Categories
мэдээ цаг-үе

“Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук

“Time” сэтгүүлээс гаргасан 2015
оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад “Ap­ple Inc” компанийг үндэслэн байгуулагчдын
нэг Тим Кук багтсан юм. Тэрээр 2011 оны наймдугаар сард Стив Жобсын ажлыг авсан.
Харин өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг төдийгүй нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад
багтах боллоо.

Тим Кук нь Албама мужийн Робертсдейл
хэмээх хотод жирийн нэгэн айлд төрсөн. Багаасаа л хичээлдээ маш сайн байсан бөгөөд
Оберний их сургуулийг дүүргээд “IBM” компанид ажилд оржээ. Чадварлаг боловсон хүчин
болохоо харуулсан тэрээр удалгүй тус компанийн Хойд Америк дахь борлуулалт хариуцсан
захирлаар томилогдсон байна. “IBM”-д 12 жил ажилласны эцэст “In­telligent
electronics”, “Compaq” зэрэг компьютерийн салбарт тухайн үедээ тэргүүлж байсан компаниудад
хариуцлагатай алба хашсан. Харин “Apple”-д ажиллах болсон нь амжилтын оргилд хүргэх
гараа нь байсан гэж болно.

Стив Жобс 1998 онд анх түүнтэй уулзахдаа
хамтран ажиллах санал тавьжээ. Эхэндээ энэ нь Тим Кукийн хувьд ямар ч ашиггүй санал
мэт санагдсан гэдэг. Гэвч ярилцаж дуусаад таван минут өнгөрсний дараа ийм боломж
амьдралд тэр болгон тохиолдоод байдаггүй гэдгийг мэдэрсэн хэмээн Тим Кук хожим нь
ярьсан байдаг. Тиймээс ч саналыг хүлээн авахаар шийджээ. Ийнхүү “Apple” компани,
Стив Жобс хоёртой хувь заяагаараа холбогдсон түүхтэй. Тэрээр Стив Жобсийн итгэлийг
маш богино хугацаанд олж авч чадсан. Тиймээс ч Стив Жобсын бие нь муудаж, ажлаа
өгөхөөр болсон талаарх нээлттэй захидалдаа халааг нь Тим Кукт өгөхийг санал болгосон
байдаг. Яагаад Тим Кукт ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа тайлбарлахдаа “Юу хийхээ мэддэг
тул би түүнд итгэж байсан” хэмээн хэлсэн байдаг.

2004 онд Стив Жобс анх нойр булчирхайн
хорт хавдартай болсноо мэдэж эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Энэ хугацаанд Тим Кук
үргэлж хажууд нь байсан гэдэг. Тэдний цусны бүлэг нь хүртэл нэг аж. Стив Жобсийн
бие нэлээд муудаж сүүлдээ элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Тэгэхэд Тим
Кук элэгнээсээ өгөх санал тавьсан байна. Харамсалтай нь үүнийг нь хүлээж аваагүй
юм. Энэ тухай хожим Тим дурсахдаа “Үгүй би ингэхгүй гэж Стив орилсон. Бид 13 жил
цуг ажиллахад Стив над руу 3-4 удаа л хашгирсан юм. Энэ бол тэдний нэг нь байсан”
хэмээн бичсэн.

Тим Кук “Apple”-д ажилласнаасаа
хойш тус компанийн бүтцэд томоохон өөрчлөлт хийсэн гэдэг. Үр өгөөжийг нь дээшлүүлэхийн
тулд дэлхийн улс орнууд дахь үйлдвэрүүд, агуулах зэргийн тоог багасгаж, үйл ажиллагааг
нь улам боловсронгуй болгосон. Түүнээс гадна флаш хэрэглэх саналыг тавьсан гэдэг.
Энэ нь яваандаа тус компанийн хамгийн гол бүтээгдэхүүний нэг болжээ.

Тим Кукийг “Apple”-д орохоос өмнө
тус компанийн борлуулалт эрс буурсан байв. Тодруулбал ашиг нь 2,8 тэрбум ам.доллараар
багассан байжээ. Ингэхдээ сэлбэг нийлүүлэлт маш том тулгамдсан асуудал байлаа. Тим
үүнийг шийдэж чадаад зогсохгүй орлогыг нь 600 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Ингээд
удахгүй тэрээр компанийнхаа гадаад борлуулалтыг бүрэн хариуцан ажилласан юм.

