Categories
мэдээ спорт

Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаантай

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох бөгөөд барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөв дэх удаагаа Төрийн ордонд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 95 эрэгтэй шатарчнаас нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчин оролцсоноос Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Монголын нийт ард иргэд ээ,

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр юм.

Энэ баярын өдөр шинэ Үндсэн хуулийг батлахад бие, сэтгэл, оюунаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтнууд болон нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд дэвшүүлье.

Олон хуульч, улстөрчид нийгмийн зүтгэлтнүүдийн хүч оролцоотойгоор боловсруулагдсан Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасаны үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Ардчилсан нийгмийн суурийг бэхжүүлсэн шинэ Үндсэн хууль маань тусгаар тогтнолыг улс төрийн хувьд баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг бодитой хангахын тулд, иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосноороо өмнөх гурван Үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлогтой, дэвшилтэт чанартай болсон юм. Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалах хөшүүргийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтоор зохицуулах үндсийг тавьснаараа түүхэн чухал үүрэгтэй болсон юм.

Сүүлийн жилүүдэд төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг боловсронгуй болгох талаар санал, санаачилга олонтоо гарч байна. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2011 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу боловсруулан 2015 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын иргэн бүрийн сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах нийтлэг хүсэл зориг, ашиг сонирхлыг хамгаалах гол баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудалд хэсэг бүлэг хүмүүс, үзэл бодлын зөрчилдөөнөөс илүүтэй ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс хандан, нухацтай хэлэлцэн, Үндсэн хуулийн одоогийн хүрсэн түвшин, ололт амжилтыг бууруулахгүй, цааш нь улам бэхжүүлэн, сайжруулах чиглэлийг чанд баримтлах учиртай гэж би үздэг.

Монголын ард иргэд ээ,

Үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан баяжуулж, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, иргэдийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцох тэгш боломж, ил тод байдал, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн шинэ Үндсэн хууль ард түмний маань хүсэл зоригийн баталгаа байх болтугай.

Тогтвортой төр, хуулийн шударга хэрэгжилт дор төр улс маань хөгжин мандах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уншигчдын улсаас зохиолчдын улс

Нэг. Оршил

Өмнө маань яруу найргийн хоёр түүвэр байна. Нэг нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулагдсан бол нөгөө нь Завхан аймгийн Шилүүстэй сумын 90 жилийн ойгоор бүтээгджээ.

“Найргийн хуртай парламент” (2015) түүвэрт хууль тогтоогч-яруу найрагч 50 гаруй хүний шүлэг туурвилаас сорчлон оруулсан бол “Шүншиг аравнайн даллагатай шүлэг найргийн дээжис” (2014) номд тус сумын 51 уран бүтээлч хамрагджээ.

Харин хууль тогтоогч-шүлэгчдийн түүвэр орон нутгийн яруу найрагчдын бүтээлийг чанараараа гэхээсээ илүү чансаагаараа яалт ч үгүй цохиж байна. Ямар чансаа гэхээр хууль тогтоогчдын бараг бүх шүлэгт нэр цуутай хөгжмийн зохиолчид ая хийсэн байх жишээний. Жирийн нэгэн ая зохиогчид бус нэртэй уран бүтээлчид, жишээлэхэд Д.Арвин гишүүний хоёр шүлэг орсны эхнийхэд хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг гуай, нөгөөхөд нь Н.Жанцанноров гуай ая оруулсан харагдана.

Төрийн түшээ-найрагчид болох Б.Бямбадоржийн “Хань минь дээ”, Ш.Гунгаадоржийн “Тариан түрүү”, Ж.Гүррагчаагийн “Холоос ойртох нутаг”, Д.Маамын “Магнаг цэнхэр дэлхий”, С.Нямзагдын “Отгонтэнгэр минь” зэрэг олон дууны аяыг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, мөн парламентч асан Н.Жанцанноров гуай өөрөө зохиожээ.

Чанарын хувьд Бавуугийн Лхагвасүрэн, О.Дашбалбар, С.Дулам (бүгд УИХ-ын гишүүн асан) гээд манай үеийн яруу найргийн цуутнууд багтсан болохоор хууль тогтоогч-яруу найрагчдынх хол тасархай чанартай гэвэл бас үгүй. Учир нь сумын түүврийг Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж толгойлоод эхэлж байна гэхээр бусдаасаа дордоод ч байх юмгүй.

Зөвхөн парламент, хязгаар нутгийн нэгэн сумаар зогсохгүй, манай нийгмийн аль ч хэсэг бүлэг, орон нутаг дор хаяж 50 найрагч бүхий шүлгийн түүвэр гаргах чадвартай юм. “Сайд-яруу найрагч” болон “зөвхөн үхэрчин яруу найрагч”, “гагцхүү хөзрөөр мэргэлдэг шүлэг” нар гэхчилэн багцалж түүврээ гаргахад дээрх хоёроос дутах нь үгүй подхийсэн ном альманах болно.

ХХ зууны сүүлийн хагасаас иргэн суурьшиж, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсонтой зэрэгцэн уран зохиолын хамгийн сайн уншигч ард түмэн болсон юм, манайхан. Энэ үзэгдэл үргэлжилсээр өнөөдөр хамгийн их зохиогч үндэстэн болон хувираад байгаа зүй зохистой явдал уу, эсвэл онцгой үзэгдэл үү?

Яруу найраг, уран зохиол бол хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний тусгал, тодруулан хэлбэл сэтгэлгээний эрх чөлөөний толь юм. Хүн төрөлхтөн бүгдээрээ утга зохиолд дурладаг байж болох ч манайхан шиг нийтээрээ найрагч нь цөөн. Ялангуяа, үеийн үед хамгийн цөөнх, сонирхогчдын бүлэг, клубээс цааш гарч байгаагүй яруу найраг, шүлгийн ертөнц тал нутагт бүх нийтийн поп урлаг болдгийн учир юунд байна?…

Хоёр. Бодохэрхээс бичихэрх

Яруу үгээр урлах ухаан нь эхлээд тэнгэр, бурханы мэдлийнх байлаа. “Эхлээд үг байлаа” хэмээн библи судар эхэлдэг. Тэнгэрийн санаа, бурханы сургаалыг ерийн нэгэн үгээр бус хамгийн яруу тунгалаг, төгс үгсээр урлах нь хүн төрөлхтний хэрэг болов. Яруу найрагчид эхлээд тэнгэр бурханы хэлмэрчээр ажиллажээ.

Гэвч газар дэлхийн дэг журмыг зөвхөн бурханы хууль дүрмээр, түүнд гүн итгэгчдийн ёс зүйгээр зохицуулан удирдахад амаргүй болов. Тэр хэрээр яруу найрагч нар хаан эзний алдар сууг дуулж, түүний тогтоосон засаглалыг сурталчлах үүрэг хүлээв.

Хаант ёс халагдаж, хүчирхийллийн дэглэмүүд залган авахын хэрээр тогтцоо сурталчлах, хамгаалах их үүрэг уран үгийн мастерууд дээр очлоо.

Нэг талаас нь харахад уран үгийн мастерууд нь эхнээсээ л эрх мэдэлтэнд үйлчлэх чиглэлээр явсан мэт. Гэвч утга зохиол нь сэтгэлгээний эрх чөлөөний эх ундарга байлаа. Хүн төрөлхтний хамгийн анхны өөрийн бодол, хувийн үзэл санааны илэрхийлэл нь уран бүтээл байсан байх. Чухам тэр өөрийн гэсэн бодол, хувийн үзэл санааны илэрхийлэл нь яван явсаар өөрийн гэсэн байрь суурь, үйлдэл, хандлага болон хөгжсөөр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, ардчилал руу хөтөлжээ.

Лус савдаг, бурхад, хаад ноёд, хүчирхийлэгч тогтолцоог өөрийн өнцгөөр магтаж явсан уран бүтээлчдийн “хувийн өнцөг” хувиран хувирсаар өөрийн байр суурь, хувийн үзэл санаа, үг хэлэх, сэтгэн бодох эрх чөлөө болон хөгжиж явжээ гэсэн үг.

Зөвхөн яруу найрагч, утга зохиолч нар ч энэ замаар яваагүй, бүхий л уран бүтээлчдийн замнал тийм байсан гэсэн үг. Дүрслэх урлаг ч уул усны эзэд, шүтээн амьтан тотемийн дүрслэл байснаа бурхадын дүр, удирдан жолоодогч ихэс дээдсийн хөрөг, бурханд болон эзэндээ үнэнч зарц барлагийн сэдвийг дамжиж явсаар дүрслэн сэтгэх, урлах өнөөгийн эрх чөлөөг бий болгожээ.

Уран бүтээлийн түүх нь эрх чөлөөгөө хайсан, түүндээ хүрэх түмэн арга, тэмцлийн зам хайсан, эрсэн, олсон түүх л юм. Урлаач нар эхлээд бурханаасаа хальж түүний ээжийг шүтээн болгон урлаж, улмаар шүтээнийхээ хувцсыг хөнгөлсөөр, нэг л мэдэхэд нүцгэлээд хаясан байдаг. Хүний хорвоог бурханы дүр, ноёдын хөргөөр гоёчлон дүрсэлж залхсан зураач нар жинхэнэ хүн бүтээх хүслээ гүйцээхийн тулд ядуус, ноорхойчуудын амьдралыг барьж авчээ. Учир нь тэднийг муухайгаар зурахад хэн ч өмнөөс нь гомдол гаргахгүй, өөрснөө ч зургаа олж үзэхгүй, иймээс “намайг матарлаад хаясан байна” гэхчилэнгээр гоншигонохгүй ажаам. Ван Гогын “Төмс идэж буй тариачид” гэхчилэнгийн өрнөдийн амьд зургууд ингэж төрсөн түүхтэй.

Утга зохиолын түүх нь хүн төрөлхтний сэтгэлгээний хувирал хөгжлийн түүх юм. Бурхад, хаад ноёд, төр засагт зохиолчид үйлчлэхээ албан ёсоор больж эхэлсэн үеийг ХХ зууны эхэн үеэс тоолдог юм байна. Дэлхийн нэгдүгээр дайн олон уран бүтээлчийн нүдийг нээж “юуны төлөө, яах гэж бид цусаа урсган, махан овоо босгож байгаа юм бэ” гэсэн асуултыг тавих болжээ.

Өрнөдийн утга зохиол тухайлбал, Английн яруу найрагч Руперт Брүүк

“Эр цэрэг намайг үхэхэд

Эрсэлж ирсэн суманд унахад

Энэ биеийг минь бахдахаасаа өмнө

Эх орныг минь л бахархан дурсаарай” гэсэн алдарт шүлгээр цэрэг эх оронч шүлгийнхээ хаалтыг хийсэн гэж үздэг аж.

