Categories
мэдээ нийгэм

Гадаадад магистр, докторт суралцуулах бүртгэл маргааш эхэлнэ

“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулах бүртгэл эхэлж байна. Бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 18-наас II сарын 15-ны хооронд явагдах юм байна. Та бүртгүүлэхийн тулд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээх ёстой.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:

Магистр:

– Боловсрол
– Соёл, урлаг
– Анагаах ухаан, эрүүл мэнд
– Хөдөө аж ахуй
– Эрчим хүч, дэд бүтэц
– Уул уурхай
– Зам тээвэр,
– Барилга, хот байгуулалт,
– Байгаль орчин, ногоон хөгжил
– Мэдээллийн технологи
– Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

– Боловсрол
– Соёл, урлаг
– Анагаах ухаан, эрүүл мэнд
– Барилга, хот байгуулалт,
– Хөдөө аж ахуй
– Эрчим хүч, дэд бүтэц
– Байгаль орчин, ногоон хөгжил
– Мэдээллийн технологи
– Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn/masterdoctor2016 хуудаснаас авна уу.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” компани шинэ систем туршиж байна

Apple компанийн мобайл үйлдлийн систем болох iOS 9.3-ын шинэчилсэн хувилбарыг гарган туршиж эхэлжээ.

Энэхүү системийг Night Shift гэж нэрлэсэн бөгөөд хэдэн цаг болж байгаагаас хамаарч дэлгэцний гэрлийг хүний нүдэнд ээлтэй болгож автоматаар тохируулдаг юм байна. Өөрөөр хэлбэл таны байгаа газрын цаг хэд болж байгаагаас хамаарч орой нар жаргах үеэс эхлэн дэлгэцний гэрлийн хөх туяаг бууруулж дэлгэцийг гэрлийн зурвасыг “warm” хэсэгт шилжүүлэх гэнэ. Харин өглөө болоход дэлгэц эргээд хуучин горимдоо шилжинэ.Гар утасны дэлгэцнээс ялгардаг хөх гэрэл нь хүний бие дэх мелатонин дааврын ялгарлыг сааруулдаг юм. Уг даавар хүний тархинд “унтах боллоо” гэсэн дохиог өгч нойр хүргэх үүрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн гар утасны хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нойргүйдэл, ядаргаанд орох зэрэг өвчлөл үүссэн гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байдаг.

Categories
мэдээ спорт

Шигшээд өрсөлдөх даамчид тодорно

Бүх ард түмний спортын наадмын үндсэн 20 төрлийн нэг 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна.

100 буудалт даамын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах Бадмаараг төв дээр эхэлсэн юм. Тэмцээнд эрэгтэй 98, эмэгтэй 46 даамчин оролцож байгаа. Сүүлийн 7-9 дэх өргийн тоглолт өнөөдөр болж, шигшээд өрсөлдөх даамчид тодрох юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн манаанд төр зогсож байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус зөвлөгөөнд оролцон үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм нөхдийн амгаланг айлтгая.

Ноднин бид нар мөн л нэгдүгээр сард уулзан үндэсний үйлдвэрлэлийн талаар ярьж байсан, та бүхэн бүх зүйлээ санаж байгаа байх. Жилийн дараа ямар ахиц дэвшил байв, юу хийв гэдгээ мэдээлж ярилцана гэж ярьсан шүү дээ. Үүний дагуу өнөөдрийн энэ уулзалт болж байна. Уг уулзалт маань цаашдаа жил болгон уламжлал болгон зохион байгуулагдаж байгаасай хэмээн би хүсч байна. Ямар ч Ерөнхийлөгч, ямар ч Засгийн газар, ямарч сайд байсан энэ уулзалт цаашдаа үргэлжлээсэй гэсэн бодол байгаа. Үүнийг сайн уламжлал гэж бодож байна. Аль юм болгон нэг нь гараад юм хэлэхээр “Энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна” гээд л хоёр гурван тал болж хэрэлдэж асуудал шийдэх вэ дээ. Тал талаасаа ярьж байгаад болж байгаа асуудлаа хэлээд, илтгээд явахад асуудлыг шийдэж болдог гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр байгаа юм.

Бид нар нэг буруу ойлголттой байгаад байна. Ардчилал гэхээр л олон тал болоод хэрэлддэг гэж ойлгоод байх юм. Ерөөсөө тийм биш шүү дээ. Энэ нийгэмд тулгамдсан асуудлыг хамгийн үр бүтээлтэй ямар аргаар шийдэх вэ гэдэг асуудал шүү дээ. Тэгж ойлгохгүй дураараа аашлах, хариуцлагагүй байх, олон нам, улс төртэй хутгаад байх юм. Тулгамдаж байгаа асуудлаа, тухайн нийгмээ тэнд амьдарч байгаа ард иргэд нь хамгийн үр дүнтэй яаж зохион байгуулах вэ, энэ л асуудал. Энэ боломжийг л бид ярьж байгаа юм. Ингэж ойлговол зүгээр байх гэж бодож байгаа юм.

Өнөөдрийн энэ зөвлөгөөний эхэнд тодорхой гэрээ хийгдэж байна. Нэг талаасаа энэ төр үйлдвэрлэгчиддээ, юм бүтээж байгаа улсдаа тайлангаа тавьж байна гэж ойлгож болно. Ийм ажлууд хийлээ, ийм хууль батлагдлаа, зарлиг гаргалаа, дараа нь яам байгуулагдлаа. Дараа нь үндэсний үйлдвэржилтийг дэмжих бодлого гарлаа, хуультай боллоо, Засгийн газар ийм шийдвэрүүд гаргалаа. Үүн дээр нөгөө талаас бас манай мэргэжлийн холбоод, ажил хийж байгаа хүмүүс ч бас алхам хийх хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол зарчим бол төр дандаа худалдан авалт хийдэг биш ээ. Аж ахуйн нэгж бүхэн худалдан авалт хийж байгаа, байгууллага бүхэн худалдан авалт хийж байгаа. Нэг зорилго тавих хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө худалдан авалтыг өмнөх жилийнхээс бууруулахгүй. Дотоодын худалдан авалтыг өмнөх жилийнхээс буруулахгүй гэдгийг л хувийн хэвшил ч адил, Засгийн газар ч адил, олон нийтийн байгууллага, ер нь хэн ч бай, худалдан авалт хийдэг хүн бүхэн, айл өрх бүхэн ийм зорилго тавибал энэ ажил хэрэгжинэ шүү дээ. Энэ нийгмийн үндсэн анхан шатны нэгж нь айл өрх. Тэгээд хамт олноороо хамтарч бизнес хийж байгаа аж ахуйн нэгж. Энэ чиглэлийг манай Аж үйлдвэрийн яам онцгой анхаарна байх гэж би бодож байна. Өөр нэг зүйл бол томоохон худалдан авалт хийдэг газрууд бодлогын газруудаа холбож өгч байгаа. Би өнөөдөр энд сууж байгаа та бүхний хоёр гурван цаг сонсож ярьж байгаа зүйл та бүхэнд их мэдээлэл болсон байх гэж бодож байна. Бидний энэ ярьж, хэлж байгаа зүйл олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж тарж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч мөн адил энэ ажлыг дэмжиж оролцох нь их чухал байгаа юм.

Дээр нь бид нар ирэх жил юу хийх вэ, ирээдүйд юу хийх вэ гэдэг зорилтынхоо талаар ярьж байна. Ямар хүндрэл байна гэдэг талаар зарим зүйлийг төлөөллийн хүмүүс хэллээ гэж ойлгож байна. Энэ жил сонгууль болно. Сонгуульд оролцох гэж байгаа хүмүүс, нам, улс төрийн хүчин хариуцлагатай байна гэж би бодож байгаа. Ерөөсөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гэвэл энэ яригдаж байгаа гол санаануудыг амлалт болгож авах хэрэгтэй. Хөтөлбөртөө тусгах л хэрэгтэй. Тэгээд хэрэгжүүлэх хэрэгтэй. /Алга ташив/

Бид цагаа мартсан хэдэн хүн цуглаад, дуртай юмаа яриад л тарж байгаа юм шиг тийм ойголт байж болохгүй шүү дээ. Хариуцлагатай нам, хариуцлагатай улс төрийн хүчин бол одоо энэ зөвлөгөөн, энэ ярьж байгаа зүйл рүү төлөөллөө явуулчихсан, телевизээр гарахад нь гарсан санаануудыг бичиж аваад хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Ингэж хийж чадах юм бол бидний ажил амжилтад хүрнэ. Ер нь ингэж л зохион байгуулдаг, ийм нийгмийг бид сонгож авсан гэж бодож байгаа.

