Categories
мэдээ цаг-үе

Дашийн Оюунчимэг: Хүн ухаан орно гэж нэг юм байдаг юм байна, би 23-тай ухаан орсон

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн ОюунчимэгийнОройн ганц модроман тун саяхан нээлтээ хийсэн билээ. Түүнтэй зохиол бүтээлийнх нь талаар ярилцлаа.

ТаныОройн ганц модроман нээлтээ хийлээ. Анхны уншигчид нь ам сайтай байна. Харин зохиолоо бичихэд гурван сарын хугацаа зарцуулсан гэж сонслоо. Романыг ийм богино хугацаанд бичиж болдог юм уу?

-Ийм юм аа, одоо чинь хүн болгон зохиолч болчихоод юмыг хялбархан хийдэг, ойлгодог болчихож л дээ. Миний хувьд зохиол дээрээ богино хугацаа зарцуулсан нь ачаалал үүрч сурсных байх. Би чинь нэлээд орчуулга хийлээ шүү дээ. Залхуу хүн шинийг санаачлагч байдаг гэдэг шиг их ажилд дарагдаад ирэхээр аль болох богино хугацаанд яаж хийх вэ гэдгийг сийлдэг юм байна. Би орчуулгуудаа бичээчтэй сууж хийдэг байлаа, тэр тулдаа олон орчуулгынхаа ард гарсан. “Оройн ганц мод” маань нэг өдөр суугаад биччихсэн зохиол биш. Би их судалгаа хийсэн. Яахав, цаасан дээр буулгасан нь төдий хугацаа боловч 2011 оноос сэтгэл тавьж, судалгаа хийж ирсэн ажлууд л даа.

Номын нээлтийн мэдээнээс харж байхад зохиолоо цааш үргэлжлүүлэх юм байна гэж ойлгосон. Ер нь та одоо хэрхэн роман бичихээ мэдчихэв үү?

-Дөрөв, таван жилийн хөдөлмөр маань болохоор энэ номонд оруулж амжаагүй дутуу орхичихсон зарим баримт, судалгаанууд бий. Хэрэв үргэлжлэлийг нь хийхээр бол, тэр болгоныг би өөрөө олж мэдэх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө сайн мэдсэн зүйлээ л бичдэг юм байна л даа. Өмнө нь би хоёр, гурван тууж, өгүүллэг бичиж байсан. Тэр үедээ нэг л бяр дутаад байгааг ойлгосон юм. Чухам яагаад би энэ их орчуулга руу яваад орчихсон бэ гэвэл ердөө л роман хэрхэн бичих тухайд байлаа. Романыг ойлгохын тухайд баахан сонгодог зохиол уншаад тэндээсээ би өгүүллэг, роман нийлсэн зургаан ном сонгож орчуулсан. Тэгээд хувь заяаны эрхээр ч юм уу хүүхдийн сонгодог зохиолын орчуулга руу орчихсон. Тэдгээр нь бас л хүн төрөлхтний сонгодог гэгдсэн романууд яваад байгаа. Тэгээд надад аа за за, роман гэдэг нь нэг иймэрхүү анзааны ийм юм байх юм байна гэсэн дүр зураг харагдаж эхэлсэн гэх үү дээ.

Номыг тань гаднаас нь тандахад монголчуудын нүүдэлчин ахуй амдрал, тэр тусмаа урианхайчуудын аж байдлыг өгүүлсэн юм аа даа. Яагаад гэдгийг товчхон тайлбарлаад өгөхгүй юу. Уншигчдад маань ч сонин байна байх?

