Categories
мэдээ нийгэм

АЭХ-ын тэргүүнд нэр дэвшигчид тодорчээ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган энэ сарын 18-нд Төрийн ордонд болно. Тус чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох юм байна. Учир нь өнөөгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн сонгуульт хугацаа дууссан учраас ийнхүү шинэ тэргүүнийг сонгох аж.

Тус холбооны тэргүүнд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг болон Б.Ургамалцэцэг, Л.Нармандах, З.Нарантуяа, Г.Хажидмаа, Г.Байгалмаа, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Таны суух автобус хаана явааг гар утаснаасаа харж болно

Нийслэлийн Тээврийн газар,
“Улаанбаатар смарт карт” ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон
Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний
“UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг
андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах
боломжтой.

Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus” аппилейкшныг
татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь,
автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон
буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн
хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа
чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой.
Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр
байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple
store-д байрлуулах юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн 10 оноог тооцох журмыг зургаар үзүүлэв

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тоолох журам хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас жолоочийн 10 оноог тооцох журмыг зургаар үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргээр ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

“Ирвэс хамгаалах сан”-ийн биологич Т.Лхагвасүмбэрэл амиа алдсан
асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Уг хэрэгт цагдаагийн албан хаагчдыг ихээхэн буруутгаж буй.
Хэрвээ өмнө нь халдлагад өртөж байхад нь цагдаагийнхан сайтар шалгасан бол
талийгаач амиа алдахгүй байсан гэж ар гэрийнхэн нь болон олон нийт үзэж байгаа
юм. Тэгвэл уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр албан ёсоор
мэдээлэл хийхээр боллоо. Хурал 11.30 цагт Хэвлэл, мэдээллийн төвийн мэдээллийн
өрөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Орцонд хаягдсан охин нас баржээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны 10 дугаар байрны долдугаар орцонд 1 ой гарантай эмэгтэй хүүхдийг ээж нь хаясан хэрэг билээ. Охиныг байрны оршин суугч болон жижүүрүүд олж ЭХЭМҮТ-д хүргэхэд хоёр уушиг хүндэрсэн хатгалгаатай, хоолой нь улайссан байсан тул өчигдрийг хүртэл 20 гаруй хоног эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч бие нь дээрдэлгүй байсаар өчигдөр нас баржээ. Энэ сарын эхээр хүүхдийн эхийг олж тогтоон, охиныг асруулж байсан юм.

Охины ээж болох Д нь 22 настай оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн ажилгүй бөгөөд цагдаагийн мэдүүлэгтээ “Охин хүнд өвчин туссан, амьдралын боломжгүй учраас орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн. Сайн санаат хүмүүс олж өсгөх байх гэж бодсон” хэмээжээ. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэснийхээ хөгжмийн гайхамшгийг ард түмэнд таниулж чадсан нь түрүүлэхээс илүү ололт байлаа

“Авьяаслаг монголчууд”
шоу өндөрлөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл уг шоуны шилдэг оролцогчид өнөөг хүртэл
үзэгчдийн сонирхлыг татсаар байна. Шоуны шилдэг оролцогчид шинэ жилийн захиалга
ч ихтэй байсан бололтой. “Авьяаслаг монголчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарсан
ёочинчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн нараас зарим зүйлийг тодруулж, сэтгэгдлийг
хуваалцсанаа хүргэе.

-Үндэсний хэмжээний шоунд оролцож
хоёрдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Шилдгийг шалгаруулах тэр мөчид түрүүлэх
болов уу гэсэн найдлага дүүрэн байсан биз?

Х.Бархүү: -“Эгшиглэнт
чимээ” хамтлагийнхан шоуны ялагч болсонд бид хоёр үнэхээр их баярлаж байгаа. Бүгд
л өөр өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулсан оролцогчид байсан. Монгол гэсэн тодотголтой,
Монгол хүний оюун сэтгэл, ур ухаанаар бүтсэн, зохиосон бүх л зүйл дэлхийд гайхагдаасай
гэж хүсч байна. Ялагчийн тухайд гэвэл бид хоёр өөрсдийгөө шилдэг гуравт үлдэх хүртэл
хол явна гэж бодож байсангүй ээ.

-Яагаад?