Бидэнд байсан зовлон бол энэ тэнд хийсэн зүйлийг оруулж ирж худалддаг худалдааны эдийн засагтай улс болсон байсан. Түүндээ сүрхий дассан байсан. Мэдээж худалдаа бол чудал. Худалдаа, үйлчилгээний ажил бол аль ч эдийн засгийн их том хэсэг байдаг. Маш чухал хэсэг. Гэхдээ Монгол бас чадах, болох юмаа өөрсдөө үйлдвэрлэхгүйгээр цаашаа улс орноо хөгжүүлэх, бие дааж эдийн засгаа хөгжүүлэх боломж алга. Тэгэхээр энэ бүхнийг бид тэнцвэржүүлж цаашаа явах юмсан гэж бодож байгаа.

Ер нь нэг үйлдвэр хөл дээр нь босгоод, нэг үйлдвэрийн цогцолбор байгуулаад үйлдвэржсэн улс орон болоод явна гэвэл 20 жил шаарддаг юм байна. 30 жилийн тогтвортой бодлого хэрэгтэй юм байна. 40 жилийн үйл ажиллагаа хэрэгтэй юм байна. Нэг үгээр хэлбэл урт удаан хугацааны үйл явц юм байна. Манай энэ чөлөөт ардчилллын үеийн 4 жилээр засаг, төр нь солигдоод, бодлого нь солигддог нөхцөлд үйлдвэрлэл, энэ чиглэлийн бодлогыг явуулахад хэцүү байна, хүндрэл байна гэдгийг бид бүгдээрээ ойлгож байгаа. Тийм учраас бид нар ололт гэж үзэж байгаа энэ Аж үйлдвэрийн яам, энэ бүтцийг цаашдаа ч хадгалах хэрэгтэй. Ер нь энэ яамны нэр, үйл ажиллагааг цаашдаа дараагийн Засгийн газарт хадгалахын тулд Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны яам гэж нэгдсэн бодлогыг нь нийлүүлэх хэрэгтэй. /Алга ташив/.

Би өөрөө ийм байр суурьтай байгаа. Үүнийг улс төрийн хүчнүүдэд ч хэлнэ, хадгалахын төлөө ажиллана. Би үүнийг үйлдвэрлэл эрхэлж байгаа олон хүмүүсээс сонсч байж оновчтой юм байна, тэгээд агуулгаараа томоосоо бага руу шилжих замаар, аж үйлдвэр, эдийн засаг, худалдаа гэсэн байдлаар явах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд энэ яам бүтцээ Монгол орны бодлогод тулгамдаж байгаа асуудалд зориулж хийх ёстой. Тийм биз дээ. Яаман дээр яваад очиход таардаггүй цоож түлхүүр шиг 2 юм уулздаг. “Чи чинь ямар хүн бэ” гэхээр “Аа, би тамгын хүн байна аа” л гэдэг. “Чи яадаг хүн бэ” гэхээр “Би тийм хүн байна аа” л гэдэг.

Яг энэ чиглэлдээ бүтцээ гаргаад зөв хийгээд бодлогоо тогтвортой аваад явах юм бол амжилтад хүрэх боломж байна гэдгийг би энд хэлэхийг хүссэн юм. Аливаа амжилт гэдэг саад дундуур, бэрхшээл дундуур туулж бүтээгддэг. Аливаа сайн юм гэдэг бол удаан бүтдэг гэдгийг бид нар харж байгаа. Дээр нь энэ яам бол шийдлийн яам байгаасай гэж харж байна. Зүгээр нэг хүнд суртал үүсгэсэн зүгээр нэг нэр зүүсэн биш, үнэхээр Д. Эрдэнэбат сайдын хийж байгаа ажлууд бол шийдлийн чигт ажиллаж байгаа. Тавигдаж байгаа асуудлууд нь энэ бүтээж хийж байгаа бүтээгчдэд өгөөжтэй, нийт ард түмэнд наалдацтай, унацтай ямар шийдэл байх вэ гэж, энэ зовлон жаргалыг нь харж байгаад шийдвэл зүгээр байх аа.

Сая энэ хүмүүс “Хууль дүрэм, үйлдвэрлэлийн чиглэл нь бодлого дээрээ гайгүй байдаг. Гэтэл гааль зэрэг дээр очоод зөрчилдөөд эхэлдэг” гэж ярьж байна. Хэрэв тэр чиглэлийнхээ бодлогыг гаргасан бол бусад саад, садаа зэрэг зүйлээ авч хаях ёстой. Тэгж байж бидний ажил үргэлжилнэ. Ингэж ажиллавал зүгээр байх гэсэн ийм бодол надад байна. Тэгээд бодлогоо нийцүүлж авч явах нь их чухал юм. Нэг зүйлийг энд нэмж хэлэхэд тэр мэргэжлийн хяналт, татвар, гаалийн ажилтнууд байна. Тэнд байгаа байцаагчийн хэмжээний эрх мэдэл Ерөнхийлөгчид ч байхгүй шүү дээ. Жишээлбэл, энэ барааг гаалиар битгий оруул гэх эрх надад байхгүй шүү дээ. Гэтэл тийм том эрх эдэлж байгаа хүмүүс бол тэд. Төрийн эрх мэдэл гэдгийг манай төрийн албан хаагчид ойлгомоор байгаа юм. Тэр байцаагч нар төр барьдаг тэр хүмүүс надад хутга өглөө шүү дээ гэж бодох хэрэгтэй. Тийм учраас хутга барьж байгаа мэт маш и болгоомжтой хэрэглэх ёстой. Үндэснийхээ үйлдвэрлэгчдэд ээлтэй хэрэглэх ёстой. Зөв хэрэглэх ёстой, хандлага нь зөв байх ёстой. Тэгээд л нэг далимдуулаад буруу ойлгочихсон. Хүнд суртлынхаа талаас, нэг бол сонирхлын зөрчлийн талаас, мөнгө, төгрөг, хээл хахуулийн талаас буруу ойлгочихоод юм хийж байгаа ард иргэдээ дарамталдаг хэрэгсэл болгож хувиргаж болохгүй. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт, ажлууд үнэхээр манайд маш их хэрэгтэй. Бидэнд энэ дутагдаад байгаа. Хүмүүстэй ярихаар “Та нар дээрээ бодлого ярьж байгаа чинь зөв. Хангалттай, боломжийн байх шиг байна. Яг дор, бидэнтэй нүүр учирч байгаа байцаагч, хил дээр зогсч байгаа, шалгаад явж байгаа нөхдөд хэл л дээ. Тэд нар юмыг чинь баллаад байна шүү дээ” гэдэг. Тийм ээ? /Алга ташив/

Тиймээс үүн дээр онцгой анхаарах ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Бизнесийг нь ирж зогсоодог, дансыг нь хаадаг, янз бүрийн хүндрэлтэй зүйлүүд байдаг. Гэхдээ хууль зөрчих юм бол тэвчихгүй. Чи үйлдвэрлэгч байлаа гээд хууль зөрчих эрх хэнд ч байхгүй. Хуулиас дээгүүр эрх мэдэл хэнд ч байхгүй. Муу хууль байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Хуулиа мөрдөх ёстой шүү. Бас энэ талаас нь харах хэрэгтэй. Тийм учраас ажил хийхэд аливаа юмыг зөв ойлголттой, хандлага, үр дүнгээ зөв харж шийдэх юм бол их зөв болно.

Өнөөдөр үйлдвэрлэгчдэд зовлонтой, эмзэг асуудал байдаг. Би бүгдийг нь мэдэхгүй. Гэхдээ товчхон хэлье гэж бодож байгаа. Ажиллах хүчний асуудал байна. Яг томоохон төсөл эхлүүлээд аваад явахад, түүнийг босгоход ажиллах хүчтэй холбоотой, дотоодын ажиллах хүч, гадаад ажиллах хүчний асуудал дээр Засгийн газар уян хатан шийдэж өгөөч ээ. Үүн дээр анхаараач ээ гэсэн хүсэлтийг манай үйлдвэрлэгчид тавьдаг юм. Мөн тоног төхөөрөмжийг голдуу бид гаднаас оруулж ирдэг. Тэгэхэд шууд л гаалийн татвар, бусад бүх зүйлээ авч эхэлдэг. Тэр үйлдвэр нь ашиглалтад ороод, үр өгөөжөө өгөөд эхлэх хүртэл нэг бол хойшлуулж байгаад тэр татвараа авдаг, ийм уян хатан байдлыг үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого гэж хэлэх гээд байгаа юм. Тиймээс үүнийг ярих нь зөв байх.

