Categories
мэдээ улс-төр

Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Швейцар улсын Давос хотод жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.

Дөрвөн өдөр үргэлжлэх тус дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс орны төр засгийн тэргүүн нар, мөн бизнесийн болон олон нийтийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцох юм байна.

Давосын 46 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад хуран цугларсан төлөөлөгчид “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг удирдах нь” сэдвийн хүрээнд олон улсын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар хэлэлцэх юм.
Дэлхийн улс гүрнүүдийн төрийн тэргүүн, Ерөнхий сайдын түвшинд зохион байгуулагддаг уг чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцар улсыг зориод байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгө өгөх асуудлыг дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэрвээ уг хууль батлагдвал 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд “Уг хуулийн төслийг дэмжиж байна. Бусад хуулиудтай уялдуулах ёстой. Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж болохгүй. Хүн амынхаа хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Энэ ажлыг хариуцаж буй ажилтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Цас зудын бэрхшээлтэй энэ үед мэдээлэлгүйгээс хүүхдүүд мөнгөө авч чадахгүй хоцрох вий. Тиймээс ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгоход анхаарах нь зүйтэй юм” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ үеэр тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргахад олонх дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 80 орчим төслийг хэрэгжүүлнэ

Шангрила зочид буудалд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ жил нийслэлд 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Харин харьяа байгууллага, дүүрэг, иргэдээс 847 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх 530 санал ирүүлжээ. Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 80 орчим төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн 2016 онд Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монголд анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр Улаанбаатарт 24.8 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ зээлийг Эмээлт-Аргалантын аж үйлдвэрийн шинэ парк, 30 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид зарцуулахаар төлөвлөж буйг чуулганы үеэр дуулгав. Үүнээс гадна хог боловсруулах төслийг ч эхлүүлэх аж.

Нийслэл энэ онд “ногоон” худалдан авалт хийхээр болжээ. Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийнхний санал болгож буй төсөл нь орчин үеийн, дэвшилтэт, шилдэг шийдэлтэй байх, хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний бага зарцуулалттай “ногоон технологи” байх зарчмыг баримтлах юм байна. Энэ хүрээнд ямар худалдан авалт хийх талаар мэдээлсний дараа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид төсөл, технологио танилцуулах ажээ. Ингээд танилцуулсан төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, нийгмийн үр нөлөө гэх зарчмаар эрэмбэлнэ. Үүний дараа нийслэлд үр өгөөжтэй төсөл дээр төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 18-20 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг хувийн хэвшилтэй хамтрахгүй бол нийслэл дангаараа бүрдүүлэх боломжгүй. Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг л хөгжүүлчихвэл олон улсад “ногоон гэрлээр” гарах боломжтой” гэв. Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирснаар зөвхөн дотоодын зах зээл бус, олон улсад өрсөлдөхүйц үр дүнтэй төсөл, хөтөлбөр боловсруулах орчин бүрдэнэ хэмээн онцолж байлаа.

Одоо гурван салбар хуралдаан болж байна. Салбар хуралдаан төсвийн хөрөнгө оруулалт, ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн санаачилга ба концесс сэдвээр болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Осолдсон монгол залуусын ар гэрийнхэн БНСУ явжээ

БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Тэгвэл осолд орсон хоёр залуугийн нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөөгийнх нь биеийн байдал тааруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тиймээс Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа манай Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорьжээ. Зам тээврийн хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын асуудлыг маргааш хэлэлцэнэ

Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүнд гарын үсэг зурж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барьсан. Дубайд гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан болоод буй гэх.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэхээр УИХ-ын хуваарьт багтаажээ. Уг асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөгөөнд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Америкийн сурагчдад “Алунгоо эхийн домог”-ийг заажээ

