Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Зөв зүйтэй юм бодож төлөвлөөд, түүнийхээ төлөө өөрсдөө зүтгэвэл муу жил гарахгүй

Удахгүй XVII жарны гал бичин жил гарах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас ирэх гал бич жилийн өнгө төрх ямар байгаа талаар сонирхсон юм. Дашрамд дурдахад тэрээр “XVII жарнымуу нүүртхэмээх гал бич жилийн цаг улирлын тооны бичиг”-ийг саяхан хэвлүүлсэн юм байна. Зурхайч Д.Цогтбаатар нь Гандантэгчинлэн хийдэд 2003 оноос хойш зурхайч хийж байгаа юм.

Гарах гэж буй жилийн шинж манай уламжлалт аргуудаас хоёулаа яриагаа эхэлье?

-Монголчуудын хувьд арга, билгийн тооллоор явж ирсэн. Монгол уламжлал гэж ярьдаг. Бидний арга билиг хосолсон тооллын жилийн эхэн сар маань хаврын тэргүүн сар буюу бар сараас эхэлдэг. Энэ жил буюу XVII жарны гал бичин жилд хоёрдугаар сарын есний өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Шинийн нэгэн гэдэг маань хаврын тэргүүн сарын нэгэн гэсэн үг. Монгол тооллоор ийнхүү шинэ он гарлаа гэж үзээд бүгдээрээ ахмадаа хүндэтгэж золголт хийдэг уламжлалт баяр. Жилийн төлөв байдлыг шинждэг зурхайн олон зурлага байдаг. Жилийн эзэн гариг, түшмэл гариг, хаан гариг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэтээр тухайн жилийг олон янзаар шинждэг. Манай уламжлалаар ялангуяа хүрээ хийдэд шинэ жил гарахад хаврын тэргүүн сарын шинийн 1-нд тухайн жилийн төлөв байдлыг шороон үхрийн зурхайн зурлагаар шинждэг. Бүх хүрээ хийдийн үүдэнд жилийнхээ шороон үхрийн зургийг томоор зурж тавьж, түүнийг нь хүмүүс хараад шинждэг байсан уламжлалтай.

Тэгвэл гарах гэж буй жилийн шороон үхрийн шинж ямар байна?

-Гарах гэж буй гал бич жилийн шороон үхрийн шинжийг үзэхэд үхрийн толгой, эвэр чих, сүүл, ходоод нь улаан өнгөтэй байгаа. Харин бие нь бол цагаан. Дөрвөн шийр, ногт, омруу, туурай нь шар, үхрийн цулбуур нь хөх. Үхэр нь амаа ангайгаад сүүлээ зүүн тийшээ шарван явж байна. Үхэр хариулагч нь шар царайтай, гэзгээ толгойныхоо орой дээр овоолсон, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьчихсан, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд. Үхрийнхээ баруун талд алхаж явна. Зурлагыг шинжихэд энэ жилийн шинж бол нялхаст буюу олон түмэнд маш сайн. Өвгөд, өндөр суудалтнуудад дунд зэрэг, залуус буюу дунд суудалтнуудад жаахан муу гэж гарч ирж байна. Хааны язгуур дэлгэрнэ. Энэ нь төрийн үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн үг. Иргэд амгалан байж өөрөөр хэлбэл олон түмний сэтгэл санаа амгалан болж, ажил үйлс нь бүтэмжтэй байна. Гэхдээ төрийн алба цалгардах янзтай. Энэ нь сонгуультай холбоотой ч байж магадгүй. Үймээн самуун, хэрүүл гарч болзошгүй. Хулгай дээрэм идэвхжиж, зарим хүмүүс эдийн засгийн хувьд хямралд орж болзошгүй. Мөн үр ач дэлгэрэхэд маш сайн жил болно.

Тэгвэл байгаль дэлхий, цаг агаарын хувьд ямар байх юм бол?

-Цаг уурын хувьд гэвэл зун намарт хур хэвийн байх боловч хадлан бэлчээр ургац дунд зэрэг байна. Өөрөөр хэлбэл газрын шим өгөөж муу, гандуудуу жил болно. Гэхдээ тал нутаг, хөндий, гуу жалгын ургац арвин гарна. Өвчин зовлонгийн хувьд гэвэл зарим газар халуун чанарын өвчин гарна. Мөн цас мөндөр, аянга цахилгаан, галын хүч арвижна. Ялангуяа өндөр газар болон дээд эрхсийн орд харшид галын аюул буй. Гол төлөв байдал нь бол ийм байна.

Зарим зурхайчид их тогтворгүй жил болно гэж ярьж байсан. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Азийн орнууд ялангуяа манай монголчууд бэлгэдэлтэй ард түмэн. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Тиймээс нийт монголчууд, хүн бүрт хандан зөв бодож, зөв ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Тиймээс сайн юм бодож, хүн бүр өөрсдийнхөө заслыг зурхайн номын дагуу хийлгэж, оюун ухаан сэтгэлдээ маш зөв зүйтэй юм бодож төлөвлөөд, түүнийхээ төлөө өөрсдөө зүтгэвэл муу жил гарахгүй.

Ямар жилтнүүд юу анхаарах ёстой вэ?

-Жил орж байгаа бичтэнүүд тухайн жилийнхээ онцлогт анхаарах хэрэгтэй. 13, 73-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд хүү махбодтой тул эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй. Тиймээс “Найман гэгээн”, “Лхамын ганшаг” хуруулах хэрэгтэй. 25,85-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд жаргал зовлон ээлжилж, ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” зэрэг ном уншуулах хэрэгтэй. 49-ний жил орж байгаа хүмүүсийн хувьд хийморь доройтох гэмтэй. Жил орж байгаа хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэх хэрэгтэй. Мөн бар жилтнүүд ихэд хянамгай байх нь зүйтэй. Могой, гахай жилтнүүдийн хувьд бага харш жил. Харин хонь жилтнүүдийн хувьд цагаан буюу ивээлтэй байх болно.

Бичин жилийн зуд гэж их яригддаг. Гарах жил ямар байх бол?

-Ер нь бол дундаж жил болно. Зуд нүүрлэж муудаад байх юм үгүй. Хур бороо цагтаа орно.

-XVII жарнымуу нүүртхэмээх гал бич жил гэж байгаа. “Муу нүүртгэдгийг нь тайлбарлахгүй юу?

-Хүн гэдэг бол ерөнхий нэр шүү. Хүн бүр нэртэй байдаг, Дорж, Дулам гээд л. Түүнтэй ижилхэн “муу нүүрт” гэдэг нь оноосон нэр, ёгт нэр ч гэж хэлдэг. Үүнийг муу жил гарлаа гэж ойлгож болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

​Тулай өвчин хүндэрвэл бөөрний дутагдал үүсэх аюултай

Тулай буюу подагра англиар gout өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин юм. Эртний түүх шастирт хаадын өвчин гэгддэг байсан тулай өвчнөөр 1000 хүн тутмын гурав нь өвчилдөг байсан гэсэн судалгаа тооцоо байдаг ч сүүлийн үед маш их газар авч байгаа өвчин юм. Тухайн өвчнөөр 40-өөс дээш насны эрчүүд зонхилон өвчилдөг байна. Энэ өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс 20 дахин илүү өвчилдөг, учир нь эмэгтэйчүүдийн эстроген гормоны ялгаралт нь шээсний хүчил бууруулдаг байх магадлалтай гэж үздэг байна. Энэ нь мөн настайчуудад элбэг тохиолддог бодисын солилцооны өвчин бөгөөд цусанд шээсний хүчил ихсэн үе мөчинд ихээр хуримтлагдаж, мойногтох өвчнийг үүсгэдэг. Тулай биеийн хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай, тавхайн үенүүд болон ихэвчлэн хөлийн хурууны үеүдийг гэмтээдэг байна.

Тулайн эхний үед голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе гэмтэх магадлал 50 хувь байдаг. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

Тулай өвчин дахихад архи, пиво, спиртийн төрлийн зүйлс, кимчи, халуун ногоотой хоол унд, гэдэс цувдай, түүний цус, царцаамаг онцгой нөлөөлдөг бөгөөд хэт ядрах, бариу гуталтай удаан явахад ч өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг байна. Мөн биеийн хүчний ачаалал, гэмтэл, мэс ажилбар хийлгэх, цус алдах, бие махбодын янз бүрийн хурц эмгэгүүд, ялангуяа халдварт өвчнүүд, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх, туяа эмчилгээ мөн нөлөөлдөг байна.

Өвчний үед архи, пиво уухыг эрс хориглоно. Энэхүү өвчинд оносон тохирох эм бэлдмэл тун ховор бөгөөд хэрэглэж болох хоол хүнс, хориглох зүйл, дэглэмийг ягштал баримталбал л дахин өвдөхгүй байх магадлалтай.

Өвчний эмчилгээг сайн хийгээгүй үед бөөр, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулах муу талтай учир эмчилгээг сайтар хийж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тулай өвчин хүнийг 1000 зүүгээр зэрэг хатгаж байгаа мэт зовоодог шаналгаатай өвчин гэнэ. Зүүгээр хатгаж буй мэт өвтгөж буй зүйл нь цусан дахь шээсний хүчил, натритай нэгдэн талстжиж хөл, гарын үеийг өвчлүүлдэг. Уг өвчний сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе мөч маш хурдан хавагнаж бэлцийж улайн, өвдөж тухайн үе орчимд хүрэхийн аргагүй өвчин орж халуун болдог. Заримдаа үений ойролцоо улайж мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг. Үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг байна. Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг. Энэ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана. Өвчний эрт үед хурц сэдрэл 3-10 хоног үргэлжилдэг аж. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг юм байна. Тулайн дахилтууд цаашид улам олширч, өвчлөх хугацаа нь уртасч, хэд хэдэн үеийг хамрах янзтай болж ирдэг. Стресст орсон хүнийг тэр өдөрт нь шинжлэхэд шээсний хүчил нь нэмэгдсэн байдаг хэмээн эмч нар ярьж байна. Тулай нь ихэвчлэн хэт таргалалт, архи, пивоны буруу хэрэглээнээс үүсдэг байна. Энэ өвчин артерийн даралт ихсэх, судасны хатуурал зэрэг өвчнүүдтэй хавсарч өвддөг байна. Иймээс тулай өвчин эхэлж байгаа үед цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд шээсний хүчил, креатинин тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг яаралтай хийлгэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Тулайн үений үрэвсэл дөрвөн үе шатаар явагддаг байна

•Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.

