Categories
мэдээ нийгэм

Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна

Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Мөн шөнийн цагт үнэмлэхүй бага температур 38-52 хэм хүрч хүйтрэх юм байна. Улсын онцгой комисс ээлжит хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгджээ. Цаашид цас нэмэгдэж орвол 40 суманд нэмж хүндрэх төлөвтэй байгаа ч дуулгасан юм. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгаар нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр 11.00 цагаас 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдал, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ахлах ангийнхны амралт эхэллээ

“School police” буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах “сургуулийн цагдаа” нар гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд гурван зуу мянга гаруй эцэг, эх “сургуулийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-оос, дунд ангийнхан энэ сарын 5-аас амарсан. Харин өнөөдрөөс ахлах ангийнхны II улирлын амралт эхэлж байна.

Categories
мэдээ спорт

Үндсэн хуулийн барилдаан маргааш болно

Ардчилсан Үндсэн хууль батлагдсны 24 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно. Тус барилдаан нь 2016 оны анхных болох гэж буйгаараа онцлогтой юм.

Сонирхуулахад Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд сонирхогчдын шатрын УАШТ-ийг дөрөв дэх удаагаа Төрийн ордонд зохион байгуулсан. Тэмцээнд 95 эрэгтэй шатарчин өрсөлдсөнөөс нийслэлийн тоглогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэйчүүдээс Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын зөвлөхөөр Г.Байгалмааг томилов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо. Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдахаар товлосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дипломат ёс По-Монгольски

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

2007 онд манай Ерөнхийлөгч Францад айлчилваа. Засгийн газрынхаа наймын найман сайдыг дагуулаад явдаг юм байна. Парламентын засаглалтай оронд энэ ч арай биш л дээ. Гэхдээ францчууд эмзэглэсэнгүй, өөрсдийнх нь хэрэг биз. Харин айлчлалаас хожим дипломат ёсонд суралцаж буй оюутан залууст зориулсан кино хичээлийг Монголын төлөөлөгчдөөр төлөөлүүлэн үйлдэв. Үүнийгээ зурагтын нэг сувгаар ч гаргаж, одоо ч сургуульд сурах бичиг маягаар үзүүлдэг юм байна.

Тэр үед Францын Сангийн сайд байгаад хожим нь Олон улсын валютын сангийн захирал болсон Кристин Лагард Монголын Ерөнхийлөгчийг хүлээн авч оройн зоогонд урьсан юмсанж. Ёслолын албанынхан хэрхэн ажиллаж байгаа, ёслолын албаны дарга тогооч, зөөгч нарт зөвлөж тушааж байгаа нь кинонд гарна. Төрийн хүндэтгэл учир торгон цэрэг гозойтол зогсчихсон ч байх шиг. Хатагтай Лагард ширээний ард суужээ. Ханын цаг харуулна. Монголын төлөөлөгчид байдаггүй ээ. Тэдний буусан зочид буудлын гадаа хаалгыг байн байн харуулна. Ёслолын хүндэт харуул, хамгаалагчид, машинтай жолооч нар бүгд л цагаа байн байн харан хүлээнэ. Хатагтай зоогийн ширээний араас босон их л бухимдаж буй бололтой танхимаар алхана. Ёслолын дарга бачимдан хүн хүнтэй уулзана, гараа сэгсэрнэ. Цаг явсаар. Ийнхүү бүхнийг бухимдуулсны эцэст 47 минут хожимдсоор манай төлөөлөгчид танхимд арай гэж орж ирлээ. Бодвол тэр том орны Сангийн сайдаас юм л гуйх гэж байгаа шүү дээ.

Бүдүүлэг л юм даа. Далаад оны үед Угандын Ерөнхийлөгч асан Иди Амин гээд хүний мах иддэг аймаар дарангуйлагч байлаа. Тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг 30 минут, Ромын Папыг 45 минут хүлээлгэснээр рекорд тогтоож 300 мянган хүн алснаасаа ч илүү шуугиан үүсгэж байсан юм. Манайхан энэ “амжилтыг” эвдсэн бөлгөө.

