Categories
мэдээ спорт

Футзалын өсвөрийн улсын аваргууд маргааш тодорно

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын өсвөрийн УАШТ энэ сарын зургааны өдөр эхэлсэн. Тэмцээн 11 болон 13 хүртэлх гэсэн хоёр насны ангилалд нийт 57 багийн дунд явагдаж ийнхүү өнөөдөр хагас шигшээн тоглолтууд боллоо. Өөрөөр хэлбэл тэмцээний ахлах буюу 13 хүртэлх насанд нийт 32 баг харин 11 хүртэлх насанд 27 баг оролцсон. Эндээс нас насны ангилалд нийт хөдөө орон нутгийн 9 баг тоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой мөн тэнцвэртэй болгож чадлаа.

Өнөөдөр хагас шигшээн сонирхолтой, хариуцлагатай тоглолтууд боллоо. 11 хүртэлх насанд хэсгээ гурван хожилтой тэргүүлэн гарч улмаар нэг ч ялагдал амсаагүй байсан “Сэлэнгэпресс” клүбийн тамирчид өнөөдөр мөн ижил амжилтыг гаргаад байсан “Хараацай” клубтэй өрсөлдөж, үндсэн цагт 4-1 харьцаатай ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

Тэдэнтэй энэ насны ангилалд алтан медалийн төлөө “Чингэлтэй” дүүргийн баг тоглохоор боллоо. Учир нь тэд хагас шигшээд “Эрхэс” багийг цорын ганц бөмбөгөөр буулгаж авсан юм.

Футзалын өсвөрийн УАШТ-ий 11 хүртэлх насны хүрэл медалийн төлөөх тоглолт маргааш өглөө 08:30 цагаас “Хараацай” ба “Эрхэс” багуудын тоглолтоор эхэлнэ.

Тэгвэл тэмцээний 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөө “Хараацай” болон “Хан-Уул” дүүргийн багууд тоглохоор тус тус шалгарч үлдлээ. Аваргын төлөө шалгараад байгаа дээрх хоёр баг хоёулаа нэг хэсэгт багтаад байсан бөгөөд ийнхүү хоёул цааш шалгаран ялалт байгуулсаар дахин шигшээд уулзахаар боллоо.

“Хараацай” клубын тамирчид өнөөдөр “Дэрэн” клубын тамирчдыг 4-0 харьцаатай буулгаж авсан бол Хан-Уул дүүрэг өрсөлдөгч “ДМЮ”-г 4-2 харьцаатай ялсан байна.

13 хүртэлх насанд “Арвис” клүбийн 11 дугаартай тоглогч Намсрайдорж 27 гоол оруулсанаар мэргэн буучдыг тэргүүлж байгаа бол, 11 хүртэлх насанд “Сэлэнгэпресс” клүбийн 17 дугаартай Х.Чингүүн 17 гоол оруулсанаар мөн энэхүү жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байна.

Маргааш өсвөрийн УАШТ-ий финалын тоглолтууд болон хаалтын үйл ажиллагаа МХБХ-ны футзалын ордонд явагдах болно.

Categories
мэдээ нийгэм

Баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг дугаараар ангилна

Cap шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Тус захирамжийн хүрээнд баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болжээ. Тиймээс

Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн оронТЭГШ тоогоор төгссөн

Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Дугаарын хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчлэх юм байна.

Түүнчлэн дээрх өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Үйсэнмаа Германы кино наадмаас шагнал хүртжээ

Германы Мюнхен хотноо болсон Баварийн кино наадмаас Монголын уран бүтээлч Б.Үйсэнмаа “Намайг битгий ингэж хар” киногоор “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал хүртжээ. Б.Үйсэнмаа киногоо найруулахын зэрэгцээ Хэди хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон байна. Энэ кинонд эмэгтэйчүүд болон тэдний өнөөгийн дүр төрх, зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй илэрхийлэхийг зорьжээ.

“Намайг битгий ингэж хар” кино Испанийн Таррагона хотод болсон кино наадмаас “Өвөрмөц санаа” шагнал хүртсэн байна. Кино гуравдугаар сард Германд нээлтээ хийх юм байна.

С.АРИУН


Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайн цэцэрлэгүүдийг даваа гаригаас эхлэн түр хугацаагаар хаана

Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч улам чангарах болсныг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймгийн цэцэрлэгүүд түр хугацаагаар хаалгаа барихаар болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд одоогоор улирлын ээлжит амралт тохиогоод байгаа.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг энэ сарын 18-23-ны хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Түүнээс гадна тус аймагт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Одоогийн байдлаар тус аймагт уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

1,6 -аар төгссөн бол энэ сардаа багтан татвараа төлөх ёстой

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч дараахи байдлаар төлөхөөр зохицуулалт хийжээ.

Үүнд:
*1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
* 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
* 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
* 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
* 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө.

Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм.

Та тээврийн хэрэгслийн албан татвараа Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан өгч болно

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай бол сонгуулиас жилийн дараа хийх ёстой гэж боддог

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн билээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагнал Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулагдаж явж байсан. Монголын түүхэнд Төрийн шагналтай холбоотой асуудлыг цогцоор нь хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа анхны санаачлага гэж хэлж болно. Гол зорилго нь Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой. Одоо олгогдож байгаа төрийн шагналууд дээр хуучин төрийн сүлд байгаа. Үүнийг өөрчилж Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Төрийн шагналын эрэмбэ шалгуурыг дээшлүүлж, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажилласан” гэсэн юм.

Одон, медалиудын төрөл болоод олгох хүмүүсийн тоог багасгасан байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэлх хүнд олгохоор төлөвлөжээ. Эрдэнийн очир одонг жилд 100 хүртэл хүнд олгохоор тусгасан бол “Алтан гадас” одонг жилд 1000 хүртэл хүнд олгох аж. Харин цэргийн гавьяа одонг жилд 500 албан хаагчид олгох юм байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаас товчлон хүргэе.

Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зарим одон медалийг хассан гэсэн?

-Бид хуулийн төслийг боловсруулахдаа уламжлал, залгамж чанараа хадгалахыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медаль байна.

Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа. Нэгдүгээрт, амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт, ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт, эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт, хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Манай алдар цуутай хүмүүс олон. Бүгдийг нь одон болгож хувиргаад байж болохгүй юм билээ. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэж очиж магадгүй гэж харж байгаа. Эрдэнийн очир одонг гаргаж ирсэн. Эрдэнийн очир одонгийн хувьд олон одонг төлөөлөх боломжтой. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон гэж байдаг. Онцгой тохиолдолд энэ одонгуудыг төлөөлж Эрдэнийн очир одонг олгох нь зөв юм гэж үзэж байгаа.

-“Шагналд тодорхойлуулсан боловч олон жил боллоо. Мөнгө өгвөл авч болдог юм байнагэсэн яриа хүмүүсийн дунд байдаг?

-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Хууль байхгүй, маш ойлгомжтой шалгуур байхгүй учраас тодорхойлж байгаа улсуудыг буруутгах аргагүй. Одоогоор гавьяат цол хүссэн, тодорхойлогдсон цолоо аваагүй хүмүүсийн тоо 8000 гаруй байгаа шүү дээ. Миний Ерөнхийлөгч болоод баримталсан зарчим бол төрийн одон медалийг шалгуурт нь нийцүүлж өгөх ёстой. Худалддаг, зардаг, зуучилдаг баримттай асуудал байгаа бол шууд Тамгын газарт авчирч өг гэдгийг байнга хэлж байгаа. Шууд хуулийн байгууллагаар шалгуулах болно. Гараагүй зарлигийг гаргасан болгоод, зарлигийн дугаарыг өөрчлөөд, одон медалиа хаясан барьсан нэрийн дор завших гэж оролдсон, журмын бус хандлага ганц нэг тохиолдол гарч байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад хариуцлагаа үүрсэн. Одоо энд нээлттэй хэлчихье. Одон медалийг дамладаг, зуучилдаг, үнэлдэг юм байх юм бол ёстой “толгойг чинь авна” шүү, энд шагналын тасгийнхан сууж байна. Хуульд ямар хариуцлага заасан байна, тэрний дагуу явна. Энд ямар ч өмгөөлөл байхгүй.

Хамгийн ихдээ ямар одон, медаль олгодог вэ. Ер нь жилд хичнээн хүнд одон медаль өгдөг юм бол?

-Нийт насанд хүрсэн хүмүүсийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон. Амжилт бүтээл, хугацаа, ажилласан жил байна гээд шалгуур тавих гээд явж байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон их олгогддог. Тоо тавихдаа ч энэ бүхнийг баримталсан. Тоо хэмжээний хувьд 3-5 дахин буурч байгаа.

Улс төрийн намуудын тухай хуулийг сонгуулиас өмнө батлуулах боломжтой юу?

-Улс төрийн намын хуулийг би батлагдаасай гэж бодож байгаа. Намын удирдлага намын улсуудтай ярьсан. Мэдээж дургүй, эрс эсэргүүцдэг ганц нэг зүйл бий. Энэ бүхнийг ярилцаад УИХ дээр шийдэх бүрэн боломжтой. Энэ хуульд оруулах ёстой харилцаанууд, хүн бүхний яриад байдаг зүйлүүдийг оруулсан. “Нам муу байна. Болохгүй байна, энэ буруу байна” гээд шүүмжлээд байдаг. Яг үүнийг засъя гээд хуулийн төсөл болгоод оруулна гэдэг амаргүй ажил шүү. Энэ бол үнэхээр хэрийн албан тушаалтнаас гардаг алхам биш. Гарч ч байгаагүй. Тийм учраас үүнийг зөв болгоё. Цаашаагаа сайжруулаад, бүх орох ёстой харилцааг нь оруулаад явъя гэсэн. Үнэхээр нам нь муу болохоор ажил явахгүй байна. Нам дотор янз бүрийн муу юм байгаа учраас түүгээр дамжаад төр рүү тэр муу бүхэн орж ирээд байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа учраас тайлбарлаад яахав. Батлагдана, батлагдаад Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гээд хажууд нь оруулаад явж байгаа. Ямар харилцаа нь батлагдангуут шууд хэрэгжээд, ямар нь тодорхой хугацаанд хэрэгжээд явах вэ гэдгийг тэр журмын тухай хуульд заагаад өгчихсөн. Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулиуд president.mn дээр бий. Түүнийг татаж аваад, уншаад, тэр бүү хэл саналаа явуулах бүрэн боломжтой шүү.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөхөд мөнгөний эх үүсвэр хаанаас гарах юм бэ?

-Маш товчхон хариулъя гэж бодож байна. Олон хүн надад хандсан. Хүмүүс янз бүрээр л харж байгаа байх. Айл өрхүүдэд 1-20 хүртэлх гээд шатлал тавиад явсан. Энэ шалгуур хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ үүн дээр гурван зүйл гарч ирээд байгаа. Тэртэй тэргүй хүүхдийн мөнгөө авдаггүй. Өөрөө очиж хүүхдийн мөнгөө бүртгүүлээгүй хүнд тэр хүүхдийн мөнгийг өгдөггүй журам одоо ч хэвээрээ байгаа. Бүх хүүхдэд мөнгө гаргаж байгаа. Харин аваагүй үлдсэн мөнгө нь төсөвт үлдээд бусад зүйлд зарцуулагддаг. Одоогийн судалгаагаар 18 хүртэлх насны хүүхдийн 86 хувь нь мөнгөө авч байгаа. 14 хувь нь авдаггүй гэсэн судалгаа бий. Би жишээлбэл өөрийнхөө насанд хүрээгүй хоёр хүүхдийнхээ мөнгийг авдаггүй. Асарч явдаг хүүхдүүдийнхээ мөнгийг аваад хадгалаад явдаг. Хуримтлал хүүхдэдээ үүсгээд явах ёстой гэж боддог. Ийм харилцаанууд байгаа. Өөрөө очоод хүүхдэдээ авна гээд авч байгаа бол авах боломжтой. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн шалгуур тавих нь илүү. Бүртгэлийн тал дээр сайн ажил болсон байж магадгүй. Гэхдээ миний сонссоноор гэрт нь очоод “Танайх хөргөгчтэй юм уу, зурагттай юм уу. Машин чинь зээлийн юм уу” гэдэг. Ямар ч хүнд амьдралтай айл бай тэр зурагт орчин үеийн техник технологийн зүйлүүд байгаа шүү дээ. Мэдээж би нийгмийн даатгалын хүмүүс бүгд шударга хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ дээр нь би шийдэж байгаа. Би мэднэ, би танай хүүхдийг оруулж чадна, хасаж ч чадна гээд тодорхой албан тушаалтан дээр ийм асуудал үүсээд байгаа байхгүй юу. Миний эхнээс нь хүүхдийн мөнгөн дээр барьсан зарчим бол ийм юм хэрэггүй юм даа. Яг иргэнд нь л эрхийг нь өгчихье. Авна гээд бүртгүүлээд авч байгаа бол боломжийг нь олгоё гэдэг байр суурьтай байсан. Улсуудын яриад байгаа нь эргээд өгөх байсан бол яах гэж судалгаа хийсэн юм гэдэг. Яахав төсөв хүрэхгүй байна гээд УИХ ярьж байгаад тогтоолоо гаргаад явсан. Тогтоолд нь өөрчлөлт оруулах л асуудал байгаа юм билээ. Засгийн газар ч энэ асуудлыг дотроо яриад ер нь энэ өөрчлөлтийн асуудлыг тавиад шийдүүлье гэж байгаа юм билээ. Нөгөө үндэслэл бол нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ илүүтэй ер нь Монголын хойч үе эрүүл өсч торних бодлогын асуудал юм гэдэг байр суурийг би барьж байгаа. Энэ ялгавартай олгох хүрээнд үнэхээр хүүхдийн мөнгө шаардлагатай байгаа хүмүүс хасагдчих нөхцөл харагдаад байгаа юм. Тийм учраас үүн дээр санаачилга гаргаж байгаа.

