Categories
мэдээ нийгэм

Сургуулийн дотуур байр шатжээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн дунд сургуулийн дотуур байранд энэ сарын 17-ны өглөө гал гарч сумын хүүхдүүд амьдрах байргүй болоод байна.

“Сургуулийн дотуур байранд гал гарлаа” гэсэн дуудлага өнгөрөгч ням гаригийн өглөө 08:40 цагт аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Хоёр давхар модон барилга хормын төдийд галд өртөж галыг унтраахаар 250 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв. Хэдийгээр дотуур байр олон жил ашиглагдсан хуучин барилга байсан ч галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн сургуулиудын амралт эхэлж байгаа үетэй таарсан нь зол болж байгаа ч хөдөөгийн багачууд амарч ирээд хаана амьдарч хичээл сургуулиа үргэлжлүүлэх вэ гэдэг хүндхэн асуудалтай тулгараад байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Баярцогт: Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг

УИХын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой Үндсэн хуулийн өдрийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр 23 насандаа АИХын депутат болж 24 насандаа ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан. Өнөөдөр шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ой тохиож байна. Түүнээс 24 асуултад хариулт авснаа хүргэе.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байхдаа хэдэн настай байсан бэ?

-24-тэй байсан.

Одоо та хэдэн настай вэ?

-48 хүрч байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 24 настайдаа батлалцсанаас хойш 24 жил өнгөрчээ.

АИХын депутатад нэр дэвшихдээ хаанаас өрсөлдөж байв?

-АИХ-ын депутатуудаар сонгоход намуудаас нэр дэвшүүлдэггүй, байгууллага нэр дэвшүүлдэг байсан. Тухайн үед би Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл гээд 240 мянган гишүүнтэй байгууллагын дэд даргын албан тушаалтай байлаа. Би хотод амьдардаг байсан ч намайг Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ээс аймгийн төв Сүхбаатар суманд буюу 288 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн.

Өдгөөгөөс яг 24 жилийн өмнөх энэ өдөр та Үндсэн хуулийг батлалцаж байлаа. Тэр өдрийг эргэн дурсахгүй юу?

-1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн сэтгэгдэл гэвэл их л баяртай байсан. Тэр үед ардчилсан улс болно гэдэг урт хугацааны процесс гэж бодож байсангүй. Үндсэн хуулиа баталчихад л ардчилсан улс болчихно гэсэн ойлголттой явсан. Харин Үндсэн хуулиа баталсны дараа Б.Чимид гуай дээр гүйж очоод “Манай улс ардчилсан улс болчихлоо шүү дээ” гэж баярласан сэтгэлээ хуваалцахад надад нэг зүйлийг хэлсэн юм.

Б.Чимид гуай танд юу гэж хэлсэн юм бэ?

-“Манайх ардчилсан улс болтол 4-5 сонгуулийн нүүр үзнэ. Үүнийг би үзэхгүй байх. Харин чи үзэх байх” гэсэн. Түүнээс хойш зургаан сонгууль өнгөрсөн байна. Амжилтад хүрсэн зүйл байгаа ч илүү амжилтад хүрэх боломжуудаа ашиглаж чадаагүй.

УИХын гишүүний нас 25-аас эхэлдэг. Гэтэл та 24-тэйдээ нэр дэвших гээд танд зориулан нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 25 гэж тогтоосон гэдэг юм билээ?

-Тийм ээ. Яагаад гэвэл Үндсэн хууль баталж байхад би 24-тэй байсан. Би гуравдугаар сард төрсөн учраас зургадугаар сард сонгууль болоход би 25 хүрчих байсан юм. Манайхан насыг 30 байхаар хийе гэж байлаа. Тэгээд “Энийг бүлтэлзүүлсээр байгаад сонгуульд оролцуулахгүй байх юм уу” гээд 25 болгож байсан тийм нэг түүх бий.

Та УБХ дотроо хэнтэй илүү ойр дотно нөхөрлөж явсан бэ?

-Би П.Улаанхүү, Баабар хоёртой ойр байсан.

УБХын гишүүн С.Баярцогтыг хоёр удаа цэрэгт татсан гэдэг байх аа?

-Би УБХ-д байхдаа хоёр удаа цэрэгт татагдаж байсан. Үүнийг нь зохицуулсан хууль байхгүй байлаа. Намайг бүр бунхны цэрэг бол гэж байсан юм.

Бунхны цэрэг гэдэг нь?

-Төрийн ордны урд бунхан байсан юм. Манай Улсын бага хурлын гишүүд “Чи цэрэгт татагдчих. Бунхны хажууд зогсож байгаад үг хэлмээр байвал гүйж орж ирээд үгээ хэлчихээд тэндээ очоод зогсож байхгүй юу” гэж хүртэл хэлж байсан шүү.

Та нам бус байхдаа Нагаржунайн нам гээд МАХНаас нэр дэвшээгүй гэдэг бил үү?

-Би 1992 онд нэр дэвшихдээ нам бус байв. Намайг тухайн үед МАХН, Ардчилсан нам аль аль нь нэр дэвшээч гэсэн юм. 1992 онд МАХН-ын Удирдах зөвлөл намайг дуудаад “Манай намын нэр дээр дэвш” гэсэн. Талийгаач С.Зориг манай сургуулийн хүүхэд байсан тул “Манай намаас дэвш” гэж байлаа. Би МАХН дээр очоод “Би танай намаас дэвшихгүй” гэсэн. Тэр үед төв ёсны үзэлтэй нам гээд Нагаржунайн нам гэдэг байсан юм.

МАХНыг уу?

-МАХН чинь төв ёсны үзэлтэй байж байгаад Нагаржунайн нам болсон. Би залуу байсан болохоор төв үзэлтэй Нагаржунайн нам гэж яриад явж чадахгүй байсан. МАХН, АН-ын саналыг хүлээж авалгүй итгэл үнэмшил арай ойр юм гээд Социал демократ намыг сонгосон. Хөдөө очоод Социал демократ нам гээд ярихаар хэн ч ойлгодоггүй байлаа.

-1992 оны сонгуульд нэр дэвшээд яасан юм?

-Манай Сэлэнгээс гурван гишүүн гарах ёстой байсан юм. Би дөрвөөр гарч ирээд чадаагүй. Унасныгаа ч зөв зүйл болсон гэж боддог. Тэр хугацаанд би МУИС-д сурч, Германд очиж худалдааны академи төгссөн.

Үндсэн хуулийг батлахад 70 гаруй хоног зарцуулсан. Удаан хуралдсан байгаа юм шүү?

-Үнэнийг хэлэхэд АИХ-ын хоёрдугаар чуулган эхлэхэд үсрээд л 14 хоног хуралдаад баталчихна гэж бодож байлаа. Гэтэл 76 хоног хуралдсан. Эцэс төгсгөлгүй процесс яваад эхлэхээр “Үндсэн хуулиа баталж чадах юм уу” гэх сэтгэгдэл төрдөг юм билээ.

Үндсэн хууль батлалцаж байсан хүмүүсийн талаарх таны бодол?

-Улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын гишүүдийг Их дээд сургуулиуд уриад Үндсэн хууль баталсан нэгдүгээр сарын 13-ны өдөр залуучуудын дунд яриа хийлгэдэг байвал зөв байх. Тэр үеийн уур амьсгал ямар байсныг одоогийн залуучууд тэр бүр мэддэггүй. 1990-1992 он гэхээр хоёр жил гээд урт хугацаа мэт санагдавч 1992 нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг баталсан. 1990 оны долдугаар сард АИХ-ын сонгууль болсон. Үндсэндээ 17 сарын дотор бүх зүйлээ хийсэн.

Хоёр нийгэм солигдоод ороо бусгаа байсан цаг. Хүмүүсийн сэтгэхүй Үндсэн хууль батлахад бэлэн байсан уу?

-АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд өөрсдийн үндсэн үүргээ маш сайн ойлгож байсан. АИХ, УБХ-ынхан маань таван жилээр сонгогдсон ч Үндсэн хуулиа баталчихаад зургадугаар сард УИХ-ын сонгууль явуулъя гэж шийдэж байсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийн хугацааг таван жил байсныг хоёр жил болгон хязгаарлаад шинэ Үндсэн хууль дээр суурилсан сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд бодохоор УБХ-ын гишүүдийг идеалист хүмүүс байжээ гэж боддог. Тухайн үед МАХН-ынх, ардчилсан хүчнийх гэж хуваалгүйгээр “Бид л энэ улсыг ардчилсан улс болгоно” гэж бодож байсан. Мэдээж зөрчилтэй хурал хаяж явах зүйл байсан ч бүгдээрээ Монголд ардчиллыг бий болгож байна гэсэн сэтгэлээр хандсан.

Үндсэн хуулийг батлахад гол үүрэгтэй оролцсон хүмүүс нь хэн хэн байв?

-429 депутатдаа Үндсэн хуулийг зөв тайлбарлах үүргийг гүйцэтгэж байсан Б.Чимид, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд гол хүмүүсээ дурсах ёстой. Үндсэн хууль гэдэг чинь маш олон хүний хамтын бүтээл. Түүхийн нэг харамсалтай нь ялсан хүмүүсээр түүх бичигдээд байдаг юм. Түүх бодитой байх ёстой. Энэ өдрийг эргэн дурсахаар Үндсэн хууль баталсан чухал өдрийг цөөхөн депутатын хүрээнд тэмдэглэдэг баяр шиг болгоод байна. Миний хувьд орон даяар Үндсэн хуулиа сурталчилдаг өдөр болоосой гэж боддог.

ЗХУын нийгэм, улс төрийн нөлөөлөл манайд Үндсэн хуулиа өөрчлөхөд хэр нөлөөлсөн юм бэ?

-ЗХУ-д хийгдэж байсан өөрчлөлт шинэчлэлт хамгийн их нөлөөтэй байсан. 1985 оны дөрөвдүгээр сард престройка эхэлсэн. Намайг Моксвагийн Их сургуулийн нэгдүгээр курсээ төгсөж байхад эхэлж байлаа. Энэ престройка 1989 он хүртэл яваад 1989 онд ЗХУ-д анх удаа хагас чөлөөт сонгууль болсон. Сахаров, Ельцин гээд энэ хүмүүс хамгийн анх тойргоос гарсан депутатууд. Би 1989 оны наймдугаар сард сургуулиа төгсөөд Монголд ирсэн. Харин 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсанаар албан ёсоор манайд ардчилсан хөдөлгөөн эхэлсэн. Энэ үйл явц чинь Монголд 4-5 жил бэлтгэгдчихсэн байлаа.

Ардчилсан хөдөлгөөн үүссэнээр эрх чөлөөний салхи сэвэлзэж эхэлсэн цаг мэдээж 1989 оны сүүл 1990 оны эхэн үе. Эрх чөлөөний талаарх таны бодол?

-Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг гэж боддог. Бусдаас хамааралгүй амьдраад сурчихсан учраас биеэ даагаад явчихдаг. Монголчууд боломжийг маш сайн ашиглаж чаддаг ард түмэн. Энэ нь нүүдэлчдийн соёл дээр суурилсан зүйл. Түүгээрээ ч бахархдаг.

Тухайн цаг үед монголчуудын хувьд ЗХУ-аас жинхэнэ утгаараа тусгаарлаж бие даасан улсаа байгуулах хүсэл эрмэлзэл байсан. Тэр үед хамгийн их мэдрэгдэж байсан зүйл гэвэл социалист системд бүхэлдээ орж байгаа өөрчлөлт байлаа. Социализмын үеийн эдийн засаг бүхэлдээ маш өндөр өсөлттэй байж байгаад уналтын үе нь 1980-аад оны сүүл үе болж таарсан. Өөрөөр хэлбэл монголчууд эрхэм дээд эрмэлзэл дээрээ хүртэл эргэлзсэн цаг үе байлаа. Шинэчлэлийн хөрс нь бүхэлдээ маш томоор бүрдсэнийг монголчууд маш сайн ашигласан. Тэгснээрээ эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтээ цуг хийж чадсан юм. Энэ бол хамгийн сайн боломж байсан.

Ямар эдийн засгаар явах вэ гэдэг нь өөрөө маргааны гол сэдэв болж байсан гэдэг?

-Бид процессоо маш сайн ойлгох хэрэгтэй. УБХ чинь 1990 оны есдүгээр сард байгуулагдсан юм. Үүний өмнө буюу тавдугаар сард нь 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч” гэдэг үгийг авч, олон намын тогтолцоогоор сонгууль явуулна гэдгээ баталчихсан, парламент нь дээд, доод танхимтай, өмчийн хэлбэрийг ижил тэгш хэмжээнд аваачна гэдгийг тунхаглачихсан учраас Үндсэн хуулийн хажуугаар Хөдөлмөрийн хууль, Өмч хувьчлалын хууль гээд реформын шинжтэй хуулиудаа давхар батлаад явсан. Энэ нь маш хүчтэй эргэлдэж байсан процессыг эхлүүлсэн. Дунд нь алдаа оноо бий ч зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй оръё, хувийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрье, шашны эрх чөлөөг олгоё гэсэн юм. Залууст энэ талаар ярихаар “Ямар сонин юм бэ. Цаанаасаа өгөгдчихсөн шүү дээ” гэж магадгүй. Өдөр бүхэн эсэргүүцэлтэй тулгарч, өдөр бүр л нээлт хийж байсан юм. Тиймээс энэ өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн хүмүүст Монголын ард түмэн хүндэтгэлтэй хандах учиртай.

-1989-1990 оны ардчилсан хувьсгалыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай дүйцүүлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-1911 он гэдэг бол Манжийн дарлалаас гараад автономит улс байгуулж байсан үе. 1990 онд Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй бүгд найрамдах улс байсан ч гэсэн бүрэн биеэ даасан гадаад, дотоод бодлого чөлөөтэй явуулахыг тодорхойлсноороо маш том амжилт.

-1992 оны Үндсэн хууль тухайн үеийнхээ хүлээлтийг хангаж чадаж байсан байх. Энэ 24 жилийн хугацаанд нийгэмд ямар томоохон өөрчлөлт авч ирсэн юм бэ?

-Үндсэн хууль нь өөрөө тухайн улсын тогтолцоо, суурь зарчмуудыг тодорхойлсон баримт бичгээс гадна төрийн тогтолцоог тодорхойлсон баримт бичиг юм. Ямар засаглалтай улс байх вэ гэдэг зохицолдлогоог нь хангасан байдаг. Бид Үндсэн хууль батлахдаа символ зүйлс дээр нь анхаарал хандуулж ирсэн юм билээ. Тухайлбал, төрийн сүлд ямар байх вэ, төрийн далбаа ямар байх вэ гэдэг дээр маргаан олон хоног үргэлжилсэн. Сонгодог парламентын, Ерөнхийлөгчийн, холимог засаглал уу гэдгээ тодорхойлж улс төр, эдийн засгийн өөрчлөлт дээр хэдий үед нь нэмэр болоод хэдий үед нь саад болох вэ гэдэг бодлогыг тухайн үед тодорхойлж чадаагүй гэж боддог.

Тэгээд одоо л хэлж байгаа юм уу?

