Categories
мэдээ нийгэм

Абдул Каримын шонхор барьсан хэргийг прокурорт хянаж байна

Прокурорын байгууллагаас Монгол улсын иргэн Абдул Каримд холбогдох, хууль бусаар 31 идлэг шонхор шувуу барьсан хэргийг хянаж байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард манай улсын зарим иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар авч тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иржээ.

Тус мэдээллийн мөрөөр дээрх газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийж, 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна. Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогджээ. Түүнчлэн эдгээр идлэг шонхруудыг Монгол Улсын иргэншилтэй, араб гаралтай Абдул Каримын эзэмшлийн отогт байршуулсан байсан аж.

Эл асуудал нь Абдул Карим “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авсанаар дахин сөхөгдсөн. Хууль бусаар идлэг шонхор шувуу худалдаалсан түүнд торгуулийн арга хэмжээ авсан гэхээс өөр мэдээлэл байхгүй байсан бол эл хэргийг Прокурорын байгууллага дээр хянаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ

“Бөмбөгөр” худалдааны төвд өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг хүргэж байна.

Махны үнэ

1кг-Хонины цул мах 6000 төгрөг, ястай мах 5500 төгрөг.

-Үхрийн цул мах 7800 төгрөг, ястай мах 6800 төгрөг.

-Ямааны цул мах 5000 төгрөг, ястай мах 4500 төгрөг.

-Адууны мах 5000 төгрөг. Тахианы мах 6500 төгрөг байна.

Гурилын үнэ

1кг- Алтан тариан I гурил 1050 төгрөг, дээд гурил 1250 төгрөг,

дээдийн дээд гурил 1500 төгрөг, II гурил 850 төгрөг байна.

Будаа, элсэн чихрийн үнэ

1кг- Будаа 2100 төгрөг,

элсэн чихэр 1500 төгрөг байна.

Төмс, хүнсний ногоо

1кг- Төмс 1000 төгрөг, лууван 1500 төгрөг, байцаа 1600 төгрөг байна.

Харин сүү 1 литр нь 1600 төгрөг, ургамлын тос 2700-3500 төгрөг, цөцгийн тос 1кг нь 8000 төгрөг байгаа бол “Атар” талх 1200 төгрөг, “Талх-Чихэр”-ийн зүсмэл талх 1350 төгрөг байна.

Сар шинийн баяр ойртсонтой хологдуулан ул боов худалдаанд гарсан байгаа бөгөөд Гандангийн шар тостой ул боов 1 ширхэг нь 1800 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар “Төрийн гэрэгэ”-г гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Төрийн гэрэгэ”-г Цагаан сараар гардуулна. Энэ шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. “Төрийн гэрэгэ” гардсан хүмүүсийг төрийн алдар цол, одон медалиар нэмж шагнаж болдог.

Шагналыг хонин жилд Монгол Улсын өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн үйлдвэрлэл, барилга байгууламж, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилд олгох юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ шагналд нэр дэвшүүлэх бичиг баримтыг аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, төрийн яамд, иргэд, төрийн бус байгууллагуудаас энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авч байна.

Энэ Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг тухайн жилд гурав хүртэл бүтээлд олгодог журамтай. Журмын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилсон ажлын хэсэг нэр дэвшигчдээс шилдгүүдийг сонгон шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө –40 хэм, өдөртөө –30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.
Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж яваад осгохоос урьдчилан сэргийлж, малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын тэнгисийн цэргүүдийг саатуулжээ

Персийн буланд явсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнийг Ираны тал саатуулжээ. Гэхдээ саатуулагдсан 10 цэрэг эсэн мэнд, мөн тэднийг удахгүй суллан, хөлөг онгоцонд нь хүргэнэ гэдгийг Ираны эрх баригчид АНУ-д мэдэгдсэн байна.

Үүний өмнө АНУ-ын Батлан хамгаалах яамныхан Кувейтээс Бахрейныг чиглэн явсан тус улсын хоёр жижиг хөлөг онгоцноос холбоо тасарсан талаар мэдээлж байсан юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид эдгээр хөлөг онгоцны баг бүрэлдэхүүнийг тус улсын холбогдох албад саатуулсан. Гэхдээ тэднийг удахгүй суллан замд нь гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг мэдэгджээ.

Энэ хэрэг явдал өнгөрсөн оны долоодугаар сард Иран дэлхийн зургаан хүчирхэг улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг хэрэгжүүлж эхлэхэд саад тотгор болох вий гэж талууд ихээхэн болгоомжилж байгаа талаар ажиглагчид онцолж байна. Ираны тал тус гэрээгээр хүлээсэн үүргээ шуурхай биелүүлж байгаатай холбогдуулан тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээг энэ сард багтаан зөөллөх нөхцөл боломж бүрдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн даатгалын гэрээ бүхий
улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгалын
сангаас доорх зардлыг хариуцдаг. Тухайлбал хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ,
амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ,
уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, Хорт хавдрын хими
болон туяаны өдрийн эмчилгээ, Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний
дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, аймаг, дүүргийн амбулаторийн
төрөлжсөн мэргэжлийн, өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн
эмийг хөнгөлөлттэй үнээр авахад зардлын тодорхой хувийг даатгалын сангаас
хариуцаж байна.

