Categories
мэдээ нийгэм

Япон руу зорчих олон удаагийн виз өгнө гэв

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Энэ шийдвэр нь 2016 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Нэг удаа зорчиход 15 хоног хүртэл хугацаатай байх ба үндэсний энгийн пасспорт эзэмшигчдэд хамаарна. Ийнхүү Япон улс руу чөлөөтэй зорчих болсноор Монгол жуулчдын тоо нэмэгдэх, худалдааны урсгал сайжрах цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Элгийг хоргүйжүүлэхэд хүрэн манжин, улаан лууван тустай

-АГААРЫН БОХИРДОЛ ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Монголчуудын дунд элэгний өвчлөл их байдаг. Иймээс элгээ хамгаалах энгийн аргын талаар “Шагдарсүрэн” эмнэлгийн их эмч Ш.Түвшинтөгсөөс тодрууллаа.

Манайхны дунд элэгний өвчлөл хамгийн их байдаг. Элгээ цэвэрлэх ямар энгийн арга байдаг вэ?

-Маш товчхоноор хэлэхэд элгийг цэвэрхэн байлгах ганц арга бий. Энэ нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.

Яаж шалтгаалах вэ?

-Хувь өөрөө зөв бодолтой, амьдралын зөв хэв маягтай, эрүүл хооллобол элэг нь эрүүл байна шүү дээ. Гэтэл манайхан өөх тос ихтэй хоол иднэ, дээрээс нь архи дарс ууна. Бас бохирдол ихтэй агаараар амьсгалж байна. Ингэхээр элэг хордоно шүү дээ. Элэг гэдэг эрхтэн хүний сөрөг бодол, идсэн хоол, амьсгалсан агаар гээд бүхнийг шүүж байдаг. Элгэнд холбогдохгүй юм гэж байхгүй.

Тухайлбал яаж холбогдох вэ?

-Элэг амардаггүй эрхтэн. Хүн унтах үед элэг, зүрх хоёр амардаггүй. Энэ хоёр эрхтэн 24 цагийн турш бидний төлөө тасралтгүй ажилладаг. Бидний идсэн болох болохгүй хоол, авто машины болон нүүрсний утаа гээд хүний орчин дахь бүхий л хорыг, бас хэн нэгэнд гомдсон юм уу бухимдсан тэр болгоныг цэвэрлэж байдаг.

Тэгээд яаж элгээ хамгаалах вэ?

-Хүн 21, 22 цаг гээд биологийн цагтаа унтаад өглөө эрт босох хэрэгтэй. Эрт босох олон ач холбогдолтой. Юуны өмнө бүхнийг эергээр төлөвлөж чадна. Гэтэл манайхан шөнө 1, 2 цаг гэж унтаад л өглөө цагийг нь тулгаж босч, дутуу цайлаад ажил, сургууль руугаа санд мэнд гүйдэг.

Мөн энэ муухай утааны хажуугаар тамхи татна. Орой ажлаа тараад стрессээ тайлах гэж архи дарс хэтрүүлж хэрэглэн элгээ сүйтгээд байна. Япон, солонгосууд адилхан л орой ууж иддэг. Гэлээ гээд элэг нь манайхных шиг амархан мууддаггүй. Учир нь хүний элгэнд архины хорыг шүүдэг Пи-53 гэж уураг байдаг. Харин монгол хүний элэг энэ уургийг их бага ялгаруулдаг. Насанд хүрсэн монгол хүний нэг удаагийн архины хэрэглээ 50 грамм спирт. Үүнийг 12-14 цаг тасралтгүй ажиллаж байж бүрэн хоргүйжүүлнэ. Тэгэхэд манайхан 200-300 граммаар нь уудаг. Дээрээс нь 5-6 шилээр нь шар айраг хэрэглэнэ. Тэр хорыг нь хоргүйжүүлэх гэж элэг өчнөөн өдөр ажиллахад хүрдэг. Уг нь шар айрагны нэг удаагийн стандарт хэмжээ 230 мл. Хариад унтахаасаа өмнө баахан идчихээд зурагтын удирдлагаа бариад хэвтчихдэг нь элгэндээ хэт ачаалал өгч ядраадаг.

Ингэхэд ямар хүнс хэрэглэвэл элгэнд тустай бол?

-Манай монголчуудыг буруу хооллодог, муу хооллолттой гэж зарим хүн хэлдэг л юм. Харин миний бодлоор монголчууд зөв хооллолтын агуу уламжлалтай ард түмэн. Орчин цагт хөдөө орон нутгийнхан болон хот суурин газрынхны амьдралын орчин ялгаатай тул хооллолт эрс өөр байх ёстой.

Ялангуяа суурин газрынхан өвөл зунгүй мах идээд, хөдөлгөөн багатай байж болохгүй. Амархан шингэх хөнгөн хоол идэх учиртай. Хүнд хоол идсэн бол заавал шингээж байж унтах ёстой. Эх орны хөрсөнд ургасан жимс, ногоог ахиухан хэрэглэмээр байна. Түргэн хоол, бэлэн гоймон, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өнгө будаг орсон шүүсүүд элгэнд тааруухан шүү. Ингэхэд элгэнд буцалсан ус хамгийн сайн. Хоолноос гадна элгэнд агаарын бохирдол муугаар нөлөөлж байна.

Агаарын бохирдол элгийг яаж муутгадаг юм бэ?

-Агаарын бохирдлыг уушги цэвэрлэдэг гээд байгаа. Үнэндээ тийм биш. Тамхи татлаа гэхэд уушгинаас илүү элэг, ходоод хорддог. Долоо, найман жилийн өмнө 50, 60 гарсан хүмүүс л хавдар болоод ирдэг байлаа. Харин одоо 40 хэдтэй хүмүүс хавдартай гээд ирэх болж. Элэгний хавдар, циррозын өвчлөл залуужиж байгаа нь улам олон хүн өвдөж байна гэсэн үг. Анзаарахад монгол хүний дундаж наслалт 50 хэд л болчихож. Эр, эмгүй 50 гараад л бурхан болоод байна шүү дээ. Монгол хүний элэг мөн В, С вирус, эмийг замбараагүй хэрэглэж буйгаас болоод гэмтэх боллоо. Ямар ч эм уусан хорыг нь элэг шүүдэг. Даралт, зүрхний эм зэргийг удаан хугацаанд уухдаа элгээ давхар хамгаалмаар байна. Ядаж л Лив-52 давхар хэрэглэж болно. Элгээ зөнд нь хаяж огт болохгүй.

