Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хувьцаа эзэмшигчидтэй уулзав

“Монгол шуудан” ХК-ийн хувьчлал амжилттай явагдаж, тус компанийн 34
хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, олон нийтэд нээлттэй
санал болгон, арилжаад байна. Тус компанийн хувьцааг “Ард” санхүүгийн
нэгдэл, “Хишиг арвин индустриал” ХХК болон 300 гаруй иргэн худалдан
авчээ. Эдгээр хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
хүлээн авч уулзлаа.

“Монгол шуудан” ХК-ийн хувьчлал нь 100 хувь төрийн өмчийн компанийн 34
хувийг анх удаа Хөрөнгийн биржээр дамжуулан, олон улсын стандартын дагуу
амжилттай хувьчилснаараа шинэ жишиг тогтоож байна гэдгийг Ерөнхий сайд
уулзалтын эхэнд онцолсон юм. Энэ хувьчлалаар хөрөнгийн зах зээлд
босгосон хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үйлчилгээ
нэвтрүүлэн, техникийн шинэчлэл хийх гэж байгаа нь компанийн зөв
засаглал, тогтвортой хөгжил, бизнесийн эерэг үр дагаврыг авчирч байна.
Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэр хангагдана төдий чинээ иргэд хувьчлал,
хөрөнгийн зах зээлийг сонирхож, оролцох учраас нийт хувьцаа
эзэмшигчдийн хүртээмжтэй, тэгш байх зарчмыг хангаж ажиллах нь чухал
гэлээ.

Мөн 34 хувь бол Компанийн тухай хуульд заасан хяналтын багц. Эдгээр
хувьцаа эзэмшигчидгүйгээр компани аливаа том шийдвэр гаргах боломжгүй.
Тиймээс нэг ойлголт, зарчмаар компанийн удирдлагад оролцох шаардлагатай.
Та бүхний энэ хамтын ажиллагаанаас бусад хувьчлал шалтгаалах учраас
ширээний хоёр талд биш, нэг завин дээр суусан хамтрагчид гэдгээ санаж,
бусад олон компанийн хувьд сайн жишээ болохоор ажиллах хэрэгтэй. Аль ч
улсын хувьд шуудан салбар чухал. Энэ салбарт төр, хувийн хэвшлийн сайн
түншлэл хангагдана гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
хэллээ.

“Ард” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл хувьчлалыг амжилттай
зохион байгуулсан төрийн байгууллагуудад, шинээр хувьцаа хувьцаа
эзэмшигч болсон 360 гаруй хөрөнгө оруулагчдынхаа нэрийн өмнөөс талархал
илэрхийлээд “Монгол шуудан” компани төрийн өмчийг нээлттэй хувьчилсан
хамгийн анхны компани боллоо. Бид бусад хувьчлах компаниудад үлгэр жишээ
болохоор ажиллана, нэг зорилготой, ард түмэндээ үйлчилдэг, үндэсний том
сүлжээтэй, нээлттэй компани байна гэж хэллээ. Мөн жижиг хувьцаа
эзэмшигчдийн хувьд хувьцаагаа захиран зарцуулах эрх нь нээлттэй.
Компанийн засаглал, удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат
бусаар ажиллах шаардлагатай байгаа учраас төрөөс энэ боломжоор хангаж
ажиллахыг хүсч байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Биеийн тамир, спортын хуулийг өргөн барина

Биеийн тамир, спортын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын
гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. 2003 онд
батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд 2007, 2009, 2012 онд нэмэлт
өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод,
гадаадын хэрэгцээ шаардлагатай уялдуулан биеийн тамир, спортын салбарын хүчин
чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах,
хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн зарим чиг үүргийг төрийн бус
байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд салбар
байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө
оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна гэж салбарын яам
үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Да хүрээ” захад “Prius-20” 8-11 сая төгрөгийн үнэтэй байна

“Да хүрээ” төвд авто машины үнэ ханш ямар байгааг хүргэж байна. Өнгөрөгч жилүүдийн мөн үетэй харьцуулахад автомашины гүйлгээ тааруу байгааг ченжүүд авто худалдаа эрхлэгчид хэлж байна. Гэхдээ тансаг зэрэглэлийн, үнэтэй жипүүд бус энгийн суудлын машины борлуулалт хэвийн байгаа гэнэ. Тодруулбал, бэлэн мөнгөөр бол 2008 оны “Prius 20”-ыг 8 сая төгрөгт, 2011 оныхыг 11 саяд шууд өгнө гэх ч хүн байсан юм. “Да хүрээ” төвөөс машиныг бэлэн мөнгөнөөс гадна банкны лизингээр өгч байна. Цагаан сарын өмнөх энэ үед автомашинаа худалдан авалт нэмэгддэг бөгөөд цагаан сарын дараанаас дөрөвдүгээр сар хүртэл боруулалт “сэргэдэггүйг” авто худалдаачид хэлэв.

“Да хүрээ” худалдааны төвд борлуулж буй энгийн суудлын машины ханшийг сонирхуулъя.

Машины марк

Үнэ /сар төгрөгөөр/

1

Toyata Pruis 20

6.9-11

2

Hybrid Harrier

25-27

3

Nissan AD Van

10.5-12

4

Subaru Impresa

9.5-11.5

5

Toyata Allion

9-11

6

Toyata Crown

10-11

7

BMW

9-50

8

Kia Optima

19-22

9

Mercedes Benz

45-50

10

Toyata Tundra

27-30

11

Toyata Corolla

9.5-12

12

Hyundai Sonata

11-13

Categories
мэдээ улс-төр

Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Одоо үргэлжлүүлээд Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Categories
энтертаймент-ертөнц

С.Бямбацогт чуулганы хуралдаан дээр шүлэг уншив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаад түр завсарлалаа.

Үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод зориулж шүлэг зохиосноо уншив. Тэрбээр оны өмнөхөн Засгийн газарт шинэ жилийн бэлэг болгож “Хямралын гацуур” засч өгсөн. Тэгэхдээ “Хямралын гацуур”-ыг Засгийн газрын хуралдааны танхимын өрөөний үүдэнд байрлуулж, гацуураа Засгийн газрын гишүүдэд хаягласан элэглэл маягийн ил захидлаар чимэглэсэн байсан. Харин энэ удаад тэрээр ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалаас санаа авч, спикерт зориулан ийн шүлэг бичжээ.

Байшин зардаг барилгачин

Барьцгүй залдаг илтгэгч

Түшээдийг загнадаг дарга

Түмнийг гонсойлгодог горьдоогч

Цэцийн дээр гарсан хөх тэнгэр

Телевизийг удирддаг удирдлага

Засгийг мэддэг Ерөнхий сайд

Зээл мэддэг банкир болсон

Хурлын дэг сахиулагч биш

Хуулийг зоргоороо өөрчлөгч болсон

Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч

Бие жижиг ч бэлчээр томтой

Бүгдийг захирагч хаан болсон.

Түүний шүлгийн хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Манай гишүүдийн шинэ авьяас илэрч, шүлэг зохиодог боллоо. Болор цомын бүртгэл эхэлснийг Батбаяр гишүүн сануулж байна” гэж хариулав.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй

Ерөнхий боловсролын сургуулийн амралт энэ долоо хоногт дуусч, ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-нд бага, дунд, ахлах ангийнхны хичээл эхлэх ёстой юм. Бага ангийн сурагчид таван долоо хоног, дунд ангийнхан гурван долоо хоног, ахлах ангийнхан нь хоёр долоо хоног тус тус амраад ийн гуравдугаар улирлын хичээл эхлэх гэж байна.

Сүүлийн үед ханиад томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж, хүйтний эрч чангарсантай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгахаар болсон гэх мэдээлэл гарсан. Үүнийг албаны эх сурвалжаас тодруулахад “Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй. Хичээл ирэх долоо хоногт эхэлнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу ирэх даваа гаригт бүх ангийнхны хичээл эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд цагаан идээний өргөтгөсөн худалдаа болно

Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын наймны өдрүүдэд цагаан идээ, махны өргөтгөсөн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Мөн Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, Сүхбаатар дүүрэгт АСА цирк, Цэрэндоржийн гудамж талбай, Чингэлтэй дүүрэгт тусгаар тогтнолын талбай, Баянгол дүүрэгт Leon tower, Макс худалдааны төв, Хан-Уул дүүрэгт Махатма Гандийн гудамж, Мишээл экспо төв, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав , Гүнгэрваа худалдааны төвүүдэд цагаан идээний үзэсгэлэн болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Б.Булганыг айхтар эрүүдэн шүүсэн зүйлгүй” гэв

С.Зоригт агсны гэргий Б.Булганыг саатуулан шалгаад хоёр сар болж байна. Энэ хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар хэргийг шалгаж буй ажлын хэсэг мэдээлэл огт хийгээгүй байгаа. Б.Булганы ээж Д.Байгальмаа саяхан “Биднийг огт уулзуулахгүй байгаа. Тэр бүү хэл өмгөөлөгчийг нь ч оруулахгүй гэсэн. Хууч өвчин нь сэдэрч байгаа болов уу гэж санаа зовж байна…” хэмээн ярьсан байсан. Тэгвэл Д.Булганыг ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулж байгаа гэдгийг Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм. Мөн тэрбээр хуулийн байгууллагын жижиг алдаагаа засахыг манайхаас зөвлөж, үүний дагуу тэд алдаагаа зассанаас бус Б.Булганыг айхтар эрүүдэн шүүсэн зүйлгүй гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашиныг нь дээрэмдэн зугтжээ

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 18-ны өдрийн 05:00 цагаас нэгдүгээр сарын 19-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3787 удаагийн дуудлага иржээ. Эдгээрээс гэмт хэргийн 125, зөрчлийн 1065, согтуугийн 460, зам тээврийн ослын 371 дуудлага байсан байна. Иргэдээс ирүүлсэн эдгээр мэдээллийг шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох алба нэгжүүд шалгаж байгаа юм байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайзын автобусны буудал дээр үл таних 3 залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг шалгахад: Баянзүрх дүүргийн долдугаар хороонд суух 38 настай эрэгтэй Э-ын “Toyota Platz” автомашин, 20.000 төгрөгийг тус дүүрэгт оршин суух 28 настай М бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэнийг илрүүлжээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд нэг хүн амиа алджээ

Шинэ оны босгон дээр Налайхын уурхайд дөрвөн хүн дарагдаж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр мөн Налайхын уурхайд хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Налайх дүүргийн гуравдугаар хорооноос “Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт шаварт цохиулж гэмтсэн хүн ирээд нас барсан” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад, нүүрсний уурхайд ажиллаж байсан 36 настай эрэгтэй О шаварт цохиулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан байжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.