Монголын Ерөнхий сайд Японд айлчилваа. Мэдээж Засгийн газрын гишүүн биш мөртөө баахан УИХ-ын гишүүд “хүчээр” дагалдан очив. Хоёр орны хооронд тодорхой асуудлаар хэлэлцээ хийхээр тохирсон байлаа. Японы Ерөнхий сайдыг дагалдаад хэлэлцээ хийх асуудлыг хариуцсан найман япон ажилтан оролцов. Харин Монголын талаас найман УИХ-ын гишүүн “хүч түрэн” орсон тул асуудал хэлэлцэх ёстой Монголын найман ажилтан хаалганы гадна үлдэх нь тэр. Яг хүнийхээ тоонд тааруулсан сандал ширээтэй тул Монголын талын хэлмэрчид зай олдсонгүй, тээр буланд суужээ. Япончууд бэлдсэн материалаа урдаа тавиад үзэг цаасаа зэхэв. Манай гарууд нэрэлхсэн бололтой бүгд л энгэрийн хармайнаасаа нэг нэг “Монблан” хэмээх учиргүй үнэтэй алтан үзэг гаргалаа. Гэвч тэдний хэнд нь ч цаас байсангүй. Хэлмэрчийг цаасаа аль хэмээн нэхэж автал цаадах нь бүгдийг нь тарааж өгөөд өөртөө юу ч үгүй хоцрох нь тэр. Хэлэлцэх асуудлын талаар Монголын талаас мэдэх хүн танхимд нэг ч байгаагүй учир тун ч эвгүй юм болсон доо. Хэлэлцээ өндөрлөсний дараа хэлмэрч цаасгүй учир протокол хөтөлж чадсангүй. Харин УИХ-ын найман гишүүн маань гарахдаа ширээн дээр мөнөөх цааснуудаа үлдээжээ. Дээр нь юу тэмдэглэснийг сонирхвол нохой, хүн зурсан, нэрээ дармалаар бичсэн, тэнд байгаа хүмүүсийн нэрсийг сараачсан хэрэггүй хог!

За энэ бүхэн ч яахав дээ, бүдүүлэг тэнэгээ л гайхуулаа биз, соёлт ертөнцийн хүмүүс ойлгоно, тэртэй тэргүй. Урьд бол энэнээс ч аймаар юм хийдэг л байсан. Далаад оны үед Улаанбаатарт Франц улс өөрийн Элчин сайдын яамаа нээсэн юм. Гэтэл Элчин сайд руу өнгөний өвчтэй хүүхэн оруулчихаад дараа нь дуудаж авчран “Чи өвчин авсан, энийг чинь зарлана, эсвэл манай тагнуулын байгууллагатай хамтарч ажилла” гэж тулгаж байлаа. Элчин сайд хүзүүгээрээ заагаад “Миний энэнээс дээших нь Францын Ерөнхийлөгчид хамаардаг, дооших нь надад хамаардаг” гэж хариулсан ба тэр даруй Монгол дахь Элчин сайдын яамаа татан буулгаж, Монголыг хар дансанд хөтөлсөн юм. Хожим Ерөнхий сайд Бямбасүрэн Францад айлчлахдаа энэ тэнэг явдлыг коммунизм руу чихэн байж цайруулсан билээ. Английн Элчин сайдын яамны ажилтан залуу руу НАХЯ-ны төлөөлөгч хүүхэн оруулчихаад түүнийгээ жирэмсэн болсон тул Монголын тагнуулын албанд ажиллахыг шахаж байсан ичгүүртэй явдал ч бий.

