Categories
мэдээ улс-төр

З.Энхболд “Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Барилгын салбарын хөгжил
ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр өнөөдөр /2016.01.11/ Барилгын
политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийв.

Танилцуулгын
эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Үндсэн хуулийн цэцийн
дүгнэлтээс үүдэн 12 дугаар сараас ипотекийн зээл олголт зогссон. Үүний
гол хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж байсан иргэд
төдийгүй барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй
оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой
хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй
болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон
хүнийг ажилтай болгодог механизм байдаг. Барилга угсралт, барилгын
материалын үйлдвэр, тавилгын үйлдвэр, дотор засал чимэглэл хийдэг олон
зуун мянган хүн ажлын байртай, орлогтой байдаг.

8
хувийн хүүтэй орон сууцны зээл олголт зогссон нь Барилгын политехникийн
коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх
эсэх асуудалтай шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай
болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог.
Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт 3 жилийн өмнө
эхэлсэн 8 хувийн зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгсөн болохыг
харуулж байгаа юм гэв.

Монгол
Улс 1921-1990 он буюу 69 жилийн хугацаанд 100,000 өрх орон сууцанд
орсон байна. 2008 онд барилгын салбарт 50,000 хүн ажиллаж байв.
2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү
төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар
25,000 орон сууц шинээр ашиглалтад орж, 96,000 хүн энэ салбарт ажиллаж
байна. 2013-2015 онд жил бүр дунджаар 1322 мянган м2 орон сууц шинээр
ашиглалтад орж байна. Үүнийг 76,000 өрхөд ипотекийн зээлийн хэлбэрээр
олгочихсон байна. Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд барьсан
орон сууцны бүтээн байгуулалтыг 4 жилд хийх, энэ хэрээрээ 96,000 хүний
ажлын байрыг бий болгож, цалинтай болгож байна.

Энэ
бүхнээс харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үр
ашгаараа барилгын салбар уул уурхайн салбарыг орлох хэмжээнд эрчимжсэн.
Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн
эрэлт нэмэгдсэн байх. Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын
салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна. Түүнчлэн барилгын салбарын
үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр
төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чингис бондын хөрөнгө оруулалтын
үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт
өнөөдрийн байдлаар 95,695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт
ажиллахаар нийт 12,108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд
барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4,777 төгсөгчийн 68 хувь нь ажлын
байртай болсон байна. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг
хэрэгжүүлж, дэмжиж байгаагийн бодит үр ашиг нь энэ болохыг Улсын Их
Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцоллоо.

Түүнчлэн
ипотекийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Барилгын
политехникийн коллежийн багш, оюутнуудын тодруулсны дагуу ипотекийн зээл
зогссон шалтгааныг тайлбарлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар мэдээлж, харилцан ярилцав.

Улсын
Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
мөн тус арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлын хэлэлцэж буй
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Энэ хүрээнд хөдөлмөр,
бүтээлийн үр шимээ сургуулийн орчин болон дадлагын орчноосоо мэдэрч
улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болох, сургалтын
стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор
ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих,
чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, иргэний
дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох
стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай
холбох боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн МСҮТ-ийн
суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд
суралцаж буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж
буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцлон танилцуулсан юм.

“Барилгын
салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр Барилгын
политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийх үеэр Улсын Их
Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Улсын Их
Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Улсын Их Хурлын
даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад
хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чингис хаан бол манай үндэсний баатар”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд найрамдах
Франц улсад хийсэн айлчлалынхаа үеэр Францын “Фигаро” сонинд дараахь
ярилцлагыг өгчээ. Монгол Улсын хөрш хоёр улс-Хятад, Оростой хөгжүүлж буй
харилцаа хийгээд эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн өв уламжлалынхаа талаар
ярьсан байна.Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ярилцлагыг
Ален Барлүэ хийжээ.

“Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт
ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989
оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал
хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг.”