Даатгуулагч дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн
байгууллагаас авч, жилдээ 1.800.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг
эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байсныг 2.000.000 төгрөг
болгон 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн өртөг
өндөр бүхий зарим мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн
хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан
төлж байгаа бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд
даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.250.000
төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4.875.000 төгрөг төлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд малчны зээлийн хүүг бууруулахыг үүрэг болгов

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо.

Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эдийн засгаа солонгоруулах ажлыг Засгийн газар зохион байгуулах учиртай, нэг салбараас шалтгаалж эдийн засгаа унагаж болохгүй гэдгийг “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд өсөх бололцоотой хоёр том салбар бол барилга, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбар юм гэлээ.

Барилгын салбараа ипотекийн зээлээр дэмжиж буй шиг малчдаа, малчин өрх, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийн өсөлтийг хангах бололцоо байна.

Энэ чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед хэд хэдэн ажил зохион байгуулж байна. Эхний ээлжинд Засгийн газар 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртлэх нэг сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн.

Мөн малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “Мах” хөтөлбөрийг боловсруулан, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын тогтоолын дагуу ХХААЯ зохион байгуулж байгаа.

Дараагийн анхаарах гол ажлын нэг бол малчны зээл. Төрийн болон ХААН банкинд малчдын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байна. Малчин өрхөд хөрөнгө худалдан авах, өрхийн хэрэглээнд зориулан олгогддог энэ зээлийн нэг жилийн хүү 30 хувьд хүрээд байна. Монгол банк болон бусад арилжааны банкуудтай ярилцан зээлийн хүүг бууруулах, нэг оронтой тоонд хүргэх ажлыг судалж, хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

Ар араас нь авч хэрэгжүүлж буй энэ бүх ажил, арга хэмжээгээ том бодлого, хөтөлбөрт нэгтгэх ажлаа одоо зохион байгуулах, цаг ирлээ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Хөдөө аж ахуйг дэмжсэн дээрх ажил болон малчин өрхийн амьжиргаа, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүнийг олон улсын чанарт хүргэх, техник технологийн шинэчлэл хийх зэрэг ойрын таван жилийн бодлого, зорилтоо нэгдсэн нэг бодлогод зангидах зайлшгүй шаардлага байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд энэ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө өргөн барих даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад өглөө. Судалгаа шинжилгээ болон санхүүжилтийн эх үүсвэрийг ч тодорхойлох учиртай. Энэчлэн мал аж ахуй, малчин өрхийг дэмжих асуудлаа багцлан бодлого гаргах нь эдийн засгаа солонгоруулах, Монголоо Монголоор нь авч үлдэх, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт соёлоо дэмжих, экспортын шинэ бүтэгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ асуудалд онцгойлон анхаарч, идэвхтэй ажиллаж Засгийн газрын хуралдаанд асуудал боловсруулан танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг ХХАА-н сайд Р.Бурмаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Орцонд хаягдсан охиныг ээж нь асарч байна

Шинэ он гарахын өмнөхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 10 дугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай гэсэн онош тодорсон юм.

Ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байгаад охинд шаардлагатай гэсэн эмчилгээг эмнэлгийн зүгээс цаг алдалгүй хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийн байгууллага охиноо орхиж явсан ээжийг эрчимтэй эрэн сурвалжилж олж тогтоосон.

Тэрээр “Охиноо хүнд өвчин тусахаар нь орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн. Охиныг минь буянтай хүн олж аваад өвчнөөс нь салгаасай гэж хүссэн” гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Одоо тэрээр охиноо ЭХЭМҮТ-д асарч, сахиж байна. Цагдаагийн байгууллага түүнд эрүү үүсгэн шалгаж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 31 асуудлыг хэлэлцэж, 5 удаа салбарын сайдын мэдээлэл сонсч, Байнгын хорооны хуралдаанаас 15 тогтоол гаргаж, 7 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна. УИХ-д 2015 онд 48399 иргэнээс 1335 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 223 буюу 16.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1112 буюу 82.3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна.

Энэ хугацаанд 14209 иргэний өргөдлийг 12 удаа багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 840 хүсэлт буюу 69.3 хувийг судлан шууд хариу өгч, 372 хүсэлт буюу 30.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 77 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Байнгын хорооны хуралдаанаас 2015 онд нийт 15 тогтоол, 7 хуралдааны тэмдэглэл гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэний зэрэгцээ Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэжээ.

2015 оны 2, 3 дугаар саруудад хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтуудын үйл ажиллагааны талаар хилийн боомтуудад хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын санал, иргэдийн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай танилцсан байна.

Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, 2015 оны 06 сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэсэн байна. Мөн тус компани нь зам тавих талаар гэрээгээр хүлээсэн үүргээ 25 жилийн турш биелүүлээгүй байсныг хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллан замын ажлын 50 хувийг гүйцэтгэсэнтэй газар дээр нь танилцжээ. Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 3,6,10,11-р сард Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Орхон аймгийн зарим сумдад зохион байгуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч ипотекийн хуулийн төслийг хэлэлцээд бусад асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр болсон ч хойшлогдлоо. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна.