Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайханы ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ өдрийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Өнөөдрийн тэргүүн нүүрэнд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайханы ярилцлагыг онцолжээ. Тэрбээр Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Өмнө Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.

Мөн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан салбарын сайдаа АТГ-т өгсөн нь “Туркиш Эйрлайнс”-ийн тухай болон сайд албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлэх заавар өгсөн гэх зэрэг асуудлаар АТГ-т хандсан байна. Үүний дараахан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлаасаа халагдсан юм. Түүнтэй эдгээр асуудлаар ярилцсан байна. Ярилцлагын үргэлжлэлийг долдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хоёрдугаар нүүрнээс НИТХ-ын дарга Д.Баттулгын ярилцлагыг уншина уу. Тэрбээр нийслэл дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарт хүргүүлсэн юм. Энэ тухай болон нийслэл хотын бүтээн байгуулалт, дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар түүнтэй ярилцсан байна. Үргэлжлэлийг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой. Сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрнээс нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хорин тавны” социализм цуврал нийтлэлийн эхний хэсгийг хүргэсэн байна. Аливаа үзэл бодол, асуудлыг өөр өнцгөөс бичдэг тэрбээр энэхүү нийтлэлээрээ юу өгүүлснийг уншаарай.

Өчигдөр улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээллийг дөрөвдүгээр нүүрнээс унших бол тавдугаар нүүрэнд Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдохоор дэмжигдээд буй УИХ-ын гишүүн Ж.Батзандантай хийсэн ярилцлага хэвлэгдсэн байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн түүхт 24 жилийн ой өчигдөр тохиосон. Энэхүү ойн өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бираагийн Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын гавьяат хуульч И.Дашнямд хүртээсэн юм. Энэ талаарх мэдээ, мэдээллийг зургадугаар нүүрнээс уншаарай.

Цэцийн шийдвэрийн дараа орон сууцны найман хувийн хүүтэй зээл үргэлжлээд зогсохгүй, бүр таван хувь болж буурна гэсэн сайхан мэдээ сонсогдож буй. Үүнд иргэд сонгуулийн шоу блох вий, эдийн засгийн боломж хэр байгаа юм бол хэмээн баярлах, итгэж ядах хоёрын дундуур байгаа. Тэгвэл хямд хүүтэй ипотекийн зээл иргэдэд хүрэх боломж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж буй юм. Ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг наймдугаар нүүрнээс уншаарай. Дэлхий дахинд өрнөсөн үйл явдлын мэдээллийг есдүгээр нүүрнээс тольдоно уу.

Пүрэв гаригийн дугаарт брэнд булангуудын нэг болох “Эх орн сумаас эхэлнэ” орсон. Энэ удаагийн буланд Увс аймгийн Зүүнхангай сум, Далантүрүү нутгийн талаар дурсамж нийтлэлийг онцолжээ. Мөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИС-ийн багш СТА Л.Дэмидбаатартай хийсэн ярилцлагыг 15 дугаар нүүрт онцолсон байна. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас унших боломжтой.

Categories
гадаад мэдээ

Шууд л тэрбумтан болох боломж өнөө шөнө нээгдэнэ

Хойд Америкийг бүхэлд нь “галзууруулж” буй сугалааны тохироо маргаашийн өглөө буюу Нью Йорк хотын цагаар өнөө оройны 22-оос хойш зарлагдах болно. Учир нь энэ цагаас эхлэн бооцоо тавьсан хуудаснуудыг хүлээн авахаа зогсоох бөгөөд одоогийн байдлаар 1.5 тэрбум ам. долларын шагналын сантай болтлоо өсчихсөн байгаа Powerball-ын “хүүдий” дахиад 100-200 сая ам. доллараар нэмэгдэх боломж үүсээд байна. Учир нь Powerball-ын дүрэм ёсоор түүний сугалааг худалдаж авсан хүмүүсийн тооноос шалтгаалан шагналын сан нь нэмэгдэж байдаг гэсэн бөгөөд тоог нь таагаагүй тохиолдолд уг шагнал хадгалагдан дараачийнхаа тохирол руу шилжин шагналын хүүдийг улам зузаатгаж байдаг гэх юм. АНУ-ын түүхэнд байгаагүй ийм өндөр шагналтай болсон Powerball-ын сугалааны дүрэм энгийн бөгөөд аль ч улсад байдаг бинго тоглоомтой ойролцоо журмаар явагдана. 1-69 хүртэл тоотой цагаан шаарнаас тавынх нь тоог, 1-29 хүртэл тоотой улаан шаарнаас ганцыг гээд нийт зургаан тоог зөв тааж Америкийн муж болгоны худалдаа, үйлчилгээний цэгүүдэд зарагдаж буй тусгай хуудас дээр бөглөх юм. Тэгээд зурагтынхаа өмнө суугаад аз ивээгээсэй хэмээн залибарч суух хэрэгтэй. Зургаан тоог таах боломжийг 292 сая үйлдэлд ганц гэж тодорхойлдог ч гэлээ шагналын сан ихсэх тусам оролцогчид улам олширч хүрээ нь Америкаар тогтохгүй тэлдэг гэсэн.