1963 онд монгол малчны гэр бүлд мэндэлсэн, Колорадогийн Их сургууль,
Жон Ф.Кеннедигийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэж,
парламентын гишүүн, Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан ноён Цахиагийн
Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд анх сонгогдож, 2013
онд улиран сонгогдсон байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр 1990 онд энэхүү
тал нутгийн улсад коммунизмыг унагааж чадсан ардчилсан хөдөлгөөний гол
зохион байгуулагчдын нэг нь юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр
Франц Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн
асуудлаарх Бага хуралд оролцохоор дахин айлчилсан билээ. Их эзэн Чингис
Хааны (1162-1227)үеэс хойш 800 гаруй жил өнгөрсөн хэдий ч Монгол Улс
өдийг хүртэл Өрнө, Дорно ертөнцийн аль алиныг нь анхааралтай ажигласаар
байгаа талаар тэрээр ийнхүү ярив.

Лө Фигаро: -Та СОР21 хуралд оролцсон. Уур амьсгалын
асуудлаарх энэхүү олон улсын хурлын үр дүнд гарсан хэлэлцээрийн талаарх
таны бодол?

Цахиагийн Элбэгдорж: -Манай улсад намайг “ногоон
хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн
эсрэг авч буй арга хэмжээ, бодлогыг маань НҮБ-аас өндрөөр үнэлж, шагнал
хүртээж байсан. Манай улс болон миний бие энэхүү үйл хэрэгт ихээхэн
хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай нутаг дэвсгэрийн ихээхэн
хэсэг цөлжилт, ган, хуурайшилтад нэрвэгдэжбайна. Үүнээс үүдэж хөдөө аж
ахуй, нүүдэлчин малчдын амьдрал ахуй доройтож байна. Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаар Монголын нүүдэлчин малчид ямар ч эрдэмтдээс илүү
мэргэжилтэн болсон. Жилээс жилд нөхцөл байдал улам доройтсоор байгаа
талаар манай малчид хэлж байна. Копенгагены уулзалтаар дэлхийн улс
орнууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй ч үүнээс хойш бүх нийтийг
хамарсан хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн байр сууриа би чанд
баримталсаар ирсэн. Энэ удаа, Парисын Бага хурлын үеэр бид тохиролцоонд
хүрч чадлаа. Тиймээс сэтгэл хангалуун байна.

-Хэдхэн долоо хоногийн өмнө Та Франц Улсад Төрийн айлчлал хийсэн. Энэ нь арваннэгдүгээр сарын 13-ны халдлагын маргааш өдөр нь…

-Миний айлчлал арваннэгдүгээр сарын 14-нд
эхэлсэн. Халдлагын дараа Элизейн ордонд хүлээн авсан анхны гадаад орны
Төрийн тэргүүн нь болсон. Монгол Улсын эв нэгдлийг Францын ард түмэнд
илэрхийлэхээр Батакланд очиж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг
хүндэтгэсэн. Бидний харилцаанд маш үр өгөөжтэй энэхүү айлчлалыг ярьж
тохирсоны дагуу хүлээн авч, хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Франсуа Олландад
гүнээ талархаж байна. Ийм хүнд цаг үед намайг элгэмсэг дотно хүлээн
авсныг би хэзээ ч мартахгүй. Монгол, Францын харилцаа олон зууны
түүхтэй. Гоо Филипп хааны үед манай хаанаас Францын хаанд хандаж захиа
илгээж, тэрхүү захиандаа бидний өвөг дээдсийн тухайн үед тогтоосон
найрсаг харилцааг онцолж байсан түүхтэй. Манай хоёр улс хэдэн зууны
туршид бие биеэ харилцан сонирхож, ажиглаж ирсэн. Хоёр орны харилцаа
амжилттай хөгжиж байгаагийн зангилаа нь юуны түрүүнд бидний нэгдмэл үнэт
зүйлстэй холбоотой юм. Бид хүний эрх, хуульт засаглал, ардчилал, зах
зээлийн эдийн засаг гэсэн ижил үнэт зүйлсийг дээдэлдэг. Японы тэнгисээс
Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн
хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар
сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад
хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг. Анхны чөлөөт парламентын сонгууль
болоход би уг парламентад сонгогдсон бөгөөд ардчилсан Үндсэн хуулийг
санаачлан боловсруулсан гишүүдийн нэг байсан. Тэр үед би ердөө 27 настай
байжээ. Тэр үеэс Францын тал биднийг байнга дэмжиж ирсэн. Улс төрийн
тогтолцооны хувьд ялгаатай, олон улсын асуудлаар өөр өөрийн байр
суурьтай байдаг Хятад, Орос гэсэн том хоёр хөршийн дунд Монгол Улс
оршдог. Хятадтай 4700, Оростой 3800 км хиллэдэг. Гэвч бид Франц Улсыг
Европын Холбоон дахь хамгийн ойр, итгэл хүлээлгэдэг “гуравдагч хөрш”-өө
гэж үздэг.