•Тулайн хурц артрит.

•Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе

•Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Оношлогоо

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөхөд шээсний хүчил ихэссэн байна.

Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.

Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны хэлбэр алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.

Цаашид гарах эрсдэл

Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Өвчний шалтгаан

-Хооллолтын хямралаас болдог байна. Үүнд, дотор мах, дотор махны шөл, хэт их өөх тостой хонь адууны мах, халуун ногоо, сонгино сармис хэтрүүлэн хэрэглэх.

-Наранд халах

-Хөлөрсний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших

-Бэртэж гэмтэх

-Удаан алхах, гүйх, бариу гутал өмсөх

-Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх

-Шижин өвчнөөр өвдөх

-Удамшлын урьдчилсан хүчин зүйл

-Артерийн даралт ихсэх өвчин

Шинж тэмдэг

-Өвчний эхэн үед хөлийн үе хавдаж, улайдаг байна. Хавдар дээр дарж үзэхэд халуун төөнөдөг аж. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна.

-Үе мөч өвдөж, загатнадаг. .Ялангуяа хөлийн эрхий хуруу хавдаж улайдаг байна.

-Хөлийн үе мөчөөр хүчтэй өвдөнө. Өвдөлт нь шөнө намжих ч үүрээр ихэсдэг аж. Энэ үед хөлний үенд хүрэх, шүргэх, доргих төдийд өвдөлт нэмэгддэг байна.

-Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.

-Шээс нь өтгөн шар өнгөтэй, эхүүн үнэртэй байх аж.

-Хэл улаан өнгөтэй байх ба зузаан шар өнгөр тогтдог байна.

-Өвчин сэдрэлтийн үедээ голдуу хөлийн эрхий хурууны үеэр өвдөх бөгөөд хавдаж улайн, арьс нь гуужна. Энэ шинжүүд илрээд удвал өвчтөн хэвтэрт орж хөдөлж чадахгүй болдог аж. Энэ үед орны цагаан хэрэглэлд хүрэх, шүргэх төдийд өвдөлт эрс мэдэгддэг байна.

Өвчнөөс яаж сэргийлэх вэ

-Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Яг энэ үед 3-4 литр ус уух хэрэгтэй. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлогч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Үүнтэй зэрэгцэн давсны хэрэглээг эрс багасгах ёстой.

-Тулай өвчний үед хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, ногоо, алим, лууван зэргийг хэрэглэж, мах болон хүнд хоолыг хязгаарлах ёстой. Энэ өвчний үед хоолны дэглэм барих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг аж.

Өвчний үед хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Ногооны шөл, төмсний шөл

-Тахиа, туулайн мах

-Наймаалж, сам хорхой

-Өөх тослог багатай загасыг 160-170 гр-аар долоо хоногт гурван удаа

-Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг

-Өндөг, долоо хоногт гурван ширхгээс хэтрэхгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.

-Гурил, гоймон тохируулж хэрэглэх

-Байцаа, лууван, өргөст хэмх,

– Үзэм, мандаринаас бусад хатаасан жимс, зөгийн бал

-Хуш модны самар, наран цэцгийн үр

– Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир

-Ногоон цай, нимбэгний цай, чацарганын ханд, жимсний шинэ шахсан шүүс, цангис, алирсын шүүс

– Өргөст хэмхийн шүүсийг өдөрт нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүлтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.

-Ногоон өнгөтэй алим, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, мандарин, усан үзэмнээс бусад бүх жимс

-Хар талх, цагаан талх

-Оливын тос, цөцгийн тос

Огт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

– Бага залуу малын мах, өтгөн царцаамаг маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх мэт

-Махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамаг (истужин)

– Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв

-Утсан мах

-Дотор мах, цувдай, тэдгээрээр хийсэн хоол

-Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас, загасны консерв, загасны түрс

-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (сийр)

-Халуун ногоо (лаврын навч, давсыг хэрэглэж болно)

-Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао

-Амьтны гаралтай өөх тос

– Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн

– Кремтэй торт, шоколад

-Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв гэх мэт.

