Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн зарим сум руу тусламжийн цуваа хөдөллөө

Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийг тал үнээр нь хямдруулан малчдад олгож байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон байна. Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын сумд болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг ийнхүү хүргүүлж байгаа аж.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар “Аймаг, орон нутаг, сумдын эмнэлгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан ч, өвс тэжээл ургаагүйгээс хадлан тэжээл сайн авч чадаагүй. Байдал хүнд байгаа ч гэсэн сахилга хариуцлага, зохион байгуулалтаа сайжруулан өвөл, хаврыг хохиролгүйгээр даван туулах зорилтыг Улсын онцгой комиссын зүгээс тавьж байгаа. Малчид, иргэд өвөлжилт болон хаваржилтын бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандан сонор сэрэмжтэй байж, гэнэтийн хүйтрэл болон цас, шороон шуурганаас сэрэмжилж ажиллахыг Улсын онцгой комиссын даргын хувиар сэрэмжлүүлж байна” гэсэн юм.

Таван сая орчим мал өвөлжиж байгаа Төв аймгийн хувьд хамгийн олон сумтай. Мөн малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог. Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа аж. Тус аймгийн зарим сумдад мал бэлчих боломжгүй, тэжээлд орчихсон өвөлжөөндөө байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Таван богд” өмчлөх эрхээ албан ёсоор авчээ

“Таванбогд трейд” групп хэвлэх үйлдвэрийг өмчлөх эрхээ албан ёсоор авлаа. Тус групп худалдан авсан барилгын үнэ болох 23 тэрбум 580 сая төгрөгийг бүрэн төлжээ. Иймд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар “Улаанбаатар” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрх олгохоор болжээ. Энэ барилга нь Сүхбаатар дүүргийн наймдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм.

Мөн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хоёр барилгын үнийг бүрэн төлсөн этгээдэд “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, дөрвөн тэрбум гурван зуун хорин сая төгрөг төлсөн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очирт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгын өмчлөлийн эрхийг шилжүүлэхээр болжээ. Мөн 135 сая 500 мянган төгрөг төлсөн “Эко тунамал” ХХК Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын өмчлөх эрхтэй болов.

“Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний дагуу хэлэлцэж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ спорт

Котошёогикү Их аварга Хакүхог давлаа

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Котошёогикү нар барилдсан юм. Тэдний хувьд башёг нэг ч унаагүй тэргүүлж байсан бөгөөд Oзэки Котошёогикү өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг даван тэргүүлэгчийн байр сууриа алдаагүй юм. Харин өнөөдрийн барилдаанд тэрбээр Хакүхо М.Даваажаргалыг давснаар башёг ганцаараа тэргүүлэх боллоо. Хэрвээ Котошёогикүгийн хувьд энэ удаад түрүүлж гэмээнэ 10 жилийн дараа япон бөх түрүүлсэн тохиолдол болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

Шаазан урлаач Х.Хадхүүгийн “Монголын орчин үеийн шаазан урлаг” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Х.Хадхүү “Хуучин социализмын үед Монгол Улс олон нийтэд зориулан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Тэр үед тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл хийх технологи байхгүйн улмаас орхигдож байлаа. Харин орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсон. Иймээс үзэсгэлэндээ сүүлийн гурван жил урласан тансаг хэрэглээний бүтээгдэхүүний дэлгэн үзүүлж байгаа” гэв.

Тэрээр СУИС-д Өндөр гэгээний цутгамал металл хийцийг шаазангийн шавраар хэрхэн урлах талаар магистрын зэрэг хамгаалаад удаагүй юм байна. Өндөр гэгээн Г.Занабазарын таван дүрийг ясны цагаан шаазангаар анх удаа урлажээ. Үүнээс гадна Цагаан дахь эх, Бурхан багш, Манал тэргүүтэй бурхдыг шаазангаар бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. Шог зураач С.Цогтбаяр Х.Хадхүүг үнс нурман дунд үлдсэн Монголын шаазан урлалыг шинэ түвшинд хүргэхээр зүтгэж буй “ганц дайчин” болохыг онцлов.
Үзэсгэлэнгийн танхимд дөрвөн хүчтэн, монгол цам тавагны цувралаас гадна хөөрөгнүүд, шонхор, луут, дом зэрэг төрөл бүрийн гүц, Чингис хаан, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Их жанжин Сүхбаатар зэрэг түүхэнд мөнхөрсөн удирдагчдын дүр бүхий ваар гээд тансаг шаазан эдлэлийг дэлгэн тавьжээ. Х.Хадхүү хоёр дахь удаагаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ аж. Х.Хадхүүгийн хувьд 1991 онд ДУДС-ийн керамикийн ангийг төгсөөд тасралтгүй 25 жил шаазан урлагтай ажил амьдралаа холбожээ.
Улаанбаатар хотын музейн 60 жилийн ойн хүрээнд болж буй энэ үзэсгэлэн 10 хоног гарах юм.

О.НЯМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугуйчин Б.Марал-Эрдэнэ Азийн аварга боллоо

Өнөөдөр Япон улсад Ази тивийн 2016 оны аварга шалгаруулах дугуйн бөөн болон цуваа гарааны тэмцээн болж байна. Тэмцээний 19-23 насны ангиллын 33км-ийн цуваа гараанд манай тамирчин, ОУХМ Б.Марал-Эрэнэ тэргүүн байр эзэлж Ази тивийн аварга боллоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 хүртлэх насанд дөрөв, 19-23 хүртлэх насанд дөрөв, 24-өөс дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд таван тамирчин оролцож байна. Мөн эмэгтэй дугуйчдаас ОУХМ Ж.Өлзийсолонго, Т.Энхжаргал нар хурдаа сорих юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхлээгүй байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 17:00 цагт хуралдах ёстой, одоогоор хурал хараахан эхлээгүй байна.

АН-ын даргаар З.Энхболд сонгогдсоноос хойш анх удаа ҮЗХ-гоо хуралдуулах гэж байна. Өнөөдөр тус намын ҮЗХ-ны хурлаар өнгөрснөө дүгнэж, ирэх зуны сонгуулийн талаар хэлэлцэх аж. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх, намын дүрэмд зарим нэг өөрчлөлт хийх эсэх асуудлыг хэлэлцэх гэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Батбаяр шүүхэд ханджээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр ДМНН-ыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь 2012 оны тавдугаар сарын 3-нд УИХ-ын чуулганы хуралдаан дээр тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед хэлсэн үгнээс таслан авч эвлүүлэг хийж ДМНН-ийн цахим хуудсаар цацжээ.

Тэр өдрийн хурал дээр Н.Батбаяр “Ц.Нямдорж гишүүн манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах. Сонгуулийг луйвардах арга нь бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох. Тэр байгууллага нь бүртгэлийн газар. Тиймээс Бүртгэлийн газрын даргыг нь солилоо. Намдаа үнэнч хүнээ томиллоо. Зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ. Дээр нь АН-ынхны санаачилсан сонгуулийг будилаангүй болгох, 7-р сарын 1-нийг давтагдуулахгүй байх гол арга хэрэгсэл болох ухаалаг үнэмлэхийг хүчингүй болголоо, түүнийг нь лавлагаа гэсэн материалаар солилоо, гар хурууны хээ авдаг төхөөрөмж нь удахгүй ажиллахгүй болно, тэр байтугай тоолдог машин нь тоолохоо болиод, зөвхөн төрийн албан хаагчаас бүрдсэн сонгуулийн хэсгийн хороо саналыг тоолсноор манай намд санал, ялалт ирэх юм. Тийм учраас та нар надаар оролдохоо боль, би явах юм бол миний араас та нар бүгдээрээ явна, эхний ээлжинд Засгийн газрынхан бүгдээрээ явна шүү гэж хэлсэн дуулдсан” гэжээ.

Гэтэл энэ хэсгээс “Манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах” гэснийг таслан авч монтажлан, араас нь Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг оруулж, АН-ыг ингэж хэллээ, тэд ялахгүйгээ мэдээд ирэх сонгуулиар луйвар хийхээ улайм цайм зарлалаа хэмээн сошиэл сүлжээ, цахим сайт, зарим телевизээр түгээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

С.Дэмбэрэлийг дэд хорооны даргаар улираан сонгов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг улируулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, Байнгын хорооны тогтоол баталлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2012.01.20-Ы АРХИВ: ​Сайд мөрөөдөгчдийг сэрүүн зүүднээс нь ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГТАРЛАА

Ардчилсан намын сайд нар засгаас гарах болтол Ардын намынхан харуусал илэрхийлж уйлалдав. Үнэн хэрэг дээрээ дотроо инээдээ барьж дийлэхгүй гаднаа матрын нулимс унагасан. Тийм сайн юм бол хамтарч байхдаа хамгийг амжуулах хангалттай хугацаа байсан. Энэ эмгэнэлт жүжиг нь МАН-ын пиарчдын явуулсан олон нийтийн тархийг угаах гэсэн л оролдлого байв. Хамтарч байхдаа Ардын намынхан хажуудаа байгаа Ардчилсан намынхныг яаж ад үзэж байлаа. Улайм цайм л яв, зайл гээд байсан шүү дээ. Өнгөрсөн үе рүү өнгийж харах юм бол хэвлэлийн хуудсан дээр хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Ад үзэгдсэн Ардчилсан намынхан нь сайн дураараа явахад МАН-ынхан шиг баярласан хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр тэдний уйлан дуугарч, уйтгарлан гуньсан дүр худлаа байжээ гэдэг нь хар аяндаа ойлгогдоно. Сая сайд шалгаруулах уралдаан боллоо. 28 гишүүн сайд болох гэж дотооддоо ямар их алаан болов. Хамгийн сайн нь би, бусад нь муу гээд бие биенийхээ мууг ямар их үзэв ээ. Сайдын суудлын төлөө сайн андаа золиослоход бэлэн байлаа. Гунигласан хүмүүс ингэтлээ баясаж, орыг нь эзлэх гэж хөөрцөглөдөг юм уу. Ардын намынхан энэ увайгүй уралдаанаасаа хамгийн сул, хамгийн таарууг нь сонгодог нь ч юу вэ. Сайдад сонгогдсон нөхдүүд яаж хөөрцөглөж байнаа. Намын Удирдах зөвлөлийн эцсийн шийдээр сайд болох нь тодорсон нөхдүүд мөнгөн аяга барьж гүйлдээд бөөн хөөр хөл болж, харин болж чадаагүй нь “Би гүйсэнгүй. Гүйсэн бол сайд болох байлаа” гэж ярилцлага өгч эхэллээ. Гүйсэн нь сайд болж байна гэж нөгөөдүүлээ чимхээд ч байх шиг. Одоо сайдын сэнтий мөрөөдөгсөд хөөрч гүйгээд С.Баярцогтын явдлыг харж дуурайх гэж оролдон, Х.Баттулгын зангаргийг ойлгох гэж хичээгээд байгаа нь инээдтэй. Тэд сайдын суудалд суухаар сэрүүн зүүдэлж байна. Яг тэр зүүднээс нь Ерөнхийлөгч дугтарч сэрээлээ. Намын шийдвэр төрийн шийдвэр биш шүү гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүд сайд болохыг дэмжихгүйгээ хэлээд авлаа. Зөвшилцөнө гэдэг ямар байдгийг ч ойлгууллаа. Ичихээ мэдэхгүй хүмүүсийг илчилж орхилоо. Дээр нь “Их хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж хатуу санууллаа. УИХ-ын гишүүд сайд хийх нь Засгийн газар, УИХ-ын хоорондын харилцаа алдагдахад хүргэж байна хэлж сануулсаар атал нөгөө хэдэн гишүүдээ хөтөлсөөр оруулж ирсэн талаар нь анхаарууллаа. МАН-ын сэрүүн зүүдэлж, хөөр баяр болоод байгаа сайд болох гэж зүүдлэгсэд хэн бэ. Ерөнхийлөгчийн хэлснээр ямар ид шидээр орж ирсэн нь мэдэгдэхгүй байгаа энэ нөхдүүд яаж яваад гараад ирэв ээ. Лу.Болдын хажууд шар жавьжтай ангаахай шиг Ж.Энхбаяр зангарагтай байж чадах уу. Луу, чогчиго хоёр шиг л харагдана биз дээ. Лу.Болд ардын армийн гадаад харилцааг Чингэсийн үеийнх шиг болгож сэрээсэн шүү. Ж.Энхбаярын үед Буриад, Өвөр Монголоос цааш гарч чадах уу? Хуучин сайдын эрхээрээ хатсан хүү нам дотроо өрсөлдсөн ягаан хацартаараа цоллуулдаг Ц.Батбаяраасаа ч илүү

байж лав чадахгүй. С.Баярцогт “Хонгор”-ын Хаянаа хоёр тэнгэр, газар шиг л байдгийн байгаа биз дээ. Хонгорт хүмүүс долоо хоногт хоёр, гурваараа хорт хавдраар үхэж байгааг Ерөнхийлөгч сануулсан. Балаг тарьсан газартаа очиж ажиллаарай гэж түүнд анхааруулав. Гэтэл өчигдрийн байдлаар Д.Хаянхярваа Хонгорынхны холиог нь хутгаж байгаа