Английн өөр нэг найрагч Зигфрид Сассун

Саяхан үүгээр цэргүүд өнгөрөхөд

Сайн уу гэж генерал мэндэлж

Сайн гээд өнгөрсөн эрсээс

Сайн мэнд нь одоо хэдхэн

Хөгшин генералыг бид магтана

Хөгшин ч гэсэн цоглогийг бахдана

Хөөрхий муусайн цэргүүдийг харин

Хөсрий гахай гэж хараал тавина хэмээн шүлэглэснээр олны санаа бодлыг эргүүлээд хаяжээ.

Түүнчлэн, манай уншигчдын сайн мэдэх Анри Барбюсийн “Гал”, Э.М.Ремаркийн “Өрнөд фронтоор сонин гойд юмгүй” зэрэг суут бүтээлүүд дэлхийн дайны мөрөөр төрж “Мянга мянган гэм зэмгүй хүмүүс юуны тулд цусаа урсгаж байна вэ? Дайн хэнд хэрэгтэй юм бэ” гэсэн асуултыг хүн төрөлхтний өмнө тавих болсон байна.

Гурав. Бурханы гараасБурхангүйчүүдийн гарт

Харин ХХ зууны эхээр Бурхан, хаан, төр гурав яруу найрагч, уран бүтээлч хэмээх зарц нараа үүрд алдаж байх тэр үед тал нутагт иргэншлийн утгаараа ч, үзэл суртлын утгаараа ч цоо шинэ утга зохиол дөнгөж мэндэлж байлаа. Нүүдэлчин монголчуудын “хэл уран зохиолын багш” болох учиртай орос оронд “нийгэм журам” хэмээх, дэлхийн хаана ч байхгүй нийгмийн байгууллыг түүнд үйлчлэх утга зохиолын арга барилын хамт цогцлоосон үе таарав. Монголыг төдийгүй дэлхийн баганхи талд ноёлсон социалист реализм буюу “пролетарийн утга зохиол” Монголд ч цэцэглэх учиртай боллоо.

Монголын уран зохиолын хандлага нь нэг талаасаа уул усны магтаал буюу тэдний эздийг бахдан дуулсан (өөрөөр хэлбэл бөө мөргөлийн улбаатай) ерөөл магтаал, нөгөө талаас Буддын гүн ухаан нэвт шингэсэн уртын дуугаар илэрхийлэгдэж байлаа. Ерөөл магтаал нь уул ус, эд баялгийн эздийг магтах арга барилаасаа хөндийрч тэдний эзэмшлийн бүс болох байгаль дэлхий, эд баялгийн сайн сайхныг тоочин бахдах руу шилжих болсон нь бас хөөрхөн үсрэлт маягтай харагдаж байдаг.

Харин дорнын суурин иргэншилд илүү ойр суудаг өвөр монголчуудын дунд хүүрнэл зохиолын шинэ арга барил дэлгэрэн В.Инжинаш нар “Хөх судар” зэрэг томоохон новелл бичиж байв. Энэ үзэгдэл төв Монгол руу шилжиж Д.Бодоо “Үзэмжит өгүүлэл” хэмээх туужийг Хятадын сонгодог зохиолоос сэдэвлэн туурвиж байжээ. (Хожмоо Бодоогийн ийм аргыг амжилтай давтан Шекспирийн сонгодгуудыг япончилсон хүн бол алдарт найруулагч Акира Курасова бөлгөө)

Харин ХХ зууныМонголд дэлгэрсэн өрнөдийн маягтай утга зохиол нь хувьсгалт засгийн үзэл санааны дор хөгжих хэрэгтэй боллоо. Энэ нь монголчуудын сонголт гэхээсээ илүү хувь заяаны тулгалт байсан юм.

Нэг талаасаа өрнөдийн маягтай, орчин цагийн утга зохиол хөгжиж эхэлсэн нь том дэвшил байсан ч жам ёсоороо алхам алхмаар урагшлан ядаж, бүтээгч, аврагчийн өмнө хүлээсэн үүргээсээ өөрийгөө чөлөөлөх замын эхэнд явсан монгол утга зохиолд садаа учирсан хэрэг.

Учир нь хувьсгалт маягийн утга зохиол урлаг нь социалист төр засаг, хувьсгал тэдний бурхад болох Маркс, Энгельс, Ленин, бурхангүйчүүдийн бурхадын номыг дэлгэрүүлэгч Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарыг алдаршуулах үүрэг хүлээх болов. Мөнөөх уул усны далд эзэд, лус савдгийн орыг тэд эзлэх болсон гэсэн үг.

Ингээд “Үүл нь гараад бороо орохын цагт, үүдэн хоймор хоёрт ялгал бий л бил үү? Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин залуу хоёрын ялгал бий л бил үү” хэмээн бясалган аялж явсан монголчууд “Хөгжсөн намын Х их хурал, хөдөлмөрчин бидний хүслийг хангаж байна”, “Манай залуучуудын эвлэлийг Мандах нартай үлгэрлэе. Маркс, Лениний сургаалыг Магад үнэнээр биелүүлье” хэмээн дуулалдах учиртай болов.

Хувьсгалт уран зохиолын эцэг гэгдэх Д.Нацагдорж нь уламжлалт магтаалын аргаар (Алтайн магтаал, Богд Дүнжингаравын магтаал г.м), Монгол орны физик газар зүйн тодорхойлолт, түүхэн бахархал сэлтийг тоочин бахдаж, урнаар дүрсэлсэн бичлэгтэй “Миний нутаг” найргаараа үлэмж алдартай. Тэрээр малчин амьдралаас иргэншил рүү дэвших үйлсийг халуунаар дэмжиж, эрүүлийг хамгаалах, боловсон амьдрах, эрдэм соёлыг түгээх үйлсийг бахдан ухуулсан олон бүтээл туурвисан. Д.Нацагдоржийн янаг амраг, аж төрлийн сэдэвтэй шүлэг найргаас нь түүний гайхалтай авьяас нь илүү тод гэрэлтэн харагддаг.

ХХ зууны сүүлийн хагаст монголчууд бичиг үсгийн шинэчлэл амжилттай хэрэгжүүлсний дараагаар орчин үеийн Монголын утга зохиол, утга зохиолч, утга зохиолын хэл гурав бие биеэ тэтгэн үүссэн бөлгөө. Л.Түдэв, Ч.Лодойдамба, Д.Намдаг, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж гээд шинэ үеийн утга зохиол, уран зохиолын хэлийг бүтээсэн уран бүтээлчид мэндэллээ.

Улс төрийн амьдралын хэт хувьсгалч байдал ч зөөлөрч, утга зохиолд нэг талаас бүх юм нь падан хар “дайсан”, нөгөө талаас хамаг юм нь цав цагаан “манай тал” хоёрын тулааныг дүрслэх арга барил ч хуучрав. Нам засгаас ч социализмын зөв зүйтэйг харуулахын тулд “нийгэм журамт ёс байгуулан жаргаж байгаа социалист хүний социалист аз жаргал”-ыг дүрслэхийг уран бүтээлчдээсээ шаардах болов.

Чухам энэ сиймхийгээр С.Эрдэнэ, С.Дашдооров нарын бүтээсэн хүнтэй л адилхан хайрладаг, дурладаг уй гашуунд автдаг бас алдаж онодог баатрууд төрөн гарсан юм. Тэдний “Сэрүүн дуганын мөхөл”, “Говийн өндөр”-ийг унших бүрийд утга зохиол дахь сэтгэн бодох, дүрслэх эрх чөлөөний төлөөх нийтлэг тэмцлийн улбаа харагддаг. Яг л өрнөдийн зураач нар бурхан эхийг нүцгэлж, төмс идэж буй ядуусыг дүрслэн тэмцэж, эрж хайж явсны ул мөр хээр талд давтагдаж байгаа хэрэг.

Эдний араас нэлээд хожуу нэгэн ер бусын этгээд төрөн гарсан нь Цэндийн Доржготов билээ. Тэрээр нэгдүгээр бие буюу “би” хэмээх баатраар дамжуулан хүний мөн чанар руу нэвтрэх оролдлогуудыг хийж байлаа. Социализмын сүүлчийн өдрүүдэд гарсан “Баба”, “Тэнгэр дуугарахын өмнө” туурвилууд нь хүчирхийллийн тогтцын баганыг гуйвуулалцсан.

ХХ зууны Монголын утга зохиолын өөр нэг онцлог бол хамгийн их уншигчтай утга зохиол байсан явдал юм. Нийтээр бичиг үсэг тайлагдсаны дараагаар бүх нийтээрээ утга зохиолд дурлах үзэгдэл залгав. Тухайн жилдээ гардаг 10-20 уран зохиолын номыг бараг л бүх нийтээрээ уншиж танилцдаг, яруу найрагчид шүлгээ уншихад олноороо очиж шимтэн чагнадаг байлаа. Хүний түүхэнд хамгийн цөөхөн уншигчтайгаараа онцгойрч явсан яруу найраг гэхэд Монголд хамгийн поп төрөл зүйл болж, яруу найргийн наадмууд суудал битүү зохиогдоно.

Нөгөө талаас нь хувийн үзэл бодлоо(нам төрийн зааснаас өөр) илэрхийлэх эрх чөлөөгүй, энэ утгаараа үг хэлэх эрх чөлөөгүй, үүнээсээ үүдээд сэтгэн бодох эрх чөлөөгүй тогтоц доторхи утга зохиол нь сэтгэх, бодох, илэрхийлэх эрх чөлөөний бяцхан сиймхий байв. Ядаж л дурласан хүүхнээ өөрийнхөөрөө магтан шүлэглэж болж байна гэдэг том эрх чөлөө санагдаж, тэр хэрээрээ утга зохиолыг тойрон хүрээлж байсан хэрэг болов уу?

Нөгөө талаас утга зохиолчид өөрийн зах зээлдээ санаа зовох хэрэгцээ байсангүй. Нам төр хэмээх бэлэн зэхээний ивээн тэтгэгч, меценат бэлэн байх ба гол нь түүний юу хүссэнийг л хийж, үгнээс нь гарахгүй байхад болно. Ингээд зогсохгүй нам засгийн бодлого шийдвэрийг сурталчилж магтсаныхаа төлөө чамгүй шан харамж хүртэж, тусгай халамжийн хүрээнд багтаж болно. Иймээс социалист утга зохиол ертөнц нь олон хүний аж төрлөө сайжруулан амьдрах мөрөөдлийн орон зай байсан гэж болно.

Гэвч туурвин бүтээх авьяас билиг нь өөрөө эрх чөлөөний эрэлхийлэл байдаг учраас билиг төгөлдөр олон уран бүтээлч сэтгэхүйн гянданд байгааг мэдэрч, тор хүлээстэйгээ тэмцэж, уур уцаараа барьж дийлэлгүй сэтгэлээ нээж, түүнээсээ болоод шорон, цөллөгт тарчлах болсны тод жишээ нь яруу найрагч Р.Чойном бөлгөө.

Төгсгөл. Уншигчдын бүгд найрамдах улсаас

Зохиолчдын бүгд найрамдах улс.