Элгээ тодорхой давтамжтайгаар угааж цэвэрлэнэ гэхийн оронд зөв амьдрах дадалтай болох нь чухал юм байна, тийм үү?

-Элгийг угааж цэвэрлэнэ гэх юм. Энэ буруу хэллэг. Үүний оронд элгийг хоргүйжүүлнэ гэвэл хэллэгийн хувьд зөв. Элгийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин, улаан лууван. Шүүсийг нь ууж болно. Хүрэн манжинг жигнэх юм уу, чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэртэй хольж ууж болох юм.

Эрүүл амьдрахад шаардлагатай юмс бидний хажууд л байгаад байна. Манайхан л анзаарахгүй байгаа болохоос. Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй. Үүний оронд хүрэн манжин 2000-3000 төгрөг гээд гадуур зөндөө байна шүү дээ.

-ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-

Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлээрэй. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай.

-УЛААН ЛУУВАНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-

Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно.

Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн.

Бэлтгэсэн О.НЯМСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

М.Сономпилыг байнгын хорооны даргаар сонгов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс М.Сономпил гишүүнийг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь УИХ-ын гишүүн М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 81.2 хувийн саналаар М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгов.

Categories
мэдээ спорт

Бадминтоны сонирхогчид аваргаа шалгаруулна

Бадминтоны сонирхогчдын УАШТ энэ сарын 20-22-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн “А” зааланд болох юм байна. Тав дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээн нь агаарын теннисний спортыг хөгжүүлэх, энэ спортоор хичээллэгчдийн чансааг тогтоох, тэдний ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой бөгөөд Монголын бадминтоны холбоо эл спортыг насны хязгааргүйгээр хүссэн хүн болгон тоглож болдог болохоор Монголд улам түгээн дэлгэрүүлж, бүх нийтээрээ тоглодог спортын төрөл болгохоор зорьж ажиллаж байгаа аж.

Тэмцээн анхан шат, сонирхогчийн гэсэн хоёр ангиллаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд аваргаа шалгаруулах юм байна. Бадминтоны спортыг дэмжигч байгууллага, хамт олон, сонирхогчдыг энэ удаагийн тэмцээнд өргөнөөр оролцохыг МБХ-ноос уриалжээ.

Categories
гадаад мэдээ

Жакартад дэлбэрэлт болж, буун дуу гарсаар байна

Индонезийн нийслэл Жакартад хэд хэдэн цуврал дэлбэрэлт болсны дараагаар үргэлжлээд буудалцаан гарч эхэлжээ. Тодруулбал тус улсын цагдаагийн албан хаагч нар дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдүүдийг саатуулах гэсэн боловч өөдөөс нь гал нээн, эсэргүүцэл үзүүлжээ. Тус халдлага Индонезийн Ерөнхийлөгчийн ордон, тус орон дахь Нэгдсэн үндэсний байгууллагын байрны салбар болон худалдааны төв гудамжны ойролцоо буюу хөл хөдөлгөөн ихтэй газарт болсон учраас халдага, дэлбэрэлтийн улмаас одоогоор дөрвөн хүн нас бараад байна. Түүнчлэн зуу зуун цагдаагийн албан хаагч, мэргэн буучид халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчлахаар тусгай ажиллагаа явуулж байна. Дараа дараагийн дэлбэрэлтүүд гарч болзошгүй учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаа нар анхаарууллаа.

Нэгдсэн үндэстний байгууллагын ажилтан Жерими Дуглас “Манай ажлын байрнаас 150 орчим метрийн зайд анхны дэлбэрэлт болсон. Тухайн үед өдрийн цайндаа гарах гээд явж байсан ч дэлбэрэлт болуут буцаад байгууллага руугаа орсон. Төд удалгүй хоёр дахь, гурав дахь, дөрөв дэхь, тав дахь, зургаа дахь дэлбэрэлтийн чимээ сонсогдсон. Яг одоогоор гадаа буудалцааны дуу сонсдож байна” гэжээ. Ээлж дараалсан дэлбэрэлтүүдийн нэг нь тус хотын “Starbucks” кафед болсон гэдгийг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хэлжээ. Одоогоор энэхүү халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсныг хэлэхэд эрт байна гэдгийг Индонезийн цагдаагийн албаныхан хэлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Дагиймаа: МҮОНТ олон нийтийн нэрээр хувийн хэвшлийг дээрэмдэхээ зогсоо

