Categories
мэдээ цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2014.01.17-Ы АРХИВ: Монцгор төртэй байснаас монжсон иргэдтэй байсан нь дээр

Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг санаачилгыг чухам дээр дооргүй л ярьцгааж байна. Сөрөг хүчин хүртэл үүнийг дэмжиж, урьд өмнө өөрсдөд нь падгүй байж байгаад чухам одоогийн төрд л хамаатай юм шигээр ярьцгааж байна аа. Гэхдээ энэ тэр нь хамаагүй, хамгийн чухал нь данхайсан толгойтой, цүрдийсэн гэдэстэй төртэй байснаас иргэд нь гэдэс дүүрэн, халаас бүтэн байхыг хаа хаанаа мэдсэн нь сайн юм. Төр нь монцойчихсон, иргэд нь мөр унжгар явснаас хонжоо монжоо нь иргэддээ ирдэг байх нь хэрэгтэй юм аа. Төр бизнест нь оролцоод байдаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш бас өөрсөдтэй нь өрсөлдөөд байдаггүй байгаасай гэж бизнесийнхэн хүсч байгаа. Тэгээд ч төр гэдэг зангараг ханхлуулж сүрдэм сонстдог ч тэнд эзэн байдагг үй билээ. Төрд очсон өмч бүр үнэгүйдэж тэндээс алдагдал л хүлээж байдаг нь үнэн. Төрийн өмчийн нэр дээрх байгууллагын тоо урьдын адил их сонстсоор. Одоо эднийг эхнээс нь хувьчилж, төрийн мэдлээс гаргах нь том төр данхайж бус харин зөв менежмент хийж ухаалаг шийдвэр гаргадаг болоход хүрнэ. Тухайлбал МИАТ, Эрдэнэт, Монросцветмет, Оюутолгойн төрийн мэдлийн хувийг, улсын эмнэлэг, сургуулиуд, МОНЦАМЭ, МҮОНРТ, Монгол шуудан, цахилгаан станцууд, Хөтөл, Шивээ овоо, Багануур хувьцаат компани, Монголын Цахилгаан холбоо компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд төрийн нэр дээр буй олон газрууд бий. Яагаад эднийг хувьчлах ёстой вэ.

МИАТ компанийг төрийн өмчийн гэдгээр нь үндэсний агаарын тээвэрлэгч статустай болгосон. Гэхдээ энэ статус компанийн өмнөх тодотголыг нэмэгдүүлсэн болохоос биш зорчигчдын халаасан дахийг хэмнэхэд ширхэг ч тусаа өгөөгүй. Тэр ч байтугай агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно гэсэн төрийн бодлогын баримт бичигтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн. Төр агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргах, замын зардлыг багасгах ямар ч бодлогыг хийхгүй харин өөрийн мэдлийн компаниа аргацааж авч явах боломж бололцоогоо нэгдүгээрт тавиад байхаар ямар юмных нь ухаалаг төр болж чадах вэ дээ. Гэтэл чөлөөт өрсөлдөөн бодит амьдрал дээр яаж тусгалаа олж байдгийг сүүлийн хэдэн жилийн дотор иргэд харж байна. МИАТ ашиггүй гээд хаячихсан, үүнийг нь дагаад тав тухтай, аюулгүй байдлын асуудал бүр хаягдчихсан орон нутгийн нислэг бас ч гэж сайжраад байгааг бид харж байна. “Изинис”, “Аэро Монголия”, “Хүннү эйр” гээд хувийн компаниуд энэ салбарт орж ирснээр дааж давамгүй байсан үнэ өртөг бас ч гэж боломжийн болоод байгаа. Одоо гадаадын ашигтай нислэгүүд нь төрийн компанидаа үлджээ. Үндэсний гэдгээрээ томордог ч ижил төрлийн бусад авиа компаниудынхаа аманд ороод л нислэгийн тоо нь улам цөөрөөд л байдаг. Өөр сонголтг үй зорчигчид нь харийн компаниудын аманд багтсан үнээр өртөг өндөртэй нислэгээр явсаар удлаа. Гарах гарц нь хойно байгаагаа сэгсрүүлээд нисэхээс өөр яах билээ дээ. Сэтгэл дутдаг, эзэнгүй байдаг төрийн компанийн жишгээр МИАТ ч бас алдагдалтай ажилладаг. Дөрвөн онгоцтой төрийн компанид 780 хүн ажилладаг бол 3-5 онгоцтой хувийн компаниудад 200-230 хүн ажилладаг гэх юм билээ. Бас том ялгаа байгаа биз. Төрийн мэдлийн компанид бол хэнбугай ч ингэж ханддаг. Ямар өөрөөс нь мөнгө гарах юм биш ширхэг хадаасыг хоёр хүн дамжлаад явах боломжийг хайж байдаг. Харин хэмнэлт ашиг харж байдаг хувийн секторт шуудайтай хадаасыг нэг хүн үүрэх үүргийг өгдөг. МИАТийн удирдлагуудын идсэн уусан хэргийг бид залхатлаа л сонслоо. Төрийн нэрийн дор эрх мэдэлтэй хэдэн хүмүүст идэж уух эрхийг нь өгөхийн оронд Монгол Улсын төрөөс МИАТ-ийг шугамаа булаалгадаггүй харин ч тэр “Korean air”, “Air china”, “Aeroflot”-той өрсөлдөх үүрэг өгөх байсан юм. Энэ бол ухаалаг төрийн хийх ажил байв. БНСУ-ын төрөөс хэцүү бэрх цагт “Daewoo”-г яаж дэмжиж бас дэмнүүлж, “Samsung”-т дэлхийн хэмжээний компани болох үүрэг өгч байсныг жишээ болгож ярьдаг. МИАТ компаниас хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт буруудсан хүмүүсийг шоронд олон жилээр хорих тухай ярихаас илүүтэй алдсанаа тэднээр төлүүлж, тултал нь ажиллуулах тухай шийдвэр гаргавал ухаалаг шийдэл болох байсан биз. Тэгж яривал цөөхөн монголчууд дунд боловсролтой чадалтай хүмүүс цөөн. Тэр дундаа нисэхийн салбарт ажилладаг мэргэшсэн толгойнууд хуруу дарам цөөхөн. Тиймээс тэднийг унасан салбарыг босгож, МИАТ-ийг дэлхийн хэмжээний авиа компани болгож нүглээ наминчлах боломжийг өгвөл хэн хэнд нь хэрэгтэй байсан байж болох юм. Шийтгэлийг хорьж биш харин ухаан хүчийг нь шавхан авдаг хувилбарыг манайх ер боддоггүй, шоронжсон тогтолцоогоо л өөгшүүлэхийг хичээдэг. Хадгаламж зээлийн хоршооны хэргийг манайхан одоо ч ярьсаар. Хоршооны эзэд нь “Бид мөнгөө босгох аргаа мэдэж байна. Хүмүүсийг хохиролгүй болгож чадна. Битгий хориоч” хэмээцгээж бүр хохирсон хүмүүс ч “Эднийг хориулалг үй байж л бид мөнгөө авч чадна” гэж байсан ч хуулийнхаа дагуу гээд аваачаад л хийсэн. Тэгээд хохирогчид олж долоосон юм ч байхгүй, хадгалуулсан мөнгө нь өнөөх бизнесмэнүүдийн хуруу хумсаа хугалан байж цуглуулсан хамаг хөрөнгийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхны гараар ороод л дууссан. Хуулиа дагаж мөрдөх ёстой ч төр ухаалаг байсан бол аль ч талдаа ашиггүй ийм алхмыг хийх хэрэггүй байв.