“Apple” компанийн бусад удирдах
ажилтнуудаас ялгаатай тал нь гэвэл Тим Кук тэр болгон олны өмнө гараад байдаггүй.
Сүүлийн хэдэн жилд гэхэд ердөө гурван удаа л олны өмнө гарсан. Ингэхдээ компанийнхаа
шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Түүний хувийн амьдралын талаар ч
мэдээлэл бараг байхгүй. Харин “Bloomberg Businessweek” сэтгүүлд өөрийнхөө тухай
“Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг бөгөөд үүнийг бурханы бэлэг хэмээн үздэг. Үүгээрээ
дамжуулан нийгэмд цөөнх байх нь ямар байдаг, ямар асуудалтай тулгардгийг мэдэрсэн.
Энэ нь намайг улам соргог болгосон” хэмээн бичсэн нь нэлээд шуугиан тарьсан. Түүнийг
ижил хүйстэнтэйгээ явалддаг талаар өмнө нь ч яригдаж байсан юм.

Тим Кукийг байнга Стив Жобстой харьцуулдаг
гэнэ. Тим бол амгалан, маш даруухан, чанга ч дуугардаггүй хүн. Хийж байгаа ажилдаа
маш тууштай, шаргуу, хөдөлмөрч. Хамтран ажилладаг хүмүүсийн имэйлд өглөөний дөрвөн
цагт хариуг нь бичдэг гэнэ. Даваа гаригт болох хуралдаа бэлтгэхийн тулд ням гаригт
болдог утсаар хийдэг зөвлөгөөнд хүртэл оролцдог аж. Зарим нь түүнийг хэт их ажилласаар
байгаад олны анхаарлын төвд ороогүй гэдэг. Тим Кукийн хувийн амьдралын талаар хүмүүс
бараг мэддэггүй нь даруухан зан чанартай нь холбоотой аж.

Тэрээр дугуйгаар аялах дуртай. Өглөө
болгон гүйж, дасгал хийдэг. 2010 онд өөрийнхөө дүүргэсэн Оберний их сургуульд лекц
уншсан байна. Ингэхдээ санаачилгатай байх нь амьдралд юунаас ч илүү чухал болохыг
онцлон дурдсан гэнэ. Тус их сургуулийн багш Дебби Роуш төгсөгчдийнхөө талаар “Манай
сургуулийг дүүргэж амжилттай яваа хүмүүсийн дийлэнх нь энэ талаараа ярих дуртай
байдаг. Харин Тим тэдний тоонд ордоггүй” хэмээн ярьсан байдаг.

Тим Кук өнөөдөр 52 настай, гэрлэж
байгаагүй. “Out Magazine” сэтгүүл түүнийг Америкийн соёлд хамгийн их нөлөөлсөн ижил
хүйстнүүдийн жагсаалтын нэгдүгээрт хүртэл оруулсан байдаг.

“Apple” компанийн гүйцэтгэх захирлаар
томилогдох нь мэдээжийн хэрэг сайхан. Гэвч үүнийг дагаад компанийн өмнө хүлээсэн
хариуцлага хэмээх нэгэн чухал зүйл байдаг. Тим Кук уг албанд томилогдсоноос хойш
тус компанийн үнэлгээ 140 тэрбум ам.доллараар өссөн. “Apple” олны анхаарлыг татаж,
алдартнууд оролцсон тансаг арга хэмжээг зохион байгуулахгүй гэдгийг ч тэрээр мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, иймэрхүү зүйлд хөрөнгө зарахгүй аж.

