Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээний хуурамч газ их хэмжээгээр хилээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС БНХАУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН 8400 ШИРХЭГ ХУУРАМЧ ГАЗНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

НХАУ-аас хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хуурамч шингэрүүлсэн шатдаг хий буюу ахуйн хэрэглээний газ хууль бусаар оруулж ирдэг хэд хэдэн сүлжээ гэмт хэрэгтнүүд байгаа гэнэ. Бүр хил гаалийнхан дээрх сүлжээ гэмт хэрэгтнүүдийн гар хөл болж, хоёр улсын хилээр ямар ч асуудалгүй нэвтрүүлдэг гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагад иргэд болон аж ахуйн нэгжээс гомдол ирдэг аж. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ, цагдаагийн байгууллага огт анхаарлаа хандуулахгүй өдий хүрч байгаа аж.

Өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэгэн иргэнээс “Хуурамч газ их хэмжээгээр “Нарантуул” зах дээр бууж байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн дуудлага ирсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр ахуйн хэрэглээний жижиг савтай хуурамч газ их хэмжээгээр буулгаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид олон тооны газ буулгаж байгаа газарт очсон. Хүнд даацын ачааны машинаас “SUN” гэх нэр бүхий 300 хайрцаг, 8400 ширхэг газ буулгаж байсан юм. Рагчаа гэх иргэний хилээр оруулж ирсэн газ гэдэг нь тогтоогдсон. Дээрх “SUN” гэх нэр бүхий газ нь хуурамч гэдэг нь одоогоор тогтоогдоод байгаа. Мөн Рагчаа цагдаагийн байгууллагад ахуйн хэрэглээний газ оруулж ирэх тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ болон хил гаалиар хэрхэн нэвтрүүлсэн талаарх холбогдох бичиг баримтыг өгөхгүй байгаа. Хууль бусаар хуурамч газ оруулж ирсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалтын ажил хийгдэж байна” гэх мэдээлэл өгсөн юм.

ХУУРАМЧ ГАЗ ДЭЛБЭРч, ТҮЛЭГДСЭН ОЛОН ИРГЭН ГССҮТ-Д ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖЭЭ

“SUN” гэх газыг Солонгос улсын “TAEYANG” корпораци үйлдвэрлэдэг аж. Манай улсын “Мөн зөв” гэх компани тус газыг албан ёсны эрхтэйгээр импортлон борлуулдаг аж. Гэтэл иргэн Рагчаагийн оруулж ирсэн газ нь Солонгост үйлдвэрлэдэг газтай нэр нь адилхан боловч хуурамч гэдэг нь тодорхой байгаа гэнэ. Тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ хил, гаалийн бичиг баримт огт байхгүйгээс гадна газан дээр хятад, солонгос бичигтэй, орос кодтой байгаа гэнэ. Мөн хэд хэдэн газраа “SUN” гэж томоор бичсэн байна. Дээрх хуурамч газыг БНХАУ-ын хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа аж. Чанарын шаардлага огт хангагдаагүй бөгөөд иргэд худалдаж аваад хэрэглэж байх үед нь тэсэрч дэлбэрэх аюул өндөр байгаа гэнэ. Сүүлийн үед ахуйн хэрэглээний газ дэлбэрснээс болж түлэгдсэн олон иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Дэлбэрсэн газуудын ихэнх нь хуурамч байсан гэдгийг МХЕГ-аас мэдэгдсэн байна. Хилээр хууль бусаар оруулж ирсэн газ үнийн хувьд хямдхан байдаг аж. Иргэд хямд үнэтэйг нь худалдан авдаг байна. Хуурамч газ нь ашиглах явцад шингэнээ гадагш их хэмжээгээр ялгаруулдаг аж. Үүнээс болоод агаарт цацагдсан хий очлуур асаах, ил гал гарах үед шууд авалцаж дэлбэрч байгаа гэнэ. Хуурамч газ дэлбэрч байгаагаас болж иргэд гар, нүүр зэргээ түлж, гэрээ шатаасан тохиолдол ойр ойрхон гарах болсон. Иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж албан ёсны борлуулагч компаниас хохирол нэхэмжлэх гэхээр ямар компани оруулж ирсэн нь тогтоогдохгүй байсаар хохирч үлддэг байна. Мөн хэрэглэсэн газны савыг дахин ашиглаж хууль бусаар хийн шингэн шахаж борлуулж байсан хууль бус үйлдэл МХЕГ-ын шалгалтаар илэрч байжээ. Үйлдвэрийн тусгай стандартын дагуу савласан хий удаан хэрэглээтэй байдаг аж. Гэтэл хуурамч газ хоёр данх цай буцалгаж хүрэлгүй дуусдаг байна.