МҮОНТ мэдээллийн төрөлжсөн “Монголын мэдээ” сувгаа өчигдөр нээв. Энэ үйл явдалтай холбогдуулан ойрын үед сошиалд нэлээд хэл ам дагуулсан мэдээлэл тархаж, олон нийтийн телевизийг “Дээрэмчин телевиз” гэж тодотголоо. Чухам яагаад дээрэмчин гэснийг тайлбарлавал МҮОНТ өөрийн веб хуудас болон цахим хуудсаараа, мөн эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансарын11 дүгээр сувгаар “Монголын мэдээ” мэдээний суваг албан ёсоор цацагдахаар болсон тухай мэдээлэл тараасан юм. Гэтэл эдгээр кабелийн телевизүүдийн 11 дүгээр сувгууд нь эзэнтэй, хувийн хэвшлийн телевизүүд олон жилийн өмнөөс гэрээ хийж өөрийн болгосон байжээ. Channel 11, VTV, TV5, C1 телевизүүд уг сувгууд дээр байршдаг юм байна. Зарим нь байршаад арав гаруй жил болсон байжээ. Эдгээр телевизүүдэд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байхад МҮОНТ-ийн удирдлагын зүгээс “11 дүгээр суваг дээр “Монголын мэдээ”-г тааруулаарай” гэх мэдээллийг ард түмэнд тарааж байгаа нь ёс зүйгүй үйлдэл боллоо гэдгийг Монголын телевизүүдийн холбоо үзээд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүссэн юм. Дээрх кабелийн телевизүүдийн 11 дүгээр суваг дээр гардаг телевизүүд МҮОНТ-ийн энэ түрэмгийллийг эрс эсэргүүцсэн байр суурин дээр нэгдэж байгаа бөгөөд олон нийтийн телевиз монополь эрхээ далимдуулан хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн телевизүүдийн бизнест халдаж, төрөөр далайлган кабелийн суваг эрхлэгчидтэй харьцаж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт баримтлагдаж байгаа шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулж болзошгүй байгаа гэж үзэж байгаа юм. Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Дагиймаатай уулзаж болж буй үйл явдлын талаар тодрууллаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн долдугаар сард зарласан сонгон шалгаруулалтад МҮОНТ тэнцэж ийнхүү кабелийн сувгуудын 11 дүгээр сувгаар “Монголын мэдээ”-г цацахаар болж байгаа гэх юм. Тэр нь ямар сонгон шалгаруулалт байсан юм бэ?

-Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр тендер зарласан. Нэг нь одоо огт задраагүй тендер байгаа. Энэ бол МҮОНТ-ийн яриад байгаа Өргөн нэвтрүүлгийн телевизийн тендер. Энэ тендерийн материалыг телевизүүд өгсөн. Тендерийн материал одоогоор задраагүй байгаа. Хэн тендерт ялсан бэ гэдэг нь тодорхой бус байна. Тэгэхээр энэ тендерт МҮОНТ-ийн хоёрдугаар суваг ялсан гэдэг ойлголт байхгүй. Өргөн нэвтрүүлгийн нөхцөл шаардлага гэдэг шинэ журмыг баталсан, Харилцаа холбооны зохицуулах хороо. Тэр шаардлагаар өргөн нэвтрүүлгийн телевизүүд яаж хөдөө орон нутагт гардаг вэ гэдэг нөхцөл шаардлагаа тавьсан. Тэр дагуу маш олон телевиз тендерийнхээ материалыг бүрдүүлээд өгчихсөн. Материалаа авчихсан, одоо үнэлгээ хийгдэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны Б.Балгансүрэн даргын хэлснээр орон даяар гарах нийт сувгуудын тоо энэ сард тодорхой болно. Тус хороо тендерээ задлаагүй байхад МҮОНТ шалгарсан гэж ярих нь өөрөө хууль бус асуудал. Үнэхээр шалгарсан бол энэ тендер юу болов гэдгийг Б.Балгансүрэн тайлбарлах шаардлагатай болно. Гэвч тус хороон дээр ийм асуудал гараагүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны Б.Балгансүрэн, бид нар Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан. Тэр үеэр энэ нэгдүгээр сард Харилцаа холбооны зохицуулах хорооны Зөвлөл хуралдаад тендерийн ялагч хэн болохыг тодруулна гэж байсан. Тэгэхээр би энэ мэдээллийг, МҮОНТ-ийн удирдлагын сошиалд тавьж буй мэдээллүүд хууль бус, хамгийн худлаа, тендер нь шалгараагүй байхад ийм том телевизийн дарга ийм худлаа мэдээлэл цацах нь өөрөө буруу гэж бодож байна.

-МҮОНТ-ийнхний мэдээлж байснаар үзвэл өнөөдөр Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансарын 11 дүгээр сувгаар тус телевизийн “Монголын мэдээ” суваг цацагдах байлаа л даа. Гэтэл тэгсэнгүй. Хуучнаараа л, гардаг байсан телевизүүд нь нэвтрүүлгээ хүргэж байна?

-Би ингэж бодсон. МҮОНТ-д чинь би өөрөө долоон жил ажилласан. Намайг ажиллахад төрийн телевиз байсан. Одоо нэр нь олон нийтийн телевиз болсон. Гэхдээ төрийн гэдэг нэр, халхавчаа одоо болтол авч чадахгүй байгаа юм уу даа гэсэн харамсал төрсөн. Шинэ жилийн босгон дээр, МNB2 гэдэг суваг 11 гэдэг сувгийн тохиргоогоо хийгээрэй гэж үзэгчдийг уриалсан. Энэ ямар асуудал үүсгэсэн юм бэ гэвэл, энэ 11 гэдэг суваг дээр өнөөдөр хувийн хэвшлийн дөрвөн телевиз байрлаж байгаа. Эдгээр телевизүүд 11 гэдэг энэ байршил дээрээ дээд тал нь 13 жил, зарим нь гурван жил, хамгийн бага нь VTV телевиз зургаан сар болж байгаа юм байна. Хамгийн отгон нь өнөөдөр (өчигдөр) Төрийн соёрхолт Д.Болд Channel 11 сувгаа 11 дээр нээж байна. ДиДиЭш-тэй гэрээ хийгээд, мөнгөө өгөөд сувгаа авчихсан байхад өнөөдөр МҮОНТ хүний хувийн бизнес рүү халдаад кабелийн телевизүүдтэй яриагүй мөртлөө ярьсан юм шиг хууль бус сурталчилгаа явуулаад Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансар кабелийн сувгуудаас гадна дөрвөн телевиз, нийт найман байгууллагын бизнес рүү халдлаа гэж харж байна. Бид дээрх сувгийн захирлуудтай уулзаж яриа хийсэн. МҮОНТ-тэй хийсэн тийм яриа хэлцэл ерөөсөө болоогүй юм билээ. Тийм хэлцэл хэзээ ч байхгүй. Яагаад гэвэл энэ бол бизнесийн зарчим. МҮОНТ хүсэлт тавьсан уу гэвэл тавьсан. Тэр хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлчихсэн байхад зориудаар реклам цацаж явуулсан нь бүх байгууллагын нэр хүндэд халдлаа. Эцсийн мөчид яах вэ, би МҮОНТ учраас Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөрөө, УИХ-ын даргаараа хэлүүлж байгаад энэ бизнесийг чинь нам дараад орж ирнэ гэдэг зорилго байсан байх гэж бодсон. Гэхдээ үүн дээр хувийн хэвшлийнхэн нэгдчихсэн болохоор тэртэй тэргүй хувийн бизнес рүү халдах эрх МҮОНТ-д байсангүй.

Дараа нь ингэсэн. МҮОНТ сувгаа 11 дүгээр суваг дээр тааруулаарай гэсэн. Тийм тохиргоо хийх техникийн боломж Монголд байхгүй. Би МҮОНТ-ийн даргыг техникийн инженерүүдээсээ асуугаач ээ, техникийн мэдлэгээ сайжруулаач ээ гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл бид тоон системд шилжсэн. Бид аналоги системээр яваагүй. Өнөөдөр МҮОНТ ганцаараа тоон системгүй телевиз байхгүй юу. Тэгэхээр хуучных шигээ цацаж байгаа мэт ойлгоод ард түмэнд “Тохиргоогоо хий” гэж уриалсан. Тоон бокс тавьчихсан айлууд тэгж тохиргоо хийх боломж байхгүй. Монгол Улс тоон системд шилжсэн гэдгээ дэлхийд зарлачихсан. Айлууд тоон боксоо тавьчихсан. Танайх Юнивишнтэй байлаа гэхэд, та тэрнийхээ 11 дүгээр суваг дээр “Монголын мэдээ”-г тохируулах боломжгүй. Үүнийг өнөөдөр МҮОНТ-ийнхэн ойлгохгүй байна гэдэг өөрөө гайхамшигтай бөгөөд гайхалтай.

-11 дүгээр суваг дээр олон жил байршсан телевизүүдийг үзэгчид андахгүй. Хэрвээ үнэхээр МҮОНТ 11 дүгээр суваг дээр орж ирвэл өмнө нь байсан дөрвөн телевиз бүр хойшлоод хойгуурх суваг дээр гарна гэсэн үг үү. Аливаа телевизүүдийн хувьд аль болох урагшаа суваг дээр байх нь нэр төрийн хэрэг байдаг биз дээ?

-Үүнийг сонин хэвлэл дээр жишээ авч ярья л даа. “Өдрийн сонин” хэвлэл мэдээллийн салбарт олон жил мундаг явчихлаа. Олон жил тэргүүлэгч байсан танай сониныг гэнэт тэргүүлэгч биш болгоод Засгийн газар юм уу, ямар нэг төрийн байгууллагаас гаргаж байгаа сониныг танай урд орууллаа гэж бодъё. Захиалгаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа эрэмбийг чинь шууд гурав юм уу, дөрөв рүү авааччихлаа. Тэгээд төрийн сониноо нэгд аваачна гэвэл та нарт шударга харагдах уу. “Өдрийн сонин” захиалгаараа бусдаасаа тасарчихсан явж байхад танай бизнес рүү халдаад “Чи ерөөсөө тавдугаар байр руу орчих оо. Танай урд төрийн мэдээлэл, олон нийтийн мэдээллийн сонин нэгдүгээрт байх ёстой” гэвэл яах вэ.

11 дүгээр суваг гэдгийг өөрсдөө бодож байгаад л, мөрөөдөж байгаад л тавьчихсан юм билээ. Олон нийтийн телевизийн хууль батлагдсаны 11 жилийн ойд зориулж ийм тоо гаргаж ирсэн. 11 жилийн өмнө уг хууль батлагдсан. Энэ ойныхоо бэлгэдэлд тохируулаад 11 гэдэг сувгийг дээрэмдье гэж бодсон юм байна. Энэ бол зүүд, мөрөөдөл нь байж болно. Гэхдээ энэ Монголын чөлөөт хэвлэлийн зах зээлд бол дээрэм. Төрийн дээрэм. Би шударга л хэлнэ, энэ бол төрийн дээрэм. Эрх баригчидтай холбоотой байсан уу, байсан. 11 дээр очъё гээд байгаа суваг дээр Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Гүйцэтгэх захирлаар аваачиж тавьсан. Энэ төрийн дээрэм мөн үү. Мөн. ОНРТ-ийн тухай хууль байна. 11 жилийн ой нь тохиож байгаа энэ хууль нь миний ширээн дээр байна л даа. Энэ хуульд олон нийтийн телевизийн дарга нарыг сонгон шалгаруулна гээд заачихсан байна. Намгүй, улс төргүй, хараат бус, тэр тусмаа ТВ-д ажиллаж байгаа Дагиймаа энэ сонгон шалгаруулалтад орж болохгүй гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Гэтэл бид орж болохгүй байхад яагаад төрийн ордонд, намын байранд байсан хүмүүс оччихсон юм бэ. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалт нь шударга бус болсон. Эд нар 2016 оныхоо сонгуульд бэлдээд дээрэм хийж байна. Дээрмээ зогсоо. Дээрмээ зогсоо гэдэг шаардлагаа бид тавьсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар байдаг. Тэр газар монополь байгууллагын тэр байдлыг задлах гэж байдаг. Гэтэл МҮОНТ ард иргэдээс хураамж авна. Тэгээд дээр нь төсвөөс татаас авдаг. Тэгсэн мөртлөө тоон системд шилждэггүй. Иргэд хүртэл ярьдаг, хүн үзчихээр нэвтрүүлэг хийдэггүй гэж. Үүн дээрээ нэмээд хоёр дахь сувгаа нээлээ. Тэр сувгаа зүгээр ч нээчихсэнгүй. VTV гээд дуу хөгжим, бүжиг, залуучуудад зориулсан энтертайнментийн сайхан сувгийг байхгүй болгоод, тэнд байгаа С1 гэдэг сувгийг бас байхгүй болгох гэсэн ийм дээрэм хийнэ гэдэг ёсзүйн хувьд байж болохгүй асуудал. VTV телевизийн үүсгэн байгуулагч Хосоо бичсэн байна лээ. “Би таван хүүхэдтэй, арав гаруй жил энэ салбарт зүтгэлээ. Арай гэж телевиз нээж байхад чи яагаад намайг дээрэмдэж байгаа юм бэ” гэсэн. Шударга л байх ёстой шүү дээ. Гэтэл МҮОНТ-ийн өнөөдрийн дарга хэзээ ч телевиз нээж үзээгүй л байхгүй юу. Өөрөө телевиз нээж, бизнес хийж, санхүүжүүлж үзээгүй. Намын бэлэн юман дээр очиж, бэлэн төсөв дээр очиж зарцуулж байсан учраас түүнд хүндрэл гэж алга. Хүний мөнгийг тарааж амьдардаг хүнд чинь зовлон гэж байхгүй.