-Монголд олон үндэстэн ястан, овог аймгууд байдаг. Тэдний дотроос урианхайчууд бол их эртний монгол хэлт овог аймаг. Алтайн урианхайчууд алслагдмал болоод ч тэр үү надад ёс заншил, үнэт зүйлсээ маш сайн хадгалж үлдсэн юм шиг санагдаг. Улсын наадмын сурын харваа урианхай сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Энэ нь эртний монгол цэргүүд амралтын үедээ богино зайд сур харваж бэлтгэл сургуулилт хийдэг байсны уламжлал юм. Яагаад би нутгаа сонгож зохиолынхоо ерөнхий өнгө төрхийг бүрдүүлсэн бэ гэхээр миний маш сайн мэдэх орчин учраас тэр. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн хэдэн урианхайчуудын асуудал огт биш, нийт монголчуудын явдлыг нэг жижигхэн хошуун дээр болж буй үйл явдлаар гаргаж бичихийг хичээсэн. Цаашид гарах номуудад маань ч харагдах байх. Ер нь 100 жилийн өмнөх монголчуудын амьдрал ямар сонин байсан юм бэ гэдгийг би эртнээс анзаарч эхэлсэн л дээ. Нэг л бүрхэг, харанхуй бүдүүлэг, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирчихсэн, элэг эмтрэм дүр зураг, гэвч оюун санааны хувьд их өөр түвшинд байсан нь миний сонирхлыг гойд ихээр татсан. Ерөөс, нүүдлийн соёл иргэншил гэдэг нь нэн өвөрмөц сэтгэлгээг бий болгодог юм байна. Монголчууд бидний дэлхийд гайхуулах брэнд маань энэ юм. С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн хоёр өвгөнөөс эхлээд зүгээр л энгийн ахуй амьдрал дунд байгаа хэрнээ хорвоогийн явдлыг маниасаа илүү мэдэх өвгөд эмгэд зөндөө байх. Энэ онцлог явдлыг нь би зохиолдоо түлхүү үзүүлэхийг хичээсэн. Байгаа оносон эсэхийг бүү мэд.

Урианхайчуудын амьдрал таны сайн мэдэх орчин гэснээс та чинь Ховд аймгийн Дуут сумын хүн гэв үү?

– Урианхайн Дайчин Бэйсийн хошууных гэж хэлмээр байдаг юм. Одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумдын нутгийг хамарсан хошуу байж. Манай аав, ээж хоёр Мөнххайрханых, би Дуутад төрсөн боловч аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Зуны амралтаараа хонь хариулж, хониныхоо захад ном уншаад л… Хөгшчүүлээс одоо ч гэсэн би суралцсаар л байна. Тухайн үед би даанч хүүхэд байсан болохоор ярьж хэлж байгааг нь нарийн сайн тогтоож авсангүй. Тэр үеийн хөгшчүүлийн чихний хажуугаар шүргээд өнгөрсөн яриа бүхэн өнөө миний уншиж судалж байгаа зохиол бүтээлийн дайны юм байсан шиг санагдана. Энэ бүхэн миний дурсамжид байгаад байдаг. Үүнийг харин хэрхэн уран зохиолд оруулж ирэх вэ гэж толгойгоо гашилган цаг хугацаа их зарцуулсан.

Хэдийгээр энэ тухай уншигчид хэлэлцэх ёстой ч, “Тэнгэрийн цаг болоогүй”-гээсОройн ганц модхүртэл Дашийн Оюунчимэг зохиолчид ямар дэвшил гарсан гэж та хэлэх вэ?

-“Тэнгэрийн цаг болоогүй” бэсрэг туужаа бичсэнээс хойш миний хийсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын сонгодог 50 ботийг монгол хэл дээр бэлтгэх байсан. Үүнийг би нэг талаас оюунлаг ирээдүйг бэлтгэх, соёл гэгээрлийн бодлоготойгоор орчуулсан. Нөгөөтэйгүүр хувь зохиолчийн дадлага туршлага, судалгааны бүтээл гэж хэлж болно.Тиймээс тухайн үед би тууж өгүүллэгийн хүрээнд эргэлдэж байсан бол одоо роман ямар байх ёстойг олж харсан нь дэвшил юм болов уу гэж бодож байна.

Танай үеийнхэн буюу 1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?

