Categories
мэдээ нийгэм

Н.Баярсайхан: Хямралаас аврагдах гарц буюу цувааг чирэх зүтгүүр

Манай барилгын зах зээлд 2009 онд одоогийнхтой төстэй гэхдээ арай огцом эхэлсэн ч байж магадгүй бууралт, зогсолтын байдал бий болсон тэр цаг үед ийм нийтлэл бичиж “Өдрийн сонин”-д нийтлүүлж байлаа. Гэхдээ энэ цаг үед ч үүссэн нөхцөл байдал нь хэдийгээр өөр өөр байж болох ч барилгын бизнесийн бууралт нь урьдах хүндрэлийн нэгэн адил эдийн засгийн бусад салбарт гарцаагүй хүчтэй нөлөөлж эхэллээ.

МҮБА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан

Ойрмогхон АНУ-д нүүрлэсэн ипотекийн хямрал нь дэлхий нийтийг хөлдөө чирч эдийн засгийн уналт, санхүүгийн тогтворгүй байдлыг дагуулсан аюул занал болж хувираад байна. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн хямрал хэрхэн үүсэв? Америкийн үл хөдлөх хөрөнгийн үнийн уналтаас улбаатай энэ удаагийн дэлхийн санхүүгийн хямрал Бушийн засаг захиргааны 8 жилийн хөдөлмөрийг тарамдуулж, АНУ-ыг өөрийг нь ч хүндхэн цохилтонд оруулаад байна. Бид ч дээрх хямралаас зайлж чадсангүй. Ялангуяа өнгөрсөн жилийн 11, 12-р сараас дохио сануулгаа өгч байсан санхүүгийн хүндрэл энэ оны 1-р сард улам тод мэдрэгдэж байна.

Бидний хувьд үл хөллөх хөрөнгө, тэр тусмаа орон сууцны үнийг хэтэрхий хөөрөгдөхийг таашаадаггүй бөгөөд “Чансаатай чанар, Боломжийн үнэ” гэсэн үндсэн зарчмыг баримталдаг юм. Тиймээс ч манайхаас шинэ байр худалдан авсан иргэд тодорхой хугацааны дараа зарж борлуулах шаардлагатай тулгарлаа гэхэд тухайн байрны үнэ цэнэ нь алдагдахгүй байх тал дээр бид онцгой анхаарч ажилладаг билээ. Нөгөө талаасаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ их хэмжээгээр буурч буй үзэгдлийг бас сайны дохио биш гэж үздэг. Үл хөдлөх хөрөнгө, түүний дотор ялангуяа барилга угсралтын бизнесийг аливаа улс орны бизнес худалдааны зохистой эргэлтийг хангадаг гол судасны нэг нь буюу гол түлхүүр гэж хэлж болох юм. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө, барилга байшин огцом үнэгүйдэхэд хүрвэл ард иргэдийн ашиг орлого хумигдаж, тэр ч байтугай тухайн улс орны нийт эдийн засгийг сөхрүүлэхэд хүргэдэг ажээ. Тухайлбал, өнгөрсөн зууны эцсээр Хонгконгт нүүрлэсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн их уналт Зүүн өмнөд Азийг тэр чигт нь хамарсан санхүү, эдийн засгийн хямрал үүсгэж, үүнээс олон улс орон гашуун сургамж амссан билээ. Харин өнөөг хүртэл манай улсад орон сууцны үнэ их хэмжээгээр буурсан байдал хараахан гараагүй байгаа нь олзуурхууштай ч, анхаарахад илүүдэхгүй зүйлүүд байна.

Английн эзэмшлээс Хятадын мэдэлд эргэн шилжсэн 1997 оноос өмнөх хоёр жилийн хугацаанд Хонгконгт үл хөдлөх хөрөнгө, ялангуяа орон сууцны үнэ 2 дахин өссөн ба үүнд ард иргэд нь ихээхэн дургүйцэж, шүүмжлэлтэй хандаж байжээ. Харин Хятадын эзэмшилд буцаж очсон даруйдаа Хонгконгийн Засгийн газар жил бүр 85,000 айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулсан байна. Энэ нь тухайн үеийн байдлаар орон сууцны нийлүүлэлтийг 4 дахин өсгөж чадсан бөгөөд нийлүүлэлтээр дамжуулж орон сууцны үнийн хөөрөгдлийг дарах бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Түүнээс гадна ийнхүү орон сууцны үнийг хямдруулах нь нэг талаасаа иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдэх, нөгөө талдаа Хонгконгийн дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой холбоотой байжээ. Харамсалтай нь, үүнтэй зэрэгцэн тэр жилд нь Зүүн өмнөд Азийн эдийн засаг хямарч эхэлсэн ба үүнийг даган орон сууцны үнэ ч зах зээлийн жамаар огцом буурч эхэлсэн байна. Улмаар 2003 он хүртэл үргэлжилсэн хямралын үр дүнд Хонгконгт орон сууцны үнэ 70 орчим хувиар унажээ. Хэдийгээр орон сууцны үнэ нь ард иргэдийн хувьд боломжийн болсон боловч улам бүр үнэгүйдэх үл хөдлөх хөрөнгийн зах зээл улс орны эдийн засгийг хямрахад хүргэсэн гол хүчин зүйлийн нэг болсон юм. Тухайн үед орон сууцаа зээлээр авсан гэр бүл тутамд хоёр сая 600 мянган Хонгконг юаны алдагдал ноогдож байжээ. Ойролцоогоор 170,000 орчим гэр бүлийн орлого нь зарлагаа хааж чадахгүйд хүрч, хүн амын 10 хүн тутмын 1 нь буюу 500,000 хүнийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал 2 ч удаа болсон байна. Тооцоолж байснаар хямдрах тусам орон сууц худалдан авах нь нэмэгдэх бус харин бүр эсрэгээр улам буурч, хэрхэх эсэхээ мэдэхгүй тээнэгэлзсэн хүмүүс 6 жилийн туршид мөнгөө бэлнээр хадгалахыг илүүд үзсэн хэвээр байсан юм. Зөвхөн 2003 оны эхээр Хонгконгийн Засгийн газрын эзэмшилд зарагдаагүй 25,000 орон сууц байсны зэрэгцээ хүн амынх нь орлого багасаж, ажилгүйдэл газар авч, тэр хэрээрээ Хонгконгийи дэлхийд өрсөлдөх чадвар мэдэгдэхүйц буурсаар байв.