Тим Кук чадварлаг боловсон хүчин,
сайн менежер төдийгүй манай дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг. Тэрээр 800 сая
ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй 2014 он гэхэд 9.22 сая ам.долларын орлого олж Америкийн
хамгийн өндөр цалинтай удирдах ажилтнуудын жагсаалтад багтсан. Өмнөх жилийнхтэй
нь харьцуулах юм бол орлого нь 117 хувиар нэмэгдсэн гэсэн үг. АНУ-ын Үнэт цаас болон
биржийн комиссоос энэ тухай албан ёсоор мэдэгджээ. “Apple”-ийн орлого нэмэгдсэн
нь юуны түрүүн тус компани iPhone 6, iPhone 6 Plus, iPad, Apple Watch зэрэг шинэ
бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гаргасантай холбоотой аж. Үүний нөлөөгөөр тус компанийн
хувьцааны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд 119.75 ам.долларт хүрсэн юм.
“Apple”-ийн түүхэнд хувьцаа нь ийм өндөр үнэд хүрч байгаагүй билээ. 2014 онд гэхэд
тус компанийн цэвэр орлого нь 39.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд харин өнгөрсөн
оны сүүлчийн улиралд ямар ашигтай ажилласан талаар энэ сардаа багтан албан ёсоор
мэдэгдэл хийх юм.

Ямар ч байсан судлаачдын үзэж байгаагаар
Apple хамгийн ирээдүйтэй компаниудын нэг. Ийнхүү амжилтад хүрэхэд Тим Кук чухал
үүрэг гүйцэтгэсэн нь маргаангүй. Манай дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Тим Кук
нь хөрөнгөө хэн нэгэнд өвлөхгүй бүгдийг нь буяны үйлсэд хандивлахаа мэдэгдсэн. Гэхдээ
түүнээсээ10 настай үеэлийнхээ сургалтын төлбөрийг авч үлдэх гэнэ. Тэрээр буяны үйлсийг
дэмжихдээ зүгээр нэг мөнгө өгөөд байхгүй аж. Асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд
системтэй арга хэмжээ авч түүнийгээ хэрэгжүүлэхэд хөрөнгөө зарцуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Л.Месси “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбооны(FIFA) төв штаб байрладаг Швейцарийн Цюрих хотноо 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Энэ удаагийн шалгаруулалтад Барселоны Лионель Месси, Реал Мадридын Роналду, Бразилийн шигшээ, Испанийн Барселон багийн Неймар нар шалгараад байсан.

Ингээд Л.Месси 41,33 хувийн санал авч “Алтан бөмбөг”-ийг тав дахь удаагаа хүртлээ. Түүний хувьд 2009, 2010, 2011, 2012 онуудад хүртээд байсан юм. Криштиано Роналдо 27.76 хувийн санал авсан бөгөөд тэрээр 2008, 2013, 2014 оны шилдэг хөлбөмбөгч болж байсан. Неймар 7.86 хувийн санал авчээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг сүүлийн найман жилийн турш Месси, Роналдо нарын аль нэг нь аваад байна.

ФИФA-гийн гишүүн орнуудын нэр хүндтэй сэтгүүлчид төгсгөлийн шатанд шалгарсан гурван хөлбөмбөгчид нууцаар саналаа өгч, тухайн жилийн хамгийн шилдгүүдийг тодруулдаг.

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгч:

Карли Ллойд 35.38 хувь

Сели Шашич 12.60 хувь

Ая Мияма 9.88 хувийн

Шилдэг гоол:

Венделл Лира 46.7 хувь

Лионель Месси 33.3 хувь

Алессандро Флоренци 7.1

Шилдэг дасгалжуулагч:

Луис Энрике 31.08 хувь

Пеп Гвардиола 22.97 хувь

Хорхе Сампаоли 9.46 хувийн санал авчээ.

Карли Ллойд

Венделл Лира (шилдэг гоол)

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам ирэх сарын 2-нд болно

Болор цом наадмын тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам ирэх сарын 2-нд зохиогдохоор болжээ.

Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож ирсэн уг наадам энэ жил Улаанбаатар хотод болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 21-ээс цахилгаан хэрэглэгчдэд баримт хэвлэж өгнө

Энэ сарын 1-ний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болсон. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон.

Үүнтэй холбоотойгоор, УБЦТС ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Оскар”-ын шагнал Ди Каприог хүндлэх болоогүй гэж үү

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагнал гардуулах ёслол 73 дахь удаагаа Лос Анжелес хотноо “пижигнээд” өнгөрлөө. Олон ч сайхан бүтээлүүд нийтийн хүртээл болсон жил байсан тул шүүгчдийг хэцүүхэн сонголтууд хийх сорилт хүлээж байлаа. Гэхдээ тэдэн дотор яах аргагүй нэг бүтээл цойлж байсан нь “Revenant” буюу “Амьд үлдэгч” гэж орчуулахаар нэртэй кино байсан юм.