Энэ бүхнийг хаа хаанаа ойлгож болно л доо. Үзэл суртлын хүйтэн дайн болж байх үед монголчууд нэлээд бүдүүлэгдүү боловч цаад зөвлөлтүүдийнхээ даалгаврыг биелүүлэх гэж хөглөө л биз. Одоо үед бол дипломат ёс мэдэхгүй, цаг хугацааны баримжаа байхгүй, хэлэлцээ гэрээний тухай ойлголт тааруутай нүүдэлчид л байгаа биз. Үүнээс ч дор загнадаг хоцрогдсон орны төлөөлөгчдийн марзан аашийг тэд зөндөөнийг үзээ биз. Тэр байтугайг ч өршөөж үздэг юм. Ерээд оны төгсгөлөөр манай УИХ-ын төлөөлөгчид Баваарт албан ёсоор айлчилсан юм. Төв мүзэйг нь үзэж дууссаны дараа хүндэтгэлийн дэвтэрт зочдоор үг бичүүлэх болжээ. Яг урд талд нь Хятадын дарга бичээд гарын үсгээ зурчихсан байв гэж бодохоор их л нандин эд байж. Манайхан үг биччихээд доор нь алгын чинээ том хас тэмдэг зурж хаячихаад үүнийгээ “Эдний Гитлер ч, манай Чингис ч дэлхийг эзэлж явлаа” гэж тайлбарласан. Дараа нь Мюнхэн хотын мүзэй үзжээ. Тэнд Гитлерийн үг хэлж байсан индэр ба нацистуудын хуралддаг байсан пивоны мухлагийг түүхийн үзмэр болгон тавьсан байж. Манай хэд үсээ буруу самнаж хамар дороо үзгээр сахал болгон будаад мөнөөх индэр дээр гараа нацист маягаар сунган ёсолж байгаад ээлж дараалан биеийнхээ фото зургийг татсан байдаг юм. Үүнийг германчууд эхэндээ их л хүндээр тусган авч доромжлол хэмээн үзэн эсэргүүцлийн ноот өгсөн боловч хөөрхий дөө, байгаа нь л энэ юм гэсэн бололтой тэгэс хийгээд “мартаж” л байсан.

Харин сүүлийн үед хөрш болон найрамдалт орнуудыг илт доромжилсон, зориудаар өдөөн хатгасан, яавч цайруулж үзэх аргагүй элдэв аашийг манай төрийн удирдлагаас гаргах боллоо. 2010 онд Солонгос улсын зүгээс Монголд 35 жилийн хугацаатай, жилийн 0,15 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгохоор хоёр тал тохиролцон гар хөлийн үсгээ зурсан юм. Гэтэл Портуун хэмээх Монголын санхүүг тэр чигээр нь мэддэг бөө гарч ирээд “Танай энэ зээлийг чинь бид авахгүй, Чингис хааны нэрээр бид хамаагүй том зээл босгож байгаа” гээд зээлийг тэр чигээр нь царцаажээ. Зээл авах хүчинтэй хугацаа нь сая дууслаа. Асуудал үүгээр зогсоогүй. Мань бөө Улаанбаатарт суугаа Солонгосын элчин сайдыг дуудаж авчраад “Танайхан манай хүүхнүүдийг их оролдож байна. Иймээс манай орон танайтай дипломат харилцаагаа таслахаар шийдсэн” гэж дөвчигнөсөн байдаг юм. Шилжилтийн эхэн үед бидэнд хамгийн их тусалсан газар бол Япон, Солонгос хоёр юм. Манай олон мянган хүн тэнд хууль бусаар ажиллаж гэр рүүгээ валют илгээдэг байсан нь тухайн үедээ улсын валютын нөөцийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг байлаа. Манайхан тэнд олон ч хүчин, аллага, хүнд гэмт хэрэг тарьсан даа. Энэ болгоныг солонгосчууд нүдээ аниад л өнгөрөөж байсан.

Тогтсон дипломат ёсоор бол хоёр орны төр засгийн тэргүүн нар уулзахад суугаа элчин сайд нар нь заавал өөд өөдөөсөө харгалзан суудаг. Дээдсийн ярилцаж тохирсныг хэрэгжүүлэх, цааш дамжуулж ажил хэрэг болгон хариуцах хүмүүс нь элчин сайд нар шүү дээ. Монголын Ерөнхийлөгч Москвад Путинтэй уулзахад манай Гадаад харилцааны сайд Москва дахь элчин сайдаа хөөгөөд ойртуулаагүй. Ийм явдал дараа нь Германд ч тохиолдсон. Саявтар Японы болон Солонгосын Ерөнхий сайд айлчлан ирэхэд мөн л тухайн газарт суугаа Монголын элчин сайд нарыг дагалдан ирэхийг тас хориглож байв. Энэ нь ерөөсөө л өндөр хэмжээний зочныг үл тоомсорлосон, айлчлалын ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг гэж олон тайлбаргүйгээр шууд ойлгогддог.