Чухам яг энэ үед Хятадын Жун Фан барилгын групп Хонгконгийн зарагдаагүй бүх орон сууцнуудыг худалдан авахаар зэхэж байна, эх газрын хятадууд зугаацан цэнгэх гэж байна гэсэн цуу яриа газар авч, дээр дооргүй шуугилдах болсон байна. Тэгж ч байтал орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэнэт дуу хоолойгоо нэгтгэн ард иргэддээ орон сууц худалдан авахыг уриалж, барилгын бизнесээ аврая, үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө гэх мэтчилэн мэдээллийг тасралтгүй цацаж эхэлжээ Хамгийн сонирхолтой нь, эерэг мэдээллүүд хүчтэй цацагдаж эхэлснээс хойш 7 хоногийн дараа орон сууцны борлуулалт бараг 3 дахин нэмэгдэж, үнэ нь ч өсч, барилгын бизнес мэдэгдэхүйц сайжирч, алгуур голдрилдоо орох шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна.

Хонгконгийн зарим иргэд барилгын салбарыг Хятадын Засгийн газар аварсан хэмээн өнөөг хүртэл бодоцгоодог боловч нөхцөл байдал бодит байдал дээр арай өөр байсан юм. Чухамдаа, Хонгконгийн ард иргэдийи зах зээлдээ итгэх итгэл нэмэгдэж, дарж хадгалж байсан бэлэн мөнгөөрөө орон сууц худалдаж авч эхэлснээр Хонгконгийн барилгын бизнес сэргэсэн түүхтэй билээ.

Дээрх жишээнээс харахад ард иргэд өөрсдөөсөө ч харамлаж байсан тэр мөнгөөрөө орон сууц худалдан авахад чухам юу илүүтэй нөлөөлсөн бэ гэдэг асуулт урган гарч байна. Үүнд гагцхүү хүмүүсийн итгэл тус болсон. Тэгэхээр тэр итгэл үнэмшлийг хэн өгөв? Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн цаг үеийн нийгэм дэх уур амьсгал хүмүүс хоорондын амин яриа хөөрөө гэхчилэн олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад ингэж хүчтэй нөлөөлөв? Үнэн хэрэгтээ, Хонгконгийн хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн өорсдөө сүүлийн 6 жилийн туршид хохирол амсаж, эдийн засгийн хямралд нэрвэгдэж буйгаа сайтар ойлгосонд хамаг учир нь байгаа юм. Тэд хямралаас өмнөхөн орон сууцны үнэ хэтэрхий их өндөр байна, барилгын салбар хэт их ашгийн хойноос улайран хөөцөлдөж байна хэмээн буруутгаж байсан. Гэтэл навсайтлаа унасан орон сууцны үнэ, зогсонги байдалд орсон барилгын бизнес нь нийгэм, эдийн засагт ямар их хохирол учруулж, сөрөг үр дагавар авчирч буйг нүдээрээ харцгаасан тул тэд ийнхүү дахин хүчээ нэгтгэн ард түмнээ уриалж, үнэн зөв мэдээллийг өгцгөөхөөр шийдсэн байна.

Орон сууцны үнэ унахын хэрээр барилгын салбарын үйл ажиллагаа хэрхэн доголддог, яагаад түүнтэй холбоотой олон зуун төрлийн бизнес эогсонги байдалд ордог, бүр цаашилбал ажилгүйдэл нэмэгдэхэд хүргэдэг, ард иргэдийн орлого хумигдахын хэрээр худалдан авах чадвар буурдаг болох энгийн уялдаа холбоог Хонгконгийн туршлагаас эдүгээ бид харж болно. 

Үүнийг ч Хонгконгийн Засгийн газрын тэргүүн Дун Зяньхуяа “Энэ цаг хугацааны түүхийг эргэн харахад юуны ч үнэ унаж болно, гагцхүү үл хөдлөх хөрөнгө, түүний дотор орон сууцны үнийг хамаагүй унагаж болохгүй” хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Энэ бүхнийг үндэслэн миний бие энэхүү нийтлэлийнхээ эхэн хэсэгт барилгын бизнес нь улс орны бизнесийг эргэлдүүлэх гол түлхүүр нь гэж зоригтой хэлсэн билээ.

Эдүгээ манайд өнгөрсөн зууны эцсийн Хонгконгтой адил нөхцөл байдал ажиглагдаж, шинж тэмдгүүд нь ч илэрч байна. Үүнийг дараах цөөн хэдэн тоон үзүүлэлт тодорхой харуулах бизээ. Монголбанкны 2008 оны 11-р сарын 01-ний өдрийн мэдээгээр арилжааны банкууд ард иргэдэд 240 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл олгосон ба энэ нь хамгийн чанартай зээлийн багц хэмээн банкныхан ам бардам хэлцгээж байна. Түүнчлэн барилга угсралтын үйл ажиллагаанд зориулан гаргасан 260 орчим тэрбум төгрөгийн зээлийн багц байгаа бөгөөд үүнээс 208 тэрбум орчим нь эргэн төлөгдөөгүй зогсонги байдалд байгаа аж. Гэвч баригдаж байгаа барилгууд болон түүн дээр нэмээд компаниудын өөрийн үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 431 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл арилжааны банкуудад энэ хэмжээний үл хөдлөх хөрөнгийн барьцаа байршиж байна гэсэн үг юм. Мөн үеийн байдлаар барилгын компаниуд худалдан авагчидаас олон тэрбум төгрөгийн урьдчилгаа авчээ. Бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчдээс барилгын компаниудад барагдуулах төлбөрийн үлдэгдэл 50 илүү тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Багаар бодоход бэлнээр 500 илүү тэрбум төгрөг үл хөдлөх хөрөнгийн барьцаанд зах зээлийн үнэлгээгээр 1 триллион орчим төгрөгийн хөрөнгө тус тус эргэлтгүй түгжигдээд байна.