Санхүүжилт, зээлийн асуудал одоо болтол эмзэг цэг хэвээрээ л байгаа. Сая зээлийн хүүг нэг хувь болгож өгөөч гэж хэлэх шиг боллоо. Арай ингээгүй байх. Нэг оронтой тоо руу оруулж өгөөч гэсэн байлгүй дээ. Тэр нь жилийнх үү, сарынх уу гээд яривал бас маргаантай. Эхлээд жилийн хүүгээ нэг оронтой тоо руу оруулаад, багасгасаар байгаад сая ярьдаг хэмжээ рүү аваачихын тулд явах л хэрэгтэй байх. Зах зээл нь байна. Хамгийн гол нь манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшил гээд нийгмийн бүхэл бүтэн хэсэг гараад ирсэн. Тэд нийгмийн баялгийн 70-80 хувийг бүтээдэг. Энэ бол өнгөрсөн 25 жилд Монголд олсон хамгийн чухал ололт гэж хувьдаа боддог. Энэ ололтын манаанд уг нь төр зогсож байх ёстой. Энэ ололтоо үргэлжлүүлэхийн төлөө л үнэт зүйлтэй байх ёстой.

Экспорт тойрсон харилцаанууд байгаа. Экспортын даатгал, урамшуулал гэж байдаг. Эдгээрийг үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар газар дээр нь зөв хиймээр байгаа юм. Заримдаа төрөл, зүйлээр нь хүртэл ялгаад дэмжих хэрэгтэй. Нийтэд нь экспорт гэхээр манайханд бас зовлон байна. Баахан уул уурхайн юм ороод л нийт экспорт болж, бусад зүйлээ цохиж унагадаг. Тэгэхээр уул уурхайг тусад нь авч үзээд, бусдыг нь нийт гэж нэг авч үзээд, тэр нийт дотроо дахин ялгалт хийсэн бодлого хэрэгтэй байдаг юм биш байгаа даа гэж бодож байна. Аливаа үйлдвэрлэл, аливаа хийж байгаа ажлыг иж бүрдэл гэж харах хэрэгтэй байх. Цогцолбор гэж харж байж л зөв болох болов уу. Миний бизнес эрхлэгчдэд уриалдаг нэг зүйл бол баялгийг наалдацтай болгохын тулд ААН-үүд олон нийтийн болдог. Паблик болдог зүйл рүүгээ явах хэрэгтэй.

Хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүргэж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулаад гаднынхан манай ААН-үүдийн үнэт цаасыг авч болдог. Манай иргэд гадна, дотногүй авч болдог тэр нэг систем рүү ормоор байна. Ингэж хэдэн Засгийн газрыг шаардаж байна аа? Энэ чинь хөгжихгүй байгаа учраас зөвхөн банкуудын монопольд манай үйлдвэрлэгчид, эдийн засаг тэр чигтээ баригдчихаад байгаа шүү дээ. Энэ байдал хүндрэл учруулж байгаа. Асуудал шийдэж байгаа хүмүүс үүнийг жаахан томхон, өргөн харж шийдээсэй гэж бодож байгаа.

Хамгийн гол зовлон бол Монголын эдийн засаг руу мөнгө орж ирэхгүй байна. Валют орж ирэхгүй байна гэж хэлж байгаа юм. Эдийн засагт байгаа нэг хүндрэл бол энэ байна. Тиймээс энэ хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлийг либеральчлах, чөлөөлөх асуудлыг цаашдаа авах ёстой нэг арга хэмжээ болгож онцгой анхаарах ёстой. Мөн эдийн засгийн өсөлт, ашиг орлого эргээд эдийн засагт, улс орондоо наалдац муутай байна. Яагаад гэвэл уул уурхай, тэгээд ихэнх нь гадагшаа гардаг, гадаадын хөрөнгө оруулалт гээд явдаг. Хийж байгаа ашгаас жаахан нь энд үлдээд, нэлээд нь гараад байгаа нь худлаа биш шүү дээ. Үүнийг ямар замаар бид авч үлдээж, яаж авч явах вэ?

Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Хамгийн гол нь улс орондоо л тэр мөнгө нэг ам.доллар ч хамаагүй илүү зарагдаж, нэг ам.доллар ч хамаагүй илүү худалдан авалт хийгдэж байх ёстой. Тухайн улсдаа л ахиухан мөнгө шингэж байх ёстой. Ажил, үйлчилгээ тухайн улсад л шингэж байх ёстой. Ийм л учраас гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Түүнээс биш ам.доллар үзээгүй, евро үзээгүй юм шиг, тэр нэг цаас ороод ирэхээр л эдийн засаг босчихно гэсэн ойлголтоор ханддаггүй юм. Дэлхий ч тэгж ханддаггүй байх. Тийм учраас тэр улсын бодлого нь хөрөнгө оруулалтыг шингээхдээ давхар нийцэж, ойлголцсон байдлаар явж чадах юм бол зөв.

Өөр нэг зүйл байна. Эдийн засгийн ил тод байдлын хууль гарлаа. Энэ бол сайн алхам боллоо гэж харж байгаа. Манай үйлдвэрлэгчид, ажил хийж байгаа хүмүүс нэлээд дэмжиж байгаа. Ялангуяа Худалдаа аж үйлдвэрийн танхим бол нэлээд дэмжиж ажилласан. Хүмүүсийн яриагаар бол дахин ийм хууль гарахгүй гэж байгаа. Би ч хувьдаа гаргаж ерөөсөө хэрэггүй гэж бодож байна. Энэ зарчмаа Ерөнхий сайд ч хэлсэн. УИХ, Ерөнхийлөгч үеийн үед хэлээд тогтох хэрэгтэй. Үүний баталгаа нь юу байх вэ гэхээр нууж хаагаад байгаа тэр зүйлийг, тэр орчныг зөв болгох асуудал. Тэр орчин юутай холбоотой байна гэхээр түрүүнд миний үгээ хэлэхдээ холбож хэлсэн тэр зүйл. Үүнийг мөн татвартай холбох нь зүйтэй гэж бодож байгаа.

Би Ерөнхий сайд байхдаа УИХ-д санал оруулаад дөрвөн 10-ын бодлого гэж хэрэгжүүлж байсан. ААН нь 10 хувь, хүн амын орлогын татвар нь 10 хувь, НӨАТ нь 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь. Одоо үүнээс 3 нь тогтвортой явж байх шиг байна. Дараа нь үүнийг “Зөвхөн баячуудад зориулсан юм болчихлоо. Үүнийг томруулъя” гээд 25 хувь гаргаж ирж, 2 шатлалтай болгосон. 3 тэрбум төгрөгөөс дээш ашиг орлого дээр 25 хувь болгосон. Одоо та нар бүгдээрээ мэдэж байгаа. 2,9 тэрбум төгрөг болоод л манай нэлээд олон ААН жижгэрсэн. Татвараа 25 хувь биш 10 хувь дээр барихын тулд 30,40,50,60 ААН болгоод хуваачихсан байгаа. Миний өөрийн бүр итгэл үнэмшил бол ААН-ийн татварт олон шатлал хэрэггүй, нэг л шатлал байх хэрэгтэй. Би үүнийгээ гаднын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа ч ярьдаг. Дотоодынхонтой ч ярьдаг. Би үүнийг 10 жил, 20 жил ярьж байгаа. Би үүнийг зөв л гэж боддог. Түүнийгээ олж тогтоох хэрэгтэй.

Гэхдээ Монголын эдийн засаг онцлогтой. Яагаад 25 хувь болсон бэ гэхээр яг үнэндээ уул уурхайн томоохон үйлдвэрүүд дээр жишээ татаж байгаад л УИХ 25 хувь болгосон шүү дээ. 25 хувь байна, 10 хувь байна. Дунджаар 15 хувь гээд л ААН-ийн орлогын татварыг тавья л даа. Уул уурхайн асуудлыг роялтигаараа л зохицуулъя. Нөөц ашигласныхаа төлбөрөөр л зохицуулаад явъя л даа. Үнэ нь маш их унаад ирвэл тэр нь бас тодорхой хэмжээнд хөдөлж байдаг. Үнэ нь жаахан дээшлээд ирвэл бас тодорхой томъёогоор өсдөг. Түүнээс биш нэг Засгийн газар, парламент хуралдаад дураараа шийдвэр гаргаад янз бүр болгоод байж болохгүй. Тэр нь маш тодорхой томъёотой, ойлгомжтой. Ийм байвал болчих юм биш үү?

Тэгэхгүй бол уул уурхай, том компаниуддаа татагдаад, тэр 3 тэрбум төгрөг, 25 хувьдаа татагдаад манай ААН-үүд ч өөдтэйхэн босч өгөхгүй, чиглэл чиглэлээрээ өөр үйлдвэр, өөр компани болж яваад байгаа харагддаг. Бүр жижиг ТҮЦ-ийн хэмжээнд, тав, гурван ажилтантай ААН-ийн хэмжээнд бол зөвшөөрлийн эрхийг нь төлбөр, хураамжийн хэлбэртэй болгож, сардаа хэдэн зуун мянган төгрөг, жилдээ нэг сая төгрөг хураагаад л болно шүү дээ. Дахиж татвар, янз бүрийн юм гүйж очиж үймүүлээд байх хэрэггүй. Том компаниуд, үнэхээр юм хийж, нэр төрөө боддог хүмүүс бол тэр ТҮЦ-ний хэмжээнд, гурван ажилтантай болтлоо задарна гэж хэзээ ч байхгүй. Жижиг, дунд хэмжээний, үнэхээр амь амьжиргаагаа авч яваа хүмүүсээ ингэж амархан шийдье. Тэгээд уул уурхайн асуудлаа тусад нь гаргаад шийдчихвэл болох юм биш үү.

Жишээ нь, Эдийн засгийн ил тод байдлын хуулиар зөвхөн татварын асуудлаар гэхэд ингэж харж шийдвэл дээр байх гэж бодож байгаа. Тэгэхгүй бол 25 хувь, дээрээс нь НӨАТ, Хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэхээр зөвхөн татварын хэмжээ нь 60-70 хувь болж байгаа. Манайхан ойлгохдоо ганцхан ААН-ийн татвар 25 хувийг авдаг юм шиг л бодоод байдаг. Тэгдэггүй юм. Цалингаас нь шууд суутгаад аваад явчихдаг зөндөө юм бий. Тэр бүхнийг нэмэхээр 60-70 хувь болдог. Бид дунджаар энэ бүхнийг нэмэхэд нийтлэг ААН дээр ирж байгаа татварын дарамт 50-иас доош, 40 хувь хавьцаа эргэлдэж байх юм бол болж байна гэж үзмээр байна. Би үүнийг хэнд ч хэлсэн, яаж ч ярьсан ойлгогдох байх гэж бодож байна. Ийм байдлаар асуудал оруулаад, Д.Эрдэнэбат сайд шахаад, хөтөлбөр, зорилтдоо хийгээд явбал бас явчих байх гэж бодож байна. Сангийн яам сая танилцуулсан.

Ер нь бас нэг сайн алхам, сайн үйлдэл бол Шилэн дансны хууль. Үүнийг эхлээд ярьж байхад “Шилэн данс гэж юу байдаг юм. Тунгалаг, ил тод гэж сайхан үг байна” гэж байсан. Тэгэхэд би “Заавал шилэн” гээд 2 удаа өргөн барьж, 2 жил зүтгүүлж байж УИХ-аар батлуулсан. Үүндээ л гол нь байгаа юм. Шил гэдгээр хүн өөр юм ойлгодог. Зөв юм ойлгодог. Эргээд одоо бүх юмыг шилэн гэж байна. Шилэн тендер, шилэн худалдан авалт гээд бүх юм шилэн рүүгээ явж байна. Энэ их сайн. ААН-ийн засаглал гэх зэрэг бүх үйл ажиллагаа шилэн болох ёстой. Зөвхөн төрөөс хариуцлага шаарддаг биш, ААН-үүдээс хариуцлага шаарддаг болох ёстой. Энэ бүхэн явж явж иргэдэд үзүүлдэг үйлчилгээ юм.

Сая Улаанбаатар хот санаачлаад их зөв зүйл хийлээ. Нарантуул зах дээр худалдан авагчид багасаад, мөнгө төгрөг хэцүүдээд ирэхээр маш том талбай худалдаж аваад тэнд нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Найман нэрийн барааны дэлгүүр нээх гэхэд Э.Бат-Үүл даргын гарын үсэг, Бадрал даргын гарын үсэг гэдэг чинь маш хол байсан гэж байгаа. Тэгсэн одоо 3 хүний ард зогсож дугаарлаад, бичгээ өгөхөд компьютер дээр шалгууртай нь дүйцүүлж хараад л таван минутын дотор найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг авдаг болсон байна. “Би 5 сар хөөцөлдөөд тэр дарга нарт очиж чадаагүй юм. Хахуулийг нь өгөх гээд бүдэрч унатлаа явсан” гэж тэр хүмүүс хэлж байгаа.

Би энд ганцхан найман нэрийн барааны дэлгүүр яриагүй. 200-300 гаруй төрлйин үйлчилгээний зөвшөөрлийг зүгээр л дэлгүүрт ороод бал худалдаж авдаг шиг, талх худалдаж авдагтай адилхан төрийн үйлчилгээ ингэж ойртсон. Даргын гарын үсэгтэй бичгийг лангууны ард зогсож байгаа үйлчилгээ хариуцсан эмэгтэй шууд өгч байгаа. Нөгөө авч байгаа хүн нь хараад, бүр гайхаад “Даргын гарын үсэг хаана байна” гэхэд “Наана чинь байна шүү дээ” гэдэг. “Үгүй ингээд зурчихсан юм уу, урьдчилаад зурчихсан юм уу. Намайг зөвшөөрөл авна гэж мэдсэн юм уу” гээд итгэхгүй, “Үүнийг аваад явж байтал замаас булааж авах байх аа” гээд л. Тэгтлээ төр, иргэн 2-ын үйлчилгээ холдсон байсан байна. Одоо энэ үйлчилгээг бүх аймаг дээр хийх хэрэгтэй. Бүх салбаруудад хийх хэрэгтэй. Би хэлээд байгаа юм. Яам гэдэг бол барилга бариад явдаг газар биш. Болиоч ээ. Барилгаа ААН-д өгөөч дээ. Яам гэдэг бол тендер шалгаруулаад явдаг газар биш. Яам гэдэг бол судалгааны байгууллага. Бодлого боловсруулдаг. “Энэ бодлого ингэж явахад болж байна. Ингэж явахад болохгүй байна. Сайд аа, үүнийг оруулаад УИХ-аар батлуулаач” гэдэг бодлогын газар.

Төрийн захиргаа, үйлчилгээ, бүх зүйлээ тэр орон нутагтаа өгөх хэрэгтэй. Агентлаг, ААН, мэргэжлийн холбоод руугаа өгөх хэрэгтэй. Үүнийг хэдэн жил ярив. Одоо л нэг толгойд нь хүрч байна. /Алга ташив/

Үүнийг хийж болдог юм байна гэдгийг та нарт хийж үзүүлж байгаа юм. Цаашаа тийм болно. Барилга барьдаг зөвшөөрөл авах гэвэл үнэхээр шалгуур хангасан бол танай ажилтан очоод дугаарлахад 10 минутын дараа л нөгөө 10 сар хөөцөлдөөд бүтдэггүй асуудал чинь гарын үсэг зурагдчихсан, тамга тэмдэгтэйгээ гар дээр хүрээд ирнэ.

Би төрийг өөр болгоё гэж ярьсан шүү дээ. ААН-үүд гарын үсэг зуруулах гэж гүйдэг биш. Үйлчилгээ хариуцсан ажилтан тэр ААН-үүдийн өмнөөс гүйж байх ёстой. “Манайх энд нэг газар авсан. Барилга барих гэсэн юм. Гарын үсэг цуглуулаад өгөөч” гээд зүгээр захиалгаа өг. Төрийн ажилтан гүйгээд л гарын үсгүүдийг нь цуглуулаад л танд өгнө. Тэгээд л боллоо. Түүнийг л үйлчилгээ гэнэ биз дээ. /Алга ташив/

Түүнээс биш дарга, сайд, янз бүрийн мэргэжилтэн авч ирээд, хэд хоног суулгаад, хэдэн сараар тамлан зовоох хэрэг биш. Би ямартаа Монголын дарлагдсан ардууд, дарлагдсан анги бол манай бизнесүүд гэж нэг хэлж байсан. /Алга ташив/

Энэ үнэт зүйл Монголын төрөөс хэзээ ч битгий салаасай гэж үнэхээр бодож байгаа. Энэ чиглэлд цаашаа улам ахиц гараад явах байх гэж найдаж байгаа. Эргэн тойрноо харахад, ирээдүйн байдлаа харахад, шууд хэлэхэд байдал хүндэрнэ. Эдийн засгийн орчин бол хүндэрнэ. Манай хойд хөршийн эдийн засгийн байдал, барааны нийлүүлэлт, ам.доллар, рублийн харьцаа, хаалт, боолт гээд энэ бүхэн бас л хүнд байна. Далайн цаана байгаа АНУ бол уналтаасаа арай жаахан өсөлт гараад ирлээ. Европод бас нэг хэсэгтээ хүндрэл үргэлжилнэ. Ойр орчинд нь байгаа дайн байлдаан, үймээн самуун маш их зүйл байна.