Үлгэр домог мэт үргэлжилж байж арайхийн баталсан Оюутолгойн гэрээн дээр ч ярих асуудал бий. Стратегийн ордын нөөцөд батлагдсан болохоор төр тодорхой хувийг нь авна гэдгээрээ л зүтгэчихсэн. Төр хамтрагч болоод эхлэхээр хөрөнгө оруулж таарна. Бас хариуцлагаа ч хамтдаа үүрэх болчихно. Хөрөнгө оруулах мөнгөгүй болохоороо зээл авна. Гэтэл төр бүх төрлийн татвараа аваад явчихсан бол үүнээсээ хамаагүй дээр байх байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгэхээр төрийн мэдлийн хувь дээрээ ч бид бодолцмоор байгаа юм. Төрд өмч авах биш харин өмчгүй болгоод ухаалаг зохицуулалт хийх боломжийг л эрэлхийлмээр. Чөлөөт зах зээлийг мөрдлөг болгодог олон улсын жишиг ингэж л явдаг.

Төрийн мэдэлд байдаг МОНЦАМЭ агентлаг, олон нийтийн тодотголтой МҮОНРТ-ийн талаар ч ярилг үй өнгөрч боломгүй. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй болохоор болж, улмаар ОНРТ-ийн хууль батлагдаж төрийн мэдлийн радио, телевиз байхгүй болж байв. Үүнийг төр биш олон түмэн маань л мэдээллийн хүчирхэг хэрэгсэлтэй болсон гэж байгаа амьдрал дээрээ худлаа. Мөнгө нь төрийнх, томилгоо нь улст өрийнх, байшин барилга нь ч төрийнх. Тэгэхээр төрийн бус олон нийтийнх гэсэн жүжигт хэн хэн маань ч итгэхг үй. Ядаж гаргаж буй контент нь олон нийтийн хэрэгцээг хангадаг ч биш. Энэ салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор бас л эрүүл биш.

Цахилгаан, дулааны станцуудын хувьд үнийг нь чөлөөлж, хараат бус болгож байж л бид эрчим хүчээ борлуулах талаар бодож эхлэх байх. Түүнээс хараат байдлаараа бол юун гадагшаа гаргах, бусдын аяыг хардгаараа л байна. Шуудангийн байгууллагыг хувьчилдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааг хувьд шилжүүлэх тухай бид бодох л хэрэгтэй болж байна. Төр баялгийг үйлдвэрлэнэ гэж хэзээ ч байхгүй. Төр үйл ажиллагаа явуулаад ашиг олно гэж ч байхгүй. Харин баялаг үйлдвэрлэх боломж, ашиг олдог чиг замыг нь аж ахуйн нэгжүүд, иргэддээ л нээж өгмөөр. Хорин жилийн өмнө ярьж байснаа одоо давтаж, дороо эргэлдэх эргүү төлөг шиг байгаа ч дахиад хорин жил эргэлдэхгүйн тулд одоо эхэлмээр байна. Төр мэдэлдээ өмчтэй байгаад үржүүлж нэмэгдүүлээд иргэддээ өгнө гэж үгүй. Харин төрд эзэн байдаггүй учраас хэн эрх мэдэлтэй байна, хэн зувчуулах боломжтой байна тэр хүний хуруун салаагаар л гарна. Магад тэгээд нэг нам нь ялахаар нөгөөхөө баривчилж, нөгөө нь дараагийнхаа гэх мэтээр явж өгнө. Дуусашгүй өс хонзон. Төр өмчтэй байх нь ийм хэргүүд гарахын үндэс болчихдог. Тиймээс хэн яаж мөнгөтэй хөрөнгөтэй болсныг олж тогтоож судалдаг, буруутгах гэж оролддог тогтолцоогоо ерөөсөө төр нь хөрөнгөтэй байдаггүй тогтолцоогоор халмаар байна. Төр хөрөнгө нэмэх гэж ухаан, цаг зарахын оронд хүмүүсээ яаж хөрөнгөтэй мөнгөтэй байлгах вэ гэдэгт л анхаарвал таарна. Угаасаа төрийн хөрөнгө иргэнд ирж наалддаггүй юм. Баян төртэй байснаас баяжсан иргэдтэй болж, монцгор төртэй байснаас монжсон ардтай байсан нь дээр хойно.

Categories
мэдээ цаг-үе

“Алтан зам”-аар гүйгч Б.Мөнхзаяа

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяаг “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Дорнод аймгийн харьяат тэрээр 10 дугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэх болжээ. Улмаар 2011 оноос одоогийн дасгалжуулагч Б.Төрбат багшийнхаа шавь болон хичээллэж эхэлсэн байна. Тухайн үед Б.Мөнхзаяа нь амаржаад удаагүй байсан аж. Гэсэн ч түүний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдрийн “Алтан зам”-аар гүйгч тамирчин бүсгүйг бий болгожээ. Түүний дасгалжуулагч багш Б.Төрбат хэлэхдээ “Манай Мөнхзаяа даруухан хэрнээ дайчин зан чанартай. Түүний бүхий л амжилтууд шантаршгүй хатан зориг, зорилго тэмүүллийнх нь илрэл юм” гэв.

Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа нь өдгөө таван км, 10 км, 21 км, 42 км-ийн Монгол Улсын дээд амжилтын рекордыг эзэмшигч шилдэг залуу марафонч юм. Үүнээс нь үзэхэд түүний хэр амжилттай яваа тамирчин бэ гэдэг нь тодорхой. Олон улсын чанартай тэмцээн уралдаануудад ч тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэр хүнд болоод хувь тамирчны карьераа өндөрт өргөж яваа. Тухайлбал, өнгөрөгч 2015 оны гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон “Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээн”-д 42 км 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тус тэмцээний шилдэг 10-т багтсан төдийгүй Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон билээ. Харин дараа нь Хонгконгт болсон “Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах XV тэмцээн”-д оролцож, дэлхийн 11 орны марафонч тамирчидтай өрсөлдөн дөрөвдүгээр байрт орж “Рио-2016” олимпод оролцох эрхээ авсан юм. Мөн Чүнчон хотноо зохиогдсон тэмцээнд амжилтаа бататгаад байв.

Харин шинэ он гарсаар Хятадын Сямынь хотноо энэ сарын 2-нд болсон “Алтан зам” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд (Олон улсын жишгээр марафон гүйлтийн тамирчдыг тухайн замыг туулсан хугацаагаар нь ангилдаг бөгөөд Б.Мөнхзаяагийн хувьд дэлхийн чансаагаар “Алтан замаар гүйгч” гэсэн ангилалд багтжээ) манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ. Б.Мөнхзаяагийн хувьд “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ давхар баталгаажуулсан гэсэн үг.

