Categories
мэдээ спорт

Э.Гантуяа хагас шигшээд үлдэв

ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн болж байна. Эхний тойрогтоо А.Батцэцэгийг ялсан Э.Гантуяа ОХУ-ын Вьюнова Екатеринаг барилдаан эхлэхээс илүүрхсээр цэвэр ялалт байгууллаа. Ингэснээр Э.Гантуяа хагас шигшээд үлдэв. Түүний дараагийн өрсөлдөгч бол Японы алдарт Каори Ичо юм. Э.Гантуяагийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзэж буй Э.Сумьяа мөн хагас шигшээд үлдлээ. Тэрээр эхний тойрогт Казахстаны Марина Зуеваг цэвэр ялжээ. Дараагийн тойрогт ОХУ-ын Полешук Екатеринаг 8:3-аар ялав. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсаас Э.Сумьяа, Б.Хатантуул, Д.Отгонцэцэг нар зодоглож байна.

Иван Ярыгин бол ЗХУ-ын нэрт бөх билээ. Тэрээр Мюнхен болон Монреалийн олимпийн наадмын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан төдийгүй Дэлхийн цомын аварга юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд цас их орсноос зэрлэг амьтад уулнаас буужээ

Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар аргал, янгир зэрэг зэрлэг амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орж ирэх явдал гарсан байна. Энэ нь цас их орсонтой холбоотой ажээ. Иймд аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх арга хэмжээг авч байгаа аж.

Өчигдөр болсон Улсын онцгой комиссын хурлын үеэр яригдсан өөр нэг асуудал бол нийт нутгаар цас ихээр орсон асуудал. Их цас орж шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ. Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт өвөлжилт онцгой хүндэрсэн байна. Тэдгээр аймагт хөрөнгө мөнгөгүйгээс өвс, тэжээл малчдад хүргэх, отор, нүүдэл хийж буй малчдыг эргэх, зам давааг нээх, эмнэлгийн болон төрийн үйлчилгээ, эм, био бэлдмэл хүргэж чадахгүй байна.

Иймд зарим аймагт нэн шаардлагатай байгаа автомашиныг олгох, улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг үнэгүй өгөх, 2015 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувиар хямдруулах талаар Улсын онцгой комиссын хурлын үеэр яригдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Беларустай шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд найрамдах Беларус улсын Шинжлэх ухаан, технологийн хороотой хамтран шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд, нисгэгчгүй нисэхийн систем үйлдвэрлэл, сансар судлал, материал судлал, нано материал, лазер, лазерийн болон опто электроникийн технологи, анагаах ухаан, эм зүй, био технологи зэрэг багтах юм.

Анх 2013 онд БШУЯ, Беларус улсын ШТХ “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” хийж хамтарсан комисс байгуулсан. Энэ комиссын анхдугаар хурал өнөөдөр болж 2017 оноос дээрх чиглэлүүдээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. Шинжлэх ухаан, технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг Беларус улстай энэ чиглэлээр хамтран ажилласнаар манай улсын шинжлэх ухааны салбарт өндөр ахиц гарах үр дүнтэй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2011 төгрөгийн ханштай байна

Монголбанкнаас зарласан өнөөдрийн ам.долларын ханш 2008 төгрөг 59 мөнгө. Харин “Найман шарга” төв нэг ам.долларыг 2008 төгрөгөөр аваад 2011 төгрөгөөр борлуулж байна.

Цагаан сар болохтой холбоотойгоор ам.долларын ханш өсдөг жишиг Монголд тогтоод байгаа. Үүнээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өнгөрсөн сарын дундуур өсгөсөн нь ам.долларын ханш нэмэгдэхэд нөлөөлж буйг эдийн засагчид хэлж байгаа юм.
Хэдийгээр ам.долларын ханш өндөр байгаа ч төгрөгтэй харьцах ханшийн хэлбэлзэл тогтвортой байна. Ингэж төгрөгийн ханш тогтворжсон нь Оюу толгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын гэрээг үзэглэсэнтэй холбоотой гэж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Тариалангийн тухай хуулийг баталаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.

УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болж буй ажээ. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан юм.
Мөн Тариалангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш 14.00 цагаас хуралдаж, тус хуралдаан дууссаны дараа чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжлэх юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Хурд” хамтлаг Солонгост тоглолт хийнэ

“Хурд” хамтлаг БНСУ-д ажиллаж амьдарч буй эх орон нэгтнүүддээ зориулан тоглолт хийх гэж байна. Тоглолт ирэх сарын 7-8-нд болно. “Хурд”-ынхан Сар шинийг тохиолдуулан энэхүү тоглолтыг хийж байгаа аж.

