Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын үндэсний урлагийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ойг угтаж чуулгын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их нүүдэл” үндэсний их найрал хөгжмийн концерыг цувралаар тоглосон билээ. Энэ үеэр “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилцгаая” урианд дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан юм. Уралдааны оролцогчдод зориулан өнгөрсөн онд “Монгол үндэсний бүжгийн баяр” зураг авалтын өдөрлөгийг “Хүннү молл” цогцолборт зохион байгуулсан. Уг уралдааны дүн маргааш гарах бөгөөд “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү молл” цогцолборт дэлгэхээр болжээ.

Гэрэл зургийн уралдаанд нийт 25 гэрэл зурагчин 70 бүтээлээр өрсөлдсөн аж. Уралдааныг зохион байгулсан ҮДБЭЧ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс 70 бүтээлийг каталог болгон хэвлүүлхээр бэлтгэж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болж байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк хамтран “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг өнөөдөр /2016.01.15.Баасан гараг/ Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.

Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.

Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа ” гэдгийг онцлов.

Энэхүү форумын зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тулгамдаж буй асуудал, боломж, гарцыг хамтдаа тодорхойлох юм.

Форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан даргалан явуулж байна.

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нар үг хэлэв. Мөн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Санхүүгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “ Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах нь” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, “Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стартеги” сэдвээр Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа, “Төслийн бодлогын хэтийн төлөв” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар илтгэл тавих юм.

Харин форумын үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль ба санхүүгийн зах зээлийн хөгжил” сэдвийн хүрээнд болох бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалах юм. Энэ хүрээнд “Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгох асуудал-Дубайн олон улсын санхүүгийн төвийн туршлага” сэдвээр Нийслэлийн ЭЗХГ-ын дарга Э.Тэмүүлин, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дэх санхүүгийн маргаан зөрчлийн байдал” сэдвээр ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын тасгийн дарга Ч.Өнөрцэцэг, “Санхүүгийн зах зээлийн хөгжилд хуульчдын үүрэг, оролцоо” сэдвээр Б.Баяр /Монголын Хуульчдын Холбоо/ нар илтгэл тавина.

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш Төрийн ордны Их танхимд “Хөрөнгө оруулалтын шинэ орчин-санхүүгийн зах зээл”, ”Б” танхимд “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж-ядуурлыг бууруулах арга зам”, “А” танхимд “Банк, даатгалын салбар-хөрөнгийн зах зээл дах бизнесийн шинэ модель”, “Г” танхимд “Компанийн засаглал, аудит, тайлагнал” сэдэвт салбар хуралдаанууд болох юм.

Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.

Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.

Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа.

Өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байна. Үүнээс 4 хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна.

Өнгөрсөн долоо хоногт “Монгол шуудан” ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна.

Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна.

Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ.

Манай ДНБ-ний 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь манай эдийн засаг дахь эрсдэл төдий чинээ өндөр байгааг харуулж байна. Түүхий эдийн зах зээл дээрх өөрчлөлтүүд нь манай нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт ямар хүчтэй доргилт үзүүлдгийг бид маш сайн ойлгож авсан.

Тиймээс, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдлээс сэргийлэх зохистой хяналт, зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь нэн чухал юм. Энэхүү чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарснаараа, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг та бүхэнд олгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа Аконкагуад амжилттай авирлаа

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны Монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа өнөөдөр ээлжит авиралтаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай хийснээ дуулгалаа. Түүний багийн хамтран авирагч Хонконгийн эмэгтэй уулчин Вяан Чов 5500 метрт гараад авиралтаа зогсоосон байна.

Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргилд Аконкагуа ууланд авирахаар 2015 оны 12 дугаар сарын 19-д эх орноосоо мордож байсан юм. Түүний хувьд ийнхүү Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа ууланд амжилттай авиралтаа хийлээ.

Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байжээ. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн байсан бол энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар авирахаар төлөвлөсан байснаа дуулгаж байсан.

Гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-ны өдөр эх орондоо ирэх юм.