-Тухайн үед яагаад хэлж чадаагүй юм бэ гэхээр нэг улстөрч хувь хүнийхээ хувьд Үндсэн хууль батлагдсанаас хойших 24 жилийн хугацаанд урт удаан хугацаанд лидерийн үүрэг гүйцэтгэсэн үү гэвэл тийм. Н.Багабанди гуай гэхэд дөрвөн жил УИХ-ын дарга, найман жил Ерөнхийлөгч гээд нийтдээ 12 жил Монгол Улсын удирдах албан тушаалыг хашсан байна. Н.Энхбаяр гуай гэхэд дөрвөн жил Ерөнхий сайд, нэг жил УИХ-ын дарга, дөрвөн жил Ерөнхийлөгч гээд есөн жил болчихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг жил Ерөнхий сайд, дараа нь хоёр жил мөн Ерөнхий сайд, найман жил Ерөнхийлөгчөөр ажилласан гээд нийтдээ 11 жил лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг харахаар нэг зүйл буруу байгаа юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд гурван албан тушаалыг дамжаад байгаа биз. Меркелийг хар л даа. Дөрөв дэх удаагаа сонгогдоод 10 гаруй жил Ерөнхий сайд хийж байна. Засгийн газар тогтворгүй байгаа, манай лидерүүд нэг голлох албан тушаал дээр удаан хугацаагаар ажиллахгүйгээр дамжаад байгаа нь Үндсэн хууль дотор төрийн салаа мөчир хоорондын уялдаа сул байгаатай шууд холбоотой.

Засгийн газрын дундаж нас ч гэсэн тийм ч урт биш. Энэ ч мөн Үндсэн хуультай хамаатай байх?

-П.Жасрай, Н.Энхбаяр гуай хоёрын Засгийн газрыг хасчихвал бусад Засгийн газрын ажилласан хугацаа нь дунджаар 1.3 жил байна. Үндсэн хуулийн өөрийнх нь зарчим төр нь тогтвортой, бүтээлч байж засаглалын суурийг нь бий болгож өгөх ёстой. Үндсэн хууль нь өөрөө учир дутагдалтай болсон байна гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад байгаа юм.

Үндсэн хууль үүргээ биелүүлж чадсан уу?

-Үндсэн хууль тогтвортойгоор нийгмийнхээ үйл ажиллагааг зохицуулах ёстой. Мөн зөрчлийг зохицуулах ёстой юм. Анхны Үндсэн хуулийн суурь нь тийм. Парламент гэдэг ойлголт байгаагүй. Харин төр гэдэг ойлголт байсан. Түүнийгээ л гүйцэтгэх засаглал гэж үздэг.

Аливаа улсын хөгжлийг улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанараар тодорхойлдог. Манай орны хувьд улс төрийн байдал нь тогтвортой байгаа ч бодлогын залгамж чанар нь байхгүй болчихсон. Нэг Засгийн газар 1.3 жил ажиллаад дараагийн Засгийн газар нь гарч ирээд тодрох ёстой болдог. Тэгээд л өмнөх Засгийн газраа муулдаг. Тийм болохоор 1.3 жил болоод дараагийн Засгийн газар нь өмнөхийгөө давтаад яваад байгаа юм. Энэ нь богино хугацаанд бид өндөр хөгжилтэй улс болох боломжийг хаагаад байна. Бодлогын залгамж чанар үндсэндээ байхгүй байгаа болохоор Урт хугацааны баримт бичгийн тухай хууль гээд ярьж байна. Үндсэн хуульдаа бид бодлогын залгамж чанарыг суулгаж чадаагүй. Үндсэн хууль өөрөө суурь баримт бичгийнхээ хувьд баталгаажуулах ёстой.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!

-“Сайн байна уу, аниа? Бид нийгмийн даатгалаас явж байна” гэсээр хоёр хүүхэн хаалгаар орж ирлээ.

-Та амралтанд явах уу?

-Үгүй. Юун амралт билээ?

-Та саяхан тэтгэвэрт гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Хөгшчүүлийг нийгмийн даатгалаас үнэ төлбөргүй нийгмийн даатгалын амралтанд хэд хоног амруулдаг юм шүү дээ.

-Өө тэгъе. Ирэх зунаас тэгж байгаад амаръя.

-Он дуусах гэж байна. Таны лимит одоо ингээд дуусна. Та өнөө маргаашгүй л амралтанд яв.

-Хар өвлөөр үү? Эгч нь дараа зунаас болъё.

-Энэ жилийн лимит чинь өнгөрөх нь байна. Тэгвэл та мөнгөө ав. Амарсан гээд л энэ маягт дээр бөглөөд гарын үсгээ зурчих.

-Өө юун сайн юм. Мөнгөө авчихъя. Хаана зурах юм? 150 мянган төгрөг үү?

-Үгүй ээ, танд 50 мянгыг өгнө. Тэртэй тэргүй зүгээр олдож байгаа мөнгө шүү.

-100 мянгыг нь хэн авах юм?

-Бид чинь бас хөөцөлдөж бариад л гэр орноор чинь ирээд зөндөө л ажиллаж байна шүү дээ.

-Ядахнаа таллаад хувааж болдоггүй юм уу?

-Бид цаанаа олуулаа. Дээр дарга нар байна. Та өөрөө л мэд. Эсвэл 50 мянгыг одоо авна, Эсвэл энэ эрх чинь хүчингүй болоод хоосон хоцорно.

-За за, зүгээр олдсон шар тосыг амаараа түлхээд яахав. Ирэх зун би амралтанд явж болох уу?

-Болно. Үнэгүй амарна, эсвэл ийм маягаар 50 мянгаа авч болно. Гэхдээ та өөрийн таньж мэддэг тэтгэврийн хөгшчүүлдээ энэ тухай оноос өмнө хэлээд хэдэн хүн олоод өгвөл шагналтай шүү.

Олон жилийн өмнө дунд сургуульд хамт сурч байсан “ангийн охин” саяхан надад ингэж ярьсан юм. Тэрээр таньдаг мэддэг болгондоо утасдан, аминдаа нэмэлт шагнал авчих санаатай зарлага хийжээ. Мөн худууддаа тус болгонд нь 50 мянган төгрөг олж өгсөн байна. Хэрэв “харилцагч” амралтанд явна гэвэл хоёр хоног Нийгмийн даатгалын даргын хувийн амралтанд жаргуулаад 150 мянгыг биччихдэг аж. Энэ талаар цааш сураглавал улс даяар ийм сүлжээ нэгэнт үүсээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Дээд дарга нь энэ цуглуулсан мөнгөнөөс татвар авна. Нэг үгэндээ айлаар хэсэх хүүхнүүд бол нормын ажилчид. Төлөвлөгөө давуулаад цалингаас гадуур орлого цуглуулна.

Хөгшчүүлд нийгмийн даатгалынхан сонсголын аппарат баахныг 35 мянган төгрөгөөр тараав. “Энэ аппаратын үнэ 700 мянган төгрөг. Гэвч нийгмийн даатгалаас хөгшчүүлээ харж үзээд ердөө 35 мянгаар өгч байгаа юм. Та үүнийг авчихаад бусад хөгшчүүдэд бас дуулгаарай. Олон хүн олоод ирвэл таныг үнэгүй амралтаар шагнана шүү”. Ийм маягаар Монголын хөгшчүүдийг сонсгол сайн, муу нь хамаагүй нэлээдийг нь аппараттай болгожээ. Хэргийн мөрөөр хөөвөл хямдаар бөөндсөн аппаратаа нийгмийн даатгал 20 дахин их үнээр үнэлэн тогтоожээ. Хурааж авсан 35 мянга ном ёсоороо дансанд орно. Харин 20 дахин өндөр үнээр үнэлсэн зөрөө даргын хармайнд. Мэдээж түгээлт хийсэн ажилтнууд норм давуулсан өндөр шагналтай. Хөдөлбөл хөлс шүү дээ.