Хувийн хэвшлийн сонин, телевизүүд өөрсдөө гүйж орлогоо олж, зарлагаа гаргаж явдаг учир зовлонгоо мэднэ. Тэгэхээр хүний гал тогоонд, хүний бизнес, хүний хоол руу, хүний тавагтай хоол руу битгий өнгий. Өөрийнхөө ширээг аятайхан засаад, байгаа мөнгөөрөө байгаа хэмжээндээ хөлөө жийгээд амьдар гэж тэдэнд зөвлөмөөр байна. Энэ байдал удаан үргэлжилбэл болохгүй ээ. Үндсэн хуульд төр өөрөө ард түмнээ мэдээллээр хангах үүрэгтэй гэж заачихсан байдаг. Тэгтэл төрд хэвлэл мэдээллийн байгууллага байж болохгүй гээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиараа заагаад өгчихсөн. Тэгвэл мэдээллээр хангах үүргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэн хийсэн бэ гэвэл дандаа чөлөөт хэвлэл, телевизүүд. Тэд л хийж ирсэн юм. Бид үүнийг хийсээр ирсэн байхад одоо биднийг нухчин дарах, хувийн бизнес рүү халдах оролдлогыг хийх нь буруу. Та бүхэн ч гэсэн анзаарч байгаа биз дээ. Яавал хэвлэл мэдээллийг хаах уу, боох уу гэдэг. Тийм систем яваад байгаа биз. Бид зүгээр сууж байгаад сувгаа төрд дээрэмдүүлчих гээд байна. Зүгээр сууж байтал амьдарч байгаа байшинг маань авчихаж магадгүй юм байна. Ер нь бодоод байсан чинь энэ газар чинь төрийнх юм байна билээ ш дээ гээд л орж ирж мэдэхээр байна. Төрийн энэ дээрмийг бид удаан тэвчихгүй. МҮОНТ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга худлаа мэдээлэл битгий тараа, хуулиа барь. ОНРТ-ийн тухай хуулиа унш. Өргөн нэвтрүүлгийн телевизийн шаардлага гэдгээ ч унш. Энэ эмэгтэйн хэлж байгаагаар тендер задарчихсан бол Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө хуулийн байгууллагад дуудагдах асуудал үүснэ.

-Сүүлийн өдрүүдэд үзэгчид болоод олон нийтийн сэтгэгдлийг харж байхад ямар сэтгэгдэл төрж байна?

-Оюу толгойн уурхайг барихын тулд бүх татварыг хөнгөлж байж гадаадын хөрөнгө оруулалттай Оюу толгой компанийг Монгол Улс байгуулж байна. Хэдэн ч жил улстөржив. Гэтэл тоон системд шилжинэ гэдэг зорилгыг Монгол Улс тавьчихсан. Тоон системд шилжих ерөнхий суурийг нь улс хийсэн. Харин уг систем шилжих бүх технологио телевизүүд ямар ч татварын хөнгөлөлтгүйгээр хийгээд дуусгаж байна. Улсаас бид нэг ч төгрөгийн татаас авсангүй. Бид Монгол Улсын иргэн мөртлөө гааль, татварын ямар ч хөнгөлөлт үзсэнгүй. Тэгтэл Монгол Улсын төсвөөс гурван тэрбум төгрөг авдаг телевиз тоон системд шилжиж чадахгүй байна. Тэр ачааллаа дийлэхгүй байна, хүмүүсээ тэжээж дийлэхгүй байна гээд сая арваннэгдүгээр сард манай төсвийг битгий хасаач гэж гүйгээд байсан телевиз хоёр дахь сувгаа нээгээд төсвөө даах юм уу. Тэр тусмаа мэдээллийн суваг мөнгө олдоггүй. Хуулиараа мэдээллийн суваг реклам цацах эрхгүй. Бүр нарийн ярих бол МҮОНТ ОНРТ-ийн тухай хуулиараа хүүхдийн нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан реклам, спортын нэвтрүүлэг дунд спортын реклам цацах заалттай. Гэтэл спортын нэвтрүүлгийн дундуур “Хаан” банкны реклам явуулдаг. Хүүхдийн нэвтрүүлгийн дундуур “Төрийн банк”-ны реклам явуулдаг. Энэ нь яаж байна вэ гэхээр чөлөөт өрсөлдөж байгаа сонин, телевизээс хулгай хийж байгаа үйлдэл юм. Тэр дээрмийг нь бид өршөөгөөд л яваад байлаа ш дээ. За, яахав мөнгөгүй бол уучилъя гээд. Гэтэл өнөөдөр бүр тэрийгээ байгаад суваг дээрэмдэх хэмжээнд орж ирнэ гэдэг чинь маргааш гэрт минь орж ирээд гэрийг минь авах байх юм байна гэсэн үг үү. Бүр үгүй бол телевизийг нь барилгатай нь авах гээд байгаа юм уу, хаашаа юм.

-Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрүүд, тэр дундаа “Цагийн хүрд”-ийг үзэгчдийн 90 гаруй хувь нь үздэг гэсэн байх юм. Тийм болохоор ийнхүү “Монголын мэдээ” сувгаа нээж байгаа гэсэн яриа байна лээ?

-Та “Цагийн хүрд” үздэг үү.

-Үздэг.

-Үзэхээр ямар байдаг вэ. Тэнцвэртэй юу, тэнцвэргүй юу. “Цагийн хүрд” мэдээллийн брэнд нэвтрүүлэг мөн үү, мөн. Хүн үздэг үү. Монголд өргөн нэвтрүүлгийн 16 телевиз байхад нийт үзэгчийн 90 гаруй хувь нь “Цагийн хүрд”-ийг үзэх ямар ч боломжгүй юм. “Максима”-гийн судалгаагаар гаргасан трэнд 10 топ мэдээллийн хөтөлбөр байдаг. Тэднийг хувилаад, хувиар нь гаргачихсан байдаг. Тэрэн дунд 90 гаруй хувьтай телевиз байхгүй. Бид ямар нэг судалгаатай ярих ёстой. Мэдээж өөрийнх нь брэнд нэвтрүүлэг юм чинь түүнийгээ сайжруулъя гэж бодож болно. Тэгж бодоод хоёрдугаар сувгаа нээж болно шүү дээ. Тэр нь олон нийтийн телевизэд чөлөөтэй. Гэхдээ үнэхээр л тэр хөтөлбөрийг нь хүн үздэг юм бол Юнивишний 50 дугаар сувгаар гарга л даа. Тэндээ гаргаад тэр 90 гаруй хувьдаа үзүүлэг л дээ. Хэн байг гэсэн юм. Үзэхгүй байгаа болохоор л 11 дүгээр суваг руу орж ирж байгаа байхгүй юу.

Үзэх байсан бол 50 дугаар суваг дээр байсан ч үзнэ ш дээ. Яагаад 11 рүү, ТВ5 руу орж ирж байгаа юм бэ. ТВ5-ын үзэгчийг булаахын тулд. С1-ийг хүн үздэг болохоор байршиж байгаа суваг руу нь дайраад байгаа юм. С1-ийн суваг дээр гарвал “Цензургүй яриа” нэвтрүүлэг, Б.Мөнхбаясгалангийн үзэгчид ороод ирнэ гэж бодоод байна. Үнэхээр тэр хөтөлбөрийг хүн үздэг бол 60 дээр байсан ч үздэг. Яагаад 11 рүү дайрч, чичрээд байгаа юм. Үүнийг ямар ч сэтгүүлч ойлгоод байхад МҮОНТ Монголын үзэгчдийг энэ мэтийг мэдэхгүй байх гэж бодоод байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жаргалсайхан: Зам тээврийн сайд М.Зоригт “Туркиш Эйрлайнс”-ийн гэрээнд гарын үсэг зур гэсэн шахалт үзүүлсэн

-Үүнийг тогтоож шалгадаг байгууллагад нь хүсэлт гаргаад үнэн мөнийг олох хэрэгтэй гэж үзсэн-

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээв-рийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Мөн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь олон нийтэд ил болж байв. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан салбарын сайдаа АТГ-т өгсөн нь “Туркиш Эйрлайнс”-ийн тухай болон сайд албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлэх заавар өгсөн гэх зэрэг асуудлаар АТГ-т хандсан байна. Үүний дараахан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлаасаа халагдсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Салбарынхаа сайдыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэж сонслоо.Түүнийг шалгуулах болсон нь таны ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой юу?

-Авлигатай тэмцэх газарт тодорхой хоёр асуудлыг шалгаж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасан. энэ бол миний ажлаа өгснөөс болж гаргаж байгаа эсвэл хувийн асуудалтай холбоотой атг гаргасан хүсэлт биш юм. Энэ тухай ярихаасаа өмнө би олон нийтэд тодорхой ойлголт өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Ер нь авиа компанийн онцлогийн талаар олон нийт төдийгүй манай МИАТ-ийн 600 гаруй ажилчдын дунд нарийн ширийн зүйлийн талаар мэдээлэл муутай явдаг тал ажиглагддаг. Агаарын харилцааны хэлэлцээрийг тухайн орон газар зүй, эдийн засгийн чадамж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, харилцан адилгүй байгуулдаг бөгөөд тэр дотор тээвэрлэлтийн эрх шугам, үнэ тариф багтаамж гээд олон цогц асуудлыг агуулсан байдаг. Агаарын тээврийн компаниуд өргөжөөд, үйл ажиллагаа нь тэлээд ирэхээр олон улсын нийтлэг асуудал болж ирсэн. Үүнээс улбаалаад улс хоорондын агаарын тээврийн харилцааг зохицуулах нөгөө талаасаа үндэсний агаарын тээврийн авиа компаниудаа гадны тэнцвэргүй, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг улс орон байгуулдаг болсон. 2015 оны байдлаар манай улс 36 улс оронтой агаарын зайн хэлэлцээртэй байна. Үүнээс арван оронтой хийсэн хэлэлцээр нь хэрэгжээд явж байгаа. Герман, Орос, Хятад, БНСУ, Япон, Сингапур, Турк, Франц, Тайланд гэх мэт. Манай улс зорчигч урсгал, зах зээл дээр дурдсан улсын авиа компаниудтай харьцуулахад жижигхэн. Гадаадын зарим орон агаарын тээвэрлэгч компаниа улс орны эдийн засаг, стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлдог. Нэг үгээр хэлбэл ард түмний өмч гэж үздэг. Жишээлбэл, Булангийн гурван орон гэж ярьдаг Ойрхи Дорнодын Эмират, Катарын агаарын тээврийн компаниуд маш хүчтэй орж ирж байна шүү дээ. Тэд маш их хүчирхэгжиж байна. Дээр нь “Туркиш Эйрлайнс” гэж байна. Энэ авиа компани бол маш хүчтэй.