Categories
мэдээ нийгэм

2015 оны статистик мэдээллийг танилцуулна

Үндэсний статистикийн хороо /хуучин нэрээр/ сар бүрийн 10-ны өдөр өнгөрсөн сарын статистик мэдээллийг мэдээлдэг уламжлалтай.

Оны өмнөхөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн. Бүртгэл, статистикийн газар нэртэй болсон шинэ агентлаг төвхнөж амжаагүй юу, ямар ч гэсэн энэ сарын 10-нд уламжлалт мэдээллээ хийгээгүй. Тэгвэл өнөөдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн мэдээллийг танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн 10 оноог тооцох Ажлын хэсэг гарчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Шинээр мөрдөгдөж байгаа жолоочийн зөрчлийн онооны систем нь осолд холбогдсон даатгуулагч иргэд, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа тэдгээрийн харилцаанд үүсэх нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компанийн удирдлагууд, даатгалын шуурхай дуудлагын үйл ажиллагаа эрхэлдэг “Автосос” компани зэрэг байгууллага оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэл 24-нд дуусна

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шаргаморьтын автобус Дүнжингарав хүртэл явна

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэлээ. Тус чиглэлийн үйлчилгээ 2016 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүү буурснаар орон сууны үнэ буурах эсэх талаар мэдээлэл өгнө

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэж ҮХЦэц дүгнэсэн учир өнгөрөгч сараас эхлэн орон сууцны найман хувийн зээл олголт албан ёсоор зогсоод байгаа. Учир нь зээл олголтыг зохицуулах эрхзүйн орчин байхгүй болсон юм. Иймл Ардчилсан нам “Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай” хуулийг дахин яаралтай батлана гэж мэдэгдэж, өчигдөр тус хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувь нь үзээд байна.

Харин өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын даргын албаны өрөөнд болсон хэлэлцүүлгийн үеэр “Зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулж, орон сууцны хэмжээ 80 метр квадрат (мк2)-аар хязгаарлагдахгүй” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа зээлийн хүү буурвал орон сууцны үнэ өснө гэж зарим улстөрчид ярих болсон.

Тэгвэл өнөөдөр 14 цагт УИХ-ын дарга З.Энхболдын албаны өрөөнд монголд томоохонд тооцогддог барилга угсралтын компани болоод барилгын материаль үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийн удирдлагуудын оролцсон мэдээлэл, хэлэлцүүлэг болох ажээ. Энэ үеэр таван хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхэлсэн тохиолдол барилгын компаниуд мк2-ын үнээ нэмэх үндэслэл болох уу, цаашид орон сууцны үнэ буурах эсэх талаар мэдээлэл өгөх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэрэг: Туул голд байгуулах усан санд бага оврын цахилгаан станц барина

УИХын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаад хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлууд дээр анхаарав?

-Байгаль орчин, ногоон хөгжил гэдэг бол өнөөдөр дэлхий даяар хамгийн том ажил хэрэг явж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл байшин барьсан ч байгаль экологийнхоо асуудалтай хэрхэн зохицох, ямар ээлтэй байх юм гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Зам, цахилгаан станц, эмнэлэг барихад ч ногоон хөгжлийн стандартыг барьдаг болсон. Жишээлбэл, орон сууц барилаа гэхэд хана, тааз, дээврээрээ дулаан алдахгүй байх технологийг нэвтрүүлсэн эсэх, цахилгаан станц дээр утааны шүүлтүүрүүдийг байрлуулсан уу, шинэ технологи нэвтрүүлсэн үү гэх мэтчилэн асуудлууд тавигдана. Эмнэлэг барихад хортой хог хаягдлаа хаана булшлах гэж байгаа юм гэх мэт бүхий л зүйл дээр дэлхий даяар ногоон хөгжлийн стандарт яригдаж байгаа.