Онцгой сайн ганц хоёр барилгын компанийг эс тооцвол орон сууцны борлуулалт бараг зогсонги байдалд орсон хүндхэн дүр зураг харагдаж байна. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан бараа, тавилга хогшил, байрны засвар үйлчилгээ зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт ч хөлдөж царцсан мэт болжээ. Хэрвээ хүмүүс шинээр орон сууц худалдаж авахгүй юм бол юун тэр телевизор, хөргөгч мэтийн борлуулалт нэмэгдэх, дагалдах засвар үйлчилгээ хэндээ ч хэрэг болох билээ дээ. Түүнээс гадна, барилга угсралт болон бүтээн босголт ид хийгддэг урин дулаан цаг ирэхээр унтаж амрах завгүй ажилладаг салбар бол ачаа тээвэрлэлт билээ.

Төмөр замынхны мэдэгдэж буйгаар өнгөрсөн жилийн туршид ачаалал харьцангуй бага байсан байна. Ялангуяа транзит тээвэр, барилгын материалын импорт зэрэг орлогын томоохон эх үүсвэрүүдийн ачаа эргэлтийн хэмжээ буурсан нь төмөр замын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа ажээ.

Гэх мэтчилэн барилгын салбар 100 гаруй төрлийн бизнесийг тэтгэж, хөгжин цэцэглэх тулгуур нь болдог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Эдүгээ манай улс гэнэтийн их хэмжээний өсөлт, уналтын байдлаас хэрхэн зайлсхийх, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг яаж хадгалах талаар олон эрдэмтэн мэргэд санал бодлоо уралдуулж байгаа билээ. Үүнд татвар багасгах, цалин нэмэх санал гэх мэтчилэн тааламжтай саналууд сонсогдож байгаа боловч ба эдгээр нь улсын төсөв, Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг талуудтай. Харин миний хувьд хэрэгжүүлж болох бодит арга хэмжээ, хүндрэлтэй байдлаас гарах гарцыг барилгын бизнес гэж үзэж байгаа билээ. Тухайлбал, барилгын бизнес нь галт тэрэгний цувааг чирэх зүтгүүр лугаа адил ажиллаж, улам бүр эрч хүчээ авч хурдацтай хөгжихийн хэрээр түүнийг дагалдах олон төрлийн бизнес хийгээд улс орны эдийн засгийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бат илтгэлтэй байдаг юм.

“Өдрийн сонин” 2009.01.30 № 025 (3102)


Categories
мэдээ нийгэм

Ам.доллар 2008 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш тасралтгүй өссөөр сүүлийн үед 2000 давах боллоо. Өнгөрсөн баасан гариг гэхэд 2004 төгрөгтэй тэнцэж байсан юм. Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед долларын ханш улам чангарсаар байх бололтой. “Найман шарга”-т өчигдөр долларыг 2005 төгрөгөөр авч, 2007 төгрөгөөр борлуулж байв. Харин өнөөдрийн байдлаар 2005 төгрөгөөр авч, 2008 төгрөгөөр борлуулж байна.

Мөн өнөөдөр Монголбанкнаас гаргасан валютын мэдээгээр ам.доллар 2003.48 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Уран уургач” валют арилжааны төв дээр 10.40 цагийн байдлаар долларыг 2001 төгрөгөөр авч, 2003 төгрөгөөр зарж байна.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд дайруулж нас баржээ

Өнгөрсөн бямба гаригт галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал,Баянгол дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын 396 дугаар километрийн 5 дугаар зуутад ачааны 2652 галт тэргэнд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 37 настай А гэгч эрэгтэй хүн дайруулж нас барсан байна.

Уг хэргийг Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлэв

“Талх-Чихэр” ХК-ийн нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон юм. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар ХҮН-ын дарга болжээ

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өчигдөр болжээ. Тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцсон байна. Намын ээлжит бус их хурлаар хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэйгээр, намын төв хороог дарга гишүүдийн хамтаар баталжээ.

Мөн хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрээр “Олон нийтэд илүү танигдсан, Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд авч орох туршлагатай, улс төрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэсэн байна. Тэрээр хүсэлтээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандад өгөөд төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгосон аж. Мөн танхимаас намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хороон дарга Т.Бат-Оргил нарыг нэр дэвшүүлжээ. Харин Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар С.Боргилын саналыг дэмжин нэрээ татаж, санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэс намын даргаар 98 хувийн саналаар сонгогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутагт өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, сумаас зүүн зүгт 31 км зайтай Улаан цав гэдэг газар өчигдөр өдрийн 12.47 цаг орчим 3.7 магнитудын газар хөдлөлт болсон байна. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандал-Овоо сумын Засаг даргын тамгаас тодруулахад “Ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй” гэж мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт

Их мастер Д.Эрдэнэбилэг илүүрхэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2016 оны Улсын аваргын шалгаруулах даамын тэмцээний хагас шигшээ амжилттай болж, шигшээд тоглох оролцсон тамирчид тодров. Улсын аваргын тэмцээн есөн өрөг швейцарь системээр явагдаж байгаа юм. Эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 16 оноогоор тасархай түрүүлэв. Хоёр, гуравдугаар байранд их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Хэрлэнмөрөн, дэд мастер У.Цэрэндолгор нар хоёр, гуравдугаар байрт орсон юм. Тэмцээнд эрэгтэй 96, эмэгтэй 46 тамирчин өрсөлджээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын томилгоог хэлэлцэнэ

