Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2013.01.18-Ы АРХИВ: Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та ардчиллын төлөө тууштай тэмцсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Таныг ардчилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?

-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нөхөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нисгэгч байсан болохоор тухайн үедээ өндөр цалинтай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөгжөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь “Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас “Алт худалдаж авч болно” гэсэн бичиг авчир” гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалгадаг байсан. Жишээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаагаас дээш тооны малтай байхыг зөвшөөрдөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөрдөггүй, алт зүүж болдоггүй нийгэм байлаа. Тиймээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чөлөөтэй нийгмийг байгуулж өгье гээд л ардчилалд эргэлтгүй орчихсон шүү дээ.

-Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж боддог байв уу?

-”Цөөн хэдэн сахилгагүй хүнтэй нийллээ” гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахилгагүй хүн биш боогдмол, хязгаарлагдмал нийгмийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа ардчиллын төлөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын төлөөх шинэ намуудын дарга болж улс төрд орсон. “Эрх чөлөө төв” төрийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний төлөө маш их тэмцсэн. Хэвлэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүйлийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж байсан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол “Миний эрхийг зөрччихлөө” гэж гомдол гаргадаг байгаасай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө “Эрх чөлөө төв”-д ажиллаж бас тэмцэж байлаа. Нэг нь санаатай, санамсаргүйгээр хүний эрхийг зөрчиж болдог. Харин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуцлагагүй зүйл. Хүн өөрийнхөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тиймээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хамгаалж ажилладаг байсан.

-Одоо эргээд харахад хүсээд байсан нийгмээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?

-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуулаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус байхыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, хараат бусаар амьдарч чаддаг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал оршин тогтнодог.

-Өнгөрсөн сонгуулиар ардчиллыг олуулаа сонголоо. Гэтэл иргэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түүнийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?

-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би “Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг болгоод өгөөч” гэж цаас бариад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна талаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгогдохоос өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрхтэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй болгооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй болгож чадсан.

-Одоо харин хөрөнгөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг боллоо…

-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө “Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна” гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, дотоодод байгаа бүх хөрөнгөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яахав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг байсан юм. Би тэр бүхнийгээ хөрөнгө, орлогодоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичихгүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ардчилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн банкинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учиртай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэмжинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Батзандангийн толгойд байгаа байх. Гэхдээ улстөрчдийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнзгийрүүлэхэд залуу насныхаа эрч хүчийг зарцуулаач гэж хэлмээр байна.

-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компанийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Батзандан гишүүн яриад байна. Магадгүй та оюутан байхдаа ашиглаж байсан АНУ дахь дансаа хаалгах шаардлага гарах нь дээ?

-Би “Ногоон нүдэн лам” номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ тохиолдолд гадаадын номын дэлгүүрүүдээс мөнгөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна. Гадаадад төлөөлөгчийн газар томилоод тэд миний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаараа гадаадад данс нээж л таарна. Энэ мэтээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг утгаараа гадаадын зах зээлд гарах туйлын сонирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс “Дэлхийн зах зээлд тэнцэх киног дэмжинэ” гэсэн бодлоготойгоор техникийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж байгаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесменүүдийг томор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай холбогдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нотлох ёстой.

-Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эргээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйсгэж байна гэж ярих хүн ч олон байна.

-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лондонгийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лондонгийн бирж дээр арилжаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данстай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан тушаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуудал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчих өд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эрхийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эрхийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнесменүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэдний эрхийг зөрчихөд дуугарахгүй бол үйлдвэрчнийхний, ард түмний эрхийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол уучлаарай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын баталгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хязгаарлах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?

-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэдийн төлөөлөл байх ёстой. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогчдодоо хэлж л байсан. Сонгогчид маань ч намайг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бусдаас илүүдээ сонгогдоог үй. Бусад хүний төлөөлөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны дараа гэнэт төгс хүн байж болохгүй.

-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.