Сонгуулийн тухай хуулийн талаар таны байр суурь ямар байгаа бол?

-Сонгуулийн хуулийн хувьд эцсийн редактороо УИХ сонсоогүй байгаа юм билээ. Ингээд хэлчихээр “Ерөнхийлөгч эцсийн редакторын дараа хориг тавих гэж байгаа юм шиг байна. Тавих гэж байгаа юм байна, харна барина гэсэн” гэсэн ийм яриа битгий гаргаарай. Сонгуулийн хуулийн талаар миний баримталж ирсэн байр суурь, намуудтай, УИХ-тай ярьдаг юм бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрвээ шаардлагатай бол сонгуулийн дараа жилийн дотор л оруулчихмаар байгаа юм. Одоо явсаар байгаад сонгууль, шинэ он дөхүүлээд гурав дөрөв хоногт баталж байгаа нь янз бүрийн хардлага, шүүмжлэлд ордог. Сонгуулиа хийлээ ямар сургамж байна жилийн дотор хуулиа өөрчлөөд зарлачих юм бол дахиад гурван жил тэр нам, бүх хүн мэдээлэлтэй болно. Энэ улс төрд олон жил явсан хүний хувьд ийм байх ёстой гэж боддог. Үүн дээр олон хүн санал нийлдэг боловч хэрэгжүүлж чадахгүй явж байгаа. Олон удаа, олон жил яриад баталж байгаа хууль дээр онцгой нөхцөл байдал байхгүй бол хориг тавих тухай асуудал байхгүй. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавихгүй юм байна гээд зарлачихаж болохгүй. Энэ шийдвэрийг би л өөрөө гаргадаг. Ингээд хэлэхээр тавих гэж байгаа юм байна гээд байж болохгүй. Элдэв сул яриа бол хэрэггүй шүү.

Төвийг сахих бодлогын талаар?

-Хүмүүс их тойруулаад шуугиан болгоод байгаа. Энэ хуульд маш тодорхой бий. Монгол Улс энхийн цагт ямар нэгэн цэрэг дайны эвсэлд оролцохгүй. Одоо энэ хөрш орнууддаа ямар нэгэн аюул учруулахгүй гэсэн байр суурь шүү дээ. Дайны үед өөр лүү нь довтлоогүй бол ямар нэгэн аюул бусдад учруулахгүй гэсэн л үг. Ганцхан юм л хэлье. Ярилцлагууд, хэлэлцүүлгүүд яваад л байгаа. Энэ бол маш том зүйлийг асар шахаж багтаасан, хэдхэн заалттай маш ойлгомжтой хууль. Монгол Улсын бие даасан, тусгаар тогтносон байдал үеийн үед тасралтгүй үргэлжлээсэй гэж хүн бүхэн боддог. Яг энэ уяа бол явж явж энэ бодлого юм. Энэ тухай 100 жилийн өмнө ч ярьж байсан. Одоо нөхцөл бүрэн бүрэлдэж байна гэж үзэж байгаа. Энэ бол бүс нутаг, хөрш орнуудын хувьд зөв бодлого. Монгол Улс өөрөө тууштай, тогтвортой нэг бодлоготой байна гэдэг бол бидэнтэй харилцаж байгаа бүх улс орнуудад сайн зүйл юм.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Сүрэнхорлоо: Талийгаач хүү ангийнхандаа “Цагдаа нарт зодуулаад бөөлжөөд байна” гэж хэлсэн байна

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очоод гурав хоног ухаангүй байж байгаад нас барсан билээ. Талийгаачийг таньдаг хүүхэд аавынхаа хамтаар түүнийг зодож, цагдаад хүргэж өгсөн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Хүүг зодсон хэргээр шалгагдаж байгаа С.Бямбасүрэнгийн эгч С.Сүрэнхорлоотой ярилцлаа.