Марафон гүйлт маш их тэсвэр тэвчээр шаардах спорт шиг санагддаг. Тэр олон километр замыг туулахдаа та чухам юу бодож өөрийгөө зоригжуулдаг вэ? гэсэн асуултад тэрээр “Гэр бүлээ л бодож гүйдэг дээ” гэсэн юм. ОУХМ Б.Мөнхзаяа нь сайн тамирчин төдийгүй, нөхөр болон хүүдээ халамжтай сайн хань, ээж гэдэг нь түүний фэйсбүүк хуудаснаас анзаарагдана. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Багш дасгалжуулагчийн ангийг энэ жил төгсөх аж. “Рио-2016” олимпийн наадамд эх орныхоо нэрийг өргөхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа ийм нэгэн тамирчин бүсгүй Улаанбаатар хотноо нөхөр, хүүгийн хамт амьдарч байна.

“Намайг амжилтад хүрэхэд туслалцаа үзүүлсэн Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын шигшээ баг, “Алдар” спорт хороо, Дорнод аймгийн Засаг дарга, ҮБТДС-ийн багш хамт олон, гэр бүл, багш, баг хамт олондоо талархал илэрхийлье. Миний хувьд “Рио-2016” олимпийн наадамд амжилттай сайн оролцож, монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулах болно, хичээх болно” гэв. Түүний тэсвэр тэвчээр цуцашгүй, хөл нь эцэшгүй байх болтугай.

Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ өд-бэх

Муухай барам

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсангийн Одончимэдийн шинэ бүтээлээс хүргэж байна. Тэрээр “Ээжтэй орчлонгийн наран”, “Хоржоонтой дурсамж” тэргүүт зургаан боть бүтээлээ уншигч олондоо хүргэсэн юм.

Тамганы найрнаас бүлэмцүүхэн мордсон Нэрэндоо гэртээ яаж очихыг өөрөөс нь илүү мэдэх ижилдэн дассан хээр мориныхоо эрхэнд жолоогоо даатгаад дуу ч юм уу, маань мэгзэм ч юм уу нэг юм амандаа гүвтнүүлэн гэлдрүүлж явлаа. Аравдын шаргал сар цайвар туяагаараа орчлонг гийгүүлээд баруун хярын дээхнэтэй асар том зул бадамлах мэт мэлтийнэ. Уул нь сартай байхад гэр лүүгээ дөхчихье гэж бодон өнгөлзөж суусан ч мордохын молор хундага, отголсон тамгын хувь, ирэх жилийн айргийн ерөөл гэж элбэг найрын дугараанд шахуулсаар жаахан оройтжээ. Нэрэндоо “Сар гэдэг ер нь янзын барам шүү. Гийж байхдаа хөдөлж шилжиж байгаа нь мэдэгдэхгүй мөртлөө шингэх дөхөөд ирэхээрээ унтарч байгаа чийдэн шиг улам улайсаар доошоо ойчиж байгаа юм шиг хурдан далд ордог” хэмээн бодоод гэдэс гүзээ нь эмээлийн бүүргэнд шахагдсанаас золтой л гулигуулчихалгүй, хааяа нэг хэхрүүлж явна. Бас ирэх зунтай золготол ийм сайхан араанд тос амтагдсан айраг хамар амаараа сэнгэнэтэл хэхрүүлэхгүй дээ хэмээн харуусч бодсоноо хүн мэдчихвэл заваан бүдүүлэг гэж хэлнэ дээ гэж бодоод ганцаараа яваа мөртлөө ичих шиг эргэн тойрноо ажиглах янзтай харна. Хээр мориноос нь өөр хэн байх билээ. Сар баруун хярын цаагуур ороход харанхуй нөмөрч сэрүү татаж эхэллээ. Жаахан шогшуулдаг юм билүү гэж бодон морио давирч үзвэл, чиний наад айраг бялхсан ходоод гэдэс чинь цал цүл зайлагдаад, задгайлж орхисон энгэр заамаараа хамаг юмаа гээчихнэ гэсэн шиг огт тоохгүй сажилна. Намайгаа элэг бариад явахгүй болжээ, муухай барам чинь.

Морины хөлд өндөр дэрс орооцолдон, шажигнаж нүүр нүд рүү хатсан өвс үсчиж өлөн тоос ханхлаад эхлэх нь “Цагаан хоолой” руу орж ирж байгаа юм байна. Мөн ч өнтэй сайхан нутагсан. Биднийг багад энэ дэрснээс тэмээний бөх, толгой л харагддагсан. Даанч өвөлжөө бууц байхгүй, айл огт буудаггүй нутаг. Нэгдэл нийгэм гэж анх байгуулагдахад адуучдыг ийш нь нутаглуулах гээд бараагүй л юм даа. Эртнээс хүн тавьдаг байсных биз. Сүрэг сүрэг зээр л дэрсэн дотроос хуйлраад гарна. Нутаглуулсан хүний гүрцэгний даавууг урж, хөсрий ясыг нь мэрж долоож байгаа нь тэр. Зээр их хужиршдаг амьтан гэж ээжийг хэлэхэд нь хүний хүүр иддэг зээрийн махыг бид иддэг юм байна гэж бодоод дотор эвгүй оргидогсон. Одоо ч ямар ил тавих биш. Гэхдээ “Цагаан хоолой”-н дэрсэн дотуур шөнө байтугай өдөр явахад заавал нэг шарил марил санаанд ордогсон. Нээрээ тийм. Гэнэн Думаа гэж ганц бие хөгшнийг нутаглуулсан чинь өндийгөөд суучихсан үс нь хийсч байсан. Дараа нь бүлтэн Ням гуайг үүгээр явж байтал сэгсийсэн үстэй шалдан чавганц туулгаад мориных нь сүүлнээс атгаж тавьж байсан гэж ярьдагсан. Сонсоход эвгүй барам шүү.

Нэрэндоо, бодолдоо гүнзгий автаж, дээр үед нээрээ чөтгөр шулам гэж байсан юм болов уу гэсэн шүү юм санаж явтал гэнэт чанх хажууд нь бүдэгхэн хөх гэрэл гарч морь нь буруу тийшээ бусгаад золтой л ойчсонгүй. Номхон хээр нь хоёр чихээ солбиж хамраа тачигнуулах ийм номхон амьтнаас гармааргүй догшин сүртэй гэж. Анивчсан хөх гэрлийн тэндээс бас нялх тугал мөөрөх шиг бүдэгхэн дуу сонсдоно. Эргэн очоод үзмээр санагдсан ч морь нь үргээд, бас өөрөө ч жаахан зэвүүцээд дөрөөн дээрээ өндийж, ташуур өгч ергүүллээ. Ташуурдуулсан морь ч тайвширсан мэт сэвэлзүүлнэ.

…Айхад аргал хөдөлнө гэдэг. Би хий юм үзлээ гэхэд энэ адгуус яагаад үргэв. Юун муу ёрын сүүдийсэн хөх гэрэл, бас юун дуу вэ. Хүн тавиагүй удсан болохоор одооны хүүхдүүд бол энэ тухай төсөөлөх ч үгүй биз. Гүйдэл мүйдэл гэж сонсогдохоо больж мартагдсан цагсан. Муу мотоцикльтойгоо явсан бол гэрэл тавиад харахгүй юу. Ядахдаа нүх шиг харанхуй болчихлоо, барам чинь.

