Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоодын барилгын компаниас орон сууц худалдан авбал таван хувийн хүүтэй зээлд хамрагдана

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр барилгын компаниудын захирал болон материал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан юм. Тэрээр хэлэлцүүлгийн эхэнд уулзалтынхаа зорилгыг танилцуулсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн ипотекийн зээл зогссон. Харин УИХ-аар уг зээлийг үргэлжлүүлэхээр хэлэлцэж буй. Мөн зээлийн хүүг бууруулж жилийн таван хувийн хүүтэй болгох талаар яригдаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан орон сууцны үнэ өсөх эсэх талаар хэлэлцүүлэг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга илтгэл тавихдаа “Ипотекийн зээлийг галт тэрэгтэй зүйрлэвэл ардаа чиргүүлтэй галт тэрэг гэсэн үг. Ипотекийн зээлийн араас барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгчид, тавилгынхан гээд маш олон салбарынхан явж байдаг. Барилга угсралтад л гэхэд 77 мянган хүн ажиллаж байгаа. Ипотекийн зээл зогссон нь дан ганц байр худалдан авах иргэдэд хамаатай асуудал биш. Барилгын бүхий л салбарт нөлөө нь мэдэгдэж байгаа” гэсэн юм. Тэрээр илтгэлийнхээ дараа барилгын компанийн захирлуудаас “УИХ-аас ипотекийн зээлийг шийдэх хамгийн сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 28. Тэр үед орон сууцны үнэ өсөх үү гэх асуулт иргэдийн дунд бий. Зээлийн хүүг бууруулах гэж байгаатай холбогдуулан зарим барилгын компаниуд эхнээсээ үнээ нэмээд эхэлчихэж. Зайсанд байдаг “Энхжин” гэж хорооллын үнэ нэг кв.м нь 1.9 сая байснаа зээлийн хүү буурах сургаар 2.3 сая болчихсон байна” гэлээ. Т

үүний хариултад Барилгын үндэсний ассоциаци болон компанийн захирлууд үнэ буурахгүй, харин ч зах зээл дээр байгаа бэлэн орон сууцтай компаниуд өрсөлдөөний журмаар үнээ буулгах ёстой гэсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Зээлийн хүүг бууруулж байгаа. Гэхдээ тодорхой шаардлага тавина. Жишээлбэл, гадны хөрөнгө оруулалттай, гадаад ажилтан цалинжуулж байсан барилгын компаниас зээл авбал найман хувийн хүү төлнө. Харин Монголд үйлдвэрлэсэн материал хэрэглэж байсан, монгол ажилтнаа цалинжуулж байсан дотоодын компанийн барьсан орон сууц худалдан авбал таван хувийн хүүтэй зээл олгоно” гэлээ. Харин барилгын компаниудын зүгээс ипотекийн зээл хэр урт настай байхыг асууж байв. Үүнд УИХ-ын дарга “Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэр эдийн засгийн суурь ухагдахуунаа үгүйсгэсэн, мөн олон мянган залуус байртай болох, дээр нь барилгын салбарт ажиллаж байгаа олон мянган залуусын эрх ашгийг хөндсөн шийдвэр байсан. Бид ипотекийн зээлийг АНУ-аас хуулбарлан авсан. АНУ тус зээлийг олгохдоо улс орон нь эдийн засгийн хямралтай байх үед эхлүүлсэн байдаг. Зээлийг хэрэгжүүлэхдээ 30 жилийн турш төрөөс нь санхүүжүүлсэн түүхтэй. УИХ Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль батална. Уг хууль батлагдсанаар тус сан 2.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй болох юм. Энэ нь эргээд Засгийн газраас иргэдэд өгөх ёстой өр болно. Нийгмийн даатгалын санд хуримтлуулж ирсэн шимтгэлийн тодорхой хувийг үе үеийн Засгийн газар өөр зүйлд ашигласан учраас тэр өрөө төлж санд 2.5 их наяд төгрөг хуримтлуулна” гэлээ. Уг төсөл дээр Монголбанк, Монголын ипотекийн корпораци менежмент хийн иргэдээ орон сууцтай болгох ажлыг арилжааны банкаар дамжуулан олгох ажээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга бизнесийн моргейжийн зээлийн талаар мэдээлэл өгсөн юм. Нэг ёсондоо бизнес эрхлэгчид банкны лизингээр тоног төхөөрөмж худалдан авч, барилгаа урт хугацааны моргейжийн зээлээр авах боломжтой болж байгаа ажээ. Уг зээлийг орон сууцныхтай адил буюу 20 жилийн хугацаатайгаар олгох юм байна.
С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