Өнөөдөр үдээс хойш 16:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хурлаар нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор Элчин сайд нарыг томилуулах тухай асуудал багтжээ. Мөн Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг Хууль зүйн сайд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлыг жагсаалтыг хүснэгтэд үзүүлж байна


Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай

Ц.ОЮУНБААТАР

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Ц.ОЮУНБААТАР

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

С.БАЯРЦОГТ

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Л.ПҮРЭВСҮРЭН

Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд

Б.БОЛОР

Л.ПҮРЭВСҮРЭН

Элчин сайд нарыг томилуулах тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах)

Б.БОЛОР

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-гийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай*

М.ЗОРИГТ

Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай

Г.БАЯРСАЙХАН

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар*

С.БАЯРЦОГТ

Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай*

С.БАЯРЦОГТ

Categories
мэдээ нийгэм

Ё.Гантуяагийн хэрэг юуны учир мөрдөн байцаалтад буцав

Монголд 13 сая евротой орж ирээд ор сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимилиан Лёонхард Клойбер айлд бүгж байгаад нас барсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг охин, хүргэний хамт шалгаж байгаа. Эл хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Хавтаст хэрэгт зарим материал дутуу авагдсан, дахин шалгах шаардлагатай хэмээн ийнхүү буцаажээ.

М а к с и м л я н Л ё о н х а р д Клойберыг Интерполоор эрэн сурвалжилж байсан ч тэрээр хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяагийн дүүгийнхээс нас барсан байдалтай олдсон гэдэг. Үүний улмаас Максимлян Лёонхард Клойберийн нас барсан хэрэгт Ё.Гантуяа гэгчийн гэр бүлийг шалгаж байгаа юм.

Монголд их хэмжээний мөнгөтэй ирсэн гэх Максимлян Лёонхард Клойберийн хэрэг сүүлийн үед намжаад байгаа. Түүний хэрэгт маш олон зүйл тодорхойгүй байгаа билээ. Адаглаад түүнийг үнэхээр Монголд эрэн сурвалжилж байсан бол энэ урт хугацаанд М о н г о л ы н ц а г д а а н а р яагаад олж чадаагүй, олж чадсан байлаа ч мөрдөн байцаалтыг явуулж байсан уу гээд олон асуудал гарч ирж байгаа юм. Цаашлаад их мөнгөтэй ирсэн гэж, тэр мөнгөтэй нь холбогдуулж бусдыг хүртэл хилсээр шалгаад байсны шалтгаан зэрэг олон асуудлууд мөрдөн байцаалтаар мухарлагдах бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг

УИХын гишүүн Д.Дэмбэрэлтэй Үндсэн хуулийн талаар болон цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

Үндсэн хуулийн ойн баярын өдрүүд тохиож байна. Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 24 жил өнгөрсөн байна л даа. Үндсэн хуулийг батлахад хүндрэлтэй зүйлс тохиолдож байсан байх?

-Үндсэн хуулийг баталж гаргана гэдэг амаргүй ажил. Монгол Улс хорьдугаар зууны эхэнд Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласан. Энэ нь төр, нийгмийн маш том дэвшил байлаа. Үүнийгээ удаа дараа боловсронгуй болгон цаг үед нийцүүлснээр 1990 онтой золгосон. 1990 он гэдэг бол нийгмийн томоохон тэмцлээс эхлээд шинэ нөхцөл байдалд ажиллахыг шаардсан. Ардчилсан хөдөлгөөнүүдийн шаардлагыг тусган асуудлыг шийдсэн. Нийгмийн сэгсэргээнд асуудал дэвшүүлээд ирэх үед гарах арга замыг зөв онож чадсан нь монголчуудын хамгийн том гавьяа. Энэ нь Үндсэн хуулийн арга байсан юм.

Нийгмийн томоохон шаардлагыг 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульдаа багтаан гаргасан. Миний хувьд үүнийг маш чухал хууль гэж үздэг. Үндсэн хуулийн анхны эх булаг нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль байсан. Улс төрийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийж нэг намын улс төрийн эрхийг халах шийдвэрт хүрч төрийг төр гэдэг байдлаар нь Үндсэн хуулиараа бүх асуудлаа шийдэх боломжийг бий болгосон. Нэмэлтийн хуулиар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх асуудал гарч ирсэн. Ингээд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр АИХ-ын 429 депутатыг сонгох сонгууль болсон. Энэ бол түүхэн үйл явдал болж байсан юм. Ингэж л нээлттэй, ил тод, шударга түүхэн сонгуулийн үр дүнд бий болсон тухайн үеийн АИХ-д Үндсэн хуулийг батлах томоохон үүрэг ноогдсон. Гэхдээ энэ бүх үйл явц миний ярьж байгаа шиг тийм амар явсан юм биш. Нийгэмд шинэчлэл хийх, улс төр, эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэдэг амархан байгаагүй.

Нийгэм огт өөр нийгмээр солигдоод амаргүй байсан биз. Иргэдийн хувьд зах зээлд бүрэн төлөвшөөгүй хэцүү байсан гэдэг дээ?