1990 он гарлаа. Утга зохиолыг цензурдэгч, бас ивээгч төр алга боллоо. Зарим нэгийг нь шорон гяндан руу хөтөлж байсан эрх чөлөөний эрэлхийлэл өнөөдөр өдөр тутмын ерийн амьдралын хэсэг болов. Гэвч мөрөөдлөө биелүүлэхийн жаргал ба өнгөрснөөсөө хагацахын гуниг хоёрын аль нь давамгайлж байгааг ойлгоход бэрх.

Зохиолчдыг үзэл суртлын дууч байсных нь төлөө өгдөг шан харамж арилсан ч тэднийг эхлэн “бичигч”, “залуу зохиолч” гэхчилэнгийн анхан, дунд шатны эрэмбээр өгсүүлэн зохиолч “болгодог” хориг садаа ч ховхорч эгнээ эгнээгээрээ зохиолч төрөх боломж нээсэн байх аж.

Утга зохиолд тавьдаг хатуу цензур хяналт, ном хэвлэх хатуу чанд дэг журмыг давж чадахгүй саатаж байсан мянга мянган уншигчид шууд л зохиолчдын эгнээнд шилжлээ. Уншигч ба зохиолч гэсэн фронтын ялгаа агшин зуур ариллаа.Нэгэн үе хамгийн олон уншигчтай явсан Монголын утга зохиол агшин зуур хамгийн олон зохиогчтой утга зохиол болон хувирав.

Энэ нь утга зохиолд тавьдаг байсан хатуу хяналт, цензурээс үүдэлтэй бичих туурвих эрх чөлөөний цангаанаас үүдсэн үзэгдэл бололтой. Бичиг үсэгтэй иргэд нь болж өгвөл шүлгийн түүвэр, арга барагдахад сонинд гаргасан нийтлэлийн эмхэтгэл, ядаж нутаг орныхоо хутагт хувилгаадын шастирыг туурвигч болов. Өөрийгөө сэхээтэн гэж тооцдог хүмүүс анд нөхдөдөө бэлэглэх өөрийн гэсэн зохиол, үгүйдээ л бүтээл нь орсон түүвэртэй явахад гайхах юм алга.

Авьяас билгээрээ тодрон гарсан зарим уран бүтээлчийг эс тооцвол нийт үндэстний яруу найргийн ур чадварын түвшин ойролцоо, сэдэв (эх орон, эх нутаг) ерөнхийдөө нийтлэг харагдана.

“Халуун цус эх орон минь

Хатан зориг эх орон минь

Эрдэнэт хүмүүн эх орон минь

Элбэрэл хайр эх орон минь” (Д.Лундаажанцан. Найргийн хуртай монгол парламент 2015. Тал 92)

“Яргуй хэнзлэх намраар өвөлжөөндөө очих сайхан

Ямаа авирдаг цохионыхоо өвөрт нь тухлах сайхан

Өсөж төрсөн бууцан дээрээ хөлөө амраах сайхан

Өвөг дээдсийнхээ хуучлахыг салхинаас сонсох сайхан” (Р.Гончигдорж. Найргийн хуртай монгол парламент 2015. тал 50)

Мянган хайрхан уул минь

Мэлтийн цайрах мөнгөн оройтой

Бурхан дүрийг тань харахдаа

Буянтай аавын минь сургаал санагдана.(Д.Мөнхнаран.“Шүншиг аравнайн даллагатай шүлэг найргийн дээжис” 2014. тал 235 )

Харахад нүд халтирам болсон

Халх нутгаа би харууснам

Ганирахад өр өвдөм болсон

Газар шороогоо би харамланам. (А.Бөхням “Шүншиг аравнайн даллагатай шүлэг найргийн дээжис” 2014.тал 258)

Утга зохиол, яруу найргийн сэдвийг хэн ч хянахаа больсон боловч “Болор цом” хэмээх шүлгийн баяр наадамд сойгдсон бүтээлээс эхлээд захын эмхэтгэл түүврийн гуравны нэгээс илүү хэсэг нь эх орноо хамгаалах, газар шороогоо өмгөөлөх утгатай байгаа нь өнгөрсний тусгалын ул мөр. Социализмын үед аливаа шүлгийн түүврийн тодорхой хувийг нам эх орон, Монгол Зөвлөлтийн найрамдал, эх оронч үзэл санааг магтсан бүтээл эзлэх ёстой хэмээн шаардаж байсан тэр дүрмийг одоо ч хаяж чадахгүй явна. Өөрөөр хэлбэл, өрнөдийн утга зохиолд дэлхийн нэгдүгээр дайнаар дуусгавар болсон сэдэв Монголын тал нутагт амьд сэрүүнээрээ цэцэглэж яваа гэсэн үг юм.

Улс төрөөс зайлсхийлээ гэхэд мөнөөх л ард түмний бүтээсэн “Алтайн магтаал”-аас Д.Нацагдоржийн зохиосон “Миний нутаг” хүртэлх уул усаа нэрлэн тоочин магтсан, санан дурсах сэтгэлээ илэрхийлсэн арга барил хамгийн өргөн дэлгэр хэвээрээ байна.

ХХ зуунд бүрэлдэн бий болсон соц-реалист баримжаатай, улс төр нийгмийн сэдэвтэй утга зохиолын дурсамж өнөөгийн уран зохиолын өнгө төрхийг тодорхойлсон хэвээр үргэлжилж байгаа гэсэн үг. Онцгойрон гарсан яруу найрагч, зохиолч нарыг орхин, нийт үндэстний шинжтэй яруу найраг ба туурвил зохиолын өнгө аяс иймэрхүү харагдана.

Чухам ийм онцлог үед хүн төрөлхтний сэтгэлгээний эрх чөлөөний хөгжил дэвшлийн түүх, бодох туурвих эрх чөлөөний замнал, яруу дүрслэлийн нэгэн шастир болсон “Жон Сатерланд. Уран зохиолын товч түүх” ном монгол уншигчдын гар дээр очиж байна. Мөнөөх “нийгмийн хөгжлийн шатыг алгасан гишгэж болохгүй” гэдэг шиг утга зохиолын сэтгэлгээ, хөгжлийн явц нь бас өөрийн гэсэн шат, эрэмбээр хөгжиж байдгийн учрыг эндээс харна. Янз бүрийн хандлага, “изм”-үүд нь урлан бүтээх арга барилын эрэл, сэтгэн туурвих эрх чөлөөний төлөө тэмцлийн явцаас урган гарсан бөгөөд өөрийн зүй тогтолтой үзэгдэл болохыг энэ ном бас хэлж өгнө.

НЭПКО хэвлэлийн газраас толилуулан буй “Жон Сатэрланд. Уран зохиолын товч түүх”, “Даниэль С.Бөрт. Сонгодог 100 зохиолч” хэмээх хоёр номоос бүрдсэн багц нь нийтийн утга зохиолын боловсролд чиг баримжаа өгөхүйц бүтээл юм.

Үнэн хэрэгтээ манай оронд утга зохиолын системтэй боловсрол олгох ажил жинхэнэ утгаараа хийгдээгүй билээ. ХХ зууны социалист үзэл суртлын үүднээс бол утга зохиол нь мөн чанар урлахуйн арга барилаараа бус харин үзэл суртал талаасаа ангилагдаж “манай тал”-ын болон “дайсны тал”-ын хэмээн хуваагдаж байсан.

Харин ардчиллын жилүүдэд яасан гэхээр, олон арван жил боогдсон бичих, сэтгэх эрх чөлөөний цангаагаа тайлж, “Уншигчдын бүгд найрамдах улс”-аас “Зохиолчдын бүгд найрамдах улс” руу шилжиж, уран зохиолыг судлах, таних зав бололцоо гараагүй явсан юм.

Утга зохиолын түүх, түүнийг бүтээгчдийн намтар цадигаар дамжуулан хүний нийгмийн сэтгэлгээний тэмцэл ялалт, эрэл хайгуулын замналыг харуулах эл багц ном утга зохиолын түүх, судлалын хоосон орон зайг тодорхой хэмжээгээр нөхнө гэж найдаж байна.

Жич: Харин хэтэрхий олон хүн зохиол бичиж байгаагаас Монгол дахь уран зохиолын чанар муудаж, номын борлуулалт буурч, зохиолчийн нэр хүнд унасан мэт яриатай огт санал нийлэхгүй байгаагаа тэмдэглэмээр байна. Өрсөлдөгч олон байхын хэрээр уралдааны чансаа сайжирдаг нь ёс. Ухаандаа, найранд гурван дуутай наадамд гурван даваатай явах нь монгол эрийн стандарт шаардлага. Ингэлээ гээд сайн бөх, сайхан дуучин төрөхөд садаа учирсан нь үгүй. Долдугаар сарын 11-нд бүх аймаг, сум зэрэг наадам хийдгээс болоод улсын цолтой сайн бөх төрөх явдлыг гацаасан нь үгүй. Бүхий л олноороо найран дээрээ дууллаа гээд “Жавхлан, Баясгалан” үүсэх явдалд тээг болоогүй ба “тал нутгийн од” болох “Жавхлан Баясгалан”-гийн үзэгдэл нь дэлхийн од Г.Ариунбаатар тодроход гай учруулаагүйтэй агаар нэг гэсэн үг. Авьяас авьяасаа гэрэлтүүлэхээс биш бүдгэрүүлдэггүй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амгаланбаатар: Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан

-Монголчуудын итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ-

“MMCG” компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатартай дэлхийн “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ын талаар ярилцлаа.

-“MMCG” компани байгуулагдаад хэдэн жил болж байна. Судалгаагаа олон улсын түвшинд хийдэг гэсэн?

-Манай компани 2002 онд байгуулагдсан. Монголын хамгийн анхны мэргэжлийн судалгааны компани. Энэ жил 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улс 1990 онд шинэ нийгэмд шилжсэнээс хойш маркетингийн судалгаа хөгжиж эхэлсэн. Маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээ нь харьцангуй шинэ салбар учраас үнэндээ хөгжлийн хувьд нэлээд дорой байгаа. Монгол Улсад үүнийг дуурайгаад хөгжье гэх маркетинг судалгааны компани байхгүй учраас бид анх гадаадын судалгааны компаниудаас суралцах хэрэгтэй болсон. Тиймээс 2008 оноос бид гадаадын томоохон судалгааны компаниудтай хамтран ажиллаж судалгааны арга аргачлал, технологио цаг алдалгүй шинэчлэн, хөгжүүлж ирлээ.

Мөн олон нийтийн санаа бодол болон маркетингийн судалгааны олон улсын ISO 20252:2012 стандартыг 2012 онд Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. ESOMAR гэх 1948 онд байгуулагдсан олон улсын судалгааны ёс зүйн стандартыг хангадаг байгууллага байдаг бөгөөд үүнд Монгол Улсаас шаардлага хангаж орсон цорын ганц компани бол манайх. Өөрөөр хэлбэл “MMCG” компанийн хийсэн судалгаа олон улсын стандартын дагуу явагдаж, үр дүн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж байгаа юм.