-Энэ бол хүний өөрийн өсөлт хөгжилттэй холбоотой. Жишээлбэл, роман гэдгийг нэг хөөрхөн залуу ч юм уу, бүсгүй бичдэггүй. Болдог ч үгүй юм байна. Яахав, хүн төрөлхтний түүхэнд гарч байсан суутнууд байна л даа. М.Шолохов гэхэд л 23 настай “Дөлгөөн Дон”-ыг бичсэн гэх мэт. Гэхдээ тэдний туулсан замнал өөр, би буруу дуулаагүй бол 16 настай М.Шолохов морьт цэргийн отряд удирдаад хувьсгалын хэрэгт оролцож явсан гэх баримт санаж байна. Энэ нь тэр хүмүүс хэдий бага залуу байсан ч асар их амьдралын туршлага хуримтлуулж чадсаных. Эсвэл тэдэнд илүү өгөгдөл заяасан байж ч магадгүй. Тэгэхээр роман бичнэ гэдэг амьдралыг таних, өөрийн хурааж цуглуулсан туршлага, түүнээс гадна ердөө л хувь зохиолчийн үзэл санаа юм. Үзэл санаа гэдэг нь шашинд хандах, орчлонд хандах, түүхэнд хандах, нийгэмдээ хандах үзэл, тэдгээрийн нэгдмэл чанар юм. Тэгэхгүйгээр хичнээн сайхан юм хийлээ ч яг роман гэх шалгуурт нийцэхгүй. Тэгэхээр манай үеийнхэн роман бичиж байгаа нь бидний нас болжээ, роман үүрэх хэмжээний дадлага туршлага, чадал чансаа суужээ гэж ойлгож байна.

Таны зохиол бүтээлийг харж байхад ёр билгийн шинж чанартай, илүү дотогшоо өөрийгөө нэгжиж нээсэн байдаг. Зарим хүмүүс таныг зохиол бүтээлийн хувьд Монголын Гарсиа Маркес гэх нь ч бий?

-За яахав, юу ч гэж хэлж болох л байх. Гэхдээ эртнээс нааш татгалзаж явахыг хичээдэг нэг зүйл байдаг юм аа. Би Жамъянгаравын нэрэмжит сургуулийг 1995 онд төгсөхдөө Анна Ахматовагийн шүлгийн орчуулгаар дипломын ажил хийж байлаа. Түүнээс үүдэн хүмүүс намайг Монголын Ахматова ч гэх юм уу, иймэрхүү ярианаас би зайлсхийхийг хичээдэг. Яахаараа монголчууд гэхээрээ нэг тийм гадныхны хуулбар байх ёстой гэж. Мөн чанараараа л байя л даа, Дашийн Оюунчимэг гэдэг хүн хорвоод ганцхан, түүний сайн муу байх өөрөөс нь л хамаарах асуудал. Ер нь бол миний зохиол бүтээлийн хувьд, чи миний шүлгийг харж байсан бол бас нэг тиймэрхүү, тэгэхээр би сюрриалист чиглэлийн хүн юм шиг байгаа юм. “Оройн ганц мод” зохиолд маань тэр сэдэв хангалттай орсон. Орохгүй ч гэхийн аргагүй. Энд би нэг зүйлийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тэр нь юу гэвэл, энэ зохиолд өгүүлсэн бүхнээ цаанаа үнэний ор мөртэй байлгахыг хүссэн. Зохиолын гол баатар 100 жилийн өмнөх амьдралтай эргэж холбогдох хэрэгтэй болж байгаа юм л даа. Би өөрөө их зөнтэй зүүдэлдэг. Ер нь би ч гэлтгүй манай нүүдэлчдийн онцлог тэр байх. Зүүдэч, зөнч, бэлгэч ард түмэн. Тэгээд би зүүдээр 100 жилийн өмнөх явдалтай холбогдохыг хүсч, ийм зүйл байж болох уу гэж эрж хайсан. Тэгсэн нэг бясалгалын багш зүүдээр бясалгал хийдэг хүн олж өгсөн. Тэр маань одоо манай энэ цаг үед нэг байгууллагад ажиллаад явж байгаа нэг сайхан бүсгүй. Гэхдээ оюуны чадамж нь маш өндөр түвшинд хүрсэн хүн байна билээ, хоёр гурван удаа уулзаж ярилцаад түүнийг би нэг залуу хархүүгийн дүрээр номондоо оруулсан.