ХОМ-ийг ирэх сарын 15-ныг хүртэл авна гэв

Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэлжээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ийн бүрдүүлэлтийг нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.

Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх урьдчилсан тооцоо байгаа аж. Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна.

Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлбэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцдог. Ингээд төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.

Categories
мэдээ спорт

Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Өнөөдөр 12:00 цагаас Монголын үндэсний бөхийн өргөөнд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болж байна. Энэ барилдааны бүртгэл өглөө 10:00 цагаас эхэлсэн юм. Жил бүр уламжлал болон явагддаг барилдаанд энэ удаа 576 бөх барилдаж байна.

Харин маргааш 14:00 цагаас “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит 256 бөхийн уламжлалт барилдаантай. Энэ нь сар шинийн өмнөхөн болдог томоохон сорилго барилдааны нэг болдог. Нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан болохыг мөн дуулгая.

Categories
мэдээ спорт

Супер лигийн тоглолт явагдаж байна

Үндэсний супер лигийн тоглолтууд өнөөдөр эхлэв. Энэ удаагийн супер тоглолтууд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдах юм. Мөн хоёр дахь удаагийн эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа, нээлтийн тоглолтыг зохион байгуулахаар болсон талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлсэн юм.

Тоглолтын хуваарь:

10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт
12.00 Дархан-ҮБТДС БХ /Эмэгтэй/
Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа
14.00 Архангай Лидер-Дархан Гарьд
16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд тус тус явагдана.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравт “Цагаан сар-Нүнжигтэй экспо” болж байна

Сар шинийн баярыг угтсан “ЦАГААН САР-НҮНЖИГТЭЙ ЭКСПО” Дүнжингарав худалдааны төвд үргэлжилж байна. Үндэсний томоохон үйлдвэрлэгчид оролцож буй тус экспоны нээлт өнөөдөр хамтлаг дуучдын тоглолтоор эхлэх юм.

Долоо хоногийн турш үндэсний үйлдвэрлэгч, брэнд импортлогчдын бүтээгдэхүүний танилцуулга, загварын шоугаар үргэлжлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын амралт шинийн дөрвөн хүртэл үргэлжилнэ

Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний мягмар гаригт тохиож байгаа аж. Тэгвэл нийтээр тэмдэглэх баяр наадмын тухай хуулийн дагуу Монголчууд цагаан сараар амрах бөгөөд бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-өөс эхэлж, хоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Харин 12-ны баасан гаригт ажил, сургууль цуглах юм байна.

Categories
мэдээ спорт

​Манай жудочид “Их дуулга”-д зодоглоно

Францын Парис хотноо ирэх сарын 6-нд болох жудо бөхийн олимпийн эрх олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. “Их дуулга” тэмцээн нь энэ оны олимпийн эрх олгох анхны тэмцээн бөгөөд манай улсаас эрэгтэй 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д. Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр нар оролцох аж. Мөн 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар нар барилдах юм байна. Түүнчлэн -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар мэдүүлгээ явуулжээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглох аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 24 градус хүйтэн байна

Өнөө орой 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Техникийн хяналтын үзлэгтээ зөвхөн хавар гэлтгүй тухайн жилдээ багтаж л байвал хэзээ ч орсон болно

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалантай ярилцлаа.

