Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцгээ: Намайг шагнал авахад хүүгийн маань сэтгэл надаас илүү хөдөлсөн

Ситидээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Ж.Цэцгээ Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо авч гарч ирээд, гараа тэнгэр рүү алдалж, бурханд одсон ээж, аавдаа бахархалт мэдээгээ хамгийн түрүүнд дуулгажээ. Дуурийн театрын гургалдай хоолойт дуучин бүсгүйг алдарт хуурч Г.Жамъяангийн охин, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын ээж гэдгийг хүмүүс мэднэ. Биднийг ярилцаж суухад дуучин Д.Болд ээж рүүгээ утасдаж, өглөө телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ямар хувцастай байсан, гавьяатын тэмдгээ зүүж очсон эсэхийг нь лавлаж байна лээ. Ж.Цэцгээ багш 1974 оноос 2000 он хүртэл дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад одоо багшилж байгаа гэнэ.

Гавьяат цол авсанд баяр хүргэе. Нэлээд хожуу ирсэн гавьяат уу?

– Яах вэ, “Лучше позже чем никогда” гэгчээр авсандаа баяртай байна. Ажил хийсэн, дуулсан нь үнэн л юм чинь.

Таны мөрөөдөл биелсэн болов уу, дуурийн дуучны оргил үе, мөрөөдлийн дүрүүдийнхээ тухай хуучлаач?

– Би Римский Корсаковын нэрэмжит Ленинградын консерваторыг 1974 онд төгссөн. Ленинградын хөгжмийн дээд сургууль гэдэг урлагийн том сүм шүү дээ. Тийм сайхан сургуульд сурсандаа баярлаж явдаг юм. Төгсч ирээд, Улсын Дуурь Бүжгийн академик театрт ажилд орж билээ. Тэр үед манай театр дэлхийн сонгодгуудаас тавьчихсан, Азидаа тэргүүлж байлаа. Би төгсч ирээд Дж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттад, нөгөө нь Риголтеттогийн Жильдад гээд мөрөөдөж явсан Вердийн хоёр ч дуурийн дүрдээ дуулсандаа баярлаж байдаг. В.Мураделийн “Октябрь” дуурийн Ленагийн дүрд ч дуулж байлаа. Жижиг, том гуч гаруй дүрд дуулсан. Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт” дуурийн Гэрэлд дуулсан, миний хайртай дүр байгаа юм.

Зарим дуурийн дуучид нийтийн дуу дуулаад олны танил болсон байдаг. Харин та зохиолын дуу дуулдаг уу?

-Цаг цагаараа байдаг. Бидний үед “Монгол дуу битгий дуул, хоолой эвдэрнэ” гэдэг байлаа. Ю.Цэдэнбал даргын сонгодог урлагийг Монголд сурталчлах тушаал гараад, тэр битгий хэл хөдөө бригадаар явахдаа ари, романс, жүжгийн хэсгээс дуулдаг байлаа. Би бол “Алтан гургалдай”-г дуулдаг байсан. Сайхан хүлээж авна. Өвлийн хүйтэнд галлагаатай клубт онгорхой даашинзтай, гял цал амьтан сонгодог урлаг сурталчилж явлаа. Шувуу шиг жиргэдэг, эмэгтэй хүний хамгийн нарийн хоолойг бурханаас надад заяаж дээ.

Та Г.Жамъяан хуурчийн охин. Мэргэжлээ сонгоход аав, ээжийн нөлөө байсан уу?

-Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Бид эхээс тавуулаа. Том нь би, Батсайхан “Соёл эрдэнэ” хамтлагаар овоглодог, Баярсайхан хийл хөгжимчин, манай дүү Жаргалсайхан, Цогтсайхан хоёр өөр мэргэжилтэй, нэг нь хэлний хүн, нөгөө нь эдийн засагч. Харин би яалт ч үгүй урлагийн хүн болох дуртай байв. Аав ээжийгээ дагаад театрт очно, урлагийн тогоонд явна. Манай ээж хөгжимчин, хийл, хуучир эзэмшсэн хүн. Гэртээ шавь нартаа хичээл заана. Аав бас морин хуураа дарна. Манай аав зөөлөн, биднийг огт загнадаггүй, өглөө зургаан цагт явж, радиогоор төрийн сүлд дууллаа амьд хөгжмөөр тоглодог. Тэгээд театр дээрээ ажиллана. Киноны дуу бичнэ гээд шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл явна. Тийм хүн байлаа.