-Үнэн. Улсаараа сэтгэхүй нь бэлэн болоогүй байсан үе. Тэр сэтгэхүйг хөтлөх локомотив болсон орчин шаардлагыг хангахыг шаардсан нэг хэсэг гарч ирсэн нь нэлээд ач холбогдол өгсөн. Одоо эргээд харахад алдаж, оносон зүйл харагддаг л юм. Нийгмийн оюун санааны амьдралд цоо шинэ эргэлтийн шинжтэй зүйлийг оруулахын тулд ард түмнийг бэлтгэсэн байх шаардлагатай байдаг. Гэхдээ үүнийгээ хийж чадсан. Үндсэн хуулийг батлахын тулд Улсын бага хурлыг байгуулж, байнгын ажиллагаатай болгож бэлтгэл ажлыг хангасан. Маргаантай зүйл их байсан. 429 депутат Үндсэн хуулийн талаар хэлэлцэж байхад “Дэндүү их удаж байна. Дэндүү их маргаж байна” гэдэг наад захын шүүмжлэл гарч байсан ч үүнийг дааж зөв сайхан Үндсэн хуультай болсон. Олон талын шүүмжлэл, саналыг харгалзан үзэж 1992 оны Үндсэн хуулийн эхийг барьж авсан. Хамгийн гол нь эдийн засгийг хэрхэн яаж авч явах вэ гэдэг арга хэлбэрүүд дээр маргаж байснаас хугацаа сунжирч байсан юм. Ялангуяа нийгмийн өмчийг задлах, хувийн өмчийн хэлбэрүүдийг бий болгох амаргүй ажил. Мөн нийгмийн социал чиглэлээс ардчилсан чиглэлд шилжих буюу улс төрийн маргаанууд их байсан ч бүгдийг нь давж чадсан. 1990 онд болсон бүх үйл явц 1992 онд шинэ Үндсэн хууль төрөх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Монголчууд цаг нь тулсан үед ухаалаг шийдвэр гаргадаг юм байна гэж бодсон. Үндсэн хуулийг батлах ажлын хүрээнд ард түмэн бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Тухайн үед ард түмнээс авсан саналаа хоёр сар гаруй хугацаанд хэлэлцүүлсэн юм шүү дээ. Энэ бол маш чухал ач холбогдолтой. АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг баталчихна гэдгээр биш ард түмний саналыг хэлэлцсэн гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ хэлэлцэж байж батлахгүйгээр хэдхэн хүний хүрээнд баталсан бол ард түмний дунд Үндсэн хууль гэж хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй байсан.

Шинэ Үндсэн хуулийн ач холбогдол нь яг юунд оршиж байв?

-Үндсэн хуулийн ач холбогдол маш өндөр. Өнөөдөр бид өнгөрсөн 20 гаруй жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг эргээд харахад өөр түвшинд ирсэн нь харагддаг. Яаж үнэмших вэ гэдэг асуулт гарч ирнэ. Миний хувьд 20 гаруй жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсан бөгөөд оюун санааны хувьд асар их өөрчлөлтийн он жилүүд байлаа. Бид өнгөрч байсан зүйлс дээр бат суурилж явсан нь ихээхэн ач холбогдолтой байсан. Үндсэн хууль төрнө гэдэг бол урьдын суурь хуримтлал дээр бий болдог зүйл. Түүнээс нь салгачихвал цаашаа амьдрах боломжгүй байсан байхыг үгүйсгэхгүй.

Тухайн үед шинэ Үндсэн хуулийг батлахын тулд иргэн бүрийн саналыг чухалчилж авч үзэж байж. Гэтэл өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол хоёр том намын асуудал мэт харагдаж байна л даа?

-Үндсэн хуулийг батлахад биеийн байдлын бэлтгэл хангагдаж, тухайн үеийн зорилтуудыг Үндсэн хуульдаа тусгаж чадсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол бүхэлд нь өөрчлөлт оруулж байгаа юм биш л дээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ гэдэг зүйл яригдахаас суурь бүх зарчмыг өөрчлөхгүй гэдэг хуулийг түрүүчийн парламент гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталснаар ямар заалтыг нь хөдөлгөж, ямар заалтыг нь хөдөлгөж болохгүй вэ гэдгийг тусгаад өгчихсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил түрүүчийн парламентын үед хийгдэж ажлын хэсэг байгуулж дөрвөн ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар ажлын хэсэг гаргаж ажилласан. Дараа нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Өөрчлөлт оруулах асуудлууд ч байна” гэж тохирсноор УИХ-ын даргад танилцуулгаа хийсэн. УИХ-ын дарга шинэ ажлын хэсэг байгуулж, хуучин тавигдаж байсан асуудлуудыг судалж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа баримталж боловсруулсан. Үүнийг хоёр нам тулгаад гаргах гэж байна гэсэн хардлага байх нь зүй ёсных. УИХ-аар хэлэлцэх үед хоёр том нам зонхилж байгаа нь үнэн. Энийг ард түмэн тулгаж гаргах гэж байна хэмээн сандарсан байх л даа. Тэгж тулгаж гаргах үндэсгүй юм л даа. Учир нь Үндсэн хуулийн журмын тухай хуульдаа ард түмнээс асууж байж гаргана гээд хуульчилсан. Үүнийг хүмүүс буруу ойлгоод байна. Бидний өргөн барьсан төслийг хэлэлцээд эхэлсэн тохиолдолд бүх хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг зогсоож байгаад хэлэлцэнэ. Парламент хэлэлцэх эсэхээ шийдээд, хэлэлцүүлгээ хийж “Манай парламент энэ л асуудлыг хэлэлцье. Үүнийг ингэж өөрчилье” гэж тохирох учиртай. Харин батлахын өмнө ард түмнээс асуух ёстой. Түүнийгээ санал асуулга гээд байгаа юм. Үүнийг нь ард түмэн жаахан буруу ойлгочихов уу даа гэж харж байна. Санал асуулгын тухай асуудлыг эхэндээ УИХ-ын гишүүд нь ч ойлгохгүй буруу яриад эхэлчихсэн юм. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гээд том хууль бий. Тэр хуулийн дагуу ганц хоёр зүйл асуучихна гэж бодсон. “Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох юм уу, УИХ сонгох юм уу”, “УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчийг сонгох юм уу, пропорционалиар явах юм уу” гэж хоёрхон зүйл асуухыг хэлдэг гэж эндүүрсэн.

Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал асуулга биш. Парламент хэлэлцээд бүх газрынхаа саналыг авсны дараа Ерөнхийлөгч, Дээд шүүх, Засгийн газар, Цэцийн саналыг аваад ийм өөрчлөлт орохоор байна гээд батлахын өмнө ард түмнээс асуух юм. Ард түмнээс нийтээр нь санал аваад дэмжиж байвал явуулаад дэмжихгүй бол тэгээд л үлдэнэ. Хууль нь ердөө л энэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх боломжтой юм. Өмнөх төслүүд нь бэлээхэн байгаа юу?

-Дараагийн парламент төслүүдийг авч үзээд нэмж, хасах зүйл байна уу гэдэг ажлын хэсгийг шинээр байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.

Энэ парламентын үед байгуулагдсан ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй. Түрүүчийн Их хурлын үед байгуулсан миний ажлын хэсэг дэд хэсэгтэй, эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, гишүүдийг багтаасан том ажлын хэсэг байсан. Тэр том ажлын хэсэг шүүж тунгаасаар байгаад 15-16 зүйлд өөрчлөлт орж болох юм гэдэг дээр санал нэгдэж байлаа. Түүнийг нь бид харгалзсан. Дараагийн ажлын хэсгийг байгуулахдаа өргөтгөн байгуулах нь зөв. Тэгэхгүй бол энэ есөн хүн явцуу хүрээнд ажиллачихлаа гээд хардаад байна л даа.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Их хурал хэлэлцэж байна. Цэцийн гишүүдийн насны хязгаар 65 байна гэдэг ч юм уу өөрчлөлтүүд багтжээ. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Нас хязгаарлаж болно. Гэхдээ Монголын ҮХЦ эцсийн шийдвэр гаргадаг маш том эрхтэй. Нэг үгээр хэлбэл парламент хууль батлахаас илүү баталсан хуулийн чинь энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд эцсийн шийдвэрээ гаргачихдаг юм. Тийм эрхтэй байгууллагад асар их мэдлэг, туршлагатай хүмүүс очиж байх ёстой. Анх бид Цэцийн асуудлыг ярихдаа шүүх гэж үзээгүй. Цэцийн эцэслэн шийдэж буй шийдэл нь Монголын өөрийн гэсэн хувилбар юм. 2200 жилийн төрийн түүхтэй улсад тэр хугацаанд хяналт хэрхэн явж ирсэн юм гэдэг түүхийг үзээд Цэц гэдэг нэр томъёог оруулж ирсэн. Цэцийн концепцийг тайлбарлаж байгаа хүмүүс “Энэ бол шүүх” гэдэг. Дахин хэлэхэд шүүх хараахан биш. Тэгж бодсон учраас л шүүгчийн нас 65 байхад энэ нөхдүүдийн насыг хязгаарлана гээд оруулж байгаа юм. Шүүх бүх насаараа суудаг монопол эрхтэй бол Цэцийн гишүүд зургаан жилийн хугацаатай суудаг. Цэцийн гишүүн ажиллах чадамжгүй бол заавал 65 гэлтгүй 50 настайд нь ч болиулж болно. Үнэхээр болоод ажлаа хийгээд байвал 65-аас дээш байсан ч яадаг юм. Үүний ялгааг сайн гаргаж чадахгүй байна. Анх Үндсэн хууль батлахад ямар үг хэлж байсан бэ гэдэг протоколыг харалгүй өөрийн итгэл үнэмшлээр асуудлыг тавиад эхэлчихлээ. Энэ нь тийм биш юм шүү гэдгийг нэгдүгээрт хэлэх ёстой.

Хоёрдугаарт, ҮХЦ-ийг шүүмжилж болно. Гэхдээ парламент Үндсэн хуулийн Цэцийг атгандаа хийх гэж байгаа юм шиг ҮХЦ-тэй маргалдах эрх ёс зүйн талаасаа байхгүй. Яагаад гэхээр энэ чинь УИХ-ын баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дээд түвшинд авч үздэг байгууллага байхгүй юу. Хэлтэс газар байгууллагын захиргааны дарга руугаа дайраад байвал ямар вэ. Парламент хууль тогтоох эрхийг монополоор авч болохгүй. Тэгж бодож байгаа бол 1992 онд баталсан Үндсэн хуулиар Цэцийг хэрхэн яаж тодорхойлсонтой зөрчилдөнө.

Тухайн үед яг юу гэж тодорхойлсон юм?

-Дээр хэлсэн. Үндсэн хуулийн шүүгч биш. Одоо гадаад орнуудад Үндсэн хуулийн шүүх байдаг гэж хэлдэг. Үүнийг чинь бид мэдээд хийчихсэн юм. Монголчууд төрийн их уламжлалтай тул үүнийгээ Цэц гэж нэрлэнэ ээ гээд явчихсан. Сүүлд ҮХЦ дураараа явах нь ихсээд зээлийн барьцааны асуудалд бид л гэдэг байр сууринаас хандсан. Цэц гэдэг нэрэндээ бус өөрсдийнх нь ажлын арга барил, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн гаргаж байгаа дутагдал гэж дайрах нь буруу. Өмнө нь Цэцтэй харилцан ярилцаад болдог байсан.

Парламентад суудалгүй намууд оны өмнө баталсан Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчлөө гээд тайлбарлаж байна. Сонгуулийн хуулийн тал дээр ямар байр суурьтай яваа вэ?