Тэд эх орноосоо хол суугаа монголчууддаа “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Эх оронтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна”, “Хайрын сарнай” зэрэг уран бүтээлээ хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтод “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хонины цэцэг өвчний вакцин дуусчээ

Он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт гарсан. Гэвч одоогоор хонины цэцэг өвчний вакцин болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дуусчээ.

Иймд өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар Шадар сайд, шаардлагатай эм био бэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болгоод байна.

Categories
гадаад мэдээ

Герман зарим орны цагаачдыг хүлээн авахгүй гэв

ХБНГУ Алжир, Тунис, Марокко улсын дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Германы Эдийн засгийн сайд Сигмар Габрейл хэлснээр өсөн нэмэгдэж байгаа цагаач иргэдийн урсгалыг сааруулах үүднээс ийм арга хэмжээ авчээ.

Тус улс өнгөрсөн онд 1.1 сая дүрвэгч хүлээн авсан байна. Тэдгээр дүрвэгчид гэмт хэрэгт олноор холбогдох болсноос германчууд цагаачлалын хуулиа чангатгахад хүрч байгаа аж.

Дашрамд дурдахад Европын орнуудад дүрвэн ирж байгаа цагаач иргэд амиа алдах нь олон болжээ. Тухайлбал өнгөрсөн сард Грекийн арлын ойролцоо цагаачдын завь хөмөрснөөс 26 хүн нас барсан байна. Мөн Турктэй зэрэгцээ орших Самос аралд амиа алдсан цагаачдын арав нь хүүхэд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Урд хөрш хилээ тав хоног хаана

БНХАУ-ын еэвэн сарын шинийн нэгэн ирэх сарын 7-нд болно. Үүнтэй холбоотойгоор тус улс хилээ хоёрдугаар сарын 7-11-нийг дуустал хаахаа мэдэгджээ.

Манай Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 9-нд тохиож буйтай холбоотойгоор Монгол Улс хилээ гурав хоног хаах юм. Иймд хоёр улсын хилийн дэглэмийн гэрээ хэлэлцээрийн дагуу ирэх сарын 12-ноос хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё

УИХ-ын чуулганы 2016.01.28-ны пүрэв гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний гаргасан саналыг хэлэлцсэн билээ. Гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсээр шөнийн 00:00 цаг өнгөрч байхад санал хураалт явуулан гишүүдийн дийлэнхийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлыг дэмжээгүй юм.

Уг хуралдааны төгсгөлд буюу санал хураалт явуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэн үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан.

Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа.

Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм.

УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж болно. Тавихдаа дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг л оруулж ирэх хэрэгтэй. Өмнөх Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож байгаа бол өмнөхөө огцруулах биш, дараагийн Ерөнхий сайдаа томилох асуудлаар л санал хураах хэрэгтэй. Манай Үндсэн хуулийн утга агуулга ийм л байгаа.

Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэдэг бол тамгаа өгөөд хаалгаар гарах хүртлээ ажлаа хийж байдаг. Дараагийн Ерөнхий сайд залгаад л тамгаа авах, тасралтгүй байх ийм зүйлийг л бид хийе.

Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. УИХ-ын энэ танхимд хоёр удаа шөнө дөл болтол хуралдуулж, огцруулах шийдвэрийг манай УИХ гаргаад гарч байсан. Одоо ийм зүйлийг бид нар давтмааргүй байна.

Хэчнээн сараар бид дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй уддаг байлаа. Би хувьдаа Монголын ард түмэн энэ 20-иод жилийн хугацаанд олон Засгийн газар, Ерөнхий сайдын хувь заяанаас хараад сургамж авсан гэж боддог. Хүнээр бол манай парламент олон оймс элээсэн. Манай ард иргэд энэ 25 жилийн дотор олон оймс элээсэн. Одоо авах ёстой сургамжаа авъя. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Миний хэлэх гэсэн гол санаа үүнд чиглэж байгаа.

Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулъя. Дэгийнхээ хуульд өөрчлөлт оруулъя. Би хуульчидтай ярьсан. Шинжээчидтэй ярьсан. Ингэж болохоор байгаа юм. Гарц байна. Ер нь асуудлын шийдэл бол муу хүнийг огцруулж хаяад, дараа нь ямар ч хариуцлагатайг нь мэдэхгүй хүнийг томилж орхиод, дахиад өмнөхөө давтаад сууж байхдаа биш. Муу жишгийг өөрчлөхдөө л байгаа юм. Муу жишгийг болж өгвөл сайнаар л өөрчилье.