“Вашингтон Перформинг Арт” байгууллагаас хэрэгжүүлдэг Элчин сайдын яамны хөтөлбөрийн хүрээнд Америк дахь Элчин сайдын яамдад дунд сургуулийн сурагчдад өөрийн орны өв соёл, түүхийг сурталчлах боломж олгодог аж. Энэ сарын 14-нд Америк дахь Монголын элчин сайдын яам энэ хөтөлбөрт оролцож, Вашингтон хотын зүүн өмнөх хэсэгт орших МкКинли дунд сургуулийн Кейтлин Криек багштай зургадугаар ангийнханд өөрийн орны өв соёлыг сурталчилжээ. Монголын Элчин сайдын яамны Боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан атташе С.Золзаяа тус сургууль дээр өөрийн биеэр очиж хичээл заасан байна. Тэрбээр хичээлийн эхэнд хүүхдүүдийг монголоор мэндчилж сургажээ. Хэдий зөв аялгатай биш ч хүүхдүүд тэр дор нь “Сайн байна уу, миний нэрийг …” хэмээн хэлж сурцгаасан гэнэ. Монгол бичгээр өөрсдийнх нь нэрийг бичүүлж сургаснаас гадна “Алунгоо эхийн домог”-ийг ангиар уншиж өгөн эв нэгдэл, хамтын хүчийн талаар ярьж ойлгуулжээ. Түүнчлэн газрын зураг дээр Монгол орныг түвэггүй олж заадаг болгожээ. Энэ тухай тэмдэглэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ “Америкийн монголчууд” буланд бичиж нийтэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Шаравдорж МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болов

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Учир нь МХЕГ-ын дарга асан Ш.Раднаасэд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авч ийнхүү шийдвэр гаргажээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ш.Раднаасэд ирэх сонгуульд оролцох болсонтой холбоотой аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дахин бонд гаргахаар зэхэж байна

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд манай улсын Засгийн газраас долларын “Чингис” бонд гаргаж олон улсын бондын зах зээлд оруулж байсан. Уг бондоос 1.5 тэрбумын хөрөнгө босгосон юм. Тухайн үед бондын өгөөж Испанийнхаас доогуур байсан бол одоо бондын өгөөж 8.64 хувьд хүрчээ. Өнгөрөгч оны тавдугаар сард бондын өгөөж 4.5 хувьтай байжээ.

Ийнхүү бондын өгөөж өссөнтэй холбогдуулан дахин бонд гаргах асуудлаар Өрнөдийн хэд хэдэн банкны хөрөнгө оруулагчдыг урьж ирэх долоо хоногт уулзалт зохион байгуулахаар болсон байна. Манай улсын хувьд далайд гарцгүй уул уурхайд суурилсан эдийн засагтай. Уул уурхайн орлого нь ДНБ-ий тавь орчим хувийг бүрдүүлдэг ба Монголын хувьд хүндхэн нөлөөлсөн америк долларын ханшийн өсөлт, эдийн засгийн өсөлт удаашралтай, түүхий эдийн ханшийн уналттай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Сураггүй болсон эмэгтэйг өчигдөр эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай багийн “Зараатын хөндий” гэдэг газар нутагладаг 22 настай Б /хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ хөл нүцгэн гарчээ. Энэ тухай маргааш нь буюу 19-ний өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Ийнхүү сураггүй болсон 22 настай Б-г өчигдөр буюу 19-ний 14 цаг 09 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь нутгийн иргэд олж, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлэгт түрээслүүлэх байрны үнэ 130-280 мянган төгрөгийн үнэтэй

Өнгөрсөн онд ТОСК-аас түрээсийн орон сууцыг захиалж бариулах зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцнаас худалдан авах замаар 1300 айлд түрээслүүлж төрийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлжээ.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр гурван өмчийн хэлбэртэй бөгөөд үүнд төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц багтах юм. 2015 онд орон нутагт 800, Улаанбаатарт 1620 нийтдээ 2000 гаруй айлын орон сууцыг захиалж ашиглалтад оруулсан байна. Эдгээрээс зургаан аймагт нийтдээ 579 орон сууц, Улаанбаатарт “Буянт-Ухаа-2” хорооллын 350 орон сууц нийт 929 орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахад бэлэн болжээ. Эдгээр байрны үнийг 2017-2019 онд улсын төсөвт суулган ТОСК-д гаргаж өгөхийг тогтоолд тусгасан. Төрийн өмчийн зорилтот бүлэгт чиглэсэн хөнгөлөлттэй түрээсийн бодлогыг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу баримжаа үнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан нь Улаанбаатарт нэг байрны үнийг сарын 200-280 мянга, орон нутагт 130 мянган төгрөг гэж тусгажээ.