-Маркетингийн судалгаа манай оронд хөгжлийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Монголчууд бид хэдэн биенийгээ л өрсөлдөгч мэтээр хараад байдаг. Бид хэдэн биенээ хараад хөгжихгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд “Ази Номхон далайн маркетингийн судалгааны компаниудын холбоо”-нд 2013 онд ес дэх орноор нь элсэж орсон юм. Уг холбоонд Япон, Автрали, Шинэ Зеланд, Сингапур, Малайз, Хятад, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд орчихсон байдаг юм. Ингэхээр бид дэлхийн маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байна вэ гэдгийг мэдэж түүнтэй нийцүүлэн хөгжих боломжтой болж байгаа юм. Манай компани Ази Номхон далайн өндөр хөгжилтэй орнуудын маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний томоохон хурлыг 2017 оны есдүгээр сард Монголд зохион байгуулах эрхийг аваад байна. Тэр эрхээ өнгөрсөн жил Шинэ Зеландад очихдоо Тайвань, Сингапур улсуудтай өрсөлдөж авсан. Энэ маань Монгол Улсын маркетингийн судалгааны хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр болов уу гэж бодож байгаа.

-Дэлхийд хамгийн сайн маркетингийн судалгаа хийдэг ямар орон байдаг вэ?

-Дэлхий дээр байдаг хамгийн том 25 судалгааны компанийг харахад топ зургаан оронд хуваагддаг юм. Ихэнх нь буюу 13 нь Америкийн судалгааны компаниуд байдаг. Английн дөрвөн компани, Франц, Японы тус бүр гурван компани, Австрали, Бразилийн тус бүр нэг компани дэлхийн хамгийн том 25 компанид багтдаг. Хамгийн өндөр хөгжилтэй орнууд том судалгааны компанитай байдаг. Тэгж байж бүтээгдэхүүнүүд нь дэлхийд танигдсан брэнд болж зах зээл дээр тархдаг. Шударгаар хэлэхэд судалгааны байгууллага нь хөгжөөгүй улсууд ихэнхдээ ядуу буурай орнууд байдаг.

-“MMCG” компани шинэ оны өмнө “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийн үр дүнг олон нийтэд зарласан. Харин одоо “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ыг гаргажээ.Энэ удаагийн судалгаанд хэдэн улс хамрагдсан бэ?

-Би 2015 оны аравдугаар сард “Win/Gallup interna­tional” хэмээх маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн тэргүүлэгч эвслийн гишүүн болсон. Тэгээд анх удаагаа “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийг танилцуулсан. “Win/Gallup international” нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн газар нутгийн 95 хувийг хамарсан, 76 орны судалгааны топ компаниудаас бүрддэг. Нэг орноос маркетингийн судалгааны олон улсын стандартыг хангасан нэг л компанийг элсүүлдэг юм. Энэ холбоонд нэгдсэнээр дэлхий даяар хийгдэж байгаа чухал судалгаануудад манай улсын иргэдийн дуу хоолой хүрэх боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын хувьд бид дэлхийд хаана нь яваад байна вэ гэдгийг харах боломж нь нээгдэж байгаа хэрэг.

“Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-д 68 орон хамрагдсан байгаа. Тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амаас хамаарч нэг улсаас 400-2000 хүн судалгаанд хамрагдсан бөгөөд нийтдээ 68 орны 66,000 хүн судалгаанд хамрагдсан байна. Монгол Улсын хувьд 21 аймаг болон нийслэл хотоос нийт 1000 хүн уг судалгаанд хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн.

-Аз жаргалын индексээр манай улс нэлээд дээгүүрт байгаа гэсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 31-нд “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн индекс 2015” судалгааны үр дүнг цацсан. Үүнд манай улс Аз жаргалын индексээр дэлхийн 68 орноос 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Колумб улс аз жаргалын индексээр нэгдүгээр байрт орсон буюу 85 хувь нь аз жаргалтай байна гэж хариулсан байгаа юм. Колумб өөрөө Өмнөд Америкийн улс шүү дээ. Тэнд хар тамхины наймаа цэцэглэсэн. Хүн амины гэмт хэрэг гаралтаараа дэлхийд номер нэг улс. Нэг нэгнийгээ буудах нь энүүхэнд. Гэтэл тэр улс яагаад аз жаргалтай байна вэ. Үүнийг тайлбарлахад хэцүү. Хүн өөрөө өөрийгөө төсөөллөөр тодорхойлж гаргаж байгаа хэрэг. Энэ судалгаа төсөөллийн судалгаа учраас би аз жаргалгүй байсан ч аз жаргалтай байна гэж хариулж болно. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Ирак улс гарсан байна. Өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 59 дүгээрт орж байгаа юм. Магадгүй францчууд одоо байгаадаа ханадаггүй байж болно. Өөрөөр хэлбэл Африкийн нэг иргэн хоногийн хоолтой байхдаа аз жаргалтай байгаа бол Францын нэг иргэн харьцангуй хүлээлт өндөртэй байж болох юм.

-Аз жаргалын индексийг хэзээнээс тооцож эхэлсэн бэ. Юугаар нь аз жаргалтай гэж үзээд байгаа юм бэ?

-Анх 1978 онд Бутан гээд хаант засаглалтай, далайд гарцгүй, газар нутгийн хувьд жижиг улс байсан. Бутан улсын хаан ард иргэдээ хэрхэн амьдарч байгааг харахын тулд үндэсний аз жаргалын индексээ тооцож эхэлсэн байгаа юм. Үүнээс хойш аз жаргалын индексийг дэлхийн олон улс гаргадаг болсон. Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг өөр үзүүлэлт шүү дээ. Миний хувьд аз жаргал гэдэг гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, хэрүүлгүй, өмсөх хувцастай байхыг хэлнэ. Зарим хүмүүс арван давхар байшинтай, найман машинтай, хадгаламжиндаа 100 сая доллартай байвал аз жаргал гэж үзэж болно. Хүмүүсийн төсөөлөл нь өөр өөр байна. Монголчуудын хувьд итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг монголчуудын хувьд эдийн засагт итгэх итгэл, ирэх оны итгэл найдвар бага байгаа хэдий ч өөрийн амьдралыг аз жаргалтай байна гэж үзэж байна.

-Аз жаргалын индекс өндөр байгаа нь шинэ жилийн баяртай холбоотой гэж байсан үнэн үү?

-Үгүй. Мэдээлэл цуглуулалтаа дэлхий даяар есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд цуглуулсан. Энэ судалгаа шинэ жилийн баяртай ямар ч холбоогүй. Мэдээлэл цацаж байгаа нь л шинэ жилийн үеэр таарч байгаа юм.

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд буурч уу, нэмэгдэж үү?

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан байна лээ. Өнгөрсөн 2014 онд 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байсан юм билээ. Энэ жил дэлхий нийтээрээ 66 хувь болж буурсан байна.

-Итгэл найдварын индексийн хувьд ямар байв?

-“2015 он 2016 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэж асуусан. Монголчуудын 37 хувь нь сайжирна, 25 хувь нь муудна, 37 хувь нь байгаагаараа хэвээрээ байна, нэг хувь мэдэхгүй гэж хариулжээ. Бид энэ үзүүлэлтээр 68 орноос 36 дугаар байрт орсон. Аз жаргалтай гээд байсан хүмүүс ирээдүйдээ итгэл багатай байгаа дүр зурагтай байна. Харин хамгийн өндөр итгэл найдвартай улсаар Бангладеш улс орсон. Араас нь Хятад, Нигер улсууд эрэмбэлэгджээ. Хамгийн бага найдвар тавьж байгаа орноор Итали, Ирак, Грек улсууд орж байна.

-Эдийн засагт итгэх итгэлийн индекс яаж гарав?

-“2016 оны эдийн засгийн нөхцөл байдал 2015 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэсэн асуулттай байлаа. Энэ судалгаанд манай улс 68 улсаас 55 дугаарт орсон. Судалгаагаар манай улс энэ жилийн эдийн засгийн итгэл найдвар муу байна гэж гарлаа. Судалгаанд хамрагдсан арван хүний хоёр нь энэ жил эдийн засаг сайжирна гэж хариулжээ. Харин тав нь муудна, гурав нь хэвэндээ байна гэсэн.

Эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа улсад Нигер хамгийн их итгэл найдвартайгаар гарсан. Байгалийн хий, баялаг ихтэй улс мөртлөө хамгийн ядуу орон. Гэтэл энэ улс эдийн засаг сайжрахад хамгийн өндөр итгэлтэй байна гэж гарсан. Араас нь Бангладеш улс орсон байна. Эдийн засаг сэргэхэд итгэлгүй байгаа улсад Грек, Автри, Итали зэрэг улсууд эрэмбэлэгджээ. Үүнээс харахад өндөр хөгжилтэй орнуудын хүлээлт өөр байх шиг байгаа юм.

-Танай компани судалгаагаа утсаар авдаг юм байна. Хүмүүс хэр идэвхтэй хариулдаг вэ?

-Төвөгшөөхгүй хариулчихна. Манайхны нийгмийн идэвх оролцоо нь харьцангуй сайн болчихсон шүү. Ялангуяа манай орон нутгийн хэрэглэгч нар сайн хариулдаг. Ер нь манай компанийн утсаар судалгаа авдаг төв маань хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилагдсан. Манай судалгаа авдаг операторууд маань өндөр түвшинд сургагдаж бэлтгэгдсэн байдаг.

-Энэ судалгааг гаргахаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол?

-Олон талаар нөлөөлнө л дөө. Магадгүй бизнес эрхэлдэг хүн эдийн засгийн өсөлт сайн байна гэсэн итгэл найдвартай байвал мөнгөө дэрэн доороо нуугаад байхгүй зах зээлд оруулъя гэж төлөвлөж болох юм. Мөн ард иргэд нь эдийн засгаа сэргэнэ гэж харж, хүлээж байгаа оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ч магадлалтай. Тэгэхээр үүнийг хүмүүс ямар ч өнцгөөс харж, тайлбарлаж болох юм.

-Ирэх сард ямар судалгааг танилцуулах вэ?

-“Win/Gallup international”-ээс юу танилцуулах талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ олон сонирхолтой үр дүнг хүлээгдэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Солонго: Хоосон лангууны зургийг авахад улсууд загнаж байлаа. Одоо энэ бүхэн түүх болж үлдсэн

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ийн ерөнхий захирал Ж.Солонготой ярилцлаа.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн он таны ажил амьдралын өрнүүн жил байсан бололтой?