Нийгмийн даатгалын хөрөнгө бол иргэдийн татвараар буй болсон баялаг. Одоо тооцоогоор тэдэнд дөрвөн их наяд төгрөг байх ёстой. Хоёр их наядыг нь Засгийн газар “зээлж аваад” дашийншог. Нөгөө хагасыг дарга нь энд тэндхийн банкинд ээлжилж тавин хүүг нь хусч суудаг. Ийм операцийн дүнд зарим банк хямралдаад эргэж өгөхөөсөө өнгөрсөн. Та бүхэнд энэ “бизнес” аль зэрэг таалагдаж байна??? Сүлжээнд орсон энэ ажиллагаа олон тэрбум төгрөгийн өртөгтэй. Үйлчлүүлэгчээ хам хэрэгтэн болгочиж байгаа учраас гомдол гарах магадлал багатай, энэ хэрээрээ эрсдэлгүй луйвар. Сүлжээнд оролцож буй бүх хүн болох удирдагч, мэнежэр, зохион байгуулагч, түгээгчид, үйлдэгчид, үйлчлүүлэгчид бүгд операцийн үр дүнд гэдэс цатгалан, сэтгэл хангалуун гардаг болохоор буянтай “бизнес”! Монголд олон арван мянган тэтгэврийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундарга. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрлэсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд, удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт, ерөнхий мэнежэр нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний эрх үүргийг заасан байгаа. Үүнд: “2. Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”. Ингэж заасан байна. Энэ бол ардчилсан төрийн хаана ч байдаг жишиг механизм. Иргэний зориг намынхан анх парламентад орж ирүүтээ л гишүүний халдашгүй эрх гээчийг цуцална гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байв. Болохгүй л дээ, ард түмнээс сонгогдож тэднийг төлөөлж буй хүн өөрөө ямар нэг байдлаар хамгаалагдахгүй бол сонгогч түмнээ яаж төлөөлөх болж байна? Тэд үүнийг ойлгоод дахиж тэгж хөтөлбөрдөхөө больсон.

Гэвч халдашгүй байдал гэдэг маань нарийндаа юу вэ? Юун түрүүн гишүүн хууль тогтоох явцдаа гаргасан санал, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ нь хэн нэгнийг доромжлох, гүтгэх зэргээр танхимаас гадуур үйлдэх ёс бус үйлдэлд огт хамаагүй. Халдашгүй байдал гэдэгт мөн бие махбод, гэр орон, албан тасалгаа, унаа тэрэг нь хамаарна. Энэ бол төрийн зүгээс халдахгүй гэж байгаа болохоос авгай нь ганжиндах, гэрт нь хулгай орох, машины толийг нь хагалахтай огт хамаагүй. Үүнийг иргэний журмаар бусдын нэгэн адил шүүх цагдаагаар явж шийдүүлэх ёстой болохоос гудамжинд өөрөө шалчиганаж байж тавиулчихаад халдашгүй эрх гэж өвчигнөх нь ёстой гай л байна!

Гэмт хэрэгт холбогдох тухай асуудал байна. 1991 онд Үндсэн хуулийг боловсруулж байхад Чимид гуай энэхүү 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг ингэж тайлбарлаж байв: Гэмт хэрэг нь тодорхой болбол гишүүнийг бусад иргэдийн нэгэн адил сэжигтнээр татах ба шаардлагатай гэж үзвэл тусгаарлах арга хэмжээ авах нь прокурорын бие даасан шийдвэр байх ёстой. Гэмт хэрэг нь батлагдсан гэж үзвэл прокурор хэнээс ч асуулгүйгээр яллагдагчаар татах эрхтэй. Шүүх гэм буруутайг тогтоосны дараа л УИХ уг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг авч хэлэлцэнэ. Гишүүнийг шүүхээр орохоос өмнө тусгаарлан хорьсон тохиолдолд түүнийг хуралд нь тусгай харгалзагч авчирч суулгаад эргүүлээд тусгаарласан газарт нь харуул хамгаалалттайгаар аваачиж хорино. Чимид гуай үүнийг Энэтхэгийн парламентаар жишээ авч, тусгаарлах арга хэмжээнд орсон хэд хэдэн гишүүн буутай цагдаагаар харгалзуулан парламентын танхимд гавтай орж ирэн суудалдаа суугаад чуулганы ажиллагаанд оролцон саналаа бүрэн эрхтэйгээр өгдөг. Хурал дуусангуут хуяг гишүүнийг шорон руу, эсвэл гэрийн хорио руу нь туун авч явна.

Ардчисан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчтэй байдгийн жишээг хоёр жилийн өмнө Чехийн хуулийн байгууллага харуулсан. Чехийн Засгийн газар хуралдаж байтал гаднаас зэвсэглэсэн цагдаа нар гэнэт орж ирэн прокурорын зөвшөөрлийг үзүүлж танхимын гишүүдийг хуйгаар нь баривчлан, байх газар нь аваачиж хорьсон. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчгүй бол энэ нь үхлээ хүлээж буй сул дорой хүнд өвчтөн гэсэн үг. Конгрессийн ордон, Кремль, Японы парламент руу дайрвал шууд л буудаад унагачихдаг болохоос танхайчуудыг ардын баатар болгодоггүй. Ийм л хуультай байдаг.

Үндсэн хуулийн энэ логик буруугаар хэрэгждэг болсноос өдгөө Монголын парламент нь гэмт хэрэгтнүүдийн хорогдох газар болж хувирч байна. Гэмт хэрэгт холбогдон шоронд сууж байгаад “чөлөөгөөр” гарч ирсэн нэгэн нэр дэвшин өрсөлдөж байхдаа гишүүн болох гэж буйгаа “энэ цагдаа нар чинь зүгээр байлгахгүй байна шүү дээ” гэж улаан цагаангүй сонинд ярилцлага өгч байсан ба үнэхээр ч сонгуульд ялж, төрийн эрх барилцаж л байсан.

Монгол Улс 1990 онд нэг удаа пропоциональ системээр анхны парламент буюу Улсын Бага Хурлыг бүрдүүлж байв. Түүнээс хойш дандаа абсолют мажоритар системээр сонгууль явуулдаг байлаа. Дэлхийд ийм орон ердөө тавхан байдаг ба Монголоос бусад нь хүний түүхэнд анхлан сонгууль өгч байсан англо саксоны улс байдаг юм. Абсолют мажоритар систем нь гишүүн болгонд жижиг жалга дов өмчлүүлдэг ба үүнээсээ болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан намын дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжихэд төвөг болдог, сахилга бат, хариуцлага хөсөр хаягдан, улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдаж бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой. Иймээс дэлхийн ихэнх оронд пропорциональ, эсвэл пропорциональ – мажориторыг хольсон холимог системийг авч хэрэглэдэг. 2012 оноос Монголд холимог систем хэрэглэх болсон ба энэ удаа ч мөн ийм журмаар сонгуулиа явуулах гэж байна. Пропорциональ гэдэг нь иргэд аль нэг улс төрийн намын төлөө саналаа өгөх ба түүндээ таарсан суудал олж авдаг. Суудалд чухам хэн суухыг нам шийддэг аж.