-Тэд яагаад ийм хүчирхэгжиж байгаа хэрэг вэ?

-Энэ авиа компаниуд бол Засгийн газраасаа эдийн засгийн бөгөөд эрх зүйн маш их хүчтэй дэмжлэг авдаг. Тэгж байж авиа компаниуд явдаг. Гэтэл манай улс тийм биш. Монгол Улсад үндэсний агаарын тээвэрлэгч компани гэж байх ёстой юм уу, үгүй юу гэдгээ өнөөдөр тавих, ярих ёстой. Хэрэв үндэсний авиа компанитай байх ёстой юм бол яаж байлгах юм. Байхгүй юм бол дуртай агаарын тээвэрлэгч компаниуд орж ирнэ.Тэднийг ямар хэлэлцээртэй байлгах вэ гээд олон асуудал гарч ирнэ. Мэдээж гадаадын авиа компаниуд ороод ирчих юм бол МИАТ шахагдана. Манай авиа компаниуд гадаадын авиа компаниудыг яагаад ч дийлэхгүй. Энэ шударга бус өрсөлдөөнд шахагдвал хоёр жилийн дараа МИАТ алга болно. Үүнийг л МИАТ компанийнхан яам, тамгын газарт тавьдаг юм. Түүнээс би энэ асуудлыг өөрийнхөө эрх ашгийн төлөө тавиагүй юм. Монгол Улс “чөдрийн ганц морь”-ноосоо салах юм уу , үгүй юм уу. “Чөдрийн ганц” мориноосоо салах юм бол “Туркиш Эйрлайнс” гэх мэт томоохон авиа компаниудыг оруулж ирж болно.

-“Туркиш Эйрлайнс” -тай холбоотой асуудал яригддаг. Хэрэв ийм компаниуд орж ирвэл яах вэ. Хор аюул нь юундаа юм бэ. Мэдээж манай улс бага хүн амтай, зах зээл нь жижигхэн учраас зах зээлээ алдана. Өөр зүйлс байна уу?

-Монгол Улс хоёр их гүрний дунд байна. Зөндөө олон сөрөг тал бий. Би Японд болсон цунамигаас ганцхан жишээ авъя л даа. Цунами болсон газар монголчууд байсан. Тэднийг авах тусгай үүргийн нислэг хийх болов. Гэтэл түрээсийн онгоцны эзэд нь “Явж болно, гэхдээ нислэгийн хувиараараа л яв” гэсэн. Тэгээд өөр онгоцоор явж авчирч байсан. Энэ мэтээр юу ч тохиолдож болно. Өөрийн юм өргүй гэдэг. Үндэсний авиа компанигүй болчихвол сөрөг талыг нь энэ мэт олон өнцгөөс нь харж болно. Саяхан АНУ-ын хамгийн том таван авиа компанийн захирлууд зөвлөлдөж мэдэгдэл гаргасан. Тэд төрөөсөө бодлого нэхэж байна. Тухайлбал, Булангийн орнууд Эмират, Катар болон Турк, Хятадын хүчирхэг, хөрөнгөлөг авиа компаниудад түрэгдэж гарч ирж байна гээд төрийн зохицуулалт хүслээ. Энэ нь хэдийгээр АНУ хүчирхэг боловч энэ салбарыг хэт либеральчилж болохгүй нь, Үндэсний агаарын тээвэрлэгч байх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн хэрэг. Том гүрэн хүртэл үүнийгээ буцаж харах алхам хийж байна.

-Салбарын чинь сайд таныг “Туркиш Эйрлайнс”-ийн гэрээнд гарын үсэг зур гэж дарамталсан гэдэг үнэн үү?

– Зам тээврийн сайд М.Зоригт “Туркиш Эйрлайнс”-ийн гэрээнд гарын үсэг зур гэсэн шахалт үзүүлсэн. “Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Туркиш Эрлайнс” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Туркиш Эрлайнс”-ийнхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьсан. Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд хандсан.

-Гэрээнд гарын үсэг зурах асуудлаас болоод та ажлаа өгсөн юм уу?

-Яг ч үүнээс болоогүй. Үзэл бодлын зөрчилдөөн гарч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид “ингэнэ” гэхээр нөгөө талаас “ингэ” гээд байдаг. Тэр сайдын ч бас зөв байж болно. Үгэнд нь орохгүй байгаа хүнтэй ажиллахыг тэр сайд хүсэхгүй шүү дээ. Гэхдээ бид сайдын үгэнд нь орж байна гээд хүлцэнгүй байж болохгүй, юмаа алдаж болохгүй. Намайг чөлөөндөө гарчихаад зоригтой дуугарч байна гэж зарим хүн хэлж байгаа,үгүй байхгүй юу. Ажлаасаа яагаад гарсан бэ гэдгийг ойлгох нь ойлгоно. Ойлгохгүй нь ойлгохгүй. Хамгийн гол нь хувь хүнээс илүү үндэсний эрх ашиг гэж байх ёстой. Бид үндэснийхээ авиа компанийг болон ирээдүйгээ, өөрсдийн эрх ашгаа бодох хэрэгтэй. Бусдыг гарын үсэг зуруулахаар улайм цайм зүтгэж, шахаж болохгүй. Гарын үсэг зурчихвал яахав, Монгол Улсад ашигтай юу. МИАТ компанид үзүүлэх сөрөг нөлөө юу юм гээд олон талаас нь бодож харах ёстой. Энэ бол миний хувийн л бодол. Би ингэж бодсоноороо алдаж болно. Тэр сайдын зөв байж болно, би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас үүнийг тогтоож шалгадаг байгууллагад нь хүсэлт гаргаад үнэн мөнийг олох хэрэгтэй гэж үзсэн. Түрүүн хэлсэн тэр булангийн орнууд ямар аймаар бодлого явуулж байна. Америк сүүлдээ аргаа бараад энэ тухай ярьж эхэлж байна шүү дээ. Америк чинь том гүрэн шүү дээ. “Туркиш Эйрлайнс” ямар лобби явуулдаг билээ. “Туркиш Эйрлайнс”-ийн хувьд хэрхэн монопольчилж, ноёрхлоо тогтоон түрэмгийлдэг жишээ олоход тун амархан. МИАТ-ийн удирдлагыг өнөөдөр тэдэнтэй тохирчих гэж байгаа юм.1956 оноос хойш иргэний агаарын тээврийн компани анх үүсэж бий болоод олон жилийн туршлага түүхийг бий болгосон байна. Киргиз гэх мэт улсуудын толгойг эргүүлэх амархан байж болох юм.Олон жилийн түүхтэй мэргэжлийн багийнхны толгойг эргүүлэх тийм амар биш. Хамгийн гол нь төр засгийнхан яаруу түргэн шийдвэр бүү гаргаасай. Бодож тунгаагаасай. Гадны улс орнуудад алдсан зүйл байна, үүнийг олж хараасай л гэж байгаа юм.