Мөн аялал жуулчлалын салбар байна. Энэ салбар яг нарийн дээрээ Монголын эдийн засгийн нэг тулгуур болж эхэлж байна гэж хэлж болно. Олон жил монголчууд эдийн засгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаа боловч харамсалтай нь одоо болтол ганцхан уул уурхайгаас хамааралтай байна. Түүнийхээ муу үр дагаврыг ч заримдаа амсдаг. Уул уурхайн экспортын тодорхой нэрийн бүтээгдэхүүний үнэ унангуут эдийн засгийн өсөлт саараад, төсвийн орлогууд нь тасалдаж, хөгжлийн зорилтуудаа шийдэж чадахгүй байдалтай байгаа шүү дээ. Ер нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн гурван тулгуур гээд хэлчихэд хол зөрөхгүй. Аялал жуулчлал гэсэн хоёрхон үгний ард маш олон оролцогчтой бизнес байдаг. Тодруулбал, жуулчныг татахын тулд өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй зочид буудлуудтай байх хэрэгтэй байна. Жуулчдад сайн тээврийн хэрэгслээр үйлчлэх учиртай. Түүнчлэн олон улсын нислэгүүд үйлдэж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь хот дотроо бол такси, хөдөөд жуулчдад үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй, бүрэн бүтэн байдал, жолооч нарын найрсаг харилцаа гээд олон юм байдаг.

Мөн хөтчүүдийн хэлний мэдлэг, жуулчдад тайлбар сайн хийдэг байх, аюулгүй байдлыг нь хангах чадвар зэрэг зүйлс бий. Компаниуд ч яг ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Хөдөөгийн кэмпүүд наад зах нь боловсон ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Дээр дурдсан асуудлуудаар салбар бүрт тодорхой ажлууд хийгдээд явж байна.

Дотоодын аялал жуучлал нэлээд сэргэх хандлагатай болчихлоо?

-Дотоодын аялал жуулчлал эрс сэргээд эхэлсэн. Хэдийгээр сэргэсэн боловч дотоодын аялал жуулчлалаа статистикийн тоогоор бүртгэж чаддаггүй. Захиалга авч чаддаггүй, аяллын маршрутаа зарлаж сураагүй зэрэг алдаа бий. Үүнээс болоод магадгүй ганцхан Хөвсгөл аймаг руу хоорондоо ярилцалгүй бүгдээрээ сайн зам тавигдсан гэнэ лээ гээд гарчихад замдаа гацчихаж байна шүү дээ. Хүмүүс машин тэргээ эвдэж, замын осол гарч, иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирсон, орон нутгийн үйлчилгээ хамгийн муу зэрэгтээ хүрсэн явдал бий. Очсон хүмүүс ч нуурын эрэгт, модны хаяанд гурван чулуу тулж, жаахан хоол хийж идчихээд яг хэрэг дээрээ орчноо баахан бохирдуулчихаад ирж байгаа шүү дээ. Эзэн байхгүй хэдэн тонн хог хаячихаад л ирж байгаа. Ингэхээр дотоодын аялал жуулчлалын маршрутаа зарладаг, захиалга авдаг байсансан бол үүнээс хамаагүй илүү үр дүн авчрах байсан.

Усны бодлого дээр нэлээд ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар?

-Бид байгаль орчны талаар давын өмнө усны бодлогодоо нэлээд юм хийж байна. Усны тарифын бодлогодоо өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Мөн говийн гүний усны нөөцөө хянадаг тэр систем рүү шилжиж орлоо. Бид яаман дээрээ нийт 119 цэгийн гүний усныхаа нөөцийн мэдээллийг авдаг болсон. Энэ бол том дэвшил. Улаанбаатар хотын гүний худгууд дээр усны тоолуур тавих, нийслэл орчмын гүний усны нөөцийн менежментээ бүрэн хийж чаддаг байх чиглэлээр “К water” гээд Солонгосын усны нөөцийн газартай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Одоо Солонгосын төлөөлөгчид ирчихсэн байна. Энэ долоо хоногт ажлын хэсэг гараад тэдэнтэй хамтран Улаанбаатар орчимд байгаа гүний усны цооногуудын тооллого хийх зэргээр олон ажил хийнэ.