Таны хүү Д.Болд Төрийн соёрхол хүртсэн. Хүү нь ээжээсээ өмнө өндөр цол хүртэхээр юу бодогдох юм бэ?

-Би их бахархаж явдаг, би авсантай л адил шүү дээ. Манай хүүгийн хийлийн багш нь миний дүү Баярсайхан, эстрад талаасаа манай Батсайхан бас тэгж дуул гээд багад нь зааж өгдөг. Хүү маань гурав, дөрөвтэй байхдаа микрофон бариад дуулж үзүүлдэг, намайг дагаад дуурийн театрт ирнэ. Хүүхдийн дүрд тоглодог. “Чио чио сан”-д гэхэд л Х.Уртнасантай ээж хүү болж дуулсан. Чоно долоон ишигт туулай болсон. “Үнэн” дуурьт хүүхэд нь болоод дагаж явсан. Д.Болд миний отгон хүү. Том охин маань бас СУИС төгссөн шүү дээ. Дараа нь спортоор яваад, буудлагын спортын мастер болчихсон. Одоо Солонгост байгаа. Дараагийн хүү маань бас хөгжимчин виолончель (морин хийл) тоглодог байлаа. Зуурдаар өөд болсон, түүний хүү нь бас виолончель тоглодог.

Танай үеийнхэн бараг монголоос илүү оросоор ярьдаг байх шүү?

-Би чинь долдугаар ангиасаа Орост сурсан, 1959 он байлаа. Удирдаач Жамсранжав, Ерөө, Эрдэнэчимэг бид хэд шүү дээ. Тэр үед манайх Соёлын яамтай, Ч.Лодойдамба гуай сайд, урлагийн бодлогыг мундаг хийдэг байсан. Биднийг Москвад дунд сургуульд сургасан. Би чинь хормейстерээр төгссөн. Ирж гурван жил ажиллаад, тэр хугацаандаа Дуурийн театрт аав, ээжийг дагаж очоод дуучин болох юмсан гэж боддог болсон. Дараа нь дээд сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр сурсан даа.

Нөхөр тань таны шүтэн бишрэгч үү, яаж олж харсан бэ?

-Биширнэ ээ, манай нөхөр чинь архитектор. Эрдэнэтийн ерөнхий архитектор С.Доржсүрэн гэж залуу байлаа. Би Эрдэнэтэд тоглолтоор явж байгаад танилцсан юм. Эрдэнэтийн хүнийг хот руу авчирсан. Би чинь Дуурийн театраа хаяхгүй ш дээ.

Хүүхдүүдэд чинь ч урлагийн тал нь давамгайлжээ?

-Тийм. Нөхөр маань Д.Болдыг архитектор болгоно гэдэг байсан. Тэр үед нэг их барилга босдоггүй байсан. Тэгээд л Хөгжим бүжигт өгсөн.

Шагнал авсны дараа баяр хүргэсэн дуудлага тасрахгүй байна уу?

-Баяр хүргээд, ёстой л авах ёстой хүн авлаа гэх шиг янз бүрийн л юм ярих юм. Гоё юм аа.

Д.Болд хүү тань шагналыг чинь яаж хүлээж авав?

-Өө бүр нулимс дуслуулсан. Надтай хамт л Засгийн газрын ордонд гүйгээд байсан ш дээ. Надаас илүү сэтгэл нь хөдөлсөн. Ер нь сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн.

Таныг дуулж байхад аав тань ямар нэг зөвлөгөө өгдөг байв уу?

-Аав маань “Сайн л дуулах хэрэгтэй. Үнэн зүтгэх хэрэгтэй гэдэг байсан. Бид нар сонгодог тал руугаа болохоор эхэн үедээ ардын дуу дуулж чадахгүй. Анх төгсч ирчихээд “Үлэмжийн чанар”-ыг дуулсан чинь аав “Яг л орос хүн дуулж байгаа юм шиг байна, больж үз” гэж билээ. Аав өөрөө гоё дуулна. Тенор хоолойтой. Ардын дуу бас хэцүү шүү. Сүүлд нас ахиад ирэхээр ардын дууг ингэж дуулах ёстой юм байна гэж ойлгосон л доо.