Нэрэндоог харихад сургуулийн хүүхдүүд нь сум руу буцчихсан эл хуль ханхай гэрт гэргий нь хараахан хажуулдаагүй хүлээж байлаа.

-Найр сайхан болов уу, яасан их оройтов?

Бодлоос нь хөх гэрэл салаагүй Нэрэндоогийн амнаас олигтой хариу гарсангүй. Зуухны хажууд байсан данхтай зэлгээн цайнаас аягалж балгаад араас нь нэг юм орж ирэх юм шиг үүд рүү харна. Гэргий нь гарч эмээлийг нь авч мориных нь нуруунд өлөн шороо түрхээд орж ирэв.

-Морио усан хулгана болтол яасан их давхисан юм хэмээн асуух зэмлэхийн завсар өгүүлэв. Дээлээ ч тайлахгүй суусаар байгаа Нэрэндоог гайхаж харснаа:

-Чи чинь одоо бүлх залгичихсан юм шиг яагаад чимээгүй суугаад байгаа хүн бэ, бие чинь зүгээр үү, согтчихсон юм уу. Хүүхдүүдийг Дэрэмийн пургоноор явуулчихсан. Дэрэмд бензинд нь нэмэр гэж хэдэн төгрөг өглөө. Бага нь их л дурамжхан явсан гэж ганцаараа баахан ярьснаа би морийг чинь тавьчих уу гээд гарлаа. Нэрэндоо халуун савтай цай, аягалж тавьсан хоолноос ч амссангүй. Орондоо орсон ч дуугарсангүй буруу хараад хэвтлээ. Цагаан хоолойн дэрсний хөх гэрэл түүний нүдэнд харагдана, бас тугал мөөрөх шиг дуу сонсдоно. Мөн хачин барам юм даа. Одоо болтол чөтгөртэй л байгаа хэрэг үү. Цогзолд хэлэх үү, байх уу. Нэг л хүн сонсвол нутаг усаар бөөн шуугиан болно. Нэрэндоо чөтгөр үзсэн гэнэ. Дээр үед хөх гэрэл гардаг байсан. Одоо бүр анивчаад дохиод байдаг болсон гэнэ. Тэгээд үхэр шиг мөөрдөг. Нэрэндоогийн хойноос хөөгөөд усан хулгана болтол зугтааж хээр мориныхоо хөлийн хурдаар холдож салсан гэнэ. Цагаан хоолойн дэрсээр бүү яваарай, та минь гээд л цуурч гарна даа. Аягүй бол цагдаа сэргийлэх болж, чухам хаана байсныг зааж өг гээд дагуулж явах хэрэг мандана. Багаасаа хөндлөн гулд давхисан болохоор багцаа ч байна аа. Тэгээд юу ч олдохгүй. Эцэстээ “чөтгөр” Нэрэндоо нэртэй өвгөн болж, манайх гэдэг хүн ордоггүй айл болно. Хүүхдүүд ч амар заяа үзэхгүй. Ерөөсөө больё, тас нууя муухай бармыг. Нуулаа гэхэд юу нь хорогдох билээ. Би л түүгээр явахаа боливол барж.

Үүнээс юу ч асуугаад нэмэргүй, өглөө л ярья гэж бодож хэвтсэн Цогзол ч намуухан хурхирч эхлэв. Нэрэндоо ч айраг, архиныхаа ааганд цохиулаад тэгсгээд дугхийжээ. Шөнөжин гартаа хөх гэрэл барьсан шалдан хүүхнүүд гадаа нь ирээд “чөтгөр Нэрэндоо” гараад ир! гэж орилолдож байна гэж зүүдлээд олигтой унтаж чадаагүй Нэрэндоо үүрээр сэрж ойртож яваа машины дуунаар гэрээс гарлаа.

Морь ачдаг өндөрлөгтэй машинтай нутгийн хэдэн залуус тамганы найрнаас сая л салсан бололтой дуу шуугиан болсоор гадаа нь буулаа. Тэдний дундаас “задгай шар” хочтой Лхамаа гэгч уяач:

-Нэрэндоо гуай та нэг чухал юмаа хаясан байна даа. Шагнавал эргүүлж өгнө хэмээн хашгичиж байв. Нэрэндоо ч нэг их юм ч бодсонгүй. Ганц шил юм горьдож байгаа хэрэг, муухай барам гэж бодлоо.

-Орцгоо хүүхдүүдээ гээд гэр рүүгээ явлаа. Энэ яриаг сонссон Цогзол тэднийг оронгуут:

-Нээрээ чи чинь хөөргөө яасан хүн бэ гэлээ. Нэрэндоо хөөрөгтэй явснаа сая л санаж, малгай бүс, хөнжил гудас, авдрын ар өврөөр жаахан хайлаа. Үүнийг харсан Лхамаа:

-Хөөрөг чинь энэ байна аа гэсээр түүний хоргой даалинтай их гарын манан хөөргийг гаргаж ирлээ. Нэрэндоо мэл гайхаж,

-Энэ чинь одоо миний л хөөрөг байна даа, алив гэхэд задгай шар:

-Цагаан хоолойн дэрснээс олсон юмаа, уртаашаа ганцхан борлонгоор шагнуулна гэж марзаганалаа.

-За за, өвөө нь төлөг өгнө өө гэсээр хөөргөө тосч аваад:

-Та нар чинь тэгээд харанхуй шөнөөр Цагаан хоолойн дэрсээр явдаг, тэгээд миний хөөрөг тэнд хэвтэж байдаг мөн хачин барам аа гэвэл, задгай шар хамт яваа нэг бандийгаа зааж,

-Манай энэ мануухай өчигдөр Тамганы найр руу явж байхдаа гар утсаа гээчихээд, бид шөнө найрнаас гараад ноймор луу нь залгаад л Цагаан хоолойн дэрсийг нэгжээд л байлаа. Гэтэл нэг хөх гэрэл сүүмэлзэнэ биз дээ. Очоод утсаа автал хажууханд нь энэ хөөрөг хэвтэж байхгүй юу, аваад үзвэл таных… ха ха. За, Доо ах ганц юм гаргачих, бид хэд явлаа. Гээсэн утсаа олж, Доо ахыгаа баярлуулж бас ганц шил юмаар шагнуулсан залуус бас л ха ха хэ хэ гэсээр хөдөллөө.