Мөн ойг эдийн засгийн нүдээр харъя гээд Монгол Улс анх удаагаа ойн зорилтот тооллого хийлээ. Ойд байгаа бүх ургамлын төрөл болон ойг нарийвчлан тоолсон. Ойг эдийн засгийн нүдээр хараад ойг цэвэрлэх, ойн зураас татах, босоо хатсан мод болон унанги модоо цэвэрлэх замаар ажлын байр бий болгоно. Мод модон материалын бэлдэц хийдэг энэ чиглэл рүү нэлээд ажил зохион байгуулж эхэлж байна. Хавраас энэ ажил нэлээд идэвхжинэ. Түүнчлэн бид усны сав газруудын захиргаадын байршлуудыг оновчтой тогтоох, хүн хүч ажлын чиг үүргийг оновчтой болгох чиглэл рүү нэлээд ажил хийсэн. Манай тусгай хамгаалалттай нутгийн захиргаадын хүрээнд “TFW” гээд Германы банкны санхүүжилтээр томоохон төсөл эхлээд явж байна. Энэ сарын 22 гэхэд бид эхний төслүүдээ авч эхлэх гэж байна. Энэ хавартаа ажлууд эхэлнэ. Нэлээд том үнийн дүнтэй төсөл байгаа. Үүгээр бид биологийн олон янз байдлыг авч үлдэх, тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг иргэдийн биологийн олон янз байдлаа авч үлдэх чиглэлд оролцдог оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гээд их өргөн хүрээтэй төсөл хэрэгжих юм.

Туул голыг түшиглэж усан сан байгуулна гээд байгаа. Энэ ажил ямар шатанд яваа бол?

-“Туул гол ус усан цогцолбор” гээд Тэрэлж орчимд усан сан байгуулах ажлын ТЭЗҮ одоо ид хийгдээд явж байна. Бид Мянганы сорилтын сангийн хоёрдугаар компакт гэрээнээс санхүүжилтийг босгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар би АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзаж албан ёсоор хэлсэн. Ерөнхий сайдтай ч уулзаж бид энэ чиглэлээр ажил хэргийн хувьд тохиролцоод ерөнхий бодлогоо гаргачихсан байгаа. Яг ямар бүтээн байгуулалт болох вэ гэхээр юун түрүүнд Тэрэлж орчимд Туул гол дээр том усан сан хийнэ. Мөн усан сангаа эрчим хүчний чиглэлээр ашиглаж бага оврын усан цахилгаан станц барих юм. Усан сан байгуулснаар орчны агаар, уур амьсгалыг ихээр зөөллөнө. Агаарын чийгшил нэлээд нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Үүгээрээ бас агаарын бохирдлыг бууруулах нэг томоохон түлхэц болно гэж харж байгаа. Мөн Улаанбаатар хотынхоо гадаргуугийн усны балансыг сайжруулж усны нөөцөө нэмэгдүүлэхэд усан сан чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлийн ажил хийгдэж байгаа.

Туул голын усан сан нэлээд өндөр төсвөөр хийгдэх том бүтээн байгуулалт болно. Манайд ер нь хэр ач холбогдолтой юм бол?

-Ач холбогдолтой. Тэр талаар хэлэх үг байхгүй. Дэлхийн томоохон бүх хотууд гол түшиглэж түүнийгээ ашиглаж усан сан бий болгосон байдаг. Эдийн засаг, нийгмийн утгаараа ч ач холбогдол ихтэй. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэл рүү явж байна. Тиймээс усан цахилгаан станц хэрэгтэй. Мөн усан цахилгаан станц барих явцад байгуулсан усан сан нь өөрөө гадаргуугийн усны нөөцөө барих болоод эко системийн хувьд чухал үүрэг гүйцэтгэнэ. Орчны агаарын чийгшлийг нэмэгдүүлэх сайн тал бий болгох юм.

Төсвийн хувьд ямар вэ?

-Одоо ТЭЗҮ боловсрогдоод сүүлийн шатандаа орж байна. Би тодорхой тоо хэлээд хэрэггүй байх гэж бодож байна. Учир нь гадны санхүүжилттэй төсөл учраас сайд нь урьдчилаад тоо хэлэх нь зохимжгүй. ТЭЗҮ-г эцэслэсний дараа тодорхой өртгийг нь хэлье.