-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дүфү гэх мэт

-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм

-Согтууруулах ундаа

Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхгээс хэтрүүлж болохгүй

-Ногоон сонгино

-Цагаан мөөг, шампиньон

-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг

-Цөцгий, цөцгийн тос зэрэг болно.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Малчдыг мал шиг нь тэжээх буруу

Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ тогтоолын хувьд яг л урьд өмнө шигээ малчдад улсын нөөцөөс буцалтгүй тусламж болгон өвс олгож, тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлөх асуудал юм. Сонины хуудсуудыг эргүүлэхэд 2009 онд ч, 2012 онд ч яг үүний нэг адил хэвэнд цутгасан мэдээ мэдээллүүд харагдана. Ер нь л жилийн жилд ийм нэг малчид руу чиглэсэн тэтгэмж асрамжийн асуудлууд болдог л доо. 2009 онд “Өнгөрсөн зун, намар зарим аймгийн нутгаар гантай, бэлчээрийн гарц муу байсны зэрэгцээ их хэмжээний цас унаснаар өвөлжилт хүндэрч байна. Мал төллөлт, өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх тул улсын нөөцийн цэг салбаруудаас өвс, тэжээл худалдан борлуулахыг зөвшөөрч, малчдад хямд үнээр өвс тэжээл худалдахыг Засгийн газрын тэргүүн салбарын сайдад даалгалаа” гэсэн байгаа бол 2012 оных нь “Улсын онцгой комисс хуралдаж, улсын нөөцөөс мал төллөлт хүндэрсэн аймгуудын малчдад өвс, тэжээлийг 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Улсын нөөцөөс 3903.56 тонн өвсийг тусламж хэлбэрээр, 1695.56 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өгч зөрүү болох 857.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах болов” гэсэн байх жишээтэй. Энэ удаа бүр улсын нөөцөөс 6500 тонн өвсийг үнэгүй өгч, 2.6 тэрбумыг үүнд цацахаар болж байх шиг байна. Энэ өвлийн хувьд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна гэсэн албан мэдээ байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдаж, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэжээ гэсэн байгаа юм. Өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цаашид хүндрэх магадлалтай байгаа учраас ийм шийдвэрийг гаргасан гэх.

Одоо үнэгүй олгох өвсийг авахдаа малчид тухайн сумын малчин мөн болохыг тодорхойлсон сум, багийн Засаг даргын тодорхойлолт, хэдэн боодол өвс авах тухай зөвшөөрлийн бичгийн хамт авчирна гэж зарлаж байна. Гэхдээ үүнд ойлгомжгүй зүйл байна аа. Өвөл жил бүр л болдог. Болдгоороо л болж, ирдгээрээ л өвөл ирнэ шүү дээ. Болох болохдоо тасхийлгэж, жавар хайруулсаар л буцдаг. Гэтэл анх удаа өвөлтэй нүүр тулж байгаа юм шиг жилийн жилд ийм нэг онц гоц, гамшгийн асуудлыг гэтлэх арга хэмжээ авдгаа зогсоомоор байна.

Малчид бол мал гэдэг хувийн өмчтэй хүмүүс. Тэр хувийн өмчөө өсгөж үржүүлэх, хамгаалж хайрлах нь тэдний л хэрэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах хэрэгтэй, мөнгө олдог бизнесээ хамгаалж чадаагүй бол дампуурдаг зах зээлийн хуультай. Хэдийгээр бид Үндсэн хуульдаа мал бол төрийн өмч болох талаар дурдсан байдаг ч үнэн хэрэгтээ зөвхөн малчны өмч. Тухайн малчнаас өөр хэн ч тэр айлын хотноос шөлний төлөг авчих эрхгүй. Гэтэл хувийн ямар ч салбартаа үзүүлдэггүй халамж, тусламжийг Засгийн газар малчдад л үзүүлдэг. Өвс тэжээл, татварын хөнгөлөлт, малд нь татаас гээд. Тэглээ ингэлээ гээд, зуднаар хэцүүдэхэд тусаллаа гээд дараа жил нь өвөлжилтийн бэлтгэлдээ анхаардаг малчин байдаг гэж үү. Бахь байдгаараа л. Ер нь хувийн барилгын компаниудад хямрал боллоо гээд улсаас цемент өгдөг үү, хувийн хэвлэлүүдэд мэдээллээ сайн түгээ, хууль сайн сурталчлаарай гээд цаас өгдөг бил үү. Үгүй шүү дээ. Уг нь малчдын хувьд ийм л байх ёстой юм. Аль нэг хувийн салбарыг онцлоод ялгаад эхэлбэл тэгш бус харилцаа үүснэ. Татвар дээр өршөөл үзүүлээд эхлэхээр хууль дүрмээ биелүүлээд ягштал явж байсан компаниуд бас гомдмоор л байдаг даа.

Гэвч манайд энэ бүхэн хэнд ч падгүй, бүх зүйл голдрилын эсрэг явж ирлээ. Уламжлалт мал аж ахуй маань гээд л, нүүдэлчин уламжлалаа хадгалж, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа юм минь гэж ирээд хошуу дэвссээр удсан. Гэвч тэд өөрчлөгдөж, өөдөлж дэвжихийг урьтал болгодоггүй. Зуд болсон ч төрөөс өвс үнэгүй өгчих юм чинь гээд хаврын тарчиг цаг өнгөрөв үү үгүй юу дахиад өвөл болдгийг мартана. Өвлийг мартсан хүнд зуд юуны хамаа билээ. Зун намрын зургаан сардаа архидаж, айраг наадам эргүүлээд өнгөөрөөчихнө. Засгаас өгсөөр байгаад сургачихсан учраас сонгуулийн өмнөх жил бол бүр ч гэдрэг суухаа мэднэ. Сонгуулийн өмнө улстөрчид, улс төрийн намууд халамж тусламжийг боломж л гарвал, гарахгүй байсан ч гаргаж байгаад тараадаг. Тэр тусмаа хөдөөний сонгогчдыг онилж байгаад түгээдэг. Нөгөөдүүл нь ч мэддэг болчихсон. Хүлээгээд суучихна.