Бид нураадаг, сүйтгэдэг, Засгийн газартай хариуцлага тооцох гээд Засгийн газраа тараагаад хаяад явдаг энэ муу жишгээ л сайнаар өөрчилье. Үүнийг л дэвшил гэж байгаа юм. Одоо бид Засгийн газартай, Ерөнхий сайдтай хариуцлага тооцохдоо энэ дэвшлийг хийх цаг болжээ. Энэ боломж байна.

Монгол Улс засгийн эрхийг хэнээр бариулах вэ, аль намаар бариулах вэ гэдгээ ард түмнээрээ шийдүүлдэг ийм л жамтай, ийм л хуультай. Сонгуулиар ард түмний дэмжсэн тэр гэрээний дагуу л бид ажилладаг. УИХ-ын гишүүд ч сонгогдоод ороод ирдэг. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд УИХ-ыг тараах санал оруулж болно гэж Үндсэн хуульд заалт бий. Би хувьдаа ийм санал хэзээ ч оруулахгүй. Дараагийн бүрэлдэхүүн сонгогдсоноор өмнөх бүрэлдэхүүн явах ёстой. Манай ард түмний сонголт энэ. Дараагийн Ерөнхий сайд тодорсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна. Манай Үндсэн хуульд ингэж л бичсэн.

Би энд нэг зүйлийг маш тодруулж хэлье. Манай УИХ бол их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн. Энэ бол бодит ард түмний төлөөлөл. Үндсэн хуульд нэг санаа байдаг. Ерөнхий сайдыг томилно гэж. Уг нь энэ томилох гэдэг санаа бол сонгох гэдэг агуулгатай байгаа юм.

Хэрвээ олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол энэ нь сонгууль. Та нар бол ард түмний сонгуулиар гарч ирсэн. Тэгээд олуулаа ярилцаад Ерөнхий сайдыг шийддэг. Олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол сонгууль. Нэг эрх мэдэлтэн эрх мэдлийнхээ хүрээнд шийдээд хүн томилж байгаа бол энэ нь томилгоо байгаа юм.

Уг нь УИХ бол ард түмнээ төлөөлөөд Ерөнхий сайдыг сонгодог. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, дараагийн гүйцэтгэх засаглалыг хэнээр удирдуулах вэ гэдгийг ард түмэн та бүхнийг сонгож, тэр эрхийг та бүхэнд төлөөлүүлж өгдөг. Яг ардчиллын утга, Үндсэн хуулийн маань утга ийм. Одоо бүгдээрээ энэ зам руугаа явъя.

Ардчилал гэхээр бие биетэйгээ талцаад, бие биеэ муулаад, татаж унагаад, аль нэг нь унаад, тэндээс таашаал аваад явдаг ийм сул тал бий. Гэхдээ нөгөө талд нь хамтарч ажиллаад, асуудлаа бүтээлч байдлаар шийдээд явдаг ийм туршлага, боломж байна шүү дээ. Одоо бүгдээрээ энэ рүүгээ оръё. Дараа нь ямар ч Ерөнхий сайд байсан ийм байдлаар асуудлыг шийддэг, энэ зарчим руугаа оръё. Энэ талаараа ярилцъя. Санал бодлоо уралдуулж ярилцъя.

Хамгийн том хариуцлагыг ард түмэн шийддэг. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар хариуцлага шийддэг. Ард түмнийг төлөөлж засагтай хариуцлага тооцдог байгууллага бол парламент. Энэ хариуцлага тооцдог хоёр хэлбэрээ бие биеэс нь ургуулж зөв харах ёстой.

Манай Үндсэн хуулийг баталж байсан, хамтарч оролцож байсан тэр хүмүүс ингэж л харж Үндсэн хуулийнхаа зарчмыг тохирсон байдаг юм. Тийм учраас энэ хэлбэр рүүгээ бид нар бүгдээрээ орох ёстой. Энэ ажлаа хамтарч хийе.

Өнөөдрийн энэ оройтсон хуралдаанаас гарахдаа бид нар хол ойр бүх хүмүүст нэг мессеж өгье. Санаа өгье. Монгол Улс бол бүтээлчээр засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог тогтолцоонд шилжиж байгаа юм байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд гурав, дөрвөн Ерөнхий сайдаа сольдог. Нэг сольж хаяад дараагийн Ерөнхий сайдынхаа эрэлд гардаг энэ байдлаа больж байгаа юм байна. Үнэхээр улс орныг авч явна, гүйцэтгэх засаглалыг толгойлно гэдэг бол үүнд бэлтгэгдсэн байх ёстой юм байна. Үүний төлөө улс төрийн нам нь, улс төрийн хүчин нь, парламент нь, Ерөнхийлөгч нь бүгдээрээ хариуцлагатай хандаж байгаа юм байна. Ийм л мэдээллийг гаргаж чадах юм бол бидний улс орныхоо нэр төрийг дээшлүүлье, итгэлийг бий болгоё гэдэг дээр сайн зүйл болно гэж би бодож байгаа юм.