Дараа нь Гадаад харилцааны сайд “үндэстэн дамнасан” хов хутгадаг боллоо. Монгол-Оросын тал тавь тавин хувиар хувьцаа эзэмшдэг Улаанбаатар төмөр замын даргыг мань эр оросуудад очиж худал матаас хүргэн ховложээ. Монголын талын дарга хувьцааг хятадуудад дамлан худалдах гээд нууц гэрээ хийсэн байна гэж авдаг юм. Тийм мангар юм гэж угаасаа хаана байх билээ дээ. Тэрний ч мэдлийн юм биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээгүүр нь явдаг ложистик үйлчилгээнд улам идэвхтэй орооч л гэсэн бололтой. Хятадууд хүйтэн дайны үед ч богооноо Монгол, Оросын төмөр замаар явуулж төлбөрөө төлдөг байсан. Энэ төмөр замыг аль болох их ачаалалтай ашиглаж байвал сайн л биз дээ. Хойтонгийн сонгуульд хүч үзэхээр шийдсэн мань сайд ард түмэндээ шударгаа нэг сайн харуулаадахъя гэж бодсон бололтой өнөө гүжир матаасаа мэдээллийн хэрэгслээр нэг цацаж, танхимынхаа Ерөнхий сайдад ил захидал бичиж баатарлав. Матаасын гол санаа: Өмнөд хөрш бол манай гол дайсан, гэтэл тэдний тавиул тагнуул тэдэнд улс орноо худалдах гэж байгааг нь шударга эх оронч миний бие илрүүлж буйгаа Монголын нийт ард түмэндээ зарлан тунхаглая!

Тэрээр өмнөх сайдаа худал үнэн матаж, АТГ-аар гүйсээр байгаад огцруулан, оронд нь хэдхэн сарын сайдын сэнтийг эзэгнэнхэн төрсөн нэгэн. Ажилд орсон өдрөө яамны 30-40 ажилтныг нэгэн зэрэг халж төрийн аппаратыг самарсан. Монголоос гадаадад суугаа элчин сайд нарыг хугацаа нь болоогүй байхад зэрэг зэрэг татаад зарим суудал нь жил болох гэж байхад хоосон онгойгоод л байж байна. Элчингүй байх нь төвийг байнга сахих бодлого юм болов уу? Өдгөө татагдаагүй элчин сайд нарыг АТГ-д матан шалгуулах их ажлаа өрнүүлж байгаа. Хийсэн хэргийг нь Засгийн газар зэмлээд цалингийн гучин хувиар торгож гэнэ ээ. Чингис бондоос олон сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэг байгуулна гээд хусчихсан хүнд ч тэр торгууль юу ч биш байх. Манай орны хувьд гадаад харилцаа гэдэг байгаль орчны сэдвээс ч чухал, эмзэг, хариуцлагатай асуудал юм. Сэвтсэн байтугай гүн шарх олсон гадаад харилцаагаа аврахын тулд хамаг бурууг маанаг гайхалд чихээд бушуухан огцруулж нэр нүүрээ авардаг юм, эрүүл газар бол.

Японы Ерөнхий сайд айлчлахад манайхан болсон хойно Дорнод руу төмөр зам тавиад өгөөч, Таван толгойд хөрөнгө оруулаач гэж баахан шалж дээ. Япончууд “судалъя” л гэсэн байна. Ойлгомжтой шүү дээ. Гэтэл манай гайхлууд нийтийн мэдээллийн хэрэгслээр “Япон төмөр зам барьж, уурхайд хөрөнгө оруулахаар шийдлээ” хэмээн сүр бараатай зарлан, үүнийг бүтээсэн хүн нь би шүү гэдгээ мэдэгдэхээр уралдах нь тэр. Улаанбаатарт суугаа Японы Элчин сайд зориуд нэр заан “Гадаад харилцааны сайд, болон УИХ-ын эмэгтэй гишүүн нар буруу мэдээлэлтэй байна” гэж хэлжээ. Үүнд хорссон сайд маань нууц нэрээр Японы Элчин сайдыг гүтгэн харааж зүхсэн бүтээл туурвиад төвийн хэвлэлүүдэд гаргав. Түүгээр барахгүй Элчин сайдад пэрсон нон грат өгч хөөж гаргана хэмээн сүгсэлзэж тал тал тийш матаас илгээсээр.

Хүний муу үзэх гэсэн юм биш шүү, Монголынхоо мууг л засах арга байдаг болов уу гэсэн хэрэг. Мунхаг, өөдгүй нэгэн байх л даа, харин тийм этгээдэд эрх мэдэл өгчихөөр алийгаа алдаж, эцэст нь хор хохирлыг нь нийтээрээ л амсана шүү дээ.