Энэ бүхэн тэр хүмүүстээ тус болох нь ховор юм даа. Харин ч гай болох бодлогыг төрөөс барина. Хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, бусдаас гар хардаг болгож байна гэдэг шүүмжлэл хэт ерөнхий санагдаад байж магадгүй. Тэгвэл энэ байдал нь малчдыг хэзээ ч аж ахуйтан болгож, хувийн эд хөрөнгө нь өсч нэмэгддэг болгохгүй байгаа юм. Осолдохгүй дуртай үедээ шөл уудаг эрх мэдэлтэйгээрээ нэгдлийн малчнаас дээр л гэх байх. Гэвч ийм шар нар, бор хоногийг өнгөрүүлсэн амьдрал тэдэнд дэм болно гэж үү. Өөрсдөө улам бүр хождох, шалтаг шалтгаанаа хайж эхэлцгээнэ. Бүх хүүхдүүд зургаан настай сургуульд орж байхад малчны хүүхдийг арай хожуухан оруулмаар байна гэлцэнэ. Зургаан настай хүүхэд сумын төвд гэрээсээ хол бие дааж сурч чадахгүй учраас найман нас болгомоор гэх. Гэтэл бусад хүүхдүүд 12 жилийн дараа сургуулиа төгсөхдөө 18 настай байхад малчны хүүхэд 20 настай төгсөх үү. Бараг л эхнэр авч, нөхөрт гарсан хүмүүс дүү нартайгаа сурахаас ичээд завсардаж таарна. Тэгвэл малчны хүүхдүүд боловсрол олж, хот хүрээнд цаашлаад хил дамнан суралцах чадалтай боловсон хүчин болж чадахгүй л болно. Ойрын зайндаа туслаад дэмжээд байгаа мэт боловч холын зайндаа хор болох шийдвэрээс бид хол явах л учиртай. Хөдөө хөхөрч, зүтгэж яваа улс гэж тэднийг хайрлаж л байгаа бол хал нь гаднаа байх ёстой юм байна. Жилийн жилд аймгуудын хөдөө аж ахуйн хэлтсээс малчдад зориулж өвөлжилтөд бэлтгэх зааварчилгаа өгдөг. Түүнд нь Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар, Малчдын аюулгүй байдлыг хангах талаар, Мал сүргээ онд мэнд оруулах талаар, Орон нутгийн нөөц ашиглаж тэжээл бэлтгэх гэж ирээд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хуудас хуудсаар нь тараадаг. Тэнд бичигддэг таана хөмүүлийн зоодой, агь, халгайн ханд, мангирын сорсыг хэд нь бэлтгэдэг бол, гэрийн ойролцоо цас бага унагахаар дарцаг 5-7 метрийн зайтай хэд хэдийг хийсгэдэг малчид нь хэд бол доо. Сүүлийн жилүүдэд мотоциклиор малаа эргүүлж, морь уналга бэлдэхээс залхуурч, нөгөөдүүл нь эмнэг догшин болсон л дуулддаг. Бас бог малын хөл хүрэх зайд малаа бэлчээж, урт хөлийн малыг үржүүлж тэжээхээс ч зайлсхийх боллоо л гэдэг.

Малчид ийм байдалд хүрчээ. Малчдыг ийм байдалд хүргэжээ. Энэ нь олон жилийн төр засгийнхны, улстөрчдийн арьсаа хамгаалж, малчдад таалагдах гэсэн богино зайн явуургүй бодлогын үр дүн. Одоо энэ нь сонгуулийн буухиагаар бүр л хүч нэмэх байх даа. Уг нь богино зайдаа бус урт хугацаандаа, ирээдүйгээ харж бодлогоо гаргамаар байх юм. Одоо өвс үнэгүй өгөхөө болих хэрэгтэй. Намартаа эргүүлж авах болзолтой өгвөл таарна. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хахир хатуу цагт тусаллаа эргээд төлбөрөө төлөхийг шаардаж болно. Хүүгүй зээл ч цагтаа хэрэгтэй л байдаг. Малчдыг мал шиг нь тэжээх буруу. Тэд мал биш хүн. Хүн болохоор зах зээлийнхээ зарчмаар, өрсөлдөөнөөр тэсч үлдэх ёстой. Энэ нь тэдний илүү том болж, илүү том бизнес эрхлэх үндэс нь болж өгөх учиртай юм. Түүнээс өнөөдрийн энэ явуургүй арга нь тэднийг яг л энэ хэвээрээ, өдөр шөнийг аргацаан амьдрахад хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14-19 градус хүйтэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 42-44 градус, бусад хэсгээр 33-35 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол өв соёлын дархлаа болсон үндэсний бөхийг бөхчүүдээр удирдуулж болохгүй” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдлээ. Өнөөдрийн дугаарт гарсан нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе.