-Монгол Улс энэ хоёр аварга улсуудын дунд хэрхэн оршиж чадаж байна вэ?

-Хөршөө хэн ч сонгодоггүй. Монгол Улсыг
аварга том баавгай, луу хоёрын дунд оршдог арвай морьтой зүйрлэж болно.
Бид амьдралаа залгуулж сурсан улс. Хоёр хөршийн аль алинтай нь улс
төрийн болон газар нутгийн маргаан байхгүй. Тэд бидний тусгаар тогтнол,
амьдралын хэв маягийг хүндэтгэдэг. Бид хөршүүдтэйгээ харилцан ярилцах,
асуудлаа шийдвэрлэх механизмыг бүх шатанд нь бий болгосон. Одоогоос
гурван жилийн өмнө бүтэшгүй гэмээр нэгэн саналыг би дэвшүүлсэн юм.
Монгол, Орос, Хятад гурван орны удирдагчид гурвуулаа уулзах дээд
хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргасан. Ийм уулзалт хэдэн
зууны турш болж байгаагүй. Миний урилгыг Владимир Путин, Си Жиньпин нар
нааштай хүлээн авч, хэдийнээ хоёр удаауулзацгаасан.

-Чингис Хааныг Монголчууд
үндэстний өвөг эцэг хэмээн үздэг. Харгис балмадаараа танигдсан энэ хааны
талаар ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг вэ?