нь сонсогдсон. Хонгорынхныг МАН, АН болгож талцуулсан гэнэ. Үнэн хэрэгтээ үхэл ямар АН, МАН-аар нь ялгах биш дээ. Сангийн сайдаар “Хонгор”-ын Хаянаагийн оронд Ч.Улаан байвал хамаагүй өөр л дөө. Яаж ч бодсон ажлаа мэддэг Ч.Улааныг түлхэж хаяад “Хонгор”-ын Хаянааг тэвэрч авч байгаа сонголтыг эрүүл зөв сонголт гэж хэн хэлэх юм. Одоо Хонгорт хичнээн хүн үхчихсэн байна. Хэд нэмэгдэж үхэх вэ. Нялх хүүхдүүд хорвоотой танилцаж амжилгүй хавдар тусчихаад үхлээ хүлээж байгаад ямар тайлбар өгөх вэ. Өөрийнхөө албан тушаалын төлөө ард иргэдээ золиосолсон ийм хүнээр Монгол Улсынхаа сан хөмрөгийг мануулж, түлхүүрийг яаж атгуулах болж байна. Х.Баттулгатай Ц.Дашдоржийг яаж зүйрлэх юм бэ. Хүн дуулчих вий гэсэн шиг шивнэж ярьсан Ц.Дашдорж, ажил явуулах гээд хэний ч өөдөөс зоригтой дуугарч байдаг Х.Баттулгатай дүйцэж чадах уу. Асаалттай танкны өмнөөс асаасан янжуур тавихын дайны л инээдэм биз дээ. Зам тээвэр, барилга хот байгуулалт том салбар. Ийм том салбар дээр УИХ-ынхаа хуралдаанд ч тоотой харагддаг Ц.Дашдоржийг аваачиж тавиад яаж ажил явуулна гэсэн юм бол. Ц.Цэнгэлийн нэр салбарын сайдад яригдаж байсан. Хуучин энэ салбарын сайд байсан хүн хаа очиж зангаргаа харуулж жаалууд шиг хөөрч гүйсэнгүй. Л.Гансүхийн оронд хүний өөдөөс эгц харчихгүй сулхан Д.Цогтбаатарыг тавилаа. Энэ салбарт очоод байгаль орчныг өөдтэйхэн аваад явчих хүмүүс захаасаа аваад зөндөө бий. Хуучин энэ яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ, Д.Оюунхорол гээд нэлээд хэдэн нэр яригдаж байсан. Хамгийн сулханыг нь МАН-ынхан дэмжээд гаргаад ирэв. С.Ламбааг хар л даа. Монголд түүнийг мэдэхгүй хүн ховор. Сайн, муу хэлүүлээд салбараа яаж авч явж байлаа. Түүний оронд сандал ширээтэйгээ зууралдсан Н.Хүрэлбаатар гэдэг “жаал”-ыг сөргүүлээд тавихаар ямар харагдаж байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь хүртэл шадар сайдад зүтгэж байдаг нь намынхныхаа ч гайхал дургүйцлийг төрүүлсэн. Ийм томилгоог ард түмэн голж байна. Хамтраад дөрвөн жил хийгээгүй ажлыг шар жавьжтай ангаахайнуудаар дөрвөн сар хийлгээд бүтээчих нь гэж ёстой үлгэр болно. Юу хийж амжина, юу бүтээж гийгүүлнэ гэж итгэх юм бэ. Сайд болох визээ албан ёсоор даруулж амжаагүй, сэрүүн зүүдэлж яваа тэр ангаахайнуудыг Ерөнхийлөгч зүүднээс нь нэг сайн дугтарлаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2015” тоглолт энэ сарын 28-нд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадмын нэгийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа болсон. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Нэгийн даваанд 93 бүтээл өрсөлдсөнөөс 25-ийг нь шалгаруулсан. Энэ даваанд хамгийн их оноо цуглуулсан бүтээлүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхны шүлэг “Аав л нутаг хоёр минь” дуу юм. Үүнийг БЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Б.Батбаатар хоолойныхоо “бяр”-ыг гайхуулж дуулсан. Мэргэжлийнхэн ч энэхүү дууг гала тоглолтоор тодруулах шилдэг таван дууны нэгээр нэрлэгдэх болов уу хэмээн таамаглаж байна.