Даваа гариг бүрт уламжлал болгон хүргэдэг “Танайд өнжье” булангаараа Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хаан түүхч Ж.Болдбаатарынд өнжлөө. Түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатарынх үнэхээр их номтой айл. “Номондоо түрэгдээд, эхнэр бид хоёр коридортоо унтах нь холгүй болсон” хэмээн түүхч Ж.Болдбаатар ярих аж. Зочны өрөөнийх нь ханыг тэр чигтээ номын сан эзлэх агаад “Номынхоо өрөөг дүүргээд, зочныхоо өрөөний ханыг тэр чигээрээ номоор дүүргээд, зусланд социализмын үеийн ном хичнээн хайрцгаар нь аваачиж хаяад ч багтахгүй байгаа” гэж гэрийн эзэн хэлжээ. Ж.Болдбаатар академичийнд өнжсөн тэмдэглэлийг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ярилцлага өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ. Тэрбээр МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгсөн байна. Яагаад МАХН-ын дэд даргын албаа өгөхөөр болсноо манай сонинд дэлгэрэнгүй ярьсан юм. Түүний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс унших боломжтой.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын “Сонгууль өнгөрч л байвал галав юүлсэн ч яахав гэсэн байдлаар хандаж байна” ярилцлага дөрөвдүгээр нүүрт хэвлэгдлээ. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы “Түрээсийн орон сууц 50 метр кв талбайтай, сард 200-300 мянган төгрөг төлнө” ярилцлагыг тавдугаар нүүрт хэвлэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Монгол өв соёлын дархлаа болсон үндэсний бөхийг бөхчүүдээр удирдуулж болохгүй” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэд дурдахдаа ““Өнөөдөр монгол үндэстний соёлын дархлаа алдагдахад хүрч, хамгийн бат бөх байх үнэт баялаг маш хэврэг болжээ. Үүнд соёлын өв тээгчид болох бөхчүүд буруутай, өөр хэн ч биш”, “Ардын багш Д.Сэрээтэр гуайг нэг залуу бөх өөрт нь шаардлага тавилаа гэж тийрээд унагасан дуулддаг. Тийм л зэвүүн, хүйтэн, харгис хэрцгий болжээ, өнөө цагийн бөхчүүд.”” гэжээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

Төв аймагт хоригдож байгаа Б.Булганыг эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулж ”Баримт, үйл явдал” буланд нийтэллээ. Түүнийг үнэхээр эрүүдэн шүүсэн үү, Б.Булганы эрх ноцтойгоор зөрчигдсөн үү гэдгийг долдугаар нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Өнөөдрийн дугаарын нэгэн онцлох ярилцлага бол Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн ярилцлага болж байна. Тэрээр “Оюу толгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес энэ жилийг давахгүй” гэж ярилцлагадаа онцоллоо.

Эдгээрээс гадна “Эдийн засаг”, “Миний үзсэн цагаан сар”, “Уран бүтээлч”, “Цаг үе, үйл явдал” булангуудыг өнөөдрийн дугаараас уншина уу.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүд

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүдийг цувралаар хүргэж байна.

Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар

БИ-ТАЛЫН ХӨХ ЧОНО

Би-талын хөх чоно!

Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж

Агт сайн морьдын туурайг сульдааж

Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж

Арван халтар нохойг замд нь цувуулан

Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин

Хурдан буутай эрс алах гэж занана

Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн

Араатан намайг зогсоо зайгүй мөрдөнө.

Байгаль намайг төрүүлж, байдал төрхийг минь урлаж

Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!

Гэвч хүн намайг үзэн ядна, хаа ч явсан

Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдөр бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би

Өртөө газар давхиад ч заримдаа хоосон.

Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна.

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ

Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино

Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг

Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ

Хорвоо дээр би чоно болж төрөөд

Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,

Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн

Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно

Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил

Төрөлхийн зэрлэг араншингаараа би

Төмөр хавхтай хөлөө ч тас хазаж явсан.

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний

Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон.

Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар

Цаашлаад зугтсан гурван хөлтэй намайг

Хүн-араатнууд тасралтгүй мөрдөж

Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн

Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч

Энэ л удаа эрлэг намайг өршөөж

Эрэг рүү тэд тэрэгтэйгээ уналаа…

Би-талын хөх чоно!

Биеэр минь салхи нэвт шуурч

Өл залгахын эрхэнд явсаар

Өрөөсөн хөлөө алдав.

Элчилгүй талын араатан намайг

Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг
Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ
Буруу хэрнээ буруутанг

Бурхан тэнгэр минь өршөө

Сайхан амьд явж чадахгүй бол

Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан
Би-чоно
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж

Бас яруу найрагч шиг ганцаарднам.

Намайг хэн ч үл өрөвдөнө

Нартаас үтэр тонилгохыг завдана

Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх

Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж

Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна.



Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн,

“Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч

ЭХИЙН СЭТГЭЛ

Хайрт ээж Цэвэгмидийнхээ гэгээн дурсгалд өргөвэй!

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд
Ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч

Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм.