Мексикийн алдарт кино найруулагч, “Оскар”-ын шагналт Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан мөрч, анчин Хью Глассын бодит амьдралд тулгуурлаж хийсэн уг кинонд баавгайд бариулаад амьд үлдэх боломж нь бараг тэгтэй тэнцсэн залуу сэтгэлийн хат, эр зоригийн тэнхээгээр 320 км газрыг гулсаж, мөлхөж, өвдөглөж явсаар хүмүүстэй золгож буй тухай харуулдаг. Хью Глассын дүрийг Леонардо Ди Каприо бүтээсэн. “Титаник” киноны гол дүрийг бүтээсэн цагаасаа хойш бараг л жил бүр шахам гайхалтай сайхан кинонуудад гойд онцгой тоглож гол дүрийг бүтээдэг энэ залуу өнөөдөр ч гэлээ “Амьд үлдэгч” кинонд лут тоглож “Алтан бөмбөрцөг”-ийн драмын киноны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

Түүний хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг сүүлийн арван жилийн дотор гурав дахь удаагаа гардаж байгаа нь энэ билээ. Хэдийгээр “Алтан бөмбөрцөг” кино наадам нь дэлхийд алдартай урлаг соёлын арга хэмжээ боловч “Оскар”-ын хажууд арай л жулддаг, энгийнээр хэлбэл “Оскар”-ын шагналын өмнөх сорилго тэмцээн гэлцдэг. Уг нь “Алтан Бөмбөрцөг”-т түрүүлсэн бол бараг л “Оскар”-т түрүүллээ гэсэн үг хэмээн хэлцдэг ч гэлээ түүнийг үгүйсгэх амьд жишээ нь Ди Каприо мөн буюу.

“Алтан бөмбөрцөгт” найман удаа нэр дэвшиж үзсэн Леонардо Ди Каприог нэг ч удаа “Оскар”-ын гуулин баримлыг атгаж үзээгүй гээд бодохоор шударга явдал Америкт хүртэл байдаггүй юм байна гэж бодохоор….

Одоо олныг шуугиулж байгаа “Revenant” кино бас л “Оскарт” нэрт дэвших өндөр магадлалтай, Ди Каприо шилдэг жүжигчин гэж нэрлүүлэхээр сайн тоглосон кино болов уу. Гэхдээ л түүнийг шагналд өрсөлдөх үед ямар нэгэн хүндэтгэх шалтгаан заавал хамт “алхаж” байдгийг санацгаая. Сүүлийн үеийн жишээнүүдийг нь л татахад 2005 онд “Авиатор”-т сайн тоглосон ч гэлээ түүнээс илүү “Рэй” кинонд сохор хөгжимчний дүрийг бүтээсэн Жэйми Фокст ялагдсан. Харин уржнан жил “Уолл стритийн чоно” маань “Далласын худалдагч” Мэтт Макконахид яах аргагүй дийлдэж байлаа. Харин энэ жил түүнтэй Мэтт Дэмоноос өөр өрсөлдөх олигтой жүжигчин байхгүй гээд ярих юм.

“Оскар”-ын шагнал Ди Каприог хүндлэх болоогүй гэж үү.

Б.ХУЛАН

Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад 10 онооны систем чухал нөлөөтэй

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам ирэх хоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Яагаад 10 онооны систем буюу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг санаачлах болсон бэ?

-Албаны үгээр тайлбарлавал тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлж, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулахын тулд.

Энгийнээр бол дүрмээ баримталдаггүй жолооч нарыг журманд оруулах. Ингэснээр зам тээврийн осол буурна. Энэ чинээгээр иргэдийн зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурна. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 17 хувиар, гэмтсэн хүний тоо 15 хувиар буурсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль сүүлийн ганц улирлын хугацаанд хэрэгжихэд ийм үр дүнд хүрсэн.

Ер нь 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг дагалдан гарах 27 журам бий. Эдгээр журмуудын ихэнх нь батлагдчихсан. Энэ удаад жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг батлаад, хэрэгжүүлэхэд бэлэн болсон хэрэг. Бид олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр энэ журмаа боловсруулсан. Энэ бол иргэдээ хамгаалахын төлөө авч хэрэгжүүлдэг олон улсын туршлага юм. Хууль зүйн сайдын тушаалаар бол 10 онооны журмын систем өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр байсан ч техникийн асуудлыг шийдэхийн тулд багагүй хугацаа зарцууллаа. Техникийн ажиллагаанууд бүрэн шийдэгдвэл хоёрдугаар сарын 15-наас журам хэрэгжиж эхэлнэ.