-Тийм ээ. Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой боллоо. Ойгоо угтаад нэлээд ажил хийсэн. Киночдын тухай 80 цуврал нэвтрүүлэг хийлээ. Кино хамтын бүтээл. Олон хүн, техник тоног төхөөрөмж орсон бүтээл байдаг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах үүднээс 80 цуврал хийж, телевизүүдээр гаргасан. Хөгжмийн зохиолчид гэхэд л киноны хөгжим бичиж үзээгүй хүн байхгүй. Бүх жүжигчид кинонд оролцсон байдаг. Киноны түүхээ бичсэн ном гаргаад нэр өгөх гээд бодоод байсан чинь бидний түүх Монголын түүх юм билээ. “Аман хуур” киног 1960-аад онд хийхэд одоогийн Э.Бат-Үүл эд нарын хийх гээд байгаа хотын дахин төлөвлөлт хийж байжээ. Бас л нүүхгүй барихгүй гээд улсууд эсэргүүцсэн ч, киногоо зөв хийгээд хүмүүстээ ойлгуулчихсан. “Хүргэн хүү”-г хийсэн түүхийг мэднэ. Монголбанкнаас ганцхан хуудас материал өгсөн гэдэг. Түүнийг нь Д.Дожоодорж гуай, С.Удвал гуай хоёр зохиол болгоод, Д.Жигжид гуай найруулаад, банкинд мөнгөө хадгалуулахгүй бол будаа болдог гэдгийг хүний сэтгэлд хийж өгсөн. Тэр үед барилгажилт эхлэхээс өмнө “Аман хуур” киногоо хийсэн. Атар газар эзэмшихээс өмнө “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийсэн байдаг.

-Нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилаад айхавтар бэлтгэдэг байжээ?

-“Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд Б.Дашдаваа гэдэг тухайн үеийн хамгийн гоё залуугаар дамжуулаад, атар газрыг яаж эзэмшдэг, юу саад болж байгаа тухай кино хийчихээр залуучууд хуйларч байсан. Төрийн бодлого гэдэг юм байж.

-Кино гэдэг социализмын үед үзэл суртлын том зэвсэг байж, орчин үед юу болж хувирсан юм бэ?

-Америкчууд мөнгөний маягийн кино хийдэг. Оросууд, манайх үзэл сурталжсан кино хийдэг бол, Европын орнууд, Франц, Англи урлаг тал руугаа кино хийдэг. Ийм л гурван урсгал явсаар байгаад одоо үзэл нь суртал нь байхгүй болоод дуусч байна. Манайх 1990 он хүртэл улсын соёл урлагийн төсвийн 41,7 хувийг зөвхөн кинонд өгч байжээ. Жилд 4-8 найман кино гаргадаг. Бүх киног зохиолоос нь авахуулаад нарийн үзэж, бараг Улс төрийн товчоо зөвшөөрөл өгдөг байж. Тэр үеийн удирдлагад нийгмийнхээ сор болсон хүмүүс ажиллаж байсан. Тэдний шүүлтүүрээр ороод гарсан нь сайн явдаг юм байна л даа.

-Том гүрнүүдийн бодлого киногоор дамждаг юм биш үү. Солонгос кино үзсээр байгаад хүүхэд залуус солонгосчуудыг дуурайдаг боллоо гэцгээдэг оргүй ч биш байх. Монгол сэтгэлгээ уламжлал, үндэсний онцлог гэдэг юм киногоор дамжих ёстой юм болов уу?

-Киногоор дамжих ёстой. Орос тэр талаараа мундаг байна. Солонгос өөрийн соёл, уламжлал, бүх юмыг киногоор дамжуулахын тулд асар их мөнгө хаяад, дэлхий даяар цацаж байна. Зөвхөн манайд ч биш Япон, Европ, Хятадад гаргадаг. Солонгосын нэг эрэгтэй жүжигчин гэхэд Хятадад 51 сая дагагчтай байна. Хятадаар ярьчихдаг, сайхан дуулчихдаг. Түүгээрээ дамжуулаад, Солонгосын соёлыг сурталчилдаг. Тэгэхэд монголчууд ерэн оноос хойш кинондоо мөнгө зарцуулаагүй. Гадуур яваад байгаа кинонуудаа болж байна гэж боддог. Мөнгөний кинонууд шүү дээ, хөөрхий.

-Монголд кино үйлдвэрлэж байгаа юу?

-Бид киноны ийм том мангасуудын дэргэд кино үйлдвэрлээд ашиг олно гэж байхгүй. Энэ ард түмэн үндэстэн юм чинь өөрсдийн соёл, урлагтай байх ёстой шүү дээ. Монголын соёл уламжлалыг харуулсан юм л гаднынханд сонин байгаа юм. Жишээлбэл, “Ингэн нулимс“ гээд кино 22 мянган долларын өртөгтэй, хамгийн бага зардалтай кино. Тэгсэн мөртлөө Оскарт дэвшиж байсан, бүх орнууд худалдаад авчихсан, нэрд гарчихсан. Кино төсөв мөнгөндөө биш утга агуулгадаа байдаг юм байна. Европынхон тэмээг араб тэмээгээр төсөөлдөг. Гэтэл монгол тэмээ хөгжим сонсоод уяраад, үр зулзагаа голсноо эргүүлээд авдаг гэдгийг нөгөөдүүл хараад “ухаан алдаж унана”. Бидний хувьд жирийн л зүйл. Бусад улсуудад гайхмаар үзэгдэл. Монголынхоо нүүдэлчдийн соёл уламжлалаар кино хийвэл гадаадад гарна. Өөрөөр кино хийгээд, гадаадад гараад сүртэй нөлөөлөх юм одоохондоо харагдахгүй байна.

-Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статусаар ажилласаар байх уу, хөрөнгө мөнгө өгөхгүй бол яаж амьдрах учиртай юм бол?

-Бид 20 жил улсаас мөнгө аваагүй. Харин бид улсад жилд 180-200-гаад сая төгрөгийн татвар өгч байна. Төр засгаас кино хийгээрэй гэж мөнгө өгсөнгүй. Баримтат кинонд жаахан мөнгө өгдөг. Тэр нь бага л даа. Энэ жил түүнийгээ ч өгч чадахаа байлаа. Баримтат киног гаргуунд нь гаргаж байна. 1935 оноос өнөөдрийг хүртэл бүх үйл явдал баримтат киноны хальсанд бий. Хэдэн жилийн дараа ойлгоно л доо. Хуучны улсууд баримтат кинон дээрээс дүрсээ сэргээж авдаг. Видео бол сэргээж өгөх арга байхгүй, дөрвөн жил болоод байхгүй болчихож байгаа юм чинь.

-Баримтат кино гэснээс таныг ардчилсан хувьсгалын үеэр баримтат киноны гол зургуудыг авсан гэж сонссон?

-Би ардчилсан хувьсгал дөнгөж эхлэнгүүт бүх зургуудыг нь авч эхэлсэн. Ц.Элбэгдорж, өлсгөлөн, анхны жагсаал цуглааныг бүгдийг би авсан. Дэлгүүрийн хоосон лангууны зургийг авахад улсууд загнаж байлаа. Одоо энэ бүхэн түүх болоод үлдсэн.

-Та тэгэхээр ардчилсан үзэлтэй, тухайн үедээ бол нэлээд эсэргүү нөхөр байж таарах нь ээ?

-Ардчилсан үзэлтэй юу байхав. Тэр үеийн бүх хүн боссон. Ардчилсан холбоог анх үндэслэгчдийн нэг байлаа. Би Ц.Элбэгдорж, Дарь Сүхбаатар эд нарт С.Зоригийг аваачиж танилцуулж байсан. “Энэ шинжлэх ухаан, коммунизмын онол заадаг, их сургуулийн багш, бид нарыг эрх биш зүглүүлээд өгнө” гэсэн юм. Анхны жагсаал цуглаан бүх гол үйл явдлыг бичдэг. Тэр үед плёнк үнэтэй, надад хамаагүй өгөхгүй. Би улсуудаас гуйгаад хадгалчихсан. Тэгсээр байгаад, найман сар хагасын зургийг авсан. Сүүлд нийлүүлж байгаад нэг кино хийчихсэн. Ямар ч байсан ерэн оны гол үйл явдлуудыг авсан даа. Ж.Батмөнх дарга, Улс төрийн товчоо огцорч байгаа, өлсгөлөн бүх л юм бий. Орос цэрэг гарч байхад зураг авах гэж бөөн ажил болсон доо. Орос цэрэг буцахад 100 гаруй мянган цэрэг Улаанбаатарын орчимд байсан. Танк бүх юмаа ачаад явж байгаа зургийг нь хөөцөлдөж байж авсан юм. Орос цэргүүдийг найрч, архи дарс өгч байж билээ. Эргээд харахад сайхан. Баримтат киног одоогийн төр засаг тоохгүй гаргуунд нь гаргаж байгаа нь буруу. Баримтат киног хаяж болохгүй гэж цөхрөнгөө бартал хэлсэн.

-Ингэхэд эхнэрийг тань бас Солонго гэдэг шүү дээ. Анх танилцахад нэр нөлөөлсөн үү?

-Нөлөөлөөгүй байх аа. Манай авгай Москвагийн их сургуульд оюутан байсан, би Москвад киноны сургуульд байсан, тэгээд л танилцахгүй юу. Манай эхнэр хуульч. Бүх сурсан сургуулиа онц төгссөн. Би тэгж онц төгсөөгүй л дээ. Гэхдээ хүний адаг байгаагүй.

-Та эмэгтэйлэг нэртэй юм аа?

-Тэнгэрт байгаа солонгыг эр, эмийг нь хэн үзсэн юм бэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төмөр хатагтай гэртээ хэр эзэгтэй бол?

-Манайх хоёр хүүтэй. Эхнэр хөөрхий, ядарч байгаа хүн. Гурван эрэгтэйгийн хувцас хунарыг угаана. Хоол ундыг хийнэ. Хааяа өрөвддөг. Хагас бүтэн сайнд угааж арчина. Гэртээ бүх юмаа өөрөө хийгээд сурчихсан. Ийм л эмэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Н.Алтанхуягтай хууль ном яриад нэг халагдсан.

-Харин сайд байсан нэг хүн надад хэлсэн юм. Ажлаа мэддэггүй, дураараа аашилдаг шинэ сайд нарыг ЗГХЭГ-ын Солонго байх ёстой байранд нь аваачдаг хүн гэсэн?

-Хашир 16-17 Ерөнхий сайдтай ажилласан. Бас л сургууль төгсч ирээд, Засгийн газарт орж ажилласан. Анх сургуульд явахдаа Сайд нарын зөвлөлийн нэр дээр сурсан. Ирээд эндээ ажилласан. Би ч гэсэн киноноос өөр салбарт ажиллаагүй.

-Тууштай юм аа?

-Тууштай гэх юм уу, би лав өөр ажил хийгээгүй. Сургууль төгсөөд ирсэн. 1984 онд ирээд, 1990 он хүртэл ажилласан. 1990 онд бүгдийг нь хөөгөөд гаргасан. Та нарт цалин байхгүй, чөлөөт уран бүтээлч шүү гэсэн. 1993 он хүртэл гудамжинд өөр өөрийнхөөрөө амьдарсан. Тэтгэвэртээ гарахаараа энэ олон материалаараа юм хийнэ дээ. Сүүлийн 20-30 жилийн түүхийг мэдэж байна. 1935 оноос эхлээд Монголын түүх хадгалагдаж үлдсэн. Зуд турхан, үер бүгд бий.