Урлагийнхны атаа хорсол мөнхийн сэдэв шиг байгаа юм?

-Тийм юмгүй урлаг гэж байхгүй шүү дээ. Багш маань биднийг төгсөхөд хэлж байсан юм. “Тайзны арын атаа жөтөө байдаг, тэрийг тэвчиж өнгөрөх хэрэгтэй, сөгдөж болохгүй” гэсэн. Тийм юм байдаг л юм байх даа гэж бодож байлаа. Байдаг л юм билээ.

Таныг зарим хүн хэлмэгдсэн, атаа хорслоос болоод дарагдсан гэх яриа явдаг?

-Дарагдсан ч юу байх вэ. Тэвчээртэй явсны хүчинд зах зээлийн давалгаанд улсууд наймаанд явахад бид үнэнчээр театртаа байсаар байгаад л 2000 онд тэтгэвэртээ гарсан. Багшилж яваад ямар ч байсан гавьяатаа авлаа. Урлагт үнэнч явсан маань л боллоо. Бусад юманд анхаарч санаагаар унаж, тэрнээс болж театраа хаяж явсангүй.

Бүсгүй хүний хувьд хүссэнээрээ амьдарч чадсан болов уу?

-Чадсан гэж боддог. Хүүхдийнхээ ачаар сайхан амьдарч байна, тайван ажлаа хийж байна. Хүүхэд харж суусангүй. Харин миний муу ээж хүүхдүүдийг маань өсгөсөн дөө. Би бол тэгээгүй.

Дуулаачийн хувьд тайзан дээр гарч байгаа юу?

-Заримдаа дуулах юм байвал дуулна. Жар гарсан улсууд хүнд том дуурьт дуулахгүй ш дээ. Одоо харин монголжчихоод байгаа. Ардын дууны манер сурчихаад байгаа. Хөдөө их явдаг байлаа. 16 аймгаар явсан. Театрын орлого төлөвлөгөө биелүүлнэ. Тэр үеийн улсууд сонгодог урлагийг харин ч сайн хүлээж авдаг байсан. Бид хөдөө сум фермээр явдаг байсан. Хүүхдэд, том хүнд тоглоно. Манай урлаг хөдөөд хангалттай хүрдэг байсан. Гурван жилд хувцасны мөнгө өгнө, улсаас. Якут, Улаан Үдэд ч “Кармен”, “Учиртай гурван толгой тоглож байлаа. Сайхан хүлээж авдаг, биднийг. Анх бидний үед Монголдоо сонгодог урлагийг сурталчлах, ард түмэндээ ойлгуулахын тулд орчуулж дуулдаг байсан. “Травиата”-г монгол хэлээр дуулахад зарим хүн уйлж байсан.

Урлагийнхан хүүхэд төрүүлэх ч хориотой байсан гэдэг, үнэн үү?

-Дуурьт дуулж байгаад хүүхэд гаргаад чөлөө авбал цалин хасна. Тэр битгий хэл хэзээ сарын тэмдэг ирсэн гээд туслах найруулагч тэмдэглэл хөтөлдөг байсан. Манай бүжигчид бол бүр ганц нэг л хүүхэдтэй байгаа. Үсээ ч тайрах эрх байхгүй. Наадах чинь төрийн юм, зөвшөөрөлгүй үсээ тайрлаа, таргаллаа л гэнэ. Хожимдвол арга хэмжээ авдаг байлаа. Хатуу байлаа. Ю.Цэдэнбал даргын гэргий удирдаад, хөгжим бүжиг бүх юмыг анхаардаг байсан. Жүжиг тавилаа гэхэд эхлээд театрын уран сайхны зөвлөл үзнэ. Дараа нь Соёлын яамны уран бүтээлийн хэсэг, Улс төрийн товчооныхон үзнэ. Гурван шатаар дамждаг байсан.