Хамгийн гол асуудал бол манай урд хөрш. Ерөөсөө энэ дэлхийг 30 жил чирч явсан. Урд хөршийн нэг дарга хэлж байсан. “30 жил дэлхий манайхаас баяжсан. Гэхдээ Монгол бол нэг их ашиглаж чадсангүй” гэж байсан. Тэр үнэн л дээ. Гэхдээ тэр чирч явсан хөдөлгүүрийн хурд өнөөдөр саарч байна. Эдийн засгийн өсөлт 11-12 хувьтай явж байсан, 7 болсон. Одоо түүнээсээ бууж мэднэ. Үүнтэй холбоотой эдийн засгийн хямрал, эдийн засгийн сааралт наад зах нь 10 жил үргэлжилнэ гэж байгаа. Үнийн уналт, энэ байдал маш хүнд. Ийм үед юм хийхгүй, хүнээс худалдаж аваад болдог, хүний байгаа юмнаас зах дээр гараад хэрэгцээгээ хангаж болдог гэсэн сэтгэхүйгээр явж ирсэн. Одоо яаж цаашаа өөрийгөө авч явах вэ гэсэн асуудал байна. Энэ бол үнэхээр амин чухал асуудал. Улс орны эдийн засаг, тусгаар тогтнол, бие даасан байдал, хөгжил дэвшил, бүх юмтай энэ холбоотой. Бид ийм хэмжээнд үйлдвэрлэгчдээ харж, юм хийж байгаа хүмүүсээ харж, чадах зүйлээ дотроо үйлдвэрлэж, ирээдүйтэй юм хийж байж л босох байх л даа.

Мэдээллийн технологи тойроод программ хангамж, шинэ технологи, шинэ аппликэйшнүүд, маш их юм бий боллоо. Хил хязгааргүй шууд нийлүүлж болдог. Заавал тээвэрлэх шаардлагагүй. Кабелиар дамжуулаад, агаараар дамжуулаад шидчихдэг. Тэгэд мөнгө болоод ороод ирдэг, ийм зүйл асар их байна. Энэ рүү монголчууд бага багаар цаашид орох ёстой. Энэ технологийн чиглэл, программ хангамж манай тэргүүлэх чиглэл байгаасай. Эдийн засагт гол орлого оруулдаг байгаасай гэж би үнэхээр боддог. Үүнд итгэдэг. Яагаад гэвэл манай ард иргэд мэргэжил боловсрол, юм бодох, асуудал шийдэх тал дээрээ бусдаас дутахгүй.

Дээрээс нь ХАА-н бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, мах, сүү гээд өндөр технологид нийцсэн ажлаа хиймээр байна. Японтой Чөлөөт худаллдааны гэрээ хийх гэж 3-4 жил явсаар байгаад, ярьсаар, зүтгүүлсээр байгаад хийсэн. УИХ баталсан. Дахиад 2-3 хуулийн асуудал байна. Юу болоод байна гэсэн чинь гаднаас архи, пиво оруулж ирдэг компаниудын асуудал. Дотроо архи, пиво үйлдэрлэдэг компаниудын онцгой татварын асуудал. Түүний лобби. Одоо Японы Чөлөөт худаллдааны гэрээг бүрэн зогсоочихоод л байна. Тэр 2-3 хуулинд оруулахгүй бол бүрэн хэмжээгээр ажиллахгүй байна.

Сая би УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёртой уулзаж сууж байгаад гарч ирлээ. Миний хэлсэн 2 зүйлийн нэг нь энэ байсан. Би дандаа ирж та нарын өмнө яриад байдаг юм биш. Тэнд ч гэсэн би уулзах бүртээ л хэлж байгаа. Сая би Д.Эрдэнэбат сайдад хэлсэн. Наад УИХ чинь завсарлах гэж байна шүү. Одоо цагаан сар дөхлөө. Ганц хоёрхон долоо хоног л байна. Энэ хооронд л юмаа хурдан шийдүүлээд ав. Тэгэхгүй бол 4 дүгээр сард цуглана. Тэгээд сонгууль гээд бүх юм пижигнэж өгнө.

Уул уурхай, газрын баялагтаа түшиглэсэн үйлдвэр юу байх юм. Зэсээ хайлуулна, гаргана. Эд анги хийнэ ч гэдэг юм уу. Ингээд цаашаа дэвшээд явмаар байна. Газрын ховор металл гээд нэг хэсэг ямар ч улсууд нь байдаг юм, лицензийг нь эзэмшсэн гээд байсан. Тэр нь ерөөсөө хөдөлж өгөхгүй юм. Өндөр хөгжилтэй улс орнууд болохоор тэр тухай зарим нь ярих юм. Тээвэрлэхэд хүртэл хөнгөн, онгоцоор аваад явчих боломжтой бүтээгдэхүүн л гэж байгаа юм. Иймэрхүү юмаа хийе л дээ. Монголд бүхнийг хийнэ гэж байхгүй. Бүхнийг хийгээд ч хэрэггүй, бид нарт боломжтой юм байгаа. Энэ боломжтой юман дээрээ л ажиллая гэж байгаа юм шүү дээ. Энэ хорь гаруй, гуч орчим жил явахад бид чинь бие биеэ сонсоод, хэн нь юу ярьдаг, хэн нь юу хийж чадах, яаж явах вэ гэдгийг бүгдээрээ мэддэг болсон шүү дээ. Энэ утгаараа бид өөрсдөдөө итгэх хэрэгтэй.

Төвийг сахих бодлого гэж зарласан. “Түүний хамгийн том бодлого бол эдийн засгийн чадвахийг нь хар.Манайх Швейцарь улс шиг биш шүү дээ” гэж зарим хүмүүс маргаж байгаа. Гэтэл тэр улс өнөөдрийн энэ түвшинд хүрхийн тулд 300 жилийн өмнө энэ бодлогоо зарласан шүү дээ. Тэд хамгийн хөнгөн, хамгийн боломжтой зүйлээ хийсэн. Жишээлбэл, цагны үйлдвэрлэлээ тэд 200 гаруй жил хийж байна. Тэгээд өөртөө итгэсэн байгаа юм. Өөртөө итгэнэ гэдэг бол үйдвэрлэгчдэдээ итгэсэн байгаа юм. Мөн бүтээж чадаж буй авьяас чадвар боломжиндоо итгэнэ гэсэн үг. Ингэж бүгдээрээ эдийн засгийн сууриа босгоё л доо.

Би төвийг сахих бодлогыг зөвхөн гадаад бодлогын асуудал гэж харахгүй байгаа юм. Бидний өмнөөс бидний хэрэглээг хэн ч үйлдвэрлэж өгөхгүй. Тэд Монголд ирээд үйлвэрлэлийг хөгжүүлэхгүй, гадаадад хийгээд бидэнд нийлүүлэх л хүсэлтэй байгаа. Бидний өмнөөс Монгол Улсыг хэн ч хөгжүүлье гэж бодохгүй. Бидний өмнөөс бие даасан байдалд хэн ч санаа зовохгүй. Тиймээс бид өөрсдөө л хийх хэрэгтэй. Би сая гадаад орчин ярилаа. Тийм ч сайнгүй, маш хүнд байгаа. Цаашид ч улам хүндрэх төлөвтэй байгаа. Ийм байгаа тохиолдолд өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Өөрсдийнхээ хийж бүтээж байгаа улсууддаа итгэх хэрэгтэй, бас дэмжих хэрэгтэй. Ирээдүйг харсан зөв бодлого явуулах хэрэгтэй.