Та Өвөрхангай аймаг яваад ирсэн гэсэн. Дүү Бямбасүрэнтэйгээ уулзсан уу?

-Би нийслэлийн иргэн л дээ. Дүүгээ хэрэгт холбогдсоныг дуулаад Өвөрхангай аймаг яваад зургаа хоноод ирлээ. Гэрчүүдтэй нь уулзаад, талийгаач хүүгийн ар гэрийнхэнтэй ч бас уулзлаа.

Харин дүүтэйгээ уулзаж чадсангүй. Хэнтэй ч уулзуулахгүй байгаа юм байна. Миний дүү иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн юм билээ. Талийгаач хүү өмнө нь гурван удаа манай дүүгийн хүүхдийн эд зүйлийг нь авсан юм байна. Гар утас, арван мянган төгрөг, савхин бээлийг нь авсан гэсэн. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа манай дүү тээврийн жолооч хийдэг юм. Тэр өдөр ажлаа хийгээд явж байж. Машинд нь өөрийнх нь хүүгээс гадна бас гурван зорчигч байсан гэсэн. Гүүрэн дээр явж байтал талийгаач хүүтэй таарч “Аав аа, энэ нөгөө миний утсыг авсан хүү байна” гэж. Тэгэхээр нь манай дүү энэ хүүхэдтэй чинь нэг уулзаад, ээж, аавд нь хэлье гээд бууж араас нь дуудсан байгаа юм. Тэгсэн хүү зугтаасан. Айж ичиж яваад юман доогуур орчих вий гээд араас нь очоод барьж авсан гэсэн. Зугтаах гээд байхаар нь арай гэж машиндаа суулгасан байна. “Стана” маркийн машинтай л даа. Тухайн үед машинд нутгийн нэг багш хүүхэн, хойно нь хоёр залуу сууж явсан байгаа юм. Тэр багш эмэгтэй юу болсныг сайн сонсож харж байсан гэсэн. Түүний хэлснээр манай дүү талийгаач хүүд хандаад “Дээрэм хийж болохгүй. Чи миний хүүгээс ялгаа юу байхав. Юунаас болоод, яагаад ийм хэрэг хийгээд байгаа юм. Ах нь чамаас хүүгийнхээ утас, мөнгийг авахгүй. Харин ар гэрийнхэнтэй чинь уулзъя. Утас нь байвал ярья гэсэн байгаа юм. Харин хүү дуугарахгүй байсан гэсэн. Тэгэхээр нь “За тэгвэл чамайг хүүхдийн байцаагчид аваачиж өгье. Чамайг одоо ингээд явуулахаар, дараа нь бас та хэд таараад зодолдоод янз бүр болохоос сэргийлж байна” гээд аймгийн хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн байна лээ.

Хүүхдийн байцаагч хэрхэн хүлээж авсан юм бол?

-Болсон бүх зүйлийг хэлээд талийгаач хүүг оруулж өгсөн гэсэн. Байцаагч нь “би хүүг хүлээж авлаа, та одоо явж болно” гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа цагдаагаас дуудсан гэсэн. “Чиний авчирсан хүүхэд бие нь муу, сэхээнд орчихож” гээд дуудсан байгаа юм. Цагийн дараа аав, хүү хоёрыг баривчлан авчирч байцаасан байгаа юм. “Би зугтаах гээд байхаар нь татаж чангаагаад машиндаа суулгасан нь үнэн. Гэхдээ нэг ч удаа толгой тархи руу нь цохиогүй. Татаж чангаах явцдаа гэдэс рүү нь жаахан цохисон гэж хэлсэн байсан. Зугтаагаад машинд суухгүй байхаар нь айж, ичиж яваад янз бүр болох вий гээд зууралдсаар байгаад машинд нь суулгасан юм билээ. Зууралдаж байхдаа гэдэс рүү нь цохих шиг болсон гэж өөрөө мэдүүлсэн байсан. Хүүг цагдаад хүлээлгэж өгөхөд ухаан нь саруул, бие нь эрүүл, ямар ч гэмтэлгүй, шарх сорвигүй байсныг тухайн үед Уянга сум руу явах гэж байсан зорчигчид гэрчилж байгаа.

Хүүгийн үхлийн шалтгааныг цагдаагийнхантай холбоотой гэж хардаж байгаа юм уу?

-Хэрвээ талийгаач хүүг зодсон, тэр нь хүүгийн үхлийн шалтгаан болж байгаа бол бид юу ч хэлэхгүй, хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Эрүүл саруул зүгээр байсан хүүхэд амиа алдсанд бидний хувьд үнэхээр их харамсч байна. Гэхдээ хэргийг үйлдсэн хүн зохих шийтгэлээ аваасай. Иргэнийхээ үүргийг гүйцэтгэснээс өөр буруу зүйл хийгээгүй хүн хэлмэгдчих вий дээ гэж бодож байна. Нэг баримт хэлэхэд, талийгаач хүү ар гэрийнхэндээ “Намайг цагдаа зодсон” гэж хэлсэн байна лээ. Хүүгийн ар гэрийнхэнтэй уулзах гээд эмнэлэг дээр очиход “Миний хүүхдийг зодсон цагдаагаа дагуулаад ир” гээд уйлцгааж байсан. Хүү ухаан нь гайгүй байхдаа гэрийнхэндээ итгэж хэлсэн юм болов уу даа. Тэгээд манай дүүгийн эхнэр буцаад хүүхдийн байцаагч дээр яваад очсон байна. “Танд эрүүл саруул хүүхэд хүлээлгэж өгсөн гэж нөхөр маань хэлсэн. Ар гэрийнхэнтэй нь уулзах гэсэн цагдаагаа дагуулаад ир гэж шаардаад байна. Цуг очъё” гэсэн чинь хүүхдийн байцаагч “Би очихгүй, айгаад байна” гээд яваагүй байна. Талийгаач хүүгийн ах нь нэг сайтад ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад бас “Дүүг маань цагдаа нар зодсон” гэж хэлсэн байна лээ. Бас хүү ангийнхаа найзуудад “Цагдаа нарт зодуулаад толгой өвдөөд, бөөлжөөд байгаа” гэж ярьсан байсан. Гэтэл бүх л хэвлэл мэдээллээр, иргэн Б нь цохиж зодон машиндаа чихэж суулгасан гэж мэдээлж, дүүд маань Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл ангиар тулган хүлээлгэхээр хэрэг үүсгэн арванхоёрдугаар сарын 26-нд баривчлан хорьж, өнөөг хүртэл хэнтэй ч уулзуулахгүй байгаад их л санаа зовж явна.

Хохирогчийн гэрт нь очсон гэсэн үү?

-Тийм ээ. Ах, дүү нар нь их л гомдолтой хэцүү байсан. Талийгаач хүүгийн аав бидэнтэй уулзсан. Үнэнээ л хэлээд орлоо. “Их харамсч байна, гэхдээ хэлмэгдээд буруугүй хүн ял үүрээд буруутан болчих вий дээ гэж явна” гэсэн. Аав нь хэргийн үнэн учрыг нь олоорой. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт унагачих вий гэж хүүхдүүддээ хэлж байна лээ. Цагдаа нар л гэрийнхэнд нь манай дүүг буруугаар ойлгуулсан юм шиг байна лээ.

Талийгаач хүүгийн хойноос хөөж байгаад гүүрэн дээрээс унагаах шахсан гэж сонссон. Энэ ямар учиртай юм бол?

-Гүүрэн дээр тэд таараад хойноос нь дуудахад зугтаасан гэсэн. Тэгээд гүүрний хойно хуучин нурсан барилга дээр зогсоод буухгүй байсан байна. Энэ үед хүү их айсан харагдаж л дээ. Манай дүү ч их сандарч, “Миний дүү буугаад ир ээ. Ах нь чамаас хэдэн зүйл асууя” гэсэн байгаа юм. Тэгсэн буухгүй байхаар нь уначих вий гээд цамцнаас нь арай гэж барьж аваад буулгасан гэсэн. Ийм л зүйл болж. Гэтэл талийгаачийн ар гэрийнхэн манай дүүг унагаахаа алдсан, зодож нүдсэн гэсэн ойлголт авсан байна лээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай дүүгийн хүүхэд талийгаач хүүг цагдаад хүлээлгэж өгөхдөө утсан дээрээ яагаад ч юм нэг богино хэмжээний бичлэг хийсэн байгаа юм. Тэр бичлэг дээр хүү эрүүл саруул байгаа нь тод харагдаж байж. Тэгсэн аавыг нь хорьсны дараа манай дүүгийн хүүхдийг хичээл дээрээ сууж байхад нь нэг цагдаа ирсэн гэнэ. Хичээлээс нь дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад “Утсаа өг” гээд авчихаж. Та яах гэж байгаа юм гэж асуухад нь “Би цагдаа. Тийм учраас авах ёстой” гэж хэлээд утсан дээр нь байсан бичлэг, зургийг устгачихсан гэсэн. Ийм л учир битүүлэг зүйл болоод байна. Цагдаа, шүүх нь хэргийг үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж хүлээж байна даа. Тэр бичлэгийг сэргээж болдог бол сэргээх хэрэгтэй юмсан.