-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын байгууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шалгалтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэдэнбал Филатова хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмөсөн нүүгээд явахад нь байнгын оршин суугчийнх нь үнэмлэхийг хураагаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэнийг авъя гэж зорьдоггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн болохыг бодно биз дээ. Тиймээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсынхаа иргэн болгох шаардлагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашигтай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаалтантай гэрлээд л болчихно байна шүү дээ.

-”Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү” гэж ханьдаа хэлэв үү?

-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, биенийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохирчихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Америкт оччихоод тэндэхийг шүүмжилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэтгэдэг.

-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяатаас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?

-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.

-Намынхаа нөхөртэй энэ талаар ярилцаж үзэв үү?

-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.

-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэдээллийн хэрэгслийн сэтгэгдлийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?

-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.

-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яагаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг байгаа юм уу?

-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт “Сэтгэгдлийг хариуцахгүй” гэсэн өгүүлбэр байдаг. Цаашид Засгийн газрын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.

-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?

-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэгдэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түүнээс сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.

-Бас кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл халдаад байгаа юм биш үү?

-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломжтой байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд “Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү” гэж байна лээ.

-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?

-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж тодорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй авчихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялангуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэрийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар албадан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?

-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зарлагдахаас айх хэрэггүй. Харин “Чи хэвлэлтэй байж болохгүй” гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэдийн шүүмжлэлд өртөж байгаагаа анзаарч байна уу?

-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тиймээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хүмүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.

Categories
мэдээ улс-төр

АЭХ-ны тэргүүнд дөрвөн хүн өрсөлдөж байна

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн юм. Энэхүү чуулган 13.00 цаг хүртэл нээлттэй горимоор үргэлжилж байгаад 13.00 цагаас хаалттай горимд шилжив. Чуулганы явцад холбооныхоо тэргүүнд нэр дэвшсэн 10 гишүүний зургаа нь нэрээ татаж авлаа. Ингэснээр холбооны тэргүүнд С.Одонтуяа /УИХ-ын гишүүн/, Г.Хажидмаа, 3. Б.Ургамалцэцэг /БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх/, И.Нарантуяа /Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга/нарын дөрвөн хүн өрсөлдөж байна.

Энэхүү чуулганд нийслэл, орон нутгийн 800 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийнэ

Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний үүсч болзошгүй ачааллаас урьдчилсан сэргийлж, зохицуулах зорилггор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярыг угтсан түр зохицуулалт хийдэг. Өнгөрсөн жилүүдэд түр зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.

Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна

Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангаж ажиллана.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

Дүүргийн нэр

Байршил

1

Нийслэл

Чингисийн талбай

2

Баянзүрх

1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай

6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай

3

Сүхбаатар

2 дугаар хороо, АСА Цирк

2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай

4

Чингэлтэй

5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай

5

Баянгол

13 дугаар хороо, Leon tower худалдааны төв

15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар

6

Хан-Уул

2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв

15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай

7

Сонгинохайрхан

14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв

1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв

Categories
мэдээ нийгэм

Соёлын дурсгалт зүйлсийг хилээр гаргахыг завджээ

Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Монгол Улсын иргэн Б, түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Шалгалтын явцад Б, Х нар нь энэ сарын 10-ны өдөр зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон байна. Улмаар шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлж, улсын хилээр гаргахаар завдаж байсан түүх, соёлын үнэт зүйлийг хураан авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Их-Уул суманд малын галзуу өвчин гарчээ

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, улмаар хорио цээр тогтоосон байна. Тус аймгийн Их-Уул сумын “Шивлэг” баг Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.

Мэргэжлийн байгууллагынхан малын галзуу өвчин гэж оношилжээ. Голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар ажиллаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хүлээлгэж өгсөн, тус төвд нийгэмшиж байгаа иргэдийг 2016 оны 01 дүгээр сард багтаан “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д хүргүүлэхийг тус ажиллах хэсэгт даалгалаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 650.000 төгрөгийг Нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэгдлээ. Мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүлээж авсан иргэдийг хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх үйл явцад туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Улсын дээд шүүхээр Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хэлэлцэж мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Өмнө нь тэднийг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэм буруутайд тус тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 24 жилийн хорих ял оноогоод байсан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс оноосон дээрх ялыг шүүгдэгчид давж заалдсанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хоёр жилээр хөнгөлөн үзэж тус бүрт 22 жилийн хорих ял оноосон юм.