Таны ид дуулж байх үеийн бичлэг үлдсэн үү?

-Радиод бий. Саяхан залуу авьяаслаг сэтгүүлч архивын бичлэг ашиглаад миний тухай нэвтрүүлэг хийсэн байна лээ.

Та ямар дуунд дуртай вэ?

-Дууриа л сонсоно шүү дээ. Хүүгийнхээ шинэ дуу, клип гарлаа гэвэл заавал сонсоно. Хүү маань яруу найраг сонирхоно. Багадаа “Болор цом”-ын яруу найрагчдыг дуурайж шүлэг уншдаг байлаа.

Дуулахаас өөр хобби байсан уу?

-Бодоод байхад үгүй л юм байна. Нэг хэсэг бараа ховор байхад бие биенээсээ асуугаад наполеон торт, вафли хийдэг байлаа. Хоолны сонирхол бас байсан.

Зах зээлийн үеийг яаж тэсч өнгөрөв?

-Урлагийн улсууд цалингаас цалингийн хооронд амьдарна. Өөр юм хийж чадахгүй юм чинь. Цагаар энд тэнд багшилдаг байлаа. Мөнгө ч сайн тоолж чаддаггүй улсууд шүү дээ, бид чинь. Мөнгө тоолохоор ямар хачин барьж тоолдог юм гээд намайг шоолдог ш дээ.

Та ямар зүүлт чимэгт дуртай вэ?

-Чулуун зүүлт их сонирхоно доо. Анар бугуйндаа зүүчихсэн явж байна. Нэг сард төрсөн хүмүүст тохиромжтой гэдэг юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Хотоос Их хуралд 21 гишүүн сонгогдох ч цөөднө” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүг тав болгож бууруулахыг МАН-ын бүлэг дэмжсэн хэдий ч УИХ-ын хэлэлцүүлэг дээр багагүй шүүмжилсэн. Чухам ямар шалтгааны улмаас шүүмжлэлт байр сууринаас хандсан талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ярилцлага болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтын үеэр хийсэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь хоёрдугаар нүүрнээс уншаарай. ХХАА-ын сайд Р.Бурмаа тариаланчид намар хураах буудай, газраа барьцаалж зээл авах болсон, Хятад руу нэг кг мах 15 мянган төгрөгөөр экспортлохоор болсон зэрэг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц бодит ажлыг хэрэгжүүлэхээр болсон талаараа мэдээлсэн юм.

Манай сонины баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хотоос Их хуралд 21 гишүүн сонгогдох ч цөөднө” нийтлэл гарсан бөгөөд Монголын нийт хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хотод УИХ-ын 76 гишүүний 14-ийг нь сонгох мандат өгч байгааг шүүмжилсэн юм. Угтаа бол хүн амынх нь тоотой харьцуулбал НИТХ-ын дарга Д.Баттулгын санаачилж байсан шиг 21 мандат нийслэлд өгөх хэрэгтэй юм. Хятадаас хэзээ, ямар үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй их хэмжээний хуурамч “Sun” нэрийн газыг “Нарантуул” худалдааны төвд буулгаж байх үед иргэдийн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид газар дээр нь очиж шалгажээ. Нийтдээ 300 хайрцаг буюу 8400 хуурамч газ байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг долдугаар нүүрнээс уншаарай.

Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романы нээлт саяхан болсон юм. Шинэ бүтээлийнх нь талаарх дэлгэрэнгүй ярилцлага 11 дүгээр нүүрт орсон бол Европийн хөлбөмбөгийн шилдэг дөрвөн лигийн багуудын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл 12 дугаар нүүрт багтлаа. Энэмэтчилэн цаг үеийн мэдээ, мэдээллүүд өнөөдрийн “Өдрийн сонин”-д багтлаа.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрхзүйн гуравдугаар олимпиад боллоо