-Сонгууль болгоны өмнө бид Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Өмнөх Их хурал нийгмийн томоохон өөрчлөлтийг багтаасан хууль болж чадсан. Одоогийн хууль нь нийлсэндээ өөрчлөлт орж байгаа мэт харагдаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хуулиудын хуучин заалтууд л явж байгаа. Тусдаа бие даасан хууль байсныг л нийлүүлээд нэг хууль болгосон. Нэг их шинэчлэгдсэн зүйл байхгүй. Хяналтын асуудал тавигдаж, санал тоолохдоо дараа нь техникийн тооллогыг нийт хэсгүүдийн 50 хүртэлх хувьд нь хийе гэсэн. Энэ нь хуучнаасаа арай нэмэгдэж байгаа зүйл. Тэр нь автомат машинаар тоолох асуудлаас болж эргэлзэж байх шиг байна. “Хэдүй их тоолно төдий чинээ бэрхшээлтэй тулгарна” гэж би үздэг. Ухаандаа эргэлзээд нэг зүйлээ дахин тоолоод байна гэдэг чинь их бага хэмжээний зүйл гараад ирвэл түүн дээрээ маргалдаад УИХ чинь бүрэлдэхгүй, төрөө төвхнүүлж чадахгүй байдалд хүрчих вий гэж боддог. Тиймээс хяналтын тооллого гэдгээрээ байсан бол зүгээр байсан юм. Одоо “техникийн” гэдэг үг оруулаад техник зөв ажиллаж байна уу гэдгийг хянах гээд байгаа юм уу. Үүнийг нэг их лаг юм болчихлоо гэж ойлгохгүй байгаа.

Техник оруулна гэдэг чинь улс төрийн бодлогоор хийгдсэн ажил. Манай намын Бага хурлаар гаргасан үзэл баримтлал байдаг.

Үзэл баримтлалдаа юу гэж тусгасан юм бол?

-Пропорционалийн элементийг оруулна. Санал авах, тоолох ажилд хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэсэн. Хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэж шийдсэн. Сонгуулийн хуульд ингэж зарчим болгож оруулсны цаана хүний хүчин зүйлсийг багасгаж техник оруулъя л гэсэн бодлого. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгуулийн дүнтэй холбогдож гарсан юм. Түүнээс болж хүний амь үрэгдсэн. Гараар тоолоход асар их булхай хийсэн болохоор үүнийг хүлээж авах боломжгүй гээд цаашид парламентаа байгуулж чадах уу, үгүй юу гэдэгтээ тулсан. Тэр түүхэн нөхцөлүүдэд хүний хүчин зүйлүүдийг манай нам ярьж, түүнийгээ дараа нь дэмжсэн. Гэхдээ хамтарсан Засгийн газарт байхад АН ч дэмжсэн юм. Тэгэхээр эргэлзээгээ тооллогоор шийднэ гэдэг бол нэг талаараа дэвшил. Гэхдээ учиргүй бүгдийг нь тоолоод байна гэвэл эвгүй байдалд орох магадлалтай шүү дээ. Сонгуульд нэг хүнээр илүү санал авсан л бол ялаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол орох гэж байгаа хүмүүс нь бүгдээрээ булхайтай юм шиг болоод эргэлзээтэй болоод эхлэхээрээ улс төрийн нөхцөлд муугаар нөлөөлдөг. Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагадаа эргэлздэг болдог.

Намууд Сонгуулийн хуулийг янз бүрээр шүүмжилж байна. Энэ зүй ёсны асуудал. Тэрийг нь хэлэлцээд хариуг нь хэлээд явах ёстой. Сонгуулийн хууль гэдэг бол нэг намд зориулсан зүйл биш. Намууд Сонгуулийн хуулиас боллоо гэдэгтэй би санал нийлдэггүй. Хуулиасаа болж байгаа юм биш ээ. Хуулиа зөв хэрэгжүүлж, өөрийгөө зөв таниулж, зөв хүнээ өрсөлдүүлэх асуудал. Энэ чинь намуудын чадавхийн асуудал байхгүй юу. Хуулийг буруу гээд байх юм алга.

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Танай бүлэг дээр ярив уу?

-Бүлэг Улс төрийн намын тухай хуулийг хараахан яриагүй байгаа. Ярих байх. Ер нь төрийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилтэй салшгүй холбоотой. Намуудгүйгээр орчин үед төрийг авч явах, засаглалыг бэхжүүлэх, улсыг удирдана гэдэг ойлголт байхгүй болсон. Манай намуудын хуулийг зөв гаргах ёстой. Одоо маш олон асуудлууд тавигдаад байгаа юм билээ. Тийм олон асуудлыг нэг дор хийнэ гэдэг юу л бол. Өмчийн асуудлыг намууд тавих хэрэгтэй. Намууд бизнес хийж болохгүй гэдэг нь аль хэзээний хуульчлагдсан. Тэр зарчмыг нь тодруулж болох л юм.

Хоёрдугаарт, намуудын санхүүжилтийн асуудал тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Сүүлийн үед намууд шүүмжлэгдэх болсон нь мөнгөний эрхшээлд автсантай холбоотой. Сонгууль бас мөнгөний эрхшээлд орсныг ард түмэн шүүмжилж байна. Үүнийг засах гол гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд санхүүжилтийн асуудлыг зөв шийдэж өгнө гэж итгэж байгаа. Намуудын төлөөлөл парламентад сууж байгаа бол төрийн ажил хийж байгаа гэсэн үг. Үүнийхээ төлөө намууд улсаас санхүүжилт авах хэрэгтэй. Пүүс компанийн засаглалын санхүүжилтээр парламентын үйл ажиллагааг санхүүжүүлээд эхлэхээрээ буруу болоод байна гэдгийг олон удаа хэллээ.

Тэгсэн хэрнээ засч чадахгүй юм даа?

-Засч чадахгүй байна. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхэд би ажлын хэсгийг ахалж байсан юм. Парламентад санал авсан тоогоор нь санхүүжилтийг нь хийнээ гээд нэг саналыг нь 1000 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ энэ санал бол олон жилийн өмнө шүү. Одоо бол өчүүхэн мөнгө болчихоод байна. Үүнийгээ л олигтойхон шиг нэмээд парламентад орж байгаа намын санхүүжилтийг шийдэх ёстой. Бизнесийн хүрээллээс нам санхүүжихээр нам тэдний хавсарга шиг ажиллах болдог. Мөнгөнд захирагдаж улс төрийн бодлого явах, мөнгөнд захирагдаж боловсон хүчний бодлого шийдэх, мөнгөнд захирагдаж нэр дэвшүүлэх ажиллагаа явах болдог юм. Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг. Одоо бол намуудын санхүүжилтийг зөв гаргаж ирэх ёстой.

