Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг өнөөдрөөс нэг хувиар буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны
арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1 нэгж
хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Бодлогын шийдвэр нь өнөөдрөөс буюу 2016 оны 1 дүгээр
сарын 14-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11
дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс
доогуур байгаа, цаашид ч нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын
зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй гэж үзсэн
нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа юм байна.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт
сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн
гадаад тэнцвэрийг дэмжихээр байна гэж зөвлөлөөс дүгнэсэн байна.

Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх
энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон
эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Буянбаатар: Үндэснийхээ урлагийн дархлааг бий болгох нь чухал

Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар шинэ оны өмнөхөн Монгол улсын соёлын
гавьяат зүтгэлтэн шагналыг хүртсэн билээ. Алдарт хуурч П.Буян, Г.Жамьян,
Ё.Батбаярын шавь тэрээр Хөгжим бүжгийн коллежийг дүүргэснээсээ хойш тус чуулгад
ажиллаж байгаа. Тэрээр өөрийгөө Өмнөговьд олдож,
Улаанбаатарт
төрөөд, Дорноговьд өссөн хүн гэж тодотгосон юм.

-Юуны өмнө танд Соёлын гавьяат
гэдэг хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны анх морин
хуурч болохоор Дорноговиос Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн үеэс эхлэх үү?

-Тийм ээ. Би 1978 онд Дорноговь
аймгийн Даланжаргалан сумаас хотод ирж Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин
хуурчийн ангид элссэн.Тухайн үед бодлогоор жил бүр өөр өөр аймгаас Хөгжим
бүжгийн дунд сургуульд элсүүлдэг байлаа. Тэр үед манайх Дорноговь аймагт
нүүгээд оччихсон байсан. Яаж Хөгжим бүжгийн сургууль байдаг гэдгийг мэддэг
болсон түүх нь сонирхолтой л доо. Манайх уг нь Өмнөговийн угшилтай айл. Аав
маань насаараа удирдах ажил хийсэн. Өмнөговьт аймгийн дарга, Дорноговьт
нэгдлийн даргаар ажиллаж байсан. Аавыг эсэргүү Л.Нямбуу гуайтай холбоотой гэж
үзсэн тул Дорноговийн хамгийн захын сумын даргаар томилсон юм билээ. Гэхдээ
арай ч гахайчин болгоогүй. Ингэхэд нь тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Самбуу гуай
их хамгаалсан гэдэг. Би багаасаа л хөгжим тоглодог байсан. Аав маань ямар ч
ардын дууг мандолинаар маш сайхан тоглоно. Ээж бас шанз, мандолин тоглоно. Тийм
орчинд байгаа болохоор багаасаа хөгжим тоглож сурсан.

Дорноговиос гаралтай
дуурийн дуучин Мэндээ гэдэг эгч байсан. Намайг бага байхад Хайдав гуай, Мэндээ
эгч, Баадайжав гуай гээд дуурийн урлагийн акулууд бригадаар ирлээ. Манайд
зочлоход ээж, аав хоёр “Хүүхдүүд ээ хөгжмөө тогло” гэхэд бид гитар, мандолин,
баяанаа аваад л тоглож гарсан. Тэд нар сонсчихоод “Ямар авьяастай хүүхдүүд вэ.
Хөгжим бүжгийн дунд сургууль гэж байдаг, тэнд оруулаач” гэж хэлсэн. Ингэж л ийм
сургууль байдаг гэдгийг анх мэдэж авсан юм. Ээж дүү бид хоёрыг аваад Хөгжим
бүжгийн дунд сургуульд шалгуулахаар хотод ирж билээ. Манайх Улаанбаатарт Их
дэлгүүрийн хажууд байртай. Ээж хөрш, их найрагч Б.Явуухулан гуайн гэргий Адьяа
эгчээс Хөгжим бүжгийн сургууль хаана байдгийг нь асууж, маргааш нь очиж
шалгуулж билээ. Орсон чинь Жамьян, Цэвэлмаа, Дашдулам багш гээд манай урлагийн
томчуул байна. Тэгж л анх шалгалт өгсөн дөө. Шалгалтанд ороод тэнцсэн хүүхдүүд
нь цаас барьчихсан гарч ирнэ. Гэтэл надад цаас өгсөнгүй. Ээж яасан бэ гээд ихэд
гайхаж билээ. Хөгжим бүжгийн сургуульд багшаар ажиллаж байсан Ч.Лодойдамба
гуайн охин Л.Насанбат хүрч ирээд ”Тэнцсэн, шууд гуравдугаарт шатны
шалгаруулалтад ор” гэсэн.

-Танай удамд хөгжим тоглодог
хүмүүс байсан уу?