С.Бямбасүрэн хэдэн жил жолооч хийж байгаа вэ. Хэдэн хүүхэдтэй юм бол?

-Хориод жил хүн тээврийн жолооч хийж байна. Өглөө Уянга сумаас хүмүүсээ дүүргээд аймгийн төв ордог. Орой зах тарахаар зорчигчдоо суулгаад сумандаа ирдэг ийм ажилтай. Уянга сумын иргэд, аймгийн төвийн зах, худалдааны төвийн хүмүүс дүүг маань бүгд таньдаг юм байна. Олон хүнээр хүрээлүүлсэн, нэр хүндтэй явдгийг нь саяын хэдэн хоногт мэдлээ. Архи, тамхи хэрэглэдэггүй. Хоёр хүү, нэг охинтой. Гэр бүлээ тэжээдэг ийм л энгийн хүн. Би эгчийн хувьд дүүгээ хүний хүүхдийг зодож, гэмтээх хүн биш гэж хэлж чадна. Аав ээжээсээ бид наймуулаа. Нэг ч удаа бид бие биетэйгээ муудалцаж, нэгэн рүүгээ хялайж харж үзээгүй. Хэн ч юу ч гэж хэлж байсан бусадтай хэрэлдэж, муудалцах хүн биш. Дүүг маань ийм хэрэгт холбогдсоных нь дараа сумын ард түмэн бүгдээрээ цугларч, гарын үсгээ зураад дүүгийн маань зан байдлыг тодорхойлж бичээд явуулсан байна лээ. Бямбасүрэн шударга, сайн хүн. Зорчигчийг хаа хүссэн газар нь найдвартай хүргэж өгнө. Хүмүүсийн захисан эд зүйлсийг нь хүртэл хүргэж өгнө. Цагдаагийн газрын, Засаг даргын тамгын газрын гээд бүхий л албан бичиг, баримт сэлтийг тухай бүрт нь найдвартай хүргэж өгдөг гэж ярьж байна лээ. “Сумын найдвартай түнш” гэсэн жолоочийн өргөмжлөл хүртэл авч байсан байна.

Х.ЦэндАюуш

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын шагналын 88 дахь удаагийн ёслол ирэх сарын 28-нд болно

Ирэх хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Колифорни мужийн Долби театрт 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болох гэж байгаа юм. Уг шагналд нэр дэвшиж буй уран бүтээл болон уран бүтээлчдийн нэр тодорчихсон байгаа. Энэ жилийн шагнал гардуулах ёслол бусад жилээс илүү сонирхолтой болох хандлагатай хэмээн кино сонирхогчид үзээд буй юм. Учир нь жүжигчин Леонардо Ди Каприо The Revenant киногоор шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байгаа явдал юм. Леонардо Ди Каприо 42 нас хүрч байгаа, Оскарын шагналд олон нэр дэвшч байсан ч нэг ч удаа шагналыг авч байгаагүй юм. Түүнийг энэ жил Оскарын шагнал авна гэж магадлал төрүүлсэн нэг үйл явдал бол хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг” наадам байлаа. ТЭрээр уг наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг The Revenant уран бүтээлээрээ хүртсэн юм. Энэ удаагийн наадамд хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа уран бүтээлээр найруулагч Алехандро Г.Инарритугын бүтээл “The Revenant” 12 төрөлд өрсөлдөж байгаа аж. Мөн бидний сайн мэдэх “Оддын дайн” цуврал уран бүтээлийн сүүлчийн анги болох “Star Wars: The Force Awakens” Оскарын шагналд нэр дэвшиж байгаа нь сэтгэл догдлом үйл явдал болж байна.