ХИЛ, ГААЛИЙНХАН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛЖ, ХУУРАМЧ ГАЗ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖЭЭ

Тэгвэл иргэдийн амь насанд заналхийлсэн хуурамч газыг гэмт этгээдүүд хэрхэн хилээр нэвтрүүлж байна вэ. Ахуйн хэрэглээний шатдаг хий буюу газыг тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий хэдэн компани хилээр оруулж ирэн худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг аж. Газ нь онцгой аюултай барааны төрөлд ордог. Үйлдвэрлэх явцад алдаа гарсан тохиолдолд хэрэглэгчийн амь насанд аюултай. Газыг хадгалах, ачиж тээвэрлэх явцад стандартын горим алдагдсан тохиолдолд тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, хүний амь насанд аюултай. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй компаниуд даатгалтай, газ тээвэрлэх зориулалт бүхий чингэлэгт тээвэрлэдэг байна. Гэтэл хууль бусаар хуурамч газ хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэрэгтнүүд хүнд даацын машины тэвш буюу барилгын материалын дор нуун хилээр нэвтрүүлдэг гэдгийг эх сурвалж хэлж байв. Машины тэвш буулгахад л дүүрэн хуурамч газ ачсан машин ороод ирж байгааг Замын-Үүдийн Гаалийн байцаагч, Хилийн мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч нар юу ч хараагүй юм шиг өнгөрөөдөг байна. Мэдээж үүний ард ихээхэн хэмжээний авлига, хээл хахууль яригдах нь тодорхой. Өдгөө зөвхөн баригдаад байгаа нь дээрх 8400 ширхэг газ юм. Үүний цаана хичнээн тооны хуурамч газ оруулж ирж, иргэдийг хохироосныг тогтоох боломжгүй.

8400 ширхэг хуурамч газ хилээр нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Замын-Үүдийн гаалийн байцаагч, Хилийн мэргэжлийн хяналт, Хил, хамгаалах ерөнхий газрын алба хаагч нарыг шалгах ажиллагаа хийгдэх аж. Хил гаалийнхан гэмт эдгээдүүдтэй тохиролцож, хуурамч газ хилээр нэвтрүүлж, иргэдийн амь насанд заналхийлж байгаа гэмт хэргийн сүлжээг таслан зогсоохоор хууль, хяналтынхан ажилдаа орсон бололтой.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо шинэ байрандаа орлоо

15.000 хүн амтай гэр хорооллын бүсэд оршдог 27 дугаар хорооны хувьд тогтсон байргүй, өрхийн эмнэлэгтэй хамтран, стандартын шаардлага хангахгүй, түрээсийн байранд олон жилийг үдсэн. Тэгвэл уг байдалд цэг тавьж, өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо өөрийн гэсэн цогцолбор байрандаа орлоо.

2010 онд анх баригдсан тус хорооны цогцолбор барилга удтал дуншиж байж цагаан сарын өмнөхөн ашиглалтад орсон нь учиртай. Жилийн өмнө тус хорооны цогцолбор барилгыг анх барихдаа байршилд нь илүү анхаарч, бусад зүйлийг нь орхигдуулснаас болж хонгил буюу хонгилд нь газрын хөрсний ус нэвчиж дүүрчихдэг байв. Сүүлдээ хөрсний ус нь улам ихсэж нэг давхрын өрөөнүүдэд хүрч халих болсон учраас тус хорооны барилгад үйл ажиллагаа явуулах бүү хэл ашиглалтад хүлээн авахыг ч мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөөгүй билээ. Харин уг байдал 2016 оны нэгдүгээр сард эцэс болж, хорооны 15 мянган иргэн төрийн анхан шатны үйлчилгээг тав тухтай орчинд сэтгэл амар авах боломжтой болж байгаадаа баярлаж байгаагаа тус байрны нээлтэд оролцсон иргэдийн төлөөлөл өгүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Нийслэлийн 500 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байна