Нэрэндоо сая л тайвширч, чөтгөр шуламтай дайралдаж, айсан ичсэнээ Цогзолдоо ярьж санаагий нь зовоогоод бас хавийн амьтны элэг доог болоогүй өнгөрсөндөө ханцуй дотроо залбирч, тэр муу борлон зэрэг ч яамай. Үгүй, тэр муухай барам утсаа гээгээгүй бол яалаа гэж ингэж хөглөх вэ хэмээн бодож өчигдрийн цатгалдаад байсан сэнгэнэсэн айрагнаас одоо л хулаар нь залгилмаар санагдлаа. Цогзол авгай, айраг архины халуунд хөөргөө гээчихээд л хэлэх үггүй болоод дуугарч өгөхгүй байсан юм байж хэмээн бодоод гэмгүй сайхан ханиа өрөвдөж суулаа.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Гомпилдоогийн Мөнхцэцэгийн дотоод ертөнц буюу мэргэн үг

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн “Болзоогүй цагийн хураангуй” хэмээх шилмэл афоризмын бүтээл саяхан хэвлэгдсэн. Уг бүтээлийн өмнөтгөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал “Уран зохиолын эл төрөлд Монголын эмэгтэй зохиолчдоос ертөнцийн хязгаар дахь хатан говиороо овоглосон найрагч анхны салхийг хагалж афоризмын бүрэн түүврээ гаргалаа. Орчлон хорвоогийн явдал зам бүсгүй хүний сэтгэлийн нүдэнд тэр тусмаа монгол эх хүний мэлмийд хэрхэн яаж тусдагийг молхи би догдлон уншиж суув. Надад энэ хорвоог дахин цоо шинээр харах, мэдрэх хосгүй хувь завшаан тохиов” гэж өгүүлсэн байна. Уг бүтээл нэрт орчуулагч, гүүш Готовын Акимын өмнөтгөлтэйгөөр англи хэлээр ном болон хэвлэгджээ. Монголын эрхэмсэг найрагчдын нэгэн Г.Мөнхцэцэгийн бүтээлийн тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын бичсэн туурвилыг хүргэе.

Уран зохиолын залгамж хойч үеийнхний тухай саналаа хааяа илэрхийлж байх нь зөв юм гэж бодох болсноо юуны өмнө хэлье.

Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирлаар хоёронтоо сонгогдсон нэрт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг “Болзоогүй цагийн хураангуй” гэж нэрлэсэн шинэ номоо саяхан надад ирүүлэв. Үүний өмнө 2-3 удаа яруу найргийн номоо ирүүлснийг нь шимтэн уншсан хэдий ч уг ном буюу шилмэл афоризмд нь цөөн үгийг зориулмаар бодогдсон учир зүрхнийхээ тушаалаар үүнийг өгүүлэв. Энэ бол эмэгтэй зохиолчдын салхийг хагалсан анхны афоризмын түүвэр бөгөөд хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа ажээ. Үүнээс урьд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, уран зохиол шинжээч Ш.Цэнд-Аюуш “Охь үгс” гаргасанд би мөн өөрийн саналаа илэрхийлсэн юм. Г.Мөнхцэцэгээс Ш.Цэнд-Аюушийн ялгаатай тал нь түүнд голчлон улс төрийн сэдвийг хөндөж “Парламент бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагч их армийнхны дунд ганц таваг юм. Хэн хэл хурдтай нь долоож амталдаг улс төр хүнийг ёргио хөөрүү болгож эвддэг” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Парламентын гишүүн болсны маргааш тэнгэр ойрхон, хүн жижигхэн харагддаг гэсэн утгыг Ш.Цэнд-Аюуш улс төр нийгмийг голчилсон бол Гомпилдоогийн Мөнхцэцэг нь “Сэтгэл нь ширгэж байгаа хүн хичнээн том явлаа ч бүх талаараа жижгэрч дуусдаг” гэжээ.

Эд хөрөнгийг барж болно

Харин нас буяныг барж болдоггүй

Чиний дотоод ухамсрыг

Хичнээн олон нөхөр хүртэвч

Нөхөж үл чадна” гэснээрээ хүний дотоод ертөнц рүү өнгийсөн хувь хүн талыг илүүтэй гаргасан нь сайшаалтай.

Г.Мөнхцэцэгийн афоризмыг уншихад хүний хамгийн шилдэг уран санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн их эрдэнэс баялаг болно гэж нэгэн яруу найрагчийн дурдсаныг санагдуулж байна. “Маш товчхон оновчтой хэлсэн санаанууд нь буйртай уншигчдын хувьд аливааг эргэцүүлэн бодож, бясалгах хөшүүрэг болно” гэж Грекийн их сэтгэгч Сократын хэлсэн үгийг сэтгэлд тодотгоном. Нэгэн үгнээс түмэн утга цацардаг гэсэн Монголын ард түмний билэгт үгийг санагдуулахын хамт ганцхан өгүүлбэр нь зузаан романаас ч ихийг сэнхрүүлэх амуй.

Орчлонгийн нар мэт хүмүүний мэлмий байнга гэрэлтэж байдаг. Г.Мөнхцэцэгийн афоризм үүнтэй утга нэгэн ажээ. Үүний жишээнд “Хилэнцэт хүн”, “Жонон хонгор” зэрэг олон дууны үгийг зохиосон өөрөө ч мөн ардын дууг эвлэгхэн аялдаг Л.Агваанжамбал тэргүүнтнийг хэлж болно.

Г.Мөнхцэцэгийн “Ямар ч тэнэгийн дотор ямар нэгэн сайхан юм гялалзах нь буй

Олж мэдрэх нь чухал” гэснийг шүлгээр илэрхийлбэл

Бусдын дотор ямар эрдэнэ нуугдаж байгааг олж харах сэрэл сэхээгүй хүн өөрийн дотор ямар муу угшин байгааг онож харах сэрэмж дорой байдаг гэсэнтэй утга дүйцэх мэт.

Түүнчлэн сэтгэл муутан өөрт заяасан ариун нандин бүхнээ их эрт барж дуусдаг гэснийг нь хэн хүн ямагт бодууштай.

Мөн Г.Мөнхцэцэгийн “Ертөнцөд үүл, үйлийн үр хоёр л буцаж эргэдэг” гэснийг уншихуй бурхан багшийн сургаалд буй

“Саасан даруйдаа сүү, сагаж гашилдаггүй нь адил

Үйлдсэн нүглийн үйлийн үр үтэр түргэн боловсрохгүй

Нурманд шургасан цог шиг

Нууцхан дагаж шатамхай”. (Ж.Гэндэндармын орчуулга) гэсэн мөрүүд санагдаж ухаарал гэдэг өөр өөрийн цаг үетэй байдгийг гэрчлэх мэт.

“Хувь хүний бусдаас ялгарах үлэмж давуу тал нь дув дуугүй байх явдал” гэж Г.Мөнхцэцэг афоризмдаа бичсэн шиг нэгэн цагт миний бие ч

“Дуугарч ярьж ханахаараа нэг боллоо

Дуугүй байхын хэлийг яаж суръя даа байз

Гадагшаа гаргасан бүхнийг

Дотогшоо хумих хэцүү

Гаргаж хаясан шүлсийг

Буцаад шалгихад ч бэрх” хэмээн нэгэнтээ бичсэнтэйгээ харьцуулан бодвоо.

“Одон медалиуд эзнийхээ үхсэнийг огт мэддэггүй.