Ингээд 88 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг дор танилцуулъя

Оскарын шилдэг кино буюу шилдэг уран бүтээлээр

-“The Big Short”, “Bridge of Spies”, “Brooklyn”, “Mad Max: Fury Road”, “The Martian”, “The Revenant”, “Room”, “Spotlight” зэрэг кинонууд нэр дэвшээд байгаа юм.

Шилдэг найруулагчаар

-Ленни Абраамсон-“Room” киногоор, Алехандро Г.Инарриту- “The Revenant” киногоор, Том Маккартни “Spot­light”, Адам Маккэй-“The Big Short”, Жеорж Миллер “Mad Max: Fury Road” киногоороо өрсөлдөж байна.

Шилдэг эрэгтэй гол дүрд

-“Брайн Кранстон-“Trumbo” Далтон Трумбогийн дүрээр”, “Матт Дамон-“The Martian” Марк Вэтнигийн дүрээр”, “Леонардо Ди Каприо-“The Revenant” Хью Глассын дүрээр”, “Майкл Фэссбэндэр -“Steve Jobs” Стив Жобсын дүрээр”, “Эдди Рэдмэйни -“The Danish Girl” Лили Элбэгийн дүрээр” өрсөлдөх аж.

Шилдэг эмэгтэй гол дүрд

-“Кэйт Бланхетт-“Carol” Карол Айрдын дүрээр”, “Брай Ларсон -“Room” Жое Ньюсомын дүрээр”, “Жэниффер Лауренс -“Joy” Жое Манганогын дүрээр”, “Шарлотт Рамплинг -“45 Years” Кайт Мэркорын дүрээр”, “Саорис Ронан- “Brooklyn” Эйлис Лэсиегийн дүрээр” өрсөлдөнө.

Шилдэг эрэгтэй туслах дүрд

-“Кристиан Бэйл-“The Big Short” Мэйкл Бүрригийн дүрээр”, “Том Харди-“The Revenant” Жон Фитзгерхардын дүрээр”, “Марк Руффало-“Spotlight” Майкл Резендисийн дүрээр”, “Марк Риланс-“Bridge of Spies” Рудольф Абелийн дүрээр”, “Силевистер Сталлоне-“Creed” Роки Бальбаогийн дүрээр” тус тус дэвшсэн байна.

Шилдэг эмэгтэй туслах дүрд

-“Женнифер Рэйсон Лэйх-“The Hateful Eight” Дэйси Домергүгийн дүрээр”, “Рүүни Мара-“Carol” Тирэси Беливетийн дүрээр”, “Ричар Макадамс-“Spotlight” Саша Пэйффирийн дүрээр”, “Алисиа Викандер-“The Danish Girl” Герда Вегенерийн дүрээр”, “Кэйт Винслет-“Steve Jobs” Жоана Хоффмэний дүрээр” өрсөлдөх юм.

Шилдэг хүүхэлдэйн кино буюу анимэйшний төрөлд

-“Anomalisa”, “Boy & the World”, “Inside Out”, “Shaun the Sheep Movie”, “When Marnie Was There” нэр дэвшээд байна.

Шилдэг киноны дуугаар

-“Fifty Shades of Grey” киноны дуу “Earned It”-The Weekеnd”, “Racing Extinction” киноны дуу “Manta Ray”-Antony Hegarty, “Youth” киноны дуу “Simple Song #3”-David Lang, “The Hunting Ground” киноны дуу “Til It Happens to You”-Lady Gaga, “Spec­tre” киноны дуу “Writing’s on the Wall”-Sam Smith зэрэг уран бүтээлүүд тус тус өрсөлдөхөөр тодроод байна.

С.Ариун

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадам өнөөдөр эхэлнэ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдоно. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо бүртгэж дуусан өнөөдөр наадмаа эхлэх гэж байна.

Оны шилдэг дуу шалгаруулах тус наадам 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа агаад наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд өнөөдөр, маргааш хоёр өдөр болох юм. Харин хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрх зөрчсөн цэцэрлэгүүдэд арга хэмжээ авахаар болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Боловсрол, соёлын газар, хэлтсийн дарга нарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Ингэснээр оны өмнө болон он гарсаар хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулсан гэж олныг цочирдуулсан мэдээлэл хуулийн байгууллагын шалгалтаар үнэн мөн нь нотлогдвол дээрх хариуцлагыг хүлээхээр болсон байна.