Харамсалтай нь энэ улс төрийн бодлого ярьж байгаа улсуудад нэг зүйлийг хэлээд ойлгохгүй байгаа юм. Улс төр гэдэг зүйлийн суурь нь хүн байх ёстой. Манайхан болохоор улстөрч дээрээ суурилсан, улс төрийн бодлого дээрээ суурилсан зүйл хийгээд байгаа юм. Улстөрч дээр хүн суурилдаг биш, хүн дээр улс төр суурилдаг байх ёстой юм. Улстөрч гэдэг нь чиний хийх ажил, үүрэг роль юм бол тэр чинь заавал хүн дээр суурилдаг байх ёстой юм. Хүн гэхээр хүмүүжил дээр, үнэт зүйл дээр, хэзээ ч худалдагдахгүй тийм зүйл дээр суурилдаг байх ёстой.

Саяхан орон сууц, ипотекийн зээл, энд тэндэхийн шийдвэр гээд дээр доргүй бөөн юм боллоо. Би тийм шийдвэр гарлаа гэж сонссон шөнөө унтаж чадаагүй юм. Тэр үед босч суугаад, бичиж тэмдэглээд, яаж зөв болгох талаар их бодсон. Тэр шийдвэр бол хүн төрөлхтний явж ирсэн түүхийг бараг үгүйсгэж байгаа байхгүй юу. Хүн төрөлхтөн анх үүсээд, дараа нь бараг тэр барьцаа гэдэг зүйл үүссэн байх. Ангаа хувааж идэх, маргаашаа төлөвлөх гээд амьдрал дээрээс эхэлсэн болов уу. Зарим хүмүүс хэлж байгаа юм. “Муу сайн шуналтай юмнууд, мөнгө хийх гэж байгаа юмнууд, капиталистууд энэ тэр” гэж хэлж байгаа. Тэгтэл монголчууд хүн төрөлхтний нэгээхэн хэсэг нь. Өөрсдөө бүр тэртээ 1360 онд хийсэн Монголын зээлийн гэрээ гэж бий. Тэр нь маш олон оронд судлагдсан. Та бүхэн олж үзээрэй. Сочгүүл гэдэг монгол хүн долоон үхэр тэрэг тариа хүнд барьцаанд тавиад зээл авсан. Тэр гэрээний талууд болох зургаан хүн гарын үсэг зураад тамга дарсан байгаа шүү дээ. Энэ хүн ямар нэгэн шалтгаанаар зээлээ буцааж өгөхгүй бол өмнөөс нь би тэр долоон үхэр тэрэг тариагаа төлнө гэсэн. Тэр гэрээнд нь нүүгээд явчихвал ингэнэ, тэгнэ гээд заалтуудтай. Энэ бол анхнаасаа манайд байсан юм. Үүнийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ.

Манайхан УИХ-ын зөв, Цэцийн зөв, буруу л гэнэ. Энэ ерөөсөө асуудал биш. Энэ нийгэм чинь одоо бидний бариад сууж байгаа утаснаас шалтгаалж, ухаалаг техник технологиос шалтгаалж байна. Үүгээр Нобелийн шагнал ч авч байгаа хүн байна. Ерөөсөө мэдээлэл дээр явдаг болсон. Зах зээл, худалдаа бүх юм мэдээлэл дээр явдаг. Юун тэр нэг газар том шийдвэр гарах нь байтугай, та нэг бодлоготой, бодлогоо тодорхойлдог хүн гарч ирээд үг хэлэхэд л зах зээл өөрчлөгдөж байна шүү дээ. Нэг буруу мэдэгдэл хийхэд л хэдэн тэрбумаараа, хэдэн буман ам.долларын хөрөнгийн зах зээл савалж байдаг шүү дээ. Тийм биз дээ.

Нэг буруу харахад л тэр бүрийг чинь ажиглаад сууж байдаг байхгүй юу. Одоо жалга жалгандаа нуугдаж байдаг ийм улс биш болсон шүү дээ. Зөвхөн мэдээлэл, зөвхөн нэг оролдлого, зөвхөн нэг буруу зүйл эргээд эдийн засгаа алдаг. Яагаад үүнийг ойлгохгүй байгаа юм бэ? Ямар учраас тийм хариуцлагагүй шийдвэр гаргаж байгаа юм бэ?

Би үүнийг хамгийн гол нь үнэт зүйлс дээр суурилаагүй байгаа учраас л гэж харж байгаа. Тэгээд хүмүүс дандаа иргэдийн нэрийг барьж байгаа юм. Бизнес эрхлэгчдийн нэрийг барьж байгаа юм. Хамгийн гол нь иргэдийг “алж” байгаа юм. Иргэдийг “алж байна” гэдэг чинь хөнгөлөлттэй зээл авах нь тэр иргэний эрх ашиг шүү дээ. Тэр зээл баталгаагүй болоод л сая найман хувийн зээлийг нэг хувь болгоод өгөөч гэх шиг боллоо. Нэг хувь, хоёр хувь, хоёр оронтой тоо боллоо, хорин хувь болно, гучин хувь болно. Эндээс хэн хохирох вэ?

Яг байшинтай болъё гэж байтал шүү. Айл бүрийн, хүн бүрийн ганц боддог юм бол дээрээ нэг орох оронтой болъё гэдэг бодол. Орох орон гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Лизингээр машин авч байгаа, хөргөгчөө авч байгаа хүмүүс байна шүү дээ. Тэр бүхэнд нөлөөлж байгаа. Намайг улс төрийн бодлогод зүтгээд 25 жил явахад, иргэдтэй уулзахад, нэг л юм ярьж байдаг байсан. “Би нэг хашаа байшин хоёртой, би өөрөө босгосон юм. Банк үүнийг барьцаа гэж үзэхгүй байна. Үүнийг та барьцаа гэж үзүүлдэг болгооч. Би 800 хонь, 80 үхэртэй, үүнийг барьцаа гэж үзэхгүй байна. Надад мөнгө олгодог, мөнгө зээлдэг болгооч” гэдэг. Тэр улстөрч өөр газар очоод хүмүүс цуглуулж байгаад “За, та нарын хонь барьцаа байхаа байсан. Барьцаалбал аймшигтай үнэтэй болно. Газар чинь барьцаа байхаа больсон” гэж яривал тэр улстөрчийг шууд багалзуурдана. Түүнийгээ нэг хөгийн байдлаар тайлбарлаж байгаа юм. Жинхэнэ ард иргэдийн эрх ашгийг, хүн төрөлхтний түүхийг харвал хүний юмыг хөрөнгө юм байна гэж мэдэж, нөгөө хүн үнэлж байж миний хөрөнгө мөн болно. Миний сууж байгаа байшин зүгээр л байшин. Үүнийг банк барьцаалаад надад мөнгө өгнө гэж байгаа бол энэ чинь жинхэнэ хөрөнгө болно. Түүний хагаст ч юм уу, талд нь ч юм уу, 80 үхэртэй хүний найман үхэрт нь дүйцүүлээд мөнгө өгөөд хүүхдээ сургуульд явуул гэж байгаа бол энэ бол жинхэнэ хөрөнгө. Тийм барьцаанд ороогүй мал бол зүгээр л мал, хөрөнгө биш. Тийм биз дээ. Энэ хөрөнгийг бий болгоно гэдэг бол хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр явдаг харилцаа.

Ийм үндсэн харилцааг үгүйсгэсэн алхмыг бодлого гаргадаг, бодлого шийдвэрлэдэг улсууд хийж болдоггүй юм. Үүнээс чинь иргэд хохироод, улс хохироод байгаа юм. Хүнд гоё сонсогдож болно. Одоо хүмүүс ухаантай болсон. 25 жил энэ зовлон дундуур яваад их өөр болсон. Дээрээс нь хамгийн гол юм бол гэрээ. ИРгэд хариуцлагатай болж байгаа. Банкнаас зээл авна, энэ зээлээ төлнө гэсэн хариуцлага таны толгойд заавал байх ёстой. Түүнээс биш нэг барилга барина гэж газар барьцаалаад, хэдэн барилга бариад, тэр нь зарагдахгүй болохоор банкныхаа зээлээс бултах гэж шийдвэр гаргаж байгаа хүмүүст хэдэн юм амлаад, түүнийг нь хүчингүй болгуулах гэж байгаа бол энэ хариуцлагагүй байдал. Энэ бол гэмт хэрэг.Би нэгэнт авсан бол төлөх л ёстой. Хоёр хүн хоорондоо мөнгөө зээлчихээд тэгж өгдөг. Ингэж нийгмийг хариуцлагатай болгох гэж байгаа юм.