Урьдын адил гялалзаж л байдаг гэсэн нь өнөө цагт олон хүнд нэгийг бодогдуулсан, хоёрыг эргэцүүлүүштэй үг мөнөөсөө мөн. Ард түмэн их зүүдэлсний эцэст сэрж босдог харин зүүд үймүүлэгчийг эрж хайж байдаг гэсэн Мөнхцэцэгийн афоризмыг сонгуулийн өмнөхөн олж үзээсэй гэж би бодном. Мөн эх орон үргэлж хүнээс арвин, хэнээр ч дутдаггүй гэсэн онч мэргэн үг нь үнэнээс үнэн юм аа. Хүний санааг зогсоох нь бүү хэл арчиж үл болно гэснийг нь уншихад

“Бичсэн бичиг дарсан тамгыг

Биетэй юмаар арчихад арилна

Бичээгүй зураг сэтгэлийн хайрыг

Билүүдэж баллуурдаад ч ер арилшгүй” (Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлэг) гэсэн VI далай лам Цаянжамцын шүлгийг сэтгэлд сийлж, үүнээс үзвэл Гомпилдоогийн Мөнхцэцэгийг онч мэргэн үгс нь уламжлалт шүлгийг залгамжилсан шинжтэй бөгөөд урдах сайныг мартсан өнөө цагийн залууст нэн сургамжтай нь сайшаалтай юм. Мөн түүний мэргэн үгсийн дотор

“Монголчуудын их нүүдэл дууслаа

Одоо бид өөрсдийнхөө доторх үнэн буюу хуучин нутаг руугаа нүүх эрин цаг дор тулж ирлээ” гэсэн цэцэн санамжийг дээр дооргүй, ихэс багагүй уншиж эргэцүүлээсэй. Түүнчлэн

“Алт эрдэнэсээ алдсан газрын нэхэл барагдахгүй

Атан тэмээгээ өсгөсөн айлын хот харлахгүй” гэсэн зүйрлэлийг уншихад аргагүй л авьяас билигтэй төрсөн торгон мэдрэмжтэй бүсгүй хүний сэтгэлийн үг болой. Иймийн учир үүнийг бичигч би ч гэсэн нэгэнтээ

“Эрдэнэсээ уулс далдын далд гүндээ нуужээ

Энэ бидний үед уулыг тал, талыг там болгожээ

Илэнц өвгөд минь миний төлөө амьдраад бас үхжээ

Гэрээслэлийг нь бид галд шатааж, салхинд хийсгэжээ” гэж бичсэнээ ихэд бахдан санагалзвай.

Ер нь Г.Мөнхцэцэгийн энэхүү афоризм буюу онч мэргэн үгсийн түүвэр нь явж явж түүний эрж олсон зөв замын эхлэл байж мэднэ. Энэ ном бол яруу найрагч Г.Мөнхцэцэгийн ухаан, сэтгэмж, мэдрэмж, авьяасын нэг хэмжүүр яах аргагүй мөн. Ингээд 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр Г.Мөнхцэцэгийн нэрээр бичсэн нэг шүлгийг мялаалга болгож эцэст нь шигтгэе.

“Монголын Дорнын говьд

Өнгийн чулууд алагладаг

Нарны өнгөөр дуралзаж

Хунгийн жигүүр цуцаадаг

Цэнхэр голдуу тэнгэрт нь

Эрдэнийн одод гялалздаг ч

Цэцэн найргаар гэрэлтсэн

Эрхэмсэг хатад нь ховор юм

Газраас түүнийг нүдлээд л гурван марал гэж зүсэлдэг”.

Categories
мэдээ цаг-үе

Хамаатнаас дутуугүй нөхөрлөсөн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцгойрох олны танил алдартангүй, өндөр төрийн шагналт гавьяатангүй ч ангийн нөхдийн нөхөрлөл, өмөг түшиг чухам ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулж яваа, одоо болон хойч үеийн залууст үлгэр дуурайлал болох нэг ангийнхныг онцоллоо. Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангийнхантай ХУД-ийн Үйлдвэр комбинатад байрлах ангийн дарга Б.Ганбатын ажлын байран дээр уулзахаар цаг товлосон юм.

“Өнгөрсөн хагас сайнд заал авахад хэн хэн ирсэн бэ, өчигдөр Насааг докторын зэрэг хамгаалахад очсон хүн байна уу. Цаадах чинь харсан байх даа” гэсээр Эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийнхантайгаа уулзалдлаа. Эл байдлыг харахад дөнгөж өчигдөрхөн ч юм уу, саяхан төгсөцгөөсөн хүүхдүүд үү гэмээр.

Эдний ангийнхан төгсөөд 28 жилийг ардаа үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, нэгнийхээ сайн мууг мэдэлцэж явдаг болохоор хэн хаана, юу хийж яваагаа бүгд мэддэг аж.

Ховдын I арван жилийн дунд сургууль тухайн үед аймагтаа тооны гүнзгий ангийг жил бүр бүрдүүлдэг байж. Ховд аймгийн төвийн болон бүх сумын сургуулиудаас тоондоо авьяастай шилдэг хүүхдүүдийг сонгон шалгаруулж 1985 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Х.Харашаш багштай 10А ангийг бүрдүүлж байжээ. Гэрэвшүүхэн уулзалдацгаасан хүүхдүүд бага насны хөгжүүн, дэврүүн сэтгэлээр гуравхан жилийн дотор ижилдэн дасаж, насан туршийн найзууд болцгоожээ. Тухайн үедээ 10А ангийнхан аливаа уралдаан тэмцээнд бүгдээрээ өрсөлдөөнтэй, идэвхтэй оролцдог, урлаг, спортын арга хэмжээнд тэргүүлдэг хүүхдүүд байсан аж. Тэр үед аймагтаа хамгийн томд тооцогддог “Дөл”, “Шонхор” спортын наадмууд, урлагийн үзлэг, субботник, нийтийн ажил, тоо, физик, химийн олимпиад гээд тэмцээн, наадамд тэргүүн байр эзэлцгээдэг байжээ.

Математикийн аварга сурагч П.Мурат, Н.Насанбаяр, Ч.Цэвэгжав, Б.Энхбаатар, Т.Мөнхцэцэг, Б.Дуламханд тэргүүтэй шилдэг сурагчид олон. Ийм ч учраас аравдугаар ангиа төгсөхөд ангийн 35 хүүхдээс 33 нь гадаад дотоодын их дээд сургуулиудад урилгаар болон оноогоороо элсэн суралцжээ. Үүнээс ихэнх хувь нь буюу 20 гаруй нь ОХУ, Герман, Чех зэрэг улсууд руу явж суралсан байна. Тооны гүнзгийрүүлсэн сургалттай анги болоод ч тэр үү санхүү, инженер тооны багшийн мэргэжлийг эзэмшсэн хүүхэд олон. Багш мэргэжилтэй 13, санхүүч тав, инженер 11, био анагаахын мэргэжилтэн нэг, мөн нэг сэтгүүлч, хоёр цэргийн албан хаагч 10А ангиас төрсөн.

Тэд 1991-1993 оны үеэр буюу ардчиллын эхэн, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед их дээд сургуулиа төгсөцгөөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ч бүгдээрээ ажил амьдрал нь тэгширсэн, өөр өөрсдийн салбартаа тэргүүлсэн нэгэн үеийнхэн болсон байна.

Эдний ангийнхныг хамгийн нийтэч анги гэж хэлж болохоор. Учир нь 10А ангийнхан төгсөлтөөсөө хойш 28 жилийг үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, баяр жаргалтай, зовлонтой аль ч үед хамт байдаг.

Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангиас нийтдээ дөрвөн хос төрж, өнөр өтгөн айл болжээ. Тэдний хамгийн ууган хос нь Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нар аж. Тэд наймдугаар анги нийлэхээс л эхлэн үерхэж эхэлсэн байна. Үүний дараагаар Б.Ганбат, П.Эрдэнэчимэг, Б.Бат-Очир, Х.Цэцэгханд, А.Үсэмхаан, Б.Алимаа гээд хосууд төржээ. Ангиас олон хос төрсөн нь нэг талдаа ангийнхныг нэгтгэх, мөн ангийнхан эв нэгдэлтэй олон сайхан дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж байсны үр дүн юм шүү хэмээн ангийн дарга хүүрнэж байлаа. Хамгийн удаан гуйлгаж үерхсэн нь Б.Алимаа гэнэ. Түүнийг ангийнх нь хөвгүүн А.Үсэмхаан долоон жилийн турш гуйж байж ханиа болгожээ. Ерөөсөө тоодоггүй байсан Б.Алимааг Орос руу сурахаар явахад А.Үсэмхаан үнэнч хайртайгаа батлан араас нь очсон байна. Хүний нутагт оюутан болж очсон Б.Алимаад хань нөхөр дутагдаж байсан уу тэгсхийгээд зөвшөөрсөн дөө хэмээн дурсан ярих аж.

Нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамт байж, хийж бүтээж яваа нэгнийгээ тусалж дэмжсэн жишээ эдний ангийнханд тоймгүй олон. Тухайлбал, өнгөрсөн зун ангийн ууган хос Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нарын ууган хүүгийн хурим болоход ангийн хосын хүүхдийн, бидний хойч үеийнхний анхны хурим боллоо хэмээн бэлгэшээж бүгдээрээ очсон байна. Мөн амьдралын эрхээр алдаж эндэх, хагацал зовлон үзэхэд заавал хандив цуглуулан очно. Ангийн дарга Б.Ганбат л гэхэд ангийнхаа хүүхдүүдийн нэлээд хэдэн хүүхдийг сургууль соёлын дөрөөнд мөрд оруулсан, нийслэл хотдоо шилдэг англи хэлний сургалтын төвөөр тодорч байсан “Best” сургалтын төвийн захирал Энхбаатар гэхэд хэд хэдэн ангийнхаа хүүхдийн хүүхдүүдийг сургалтын төвдөө үнэгүй сургаж байх жишээний.

Тэр бүр уулзах завгүй үедээ 10А ангийнхан “Бараа бараандаа” фэйсбүүкийнхээ группээр мэнд мэдэж, зургаа оруулж байнгын мэдээлэлтэй байдаг аж.

Мөн ангиараа бус дан охидын шивнээ хийх үе ч гарна. Эрчүүдтэйгээ хуваалцаж болохгүй хүнд хэцүү зүйл тохиолдвол мөн л эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийн охид руугаа “Охидын зөвлөлийн хуралтай шүү” гээд ярихад л бүгд ирцгээдэг гэнэ. Ерөнхийдөө эдний ангийнхныг базаж зангиддаг гол хүмүүс бол Ю.Нарантуяа, ангийн дарга Б.Ганбат, ангийн хүндэт гишүүн Г.Түвшинбаяр ажээ. Харин бусад нь тэднийгээ одоо хүртэл ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга хэмээн хүндэтгэж бүхий л насаараа “дарга аа” хэмээн дуудаж, ширээнд суусан ч хоймор руу залах нь тэр л үеийн хүүхдүүдийн ёс жудаг гэлтэй. Өдгөө цагт ангийн дарга, салаан даргаа битгий хэл багш нарыгаа хүндэтгэхээ больсон энэ үед үнэхээр бахархам сайхан үлгэр дуурайл санагдаж байв. Энэ талаар Ю.Нарантуяа “Хэдийгээр нэг хүн зангидаж өгдөг ч биднийхээ сэтгэлийг гээд ирдэг, ард минь бат зогсч байдаг нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэтгэж хайрлах сэтгэлтэй ийм сайхан нөхөд байдагт баярлаж явдаг юм” хэмээн даруухнаар ярьсан юм.

10А ангийнхан 2007 оноос эхлэн ангийн төгсөлтийн ойгоо тав таван жилээр хийх болжээ. 2007 онд 20 жилийн ойн баяраа Улаанбаатар хотод хийхэд хөдөө орон нутаг, Казахстанд амьдарч байгаа А.Үсэмхаан, Б.Алимаа гээд бүгдээрээ цугларч, ангийн багш нараа урилгаар авчран ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн аж. Тэд зөвхөн өөрсдөө баярлаад зогсохгүй төрөлх сургуульдаа техник, тоног төхөөрөмжийн хандив өргөсөн байна. Мөн 2012 онд 25 жилийн ойгоороо ангийнхныхаа дурсамж номыг гаргаж, дуучин С.Жавхлан, Э.Бат-Эрдэнэ нарын дуулсан “Анд нөхдийн дуу”-г ангийнхаа сүлд дуу болгон ангиараа клипжүүлж дуулан, СD гаргажээ. Тэр үеэс хэн нэгэнд баяр ёслол тохиох, анги хамт олноороо цуглах, амралт зугаалгаар явах, уулзах болгондоо сүлд дуугаа дуулдаг болжээ.

“Бараа бараандаа хөгжиж

Бадаг шүлэг шиг эвлэрсэн

Үг үгэндээ дулаацаж

Үгүйлэхийн хайраар ижилдсэн…

…Дүүрэн үерхлээр цалгиж

Дууны тахилт шиг давтагддаг

Жаргал зовлон хоёроо

Хамтдаа хуваалцдаг найзууд минь…” гээд л дуулцгаах аж.

Ангиас хэн алдар гавьяа хүртэнэ, эмээ өвөө болно, алдарт эхийн одон авна, хэнд нь үхэл хагацал тохионо, ядарч доройтно, нэг юм хийхээр оролдоно тэр бүхэнд очиж тусалж дэмжихэд бэлэн байдаг аж. Нэг онцлог үйл явдал дурдахад “Атарын IV аян өрнөж эхлэхэд газар тариалан эрхлэлтийн сан гэж өрнөж байв. Энэхүү сангийн захирлаар эдний ангийн Ц.Болорчулуун ажиллаж, техникийн мэргэжилтнээр ангийн доктор Ч.Цэвэгжав очин энэхүү аянг амжилттай өрнүүлж эхэлсэн гавьяатай аж. Одоо Болорчулуун нь ХААЯ-ны газар тариалан эрхлэлт хариуцсан даргаар ажиллаж байна.

Монгол Улсын гавьяат, математикийн багш Г.Дашдондог эдний ангийнханд тооны ухааныг зааж, амьдралд хөлөө олоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тэд багшийнхаа талаар “Тооны ухаан гэдэг амьдралын ухаан. Багш минь бидэнд тоо заахаасаа илүү биднийг амьдралд сургаж, шударга байх, бие биенээ тусалж дэмнэж явдаг байхад их нөлөөлсөн” хэмээн дурсан ярьж байв. Сургуулийн шилдэг сурагчид хэмээн тухайн үед сургуулийнхаа эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дашдондог багш бусад багш нараас ихэд өмөөрдөг байсан учраас бусад багш нар нь “Дашдондог багшийн хэдэн эрх юмнууд” гэдэг байжээ. Математикийн хичээл заахаас гадна ангийн багштай адил бүхий л талаар нь тусалж дэмжсэн гавьяатай багш аж. Иймдээ ч тус ангийнхан багшийнхаа нэрэмжит олимпиадыг 2000 оноос эхлэн санаачлан, 15 дахь жилээ зохион байгуулах гэж байна. Ингэхдээ жил бүр ангийн нэг хүүхэд ээлжлэн орох зардал, шагнал мөнгийг гаргадаг аж. Энэ жил Бат-Очир, Цэцэгханд зохион байгуулахаар болсон байна.