-Чингис Хаан балмад гэнэ ээ? Ийм зүйл
сонсох бүртээ түүнийг тийм ч муу хүн байгаагүй шүү гэж хариулдаг.
Харамсалтай нь, тухайн үед олон нийтийн харилцааны зөвлөх гэж түүнд
байгаагүй л дээ. Гэсэн ч тэр өнчин хөвгүүн дэлхий ертөнцөд шинэ дэг
журам тогтоож, дэлхийг эзэгнэсэн хаан болж чадсан. Тэрээр өөртөө ганц ч
хөшөө дурсгал сүндэрлүүлэлгүй дэлхийн талыг эзэлсэн хүн. Түүний зорьж
хичээж байсан ганц зүйл бол соёл иргэншил бий болгох явдал байсан.
Английн Магна Карта батлагдахаас ч өмнө буюу 1206 онд үндсэн хуулийн
үүрэг гүйцэтгэж байсан бичмэл хууль цаазыг тэрээр баталж, энэхүү баримт
бичгийн дагуу хаан төрийн ажлаа явуулж байсан юм. 800 жилийн тэртээ
дэлхийн шинэ дэг журмын суурийг Чингис хаан тавьсан. Энэхүү хууль цаазын
дагуу төрийг барьж, хэд хэдэн улсад түүнийг нэвтрүүлсэн түүх бий. Хэрэв
тэдгээр улсын ард иргэд энэхүү хуулийг мөрдөхөөс зайлсхийх аваас Чингис
Хаан тэднийг хатуу шийтгэж байв. 11-13 дугаар зууны үед Перст Ассасин
буюу Алуурчдын нууц бүлгэм энгийн ард иргэдийг айлган дарамталж байжээ.
Хоёр жилийн дотор монгол цэргүүд хууль ёс, дэг журам тогтоож чадаж байв.
Ийнхүү монголчууд Перст дахин хоёр зууны турш суурьшин амьдарч байжээ.
Бид яагаад түүхээрээ ийнхүү бахархдаг вэ? Монголчуудын ач буянаар
өнөөдрийн Орос, Хятад хоёулаа нэгдмэл улс болж төлөвшсөн гэж оросын
судлаачид үздэг. Иранд айлчлахдааби Аятолла Хаменейтэй уулзсан. Тэрээр
“Бид Монголчуудыг өндрөөр үнэлж, их дотно ханддаг шүү” гэж хэлж байсан
юм. “Яагаад” гэж би асуухад “Танай хаад бидэнд маш сайн зүйлсийг хийж
үлдээсэн. Шийтийн шашныг Персийн гол шашин болгож, анхны одон орон
судлалын төв, анхны их сургууль, анхны эмнэлэг, анхны номын сан зэргийг
байгуулсан” гэж хариулсан юм. Чингис Хаан бол их ухаантай хүн байсан.
Нэгэн түүх ярьж өгье. Монголчуудын ялалтаар төгссөн нэгэн тулааны дараа
ялагдсан цэргүүд өөрсдийн амийг нь хэлтрүүлэх байх гэж бодон жанжнаа
Чингис Хаанд барьж өгчээ. Гэтэл Чингис Хаан цэргүүдийг цаазалж, харин
жанжныг нь шагнасан ажээ. Үүнд л түүний гарамгай ухаан оршиж байгаа юм.
“Өнөөдөр эзнээсээ урваж зүрхэлж буй эдгээр цэргүүд хожмын нэг өдөр
надаас ч урвах нь дамжиггүй” гэж тэр бодож байж. Үүнээс хойш Чингис Хаан
тэр жанжинтай анд нөхөр болсон түүх байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө оройноос маргааш оройг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25 -30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна.. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халхголын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
2016 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 15-наас хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Харумафүжи аварга унав

Мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын Хацу башё өчигдөр эхэлсэн. Өнөөдөр болсон барилдаанаар башёг тэргүүлж буй Харумафүжи аварга өрсөлдөгч Шохозандөвдөг шороодлоо. Тэрбээр өрсөлдөгчөө дэвжээний зах руу түрсэн боловч Шохозан шилдэж татаад эхний даваагаа авав. Маргааш Харумафүжи аварга Айояаматай хүч үзэхээр таараад байна.

Харин Хакүхо их аварга өрсөлдөгч бөх Аминишикитэй барилдаж давлаа. Энэ нь тэдний 41 дэх удаагийн барилдаан байв. Их аварга түүнийг 37 удаа дахь удаагаа давлаа. Хакухо аваргын маргаашийн өрсөлдөгч нь Шохозан юм.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Анандын хувьд өчигдөр Ёшиказег хаясан бол өнөөдөр Такарафүжиг даван ээлжит ялалтаа авлаа. Маргааш Какүрюү Аминишикитэй барилдана.

Өнөөдөр озеки цолтой бөхчүүд бүгд даваа авсан бөгөөд Тэрүнофүжи өрсөлдөгч Точиношинг давсан юм.
Харин Ичиножёо озеки Гойёдод унан, даваа авч чадаагүй байна. Маргааш манай хоёр залуу хүчтэн хоорондоо учраа таарч барилдах юм.

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнийн эмчилгээний зардалд 130 сая төгрөг өгчээ

“Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, улмаар түүний биеийн 40 хувь түлэгдсэн. Тэрбээр БНСУ-д эмчлүүлэхээр өнгөрсөн сард явсан юм. Эмчилгээнийх нь зардалд зориулж 130 төгрөгийг “Эрдэнэс таван толгой” компаниас гаргасан байна.