-Үндэсний хөгжмийг үзэгчид тэр бүр
ойшоодоггүй шүү дээ… /инээв/. Бид хоёрын хувьд шоунд орж ялагч болохдоо бус монголчууд
юу чаддагийг харуулахыг л хүссэн. Харин үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан.
Авьяас гэдэг дуу бүжгээр хязгаарлагдах зүйл биш гэдгийг зарим хүмүүст ойлгуулахыг
хүссэн. Бид хоёрдугаар байрт орсондоо огтхон ч харамсахгүй байгаа. Харин ч энэ шоунд
оролцсоноо их сайхан хувь заяа гэж бодож байгаа. Тиймээс биднийг дэмжиж санал өгсөн
монголчууддаа талархсанаа илэрхийлье. Мөн дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсан
“Got talent” шоуг Монголд зохион байгуулсан “Монгол HD” телевизийнхэндээ маш их
баярлаж байна. Мэдээж өрсөлдөгчийн хувьд “Эгшиглэнт чимээ” хамтлаг үнэхээр гайхалтай
өрсөлдөгч байсан. Яагаад гайхалтай гэж байна вэ гэхээр тэр олон эрч хүч, инээд хөөрөөр
бялхсан хүүхдүүд, ядрахыг мэдэхгүй хүүхэд насны цог золбоо тэдэнд байсан.

Б.Мягмарцэрэн: Бид хоёр
өмнө нь зүгээр дээлээ өмсөөд тайзны хойно суугаад, эсвэл зогсоод тоглодог байсан
бол Монголын ард түмэн юунд дурлаж, юуг илүү ихээр залуу үе биднээс хүсч байгааг
ойлгосон. Хүүхэд залуучууд маань хүртэл юуг үзэж харахыг, сонсож мэдрэхийг хүсч
байгааг мэдэрсэн. Тиймээс Бархүү, Мягмарцэрэн хоёрын хувьд шилдэг наймд үлдсэн нь
хамгийн азтай хэрэг. Тэгээд ч Бараа ах бид хоёр “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхаа
дүү нар болоод С.Жамьянхорол багшаас дутуугүй тэдний өмнөөс баярлаж байгаа. Дүү
нар дундаас Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдах хөгжимчин төрөн гарна гэдэгт итгэлтэй
байна. Тэр урам зоригийг дүү нар “Авьяаслаг монголчууд” шоунаас авсан гэж бодож
байгаа.

-Шоунаас хойш ямар уран бүтээл хийж
байна даа?

Х.Бархүү: -Шоуны хамгийн
сүүлийн шатны шалгаруулалт дуусаад сар арай хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд
бид хоёр шинэ онд болон цаашид хийх уран бүтээлээ төлөвлөөд ажиллаж байна. Анх “Монгол
HD” телевизтэй жил зургаан сарын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд олон зүйл дээр хамтарч
ажиллахаар ярилцаж байгаа. Одоохондоо нууцалсан нь дээр байх аа.

-Шинэ жилийн захиалга их байв уу?

Б.Мягмарцэрэн: -Шинэ жил,
баяр ёслолын арга хэмжээндээ ирж уран бүтээлээ хүргээч гэсэн олон санал хүсэлт бид
хоёрт ирсэн шүү.

-Та хоёр аль сургуулийг төгссөн
бэ.
Нутаг усныхаа тухай яриа дэлгээч?

Х.Бархүү: -Би Завхан
аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн.Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.
Би 12 настайдаа шалгалт өгч элссэнээр анх хөгжимчин болох гараа маань эхэлж байлаа
даа.

Б.Мягмарцэрэн: -Харин би
Говь- Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 2003 онд хотод орж ирсэн. 12 настайдаа
2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид элсээд 2003 онд хотод ирж Хөгжим
бүжгийн коллежид суралцсан.

-Хичнээн жил хамтарч уран бүтээл
хийж байна вэ?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ахын
хувьд “Улаанбаатар чуулга” анх байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа.
“Улаанбаатар чуулга” анх 2006 онд байгуулагдаж 2011 онд одоо байгаа байрандаа нүүж
ирсэн юм. Би 2010 онд “Улаанбаатар чуулга”-д орсон. Тэр мөчөөс л Бархүү ах бид хоёрын
хамтын уран бүтээл эхэлсэн гэж хэлж болно.

-Өөрсдийн хөгжимд тохируулан найруулсан
хичнээн хөгжмийн аятай болсон байна вэ?