Categories
мэдээ нийгэм

Машины татвараа улсын дугаарын сүүлийн оронг харгалзан 1-6 сард төлнө

Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.

Энэ жилийн ажлыг зохион байгуулах чиглэлээр Төв комисс дараахь үүргийн дагуу ажиллана.

  1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах
  2. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах
  3. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн Засаг дарга нар
  4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

-1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Татварын газар , Улаанбаатар хотын газар

  1. Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар
  2. Албан татвар, төлбөр төлөөгүй, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газрыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
  3. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хугацааны явцад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүргэгдэх “Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны ард талд сануулга, анхааруулга хавсарган хүргүүлж ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
  4. Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн үндэсний төв
  5. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах дүүргийн Салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нар
  6. Нийслэлд бүртгэлтэй идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг дотоод нөөц бололцоогоо ашиглан өргөжүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах; албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх; албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай болгон орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын банк
  7. Албан татвар, төлбөр хурааж байгаа нэг цэгийн үйлчилгээн дээр Улаанбаатар хотын банкны салбар байрлуулж ажиллуулахыг Улаанбаатар хотын банк
  8. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2016 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 396.0 төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс
  9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардлын батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хугацаа алдалгүй санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог ханган ажиллахыг нийслэлийн Авто замын газар
  10. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулахыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  11. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамруулан зохион байгуулж, үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Төв Комиссд хариуцан танилцуулна.


Хэвлэлийн бага хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, зохион байгуулах Төв комиссын дарга Б.Бадрал “Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор татвар төлөх шинэ журам хэрэгжсэнээр иргэдийн дараалал үүсч, цага хугацаа алдахгүй байх бүх боломжийг хангаж байна. Иргэд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хугацаандаа төлснөөр хуульд заасны дагуу таны төлсөн төлбөрийг нийслэлийн авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагасан тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ зэрэг ажилд зарцуулж байгаа юм. Жишээ нь өнгөрөн жил өрнөсөн хамгийн том ажлаас зуслангийн чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг дурдаж болно. Иргэд маань үүргээ биелүүлж, шинэчлэгдсэн журмын дагуу татвараа төлөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн мандатын тоог 22 болгоё гэв

Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдоод байгаа Ж.Батзандан гишүүн нийслэлд оногдох УИХ-ын мандатын тоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийв. Тэрээр “365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандат байгаа. Өөрөөр хэлбэл нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна. Гэтэл Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандаттай. Ойролцоогоор Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн 47 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг.

Дундговь аймаг 45 мянган хүн амтай, нэг мандаттай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэг гишүүн 100 гаруй мянган хүнийг төлөөлж байна. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай, хоёр мандаттай. Тэгэхээр мандатын шударга бус төлөөлөл, мандатын шударга бус хуваарилалтын зарчмыг өөрчилье гэдэг саналыг иргэд олон нийт, улс төрийн намуудын зүгээс тавьж байгаа. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нэг сая 400 мянган хүн амьдарч байна.

Гэтэл 48 мандатын 14 нь Улаанбаатарт, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагдаж байна. 14 гишүүн Улаанбаатар хотын сая 400 мянган хүнийг төлөөлж ажиллаж байна гэсэн үг. Үүнийг өөрчилье гэж байгаа юм. Хүн амынхаа тоотой ойролцоо байхаар мандатаа хуваарилах саналтай байна. Ингэх юм бол Улаанбаатарт 22 мандат оногдохоор байна. Харин хөдөө орон нутагт 26 мандат оногдохоор болж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нар дээд шүүхэд гомдол гаргажээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх 4.6 жилийн ял сонссон.Үүний дараа давж заалдах шатны шүүх хурал түүний ялыг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа. Одоогоор шүүх хурлын тов тодорхойгүй байна” хэмээн мэдээлжээ.