С.Эрдэнэ нь “Эрдэнэс таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг өөр компани руу шилжүүлэх гэсэн асуудлыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурлын хийх үеэр өөрийгөө шатаасан юм. Энэ хэргийн “Эрдэнэс таван толгой” компанийн 203 ажилтныг шилжүүлэх шийдвэрийг өөрчилж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Энхбатад оноосон ялыг хэвээр үлдээв

Өнөөдөр Хонхэрэйдийн Б.Энхбатад холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүн хэлэлцсэн юм. Шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэд Б.Энхбатад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Б.Энхбат нь 2007 оны наймдугаар сарын 6-ны орой 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн Жанжины гудамж орчимд иргэн Ч-г буудаж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад цаазаар авах ял оногдуулсан юм. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Энхбатад анхан шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилсөн билээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монгол бичиг нь бичиг, соёл төдийгүй урлаг юм

МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр эрхлэн явуулдаг
“Монголын сайхан бичигтэн” 19 дэх удаагийн уралдааны шагналтнууд
тодорлоо. Уг уралдааны тэргүүн болон дэд, тусгай байрт шалгарсан
оролцогчдод шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын Уран зургийн
галарейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрдэмтэн судлаачид,
монгол бичгийн багш нар, оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан та бүхний энэ өдрийн түмэн амгаланг
айлтгаж,энэ сайхан үйл явдал болж байгаагийн учир тохиолыг тохиолдуулан
хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Монгол түмний бүтээсэн гайхамшигт өв соёл, түүнийг өдий болтол авч
яваа Монголын ард түмэн, монголчуудын хамгийн их бахархалтай өв соёлын
нэг бол монгол бичиг минь юм. Монгол хүн бүхэн монгол бичгийнхээ тухай
сонсож, монгол бичгээрээ уншиж, бичиж, монгол бичгийнхээ тухай магтаалыг
сонсоход байнга сэтгэл сэргэж, сайхан болж байдаг. Энэ бичиг өөрөө тийм
гайхамшигтай эрчим хүчийг агуулсан бичиг байгаа юм. Бидний олон үе энэ
бичгээрээ бичиж, суралцаж, эрмэлзэж, зүрх сэтгэлдээ тээж ирсэн учраас
энэ бичиг тийм гайхамшигтай гэж боддог. Монгол бичгийн гайхамшгийн тухай
хүмүүс маш их ярьдаг.

Т.Галсан гуай нар санаж байгаа байх, Улсын Бага Хурал гэж байхад
Монгол бичгийн хэрэглээний тухай анх удаа Монгол Улсын төрийн эрх барих
дээд байгууллагын хурлаар орж, олон янзын санал өрнөж, ярилцаж байсныг
сайн санаж байна. Тэр үеэс хойш Монголын үе үеийн төр, засаг монгол
бичгийг дэмжих, дэлгэрүүлэх тал дээр анхаарал тавьж ирсэн.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд монгол бичиг бол өөрөө урлаг байгаа юм.
“Мөнх тэнгэрийн бичиг” гэж гайхамшигтай үзэсгэлэн гардгийг та бүхэн
мэднэ. Мөн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг уран бичлэгийн
уралдаан байна. Бас олон улсын хэмжэнд бид санаачлаад нэг ажил хийж
байгаа. Энэ их сайн явж байгаа. Бичгийн соёлтой Азийн үндэстнүүдийн дунд
уралдаан зарлаж байгаа юм. Эхлээд Японтой хамтарч хийсэн. Японы Ерөнхий
сайд Ш.Абэтай уулзаж ярьж байхдаа бид энэ уралдааныг Монголд зохион
байгуулъя гэж санаачлаад, зун үзэсгэлэн гарсныг та бүхэн санаж байж
магадгүй. Японы алдартай уран бичлэгийн хүмүүс, Монголын алдартай бичдэг
хүмүүс үүнд оролцсон. Ерөнхий сайд Ш.Абэ өөрөө бичиж ирүүлсэн. Ш.Абэ
Ерөнхий сайдын буурал ээж нь өөрөө үзэсгэлэнд оролцож бичиж ирүүлсэн. Би
өөрөө “Морьтон” гэсэн таталбар бичиж гаргаж байсан.