-Хальс хэр настай эд вэ?

-Хальс нэг метр нь нэг доллар 50 цент. Нэг метр плёнк нэг секундэд явдаг. Плёнк мөнгөний түрхэцтэй учраас удаан хадгалагддаг. 1895 онд хийсэн анхны кино одоо ч шинээрээ хадгалагдаж байдаг. Плёнк бол тийм чанартай эд. Монголын радио 1993-1994 оны үед CD гэж юм гарахад бүх л дуугаа CD-д буулгасан. Гурван жилийн дараа бүгд байхгүй. Муу бичсэн юм уу, муу CD-д бичсэн юм уу. Сүүлд хальснаасаа дахиж сэргээж авсан. Монголын түүхийг 1935 оноос авахуулаад хальсанд буулгачихаад, хэлмэгдүүлэлт эхлэхэд 1938 он хүртэл маш их хальс устгасан. Дамба, Гэндэн гээд эсэргүүний зураг орсон байна гээд анхны зургуудыг устгасан. Дараа нь 1937-1938 онд эсэргүү болсон бүх хүний зургийг устгуулсан. Дараа нь 1964-1965 оны үед Лоохууз, Нямбуу, Сурмаажавтай холбоотой зургуудыг устгасан. Сүүлд миний мэдэж байгаагаар Жалан-Аажав гээд Улс төрийн товчооны гишүүнийг огцроход энэ хүний оролцсон бүх зургийг устга гэсэн. Тэр комисст орсон улсууд суугаад, хайчлаад устгаж байхыг би харсан. Баяр ёслолын үеэр дарга нар бунхант индэрт цуг зогсдог. Тэрийг яах вэ гэхэд Төв хорооныхон тэрийг үлдээ, бусдыг устга гэсэн. Тэр хэсгийг устгахаар өөрсдийнх нь зураг бас алга болчих гээд байсан юм.

-Устгасан зургуудыг харж байж булуулах уу?

-Шатаалгадаг. Одоо бол шатаахгүй ч түүхийг бичүүлэхгүй устгаж байна.

-Хуучны сайхан кинонуудыг бүх үйл явдлыг нь мэддэг ч дахин үзэхэд сайхан байдаг?

-Киног бүтэн жил хийдэг байсан. Олон хүн ажил төрлөөсөө чөлөөлөгдөнө. Нэг түүх байдаг. Нэг кинонд тоглосон хүүхнийг Москвад зураг авахуулахаар явуулсан. Ирсэн чинь тэрний зураг байдаггүй. Нөхөр нь зураг авахуулаад өчнөөн хоногоор явсан зураг чинь байдаггүй гээд бөөн юм болж. Тэгсэн чинь хайчлаад хаячихсан байсан. Гэрээс нь барьж явахад шатан дээр ээмэг үлддэг хэсгийг нь л үлдээжээ. Ганц зурганд ороод гардаг хэсгийг авах гэж бүтэн дөрвөн сар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Кино хийхэд тэгж их анхаарч байж.

-Богд хааны үеийн Да хүрээ, гудамж харагдаад байдаг зургуудыг гаднынхан авсан байх нь уу?

-Орос, францууд авсан кадрууд байдаг. Тэр үед оросууд их зураг авсан байдаг. Орост бол Монголын холбогдолтой зураг их. Д.Сүхбаатарын амьд байх үеийн бодитой нэг зураг бий. Түүнийг Зандраа гуай Оросын архиваас олж авчирсан. Сайн ноён хан Т.Намнансүрэн хойно II Николой хаанаас тусламж гуйх үеийн зураг байдаг.

-Т.Намнансүрэн гэснээс Д.Сүхбаатар, Ленин хоёр уулзсан уу гээд маргаад байдаг. Тийм зураг үлдсэн үү?

-Тэр хоёр уулзаагүй юм билээ. Жинхэнэ Ерөнхий сайд нь Данзан байсан юм чинь.

-Ингэхэд та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

-Түүхэн сэдэвт кино үзэх дуртай. Өөрөө түүхэн сэдэвтэй кино хийе гэж боддог. 2000 онд “Хааны сүүлчийн хатан” гэж кино хийсэн. Тэр үед намайг кино хийж байхад харааж загнадаг хүн олон байлаа. Богдын буянаар Монгол Улс тусгаар тогтнолоо авч үлдсэн гэдгийг үзүүлэхийг бодсон. Одоо Б.Догмид бид хоёр “Талын зам 505” гээд кино хийж байгаа. Мөнгөгүй зогсчихоод байна. Наушикаас Замын-Үүд хүртэл төмөр замыг оросууд барьсан байхгүй юу. 80 мянган хоригдлыг Сибирээс авчраад, гараар нь газар ухуулж байгаад бариулсан. Энэ тухай кино хийж байгаа. Тэр олон хоригдлыг явганаар хилээр оруулж ирээд, буутай цэргээр хамгаалуулаад барьсан. Газар ухаад газар дор амьдраад төмөр замаа бариад явсан. Бүгд 505 дугаартай байсан гэдэг. 67 мянга нь буцсан байдаг. Арав гаруй мянга нь энд үхэж үрэгдсэн. Ажил хийхгүй оргож зугтаавал шууд буудаж алах эрхтэй. Зам байгаагүй үед манайхан Дорноговиос жаахан арьсаа ачаад, 40 тэмээтэй хоёр сар явж, Хиагт хүрээд арьсаа цай, даалимбаар солиод эргээд хоёр сар явдаг. Дорноговьд нэг нөхөр байдаг. Одоо өндөр настай. Жинчид авчирсан хүүхэд. Замд орос хүүхдүүд тоглож байж. Манайхан арган дотроо хийгээд аваад иржээ. Хүүхэд төөрөөд, чонын хоол болох нь гэсэн юм байж. Монгол айлуудаар дамжсаар байгаад хүн болсон байдаг.

-Одон тэмдэг авахаар өөр мэдрэмж төрөх юм уу?

-Би бол яах вэ. Сайхан гэхээсээ хариуцлага ирдэг гэмээр юм уу даа. Өөр юм хийж салбаганасангүй. Кино үйлдвэр алга болсонгүй.

-Энэ том байшинд юу хийдэг вэ?

-Кино хийж байгаа улсуудад хувцас хунар техникээр тусалдаг. Жишээ нь “Долоон бурхан харвадаггүй” гэдэг киноны зураг авахад 2000 дээл манайхаас авсан. Манай энэ студиудад телевизийн том клипүүд, уран сайхны кинонуудын зураг авалт явагдаж байна. Оочертой. Цаг цагаар зураг авдаг. Хувцас жижиг хэрэглэлийг нь хангаж өгдөг.

-Кино үйлдвэр музей шиг байж болохоор санагдсан. Монгол киноны өдөрлөгөөр Богд, хатан хоёртой зургаа авахуулах гэсэн хүмүүс дараалалд зогсч байсан шүү?

-Мөнгө авахын тулд музей байгуулах ёстой юм билээ. Жишээ нь манайд хүүхдийн ямар л тэрэг гарч байсан, үе үеийнхээрээ хадгалагдаж байдаг. Мосфильм бол яг Улаанбаатар хот шиг том. Оросын нэг мундаг найруулагч А.Довженко “Мосфильмд хүний хөл хүрээгүй газар зөндөө бий” гэж хэлж байсан. Кинонд хэрэгтэй бүх л юм манайд бий. Арав, хориод хуучны машинтай “Монгол транс” гэж анх байгуулагдахад тэмээн жинг халж байсан машинууд.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Монголын төр өөрийгөө санхүүжүүлээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөн зүтгэж байгаа нь эмгэнэлтэй

Улаанбаатар хотын танхимын Гүйцэтгэх захирал, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2015 оныМонголын шилдэг эдийн засагч”-аар шалгарч байсан билээ.

-“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр болно. Уг чуулганы үр дүн, онцлогийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Өнгөрөгч онд анх удаа “Улаанбаатар хотын форум”-ыг зохион байгууллаа. Уг форум ерөнхийдөө тунхгийн шинж чанартай болсон. Үндсэндээ 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөгжлийн стратегитай уялдуулж, хөрөнгө оруулалтыг аль салбарт хэрхэн оновчтойгоор хийх вэ гэдгийг ярилцаж хөгжлийн төлөөх тунхаг бичигт гарын үсэг зурсан.

Мөн хот юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа иргэддээ, бизнесийнхэнд ил тод зарласан.Тодруулж хэлбэл, төрийн байгууллага анх удаа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалтаа бизнес эрхлэгчдэд танилцуулаад, бизнес эрхлэгчид нь салбар чиглэлийнхээ дагуу сонирхож ойлголтынхоо зөрүүг нэгтгэж чадсан. Үүгээрээ “Улаанбаатар хотын форум” үнэ цэнтэй болсон гэж боддог. Харин “Улаанбаатар худалдан авалт-2016” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн бизнес чуулга уулзалтаар хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид 2016 онд ямар худалдан авалт хийж, аль салбарт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тодорхой ярилцана. Сүүлийн хоёр жилд эдийн засаг саарсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхний хотод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон. Хотын хөгжил, эдийн засгийн идэвхижилтэд мэдээж хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт чухал.Тиймээс хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтойг форумын хүрээнд ярина. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэх орчинг тогтвортой, итгэл үнэмшилтэй болгох зорилгоор Улаанбаатар хотын танхимыг байгуулсан. Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 300 гаруй мянган хүн амтай байна. Ийм хүн амтай хот бол дэлхийд том хотод тооцогддог. Машины түгжрэл, утаа, сургууль, цэцэрлэгийн асуудлууд Улаанбаатар хотыг том хот гэдгийг нь батлаад өгч буй хэрэг. Ийм хот маань стратеги төлөвлөлт болоод бодлогын хувьд зөв байх хэрэгтэй байна.

Улаанбаатар хот анх удаа худалдан авалтаа бизнес эрхлэгчдэдээ ил тод зарлана гэдэг зөв зүйтэй алхам гэдэг нь хэнд ч тодорхой. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдээд эхэлбэл бүх зүйл хөдөлгөөнд ороод, түүний нөлөөгөөр эдийн засаг эрчимжиж эхлэх нь мэдээж. Ингэхэд яг ямар ямар асуудал дээр хөрөнгө оруулалт, худалдан авалт яригдах бол.Тэр тухай тодруулахгүй юу?

-Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон байна. Бүгд л хурцаар тавигдаж байна. Идэр есийн жавар тачигнаж байгаа энэ цаг үед эрчим хүчний болоод цахилгаан дулаан нэн тулгамдсан асуудал мөн. Сүүлийн жилүүдэд тавдугаар цахилгаан станцын тухай яригдлаа. Засгийн газрын хэмжээнд яригдаад байгаа боловч үндсэн хэрэглэгч нь Улаанбаатар хот юм. Гэхдээ хуучны сэтгэлгээгээр цахилгаан станцаа хот хөрөнгөө гаргаад барих асуудал биш шүү дээ. Хууль эрх зүйн үндсийг нь тогтвортой болгож,ур хугацааны гэрээгээр гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хууль ёсоор хамгаална гэдгээ зарлах учиртай юм. Гэвч төрийн ажил урагшилдаггүй өнөө л зарчмаар ажил хүлээгдээд л байна. Эхний гэрээ зурагдаж бүтээн байгуулалтын ажил эхлэхээр хүлээгдэж байтал гэв гэнэт “За одоо танай компанитай ажиллахаа болилоо, гэрээгээ цуцаллаа. Бид дараагийн компанийг сонгохоор болсон” гээд хэлдэг. Төрийн ажил ийм хулхины, тоглоомны байж болохгүй. Хөрөнгө оруулалт гэдэг 20, 30 жилээс дээш хугацаагаар яригддаг зүйл. Өнөөдөр мөнгө хийгээд маргааш нь ашиг олж авах тухай асуудал биш юм. Ард иргэдэд яалт ч үгүй ая тухыг хангасан тохилог, дулаан орон сууцны асуудал шаардагдаж байгаа нь мэдээж. Гадаа хасах 30, 40 хэм хүртэл хүйтэрч буй бодит нөхцөлд нүүрсээ түлээд монгол гэр, модон байшиндаа амьдарч, утаан дунд байна гэдэг үнэндээ аймшигтай байна. Өөр арга зам ч одоохондоо алга. Улаанбаатарын гэр хорооллыг цахилгаанаар халаах боломж нөхцөл өнөөдөр алга.Тэгэхээр бид яаж хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах вэ гэдгийг бодох, тооцоолох хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зөв санаа. Эдийн засаг унаад буй учир түүнээ дагаад худалдан авах чадамж буурч, хөрөнгө оруулалт буурсан түвэгтэй байдалд ороод байна. Хотын төвлөрлийг сааруулах “Шинэ Улаанбаатар” төсөл яригдаж байгаа. За тэгээд агаарын болоод хөрсний бохирдлын асуудал, нийтийн тээвэр гээд хурцаар тавигдаагүй асуудал гэж алга. Төв цэвэрлэх байгууламжийн даац хэдийнэ хэтэрснийг иргэд мэдэж байгаа. 500-600 мянган хүн амтай хотод төлөвлөгдсөн хүчин чадал нэг сая 300 гаруй мянган хүний буюу бараг гурав дахин хэтэрсэн даацыг яаж дийлэх билээ. Ар араасаа шилээ дараад хүлээгдэж байгаа их хотын энэ бүх асуудлыг “Улаанбаатарын худалдан авалт-2016” чуулганаар авч хэлэлцэн, гарах үр дүнг нь ярилцана. Хот урт хугацааны гэрээ хэлцэл хийгээд хэлсэн үгэндээ эзэн байж чадах юм бол хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтыг нь шийдчихэж болно гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдсанаас хойш эдийн засагт хэрхэн эргэлт гарсан бол. Бизнес эрхлэгчид бол сэтгэл нааштай байгаа нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага зэргээс харагдаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим сүүлдээ монополь эрхтэй байгууллага болоод төр засагтай уялдаатай ажиллаж эхэлснийг та хэлж байсан. Хотын танхимаас гадна Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулсан. Хөгжил дэвшлийн уялдаа холбоотой байх нь мэдээж?

-Дэлхийн ихэнх хот худалдааны танхимтай. Тэр танхим нь бизнес эрхлэгчдийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чаддаг. Ер нь Монгол ирээдүйд хэр хөгжилтэй улс байх нь Улаанбаатарт бизнесийн орчин ямар байгаагаас хамаарна.Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчин Монголын хөгжлийн гол цэг юм. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсан гол шалтгаан энэ байсан. Харин бидний дараагийн хийх ёстой чухал ажил бол хөгжлийн корпораци байгуулах байсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг оны өмнөхөн байгуулсан. Эдийн засгаа дэмжсэн, зах зээлээ зөв харж дүгнэсэн, ард иргэдийнхээ суурь хэрэглээг зөв тооцсон тийм чиглэлд хөрөнгө оруулна гэсэн үг. Өмнө нь Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт улс төрийн нөлөөгөөр, хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр явдаг байсан. Тэгвэл хөгжлийн корпорацийн шийдвэрүүд илүү судалгаатай, үндэслэлтэй болоод хувирчихаж байгаа юм. Нөгөө талаас мэргэжлийн холбоод болон хувийн хэвшилтэйгээ уялдаатай болоод ирж байна. Хот дангаараа хөрөнгө хөөцөлдөөд байх биш. Хувийн хэвшил хөрөнгө оруулж ирээд хот түүнд нь баталгаа гаргаж өгөөд, цаашид хамтарч ажиллах ийм л корпорацийг байгуулаад байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг чинь одоо харин сонгодог утгаараа ажиллаж эхэлж байна. Гол нь урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл явж ирсэн жишиг юу вэ гэхээр аливаа бизнес гэдэг олон талын итгэлцэл, ойлголцол дээр явдаг. Үл ойлголцлын зөрүүнээс бизнесийн маргаан гардаг. Энэхүү маргаан бүгд шүүхээр шийдэгдэнэ. Төртэйгээ шүүхдэлцэнэ гэдэг хувийн хэвшлийнхэнд юу болох билээ. Хүнд зүйлтэй тулгарах нь ойлгомжтой. Арбитраар шийдүүлье гэхээр хэн нэгэн албан тушаалтан, хувь хүний нөлөөлөл дор явдаг болчихсон. Ийм байж болохгүй нь гээд олон улсын стандартад нийцсэн Улаанбаатарын арбитртай болсон. Ер нь тухайн улсын арбитр гэхээс илүүтэйгээр хотынх нь арбитр хүчтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг дэлхий дахинд байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Би төрөөс ажил аваад маргаан үүсвэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар дараа нь тендерт оролцох эрхгүй болох ч юм уу, бизнес эрхлэгчдэд халтай тийм зүйлүүдтэй тулгарна. Тиймээс тэр бүр хувийн хэвшлийнхэн төртэйгөө шүүхдээд байж чаддаггүй. Харин арбитраар шийдээд эхлэхээр маш хурдан шуурхай, дээрээс нь үнэн зөв шийднэ. Эдийн засгийн харилцааг ойлгоно. Өнөөдөр шүүх дээр эдийн засгийн харилцааг ойлгохгүй тийм тохиолдол олон байгаа. Шүүгч эдийн засгийн зүйлийг ойлгодоггүйн улмаас Захиргааны аргаар шийддэг. Одоо тэгвэл үүнийг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хотын арбитр хийдэг боллоо. Нийтдээ 30 гаруй арбитртай болсон. Гадны туршлагатай хүмүүсээр багийнхаа 30 гаруй хувийг бүрдүүлсэн. Ингээд хууль эрх зүйн орчноо суурийг нь зөв тавиад эхэллээ. Хувийн хэвшлийнхэн одоо илүү санаачилгатай байх хэрэгтэй байна.

Таны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээрээ ажил хийлгэж, хот өөрөө сайн менежерийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Тийм л зарчим барьдаг. Өнөөдөр Улаанбаатар хот менежерийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ?

-Миний баримталдаг зарчим бол тэр л дээ. Хот бодлогын хувьд зөв байх ёстой. Харин хийж хэрэгжүүлэх ажлыг нь хувийн хэвшил хууль журмын дагуу чанартай гүйцэтгэх учиртай. Түүнээс Бат-Үүл дарга хүрз бариад шуудуу ухаад, барилга бариад явах асуудал биш байхгүй юу. Хотын удирдлагууд үүнийг маш сайн ойлгож байгаа. 2030 онд ямар байх төлөвлөгөөгөө нарийн нягт боловсруулж, тодорхой төлөвлөлт, зорилго чиглэлтэй байж түүндээ хувийн хэвшлийн тусламжтайгаар хамтарч хүрэх тухай ярилцаж эхэлсэн нь туйлын сайн хэрэг. Хувийн хэвшил үүнд нийцүүлж хамтарч ажиллаж байна, ашиг орлоготой байна гэдэг хотын иргэд буюу сонгогчид бүгд ажилтай, орлоготой байна гэсэн үг. Хот өөрөө нэг сая 300 мянган хүнээ ажлын байраар хангаад цалин хөлс өгөөд байх тийм боломж нөхцөл байхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж байж нийгмийн бусад олон асуудлаа шийднэ.

Энд би хувийн хэвшлийн болоод төрийн зааг ялгааны тухай тодорхой хэлье. Ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох эрхээр нь хангах, эх орныхоо хил хязгаарыг бүрэн бүтэн байлгах зэрэг нь төрийн үндсэн үүрэг юм. Бизнесийн байгууллага болохоор өөр. Иргэд буюу хэрэглэгчид юу хүсч байна, түүнд нь таарсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар ашиг орлоготой ажиллахыг эрмэлзэнэ. Мэдээж олсон ашгаараа дараа дараагийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж явах ийм зарчимтай. Хувийн хэвшлийнхэнд шийдэж чадахгүй асуудал гэж бий. Тухайлбал, хотын ерөнхий дэд бүтцийг аль нэгэн компани дур мэдэн шийдэх боломжгүй. Хууль эрх зүйн талаасаа тийм үндэслэл байхгүй. Ийм ийм нарийн асуудлууд дээр төр хувийн хэвшилтэй хамтрах замаар шийддэг. Гэтэл Монголын төр өнөөдөр хувийн хэвшлийн хийх ажлыг хийчих гээд, ерөөс бүгдийг л хийнэ гэж эзэрхийлэн хандаж байгаа нь харамсалтай. Социализмын үед бол төр бүгдийг нь өөрөө хийдэг байсан. Энэ нь маш буруу юм гэдгийг ерэн онд бид нийтээр ойлгосон биз дээ. Гэтэл дахиад тэр рүүгээ зүтгээд байна. Би бодохдоо төр барьж байгаа хүмүүс маань тэр үеийн боловсрол, цаанаасаа өгсөн өгөгдлийнхөө дагуу зөв гэж үзээд байна л даа. Хичнээн ардчилагч гэж нэрлэх боловч буруу яваад байна.

Уул уурхайн компанийг төр өөртөө аваад хэн нэгний өмнөөс ажиллаад ашиг олж, түүнийг хуваарилах тухай яриад байгаа. Энэ бол хамгийн буруу жишиг юм.

Бизнес хийнэ гэдэг цаанаа асар их эрсдэлтэй байдаг. Тэрхүү эрсдэл, хариуцлагыг бизнес эрхлэгчид өөрсдөө хүлээдэг. Өмнөөс нь хэн нэгэн нөхөхгүй. Хэрвээ төр бизнес хийгээд алдагдалд орвол түүнийг юугаар нөхөх юм бэ.