Чухам энэ “нам шийднэ” гэдэгт л лоосуу байна. Пропорциональ сонгууль явуулдаг ихэнх оронд нам нэрс гарган нийт сонгогчдоор хэнийг гэдгээ шийдүүлдэг. Зарим газар намын авсан суудалд хэн суухыг улс даяар намын хэмжээнд шалгаруулалт явуулна. Энэ нь төрийн сонгуулийн өмнөхөн тусдаа ил тод болдог аж. Гэтэл манай 2012 оны “туршлагыг” харж байхад хэдэн нөхөд фракц гэгчийг төлөөлж хаалгаа бараг лацдаж ломбодож байгаад хуйвалдааны нэрс гарган тогтоод дараа нь зарласан. Хуйвалдаан ч юу байхав дээ, бөөн наймаа. Өнөөгийн манай “фракц” гэж юу юм бэ? 150 мянган гишүүнийх нь хэд нь аль фракцид хамаарч байгаа юм? Фракц гэгч нь намын хамт олны үзэл бодлын зөрөөний илрэл үү, эсвэл цөөн хэсэг луйварчны хулгай дээрэм хийх зорилготой бүлэглэл үү? Үүнийг та өөрөөсөө нэг асуугаад тунгаа даа. Лав л 2012 онд АН-ын нэрс ба дугаарлалт чансааг Портуун, Энхболд, Алтанхуяг, Амаржаргал, Эрдэнэбат, Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэ гэсэн фракцчид хэлцэж байгаад л шууд тодорхойлчихсон юмдаг. “Би одоо орлоо, дараа чи ороорой” гэдгээ ч урьдчилаад тохирчихсон гэж сонссон шүү. 150 мянган гишүүнтэй үндэсний нам шүү дээ. Ядахнаа 230 гишүүнтэй ҮЗХ-оороо ил тод хэлэлцээд нэр дэвшүүлээд нууцаар санал хурааж байж жагсаалт гаргаж ирсэн бол арай л шударга болмоор. ГЗ, УТЗ гэх мэтийн хуучны Улс төрийн товчооны хуулбар нийт намыг төлөөлж чадах уу? Бүлэглэсэн луйварчид ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс “намын шийдвэр” гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм “нам шийднэ”-д л луйварчид, дээрэмчид, авлигачид, хулгайч нар наймаагаар орж ирж халдашгүй эрхтэй дархлагдсан хулгайч болно, энэ нь цаашлах тусмаа улам “хуульчлагдана”. Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач!!!

2016.1.10

Categories
мэдээ улс-төр

АЭХ-ны ерөнхийлөгчөөр С.Одонтуяа сонгогдов

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн “сонгууль”11 хүн нэрээ дэвшүүлснээс долоо нь нэрээ татсан. Ингээд УИХ-ын гишүүн С.Одонтуяа /АХХ/, Б.Ургамалцэцэг /“Алтангадас”/, И.Нарантуяа /”Шонхор”/, Г.Хажидмаа /МоАХ/ нар тунаж үлдсэн. Өчигдөр оройн 19.00 цагийн орчимд санал хураалтын дүн гарч олонхийн дэмжлэгийг С.Одонтуяа /319/ хүлээсэн ч нийт сонгогчдын 50 хувьд хүрээгүй гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулахаар болсон юм. Ингээд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч болох С.Одонтуяа болон Б.Ургамалцэцэг нарын дунд дахин санал хураалт явуулж, хоёр дахь шатны санал хураалтын дүн 23:00 цагийн үед гарсан. Санал хураалтаар С.Одонтуяа ердөө нэг хүний саналын илүүгээр АЭХ-г удирдахаар боллоо. Тодруулбал, санал хураалтад оролцсон гишүүдийн 314 нь С.Одонтуяаг, 313 нь Б.Ургамалцэцэгт саналаа өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ламжавын Мягмарсүрэн: Оюун ухаан газар дэлхий, сэтгэл зүрх харин тэнгэр огторгуй юм

Д.Нацагдоржийн болон МЗЭийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

Зохиолчдынхоо байгууллагын үүсэн байгуулагдсан өдөр их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Хөх мөнх тэнгэр аав минь, хөрст этүгэн эх газар минь, наран аав минь, саран ээж минь, одон гараг ахан дүүс минь, долоон бурхан, нар, ус, агаар чандмань эрдэнэ минь миний хүн болж төрсний их хувь заяа юм. Тэргүүлшгүй, эгнэшгүй, сэтгэшгүйгээс төрөл аваагүй хүн гэж энэ орчлонд нэгээхэн ч үгүй юм гэнэ лээ. Ааваас өдөөгдөөд, ээжээс бүрэлдээд хүний их хувь заяанд энэ сайхан цаг үед аж төрөөд, урлаг яруу найргийн сайханд сэтгэлээ ариусгах шиг гайхамшиг үгүй. Үүнийгээ түмэн олноороо хүлээн зөвшөөрүүлэх шиг сайхан юм гэж хаа байх билээ.

ТаУрины шувууанхны түүврээсээ хойш өнөөг хүртэл жил бүхэн оюуны шандас чангарч ирсэн уран бүтээлч. Сүүлийн жилүүдэд гэхэдХас сар”, “Тэнгэрийн нутагзэрэг чансаатай бүтээлүүд туурвихдаа нэг ч шүлэг давхардуулахгүй бичсээр ирсэн онгод билигтэн. Зарим хүнЯруу найраг бол залуу насны үйлгэлцдэг. Тийн атал та ийм их онгод билиглүүн байдгийн нууц юундаа байна?

-Уран бүтээлч хүнд уншиж мэдэхийн их далай, туулсан аж төрөл, үүрсэн насаараа ухаажиж, мэргэжихийн гайхамшиг заяадаг. Жар хүрсэн энэхэн наснаас харахад би чин сэтгэл зүрхнээсээ аж төржээ. Маш шударга, үнэнч, харгүй аж төрөх шиг сайхан юм байдаггүй. Хүн том эрх тушаалтай болж болно, мөнгөжиж хөрөнгөжиж болно. Хамгийн гайхамшиг нь л хүний бүтээсэн туурвил юм. Их сайхан сэтгэл зүрхтэй хүний голоор улаан цус, цагаан атаа урсдаггүй. Цагаан сүү урсдаг гэж л боддог. Оюун ухаан гэдэг бол газар дэлхий, сэтгэл зүрх бол тэнгэр огторгуй. Оюун ухаан хөлдүү, залхуудуу зүйл. Энийг гэсгээж байдаг зүйл бол сэтгэл зүрх. Хүн аливааг бодож хийдэггүй, сэрж мэдэрч хийдэг.

Тэнгэрлиг найргийн бурхан болсон сайхан багш нарынхаа тухай дурсаач?

-Миний багш Мишигийн Цэдэндорж бол Монголын яруу найргийн үзэгдэл байлаа. Өнөөдөр би нэрэмжит шагналыг нь хүртээд байгаа их Нацаг багш, Явуу найрагч, Нямдорж багш, дорнын яруу найрагч Данзангийн Нямсүрэн нар бол дээдийн дээд ямар л тэнгэрээс ирсэн нь бүү мэд, тусгай тавилттай элчин хүмүүнүүд. Цэдэндорж багш бол номоор их эрдэмжсэн, цаг үеэсээ түрүүлж төрсөн хүн. Өөрийн цаг үеэсээ илүү хойч үеийнхээ цагийг эзлээд төрчихдөг.

Бэгзийн Явуухулан багш тань таны анхны номыг өндрөөр үнэлсэн гэдэг байх аа?