-2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан гэх утгаараа өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаан дахь зөрчлийг нөхөн тооцож, оноог хасна гэх яриа иргэдийн дунд газар аваад байна л даа?

-Аливаа журам холбогдох хууль эрхзүйгээр зохицуулагдана. Энэ хүрээнд авч үзвэл өмнө нь буюу журам хэрэгжиж эхлэхээс өмнөх гаргасан зөрчлийг нөхөн тооцохгүй. Хүмүүс л өөр хоорондоо “Энэ журам өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан болохоор 2015 оны есдүгээр сараас 2016 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд зөрчил гаргасан бол оноог нь хасах юм болов уу” гэвэл нөгөө нь “Тэгэх л байлгүй” гэнэ. Үүнийг сонссон гурав дахь хүн тэгэх л юм байлгүй гэж ойлгоод бусдад “Өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаанд гаргасан зөрчлийг нөхөн тооцож, оноо хасна гэсээн” гэж бусдад хэлнэ. Ингэсээр иргэдийн дундах таамаг яриа үнэн болж хувирдаг шүү дээ.

-Удаа дараа дүрэм зөрчиж улмаар зөрчлийн 10 оноо хасагдаад дуусвал жолоочийн эрхийг хасахаар журамд тусгасан. Үүнийг “Шинэчилсэн хуульд зааснаар бол торгуулийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Торгуулахын хажуугаар оноогоо хасуулна. Эрхээ ч мөн адил. Нэг дүрэм зөрчөөд хоёр, гурван төрлийн шийтгэл хүлээлгэх ёсгүй” гэх өнцгөөс зарим жолооч өөрсдийн фэйсбүүк хуудаснаа шүүмжилсэн байна лээ?

-Ёсгүй гэж хэлэх эрх жолооч нарт байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох журмыг зөрчинө гэдэг өөрийн болон өрөөлийн амь насыг хохироох эрсдэлийг тэр чинээгээр нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Наад зах нь тахир дутуу болох, эд материалын өндөр хохирол амсана. Нэг дүрэм зөрчөөд хоёр, гурван төрлийн шийтгэл хүлээлгэх ёсгүй гэж үзэж байгаа жолооч нар “Бид зөрчих нь тодорхой. Энэ ганц үйлдэлд маань ийм олон төрлийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Намайг хурд хэтрүүлсний төлөө торгоно л биз. Дээрээс нь яах гэж онооноос хасах гээд байгаа юм” гэснээс ялгаагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй. Давхар давхар хариуцлага тооцоод ирэхээр тэр чинээгээр жолооч нар “томоожно”. Сүүлийн арван жилд манайд 6155 хүн зам тээврийн ослоор амиа алдсан нь байнга дайн тулаан гарч, зэвсэгт мөргөлдөөн гардаг Ойрхи Дорнодоос ялгаагүй үзүүлэлт. Зарим улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайраад алчихвал санаатай хүн амины хэрэг үйлдсэн гэж үздэг юм шүү.

амын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна.

Би дахиад хэлье. Эрх зүйн хүрээнд хийгдэж байгаа энэ шинэчлэлүүд ердөө хүний амийг аврахын төлөө юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс үүдэн осол гарсан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдвол таван оноо хасна. Согтуугаар машин барих, хамгаалалтын бүс малгай хэрэгсэлгүй байх, хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих зэрэг 17 зөрчил бүрт 1-3 оноо хасахаар журамласан. Оноогоо хасуулахгүй байх боломж жолооч бүрт бий. Дүрмээ баримтлахад л болчихно. Наад зах нь машинаа унаад гэрээсээ 07 цаг 30 минутад гартал, сургууль, цэцэрлэг эхлэхтэй давхацсан учраас түгжрэл ихтэй байлаа гэж бодъё. Маргааш нь 10 минутын өмнө гараад үз. Дамжин өнгөрдөг уулзваруудын автомашины хөдөлгөөн сийрэг бол осол аваар гаргах шахан гэрэл дохио зөрчин, урсгал сөрж гүйцэж түрүүлэх шаардлагагүй болчихно.