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Ардын их хурлын 397 тойргийн депутат Л.Лхагвасүрэнгийн нэрэмжит хууль эрх зүйн гуравдугаар олимпиадыг зохион байгууллаа. Л.Лхагвасүрэн нь төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллахдаа 1992 онд АИХ депутатаар 397 тойргоос сонгогдож, Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан нэгэн. Хууль эрх зүйн олимпиадад Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ, Цаг-Уур, Соёлын төвийн нийт 113 төрийн албан хаагч оролцсоноос сумын “Эрүүл мэндийн байгууллага” нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт орлоо. Хувь хүний амжилтаар ЗДТГ-ын ажилтан Б.Нямдалай 44 оноогоор нэгдүгээр байрт тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хонины цэцэг өвчин илэрчээ

Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд өвөлжиж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Батбаатарын хотноос цэцэг өвчин илэрсэн байна. Тодруулбал, энэ сарын 09-ний өдөр тус суманд өвөлжиж байсан Төв аймгийн харъяат малчин н.Батбаатарын 13 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ. Одоогоор Төв аймгийн ХХААГ арга хэмжээ авч, 3000 тун вакциныг иргэн н.Батбаатарын 700 гаруй бог малд тарьж, 13 хонийг устгалд оруулан, өвөлжөөний ойр ойрчмын 5-10 км дотор оршин суудаг дөрвөн өрхийн 3000 орчим малд вакцин хийжээ. Суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Газ дэлбэрчээ

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт 15:02 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахад дэлбэрэлт болсны улмаас хананд нь нуралт үүссэн байжээ. Азаар хүн гэмтэж, бэртээгүй байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй газарт шилжүүлж, нуралж үссэн хананд бэхэлгээ хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Увертюра хамтлаг ”Надад үлдсэн найз” мюзиклээ удахгүй тоглоно

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

Тус мюзиклийн зохиолчоор “Милл” кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гацууртын ордыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын
ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи нь буюу 52 гишүүний 30 нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг
хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.

Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан
нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр
орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон байгаа юм. Ингэхдээ хөрөнгө “Сентерра гоулд Монголиа”
компани нь 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө, 1000 орчим
ажлын байр бий болох тооцоо бий.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн
тэтгэврийн нөөцийн сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ спорт

Футзалын шөвгийн наймд шалгарсан багийн нэрс тодорлоо

МХБХ-оос зохион байгуулж буй футзалын өсвөрийн
УАШТ-ий шөвгийн наймд “Арвис”, “Хараацай”, “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн”,
“ИНХ”, Хан-Уул дүүрэг, “Алтанбөмбөг”, “ДМЮ” гэсэн багууд шалгарч үлдлээ.
Тэмцээн U-11 болон U-13 гэсэн насанд зохиогдож байгаа юм. Харин орон нутгаас оролцсон есөн багаас
Сүхбаатар, Төв аймаг болон Замын-Үүдийн “Түмэн од” баг хэсгээс гаран хасагдах
шатанд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагдаж тэмцээнийг орхив.

Өнөөдөр тэмцээний 11 хүртэлх насны шилдэг 16 баг
хоорондын тоглолтоо хийж байна. Одоогийн байдлаар “Сэлэнгэпресс”, “Монголын
Тэмүүлэл”, Архайнгай, “Хараацай” мөн “ФС Сумида” баг шигшээ тоглолтод оролцох
эрхээ авлаа. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь Архайнгай, Сүхбаатар
аймгийн багуудын тоглолт байсан. Үндсэн цагт Архангай аймгийн баг 3-2
харьцаатай ялалт байгуулсан. Дорнод аймгийн баг харин “ФС Сумида” багт 2-1-ээр
хожигдож тэмцээнийг орхилоо. Одоо “Дархан шилүүс” ба “Эрхэс”, үүний дараа
“Арвис” болон Сүхбаатар дүүрэг, хамгийн сүүлд Чингэлтэй дүүрэг ба “ГАЖА
Зүүнхараа” баг гэсэн сонирхолтой тоглолт үлдээд байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох…” асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудалхэдий ч өнөөг хүртэл энэ асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар зохицуулж ирсэн байна.

Монгол Улсын ЕрөнхийлөгчМонгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлэн, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг түүхэн уламжлалд суурилан, Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхой болгох үндсэн зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Categories
мэдээ улс-төр

20 мянган тонн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон

Өнөөдрийн “Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо.

Хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20 мян тн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.

Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажилалж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.