-Явуу багш “Урины шувуу” номын маань өмнө “Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс авахуулаад сүүлийн шүлгээ хүртэл улаан шугам нэвт гэрэлтэж байна” гэж урмын сайхан үгээ хэлсэн. “Хүргэн хүү” кинон дээр “Юм үзээгүй юм болохоор Дэмбэрэл их баярлаж байна лээ” гэдэг шиг багшийн үгэнд би магнай хагартлаа баярласан. “Мягмарсүрэн эмч мэргэжлийг шилэн сонгож авсан. Харин Мягмарсүрэнг сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг гэдэг мэргэжил сонгож авчээ” гэсэн нь надад их урам хайрласан. М.Цэдэндорж багш болохоор “Миний хүү хүний түрүүнд явна гэж битгий бодоорой. Сүүлд нь явна гэж бүү гундаарай. Дунд нь яваарай” гэж захиж байсан. Цэдэндорж багш минь “Өөрийн үеийн сайхан хүмүүстэй нэгэн цаг үед нэр төртэй аж төрөх шиг гайхамшигтай зүйл үгүй. Амьд хүнд хайр хэрэгтэй, тэнгэрт одсон хүнд алдар хэрэгтэй” гэдэг хүн байсан. Ямар ч агуу ухаантай хүн байсан юм. Нямбуугийн Нямдорж багш “Мягаа миний дүү, агуу их Сартр чамайг хүлээж байна. Хүн ууланд мацсаар байгаад гарч болно. Уулнаас буух л хүнд байдаг юм шүү. Цэцгээ сайн услаарай. Чимэгээгээ сайхан хайрлаарай” гэсэн юм. Мунхаг юм чинь би тэр үедээ сайн ойлгохгүй шүү дээ. Сүүлд бодоод үзэхэд “Шүлгээ сайн бичээрэй, ханиа сольж болохгүй шүү” гэсэн үг байсан юм билээ. Энэ гурван багшдаа мөргөж залбирч, шүлэг найргийг нь биширч явах юм. Их газарч хүн бол дандаа эргэж харж явдаг юм гэнэ лээ. Түүн шиг монгол эх хэл, соёлоо эргэж харж явсан хүн л мэргэдийн газарч болдог юм байна. Хүн өөрийгөө ачих нэг хэрэг. Үзэж туулсан, үетэн чацуутнаа авч явна гэдэг том юм байдаг юм байна. Хүн сэтгэл зүрхээ дарж бас асааж явах хэрэгтэй.

Аав чинь ер нь юу хийдэг хүн байв?

-Миний аав дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд явах гэтэл өндөр эмээ маань бурхан болоод зургаан өнчин дүүтэйгээ хоцорсон юм билээ. Ээж нь гучин зургаахан насандаа бурхан болсон. Ингэж аав минь амьдралын төлөө зүтгэсэн байдаг. Өвгөн аав минь улаан бурхантсаны улмаас цоохор болсон нүүртэй Чулуун гэж хүн байсан. Сумандаа олон жил түрүүлсэн бөх хүн байж. Манай өвөөгийнх эвэр нь хөхөрсөн ямаатай, тав зургаан мянган малтай айл байсан гэдэг. Хожим хөдөлмөрийн баатар болсон Тувааннайдан гэдэг хүний уруу татсанаар аав өвөөгийн тасалж өгсөн гурав, дөрвөн мянган малыг орхин жолооч болохоор шийдсэн юм билээ. Би, миний бүсгүй дүү хоёр төрчихсөн үе. Тэр үед жолооч болно гэдэг жил зургаан сар сурдаг байж. Өвгөн аав аавыг шилдэн, адууны хомоол аманд бариад “Ламжав аа, чам шиг ардаа нүдгүй хүн жолооч болдоггүй юм” гэж байсан байдаг. Аав сумын начин цолтой хүн байсан мөртлөө аавдаа тэгж шилдүүлж байсан гээд бод доо. Би хөгшин аавтайгаа мал маллана. Бичгийн нуруу гээд зөөлөн баргилттай сайхан ууланд хүйтэнд хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй хүн болж өслөө. Тэр үед бээлий ч байхгүй. Үнэгэн сүүл ханцуйндаа хийгээд малд явна. Билүүний зөөлөн баргилтаар юм сийлэх дуртай хүүхэд байлаа. Өнөөдөр хөдөөнийхөн мотоциклиор малаа хариулж байна. Монгол хүн морьтойгоо байж байж л монголоороо үлдэнэ.

Таны гадаад төрх европжуу шүү. Арай гадны цус хольцтой юм биш биз?

-Манай өвгөн аав холын цустай хүн байсан байж магадгүй. Миний удамд зэрэг зиндаа өндөр тайж угсаатай хүмүүс ч байсан. Бас орос, герман хэлтэй хүн ч байсан юм билээ. Миний удамд Сономын Лочин, генерал Пүрэвдорж, Санжийн Пүрэв баавай нар бүгд орно. Манай удмынхнаас хамгийн алдартай хүн бол ээжийн хамаатан Ама Бямбадорж байна. Бөхчүүд олон байдаг. Би ч бас залуудаа барилдаж, уулын спортоор хичээллэдэг байлаа.

Хүүхэд байхад чинь юу гэж хочилдог байв?

-Намайг “Ногоон муур” гэдэг байсан. Энэ хочиндоо их дургүй байсан. Чимэгээ эгч нь яаж намайг тоосон юм бол одоо ч гайхаж л байдаг юм.

Чимэгээ эгчид таБолор чулуунд туссан сарны гэрэл адилхэмээх алдарт шүлгээ уншиж өгсөөр байгаад уяраагаад аваад суучихсан юм биш үү?

-Тэр шүлэг чинь яах аргагүй миний залуу насны сэтгэл зүрх шингэсэн бүтээл л дээ. Залуучууд цээжээр их унших юм билээ.

Та тэр шүлгээ нэг сайхан бүтэн уншаад өгөөч?

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнам.

Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж

Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхэлнэ.

Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч

Өөрийн эрхгүй баясан инээх шиг санагдана.

Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч

Чиний инээдийг салхинаас булаан газарт хүргэлгүй

Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.

Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал

Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.

Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн

Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнамгэсэн шүлэг л дээ. Чимэгээдээ залуудаа үүнээс ч сайхан шүлэг олныг зориулж явсан даа.

Зураач Шүнгийн Тэнгисболд таныгЗуунАйлын атаман байсангэж байсан. Уг нь таныг харахад их л зөөлөн хүн шиг санагддаг даа?

-Аравдугаар ангиа онц төгсөөд Анагаахын сургуульд орж, цэрэгт татагдан Цог генералын хүү Геннадийгийн удирддаг О65 дугаар ангид алба хаасан юм. Хүүхэд насанд хүн бүхэн л зүггүй байдаг даа. Харин сургууль соёл, цэрэг цуухаар явахаар томоождог юм байгаа биз дээ. Эрдэм номын гэрэлт багш нарын минь ч ач гавьяа байсан байж таараа. Анагаахын дээдэд сурч байхдаа Одончимэг гэж бүсгүйд дурлалаа.

Та одоо анхны хайраа тэгж шулуухан ярьж болж байгаа юм уу?

-Одончимэг гэж одоо Дарханд их сайхан бүсгүй байгаа. Залуу насны гэрэлт учрал сайхан л даа. Түүнээс хойш Чимэгээ эгчид нь үнэн голоосоо дурлаж, өдөр бүхэн тэмдэглэл хөтөлж, шүлгээ зориулсаар авч суусан даа. Ийм сайхан бүсгүй миний хань болно гэж залуудаа итгэж чадахгүй л явсан даа. Өнөөдөр хэдэн сайхан үрийн эжий аав болоод сайхан л амьдарч явна.

-“Галнэгдлийнхээ талаар дурсаач?

-Манай “Гал”-ынхан Гомбожавын Мэнд-Ооёогийнхоо хадам аав, ээж хоёрт насаараа баярлаж явах сэтгэлийн өртэй хүмүүс. Бат-Очирын Сундуй гэж сайхан яруу найрагч байлаа. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, төрийн сүлдний зураач Ойдов, доктор Ядамбатын Баатар, яруу найрагч Оюунцэцэг бид “Гал” бүлгэмдээ бие биеэ сайхан ирлэж өдий зэрэгтэй болцгоосон. Шүлгийг өдөрт арав хориор нь бичдэг байлаа. Нэгнийгээ урамшуулахдаа ч урамшуулж, шүүмжлэхдээ ч зад шүүмжилнэ. Бид ийм л найзууд байсан даа.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтулга: Манай хамтлагийг 20-40 насныхан сонсдог

“The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.

Танай хамтлаг дуугаа ямар төрөл жанраар туурвидаг вэ?

-Ер нь “Indefendent” рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

Дууныхаа үгийг өөрсдөө бичдэг үү. Юунаас сэдэвлэж бичдэг вэ?