-Журам ёсоор тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочоос гурван оноо, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд машинаа бариулсан бол жолоо шилжүүлсэн жолоочоос нэг оноо хасна. Гэтэл тусгай дуут дохиотой автомашинаас үүдэн сайндаа л түгжрэл үүсэх бол ямар ч дадлага сургуульгүй, үнэмлэхгүй хүн осол гаргаж, хүмүүс бэртэх, амиа алдах эрсдэл өндөр мэт санагдах юм. Энэ тал дээр та юу гэх бол?

-Улаан хөх өнгийн тусгай гэрэл дохиотой тээврийн хэрэгслүүд тусгай эрх эдэлнэ. Ялангуяа эмнэлэг, гал унтраах алба, цагдаагийн байгууллага энэ эрхийн хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зүйл заалтыг зөрчих эрхтэй. Тэгвэл хуульд заасны дагуу бус дур мэдэн бүхээг дээрээ гэрэл дохио тавиад явж байгаа жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа биз дээ. Тэр хэмжээгээрээ учруулж болох эрсдэлийн түвшин өндөр болно.

– Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос нэг оноо хасна гэсэн байна. Замын цагдаа жолоочийн ядарсан эсэхийг хэрхэн тогтоох юм бол гэдэг дээр иргэд гайхдаг?

-Осол гаргасан жолоочийг л ядарсан үедээ жолоо барьсан эсэхийг шалгахаас бус замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машиныг зогсоон, жолооч нарын нүдийг хараад “Өө та ядарчихаж” гээд нэг оноо хасахгүй нь тодорхой. Гэхдээ зарим тээврийн хэрэгслийн жолооч удаан хугацаагаар зогсохыг зөвшөөрөөгүй газарт буюу нэгдүгээр эгнээнд машинаа зогсоочихоод унтаж байдаг. Бүр хоёр өдөр, шөнө нойргүй машинаа жолоодож яваад, урсгал сөрж ороод, дүрмээ биелүүлээд өөдөөс ирж явсан машиныг мөргөж байсан харамсалтай тохиолдол хүртэл бий. Дээрх тохиолдлуудад зохих хариуцлага хүлээлгэнэ.

-Журмын бас нэгэн заалт байна л даа. Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдөх хурдаас 50 хүртэл хувиар хурд хэтрүүлсэн бол хоёр оноо хасна гэсэн байх юм. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Замын хөдөлгөөний дүрэмд суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр явах ёстой. Тэгэхээр суурин газарт цагт 61-90 км, суурин газрын гаднах замд 81-ээс 120 км, тууш замд цагт 101-150 км хүртэл хурдалсан бол хоёр оноо хасуулна гэж ойлгож болно. Энэ хязгаарыг давбал гурван сараар жолоо барих эрхийг хасна.

– Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх тухай та тайлбарлаж өгөөч?

-Оноогоо хасуулчихаад, эргээгээд сэргээлгэе гэвэл зургаан цагийн сургалтад хамрагдан, шалгалт өгнө. Тэнцвэл сэргэнэ. Мөн зөрчил гарган, бүртгэлийн оноогоо хасуулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ. Жишээлбэл осол гаргаад таван оноогоо хасууллаа гэхэд үүнээс хойш нэг жилийн хугацаанд зөрчил, осол гаргаагүй бол таван оноогоо сэргээлгэчихнэ. Гэхдээ 2016 оны дөрөвдүгээр сард таван оноогоо хасуулчихаад, зургадугаар сард дахиад нэг оноогоо хасуулчихлаа гэж бодъё. Тэгвэл 2017 оны зургадугаар сар хүртэл ямар нэгэн осол гаргаж, дүрэм зөрчөөгүй бол сүүлийн хасагдсан нэг оноо нь сэргэх бол 2018 оны зургадугаар сар хүрвэл таван оноогоо сэргээлгэнэ. Харин хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчихгүй бол таны арван оноо дахин сэргэнэ. Өөрөөр хэлбэл та гурав дөрвөн зөрчил гаргаад нэгхэн оноотой үлдлээ гэхэд хамгийн сүүлийн зөрчил гаргасан өдрөөсөө хойш хоёр жилийн хугацаанд дахин дүрэм зөрчөөгүй бол арван оноо тань сэргэнэ. Үүний эцсийн зорилго бол удаан хугацаанд дүрэм зөрчүүлэлгүй хөдөлгөөнд оролцуулах гэснээс бус мөнгөөр торгож, оноо хасахын дон шүглэсэндээ журмандаа ийм зүйл тусгаагүй гэдгийг ойлгох биз.