Саяын үйл явцаас би харсан. 19 гишүүн болох гэж бас нэлээд удлаа шүү дээ. Гурав, дөрвөн сар болж байна шүү дээ. Манай гишүүд бас ойлгоод байна. Ер нь Засгийн газартай, Ерөнхий сайдтай ийм байдлаар хариуцлага тооцоод нэг их сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ гэдгийг ойлгоод байгаа юм. Дотроо хэнийгээ сонгуульд дэвшүүлэх вэ, хэнийгээ намынхаа жагсаалтад хаана нь бичих вэ гээд бараг л шодохдоо хүрч байж гарын үсгээ гүйцээсэн тухай яриа мэдээлэл байдаг шүү дээ. Нөгөө талд хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр бид асуудал тавибал АН-ын нөхөд хага үсэрнэ. Эвсэл нь хага үсэрнэ. Тэгээд Ерөнхий сайдаа өөрсдөө огцруулна гэж. Гэтэл долоо хоног завсарлага аваад сая бид нар харлаа. Тэгэхэд ийм үйл явц болохгүй л байна. Энэ бол үнэхээр улс төрийн талбар дээр монголчууд, Монголын ард түмнийг төлөөлсөн хүмүүс сургамж авсныг харуулж байгаа юм. Үнэхээр хэрсүү болсныг харуулж байгаа юм. Үнэхээр зангарагтай болсныг харуулж байгаа юм. Одоо үүнийгээ хуулиараа, тогтолцоогоороо баталгаажуулаад явъя. Дахин дахин олон Ерөнхий сайдын хувь заяагаар, Засгийн газрын хувь заяагаар иймэрхүү байдлаар ханддагаа больё. Итгэлийг нь өгье. Ажиллуулъя. Шахаж шаардъя. Шахаж шаардах олон боломж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн, үнэхээр болохгүй бол түрүүн зарим гишүүн ярьж байсан, дараа нь хойноос нь явдаг, хариуцлага тооцдог байгууллага, тийм бүтэц Монголд бий шүү дээ гэж байсан. Монголд бий. Ганцхан парламент дээр Ерөнхий сайдыг авч хаяад асуудал шийдэгддэг ийм байдал байхгүй гэдгийг хэлье. Энэ явж ирсэн байдалдаа өнөөдрийнхөө санал хураалтаар цэг тавиад, ард түмэндээ ч гэсэн итгэл өгөх хэрэгтэй.

Цаг хугацаа богино үлдсэн. Гэхдээ энэ богино хугацаанд хичээгээд ажиллах юм бол энэ УИХ-д шийдэх маш олон асуудал байгаа. УИХ хамтарч ярилцаад шийдэхээрээ сайн сайн шийдлүүд гаргаж чаддаг шүү дээ. Гадна дотнын хүмүүс сүүлийн 25 жилд хэлж байгаа. “Та нар хамартаа хүрэхээр усч гэдэг шиг үнэхээр асуудал Монголын хувь заяанд тулаад ирэхэд зөв шийдвэр гаргаж чаддаг юм байна. Монголчууд үнэхээр сонин улсууд юм. Нэгдэж чадах юм” гэж хэлдэг.

Одоо хэдүүлээ салж бутардаг дээрээ биш, нэгдэж нийлж асуудлаа бүтээлчээр авч явдаг энэ чиглэл рүүгээ оръё. Ийм байдлаар хариуцлагаа тооцдог, хариуцлагаа иж бүрнээрээ авч хардаг. Ийм хэлбэр рүү оръё. Энэ дээр хамтарч ажиллая. Та бүхэнтэйгээ ярилцъя. Бидний бодож байгаа дээр дутуу хөтүү зүйл байгаа бол түүнийгээ дахиж ярья. Та бүхний өнөөдрийн ярьсан хэлсэн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнөх хуулиараа асуудлдыг сөхөж тавьж байгаа гишүүдийг энд буруутгах ямар ч шаардлага байхгүй. Тэр бол гишүүний эрх. Гэхдээ манай Үндсэн хуульд бүтээлчээр энэ асуудлыг шийдэх, бүтээлчээр хариуцлага тооцох, энэ сургамж авсан улс орнууд шиг тооцох, ийм боломж байгаа юм. Энэ дээр бүгдээрээ хамтарч ажиллая. Баярлалаа” гэлээ.