-Авто тээврийн үндэсний төвөөс техникийн үзлэг оношлогоог жолооч нарт чирэгдэл учруулахгүй байхаар зохион байгуулж эхэлсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны гол чиглэл бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношлогоог хийх байдаг. Автотээврийн тухай хуульд зааснаар авто тээврийн хэрэгсэлд жилд нэг удаа техникийн үзлэг хийх ёстой. Үүний дагуу Зам тээврийн сайдын тушаалаар техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журам батлагдаж, үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд үүнийг нь нотлох гэрчилгээ буюу машины цонхон дээр наах оношлогооны наалт өгдөг. Энэ наалт нь замын хөдөлгөөнд оролцох эрх олгож буй гэрчилгээ гэсэн үг. Өмнө нь гурваас тавдугаар сарын хооронд нийслэлийн болон дүүргүүдийн засаг даргын захирамжийн дагуу оношлогоонд хамруулж, татварыг нь авдаг байсан. Ингэснээр жолооч нарт багагүй чирэгдэл учруулж, оношлогоондоо хамрагдах гэж олон цагаар дараалал үүсгэн зогсдог байсан.
Энэ оноос эхлэн НИТХ, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу дээрх хугацааг сунгаж, нэгээс тавдугаар сарын хооронд татвараа төлж байхаар болсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сард улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслийн жолоочоос, хоёрдугаар сард 2, 7-гоор, гуравдугаар сард 3,8-аар, дөрөвдүгээр сард 4, 9-өөр, тавдугаар сардаа 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслийн татварыг авч байхаар журамласан. Гэхдээ жолооч нар татвараа энэ хугацаанд төлөх ёстой ч үзлэгтээ тухайн жилийнхээ хэдийд ч орж болно. Үүнийг Авто тээврийн тухай хууль, Техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журмаараа зохицуулсан. Техникийн үзлэг оношлогоо бүтэн жилийн турш тасралтгүй явдаг болсон. Тиймээс жолооч нар 2015 оны наймдугаар сард техникийн хяналтын үзлэгтээ орсон бол 2016 оны наймдугаар сард дахин орох ёстой. Наймдугаар сардаа л багтаж байвал сарынхаа эхээр, дундуур, сүүлчээр байх эсэх нь хамаагүй. Ингэснээр урьдынх шигээ заасан хугацаанд оношлогоонд орох гэж уртаас урт дараалал үүсгэн зогсч, цаг заваа баран, ундууцах хэрэггүй болсон гэсэн үг. Ихэнх жолооч нар гурав, дөрөв, тавдугаар сард үзлэг, оношлогоондоо ороод дадчихсан. Хүсвэл урьдчилаад оношлогоондоо орж болно. Энгийнээр бол жил бүр гуравдугаар сард үзлэгтээ ордог бол таван сарын дараа буюу наймдугаар сард дахиад орчихож болно. Тэгвэл дараа оныхоо наймдугаар сард буюу харьцангуй ачаалал багатай үед оношлогоондоо орж болно. Жилдээ нэг удаа оношлогоонд орох нь жолоочийн үүрэг бол хоёр, гурван ч удаа орж болох эрхтэй. Тэр бүү хэл журмын дагуу нийтийн зорчигч тээврийн автобусыг жилд хоёр ч удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг ч манайх жилд дөрвөн удаа буюу улирал тутамд оруулдаг. Ингэснээр зорчигчдын амь нас, аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна гэсэн үг.
-Нийтийн тээврийн том оврын автобусууд Солонгостоо олон жил яваад, ашиглалтын хугацаа дууссаны дараа манайд ирдэг гэх яриа бий?
-Монголын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн стандарт гэж бий. Автобус үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн насжилттай байна. Өөрөөр хэлбэл 12 жилийн хугацаанд нийтийн тээвэрт явуулж, 13 дахь жилээс нь үйлчилгээнд явуулахгүй. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 213 тээврийн хэрэслийг насжилтаар нь хасна. 30-аад нь такси бол 170 гаруй нь хот хооронд болон хот доторх нийтийн зорчигч тээвэрт явдаг дунд, том оврын автобус.
-Энэ жилээс дунд оврын автобус буюу микроавтобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаараа хасагдана гэлээ. Хугацаа нь чухам хэзээнээс юм бол?