Манай Г.Мэнд-Ооёо гуай, Японд сууж байгаа Элчин сайд С.Хүрэлбаатар
гэж монгол бичигт сэтгэл зүрхээ зориулсан хүн байдаг, тэр хүмүүс хамтарч
үүнийг зохион байгуулсан. Дараа нь Японд том үзэсгэлэн гаргасан. Одоо
бид Азийн бичлэгтэй, татлагатай улс орнуудыг цуглуулж үзэсгэлэн
гаргахаар ярьж байгаа. Энэ нь эв нэгдлийн, эв найрамдлын, улс
үндэстнүүдийн харилцан ойлголцлын, бас бичиг соёлоо хүндлэхийн их сайхан
илэрхийлэл юм гэж бодож байгаа.

Энэ дундаас харахад нэг зүйл байдаг. Монгол бичгийн уран татлага бол
Азийн бусад Хятад, Солонгос, Япон зэрэг орны бичгээс их өвөрмөц юм.
Үнэхээр гайхамшигтай, үнэхээр урлаг гэдэг нь харагддаг. Зөвхөн бичиг,
соёл төдийгүй, энэ бол урлаг юм. Ямар олон төрлөөр, ямар олон хэлбэрээр,
зураг хүртэл болгож, яаж илэрхийлж болдгийг харуулдгаараа гайхамшигтай
бичиг байгаа юм.

Монгол бичиг Монгол Улсыг маань бүрхэх болтугай гэж сая хөтлөгч
Ш.Ёолк хэллээ. Энэ сайхан бэлгэ ерөөл улам биелээсэй гэж хүсч байна. Энэ
бүхнийг тасралтгүй авч явж, байнга сэтгэл зүрхээ зориулдаг, энэ бичгийг
авч явах, амьдруулах гэж уралдаан зарладаг, уралдааныг зарлан зохион
байгуулахад учирдаг санхүү, зохион байгуулалтын хүндрэлийг давж, энэ
сайхан өдөртэй золгуулдаг, үүнийг Монголын ард түмний нийтлэг баяр
болгодог “Хүмүүн бичиг” сонины хамт олон, олон жилийн уламжлалтай
МОНЦАМЭ агентлагийн хамт олон, мөн монгол бичигт хайртай, дуртай монгол
бичгийн садан болсон, үүнийг дэмжиж байгаа аж ахуйн нэгж, ахмад,
алдартай бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Та бүхэнд их баярлалаа.

Хамгийн гол нь хойч үе, хүүхдүүд маань байна. Энэ бичгээр бичүүлэх
гэж явж байгаа эрдэмт мэргэн багш нар байна. Уйгагүй хичээл зүтгэлээрээ
энэ бүхнийг хийж, сургууль бүхэн дээр монгол бичгийг дэлгэрүүлэхийн
төлөө, бүтэн анги, бүтэн сургуулиараа монгол бичигтэн болж, тэр
бичгээрээ бичдэг болохын төлөө, цаашдаа бүтэн хамт олон, бүтэн улсаараа
монгол бичгээрээ бичиж, монгол бичгээрээ бахархдаг болохын төлөө
бүгдээрээ хичээн зүтгэцгээе. Ингэж хичээн зүтгэж, үүнд хувь нэмрээ
оруулж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье. Та бүхэнд баяр
хүргэе. Өнөөдөр та бүхний баярын өдөр” гэлээ.