2015.12.25

Categories
мэдээ цаг-үе

Э.Нандинзаяа: Би Сувд эгч шиг мундаг жүжигчин болохыг мөрөөддөг

Авьяаслаг монголчууд-2015” шоунд оролцохоор Эрдэнэт хотоос ирсэн зургадугаар ангийн сурагч, уран уншигч Э.Нандинзаяа үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөж шилдэг 32-т үлдэж чадсан. Хараахан шилдэг наймд шалгараагүй ч хоёр салаа гэзэгтэй, эвлэгхэн хоолой, тод яруу үг хэллэг, шаггүй жүжиглэх авьяастай Нандинзаяаг үзэгч олон ихэд үнэлж, ялангуяа шоуны шүүгч Rokit Bay “Ирээдүйн гавьяат жүжигчин болно гэдэгт эргэлзэхгүй байнагэдгээ хэлээд авсан. Тэрээр гуравдугаар шатандНоровын намтар”-ыг уншсан билээ. Түүнчлэн шинэ онд зориулсан шоуны тусгай дугаарт уран уншигч охин чамгүй дуучин гэдгээ харуулаад авсан байна. Ингээд Э.Нандинзаяатай ярилцсанаа хүргэе.

Эрдэнэт хотын аль сургуульд сурдаг вэ. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Нандинзаяа гэдэг. Би Эрдэнэт хотын “Баян өндөр” цогцолбор сургуулийн зургадугаар ангид сурдаг.

Аав ээжийгээ танилцуулаач?

-Манай аавыг Эрдэнэ, ээжийг Нямсүрэн гэдэг. Манай аав Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт жолооч, ээж маань одоогоор дүү нарыг хараад гэртээ байгаа.

Нандинзаяад шоунд орох санааг анх хэн тавьсан бэ?

-Шоунд оролцох санааг анх сургалтын төвийн багш гаргасан. Улаанбаатар хотоос “Монгол HD” телевизийнхэн ирчихсэн шалгаруулалт хийж байгаа юм байна гээд аав, ээжид хэлсэн. Тэгээд охиноо оруулбал зүгээр юм гэж ярилцаад би оролцохоор болсон.

-“Авьяаслаг монголчуудшоуны нэгдүгээр шатандЦэдэндамбааг Мангас идчихлээөгүүллэгийг уншсан. Яагаад заавал ийм сонголт хийсэн юм бэ?

-Би энэ өгүүллэгийг аль эрт цээжилсэн байсан. Тийм болохоор мэддэг юмаа уншсан нь дээр гэж багш хэлсэн. Ер нь би унших их дуртай л даа.

-“Цэдэндамбааг Мангас идчихлээ”-г уншиж улсын Уран жиргээ наадамд оролцож байсан гэсэн?

-Тийм. Хоёр жил тутамд болдог Уран жиргээ наадамд оролцож Гран при шагналыг хүртэж байсан. “Цэдэндамбааг Мангас идчихлээ”-г уншаад.

Хэддүгээр ангид байхдаа вэ?

-Нэгдүгээр ангид байхдаа.

Дараа нь дахиж уран жиргээ наадамд оролцсон уу?

-Орсон. Гуравдугаар ангид байхдаа улсын Уран жиргээ наадамд оролцож мөнгөн медаль, тавдугаар ангид байхдаа орж шагналт байрт шалгарч байсан.

-“Норовын намтарөгүүллэгийг шоуны гуравдугаар шатанд уншсан. Хэр сандарсан бэ?

-Нэг их сандраагүй. Эхний шатанд л айхтар сандарсан. Манай багш шүлгээ сайн уншаарай гэж захисан. “Норовын намтар”-ыг хүүхэд бүр бараг мэдэх учраас надад уншихад их таалагдсан.

Багшийг нь хэн гэдэг вэ?

-Би Эрдэнэт хотод “Авьяас билэг” сургалтын төвд сурдаг. Тус төвийн Энхсайхан багшийн удирдлаган дор суралцдаг. Миний сурсан мэдсэн бүхэн Энхсайхан багштай маань холбоотой. Энэ бүгдийг зааж өгсөн багшдаа маш их хайртай гэдгээ хэлье.

Би өөрөө бас шүлэг бага сага зохиох гэж оролддог (инээв). Манай багш арванхоёрдугаар сарын 27-нд Соёлын тэргүүний ажилтан болсон. Багш маань хүүхдүүдэд маш хайртай. Багш миний хоёр дахь ээж шиг л надад ханддаг.

Шоунд орсноос хойш сургуулийнхан, нутгийнхан нь улам таньдаг болсон уу? Хүмүүс юу гэж байна?

-Шоунд оролцсоноос хойш хүмүүс их таньдаг болчихсон байсан. Гадуур явж байхад хүмүүс их таньж, мэндэлж баяр хүргэдэг. Урмын үгийг ч их сонсож байгаа. Намайг шоугаа дуусгаад хотоос ирсэн чинь ангийнхан, сургуулийнхан баяр хүргэсэн.

Шилдэг сурагч болсон гэж сонссон?

-Ангийн шилдэг, сургуулийн шилдэг, сумын шилдэг, аймгийн шилдэг сурагч болсон ш дээ, шинэ жилээр би.Тэгээд зөндөө бэлэг авсан. Үнэхээр их баяртай байгаа.

-“Авьяаслаг монголчуудшоунд оролцогчдоос олон найзтай болсон уу?

-“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчдоос зөндөө олон найз, ах эгч нартай болсон. Маш их баяртай байгаа. Сүүлд тусгай дугаарт орох гээд очихдоо бүр их олон найзтай болсон. Манай Эрдэнэтээс орсон оролцогчид хүртэл хоорондоо утасны дугаараа солилцож байнга ярьж байгаа.

-“Авьяаслаг монголчуудшоуны хамгийн шилдэг оролцогч чиний бодлоор хэн байсан бэ?

-Би шоунд оролцсон бүх ах эгч нараараа маш их бахархдаг. Тэд үнэхээр мундаг. Бүгд л хамгийн шилдэг нь байсан.

Мэдээж битүүхэндээ нэгийг нь дэмжиж байсан биз дээ?

-Ах эгч нар дундаасаа хамгийн их дэмжиж байсан нь гэвэл Нарангарав эгч, Бархүү, Мягмарцэрэн ах нар мөн Тэмүүлэн, Халиун нар байсан. Гэхдээ “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ч их авьяастай л даа.

Шүүгч Rokit Bay өөрийг тань ирээдүйн гавьяат жүжигчин болно гэж хэлсэн. Ирээдүйд урлагийн хүн болно биз дээ?

-Мэдээж том болоод урлагийн хүн болно гэсэн зорилготой. Rokit Bay шүүгч ах “ирээдүйн гавьяат жүжигчинд баяр хүргэж байна” гэж босож алга ташсан нь надад өгсөн хамгийн том урам, хамгийн том хүндлэл байсан.

Ямар жүжигчинтэй адилхан болно гэж боддог вэ?

-Ардын жүжигчин Сувд эгч шиг мундаг жүжигчин болохыг мөрөөддөг. Мөн Сувд эгч шиг ахмад, эмэгтэй олон мундаг жүжигчин байдаг шүү дээ. Тэр хүмүүстэй л адил сайхан сэтгэлтэй, сайхан зантай, чадварлаг жүжигчин болно доо.

Би ирээдүйд жүжигчин болно гээд шийдчихсэн. Хэзээ ч хувирахгүй.

Ямар шүлгэнд дуртай вэ?

-Шүлэг, зохиол, өгүүллэг болгон өөрийн гэсэн утга санаатай. Тухайн зохиолч дотоод сэтгэлийн илэрхийллээрээ хүмүүст ямар нэг зүйлийг ойлгуулахыг хүсч бичдэг гэж би боддог. Тийм учраас бүх л зохиол, өгүүллэг, шүлгийг шимтэн уншдаг. Гэхдээ хошин төрлийн шүлэг өгүүллэг зохиолыг түлхүү дурлан уншдаг.

Цээжээр хичнээн шүлэг мэдэх үү?

-Уран уншлагын тэмцээн уралдаанд орохдоо уншдаг арваад шүлэг бий. Бага ангидаа цээжилсэн шүлгээ нэмбэл нэлээд бий шүү. Мөн дугуйлангийнхаа хүүхдүүдийн уншиж байгааг хэд сонсоод л цээжилчихдэг.

Шинэ жилээр шоуны тусгай дугаараар дуулж байсан. Бас дуулах авьяастай юм аа?