-Дууны үгийг манай дуучин Одноо бид хоёр бичдэг. Зүгээр л өдөр тутмын амьдралыг энгийнээр илэрхийлдэг. Аяыг нь ч бас өөрсдөө зохионо.

Хамтлагийн анхны цомгоо хэзээ гаргаж байв?

-Анхны цомог маань 2006 онд гарсан. “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Харах дуртай”, “Элэг бөөр” гэх мэт дуунуудтай. Тэр оныхоо шилдэг цомог гээд бүх сэтгүүлд гарч байлаа. 2007 онд “Пентатоник” наадмаас гурван шагнал авч байсан. Одоо ч бас хүмүүс тэр цомгийг маань хамгийн шилдэг гэж ярьдаг юм билээ. Тэрнээс хойш гурван цомог гаргасан байна. Бүгд “Indefendent” рок урсгалаар гаргасан дуунуудтай. Сүүлийн цомог маань “Гурав” гэсэн нэртэй. Гурав дахь цомог маань учраас тэгж нэрлэсэн юм. Цомгон дээрээ гурвалжин дүрс тавихыг хүсч байсан хүслээ биелүүлсэн дээ. Их сайн болсон гэж бодож байгаа.

Хоёр дахь болон гурав дахь цомгуудын ялгаа юу вэ?

-Хоёр дахь цомог маань задгай, хайнга дуунуудтай. Санаа нь бол өнөөгийн амьдралын нууц зүйлийг харуулах гэж зорьсон. Харин шинэ цомог маань хайрын тухай л даа. Хүмүүс хэлэхдээ арай буурьтай, суурьтай болсон гэж байсан. Амьдрал ийм байдаг гэдгийг л харуулсан. Өмнөх цомгуудаасаа өөр дуугаралтууд оруулснаараа онцлог. Үг, аялгуу нь уянгын юм шиг мөртлөө бүжиглэж болохоор хэмнэлтэй хийсэн.

Өнгөрсөн оны аравдугаар сард хамтлагийнхаа 11 жилийн ойг тэмдэглэж тоглолт хийсэн байх аа?

-“Crocus event hall”-д “The Lemons III” цомог болон хамтлагийн 11 жилийн ойн арга хэмжээг нийлүүлж тоглолт хийсэн байгаа. Энэ цомгоо удахгүй DVD болгож гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Танай цомгууд борлуулалтаар хэр байдаг вэ?

-Борлуулалт их сайн байдаг. Зун жагсаалтаар гурав дахь цомгоороо сүүлийн хоёр сар нэгдүгээр байрт орсон. Хүмүүс энэ цомгийг маань дөрөв, таван жил хүлээсэн учраас сүүлийн цомог маань их сайн болсон. Сүүлийн цомог яагаад их хүлээгдсэн гэхээр аяа бид аль эрт зохиочихоод үгээ зохиох гэж удсан юм. Хоёр цомог гаргасны дараа бидний стиль тогтсон юм шиг санагддаг. Бид дууны үгэн дээр дуучин Одноогоо яаруулахгүй хүлээвэл сэтгэлээсээ их гоё бичдэг л дээ.

Танай хамтлагийнхан бүгд мэргэжлийн хүмүүс үү?

-Д.Анар Хөгжим бүжгийн Үлээвэр хөгжмийн ангийг төгссөн. Би түүх угсаатан судлал, худалдаа маркетингийн менежер. Соло гитараа сонирхлоороо сурч байлаа. Одноо, Өөжгий ч бас сонирхлоороо сурсан. Би 1997 онд долдугаар ангид байхдаа нэг сар хүнээр гитар тоглохыг заалгаад л анх Нирванагийн unplugged-ийг тоглож сурсан юм. Тэрнээс хойш бэлтгэл хийж байсангүй. Би өөрийгөө Монголын муу гитарчин гэж боддог юм. Зарим дууныхаа аяыг гитарынхаа ганцхан барилтаар дараад явчих үе ч байдаг. Энэ нь сүүлдээ миний стиль болоод байна. Ер нь рок хөгжмийг мэргэжлийн хүмүүс хийдэггүй. Энгийн хүмүүс л рок хөгжимд орсон байдаг. Сонгодог мэргэжлийн хүмүүс дүрэмд баригдаад өөрийгөө өөрчилж чаддаггүй юм.

Та хамтлагтаа уран бүтээл хийхээс гадна мэргэжлээрээ ажилладаг гэсэн байх аа?

-“Gandan life house”-ийн маркетингийн менежер хийдэг.

Танай хамтлагийнЦэнхэр нүд”, “Мэлхий гүнжгэсэн дуунууд хэрхэн бүтсэн бэ. The Lemons гэхээр эдгээр дуунууд сэтгэлд буудаг?

-“Мэлхий гүнж”-ийн аяыг Д.Анар хийсэн. Хоолойны аяыг Одноо. Үгийг нь манай найз Одноотой хамтарч бичсэн. “Мэлхий гүнж” бол манай хамтлагийн стиль шингэсэн анхны дуу. Тухайн үед дэлхийд моодонд орж байсан стиль л дээ. “Цэнхэр нүд” дууны үгийг “Гоодаль” сэтгүүлийн Энх-Амгалан эгч бичиж, аяыг бид өөрсдөө зохиож байлаа.

Хүмүүс ямар дууг чинь илүү сонирхдог вэ?

-Клиптэй дуу хүнд их хүрдэг юм шиг байна лээ. Хараад байхад “Хүсэл” гээд дууг youtube дээр хамгийн их үзсэн байсан. Тэр дуунд рок сонсдоггүй хүн ч дуртай юм шиг санагддаг. Электро парти, рок тоглолт дээр очоод дуулсан ч мэдэж байдаг. Метал рокууд дээр очоод дуулсан ч бүгд дагаад дуулах жишээтэй байдаг шүү. Хуучны дуунуудаас гэвэл “Мэлхий гүнж”, “Цаг агаар”, “Хайртай” гэх дуунуудыг хүмүүс илүү сонсдог юм билээ. Хамгийн сүүлд харж байхад манай “Сүүлийн уянга” дуу маань онлайнаар хамгийн их татаж сонссон дуугаар шалгарсан харагдсан.

Танай хамтлагийг анх хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Хамтлаг маань гарч ирэх үед хүмүүс рок гэхээр л урт үстэй, гинж, савхи өмссөн хүмүүс гэж ойлгодог байсан даа. Рок гэхээр л гитарын ур чадвартай үзүүлбэртэй байхаар төсөөлнө. Энэ үед бид хүмүүсийн төсөөлдгөөс өөрөөр, энгийн хувцастай гарч ирсэн. Би ямар ч хүний тоглож чадахаар гурван гитарын барилтанд дуу нийлүүлдэг байлаа. Бүр болж өгвөл ганц барилтаар дуу хийхийг зорьж байсан. Тухайн үед залуус “Сonverse” кетийг мэддэггүй пүүз сонирхдог байхад манай хамтлаг “Мэлхий гүнж” дууны клипэндээ бүгд жигдэрч өмссөн юм. Манай тэр клипнээс хойш “Сonverse” кетийг залуус өмсдөг болсон. Бидний стиль энгийн, байгаа хувцастайгаа гарч тоглоход оршдог байлаа.

Танай хамтлагийн дууг хэдэн насны хүмүүс сонсдог вэ. Судалгаа хийж үзэж байсан уу?

-Биднийг хамтлагаа байгуулаад анх гарч ирж байхад арван жилийнхэн болоод 20-30 насныхан илүү сонсдог байсан. Одоо 11 жил өнгөрчихлөө шүү дээ. Анх сонсдог байсан 20, 30 насны хүмүүс маань 30, 40 гарчихлаа. Тэд одоог болтол сонсч байгаа. Дээрээс нь залуус нэмэгдэж сонсдог болсон. Энэ байдлаас харахад 20-40 насныхан манай хамтлагийн дууг сонсдог гэж болно.