-Микро автобусуудыг энэ оны нэгдүгээр сараас нийтийн тээвэрт явуулах эрхийг хассан атал наймдугаар сарыг хүртэл сунгасан гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр техникийн хяналтын үзлэгт ороод нийтийн тээвэрт явж болно гэж хүртэл ташаа мэдээлсэн. Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас стандартаа хатуу барьж ажиллана гэсэн чиглэлийг баримталж байгаа. Зорчигчдын амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой учраас үйлдвэрлэгдээд 12 жил болсон л бол дунд, том оврын автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй.
Микронуудыг нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй гээд бүгдийг нь зогсоогоод, торгоод байх боломжгүй. Микроны жолооч, кондукторуудын орлогын эх үүсвэр гэх утгаараа нэлээд олон өрхийн орлогын эх үүсвэрийн асуудал яригдах бол нөгөө талдаа микрогоор үйлчлүүлдэг иргэдийн эрх ашиг гэж бий. Тиймээс микронуудын чиглэлд стандартын шаардлага хангасан автобустай аж ахуйн нэгжүүдийг явуулах замаар ойрын хугацаанд энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ. Дан ганц аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс ч микроавтобусаа шинэчлээд шугамандаа үргэлжлүүлэн явж болно. Хот хоорондын зорчигч тээврийн хувьд ялгаагүй дээрх журмыг баримтлахаас гадна засмал замаар холбогдсон аймгууд руу том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж, бага оврын автобус, жижиг тэргээс татгалзах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа.
-Мэргэшсэн жолоочийн шалгалтыг элдэв чирэгдэлгүйгээр онлайнаар авдаг болсон гэсэн. Энэ тухайд?
-Автотээврийн тухай хуульд улс хоорондын ачаа, жуулчин, зорчигч тээвэр, аюултай ачаа болон хот орчмын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар мэргэшсэн байх ёстой гэсэн нэмэлт, өөрчлөлт орж, 2010 оноос мэргэшсэн жолоочийн шалгалт авч эхэлсэн. Энэ ажлыг улсын хэмжээнд Автотээврийн үндэсний төв дангаар хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймагт мэргэшсэн жолоочийн шалгалтыг онлайнаар авч эхэлсэн. Энэ ондоо багтаан бүх аймагт үүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр асар их хугацаа, мөнгө хэмнэж байгаа хэрэг. Өмнө нь жолооч нар хөдөө орон нутгаас хотод ирж эсвэл орон нутагт очиж шалгалт авах мэргэжилтэнг хотоос томилон явуулдаг байсан. 2008 оны наймдугаар сарын 8-наас өмнө жолооч болсон хүмүүс шууд шалгалтаа өгөөд, тэнцвэл мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ авна. Жолооч нарыг B, C, D, E гэсэн дөрвөн ангиллаар мэргэшүүлж, үнэмлэх олгодог. Уг үнэмлэхийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа. 2015 онд 5539 жолооч шалгалт өгч, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан бол 2223 жолооч мэргэшлээ дээшлүүлж, ангиллаа ахиулсан.
-Авто худалдааны цогцолборт импортын техникийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлсэнд иргэд ам сайтай байна лээ?
-Автотээврийн үндэсний төвийн бас нэгэн гол үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох ажил. Энэ ажлыг манай төв өнгөрсөн оноос бие даан хийж эхэлсэн. 2015 онд импортын 50900 тээврийн хэрэгслийг бүртгэсэн. 217 мянга гаруй тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Өмнө нь импортын тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг нийслэлийн хэмжээнд найман цэгээр дамжуулан гүйцэтгэдэг байсан бол энэ оноос Авто худалдааны цогцолбор руу төвлөрүүлсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Засаг даргаас Зам тээврийн яаманд хүсэлт тавьсны дагуу энэ ажил хэрэгжсэн. Дагалдах нэг цэгийн үйлчилгээ болох банк, даатгал, татвар, улсын дугаарын үйлдвэр хүртэл тэнд ажиллаж байгаа. Ингэснээр Авто худалдааны цогцолбороос машин авсан иргэд тэндээсээ дугаараа аваад, даатгалаа хийлгээд гарах боломж бүрдэж байгаа юм. Өдөрт 100-150 тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож, шинээр бүртгэж байна. Харин тээврийн хэрэгслийн шилжилт бүртгэлийн үйлчилгээг АСА цирк, “Хөсөг Трэйд” дээр үзүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Эдийн засагт Оюутолгойгоос гадна АСЕМ эерэг нөлөө үзүүлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Энэ онд эдийн засаг хичнээн хувь өсөх бол, танай төвийн гаргасан таамгийг сонирхмоор байна?