НИТХ-ын дарга Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй ярилцсан юм. Тэрбээр “НИТХ-ын даргын явуулсан санал дээр 14-ийг нэмэгдүүлж 21 болгоё гэсэн. Энэ бол зөвхөн мандатын тооны асуудал биш. Ардчиллын чухал зарчим юм. 2012 онд Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн тоо нийслэлийн хүн амыг төлөөлж хүрэлцэхгүй байна. 2008 онд нийслэл 800 мянган хүн амтай байсан бол өнөөдөр нэг сая 314 мянга гаруй болж, 500 мянгаар өссөн. Гэтэл төлөөлөл нь 2008 оны жишгээрээ 14 гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 500 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь УИХ ард иргэдийнхээ төлөөлөл байх гэсэн зарчмыг хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа.

Өмнө МАН-ын тухайн үеийн нийслэлийн удирдлагууд М.Энхболд, Г.Мөнхбаярын аль ч үед нийслэлийн мандат цөөн байна, нэмэгдүүлээч гэдэг асуудлыг байнга ярьдаг байсан. Гэтэл одоо эсэргүүцэж байгаа нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг. Ардчиллын гол зарчим төлөөллийг хадгалья гэж байгаа бол яах аргагүй нийслэлийн Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Бид 2016 он гарахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох боломжтой гэж үзээд хүлээж байсан. Гэтэл энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээгүй. Тэр байтугай Сонгуулийн хууль бараг 2012 оныхтойгоо адилхан батлагдсан. Өнөөдрийг хүртэл орон нутгийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хувийг эзэлж ирсэн. Хүн амын 48 хувь оршин сууж байгаа ч нийслэл ердөө 20 хувийн төлөөлөлтэй. Гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдмэл байж, асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Сэлэнгээс сонгогдсон гишүүн асуудал ярихаар бусад аймгийн төлөөлөл өөр юм ярьдаг. Үүний цаана төлөөлөл цөөтэй нийслэлийн бодлого хаягддаг” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

З.Баянсэлэнгэ: 100 м.кв хүртэлх хэмжээтэй байрыг таван хувиар авах боломжтой

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр яаман дээрээ ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд хийж буй ажлуудаа танилцуулсан юм.

З.Баянсэлэнгэ “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. Мөн нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. Ингэснээр 100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн. Харин 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууцыг найман хувийн хүүтэйгээр авах боломжтой” хэмээн онцлов.

Categories
мэдээ улс-төр

СЕХ АН-ын захиалгаар ажиллаж байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийв.

Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн саналдаа сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хязгаар, мандатын тоог хуучнаар нь буюу 2008, 2012 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баримтлахаар болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогдох санал ирүүлсэн. Гэтэл өнөөдөр АН-аас СЕХ-нд үүрэг даалгавар өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг дэмжихгүй гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Ингэснээр нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болохоор байгаа аж. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай байна.

С.Бямбацогт хэлэхдээ “Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө” гэв.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаан улмаас одоо хүртэл хуралдаан эхлээгүй байна. Бүртгүүлсэн гишүүдийн ирц 31.6 хувьтай байгаа юм.

Хэрвээ ирц хуульд заасан хэмжээнд буюу 51 хувьд хүрвэл тус байнгын хороогоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал хэлэлцэнэ. Эл асуудлыг байнгын хороо хоёр долоо хоногийн өмнөөс хэлэлцэхээр төлөвлөж байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс удаа дараа хойшлоод буй. Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал орж ирсэн.

Мөн байнгын хороогоор Тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.У ИХ 20 хүрэхгүй шахам хоногийн дараа намрын чуулганаа завсарлуулна. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн ажлаа шахаж өнөөдөр байнгын хороо, маргааш чуулганы хуралдуулахаар төлөвлөөд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны эрчим хүч цуглуулдаг замын хаалт тавьжээ

Нидерландын Den Bosch хотын А2 авто зам дагуу нарны гэрлийг цахилгаан болгох туршилтын дуу чимээний хаалтыг байрлуулжээ. Одоогоор хоё ширхэгийг туршиж байгаа аж. Энэ туршилтын зорилго нь эрчим хүч үйлдвэрлэдэг замын дуу чимээний хаалтыг ашиглах технологийн болон эдийн засгийн үр дүнг үнэлэх явдал гэнэ.