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү

Араажаваар дуулж байна лээ

Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ

Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ
Их санах юм аа
Араг, савар хоёроо

Зөрүүлж байж би чамайг боддог

Аргал, чулуу хоёрыг

Андууран түүж би хүүгээ санадаг

Алга аа миний хүү.

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал би хүүгээ ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү шоронд орж гэнэ

Голыг минь гогодон хэлж байна

“Аа яадгийм ороо л биз”

Гадагшаа би хүүгээ өмөөрлөө

“Ам нь цангаж байгаа байх даа, муу хүү минь”

Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн
Ганц хүү минь юм сан

Алтан бэлзэг газраас олоод

Амандаа үмхтэл залгичихлаа гэж

Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү

Тэнэж яваад юү хийх вэ
Ижийдээ л хүрээд ир!
Ядарч байгаа юм бол
Тэнд байгаад яахав
Ижийдээн хүрээд ир!
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир!
Хөхөөрөө чамайг даллая
Yхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир!
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир,
Гуруй гуруй гуруй.

Categories
мэдээ нийгэм

Консервны лааз үйлдвэрлэдэг болов

Дархан-Уул аймагт байгуулагдсан “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна.210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх юм байна. Тус компанийн ажил байдалтай өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар танилцжээ. “Монгол лааз үйлдвэр” нь ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэх гэнэ. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.доллар зарцуулдаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломж бүрдэх нь.

Categories
мэдээ спорт

М.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар улсын аваргууд боллоо

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргууд тодорлоо. Үүний өмнө эмэгтэйчүүдийн жинд хэн хэн аваргалсныг хүргэсэн. Үдээс хойш эрэгтэйчүүдийн төрөлд аваргууд тодров. Онцолбол, 49-кг-д Г.Ган-Эрдэнэ улсын аваргаас тав дахь алтан медалиа зүүлээ. Мөн Азийн наадмын аварга М.Отгондалай улсын долоо дахь удаагийн аварга боллоо.

49кг-д

Алтан медаль: ОУХМ Г.Ган-Эрдэнэ

Мөнгөн медаль: Баянгол дүүргийн Г.Ариунболд

Хүрэл медаль: Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Жамъяанбат

52кг-д

Алтан медаль: Алдар спорт хорооны тамирчин Х.Энх-Амар

Мөнгөн медаль: Хилчин спорт хорооны боксчин Б.Гандулам

56кг-д

Алтан медаль: Э.Цэндбаатар

Мөнгөн медаль: Э.Идэрхүү

Хүрэл медаль: Говь цогцолборын Б.Мишээлт, Сүлд спорт хорооны А.Даваадалай

60кг-д

Алтан медаль: Азийн наадмын аварга Д.Отгондалай

Мөнгөн медаль: Хангарьд спорт хорооны тамирчин О.Батхүү

Хүрэл медаль: Ц.Пүрэвсүрэн, З.Шинэчагтага

64кг-д

Алтан медаль: Б.Чинзориг

Мөнгөн медаль: О.Норовбал

Хүрэл медаль: Хангарьдын А.Бадар-Ууган, Баянхонгорын М.Батбаяр

69кг-д

Алтан медаль: ОУХМ Б.Түвшинбат

Мөнгөн медаль: “Сүлд” спорт хорооны тамирчин О.Батзориг

Хүрэл медаль: Д.Давааням

75кг-д

Алтан медаль: Алдар спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр

Мөнгөн медаль: Хангарьд спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал

Хүрэл медаль: Сүлд спорт хорооны тамирчин О.Олзбаатар, Хангарьд спорт хорооны Далай

81кг-д

Алтан медаль: Хангарьд спорт хорооны тамирчин С.Эрдэнэбаяр

Мөнгөн медаль: Алдар спорт хорооны тамирчин Т.Ибрайм

Хүрэл медаль: Хүч спорт хорооны Ганбат, Булган аймгийн тамирчин Ганзориг

-91кг-д

Алтан медаль: Алдар спорт хорооны тамирчин Т.Эрболат

Мөнгөн медаль: Хилчин спорт хорооны тамирчин Т.Чулуунтөмөр

Хүрэл медаль: Сүлд спорт хорооны тамирчин Д.Отгонбаяр, Зоригтбаатар

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Л.Дэмидбаатар гэргийтэйгээ хамтран тоглолт хийнэ

Жүжигчин Л.Дэмидбаатар гэргийтэйгээ хамтран “Оршихуй” нэртэй уран бүтээлийн тоглолт хийхээр болжээ. Драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 шахам жил болж буй жүжигчин Л.Дэмидбаатар ихээхэн өвөрмөц тоглолт хийхээр бэлдэж буй бололтой. Тэрээр гэргийтэйгээ хамтран дуулж, мөн драмын жүжиг тоглох гэнэ. Энэ тухайгаа хэлэхдээ “Янз янзын гэнэтийн бэлгээр дүүрэн байна” гэв. “Дон Жуан” жүжгийг Монголд тавихад анхны Дон Жуанд, Отелло жүжгийн Ягогийн дүрд, “Буудлын эзэн авхай” жүжгийн гол дүрд, “Парисын дарь эхийн сүм”, “Амьгүй албат” жүжгийн гол дүрд тоглосон Л.Дэмидбаатар уртын дуу чамгүй сайхан дуулдгаа ярилцлагадаа өгүүлжээ.

Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрт болох уг тоглолтод нь драмынхан, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Гахайн эхэсийн уургаар үрчлээг бүрэн арилгаж, залуужуулах боломжтой

-ЭХЭСИЙН НАЙРЛАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАМГИЙН САЙНД ТООЦОГДДОГ БОЛСОН-

Орчин үед эхэсийн найрлагатай бүтээгдэхүүнээр хийсэн эмчилгээ залуу насыг хадгалах гол үндэс болжээ. Эхэс хүний биед ямар нөлөө үзүүлдэг, эмчилгээнд хэрхэн хэрэглэдэг талаар “Завгүй” салоны гоо засалч Л.Дарханцэцэгтэй ярилцлаа.

-Эхэс хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар товч тайлбарлаач?

-Орчин үеийн анагаах ухаан хүнийг энх амгалан, эрүүл саруул байлгаж гоо сайхныг нь урт хугацаагаар хадгалуулах зорилготой болсон. Ийм боломжийг эхэс олгодог гэдэгтэй дэлхий даяараа санал нэгдсэн. Эхэс нь маш олон амин хүчил, амин дэм, олон төрлийн микро элементүүд болон гиалоуруны хүчлийн найрлагатай. Эхэсийн уураг нь амьдралын эх булаг болсон эд эсийн нөхөн төлжилтийг хангаж өгдөг. Дархлааны тогтолцоог сэргээхээс гадна эхэсийн найрлага дахь гиалоуруны хүчил нь үе мөчний холбоос, булчин шөрмөсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг. Мөн эхэсийн уураг нь арьсны коллагеныг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээ арилгаж, залуужуулдаг.

-Тэгвэл эхэсээр яаж эмчилдэг юм бэ?

-Хүний амьдрах хугацааг уртасгахад эхэс үр дүнгээ өгч байгааг эрдэмтэд тогтоосон. Хүнд хамгийн тохиромжтой уураг нь гахайн эхэсийнх байдаг. Гахайн эхэсийг судас хатуурах, ходоод гэдэсний бүх төрлийн шархлаа, түлэнхий, зүрх мэдрэлийн өвчин, сахарын өвчнийг эмчлэхэд эхэсийн уусмалыг уухаас гадна хамар, ам, чих, нүдэнд дусааж хэрэглэнэ. Үүнээс гадна гоо сайхны эмчилгээнд илүүтэй хэрэглэдэг. Эхэсийн уургаар нүүрний арьсны коллагеныг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээг бүрэн арилгаж байна.

-Гоо сайхны эмчилгээнд яаж хэрэглэдэг вэ. хэдэн наснаас дээш энэ үйлчилгээг хийлгэж болох уу?

-Тусгай аппаратаар нэвчүүлэх, тарих, шавших зэрэг аргаар эхэсийн уургаар үрчлээ арилгах эмчилгээ хийдэг. Насны хязгаар гэж байхгүй. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд арьс хуурайшиж эмзэг болсон байдаг. Мөн сэвхтэх, батга гарах, харлах, үрчлээтэх зэрэг эрсдэл их. Ийм шинж илэрсэн л бол эхэсийн уургаар арьсаа эмчлүүлэхийг зөвлөдөг.

-Хэр хугацааны дараа үр дүнгээ өгөх вэ?

-Эхний эмчилгээний дараа мэдэгдэхүйц үр дүн өгсөн байдаг. Арьсыг эхэсийн уургаар залуужуулж байна гэсэн үг. Үрчлээ их, нөсөө толбо, батга их гарсан бол хэд, хэдэн удаа эмчилгээнд орохыг зөвлөдөг. Эхэс дэх мелланин нь сэвхийг арилгаж бодисын солилцоог сайжруулан цайруулдаг. Эхэсийн бэлдмэл нь арьсны уян хатан чанарыг хамгаалдаг сомюуа эсийг идэвхжүүлдэг. Хүний арьс нь сомюуа эсийн идэвхтэй ажиллагааны үндсэн дээр хамгаалагдаж байдаг бөгөөд хөгшрөхөд сомюуа эсийн идэвх буурдаг. Тиймээс эхэсийн уураг нь сомюуа эсийн ажиллагааг идэвхжүүлэн арьсыг чийглэг, уян хатан болгон үрчлээг багасгана.

-Үрчлээ арилгах ботокс тариа хэсэг хугацааны дараа үйлчилгээ нь сулардаг талтай. эхэсийн уураг ийм эрсдэлтэй юү?

-Үгүй. Амьд залуу эсээр дэмжчихэж байгаа хэрэг. Хүүхэд эхээс төрөхдөө дархлаатай байдаг. Түүн шиг эхэсийн уургаар дархлааг нь дэмжиж, залуужуулж байна гэсэн үг. Эхэсийн уургаар залуу сайхан төрхөө хадгалж үлдэхийг хүсвэл УИД-ээс чанх урд “Octard” салоны хажууд “Завгүй” салонд зочлох буюу 99039969 утсаар зөвлөгөө авах боломжтой.