Х.Бархүү:-Миний Монголын
үндэсний хөгжим асар баялаг, дэлхийд гайхуулах өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Тийм
учраас бидний уран бүтээл барагдашгүй юм. Яг өөрсдийн гардаж найруулсан хөгжмийн
зохиол гэвэл хүүхэд байхаасаа зохиосон зүйлүүд гээд нэлээд юм бий. Яг нарийн тоолж
байсангүй.

-Энэ шоунд орсноор уран бүтээлчдийн
хувьд авууштай зүйл юу байв?

Х.Бархүү: -Шоунд оролцсоноор
бид хоёр үндэсний хөгжмийг залуучуудад түгээх цаашлаад үндэсний хөгжмийн талаар
хүмүүсийн боддог бодлыг өөрчилж чадсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ санаа
дан ганц бид хоёрынх байгаагүй. Маш олон чадварлаг залуучууд бид хоёртой хамтарч
ажилласан. Монгол телевизийн хөгжмийн найруулагч С.Буянтөгс, “Улаанбаатар чуулга”-ын
хөгжмийн зохиолч О. Чинбат, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан зэрэг хүмүүс
ажилласан. Энэ бүх хүмүүстээ баярлалаа.

-Та хоёр цаашдаа уран бүтээлээ ямар
байдлаар хийхээр төлөвлөж байна вэ?

Х.Бархүү: -Бид хоёр
ардын хөгжмөө цаашид улам дэлгэрүүлж орчин үеийн залууст сонирхолтой болгож дэлхийд
улсынхаа нэрийг гаргахыг зорьж байна даа.Илүү сайхан уран бүтээлүүд хийж үзэгч сонсогчдодоо
барина гэж бодож байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор ардын хөгжмийг
сонсдог залуучууд нэмэгдсэн байх гэж бид найдаж байгаа. Энэ бол бид хоёрын үндэснийхээ
хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан бага ч гэсэн хувь нэмэр болов уу.

-Яагаад энэ шоунд оролцох болов?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ах
бид хоёр өнгөрсөн хавар Тайваньд очиж тоглолтод орсон юм. Тайваниас ирээд удаагүй
байтал “Авьяаслаг монголчууд” шоуны Улаанбаатар хотын шалгаруулалт болсон. Чуулгын
дарга Р.Мөнхсайхан ах бид хоёрыг Тайваньд тоглосон номероороо орооч гэж хатгасан.
Тэгээд бид хоёр ч “Яадаг юм үзээд алдъя” гэж шийдээд анх “Авьяаслаг монголчууд”
шоунд бүртгүүлсэн.

-Шоуны хагас шигшээ тоглолтод ороход
та хоёрын хувцаслалт, үзүүлбэр гээд маш содон санагдсан. Хувцаслалтын тал дээр янз
бүрийн шүүмжлэл ч байсан?

Б.Мягмарцэрэн: -Бид зохиолдоо
тааруулсан. Цахилгаан хөгжимчидтэй тоглох болохоор үндэсний дээл өмсөөд суугаад
байж болохгүй шүү дээ. Монгол хүний оюун, ур ухаанаар бүтэж сэтгэлээ шингээн урласан
хувцсыг өмссөн. Ингэхдээ орчин үеийн хувцасны загварыг үндэсний хувцастай хэрхэн
зохицуулж болохыг харуулсан гэж бодож байгаа. Ер нь “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн
багаас бид хоёрт маш их тусалсан. Хувцаслалт, хөгжмийн найруулга, үзүүлбэр, тайз,
гэрэл, лед дэлгэц гээд олон зүйл дээр бидэнд туслалцаа үзүүлсэн. Жижиг гэлтгүй бүх
зүйлс дээр бүх оролцогчдод өөрсдийн сэтгэлээ шингээж хүмүүст сайхан зүйл үзүүлэхийн
төлөө бид хамтдаа хичээсэн. Манай хамт олон ч мөн адил биднийг их дэмжсэн. Хувцаслалтын
тал дээр шоуны багийнхан санаачилгыг нь гаргаж бидний зүгээс дэмжиж хийлгэсэн байгаа.

-Гэр бүлтэй юу?

Х.Бархүү: -Бид хоёр
хоёулаа гэр бүлтэй.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор
уран бүтээлчдийн хувьд ололттой тал нь чухам юу байв?