“Монголын сайхан бичигтэн-2015” уралдааны тэргүүн байрын шагналыг
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12 дугаар ангийн сурагч Ганбагана,
Дархан –Уул аймгийн 29 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Шинэбаяр, Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар
ангийн сурагч Янжиндулам, нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн
12 дугаар ангийн сурагч Буянцэцэг нар хүртлээ. Мөн сурагчдын ангилалд
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 дугаар ангийн сурагч
Түвшинтүлхүүр, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор
сургуулийн 10 дугаар ангийн сурагч Болор-Уянга нар, уран бичлэгийн
төрөлд нийслэлийн Бичиг, соёл, боловсролын төвийн уран бүтээлч Одбаяр,
насанд хүрэгчдийн ангилалд Орхон их сургуулийн монгол хэл, уран зохиолын
багшийн 4 дүгээр ангийн оюутан Сувд, мэргэжлийн багш нарын ангилалд
Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн монгол хэл, уран
зохиолын багш Даваадолжин нар шалгарлаа. Бүтээлийн ангилалд Сэлэнгэ
аймгийн Хөтөл хотын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Гэрэлмаа,
сайхан бичигтэн төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 10б
ангийн хамт олон, тус ангийг улсын уралдаанд бэлтгэсэн багш Болормаа нар
тэргүүлсэн байна. Тэргүүн байрын шагналтнуудад Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг гардуулан өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, ахмад дипломатч Луузан. Намчин нар
өөрсдийн зүгээс монгол бичигтнүүдэд шагнал хүртээсэн бол нэрт эрдэмтэн
Ш.Лувсанвандангийн нэрэмжит сангаас мөн шагнал гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайд амаржсан эх H1N1 вирусээр өвчилсөн нь тогтоогджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Өвөрхангай аймагт амаржсан эх, хүүхдээс H1N1 вирус илэрсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ч.Уртнасангаас тодрууллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн А энэ сарын тавны өдөр сумын эмнэлэгтээ ирж хэвтэн хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Гэвч бие нь сайжрахгүй шээс нь хаагдан, халуун нь буурахгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэй байж болзошгүй байсан учир эх, хүүхдээс хамар залгиурын арчдас авч ХӨСҮТ-д хүргүүлэн шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр А хүрээний H1N1 вирус болох нь тогтоогджээ.

А хүрээний H1N1 вирусийн өвчлөл Монголд 2009 онд анх гарчээ. Үүнээс хойш жил бүр ханиад томуугийн улирлын үеэр гарах болж. H1N1 вирусийн тархалт нь хүн амын дархлалын түвшнээс хамаардаг байна. Манай улсын хувьд ханиад томуугийн улирал аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг аж.

О.Нямсүрэн

Categories
мэдээ спорт

Боксын улсын аваргын тэмцээн эхлэв

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын 36 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нээлтийн үеэр хэлэхдээ “2016 он бол олимпийн, бас Бүх ард түмний спартакиадын жил гэдэг утгаараа тэмцээн өргөн цар хүрээтэй болж байна. 34 байгууллагын 224 тамирчин өрсөлдөж байна. Тодруулбал, эрэгтэй арван жинд 141 тамирчин, эмэгтэй найман жинд 81 тамирчин оролцож байгаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гэмтлийн улмаас оролцоогүй. Бусад тамирчин бүгд оролцож байгаа. Эмэгтэй төрлийг нээлттэй зохион байгуулж байна. Өрсөлдөөн бий болгох зорилгоор Өмнөд Монголын болон Буриадын багийг оролцуулж байгаа“ гэлээ.

Улсын аварга “ширэн бээлийтнүүд” энэ сарын 17-нд тодорно. Тэдгээр аварга болсон тамирчдыг нэг сая 500 мянган төгрөгөөр шагнах юм. Харин мөнгөн медальтнууд нэг сая төгрөг, хүрэл медальтнууд 500 мянган төгрөгийн шагнал хүртэнэ.