Powerball-ын түүхэнд 2006 онд найман хүн зургаан тоог зэрэг тааж шагналаа хуваан авч байсан бол 2013 онд 400 сая ам.долларыг нэг азтан тааж ганцаараа “баяжиж” байжээ. Энэхүү жэкпоотыг хожсон азтан аль мужид бүртгүүлснээсээ шалтгаалан тэр мужийнхаа хуулийн дагуу гуч хүртэл хувийг татварт хураалган үлдсэнийг нь өөртөө үлдээх боломжтой.

Б.ХУЛАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд энэ цагийн ид хүчтэнүүд гэгдэж яваа Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба, Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Соронзонболд, аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нарын бөхчүүд зодоглолоо.

Барилдааны их шөвгийн дөрөвт улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарч үлдсэнээс долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбат Ч.Санжаадамбыг амлаж, Н.Батсуурь арслан, харцага Б.Пүрэвсайхан нар тунав.
Улсын арслан Н.Батсуурь, Б.Пүрэвсайхан нарын хувьд оны өмнөхөн болсон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд таарч, Б.Пүрэвсайхан давж байсан бол өнөөдрийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэмжээний бөх Н.Батсуурь давж, түрүү үзүүр булаалдахаар үлдсэн юм.
Харин улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар ойрын барилдаануудад таарч барилдаагүй тул үзэгчдийн сонирхлыг татаж байв. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аварга С.Мөнхбатыг өвдөглүүлж, түрүү үзүүрт үлдэв.

Ингээд наймын даваанд Н.Батсуурь, Ч.Санжаадамба нар барилдаж, ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ойн өдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь слан түрүүллээ.

Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сарын 17-нд “Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаан, нэгдүгээр сарын 24-нд улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан тус тус болох юм.

Categories
гадаад мэдээ

Халдлагад сэжиглэн Оросын гурван иргэнийг баривчилжээ

Туркийн цагдаагийн газраас Оросын гурван иргэнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн баривчилсан тухай “Dogan” агентлагт мэдээлжээ. Анталья хотын цагдаа нар сэжигтнүүдийн байрлаж байсан газраас “CD”, бичиг баримт зэргийг нэгжлэгийн явцад хураан авчээ. Өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 12-нд Истамбул хотын Султанахмет талбайд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 10 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн юм.

Халдлагад “Исламын улс” бүлэглэлийг буруутгаж байна. Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдээлснээр амиа золиослогч нь 1988 онд төрсөн сири эрэгтэй гэнэ. Түүнийг саяхан Туркт ирсэн хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 15-ны дотор өгөөрэй

Хүүхдийн хорин мянган төгрөгийг энэ онд бүх хүүхдүүдэд үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Харин энэ мөнгийг хуучин журмаар олгох бөгөөд иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.

Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэж Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус судалгаанд хамрагдаагүй 279 мянган хүүхэд байгаа байгаа ба эдгээр хүүхдүүд мөн хүүхдийн мөнгө авахгүй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулиар ажлын хэсэг байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгаболон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хяналтын тухай, болон Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх хуваарьтай. Төрийн албаны тухай хуулийн төсөлд эргэж харах зүйл байгаа гэсэн үндэслэлээр хойшлуулж өгөхийг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн төслийг хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна” гэсэн юм. Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.БаярцогтӨнөөдөр Үндсэн хууль баталсны 24 жилийн ойн өдөр. Тиймээс бүгдэд нь баяр хүргэе. Улс төрийн намын хууль чухал хууль. Тиймээс гол сөрөг хүчин намын зүгээс тавьж байгаа саналыг дэмжье. МАН-ын бүлэг долоо хоног хуулиа судалж байгаад хэлэлцүүлье гэдэг саналыг хүлээгээд авчихъя” гэсэн бол гишүүн Н.Батбаяр “Энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсгээ байгуулаад явъя” гэлээ. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж, эхний асуудал болох Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос хил дээр гал нээжээ

Өмнөд Солонгосын хилийн харуулынхан өнөөдөр “үл мэдэх нисдэг биетийн” эсрэг гал нээжээ. Сөүлийн албаныхны сэжиглэж буйгаар энэ нь Умард Солонгосын тагнуулын нисгэгчгүй онгоц байж магадгүй гэнэ. Өмнөд Солонгосын хилийн харуулынхан гал нээсний дараа нисдэг биет хойд зүгийг чиглэн ниссэн аж. Ёнхап агентлагт мэдээлснээр Өмнөд Солонгосын хилийн харуулынхан пулемётоор 20 сумаар бууджээ.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдээлснээр БНСУ-тай харилцаа дахин муудсан юм. Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа өнгөрсөн наймдугаар сард хил дээр болсон уулзалтаас хойш сайжирч эхлээд байсан билээ. Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгт бэртсэний дараа хойгт хурцадмал нөхцөл байдал үүсээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Чингис зочид буудалд өнөөдөр Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган болж байна. Энэ удаагийн чуулганд манай улсаас 250, БНХАУ-аас 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй юм. Энэ чуулга уулзалтаар хоёр орны төлөөлөгчид хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхэд тулгамдаж буй асуудал, бараа бүтээгдэхүүнийг хямд зардлаар оруулах боломжийн талаар хэлэлцэж байгаа юм. Мөн бизнес эрхлэгчид хоёр орны хөрөнгө оруулалтын орчин, сувгуудын талаар мэдээлэл солилцож, БНХАУ-д бараа бүтээгдэхүүн худалдаалах, бизнесийн боломж, хамтран ажиллахад баримтлах зарчим зэргээ тодорхой болгон, хэлэлцэж байна.

Categories
мэдээ спорт

Их аваргууд ээлжит ялалтаа авав

Мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацу башёгийн дөрөв дэх өдрийн барилдааныг тоймлон хүргэе.

Энэ өдөр манай бөхчүүдээс Тэрүнофүжи Айояаматай хүч үзлээ. Арал, бяр тэнцүүхэн хоёр бөхийн барилдаан барьцнаас шийдэгдэж ёрикири мэхээр Тэрүнофүжи давав. Маргааш тэрээр нутаг нэгт Кёкүшюүхотой хүч үзнэ.

Харин өчигдөр өвдөг шороодсон Какүрюү М.Ананд өнөөдөр учраа бөх Шохозаныг барьцнаас илүүрхэн давж гуравдахь даваагаа авлаа. Маргааш Комосүби Икиойтой барилдах юм. Өнөөдрийн сүүлийн барилдааныг Харумафүжи аварга нутгийн дүү Ичиножёотой хийв. Харумафүжи аварга туршлага, хурдаар хол илүүгээ харуулж давав. Маргааш тэрээр Кайсейтэй барилдана. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо өрсөлдөгч Такарафүжиг хялбархан өвдөг шороодуулснаар ээлжит даваагаа авсан. Их аваргын маргаашийн учраа нь Айояама. Өнөөдөр япончуудын найдвар тавьж байсан бөх Кисеносато Точиношинд өвдөг шороодож шуугиантарив. Учир нь хамгийн сүүлд буюу 2006 оны нэгдүгээр сард озеки Точиозүма түрүүлснээс хойш япон бөх түрүүлэлгүй 10 жил болжээ. Тиймээс япон бөх энэ сарын башёд түрүүлэх нь бүх дэвжээний томоохон зорилт болоод байгаа аж. Харин энэ даалгаврыг биелүүлэх хамгийн их боломжтой нь Кисеносато, Котошёогикү болон Гойёдо нар юм байна.