Мөн 10А ангийнхан өдгөө ч долоо хоног бүр спортын арга хэмжээ зохион байгуулж заал авч, биеийн чилээгээ гаргадаг спортлог анги аж. Энэ ч үүднээс аймаг, сумын нэрэмжит тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрсдөө ч үе үе тэмцээн зохион байгуулдаг ажээ.

Гуравхан жилийн хугацаанд тохой нийлүүлэн суусан ч 30 гаруй жил нэг анги хэмээн, нэгнийгээ тусалж дэмнэн, үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болж яваа ийм эгэлхэн мөртлөө өнөр өтгөн нэг ангийнхантай уулзсан юм.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 19:30 цагаас НӨАТ-ын азтанууд тодроно

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу анхны сугалааны
тохирол өнөөдөр МҮОНТВ-ээр 19:30 цагт явагдах гэж байна. НӨАТ-ын тухай
хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг
буцаан авах, 100 сая төгрөгийн сантай сугалаанд сар бүр оролцох боломж
бүрдэж байгаа.

Энэ сугалаанд иргэд төлбөрийн баримтан
дээрх сугалааны дугаараа бүртгүүлсэнээр оролцох бөгөөд 30000-100 сая
төгрөг хүртэлх хонжвороос хожих боломжтой. Азтаны тоог бүртгэгдсэн
баримтын тооноос хамаарч тогтоож байх аж. Өөрөөр хэлбэл 4 сая баримт
бүртгэгдлээ гэхэд 4000 азтан шалгаруулах юм байна. Харин нэг иргэн хэдэн
ч баримтаар сугалаанд оролцож болох учир хонжвор таарах магадлал өндөр
гэж үзэж байгаа юм.

Хэрэв таны үйлчлүүлсэн жижиг дэлгүүр, үсчин, гоо сайхан төлбөрийн шинэ баримт олгохгүй, хэрхэн олгохоо мэдэхгүй байвал www.ebarimt.mn сайтыг
танилцуулж, улмаар баримтаа гаргуулж авах хэрэгтэй аж. Харин баримт
хэвлэх кассын машин байхгүй, авч амжаагүй тохиолдолд и-мэйл хаягаараа
баримтаа авахаас гадна Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас баримтаа авах
боломжтой юм. Ингэхийн тулд төлбөрийн баримтын дугаараа ТҮЦ машинд
бүртгүүлэх ёстой аж. Энэ нь орон нутгийн иргэдэд төлбөрийн шинэ баримтыг
авахад илүү дөхөм болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг цуцаллаа

2002
оноос эхлэн Иран улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой эдийн засгийн хориг арга
хэмжээг Европын холбоо болон АНУ хамтран авч эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрөгч
шөнө удаан хугацаанд хэрэгжиж байсан энэ хориг цуцлагдлаа. МАГАТЭ өөрийнхөө
илтгэлд Иран улс олон улсын хамтын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
цөмийн хөтөлбөрөө зогсоон царцааж чадсаныг баталсан. Иймээс өнгөрөгч шөнө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны эсрэг авч хэрэгжүүлсэн эдийн
засгийн бүх хориг арга хэмжээг цуцалж буйгаа зарлажээ. Энэ талаар Ираны
ерөнхийлөгч Хасан Роухани хэлэхдээ “Өнөөдөр бидний хүсэн хүлээсэн мөч ирлээ.
Ираны ард түмэнд ялалтын баяр хүргэе” гэв. Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсооход
Хятад, Герман, Франц, ОХУ,АНУ, Их Британи гэх зургаан улсын олон жилийн хамтын
хүч хөдөлмөр, зүтгэл нөлөөлсөн билээ. Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 25 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн
уулс болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган
шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11
метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын
хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 29-34 градус, Увс нуурын
хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал
нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар
20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 24-26 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.
Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар цас орж, явган шуурга
шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын
хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын
хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус,
Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад
нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим
газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр.
Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 40-45 градус,
өдөртөө 30-35 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул,
Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус,
бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим
газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Салхи
зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав
газраар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар
23-28 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө
36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө
ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга
шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө
19-24 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус,
өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Шаргаморьт-Дүжингарав” чиглэлийн автобус үйлчилгээнд өнөөдрөөс гарлаа

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэлээ. Тус чиглэлийн үйлчилгээ нэгдгээр сарын 16 буюу өнөөдрөөс эхлэх бөгөөд өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээнд явж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд автомашин хэрэглэгчдийн анхаарах зүйлс

Өвлийн
нөхцөлд автомашин хэрэглэх нь хамгийн чадварлаг жолооч нарт хүртэл
аюултай бөгөөд ердийн байдлаас хэд дахин их анхаарал сэрэмж хэрэгтэй.
Мөн автомашиныхаа хяналтыг байнга чухалчилах нь зүйтэй. Ялангуяа холын
замд гарахаасаа өмнө шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.

Өвлийн
улиралд автомашинд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол дугуй юм.
Тиймээс дугуйгаа зөв сонгох хэрэгтэй. Өвлийн дугуйны хээ
үйлдвэрлэгчээсээ шалтгаалан янз бүр байдаг. Хэрвээ та өвлийн дугуйг
мэдэхгүй бол дугуйн хажуу бөөрөнд цасан ширхэгийн дүрс бүхий таних
тэмдэгийг харна уу.

Автомашиныхаа гэрэл гэрэлтүүлгийг зөв байрлуулж гэрлийн гадарга
бүрхүүл, дотор линз, лампыг цаг тухайд нь сольж цэвэрлэж байвал таны
болон автомашины аюулгүй байдлыг хангаж үзэгдэх орчинг илүү болгоно.

Автомашины цантсан цан мөсийг гар аргаар арилгах нь буруу бөгөөд
ажиллагаатай. Иймд зориулалтын агаар үлээгчийн горимийг тохируулан
ажиллуулсанаар дулаан байхаас гадна цан мөснөөс хялбархан сална.

Салхины шил арчигчийг байнга сольж байх хэрэгтэй. Мөн салхины шилийг арчиж цэвэрлэх нь үзэгдэх орчинд сайн нөлөөлнө.

Ихэнх тохиолдолд зам хар мөртлөө гөлгөр харагддаг учраас аль болох хурдаа сааруулах нь хамгийн зөв сонголт юм.

Өвлийн улиралд автомашинд хэрэглэгдэх хөдөлгүүрийн тосны хэмжээ зуны
улирлыг бодвол их хэрэглэгддэг учраас тосныхоо хэмжээг байнга шалгаж
байх нь чухал.

Хальтиргаа гулгаа ихтэй үед гэнэт хүчтэй тоормозлохын оронд алсаас зөөлөн тоормозлох нь зүйтэй.