-“Туркиш Эйрлайнс” –ийн тарифийн доод хязгаар яаж ирсэн юм бэ?

-Чиглэл чиглэлд янз янз. Гадаадын компаниуд ороод ирэх юм бол эхний хоёр жил тарифаа багасгачихна. Үндэсний компани нь шахагдаад гарчихаар дуртай үнээ хэлээд л сууж байна шүү дээ. Ийм л зүйл бусад орны жишгээс харагддаг. Хэн ч Монголыг өрөвдөж, алдагдалтай хямдаар явахгүй ээ, тэгдэггүй юм. Долоон буудлын Дондог өвөөг өрөвдөх үү. Үндэсний агаарын тээврийн компани байгаа тулдаа бид одоо түүнийгээ мэдэхгүй байгаа юм. Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх хэрэгтэй юу? Үүнийг одоо л сайн бодох шаардлагатай байна. Мэдээж олон авиа компанитай байх нь сайн талтай ч зах зээл үүнийг дааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм. Солонгосын КАЛ компанийг аваад үзье л дээ. КАЛ ороод ирэхээр та нар АСЕМ-ийг оруулсангүй. КАЛ, МИАТ хоёр монополь болчихлоо, бусдыг нь оруулдаггүй гээд бөөн шүүмжлэл дагуулдаг шүү дээ.КАЛ-тай гэрээ хэлцэл хийхэд зорчигчдын урсгал бага байсан. Төр засгийнхан сууж байгаад л шийдчихсэн. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулж эсвэл тэднээс саналыг нь аваагүй. Хүч тэнцвэргүй гэрээ хэлцэл хийчихсэн. Үүнээс нь болж МИАТ ямар их дарамтад байв. Өмнө нь бид гадаадын авиа компанийг оруулж хэлэлцээр хийхдээ алдсан зүйл бас бий. Үүнээсээ ч сургамж авах хэрэгтэй.

-“Туркиш Эйрлайнс”-ийн асуудал дээр ярья. Гүрж энэ авиа компанийг оруулж ирснээрээ яасан юм бэ?

– Авлигын хэрэгт холбогдон Гүржийн эрх баригчдаас зугтахын эрхэнд Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тушаалаар Украины иргэншил “олж аваад” удаагүй байгаа Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили “Туркиш”-ийг сурталдсаныхаа төлөө “Чи Гүржид яг ийм маягаар “Туркиш Эрлайнс”-ыг оруулж, үндэсний авиа компаниудыг нь уналтад оруулсан. Украинд тэгж чадахгүй шүү. Туркиштэй холбоотой авлигын хэргийг чинь дэлгэнэ” гэсний хариуд хэлэх үггүй болохдоо Украины Хууль зүйн сайдын өөдөөс ус цацчихсан тухайд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсэн байна лээ. Гүрж агаарын тээврийн 17 компанитай байсан. Одоо гуравхан л үлдсэн. “Туркиш Эйрлайнс”-ийг оруулсан орны ойрын түүх нь ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын гол зорилт бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх. Энэ зорилтын хүрээнд өмнө нь төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандага бий болж буй хэрэг. Энэ соёлыг дэлгэрүүлэх учиртай. Олон жил ярьсан ажил өнөөдөр биеллээ олсонд сэтгэл өндөр байна” хэмээн хэллээ.

Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдэд учруулж буй хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Улаанбаатарт гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь Дүнжингарав худалдааны төвд үүдээ нээлээ. Цаашид Хан-Уул дүүргийн Мишээл ЭКСПО, Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байгуулахаар бэлтгэж байна. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ, ажлын өдөр уртасгасан цагаар, бямба гаригт ажиллах гэнэ.

Categories
мэдээ спорт

Парисын гранд сламд оролцох тамирчдын нэрс тодров

Бага олимп гэж бараг хэлж болох “Гранд слам-2016” жүдо бөхийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо ирэх сарын 6-нд болно. Тус тэмцээнд оролцох манай улсын тамирчдын нэрс тодорчээ. Тодруулбал 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 48 кг-д М.Уранцэцэг, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 90 кг-д Л.Отгонбаатар, 70 кг-д Ц.Наранжаргал, 100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, + 100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, +78 кг-д О.Жавзмаа нар хүч үзнэ. Тамирчдадаа улам их амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач эмэгтэйн ар гэрээс уучлал гуйлаа

Оны өмнөхөн нийслэлийн “Өргөө” амаржих газарт очсон 27 настай бүсгүй хүүхдийнхээ хамт эндсэн харамсалтай хэрэг гарсан. Бүсгүй жирэмслэлийн үедээ эмчийн хяналтанд байж, биеийн байдал хэвийн байсан, эмч нарын буруутай үйлдлээс болж охиноо алдсан гэж бүсгүйн ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байгаа юм. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч албан ёсоор танилцуулаагүй байна.

Энэ хугацаанд “Өргөө” амиржих газраас амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэнтэй холбоо тогтоогоогүйн дээр Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг нууцалж байгаа гэсэн мэдээлэл тараад байсан. Харин тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэг талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйсан гэдгээ хэллээ.