Бүтээн байгуулалт нь хэзээнээс эхлэх бол?

-Бүтээн байгуулалтын хувьд том төсөл учраас цаасан дээр нэлээд хугацаа авна. Санхүүжилтээ босгох, хоёр талын гэрээ хэлцэлд бэлтгэхтэй холбоотой асуудлуудыг энэ жилийн эхний хагаст багтаахаар ажлаа шахаад явж байна.

Хог хаягдлын менежментийн талаар их ярьдаг болсон. Энэ талаар танай яам хэр анхаарч байгаа вэ?

-Хогийг мөн эдийн засаг гэсэн нүдээр харъя гэж байгаа. Энэ үүднээс хогийг дахин боловсруулах чиглэл рүү нэлээд томоохон алхмууд хийж эхэлж байна. Бид Австрийн нэг компанитай концессын гэрээ байгуулсан. Энэ хавар ажил нь эхэлнэ. Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах бага оврын эрчим хүчний станц барина. Мөн хогийг ангилдаг болгох, хогийг тоолох, хогийн журнал хөтөлдөг болох гээд шинэ зүйлүүд орж ирж байгаа.

Солонгостой хамтарсан хог боловсруулах ганц нэг үйлдвэр барьж байсан. Гэвч төдийлөн нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй шүү дээ?

-Энэ ажил дээр тооцоо судалгаа нарийвчлан хийсэн. Гардан хэрэгжүүлэх компани нь ажлын туршлага ихтэй. Тийм болохоор амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна.

Зарим газрыг тусгай хамгаалалтад авахаар зэхэж байгаа гэсэн?

-Бид дөрвөн газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авъя. Мөн дөрвөн газрын улсын тусгай хамгаалалттай хэсгийг өргөтгөл хийе гэсэн чиглэл бариад ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын сүүлээр оруулахаар бэлтгэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы АРХИВ: Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй

Өвлийн морин уралдааныг хориглоё гэж манай “Өдрийн сонин” сүүлийн 25 жил тэмцэж байна. Эхэндээ биднийг дэмждэггүй, буруутгадаг, шүүмжилдэг нь дийлэнх байв. Монгол ёс заншлаа уландаа гишгэгсэд гэж хараадаг. Хужаа хүн хуузын эрлийз гэх мэтийн элдэв доромж үг чулуудаж, ад үздэг байлаа. Харин сүүлийн арван жил манай тэмцэл төрийн бус байгууллага, олон түмний дэмжлэгийг авдаг боллоо. Өвлийн морин уралдааныг хориглоё, хүүхдийн эрхийг хамгаалъя гэсний төлөө зүхэж, харааж, элдвээр хэлж зүрхлэх хүн орчин үед алга болсон байна. Энэ нь цаг үе өөрчлөгдсөнийг, ард түмэн асуудлыг ойлгодог, төр засаг нь мэдэрдэг болсны илрэл юм. Жишээ нь өнгөрсөн 2013 онд Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсныг санаж байна.

Гэхдээ өвөл морь уралдсан хэвээрээ байгаа нь асуудал. Уяачид, морь сонирхдог, морьд хайртай гэж өөрсдийгөө эрхлүүлэх дуртай баячууд юунд ч захирагдсангүй. Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гаргахдаа хүүхдийн эрхийг зөрчсөөр байна. Морьд уралдуулж хийморио сэргээх нь тэдэнд юу юунаас эрхэм гэнэ. Адгуус хурдлуулж бай шагналын их багыг хэмжиж, баярхаж суух нь хамгаас чухал юм байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас бол тэдэнд юу ч биш бололтой. Тийм учраас тэд сар шинийн баяраар далимдуулж морь уралдуулдаг. Амихандаа өвөл дуусангуут хаврын эхэн сард морь уралдуулж жудагтай загнаж байгаа царай нь. Гэвч манай сар шинийн баяр ихэвчлэн нэг, хоёрдугаар сард болдог.