Ард иргэдийн татварын орлого, эсвэл зээлээр нөхөж таарах байх даа?

-Тэгэхээр энэ буруу жишиг гэдэг нь тодорхой харагдаад байгаа биз. Оролцох оролцохгүй хүрээ хязгаараа сайтар тогтоох хэрэгтэй. Үүнийг эрх баригчид огтоос ойлгохгүй байна. Та нар зүгээр сууж бай, бид бизнес хийгээд ашиг орлого олоод “Эрдэнийн хувь” тараагаад өгье гэх юм. Ажил хийж амжилтад хүрэх гэсэн олны хүсэл тэмүүлэл, эрмэлзэл, санал санаачилга тэр бүгдийг Монголын төр ийнхүү тас цохиж байна. Төр бол хамгийн муу менежер гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Аль ч салбарт сайд дарга нар улс төрийн томилгоогоор очдогийг бид мэднэ.Тийм нөхөд нэгд мэргэжлийн бус байдаг. Хоёрт, салбараа мэддэггүй. Монголын төрийн энэ байдлыг энгийнээр тайлбарлаж, айл өрхийн амьдралаар жишээ авъя. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ би “Та нар юу ч битгий хий, битгий сур.Аав ээж хоёр нь ажиллаад та нарыг тэжээнэ” гэж хэлье. Тэр өрх айл арван жилийн дараа, хорин жилийн дараа юу болох вэ. Ингэж өөрсдийнхөө үр хүүхдийг амьд үхдэл болгодог төр гэж байж болох уу. Бизнес эрхлэгчид гэдэг Монголын төр хэмээх их айлын хүүхдийнх нь нэг хэсэг мөн биз дээ. Гэтэл хүүхдүүдээ ашиг орлоготой ажиллаж, амжилт үзүүлэхэд дургүйцдэг, боловсрол эзэмшээд сайн сайхан явахад нь уурлаж ад үздэг аав ээж байдаг бил үү. Хувийн хэвшлийнхэн гадна, дотнын олон түнштэй болоод бизнес хийгээд гэр орноо аятайхан аваад явъя гэхээр уурлаад байх юм. Энэ байдлыг нь өөгшүүлээд, зөв гэж хэлж байгаа боловсролтой хүмүүс байна. Үүнд би их бухимддаг. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүйн инженерчлэл хийж, ийм зүйлийг бид өөрчлөх цаг болжээ. Ажиллаж, зүтгэж чин шударгаар хөдөлмөрлөсөн хүн амьдарна. Ажиллах дургүй залхуу нэг нь гудмандаа байна л биз. Түүний өмнөөс төр мөнгө барьж, ажилласан нэгнийх нь хөлсний хүчийг тэнцүү хуваах гэж гүйх хэрэггүй л байхгүй юу. Одоо бол сонгуулийн жил гээд улстөрчид бидон саваа бариад гүйж байна.Энэ байдал цаашид бүр чиг даамжрах нь мэдээж. Чи эрх баригч нөхрөөс бидон аваад сонголтоо хийсэн бол дараа нь гоншгонох хэрэггүй. Тэр бол чиний л сонголт.

Нийгэм хямралтай байна гэж байна. Үнэхээр хямарч байх шиг байна. Гэхдээ энэ бүгдийг зүрхнийхээ цохилтоор гэдэг шиг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс бол баялаг бүтээгч, үнэт капитал бий болгогч та бүхэн. Нийгэм үнэхээр хямралтай байна уу. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Орчин тодорхойгүй болохоор нийгэм хямралтай болдог. Хүн эргэн тойрондоо юу болоод байгааг ойлгохоо байгаад ирэхээр бухимддаг, хямардаг. Орчны өгөгдөл чинь тодорхой байх юм бол хувь хүний гаргах үйлдэл тодорхой. Хямраад байх шаардлагагүй. Монголд макро болоод микро орчны хүчин зүйл аль нь ч ойлгомжгүй байна. Та өглөө тогтмол суудаг автобусанд суугаад ажилдаа саадгүй очдог бол танд бухимдах зүйл гарахгүй. Гэтэл автобус чинь ирэхгүй, эсвэл чиглэл нь гэнэт өөрчлөгдөх юм уу, өөрөөс тань хамааралгүй зүйлүүд гараад ажлаасаа хоцроод эхэлбэл уур бухимдал төрнө биз дээ. Монголын нийгэм яг л ийм болчихоод байна. “Монгол Улс маань, нийслэл хот маань маргааш тийм байна” гээд хэлчих нэг ч эдийн засагч, судлаач байхгүй.Хэт тогтворгүй энэ нөхцөлд бид маргаашаа харж чадах боломжгүй болсон. Үүний гол гогцоо бол улс төр. Улс төрийн шийдвэрүүд, намуудын асуудал хэрээс хэтэрч байна. Арай дэндүү дураараа байна. Нэг улстөрч гарч ирээд нэг юм ярихад нийгэмд ямар сөрөг байдлыг бий болгож байна вэ. Монголын нийгмийг хэн ч удирдаж, яаж ч эргүүлж болохоор байгаа нь эмгэнэл. Эрх баригчдын нөлөөг яаж багасгах вэ гэж бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Уул нь бид чинь нийлээд нэг зүг рүү явах учиртай. Нэг зүг рүү хараад хөдөлсөн бол яадах нь ээ, урагшилна биз дээ. Тэгвэл арав нь урагшаа зүтгээд, 20 нь хойшоо зүтгээд, бас нэг хэсэг нь хажуу тийшээ зүтгээд байхаар зүгээр л энерги, эрч хүч, тамираа барчихаж байгаа юм. Хүн бүрийн итгэл үнэмшлийг барж байна. За тэгээд хөрөнгө мөнгөө барж дууссан. Ийм ойлгомжгүй нөхцөл байдал хүн бүхнийг стресст оруулаад нийгмийг бухимдуулаад хямраачихаж байна. Өнөөдөр Монголд оюун санааны удирдагч гэж алга. Уриалан манлайлагч алга. Миний бие шилдэг эдийн засагч болоод лекц уншихдаа хэлж байсан. Улс орныг нэг л хүн, нэг удирдагч л хөгжүүлдэг гэж.

Таван жилийн дараа Монгол хаана байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Хаашаа харах гээд байгаагаа мэдэхгүй байна. Уулынхаа оройг хаана байгааг мэдэхгүй хэрнээ зүтгээд байгаа хүн шиг болчихжээ. Гэхдээ буугаад байна уу, өгсөөд байна уу гэдгээ ч мэдэхгүй.

Энэ бүх байдал төрийн ямар алдаанаас болов гэж та харж байна?

-Төр үүргээ буруу ухамсарлаад хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлчихсэн. Жишээ нь төрийн орон сууцны корпораци байгуулаад яг адилхан бизнестэй өрсөлдсөн. Ингэж төр өөрийгөө санхүүжүүлээд зүтгэж байна. Хувийн хэвшлийнхэн хажууд нь өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдөө барилгаа барьж байна. Төрийн компани дампуурвал хэн хариуцлагыг нь хүлээх юм. Төр хүлээнэ. Төр гэдэг чинь юу юм, эцсийн эцэст ард түмэн л байхгүй юу. Хувийн хэвшил бол өөрөө хүлээнэ. Төр ашиг олох субьект биш. Харин хувийн хэвшлийнхэндээ өгч түүнээс орсон татвар мөнгөөр бусад нийгмийн олон асуудлаа шийддэг тийм зүйл. Энэ хүндрэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Үндсэн үүрэг хариуцлагаа тал талдаа ухамсарлаасай. Улстөрчид нь улс төрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь тодорхой хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсэх минь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтын “Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг” ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж гарлаа. Өнөөдрийн дугаараа тоймлон хүргэе. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын ярилцлага хэвлэгдлээ. Тэрээр Үндсэн хуулийн өдрийн хүрээнд сонирхолтой ярилцлага дэлгэсэн байна. Түүний ярилцлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарын I, II нүүрээс уншигч та бүхэн уншаарай.

Мөн сонины II, IV, V нүүрт Засгийн газрын хуралдаан болон Байнгын хороодын хуралдаан зэрэг тухайн өчигдөр улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээлэл орлоо. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Баабарын “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нийтлэл орсон байна.

Мөн энэ удаагийн дугаарт Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгсөн бөгөөд түүний ярилцлагыг XIII нүүрнээс уншаарай. XII нүүрт “Тhe Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгын ярилцлага гарсан бол Д.Нацагдоржийн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмаржавын ярилцлага XV нүүрт хэвлэгдэв.

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа. Тэгвэл хэзээ хэдэн хэм хүртэл хүйтрэх зэрэг хэрэгтэй мэдээлэл XIX нүүрт орсон болохыг онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн сумд руу өвсний цуваа хөдөллөө

Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцсан байна.

Өмнөговь аймгийн хувьд есөн сум зудархуу байдалтай байгаагаас Хүрмэн, Булган, Сэврэй сумдад өвөлжилт хүндэрсэн байна. Тиймээс Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр тус сумдад Өмнөговь аймгийн Улсын нөөцийн салбараас өвс хүргүүлэх цувааг хөдөлгөлөө.

Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж болгон үнэгүй олгохоор болсон. Мөн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор болж, энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа

Засгийн
газрын хуралдаанаар газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай,
төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах,
бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор
“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг
Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум
төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл
эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ
авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. 2016
онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр
тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац
хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн
нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн
боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх
зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх
нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш
боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх,
үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг
сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс Антрактидад станц байгуулан, судалгаа хийнэ

Монгол улс өнгөрөгч оны гуравдугаар сард Антрактидын гэрээнд албан ёсоор нэгдэж, бааз байгуулах зөвшөөрөл авч газраа өмчилсөн тухай бид өмнө мэдээллэж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2011 онд Антарктид судлалын хүрээлэн байгуулж, 2015 оны зургадугаар сард Антарктидын тухай олон улсын гэрээнд нэгдсэн юм. Ингэснээр Өмнөд туйлд өөрийн станцаа байгуулж, бие даан судалгаа шинжилгээний ажил явуулах, энэ туйл руу аялах квотоо өсгөн, байгалийн нөөцийг нь боловсруулах ажилд оролцох боломжтой болж байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр профессор Н.Батсүх “Бааз байгуулснаар Монгол Улсын ирээдүйд эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой байх юм. Тухайлбал геологи, цаг уур, усны нөөц гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллана. Ингэснээр одоо ашиглах боломжгүй байгаа баялагийг хэрэглээнд оруулахад тодорхой хэмжээний хувь эзэмших боломж бүрдэх юм” гэлээ.

Эхний ээлжинд монголын тал эрдэм шинжилгээний таван ажилтан ажиллах боломжтой бөгөөд 250 мянган ам доллар шаардлагатай. Энэ мөнгөний тодорхой хувийг “Усны ассоциаци” хувийн хэвшлийн байгууллагатай хамтран бүрдүүлсэн бол Засгийн газраас энэ онд 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай хэлэлцэж байна