Categories
мэдээ нийгэм

“Prius-20” машин тоногчдыг баривчилжээ

“Prius-20’” автомашины толь, их гэрэл зэргийг тонодог Б нарын бүлэг хулгайчдыг баривчилжээ. Тус цагдаагийн хэлтсээс гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, “Хөршийн хяналт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Цагдаагийн II хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга цагдаагийн хошууч С.Булгантамир энэ тухай “Бид энэ онд СӨХ буюу Гудамж өмчлөгчдийн холбоог бий болгож, гэр хороололд гарч байгаа гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Зөвхөн СӨХ ч биш гэр хорооллын 10 айл нийлээд гудамжаа хянах, тохижуулах олон ажлыг хийж болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Т.Лхагвасүмбэрэлийг шилдэг судлаачаар нэхэн шагнажээ

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагналаа.

Тус шагналыг Олон улсын ирвэс хамгаалах сангаас жил бүр хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог аж. Шагналыг өнөөдөр Т.Лхагвасүмбэрэл агсны ар гэрийнхэнд гардуулав.

Т.Лхагвасүмбэрэл нь 2008 онд МУИС-ийн биолиогийн ангийг төгсөөд л орон нутагт ажиллаж эхэлсэн бөгөөд ирвэс хамгаалахад чухал нөлөө бүхий судалгааны ажлыг эхлүүлжээ.

Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хам­гаалал, өнөөгийн байдлын талаар судалж, ирвэсэнд автомат камер хэрхэн суу­ри­луулах, мөн хаягийн судалгаа хийх зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж байсан тул түүнийг ийнхүү шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.1%-иар буурчээ

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 12 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,153 орон сууцны үнийг хамруулсан болно.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

2015 оны 12 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.1%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 11.3%-иар тус тус буурчээ.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ харьцангуй бага зэрэг буурсан, харин хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны дундаж үнэ буурахад нөлөөлж байна.

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь -11.3 хувьд хүрчээ.

Жишээ: БГД-ийн “Алтай” хотхонд 2014 оны 12 дугаар сард 1 м2 дундаж үнэ 1,917,000 төгрөг байсан бол 2015 оны 12 дугаар сарын байдлаар 1,705,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.1%-иар буурсан байна.

1. Шинэ орон сууцны үнэ1

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 12 дугаар сарын байдлаар 2,050,000 төгрөг болж өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар тус тус буурсан байна.


1 Байрны гэрчилгээ нь гараагүй бол шинэ орон сууц


Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

2. Хуучин орон сууцны үнэ – 2 өрөө байр2

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ3 нь 2015 оны 12 дугаар сарын байдлаар 83,960,000 төгрөг болж өмнөх сараас 1.0 байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Эх сурвалж: “Тэнхлэг зууч” компанийн сар бүрийн тооцоолол


2 Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.

3 2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ (дүүргүүдийн дундаж үнэ)

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Олон жил ашиглагдаагүй хуримтлагдсан овоолго, хаягдлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулахтай холбогдох харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдан гарснаар уул уурхайн салбарт ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн орчин тодорхой болж, улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэргээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.

Жоншны экспорт огцом буурснаар Хэнтий, Дорноговь, Дундговь аймгуудад жоншны олборлолт явуулж байгаа 43 уурхай дээр бага агуулгатай жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрсэн. 1997 онд Монгол Улсад бүртгэгдсэн алтны 498 шороон орд, 31 үндсэн ордод нийтдээ 320 тонн алтны нөөцийг бүртгэсэн байсан бол өнөөгийн байдлаар 608 шороон орд, 75 үндсэн ордын овоолгод 40-45 тонн алт хаягдсан гэсэн тооцоо байна. Мөн 2014 оны байдлаар 30 гаруй нүүрсний уурхайгаас 24.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд олборлолтын явцад ойролцоогоор 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжжээ. Нүүрс олборлох явцад хаягдсан нүүрсний хэмжээ ойролцоогоор 11.5 сая тонн орчим байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эдгээр овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэрт 200 тэрбумын санхүүжилт олгохыг зөвшөөрөв

Засгийн газрын хуралдаанаар Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгов.

Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр 2016 онд үйлдвэрлэлийн салбарт 10 орчим мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 4682 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, экспортыг нэмэгдүүлэх, ДНБ-ий хэмжээ жил бүр тодорхой хувиар өсөх боломжтой бөгөөд аймаг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

“Түрээсийн орон сууц”-ны үнийг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Д.Болд “Channel11” телевизээ нээв

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд медиа салбарт хүч үзэхээр боллоо. Тэрбээр монгол контентыг дэмжих зорилгоор энтертаймент “Сhannel 11” телевизийнхээ нээлтийг өчигдөр хийв. Телевизээ олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр бүрдүүлж, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийх аж.

Дуучин Д.Болд энэ ажлынхаа өмнө 20 жилийн түүхтэй Монголын ууган радиогийн нэг FM 105.5-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өргөжүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Таны машины дугаар 1, 6-аар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараахь байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:

*1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
* 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
* 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
* 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
* 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Журам хэрэгжсэнээр банкууд, оношилгооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой. Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм.. Та тээврийн хэрэгслийн албан татвараа Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан өгч болно.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг дэмжив

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байгаа юм. Гэтэл О.Баасанхүү “Намайг хугацаанаас өмнө чөлөөлөх гэж байна” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: “АН болон “Шударга ёс” эвслийн хамтран ажиллах гэрээний дагуу Өргөдлийн байнгын хороог эвслийн бүлэг хариуцах болсон. Яагаад АН-аас нэр дэвшүүлж байна вэ” гэдгийг тодруулав.Уг асуултад АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн удирдах болсон тул Өргөдлийн байнгын хороог АН удирдахаар тохирсон” хэмээн хариуллаа.