-Жолооч нар өөрийн оноогоо гар утаснаасаа хянаж болно гэсэн байх аа?

-Онооны системээ гар утас, таблет, суурин компьютер дээрээ татаж аваад, интернэтийн орчинд хянах бүрэн боломжтой. Ирэх сарын 15 гэхэд энэ бүхэн цэгцэрчихнэ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн зарим сумд руу зорчих замыг хаана

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сум руу машин явахад хүндрэлтэй болжээ.

Тэгвэл аймгийн Онцгой байдлын газраас улсын чанартай орон нутгийн замыг хааж магадгүй байгааг мэдэгдсэн байна. Түүнчлэн Эрдэнэцагаан сум руу хот хоорондын зорчигч тээврийн машин явах боломжгүй болжээ.

Учир нь тус сумаас фургон машин 7-10 цаг явж байж аймгийн төвд ирж байгаа гэнэ. Онцгой байдлын газар орон нутгийн байгууллагатай хамтран зам нээж байгаа ч байнгын шуургатайн улмаас нээсэн зам нь өдөртөө хаагдаж байгаа ажээ.

Тиймээс орон нутгийн замд гарч байгаа жолооч нарыг машин техникийн аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн нэг байрыг дахин төлөвлөж барина

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайд H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас баржээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас баржээ.

Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр амаржсан бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна.

Улмаар ХӨСҮТ-д хандаж шинжлүүлэхэд “А хүрээний H1N1 вирус”-ийн халдвар авсан болох нь лаборторын шинжилгээгээр тогтоосон талаар бид мэдээлж байсан билээ.

Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч өвчтөн олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдлаар нас барсан байна.

Харин иргэн А-ийн төрүүлсэн хоёр ихэр хүүхдээс H1N1 вирус илэрсэн ба эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авснаар биеийн байдал сайжирч байгаа аж.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг-ын жингийн хэсгийн тулаанууд болно

-СТО-д явагдаж буй боксын УАШТ 14.00 цагаас эхлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг-ын жингийн хэсгийн тулаанууд болно-

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр(01.11) Спртын төв ордны “А” зааланд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байна.

Олон улсын боксын холбооны дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно.

Тэмцээний гол онцлог нь 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жиндээ олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Хэрэв тэр тэмцээнүүдэд амжилт гаргавал эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс боксын дугуйлантай бүхий л аймаг, спорт хороо, хувийн компани, байгууллага, клубууд тамирчдаа сойж байна. Оролцож буй тамирчдын тоо олон байгаа учраас тэмцээн уртасгасан цагаар ачаалалтай явагдах байх.

Өнөөдөр эрэгтэй 52 кг, 64 кг, 69 кг, 91 кг, эмэгтэй 51 кг, 54 кг, 57 кг-ын жингийн тулаанууд явагдана. Пүрэв, баасан гаригаас хагас шигшээ тоглолтууд эхэлнэ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу 1 дүгээр сарын 17-ны өдөр эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн тулаанууд болно.

Спортын төв ордонд бол буй боксын УАШТ өдөр бүрийн 14.00 цагаас эхэлнэ.

ХУВААРЬ:

I.11 (Даваа) – эрэгтэй 48, 56, 60 кг, эмэгтэй 48, 57, 64 кг

I.12 (Мягмар) – эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг

I.13 (Лхагва) – эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг

I.14 (Пүрэв) – эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг, эмэгтэй 48, 57, 64 кг

I.15 (Баасан) – эрэгтэй 52, 56, 60, 64, 69, 81, эмэгтэй 54, 64, 75 кг (ХАГАС ШИГШЭЭ)

I.16 (Бямба) – эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг (ХАГАС ШИГШЭЭ)

I.16 (Ням) – эрэгтэй 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 64, 69, 75 кг (ФИНАЛ)