-Манай нагац ах Өмнөговь
аймгийн Гурвантэсийн Дондог хуурч гэж байсан. Хуучны тортог болсон жинхэнэ монгол
хууртай хүн байж билээ. Бага байхад аавтайгаа хөдөө явж байхад айл болгон
хууртай байсан. Дуу хөгжмийн багш маань бас их сайн хүн. Одоо ч байдаг. Биднийг
чинь өглөөний 6 цагт гамма уншуулна, нот заана. Энэ бүхний ачаар Хөгжим бүжгийн
сургуульд шууд л тэнцсэн болов уу даа.

-Та морин хуурч болохоор Хөгжим
бүжгийн дунд сургуульд ороод алдарт хуурч П.Буянгийн шавь болсон гэв үү?

-Г.Жамьян, П.Буян гэдэг маш
мундаг хоёр хуурчийн шавь нь болсон. Сүүлийн хэдэн жилд нь хуурч Ё.Батбаяр
надад багшилсан. Тэр үед сурагчдаас хэнийг нь багш болгох уу, хэнийг нь
цаашаагаа сургуульд явуулах уу, судлаач болгох уу гэдэг чинь маш нарийн
бодлоготойгоор явдаг байсан үе.

-Төгсөөд хаана ажилласан бэ?

-Тухайн үед Соёлын яамтай
байлаа. Тус яаманд харьяалагддаг цорын ганц сургууль нь Хөгжим бүжгийн дунд
сургууль байсан. Намайг Соёлын яамнаас гадаадад сургуульд явуулахаар болж суурь
шалгалтандаа ч тэнцлээ. Гэвч бие нь муу байсан тул аав маань явуулаагүй. Би ч
учир байдлаа багшдаа хэлсэн. Тэгээд намайг тухайн үед Улсын ардын дуу бүжгийн
чуулгад одоогийнхоор бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад оруулсан. Би
амьдралынхаа 40-өөд жилийг энэ чуулга, Хөгжим бүжгийн коллеж хоёрт өнгөрөөсөн.
Тус чуулгын ”Залуус” хамтлагт орж олон сайхан тоглолтыг МУГЖ Д.Самбуу,
Д.Банзрагч гээд л нэртэй дуучидтай хамтран хийсэн. 18 аймаг 256 сумыг хэд хэд
тойрсон доо.

-Таны багш нар бол үнэхээр
мундаг хуурчид байсан. Тэднийхээ талаар дурсаач?

-Тийм ээ. Манай Түдэв, Түвдэн,
Г.Жамьян, П.Буян, гээд дээр үеийн мундаг хуурчид тухайн үеийн урлагийн
сургуулийг байгуулсан. 1937 онд шүү дээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирээд тэдэнд
Европын хөгжмийн боловсрол олгосон. Бүгд л үндэснийхээ хөгжмөөр гайхалтай
тоглодог байсан. Зарим нь Зөвлөлтөд очиж сурсан, зарим нь эндээ багшилсан.
Миний багш нар Монголын морин хуурийн мэргэжлийн сургалтын дэг жаяг суурийг
тавилцсан алтан үеийн хүмүүс. Тэдний нэг нь бол яах аргагүй Г.Жамьян багш.
Түүний олон шавь, олон бүтээл нь морин хуурыг хөгжүүлэн авч явж байна. Жишээ нь
манай Ё.Батбаяр багш байна.

-Алдарт хуурч Г.Жамьян өөрийн
гэсэн арга барилтай ховорхон хөгжимчин байсан тухай сонссон.

-Тэгэлгүй яахав. Европын
хөгжмийн зэмсгүүд хэдэн зууны туршид боловсорч ирсэн. Одоо дэлхий даяар нэг
стандартад хүрсэн. Ялгаатай нь гэвэл Европынх, Оросынх гэсэн хоёр дэгтэй. Манай
хөгжим бол байгаль, ёс заншилдаа тохирсон уламжлалт урлаг. Жишээ нь хойд зүгийн
уулынхан гэхэд морин хуурын татлага нь хүртэл шал өөр. Төв халхад гэхэд бас
өөр. Хөвсгөлд бас нэг өөр. Ийм олон ястны өвөрмөц эгшиг, аялгуу, хэмнэлийг нэг
стандартад оруулж мэргэжлийн сургалтын дэг жаягийг дэлхийн хөгжмийн боловсролын
түвшинд хүргэж чадсан нь манай ахмад үеийн алдарт хуурчид, алтан үеийнхний
гавьяа юм.