Ийн санал хураалт явуулахад гишүүд Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Д.Дамиран дүрэлзэн асах улаан гал руу орж охиныхоо амийг аварчээ

-Галд түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал тааруу байна-

Тэр охиныхоо амийг аварч чаджээ. Аврал эрэн хашгирах бээлийн чинээ нялх охиноо дүрэлзэн асах улаан гал дундаас аварч чадсан байна. Хэдхэн минут, секундын хугацаа алдсан бол Д.Дамиран гэх залуу охиноо үүрд алдах байжээ. Азаар саравчныхаа мухраас гарч ирээд л гэр нь шатаж байгааг харсан гэнэ. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны VIII баг дээд Жаргалантын “Богино салаа” гэх газар өвөлжиж байсан иргэн Д.Дамирангийн зуух дэлбэрснээс болж энэ сарын 2-нд гал гарч, гэр нь шатсан байна. Галд түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал тааруу байна. ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Долоон настай Д.Үүрцайх охины биеийн 90 гаруй хувь нь түлэгджээ. Харин Д.Дамирангийн нүүр, хоолой, гар, баруун хөл түлэгдсэн байна. Мөн хоёр нүд нь юм харахгүй байгаа аж. Энэ талаар Д.Дамирангийн хадам эгч Ц.Болормаатай холбогдож,тухайн үед юу болсон талаар ярилцлаа.

-Охин, аав хоёрын биеийн байдал ямар байна вэ ?

-Охины бие маш хүнд байна. Эмч нарын зөвлөгөөний хурлаар орж, мэс ажилбар хэрхэн хийх талаар ярилцаж байна. Биеийн ихэнх хэсэг түлэгдсэн болохоор амь насанд нь аюултай гэж эмч нар хэлсэн. Аавынх нь биеийн байдал тааруу байгаа. Нүүр нь нэлэнхүйдээ галд түлэгдсэн.

-Тухайн үед юу болсон талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юү?

-Аймгийн нэгдсэн эмнэлэгт байхдаа Д.Дамиран, охин хоёрыг харж хоносон. Тухайн үед юу болсон талаар Д.Дамирангаас асуусан. Энэ сарын 2-ны өглөө эрт үхрээ саах гээд гэрээсээ гарсан байгаа юм. Охин нь унтаад үлдсэн байсан. Тэд гарахдаа хогтой аргал байсныг зуухандаа хийчихээд гарчихсан юм билээ. Үнээгээ

саана, үхэртээ тэжээл өгнө, малаа бэлчээрт нь гаргана гээд гэртээ орж ирэхгүй удах болохоор охиноо даарчих байх гэж бодоод хогтой аргал хийчихсэн байна лээ. Ингээд саравчныхаа мухарт уяатай байгаа хэдэн үнээгээ сааж байсан гэсэн. Эхнэр нь саагаад, нөхөр нь ивэлгэж өгөөд зогсож байсан гэсэн. Гэтэл охины хашгирах дуу сонсогдсон байгаа юм. Саравчнаасаа гараад гэр рүүгээ хартал улаан гал дүрэлзэж байсан гэсэн. Д.Дамиран ч гал дүрэлзэж байгаа гэр рүүгээ охиноо аврах гээд шууд гүйгээд орсон гэсэн. Эхнэр нь араас нь гал руу орох гээд зогсож байхад охиноо тэврээд гараад ирсэн гэсэн. Тэднийг хаалгаар гарч ирж байхад гэрийнх нь тооно шатаж доошоо унасан байна лээ. Өглөө орноосоо босоогүй байсан болохоор охин нүцгэн байсан юм билээ. Д.Дамиран гал гарах үед хөвөнтэй дээлтэй байсан гэсэн. Өмсөж байсан дээлний гадна тал тэр чигтээ шатаж, гэрийн хулдаасанд нь гутлынх нь ул наалдаад хөл нүцгэн болчихсон гэж ярьсан. Үүнээс болоод баруун хөл нь түлэгдчихсэн байна лээ.

-Саахалтын айл руу явж тусламж дуудаад ирэх үед охины биеийн зарим хэсэг хөлдсөн гэсэн үү?

-Яах ийхийн зуургүй л гэр нь тэр чигтээ шатчихсан байна. Манай дүү өмссөн хувцастайгаа үлдэж, Д.Дамиран цамц, өмдтэй үлдсэн байна лээ. Дүү маань дээлээ тайлж охиндоо нөмөргөөд тэврээд өвөлжөөн дээрээ хоцорсон гэсэн. Хамгийн ойрхон айл долоон километрийн зайтай байдаг болохоор Д.Дамиран тусламж дуудахаар өвлийн хүйтэнд хөл нүцгэн, өмд цамцтай явсан байна лээ. Айлд хэл дуулгахаар явахдаа хөл гараа хөлдөөчихсөн байна лээ. Харин охин, ээж хоёр гадаа зогсож байх үед түлэгдсэн хэсэг нь хөлдөж хайрагдчихсан байсан. Үүнээс болоод охины биеийн байдал маш хүнд байна.

-Зуух дэлбэрсэн гэсэн. Ямар зуух байсан юм бэ?

-“Нарантуул” захаас худалдаж авсан хөдөөний айлууд хэрэглэдэг энгийн зуух байсан юм. Хогтой аргал зууханд хийхээр уугиж байгаад гэнэт дэлбэрчихсэн бололтой. Үүнээс болоод л гал гарсан юм шиг байна лээ.

Э.Баатар