Улсын аварга болсон тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд оролцох ёстой учраас ширүүн өрсөлдөөнтэй болно гэж таамаглаж буй юм. Энэ удаагийн тэмцээнийг гавьяат тамирчин В.Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. Олон улсын боксын холбоо гурав, хоёр, нэг гэсэн одны зэрэглэл өгдөг. Энэ дагуу бэлтгэсэн 1-3 одтой шүүгчид ажиллана.

О.Нямсүрэн

Categories
мэдээ спорт

“Пэпси лиг”-ийг “Хангарьд” тэргүүлж байна

Футзалын улсын аварга шалгаруулах“Пэпси лиг” тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн билээ.

Тэмцээний тоглолтууд амралтын өдрүүдээр явагдаж байгаа юм. Нийт 12 баг тойргийн журмаар тоглох ёстой.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэтийн “Хангарьд” клубийнхэн “Баянгол ФС”-тэй тоглож 9:1 харьцаатай хожлоо. Лигт олон жил тоглож буй тус багийн залуу тамирчин О.Мижиддорж хеттрик хийж ялалт байгуулсан юм. Ням гаригт болсон тоглолтоор “Соёмбын Барсууд”-ыг мөн л ялсан юм.

Одоогийн байдлаар хүснэгтийг тэргүүлж байгаа “Хангарьд”-ынхан энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр тоглолт хийхгүй, өнжинө. Харин нэгдүгээр сарын 23-нд “Улаанбаатарын Унаганууд”, 24-нд “ФС Улаанбаатар” багуудтай тус тус тоглох хуваарь гарчээ.

Оноогоор тэргүүлж байгаа бас нэгэн баг бол “Улаанбаатарын Унаганууд”. Тэд эхний тоглолтоо өнгөрсөн ням гаригт “ФС Улаанбаатар” багийн эсрэг хийж 11:0-ээр ялсан юм. Э.Ганзориг болон Ц.Түмэнжаргал нар тус бүр 2 гоол оруулж, П.Алтантулга, Г.Анархүү, С.Наранбаатар, Н.Цэдэнбал, Э.Пүрэвдорж, Г.Баярсайхан зэрэг тоглогчид тус бүр нэг гоолыг оруулснаар ялалт авсан.

Лигийн гуравдугаарт “Арвис” клуб бичигдэж байна. Тэд футзалын УАШТ-ий өмнө зохиогдсон тэмцээнд долоон ялалтыг авч “Пэпси лиг”-т оролцох эрхтэй болсон юм. Эхний тоглолтоо “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн эсрэг хийж 7:1 харьцаатай хожил байгуулсан билээ. Тэд нэгдүгээр сарын 16-ны бямба гаригт “Эрчим” клубтэй тоглох хуваарьтай байна.

Сэлэнгэпресс клубийн хувьд “ФС Улаанбаатар” багтай тоглож 5:3-аар эхний хожлоо байгуулсан бол дараагийн тоглолтоо “Баянгол ФС” багтай хийж, харин нэгдүгээр сарын 17-нд “Дэрэн”, “Континентал” багтай өрсөлдөх юм.

Эрчим клүб энэ удаагийн лигийн тэмцээнд үндсэн тамирчдаа оролцуулаагүй байна. Залуу тамирчдаар багаа бүрдүүлэн эхний тоглолтоо Континетал багтай хийж 4:4 харьцаатай тэнцэж гараагаа амжилттай эхлүүлсэн. Ирэх наймдугаар сард “AFC Cup” Эрчим клуб оролцох бөгөөд гол тамирчдаа бэртлээс хол байлгах үүднээс ийнхүү залуу тамирчдаар багаа бүрдүүлжээ. Дараагийн тоглолтоо тэд футзалын Улсын аварга “Арвис” багийн эсрэг хийх болно.

“Хоромхон” багийн хувьд энэ тойргийг өнжсөн ба ирэх 7 хоногт тэд эхний тоглолтоо “Соёмбын Барсууд” багтай хийх юм.

Тоглолтын тоймоос танилцуулахад одоогоор ийм байна. Тэмцээн ирэх гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Бэлтгэсэн: С.САЙНЗАЯА