Х.Бархүү: -Үндэснийхээ
хөгжмийн гайхамшгийг ард түмэнд таниулж чадсан нь түрүүлэхээс илүү ололт байлаа.
Мөн энэ шоунд оролцсоноор олон зүйл ойлголоо. Шоу гэж ямар байдаг, ямар байх ёстой,
хөгжмийн найруулга, хувцаслалт гээд л тоочоод баршгүй их зүйлийг сурч мэдэж авлаа.
Хэдий гадаадад тоглолт хийж байсан ч тэр болгон нарийн зүйлийг мэддэггүй байж.

Б.Мягмарцэрэн: -“Авьяаслаг
монголчууд” шоунд оролцсоноор бид хоёр өөрсдийгөө эвдэж шинэ зүйлүүдийг туршиж,
үзэгч түмэндээ харуулж чадсандаа баяртай байгаа. Чука шүүгчийн хэлснээр хөгжимчид
дээлээ өмсөөд хүмүүсийн ард л тоглодог байсан. “Авьяаслаг монголчууд”-д
оролцсоноор өөрсдийгөө нээж чадсан гэж хэлж болно.

-Шоуны үед болсон сайхан дурсамжаасаа
эргэн хуваалцахгүй юу?

Б.Мягмарцэрэн: -Шоуны үеэр
бага зэрэг хариуцлага алдаж ерөнхий продюсер Ч.Номин захиралд загнуулсан нь мартагдашгүй
юм даа.

-Яагаад загнуулсан юм бэ?

-Хамгийн сүүлийн бэлтгэлийн үеэр
арын хөгжимчид ирээгүй байсан юм. Хүн бүр өөрөө өөрсдөдөө эзэн нь болж хариуцлагаа
ухамсарлах хэрэгтэй. Энэ олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа шоуг тэрхэн үед
үгүй хийчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж өөрсдийгөө буруутгаж их гэмшсэн дээ.
Бас сайхан дурсамж болон үлдсэн гэж болно.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны татварын буцаан олголтын материалыг хүлээн авч байна

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой. Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм.

Хэрвээ та 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Үүнээс гадна энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэх юм. Ингэхдээ иргэд эхлээд харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Мөн анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болно.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзанданг байнгын хорооны даргаар сонгов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн
байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн, 93.2 хувийн
саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын
хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны
даргаас чөлөөлөгдөж байна.

Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан
гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан.
Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхитэй ажиллах болно” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд
нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцны зээлийг үргэлжлүүлэх хуулийг өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.

Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон дээрх хоёр хууль дахин шинээр батлагдсан тохиолдолд Орон сууцны зээл үргэлжилэн олгогдох эрхзүйн орчин бий болох юм. Мөн албаныхан “Орон сууцны зээлийг дахин олгох тохиолдолд өмнө нь найман хувь байсан зээлийн хүүг таван хувь болгон бууруулах, орон сууцны зай хэмжээ 80 метр квадрат хязгаарлагдахгүй” гэж мэдэгдээд байгаа билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Галзуу хурд-8 ирэх оны хавар нээлтээ хийнэ

Жүжигчин Vin Diesel “Галзуу хурд 8” кино хэзээ нээлтээ хийх талаар өнгөрсөн мэдээлж байсан. Тэгвэл “Галзуу хурд” хэмээх цувралуудаараа нилээд амжилт олсон кино багийнхан дараагийн цувралаа бүтээх ажилд “Universal pictures”-ийнхэн аль хэдийн оржээ. Шүтэн бишрэгчид нь киноны уран бүтээлчид ажилдаа орсон гэдгийг сонссон цагаасаа эхлэн дараагийн цувралыг амьсгаа даран хүлээж байгаа гэнэ. Тус цувралын гол дүр, Холливуудын од Vin Diesel “Би та бүхэнд киноны нээлтийн өдрийг хэлэхдээ таатай байна! Галзуу хурд 8 кино 2017 оны 4-р сарын 14-нд нээлтээ хийнэ” гэжээ. “Галзуу хурд 7” кино дотоодын зах зээлээс 300 сая долларын ашиг олсон бөгөөд олон улсын зах зээлээс олсон орлого нь 1 тэрбум доллар давсан байна. Энэхүү үзүүлэлтээрээ уг кино нь бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг болоод байгаа ба дараагийн цуврал нь хэрхэн тэсрэлт хийхийг бид хүлээх л үлдлээ.