Өнгөрсөн онд гадаадад очиж тоглолт хийж байсан. Хүмүүс яаж хүлээж авдаг байв. Олон хүн үздэг үү. Энэ жил дахиад гадаад руу явах уу?

-Бидэнд гадаадад байгаа монголчууд хүсэлт ирүүлдэг юм. Түүний дагуу хамтлагийн төлөвлөгөөт ажлаа харж байгаад өнгөрсөн жил гадаадад байгаа монголчуудад зориулж тоглолт хийсэн. Сүүлийн хоёр, гурван жил Америк, Европоор явсан. Ихэнхдээ оюутнуудтай хотод очиж тоглоно. Нэг тоглолтыг 200-300 орчим хүн үзнэ гэдэг бас их тоо шүү. Гадаадад тэгж бөөнөөрөө цуглах тохиолдол ховор. Энэ жил Орос, Австрали, Солонгос, Өвөр Монголоос ирж тоглолт хийгээч гэсэн хүсэлт ирүүлээд байгаа. Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийснийхээ дараа гадаад руу тоглолтоор явах байх.

Танай хамтлагийнСүүлийн уянгадуу шагнал авсан байсан. Чухам ямар шагнал авсан юм бэ?

-Энэ шинэ жилийн баяраар манай хамтлагийн дуунууд онлайнаар таталт сайн байгаа номинацийг тэргүүлсэн. Мөн “Сүүлийн уянга” дуу маань онлайн таталтаар хоёрт орсон байна. Мөн хамгийн шилдэг цомог, шилдэг тоглолт хийсэн хамтлагаар тодорсон. Өнгөрсөн онд манай хамтлаг амжилт бүтээл дүүрэн байлаа.

Энэ онд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?

-Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийнэ. Гаргасан гурван цомгоосоо дөрөв, дөрвөн дуу сонгоод нийт 12 дуутай тоглолт хийх бодолтой байна. Мөн энэ жилд багтаж дөрөв дэх цомгоо гаргана.

Шинэ гаргах цомгоо панк рок урсгалаар гаргана гэж ярьж байсан?

-Энэ удаагийнхаа цомгийг электро чиглэлээр гаргах байх. Цомгийнхоо ажилд орчихсон явж байна. Үг, аян дээрээ ажиллаад эхэлчихсэн.

Categories
мэдээ нийгэм

“Балбарын хүүг өсгөх бодлого банкны хүүг бууруулах бодлого болоод явчихлаа” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн шинэ дугаар өглөөний нартай уралдан уншигчдын гарт хүрлээ. Энэ өдрийн тэргүүн нүүрэнд удахгүй болохгүй гэж буй сар шинийн баяртай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг судалсан сурвалжлага мэдээг толилуулж байна. Энэ жилийн “Цагаан сар” эрт буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр тохиож байгаа учир иргэд хэдийнэ цагаан сарынхаа бэлтгэл ажилд оржээ. Тэгвэл баярын ууц, хэвийн боов, сүү цагаан идээ “Хүчит шонхор” зах дээр ямар үнэ ханштай байгааг эл сурвалжлагаас сонирхоорой. Өдрийн сурвалжлагын үргэлжлэл дөрөвдүгээр нүүрэнд нийтлэгдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн мандаттай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болоод улс төрийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын мэдээг хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы Баримт, үзэл бодол нүүрт “Балбарын хүүг өсгөх бодлого банкны хүүг бууруулах бодлого болоод явчихлаа” нйитлэл хэвлэгджээ. Энэхүү нийтлэлээр хүүхдийн мөнгө, шинээр төрсөн эхийн мөнгийг танах асуудал хөндөгдөх болсныг шүүмжилсэн байна.
Сангийн дэд сайд С.Пүрэв Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Гааль, татварын асуудлаар түүнтэй ярилцсан ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай.
Ноён ам.долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч 2008 төгрөгтэй тэнцэх боллоо. Тэгвэл долларын ханш яагаад өсөх болсон хийгээд бусад валютын ханшийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг зургадугаар нүүрт нийтэлжээ.
Тайванийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогджээ. Олон улсын эргэнд тойронд өрнөсөн эдгээр болон бусад мэдээ, мэдээллийг есдүгээр нүүрнээс тольдоорой.
Мягмар гариг бүр уламжлал болгон гардаг “Эрүүл мэнд”-ийн нүүрэнд өнгөрсөн оноос хойш тархалт нь ихсээд буй улаан бурхан өвчний талаар нийтэлсэн байна. Эл өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон, ямар арга хэмжээ авах талаар 12 дугаар нүүрнээс уншаарай.
Сүүлийн үед эмэгтэйчүүд хоргүй болон хортой хавдарт ихээр өртөх болсон. Эмэгтэйчүүдийн хавдарын талаар “Оби” эмнэлэгийн ерөнхий эмч Б.Оюунбилэгтэй хийсэн ярилцлагы 13 гуравдугаар нүүрнээс уншиж өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай. Яруу найрагт дуртай уншигчид уламжлалт “Утга зохиол” булангаа 16 дугаар нүүрнээс уншина уу.
Японы Токио хотноо аж төрж, уран бүтээлээ туурвидаг зураач С.Заяасайхан, сумогийн аварга Харумафүжи Д.Бямбадорж нарын хамтарсан “Хоёр ертөнц” хэмээх уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болжээ. Сумогийн аваргатай хамтран өөрийн ертөнцөө дэлгэн харуулсан зураач С.Заяасайхантай хөөрөлдсөн яриаг 18, 19 дүгээр нүүрнээс сонирхоно уу.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулж зул өргөлөө

“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж Төв талбайд өнөөдөр орой 1,000 зул өргөлөө.

ул өргөх ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Энх-Амгалан болон ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон түүний үйл хэргийг дэмжсэн энгийн иргэд оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

Дахин санал хураалт явуулахаар боллоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд
болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа. Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн
батламжаа гардан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч өнөөдрийн
чуулганаар зургаан нэр дэвшигч нэрээ татаж авснаар дөрвөн эмэгтэйн дунд
ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Энэ холбооны тэргүүнээр хэн сонгогдох бол
гэсэн таамаглал АН-ын хүрээнээс хальж сошиал ертөнцөөр ч тараад байна.

Санал хураалт дөнгөж сая дуусаж “Алтангадас” фракцын Б.Ургамалцэцэг,
“Шонхор” фракцийн С.Одонтуяа нар ойролцоо санал авчээ. Тодруулбал,
УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар илүү байсан ч
сонгуулийн дүн маргаан дагуулсан тул дахин сонгууль явуулахаар боллоо.
Сошиал ертөнцөөр цацагдаж байгаа мэдээллээр бол дээрх дөрвөн нэр
дэвшигчид, чуулганы эмэгтэйчүүдэд мөнгө тарааж санал худалдаж авсан гэх
баттай бус мэдээлэл байна. Ямартай ч энэ холбооны тэргүүнээр сонгогдвол
АН-аас УИХ-д суух жагсаалтын дээгүүрт бичигдэх ёстой. Тиймээс дахин
санал хураалтаар Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа нарын аль нэг нь жагсаалтын
эзэн болох нь.

Categories
мэдээ нийгэм

Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаяр дээд шүүхэд ханджээ

Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг ирэх баасан гаригт Улсын дээд шүүх хянах юм. Өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд Д.Чинбаярт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, 22 жилийн хорих ял оноосон билээ. Хэдийгээр Д.Чинбаяр болон түүний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм. Иймээс тэрээр дараагийн шатны буюу хяналтын шатны шүүхэд ханджээ.

Анхан шатны шүүхээс Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-д зааснаар эх орноосоо урваж, улсын нууц задруулсан хэрэгт буруутган шүүсэн юм.