-Одоогоос нэлээд хэдэн жилийн
өмнө Австрид манай Морин хуурын чуулгынхан очиж тоглолтоо хийсэн. Тэд морин
хуураар Моцартыг тоглосон. Гэтэл Австрийн нэг хөгжим судлаач морин хуур
сонгодог бүтээлийн нарийн нугалааг нь гаргаж чадахгүй байна гэсэн. Мэргэжлийн
хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ. Хоёрхон чавхдастай хосгүй хөгжим
гэдэгсэн.

-Тэр хүний буруу биш л дээ.
Гэхдээ би зөрүүлээд нэг зүйлийг хэлнэ. Тэр Моцарт, Брамс нарын бүтээлүүд европ
хөгжим дээр тулгуурласан байгаа. 400, 500 жилийн туршид тоглож, улам
боловсронгуй болж, Европоос халиад сонгодог тал руугаа болчихсон. Гэхдээ зөвхөн
Моцарт зэрэг хөгжмийн зохиолчдыг сонгодог гэж хэлмээргүй санагддаг.

-Яагаад?

-Сонгодог гэдэг бол Моцарт,
Бетховен мөн. Гэхдээ миний бодлоор сонгодог бүтээл гэдэг цаг хугацаа, яс үндэс,
орон зайг үл хамааран хүмүүний сэтгэлд хүрч чадсан бүтээлийг хэлэх нь зөв байх.
Европ бол жижигхэн, мэдээлэл амархан тархана. Монголын газар нутаг дээр Европын
хэдэн улс багтах билээ. Тэгвэл сонгодог гээд байгаа тэр нөхдүүд хийл хөгжмөөрөө
морины явдлыг тоглоод үзэг л дээ. Буухгүй дээ. Яагаад гэхээр өөрийнх нь онцлог
орчин нөхцөл, үндэсний урлагийн хэв маяг хөгжмийн зэмсгийн онцлог гээд олон
зүйлтэй холбоотой шүү дээ. Италийн дуурийн од манай уртын дууг Норовбанзад гуай
шиг дуулчих л даа. Энэ бол дуурийн том дуучин л даа гэхдээ манай уртын дууны
тэр нарийн нугалааг гаргаж чадахгүй байна даа л гэж бид хэлнэ шүү дээ. Тэдний
буруу биш, бидний ч буруу биш. Бид маш богино хугацаанд 80-аад жил тэдний
сонгодог хөгжмийг эзэмшсэн шүү дээ. Дэлхийн хөгжимтэй эн зэрэгцэх дуурийн
дуучин манайхаас гарсан. Бяцхан төгөлдөр хуурчид Испани, Франц, Чехэд очоод
шагналыг нь аваад ирж байна. Хэдэн зууны юмыг бид 80-хан жил эзэмшсэн. Энэ бол
том бахархал.

-Танайх нэрт яруу найрагч,
зохиолч Б.Явуухулан, Ч.Лодойдамба нартай хөрш байсан гэсэн. Энэ талаар эргээд
дурсвал уншигчдад сонин байх болов уу?

-Явуу ах бол гэрийн халатаа
өмсчихсөн, том трубка зуучихсан хүн байсан. Би тэднийд орж зурагт үздэг. Их
тайван хүн. Ч.Лодойдамба гуайн эхнэр нь манай нэрт жүжигчин Ч.Долгорсүрэн гуай
шүү дээ. Тэр байж байгаа, гараад явж байгаа нь хүртэл өөр. Жинхэнэ элит гэвэл
тэднийг л хэлнэ байх. Үнэтэй костюм өмсч, үнэтэй машин унахаараа элит болохгүй
шүү дээ. Хамгийн гол нь тархин доторхоороо элит байх ёстой. Тэр агуу хүмүүс
цаанаа л нэг өөр, эрхэмсэг нь хүртэл их гоё. Агуу хүмүүс бол цаанаа л нэг агуу
байдаг.

-Та нэр хүндтэй шагнал хүртлээ.
Цаашдаа ямар бүтээл туурвих төлөвлөгөөтэй байна?

– Энэхүү шагналыг авсан нь
миний гэхээсээ илүү төрүүлж өсгөсөн аав, ээж минь, Хөгжим бүжгийн коллеж,
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг 65 жилийн түүхтэй Монголын хамгийн
том үндэсний мэргэжлийн байгууллагын гавьяа. Энд манай агуу хүмүүс болох
Л.Мөрдорж, Д.Чойдог, Л.Цогзолмаа, Д.Түмэндэмбэрэл, Д.Норовбанзад гээд л үе
үеийн хүмүүсийн ач тус, гавьяа гэж бодож байна. Учир нь үе уламжлагдан тэдний
үлдээсэн үндэсний гайхамшигтай соёлын их өв хойч үедээ өгөөжөө өгч байгаа хэрэг
юм.