Билгийн тооллоороо бол бидэнд хавар ирлээ гэдэг дохиог өгдөг нь үнэн. Гэхдээ тэр үед газар гэсч, халтиргаа гулгаа арилж, хүмүүс дан цамцтай гүймээр урин цаг ирсэн байдаг билүү гэвэл үгүй. Дүн хүйтэн өвлийн жавар тачигнаж, ид дагжруулдаг цаг. Ийм л үед хавар ирлээ гэж хөөрцөглөөд хурдан морины нуруун дээр хуруун чинээ хүүхдүүдийг хүлж тавиад ташуурддаг харгис хүмүүс.

Хөлдүү газар давхиж байгаа адгуус халтирна. Унаж яваа хүүхдээ унагаана, гэмтээнэ, гишгэнэ. Морины нуруун дээр баглуулсан нялх хүүхдүүд хүйтэн жавар залгиж, хацраа хайрч, гар хуруугаа хөлдөөнө. Эсвэл урд давхиа морины туучсан шавар ард яваа хүүхдийг нүүр нүдгүй “ороолгоно”. Шороотой цасанд нүдүүлж нүдүүлж барианд орсон хүүхдүүдийн нүүр царай танигдахын аргагүй шавар шавхай болсон байдгийг бид цөм мэднэ. Хамраас нь цус гарах, нүүрээ шалбалах зэрэг нь гэмтэлд тооцогддоггүй биз. Ер нь яаж ч бодсон алгын чинээ хүүхдэд ахадсан, санаанд багтамгүй хүнд хөдөлмөр гэж энэ. Наймхан настай балчир хүүхдийг хэл мэдэхгүй адгуусны нуруун дээр хүлж явуулчихаад эцэг, эх нь юу бодож хоцордог бол гэхээс гол зурмаар.

Мориноос унаж амиа алдсан хүүхдүүдийн тухай ярих ч юм биш. Хэдэн зуугаараа тоологдоно. Тэгж тархи нь цөмөрсөн гэнэ, ингэж элэг нь бяцарсан байна гэх мэтийн зүрх зүсэм яриа хүмүүсийн амнаас ам дамжин сонсогдоно. Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд ч олон. Тал дундуур туучаад гарах адуун сүрэг дунд ойччихоод босч чадахгүй байсаар машинд дайруулж хорвоог орхисон бяцхан хүүгийн тухай ч шуугиж л байлаа. Энэ мэтээр яриад байвал хар дарсан зүүд шиг аймшигтай жишээ олон.

Харин морь уралдуулж таашаал авагчид даанч тоосон шинж үзүүлэхгүй. Энэ бол монгол ёс заншил, эртнээс уламжилсан өв соёл гэж хээвнэг хэлнэ. Бид ч морин дэл дээр өссөн. Хурдан морь унаж байгаа нь монгол хүүхэд болж төрсний бахархал гэх ухааны юм ярьж, өрөөлийг дэвэргэж, өөрсдийгөө хамгаална. Хүүхдээр морь унууллаа гэж зэмлэгсдийг морь мэдэхгүй монголоор нь дуудна. Хурдан морь унахын сайхныг та нар яаж мэдэх юм гэж загнах шахна. Өөрсдөө хээгүй, гүндүүгүй монголоороо үлдсэнээ шагшина. Тэрний морь тэнд түрүүллээ, тэдэн айраг авлаа, тийм бай шагнал хүртлээ, дэнж хотойтол сайхан наадлаа. Аймаг, улсын цол хэргэм авлаа гэдгээрээ сайрхахаас биш тэдэн хүүхэд бэртлээ. Ингэж хүүхдийн эрх зөрчлөө гэж ам ангайхгүй. Хурдан хүлэг хаа нэгтээ байна гэж дуулбал нутаг харгалзахгүй хайж, үнэ харамлахгүй шилж сонгоно. Найр наадмын цаг хүлээж тэсэхгүй бол өвөл ч хамаагүй морио уралдуулж, хүүхэд, мал зовоодог болжээ.