-Сүүлийн үед эдийн засгийн таамаг гаргадаг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд прогнозоо ойр ойрхон өөрчлөөд байгаа. Нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нь урьдчилж таамаглахад хүнд болчихоод байгаа хэрэг л дээ. Энэ онд эдийн засгийн өсөлт 3-4.5 хувийн хооронд байх болов уу.
-Эдийн засагт эерэгээр нөлөөлөх шалтгааны нэгдүгээрт Оюу толгой бичигдэж таарна. Таныхаар өөр ямар эерэг нөлөөлөл бий гэж харж байгаа вэ?
-Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт оны өмнө шийдэгдсэн нь мэдээж эерэг нөлөө үзүүлнэ. Энэ том төслийн бүтээн байгуулалт үргэлжиллээ гэсэн мэдээ олон улсад эерэг дохио болж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн нөхцөл байдал олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байсан. АСЕМ-ийн хурлууд эерэг нөлөө үзүүлэх байх. Аялал жуулчлалын салбарт багагүй хэмжээний мөнгө орж ирнэ.
-Сөрөг нөлөөлөл гэвэл…?
-Энэ жил УИХ-ын сонгууль болно. Ер нь сонгуулийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид хүлээцтэй ханддаг. Тэд сонгуулийн үр дүнгээс хамаарч шийдвэрээ гаргадаг. Өөр нэг сөрөг нөлөө гэвэл өрийн дарамт. Монгол Улс ирэх жил бондын анхны төлбөрийг төлж эхэлнэ. Санхүүгийн салбарын нөхцөл байдал ч сайнгүй байна. Орон сууцны зээл зогсонги байгаатай холбоотойгоор барилгын салбар хүндхэн байгаа.
-2016 оны хувьд дотоод, гадаад гэсэн хоёр талаас нь харвал ямар зураг харагдаж байна вэ. Гадаад талдаа гэхээр баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг лав сайнгүй үргэлжлэх юм шиг байна?
-Гадаад хүчин зүйл гэдэг талаас нь харвал таатай зүйл ажиглагдахгүй байна. Ганц Хятад ч биш манай хойд хөршийн эдийн засаг ч таагүй байхаар дүр зураг харагдаж байна. Хятадын хөрөнгийн зах зээл гэхэд л уналттай байгаа. Хоёр ч удаа худалдаа, арилжаагаа зогсоолоо. ОХУ-ын эдийн засаг сэргэж амжаагүй хэвээр байна.
-Сүүлийн үед орон сууцны зээлийн найман хувийг буулгах асуудал хүчтэй яригдаж байна. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрсдэл нь өснө гэж ойлгох хэрэгтэй л дээ. Эрсдэлийг хэн даах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Банкууд даах юм уу, эсвэл төр үү гэдэг асуудал бий.
-Инфляци өнөөдрийнхөөс хамаагүй өндөр байхад найман хувь болгосон юм чинь одоо таван хувь болгоход асуудалгүй гэсэн тайлбар бас бий…?