Харин гишүүнчлэлийн тухайд?

-Яахав ээ. Дэлхийн бүх нам гишүүнчлэлгүй байна гэдэг асуудал байдаггүй. Манайх өмнөх намуудын хуулиараа гишүүнчлэлийг чөлөөтэй болгосон. Та энэ намд орох, гарах нь чөлөөтэй гэчихсэн. Сүүлдээ чөлөөтэй байдал нь дэндээд УИХ-д сонгогдсон нөхөр нь гараад алга болчихдог болсон. Тэр чинь арай хэтэрхий эрх чөлөө биз дээ. Бие бие рүүгээ дайрсан цэцэрхсэн байдлаар Улс төрийн намын тухай хууль явна гэж байхгүй. Гацах вий дээ.

Улс төрийн намуудыг султгах тал руу нь явна гэвэл төрөө султгаж байгаа хэрэг. Улс төрийн намыг хэт дарангуйлаад эхэлбэл хувь эрх мэдэлтнүүдийн төр болно. Намуудыг султгавал нэг хүний дарангуйлал тогтоно. Эцэстээ нам ямар хамаатай юм гээд дарангуйлж байгаа эрх мэдэлтэн намтай юутай нь хөнтөрдөг болно. Хэрэв ингэхээр бол хуучин хуулиараа явсан нь дээр биз дээ.

Сүүлийн үед орон сууцын зээлийн хүүг таван хувь болгох асуудал яригдаж байна. Та юу гэж харж байгаа вэ. Инфляци 2.9 хувь болсон гээд байгаа?

-Ганцхан инфляцийн түвшнээр хэмждэг зүйл биш. Өрөөсгөл байна. Олон үзүүлэлтийг харах ёстой. Хуучин хүүгийн хэмжээ зургаан хувь байсан. Энэ бол шинэ зүйл биш. Ирэх жил инфляци өсвөл яах юм. Ганцхан үзүүлэлтээр асуудлыг авч үзэж болохгүй. Зээлийн хугацааг 30 жил болгочихвол 25 нас хүрч байгаа залуу хосууд 55 настайдаа хоёр өрөө байртай болж зээлээс салах юм уу. Энэ бас л бодох зүйл. Ер нь бол хүмүүсийн орлоготой л холбоотой асуудал. Өнөөдөр байр авах хүсэлтэй хүмүүс, байр авах чадамжтай хүмүүсийн зөрүүн дээр битгий тоглооч дээ. Хүсэл хүн бүрт бий. Бараг хүүгүй болгоод байртай болгоод өгчихөөч гэх гээд байгаа биз дээ. Хүүг буулгах нь хохиролтой тусч магадгүй. Мөн хүсэл мөрөөдөл, бодит орлого хоёр ямар байгаа юм бэ гэдгийг тооцож үз. Хүмүүсийн орлого муудаж байна. Иргэдэд хуримтлал үүсч байна уу. Өөр нэг аюултай зүйл нь сонгуулийн өмнө ийм амлалтын шинж чанартай зүйл гаргаад ирэх юм. Ингэхээр УИХ-ын гишүүд чин шударгаар саналаа өгч чадахаа байдаг. Таван хувийн хүүтэй болгох дээр татгалзах хүн гарах юм уу. 17 мянган орон сууцаа л борлуулах гэсэн оролдлого.

Хүүхдийн мөнгийг 0-3 насныханд 30 мянган төгрөг болгож олгох хуулийн төсөл өргөн барина гэж танай намын бүлэг мэдэгдсэн. Сонгуулийн мөнгөний амлалтууд арай л эрт эхлээд байгаа юм биш үү. Шоу санагдаж байна?

-Хүүхдийн мөнгөний асуудлыг ярих гэж байгаа бол эхлээд 2016 оны төсөвтөө өөрчлөлт оруулах ёстой. Тодотголыг наана нь л хийхгүй бол хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгнө, 30 мянган төгрөг болгоно гэдэг чинь аль аль нь итгэл муутай. Угаасаа манай намын бүлэг хүүхдийн мөнгийг хасч болохгүй гэсэн. Бүх хүүхдэд өгөхөд 240 тэрбум төгрөг болдог. Гэтэл Засгийн газар оруулж ирэхдээ л хасаа биз дээ. Зургаан сарын дараахиа хардаггүй юм уу. Сонгууль дагасан улс төр явж байгаа нь үнэн. Ингэх хэрэггүй. Айл өрхийн амьжиргаа доошилж байгаа энэ үед хүүхдийн мөнгийг нь өгөөд явах ёстой. Хүүхдийн мөнгийг гадаад талаас нь үймүүлдэг. Хүүхдийн мөнгийг халамжийг хавтгайрууллаа гэж үймүүлдэг. Энэ чинь халамжийн хуульд хамаагүй. Халамж биш. Яагаад хуулиа ойлгохгүй ингэж тайлбарладаг юм бол. Манай халамжийн тогтолцоо маш зөв гэж олон улсын санхүүгийн байгууллага болон хуульчид үздэг. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдийн ирээдүйд тустай, хөрөнгө оруулалт хийж байгаа өөр зүйл. Хүүхдийн мөнгө бол хүн амаа өсгөх гэсэн бодлого. Хоёрдугаарт, нэн хүнд амьдралтай хүүхдүүдээ дэмжих гэсэн бодлого. Гуравдугаарт, тухайн хүүхэд том болоод сургуульд сурахад хэрэглэгдэнэ. Сургалтын төлбөр нь хэд ч болж нэмэгдэх юм билээ. Энэ бол дэмжлэг. Гэхдээ энэ бол Засгийн газрын хийж байгаа ажил шүү.