Нийгмээрээ ярьж, хэлж, төр засгийг шахаж шаардахаас нааш адгуус уралдуулан цэнгэлддэг баячууд хэзээ ч хүүхдийн эрхийг бодохгүй нь эндээс ойлгомжтой байна. Тиймээс өвлийн уралдааныг хориглох, бага насны хүүхдээр морь унуулахгүй байх талаар дорвитой өөрчлөлт хийе. Хурдан морины унаач хүүхдийн насны хязгаарыг нэмэх тухай байнга л ярьдаг. Гэлээ гээд ямар ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Хүүхдүүд морь унасан хэвээрээ байна. Тэгвэл хүүхдийг 16 нас хүрэхээр нь хурдан морь унуулдаг болгох шийдвэр гаргаж, ямар дүрэм, журам байдаг юм түүнд нь оруулъя. Бие жижигтэй том хүнээр хурдан морь унуулдаг болох дүрэм гаргая. Морин уралдаан зохион байгуулж ирсэн дэлхий дахины жишиг ийм л байдаг. Эхийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх үрээ адгуусны нуруун дээр тавиад явуулчихдаг бөх зүрхтэй ард түмэн дэлхий дээр манайхаас өөр хаана ч үгүй.

Дээрээс нь морин уралдааны замын уртыг наашлуулъя. Одоо бол манайхан нэг өртөө гаруй газар хурдан морио давхиулж байна. Ийм урт замд үхэн хатан давхисан морь барианд орохдоо шогшоод, зарим нь бахардаад унахаас өөр яах юм. Ингэж барианд орсон адуу, хүүхэд хоёрын аль алиныг өрөвдөхгүй, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй. Энэ талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагууд олигтойхон тайлбар, таниулга хийж, гадны байгууллагуудад сурталчилмаар байна. Гэвч ийм хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаагийн баталгаа нь өнөөдрийг хүртэл хүүхдүүд хурдан морь унасаар л байна.

Тэр дундаа ядуу айлын хүүхдүүд хурдан морь унадаг. Алдар цуутай уяачид, баячууд хүүхдээ морь унуулах нь байтугай Монголд ч ойртуулахаа байсан. Монгол шиг утаа, униартай, соёлгүй, бүдүүлэг, хөгжилгүй газар алга гэж үздэг учраас тэр. Хүүхдээ боловсролтой, соёлтой болгоё гэвэл гадаадад сурга гэдэг ганцхан бодолтой. Тийм учраас тэдний хүүхдүүд морь унах нь битгий хэл Монголоос дайжин зугтаж байна. Оронд нь бид мэтийн энгийн ардын хүүхдүүд амь өрссөн “дайнд” хатаагдаж, адгуусны нуруун дээр халуун хүйтэн аль ч улиралд гагнаастай мэт давхиж, амьтан хүнийг зугаацуулах үүргийг гүйцэтгэж явна.

Мөнгөтэй нь мөнгөгүйгээ тав, арван цаасаар аргалж, нялх үрсийнх нь нүдийг хуурч, наадам цэнгэлдээ ашиглаж байна. Гэтэл үүнийг нь дэлхийн соёлт ертөнцөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцчихсон байгаа. Хүний эрхийн үндэсний комисс ийм дүгнэлт хийчихсэн байдаг. Мэдээж алгын чинээ хүүхэд адгуус амьтны нуруун дээр хүлэгдээд нэг өртөө газар давхиж, барианд түрүүлэхийн тулд баруун солгойгүй ташуурдаж, гар хөлөө хөлдөөнө гэдэг байж боломгүй, тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой. Үүнийг таслан зогсооё. Насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж, малд ганцааранг нь явуулахыг хориглосон хатуу заалтыг Эрүүгийн хуульд оруулъя. Хориглосоор байтал зөрчөөд байвал эрүүгийн хэрэг үүсгэж, ял үүрүүлдэг байя. Ингэхээс нааш хүүхдээр хурдан морь унуулдаг байдлаа зогсохгүй юм байна.