Хариуцлагатай болгож байж нийгэм чинь зөв байх гээд байгаа юм. Түүнээс биш дахиад л хүй нэгдлийнхээ нийгмийг байгуулна шүү дээ. Буцаад л буруу болно шүү дээ. Тэгэхээр энэ үүргийн харилцаа. Гэрээ хэрэгжиж байж юмны үнэ өсдөг. Хариуцлага нэмэгддэг. Үүнийг яагаад ойлгохгүй байна. Тэгэхээр зөвхөн тэр мэдээлэл, энэ шуугиан яагаад хэдэн мянган хүн, хэдэн мянган аж ахуйн нэгжийн түгжээ болдог юм бэ? Хэдэн мянган айлын түгжээ болох юм бэ, хэдэн мянган хүний сэтгэлийг өөрчилсөн бол. Дахиад энэ мэдээлэл зөв болоод, дахиад иргэдэд итгэл үүстэл хэдэн жилийн асуудал шүү дээ. Энэ итгэлийн хорин хэдэн жил арай гэж тал талаас нь барьж байгаад Монголын гурван сая иргэн босгож ирж байгаа шүү дээ. Ингэж харах хэрэгтэй.

Аливаа улс төр хийж байгаа, төрийн бодлого хийж байгаа хүн “Би амь насаа тавьсан ч зөрж болохгүй, алдаж болохгүй, худалдаж болохгүй үнэт зүйлс гэж байдаг юм” гээд түүнийгээ тоолж явах ёстой. Санхүүгийн харилцаа, үйлдвэрлэлийн харилцаа бол итгэлцэл. Эр эм хоёр хүртэл бие биедээ дурлалцаад, амьдрал зохионо гээд явахад маш том итгэлцэл хэрэгтэй. Энэ зээлийн итгэлцэл бол түүнээс илүү хариуцлагатай итгэлцэл шүү дээ. Мөнгөөр, хариуцлагаар тоологддог итгэлцэл байгаа юм. Хүний хоорондын харилцаан дээр хүртэл асуудал үүсдэг шүү дээ. Наадах чинь найдвартай хүү юү, наадах чинь найдвартай охин юм уу гээд, ингээд ярихад хүртэл асуудал үүсдэг.

Гэтэл банкинд дээр ирээд, санхүү дээр ирээд зээлийг чинь үнэтэй болгочихдог. Ахиад мөнгө орж ирэхгүй. Бизнесийг ингэж ойлгодог төртэй Монгол, бизнесийг ингэж ойлгодог шийдвэр гаргагчтай Монгол руу хэн мөнгөө оруулж ирэх вэ. Хүний хөрөнгийг үнс гээд хэлчихэж буй орон руу хэн хөрөнгө оруулж ирэх юм бэ?

Миний малыг үнс л гээд хэлчихлээ шүү дээ. Миний байшин, газрыг хөрөнгө биш,үнс гэж хэлж байна. Би банкинд хөрөнгөө аваачаад өгөхөөр надад найман хувь, арван хувиар өгдөг байсан бол 30 хувиар өгвөл өгнө гэж байна шүү дээ. Тэр бүү хэл, хувь биш, зүгээр барьцаалаагүй байхад нүүрээ харуулаад зээл авдаг. Түүнийг зээлийн түүх гэдэг биз дээ. “Өө, танай аж ахуйн нэгж үү. Танайх бол 3 сая ам.долларыг манай банкнаас дуртай үедээ зээлээрэй. Танайх 3 тэрбум төгрөгийг дуртай үедээ зээлээрэй. Танайх 300 саяыг зээлээрэй”. Ийм харилцаа үүсээд явдаг шүү дээ. Үүнийг л хариуцлага гэж байгаа юм. Хэрвээ энэ гинжийг тасалж цохиж унагах юм бол ардчилал ч утгагүй, зах зээл ч утгагүй, явсан бүх зам утгагүй. Хүний амьдрал утгагүй болж буй юм.

Тэгэхээр би нэг юм хэлэх гэсэн юм. Бид зах зээл гэж ярьдаг. Энэ чинь ерөөсөө хариуцлага дээр л тогтдог систем гэж ойлгодог. Энэ дээр ажилладаг систем. Энэ гол алтан утсыг л алдахгүй авч явж байх ёстой. Энэ бол 8 хувийн орон сууц ч биш, бүх юманд нөлөөлсөн буруу шийдэл болсон. Дахин ийм шийдвэр битгий гараасай гэж би хүсч байна. Гарах ч ёсгүй. Үүнийг төлөөлж байгаа хүний хувьд хэлье.

Бид бизнесийн моргэйж руу ормоор байна. Хийх гэж байгаа ажил, үзүүлэх гэж байгаа үйлчилгээ заавал тэр 200 юм уу 2000 кв метрийг худалдаж авч байж, түрээсэлж байж үйл ажиллагаа явдаг биш, зүгээр л ирээдүйд буй болох ашиг боломжоороо дамжуулаад л моргэйж авчихдаг. Яг нөгөө 10 хувиа төлөөд байраа урт хугацаагаар авч байгаа шиг л 30 хувиа төлөөд л, бусад зүйл нь эргэлтийн хөрөнгө болоод, тэгээд биенесийн моргэйж бүх юм нь явчихна. Ийм бодлого руу төр орох хэрэгтэй. Энэ алхам бол дараагийнх нь алхам.

Тэгтэл саяын хариуцлагагүй байдал руу орох юм бол бизнесийн моргэйжийн тухай хууль байхгүй шүү дээ. Заавал 100 хувь хөрөнгө нь буй болсон, бүтчихсэн ийм том бизнес, үйл ажиллагаа дэлхий дээр ч байхгүй. Тийм мөнгөтэй төгрөгтэй улсууд гэж байхгүй. Тэр мөнгө төгрөг, хөрөнгө гэдэг чинь шал өөр ойлголт болсон. Үүнийг бид бүгд мэднэ. Тиймээс ингэж л ажиллавал яасан юм бэ. Бидний эргэн тойрон байгаа байдал хүндрэлтэй. Монголын өөрийнх нь онцлог гэж байгаа. Эндээс бид босч гарахын тулд юм хийж үйлдвэрлэдэг хүмүүсээ сонсдог, эргээд бид ийм зүйл хийлээ гээд тайлангаа тавиад, холбоо буй болгоод, мэдээллээ солилцоод явдаг тогтолцоог бий болгоё л гэж бодсон юм. Энэ сайхан уламжлал цаашаа үргэлжлээсэй. Энэ нь Монголын ард түмэнд өгөөжөө өгөөсэй. Монголчууд өөрөө босдог эдийн засгийн зөв бүтэц нь шат шатаар, алхам алхмаар бүрэлдээсэй гэж хүсч байна. Бизнесийн орчинг өөдтэй сайн болгох гэж байгаа юм бол авлигын асуудлыг шийд л дээ гэж хүмүүс хэлдэг. Үнэн шүү дээ.

Төрийн сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг би бүтэн жил хөөцөлдөөд явж байгаа. Тэгээд энд тэнд гацаж байгаад өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэх гээд байгаа юм. Би УИХ дээр өөрөө оръё гэж хэлсэн. Одоо би УИХ руу гүйх ёстой. Гэтэл сая хүн хэллээ. Өө, бүр чуулган завсарласан уу. Эд нар ийм сонин сайхан мэдээ надад өгч байна л даа. Чуулган завсарлалаа гэж. Өнөөдөр баасан гаригт завсарлаж байгаа юм чинь тэр хуулийг хэлэлцэхэд хүрээд л завсарласан байх./инээв/

Намайг тэр найман хувийн зээл ярихаар зарим хүмүүс, бодлого гаргаж байгаа гишүүд янз бүрийн улс төр хийж байгаа. Яг найман хувийн зээл аваад гүйж байгаа УИХ-ын гишүүн гэж бий юу? Би бол байгүй гэж бодож байгаа шүү. Тэд нарт хамаагүй байж магадгүй. Тэр итгэлцэл, харилцаа хамаагүй байж магадгүй. Гэтэл түүн дээр босч ирж байгаа 80,000 өрх айл, түүний араас орж ирж байгаа 200,000 өрх айл нэг хувь гэдэг ямар их хөнгөлөлт гэдгийг мэднэ. 2000 төгрөг, 20000 төгрөг юу вэ гэдгийг мэддэг хүмүүст, хуруугаа шалбалж, тохойгоо цоолж явж байгаа, мөлхөж байгаа хүмүүст энэ бол маш үнэтэй байдаг. Тэгэхээр тэдний нүдээр харж юмыг шийдээсэй.

