсгүй саяхан төрсөн байна. Гэвч хүү нь зика вирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Хүүхдийн гар, хөл зэрэг нь хэвийн хөгжилтэй боловч жижигхэн толгойтой. Хамгийн аймшигтай нь халдвар авсан нь төрсний дараа мэдэгддэг гэнэ.

Зика вирус нь анх 1947 оны Угандад бүртгэгдсэн. Нарийвчилсан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа. Түүнээс хамгаалах вакцин, эм одоогоор байхгүй. Халдвар авсан тохиолдолд халуурах, бөөлжиж, биеэр улаан юм туурдаг.

ДЭМБ-аас Зика вирусийн халдварын эсрэг яаралтай баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн Зика вирусийн халдвар дэгдэлтэд дэлхийн хэмжээнд онц байдал зарлах эсэхийг ирэх даваа гаригт ДЭМБ-аас мэдээлэх гэнэ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Нэг настай бяцхан хүү халуун усанд түлэгдэж нас баржээ

Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 27-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4071 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1120, согтуугийн 438, зам тээврийн ослын 350, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 85 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БГД-ийн 7-р хороо ”ГССҮТөвийн “Түлэнхийн тасаг”-т эмчлэгдэж байсан хүн нас барлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 28-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 01-р сарын 17-нд Дундговь аймаг Өлзийт суманд суух Б /эр.1.8н/ нь гэртээ халуун усанд түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно

Нийслэлийн цэргийн ангиудын алба хаагчийн амьдрах орчныг сайжруулж, бие бялдарыг хөгжүүлэх “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, уралдааныг зохион байгуулх комиссын нарийн бичгийн дарга, Дэд хурандаа Т.Мөнхбаяр танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал орууллаа. Тус уралдаан нь анги байгууллагуудын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагуудын хөгжлийг нэг шатаар ахиулж, тохижилт, орчинг сайжруулсан, иргэн-цэргийн бахархлыг бий болгосон үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдгийг албаныхан онцолж байна.

Мөн тус уралдаан зохион байгуулагдсантай холбоотойгоор цэргийн албанд татагдах нийслэлийн залуучуудын тоо эрс өссөн гэдгийг албаныхан онцоллоо.

Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаан 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэргийн хүрээний бүх анги, нэгтгэлүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд тус уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо. Мөн шагналын санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн хошой шагналт Н.Жанцанноров шилдэг хөгжмийн зохиолч болов

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болов. Тоглолтын үеэр 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулсан юм.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж үлдээд байсан. Харин эцсийн шатанд яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар нэрлэгдэв. Ийнхүү АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодорлоо. Тэргүүн шагналтанд Гранпри шагнал болон “Морин хуур” наадмын шилжин явах мөнгөн морин хуурыг БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулан өгсөн.

Нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу

Хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу

Гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу

Тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус хүртлээ.