-Өнөөгийн нөхцөл байдалтай холбож ярихад төсвийн орлого тасарчихсан. Чанаргүй зээлийн хэмжээ өсчихсөн. Ийм үед санхүүжилт хаанаас гарах нь анхаарал татаж байгаа. Гаднаас мөнгө босгох замаар шийдэж болох юм. Гэхдээ ингэж шийднэ гэхээр төгрөг суларсан өнөөдрийн хувьд эрсдэлтэй. Ханшийн эрсдэл гэж том зүйл тулгарна.
Нөгөө талаас манай улс маш их хэмжээний өрийн дарамтад байгаа учраас гаднаас орж ирэх эх үүсвэр хямд байж чадахгүй. Өөрөөр хэлбэл бидэнд хямд эх үүсвэр олдохгүй. Таван хувиасаа давсан эх үүсвэр олдохоор харагдаад байгаа.
-Манай улсын экспортолдог эрдэс баялгийн үнэ энэ жил яах бол, ямартай ч зэсийн хувьд нүүрс шиг уруудахгүй гэсэн таамаг гарсан харагдсан…?
-Зэсийн хувьд яваандаа өсөх хандлагатай байгаа. Нүүрсний хувьд маш хүнд байдалтай байх нь ойлгомжтой. Ойрын дөрөв, таван жилдээ өөдрөг зүйл ажиглагдахгүй болов уу. Нүүрсийг ерээд онд бүр авахаа больсон байсан. Нүүрсний зах зээл сэргэлээ гэхэд Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ хэр байх вэ гэдэг эргэж харахаар асуудал. Нүүрсний үнэ өссөн 2011, 2012 онуудад дэлхийн нүүрсний үнэ өссөн гэхээс илүүтэй Австралийн үер гэсэн том шалтгаан байсан. Австралиас Хятадад нийлүүлдэг нүүрс боломжгүй болоод Монголоос их хэмжээгээр дажгүй үнээр авсан юм.
-Эдийн засгаа уруудуулчихгүй тогтоож барья гэвэл бидний өөрсдийнхөө зүгээс шийдчих боломжтой ямар гарцууд байна?
-Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Экспортолж буй бүтээгдэхүүнүүдээ харахаар түүхий эдээс өөр бүтээгдэхүүн бараг л алга байна. Тэгэхээр аль болох дотоод бизнес, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас Хятад, Орос зэрэг гадны улсуудын дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулаад нэмэртэй юм болохгүй. Учир нь бид тухайн бүтээгдэхүүнийг тэднээс хямд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэхээр хоёр гол зах зээл дээрээ эрэлт ихтэй байхуйц бүтээгдэхүүн экспортлох бодлого барих хэрэгтэй. Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнүүд гэж бий. Ийм сүлжээнд нэгдвэл илүү амжилт олно.
-Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдсэнээр их мөнгө олох боломж нээгдэнэ гэсэн үг үү?
-Монголын ноолуур гадагшаа гарч байгаа. Нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдвэл монгол ноолуур дэлхийн зах зээлд танигдсан шошготойгоор зарагдана гэсэн үг. Ийм тохиолдолд монгол ноолууран бүтээгдэхүүн илүү хурдан хугацаанд дажгүй үнээр зарагдах боломж нээгдэх юм.
Дэлхийн том компаниуд зах зээлээ хуваагаад авчихсан ийм нөхцөлд монгол компанийн нэр, шошготойгоор дэлхийд танигдаж бүтээгдэхүүнээ борлуулахад урт хугацаа орно.