-Чуулгадаа хийсэн ажлынхаа
талаараа сонирхуулаач?

-Сүүлийн жилүүдэд чуулгын
найрал хөгжмийн урын сан бол нэлээд баяжсан. Түрүүний хэлдгээр дэлхийн сонгодог
хөгжмөөс суралцсаар байна. Гэхдээ хамгийн гол нь уламжлалаа хадгалж, баяжуулах
хэрэгтэй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн бүтээлүүд дотор
ховордсон, мартагдсан хөгжмийн зэмсгээр тоглосон бүтээлүүд их гарч ирж байгаа.
Манай залуучууд морин хуураа тоглохын хажуугаар хөөмийлнө, цоор үлээнэ.
“Хөсөгтөн” хамтлаг бол манайхаас л гарсан залуучууд. Үндэсний уламжлалт хөг
аялгууг шингээсэн мэргэжлийн түвшний олон бүтээл туурвина. Манайх мэргэжлийн ур
чадварын түвшин тогтоох шалгалт гэж явуулдаг. Ингэхэд манай хөгжимчдөөс маш
хөөрхөн юм гараад ирдэг. Морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Нүүдэл”
хэмээх найрал хөгжимд зориулсан аялгуу, Р.Бат-Эрдэнийн “Тайгад дурсагдах
хэнгэргийн дуу” байна. Эд бүгдээрээ манай чуулгын залуу хөгжимчид. Монгол
үндэсний язгуур урлагаа мэргэжлийн түвшний бүтээл болгож байна. Даяарчлалын энэ
үед, импортын урлагийн довтолгоо, мэдээлэл технологийн эрин үед үндэснийхээ
хэл, соёл, урлагийн дархлааг бий болгох нь нэн чухал. Ингэж байж л Монгол улс,
монгол үндэстэн хэл, соёлоо авч үлдэнэ. Би гадаадын олон улс үндэстний урлагийн
баяр наадамд оролцож явлаа. Манай Монголын үндэсний урлагийн гайхалтай
бүтээлүүд хаана ч үгүй. Би үүгээрээ бахархаж омогшиж явдаг даа.

Categories
мэдээ нийгэм

Төр 200-280 байр түрээслүүлнэ

“Түрээсийн орон сууц”
хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол
батлагдлаа. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар
Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг
төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц,
Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн
Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн
түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны
нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган
төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.

Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно. Тус байнгын хороодын хуралдах цагийн товыг жич зарлах аж.


1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  • Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Нууц асуудал /хаалттай/;
  • Бусад.
Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай:

2. Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай:

3. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

4. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

5. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:

6. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:

7. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

8 .Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/:

9. Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

10. “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

11. Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ:

13. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Categories
мэдээ соёл-урлаг

“Зүрхэнд дуссан нулимс” киноны нээлт маргааш болно

“Моритон” энтертайнмент “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэн дуссан нулимс” уран сайхны киноны нээлт болно. Зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсероор А.Мөнхтулга нар ажилласан байна. Гол дүрд М. Золжаргал, Б.Энхчимэг, Ж.Цовоо нар тоголсон аж. Киноны агуулга нь Цэнгэл хэмээх бүсгүй нь Гийгүүлэн, Эгшиглэн хэмээх охинтой. Түүний өмнөх нөхөр ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэдэг залуутай танилцан хамт амьдарна. Тэрбээр өмнөд хөрш улс руу ганзгын наймаа хийж амьдралаа залгуулдаг. Нэгэн удаа ээлжит бараагаа татахаар явахдаа хилс хэрэгт ордог. Энэхүү хэрэг чухам яаж өрнөхийг үзэгч та тус киноноос үзээрэй. Киноны нээлт маргааш болно.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайд Д.Дорлигжав талийгаачийн гэрийнхнийг хүлээн авч уулзлаа

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан асуудалд олон нийт анхаарлаа хандуулж байна. Тиймээс уг асуудлыг хуулийн байгууллагын зүгээс шалгаж, хэргийн үнэн мөнийг олохын төлөө ажиллаж байгаа.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл өгсөн бол Хууль зүйн сайд Д.Дорлигжав талийгаачийн эцэг эхийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр хэргийн үнэн мөнийг олж, шуурхай илрүүлэн ажиллахад анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяа эмнэлэгт хэвтжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан юм. Ингээд цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хоёр сар хорихоор болсон. Одоогоор энэ хэрэг юу болж байгааг түүний өмгөөлөгчөөс тодруулахад: “Цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж дуусаад оны өмнө АТГ-т шилжүүлсэн. Тэрбээр хоригдох явцдаа удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудсан, уушиг нь идээлсэн. Одоогоор Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нөгөөдрөөс нийт нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд 01 дүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.

Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.