Эрчим хүчний эх үүсвэрийг гаргах хагас тунгалаг өнгөт хавтангуудыг Эйндховений технологийн их сургуультай хамтран бүтээсэн гэнэ. Энэ “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” нь түүнийг нарны зайн зүг илгээн дамжуулдаг аж. Цуглуулсан гэрлийн эрчим хүч ердийн нарны зайд хүргэгдэх юм. Энэхүү төхөөрөмжийг ямар ч орчинд ашиглах боломжтой бөгөөд үнэ хямд аж. Маш найдвартайгаас гадна үүлтэй байхад ч ашиглаж болох ажээ.

Мөн энэ туршилтаар гадны эвдрэл сүйрэл, үйлчилгээнд ямар байхыг давхар шалгана. Туршилтад ашиглагдаж байгаа 4,5 метрийн өндөртэй, таван метрийн хоёр хавтан нь “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” бөгөөд ердийн нарны зайн дэлгэцтэй. Хоёр өөр аргаар цахилгаан авахад шаардлагатай мэдээллийг тэднийг харьцуулан үзээд хийх юм.

Эхний туршилтын үр дүн нь нэг км ийм дуу чимээний хаалт нь 50 айлын аж ахуйг цахилгаанжуулах боломжтойг нотолжээ. Нидерландад замын дуу чимээний хаалт хангалттай их учир ийм технологи хэрэгтэй байж болох юм.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос нисдэг суртал ухуулга илгээжээ

Умард Солонгосын талаас нэг сая хуудас суртал ухуулгыг БНСУ-ын нутаг руу илгээсэн болохыг Сөүлийн албаныхан мэдээлэв. Умард Солонгосын цэргийнхэн өдөр бүр суртал ухуулгын хуудаснуудыг Өмнөд рүү илгээж байгаа аж. Эдгээр нь Өмнөд Солонгосын хилийн ойролцоох газруудаас гадна нийслэл Сөүлд хүртэл хийсэж ирэх болсон гэнэ.

Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр хоёр Солонгосын харилцаа дахин мууджээ. Улмаар тэд харилцан сэтгэлзүйн дайралтыг хийж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын талаас хил дээр чанга яригч байрлуулан суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсний дараа Пхеньян ижилхэн хариу арга хэмжээг авчээ. Умард Солонгосоос Өмнөд рүү суртал ухуулгын хуудас илгээх нь ховор байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо. Ингэснээр тус хороонд амьдардаг цэцэрлэгийн насны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

15 дугаар хороо хотын төвөөс зайдуу, хүн амын нягтаршил ихтэй гэр хорооллын нэг. Тус хороонд цэцэрлэгийн насны 500 орчим хүүхэд амьдардаг. Цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдээ хараад 100 гаруй өрхийн хэн нэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор энэ асуудал ч давхар шийдэгдэж байгааг эцэг, эхчүүд хэлж байна.

Шинэ цэцэрлэгт шаардлагатай боловсон хүчнээ ч хорооноосоо сонгохыг чухалчилсан байна. Тодруулбал, 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар тус хорооны 17 хүн ажилтай болжээ. Нэмж мэдээлэхэд, манай улсад цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд амьдардаг. Тэднээс 80 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байдаг юм байна.

Categories
гадаад мэдээ

Японд цас их орсны улмаас 160 гаруй нислэг цуцлагдав

Даваа гаригийн өглөөнөөс Японд хүчтэй шуурга шуурч, цас орсны улмаас дотоодын 160 орчим нислэг цуцлагдаад байгаа талаар “Киодо” агентлаг мэдээллээ. Агаарын тээврийн JAL болон ANA компаниудаас Токио дахь “Ханэда”-гийн 149 нислэгийг цуцалжээ. Мөн Осака болон бусад хотуудын нисэх онгоцны буудал дээр 13 мянган хүн зорьсон газар руугаа нисч чадахгүйд хүрсэн байна. Японы агаарын тээвэрлэгч “AIR DO”-ын 12 нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдаад байгаа аж. Агаарын тээврийн JAL компанийн мэдээлснээр, Токиогоос гадна Обихиро, Кусиро, Хакодатэ, Аомори, Мисава, Акита дахь онгоцны буудлуудын нислэгийг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлах болон хойшлуулаад буй юм байна.