Одоо ч яах вэ, сонгууль дөхөөд улстөрчид инээдэг багаа өмсөх байх. Гэхдээ хүмүүс инээдэг багны цаана ямар нүүр байгааг мэднэ шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим улсууд хэлдэг, та нар л улстөрчдийг сонгосон шүү дээ гэж. Нийгмийн энэ оюун санааг бүрэлдүүлж байгаа, оюун бодлыг бүрэлдүүлж байгаа, энэ нийгмийг үнэхээр авч явж байгаа, түрүүчийн миний хэлдгээр энэ 25 жилийн дотор бий болсон Монголын хамгийн үнэт баялаг бол ард иргэд бие даагаад, ажлаа хийгээд, амьдралаа аваад явдаг болсон явдал. Энэ сонголтыг шийдэж Монголыг зөв зам руу нь оруулах хэрэгтэй. Ингэж оруулахын тулд төрийг хариуцлагатай болгох ёстой.

Авлига өгснийг битгий шийтгээч гэж байнга нэг юм ярьдаг. Бид нар ярьсаар байгаад Эрүүгийн хуулинд оруулсан шүү дээ. Мэдээгүй л яваа юм байна . Юу гэж оруулсан бэ гэхээр өгснийг битгий шийтгэ гэж бичээгүй л дээ. Авсныг нь ингэж ингэж шийтгэнэ гэж бичсэн байгаа. Хэрвээ тэр авлига гэдэг юмыг төрийн хүнд суртлаас болж өгөхөөс аргагүй болоод өгсөн бол түүнийгээ үнэн зөв мэдүүлчих юм бол таныг эрүүгийг харицлагаас чөлөөлнө. Болоо биз дээ. Ойлгомжтой байгаа биз дээ. Өгснийг нь үгүй л гэж байгаа.

УИХ дээр батлагдаад явж байгаа ихэнх зүйл дээр маш олон сайн юм бий. Бид нар чинь хэдэн жилээр хоцорчихсон л тууж яваа юм. Түнийг найруулж, зөв болгож ойлголцож оруулна гэдэг бол өөрөө их чухал үйл ажиллагаа юм.

Та бүхэнтэй уулзсандаа үнэхээр баяртай байна. Миний ганц хэлдэг юм бол Ерөнхийлөгч, Засгийн газар, Их Хурал, хэн ч бай, иргэдийн эрх ашигт үйлчлэх явдал. Сайн санаа, сайн юм гарч байгаа бол бүгдийг нь хэрэгжүүлэхэд туслах явдал гэж ойлгодог. Түүнээс биш нэг их даргархах, мундаг юм болох гэж ойлгодоггүй. Төр тэгж бүтээгдсэн гэж би боддог. Төрийг тэгж хүмүүс бүтээсэн. Төрийг тийм байгаа гэж татвараа төлдөг гэж ойлгож байгаа.

Миний цалинг та нар өгдөг. Унах машины бензинийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид хийдэг юм. Энэ төрийн бүх ажилтнууд үүнийг бодох хэрэгтэй. Тэндээсээ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэх юм бол өөр болно. Зүгээр хоосон үгээр, өөр яриагаар байхгүй. Хийж байгаа ажлаараа, явж байгаа алхмаараа, хандлагаараа та бүхэнд харуулах болно. Тэгэхийг зорих болно. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтийд “Талын түмэн адуу”-ы баяр болж байна

Хэнтийд “Талын түмэн адуу”-ы баяр болж, мэргэжлийн зурагчид 1000 адууны зураг авч, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөж байгаа юм. Мөн хамгийн сайхан Батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн болж байна.

Батноров суманд болж буй энэ баяр нь Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай чадвар, монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой ажээ.

Categories
гадаад мэдээ

Селин Дион дотнын хүмүүсээ алдав

Алдарт дуучин Селин Дион дотнын хүмүүсээ алдаж, түүнд давхар уй гашуу тохиов. Хоёрхон өдрийн өмнө түүний нөхөр Рене Анжелил хоолойн хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Харин өчигдөр түүний төрсөн ах Даниэл Дион мөн л хорт хавдраар нас баржээ.

Селин Дион ахыгаа өөд болох үед талийгаач нөхрөө сүүлчийн замд үдэх ёслолыг хийхээр Лас Вегаст явж байжээ. Энэ явдлууд түүнд маш хүндээр тусч байгааг ойр дотнынхон нь хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Цай Ингвен Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өчигдөр Тайваньд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль зэрэг явагджээ. Парламентын 113 суудлын төлөө 556 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэг дэвшигч өрсөлдсөнөөс Ардчилсан дэвшилт намын дарга Цай Ингвен ялалт байгуулж, Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. Түүний хувьд өдгөө 59 настай.

Тэрбээр Хятадтай харилцаагаа хэвээр хадгалахын зэрэгцээ харилцан нэгнээ хүндэтгэж, өдөөн хатгалга хийхгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна. Харин Бээжингийн зүгээс Тайвань тусгаар тогтнохыг эрмэлзвэл цэргийн хүч ашиглахаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон иргэдийг аварчээ

Ус цаг уурын хүрээлэнгээс маргааш цас орж, явган шуурга шуурна гэж мэдээлж байна. Ер нь ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарахыг анхааруулсаар байгаа. Орон нутагт цас ихтэй байгаагаас зарим аймагт зам даваа боогдож, иргэд цасанд суух нь их байгаа аж. Тиймээс ОБЕГ-аас жолооч нарыг замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэлтэй байхыг сануулсаар байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Төв аймагт иргэд цасанд боогдсон тухай хэд хэдэн дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар том, жижиг 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.

Мөн Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар микро автобус цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 11:20 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргажээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага мөн өдрийн 20:35 цагт иржээ. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан байна.

Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг арав дахь удаагаа улсын аварга боллоо

Бүх ард түмний спортын XIV наадмын хүрээнд болж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Спортын төв ордонд болж, өнөөдөр аваргуудаа тодруулж байна. Тэмцээнд 34 байгууллагын 224 боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өмнөд Монголын тамирчид оролцсон нь энэ жилийн нэгэн онцлог байлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд аваргууд тодорч байна. Тодруулбал, 51 кг-ын жинд М.Нандинцэцэг, Б.Мөнгөнсаран, Буриадын тамирчин Серебрукова, Өмнөд Монголын тамирчин З.Дандан /Улаан/ нар медалийн төлөө шалгараад байсан юм. Харин М.Нандинцэцэг ялалт байгуулж, улсын аварга боллоо. Түүний хувьд Өмнөд Монголын боксчин Улааныг 3:0-ээр ялж арав дахь удаагаа улсын аварга болж байгаа нь энэ юм. Энэ жингийн хүрэл медалийг Буриадын Кристина Серебрякова, “Эрдэнэт бокс” клубийн тамирчин Б.Мөнгөнсаран нар хүртэв.

48кг-д

Алтан медаль: Дорнод аймгийн боксчин Л.Алтанцэцэг

Мөнгөн медаль: БГД-ийн Д.Дэлгэрмөрөн

Хүрэл медаль: Сэлэнгэ аймгийн Д.Мичидмаа, БЗД О.Жаргалан

54 кг-д

Алтан медаль: “Алдар” спорт хорооны Т.Болортуул

Мөнгөн медаль: М.Гүндэгмаа

Хүрэл медаль: Өмнөд Монголын Мөчир, “Алдар” спорт хорооны Д.Нандинсувд

57 кг-д

Алтан медаль: “Эрдэнэт бокс” клубийн тамирчин М.Намуун

Мөнгөн медаль:Дорнод аймгийн боксчин Л.Ангараг

Хүрэл медаль: Сүхбаатар аймгийн боксчин С.Мядагмаа, Өмнөд Монголын Жунай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ шинэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны шинэ долоо хоногийн хуваариар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-аас өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн нэгдсэн хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор зарим нам нийслэлд ногдох мандатын тоог нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тойргоос сонгогдох 48 мандатын 21-ийг нийслэлд хуваарилах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн.

Эл асуудлыг УИХ шинэ долоо хоногийн эхнээс хэлэлцэх нь. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслүүдийг шинэ долоо хоногт хэлэлцэх юм.


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд.

01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт:

  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагт 334 тоот өрөөнд;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:

  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай;
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зарим дэд хорооны даргыг сонгох тухай;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны даргыг сонгох тухай;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Бусад.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

01 дүгээр сарын 20, 21-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.