-(инээв) Багаасаа дуулж байгаа. Ардын дуу их дуулдаг. Харин телевизийн зүгээс шинэ жил болж байгаа учраас шинэ жилийн холбогдолтой дуу дуулаарай гэсэн болохоор “Гацуурхан” дууг дуулсан.

Өөр ямар авьяастай вэ. Хоббигоо сонирхуулаач?

-Төгөлдөр хуураар хичээллэж байгаа. Ном унших дуртай. Найзуудтайгаа сагсанбөмбөг тоглох бас дуртай.

Удахгүй улирлын амралт нь эхлэх гэж байна. Амралтаараа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Удахгүй уран уншлагын олон тэмцээн, уралдаан эхэлнэ. Тийм болохоор дугуйлан дээрээ л өнгөрүүлэх байх.

Танай гэр бүлд урлагийн чигийн авьяастай хүн бий юу?

-Манай ээжийн ээж Энхтайван эмээ л залуудаа шүлэг бичдэг. Бичсэн шүлэг нь сонинд гардаг байсан гэсэн. Бас дуулж, хөгжим тоглодог. Эмээ одоо Эрдэнэтийн 15 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Эмээ надад зөндөө юм заадаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Малчдыг мал шиг нь тэжээх буруу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн захиалагчдаа хүрлээ. Энэ өдрийн шинэ дугаарыг тоймлон хүргэе.

Өчигдөр МҮОНТ-ын мэдээллийн төрөлжсөн суваг “Монголын мэдээ” нээлтээ хийсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан олон нийтийн сүлжээнд багагүй хэл ам гараад байгаа. Тус телевизийн авсан 11 дүгээр сувгийн асуудлаар Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Дагиймаа манай сонинд ярилцлага өгсөн юм. Тэрбээр “МҮОНТ олон нийтийн нэрээр хувийн хэвшлийг дээрэмдэхээ зогсоо” гэв. Түүний ярилцлагыг нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Үндсэн хуулийн талаар болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагадаа хэлэхдээ “Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг” гэлээ. Гишүүний ярилцлагыг нэг, хоёр, тавдугаар нүүрээс уншина уу

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Малчдыг мал шиг нь тэжээх буруу” нийтлэл гарлаа. Уг нийтлэлээс эшлэхэд: “Тухайн малчнаас өөр хэн тэр айлын хотноос шөлний төлөг авчих эрхгүй. Гэтэл хувийн ямар ч салбартаа үзүүлдэггүй халамж, тусламжийг Засгийн газар малчдад л үзүүлдэг…” гэжээ.

Өчигдөр нийгэмд нэлээд шуугиан тарьсан үйл явдал бол “Херо” энтертайменттай холбоотой үйл явдал байлаа. Тус студийн захирал Г.Баатар архиваасаа бичлэг алдагдсан хэргийн талаар мэдээлэл хийж, “Энэ бол зохион байгуулалттай, тусгай ажиллагаа” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.

Манай сонин мягмар гариг бүр эрүүл мэндийн буланг тогтмол хүргэдэг. Энэ удаагийн буландаа тулай өвчний талаар нийтэллээ. Харин “Утга зохиол” буланд утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаас шагнал хүртсэн Н.Мөнхбаяр найрагчтай хийсэн ярилцлага гарлаа. Энэхүү ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншаарай.

Мөн “Уран бүтээлч” буланд дуучин Д.Үүрийнтуяагийн ярилцлага гарлаа. Тэрээр “Хос дуучид гэдгээрээ хурим найрт уригдаж “Цэнхэрлэн харагдах уул”-аа дуулдаг” гэлээ.

Түүнчлэн Спорт буланд тайлбарлагч С.Шижирбатын чөлөөт, жудогийн улсын аваргын тэмцээний талаар ярьсан ярилцлага гарав.

Эдгээр болон бусад цаг үеийн үйл явдал өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

П.Очирбатын оронд Ч.Хашчулууныг “ММС”-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тус компанийн ТУЗ түүний хүсэлтийг хүлээн авч, хараат бус гишүүнээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан Ч.Хашчулууныг томилсон байна.

Ч.Хашчулуун нь Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал, Япон-Монголын хамтарсан Монголын засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөлт ба олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ. “Mongolian Mining Corporation” /MMC/ нь “Энержи Ресурс”-ийн Хонконгийн биржид бүртгэгдсэн албан ёсны нэр юм.