Одоо хоёул яруу найргийн талаар ярилцъя. ТаныХаранхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэлгэсэн хоёр ном тань нэр цуутай бүтээлүүд шүү дээ?

-Ерөнхийдөө бол нэг ном л доо. “Харанхуйн дуулал” дээрээ нэг бүлэг нэмээд алдаа мадгийг нь бага зэрэг засаад “Очирт уулын бичиглэл” нэрээр гаргасан. Гэхдээ тэр номыг бичихэд би амьдралынхаа 13 жилийг зарцуулсан байна. Арван хэдтэйгээс хорин хэдтэй болтлоо хамаг залуу насаа зориулсан юм. Яахав, номд орсон нь хоёр жил гаруй хугацаанд бичигдсэн боловч өмнөх олон удаагийн оролдлого зүтгэл туршлага болж хуримтлагдсан гэсэн үг л дээ. Би олон олон орчуулга хийж байж одоо л нэг роман бичих дайтай болж байгаа шиг зүйл юм. Яахав, сайн гэж хэлэхгүй, өөрийнхөө хэмжээнд Оюунчимэг гэдэг хүнд буй чадварыг 200 хувь ашигласан гэж боддог. Сайн муугийн тухай бол бас өөр хэрэг. Өөрт ямар авьяас өгөгдөл байна түүнийг хөглөн, хөгжүүлж ханатал хийсэн эсэх тал дээрээ бол би сэтгэл хангалуун байдаг. Магадгүй тухайн үед би Жамъянгаравын нэрэмжит сургуульд сурч, түвдэч Хүрэлбаатар, Сонинбаяр ламтан, О.Дашбалбар багш нараар хичээл заалгаж байсны хувьд буддын философи, дорно дахин дотоод ухааны мөн чанарыг олж харсан ойлгосон зүйл тэнд тусгалаа олсон байх. Яруу найргийн тухайд бол би 27 хүртлээ идэвхтэй бичээд ерөнхийдөө орхисон. Сүүлд хэд гурван шүлэг бичсэнийг эс тооцвол, Нэг үгээр бол уран бүтээлч болж төлөвшиж чадсан гэх юм уу даа.

Утга зохиол судлаач асан Ч.Билэгсайхан гуай миний нөгөө зургаан орчуулгын ном гарсны дараа номоо авчирч өгөөч гээд, би номнуудаа аваачиж өгөхгүй юу. Тэгсэн хэд хоногийн дараа надад утсаар хэлж байна: “Би чамайг юу хийчихээ бол доо гэж бодож байсан, чи харин сайн орчуулж” гэсэн. Тэгэхээр нь шүлгийн номоо аваачиж өгөөд, би ийм дайны монгол хэлтэй учраас сайн орчуулахаас өөр аргагүй. Миний хамгийн сайн мэддэг хэл бол монгол хэл ээ. Би гадаад хэл мэддэгтээ орчуулга хийж байгаа юм биш гэсэн. Тэгэхээр “Очирт уулын бичиглэл” харахад нимгэн, жижигхэн боловч миний хамаг л залуу насны хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн, надад маш үнэ цэнтэй бүтээл юм.

Яруу найрагч бүрт шүлэг бичих болсон нэг шалтгаан байдаг шүү дээ. Ер нь та хэдий үеэсээ шүлэг бичих болов?

-Би энэ тухай олон удаа ярьж байсан юм байна. Нэгдүгээр ангид байсан юм шиг байгаа юм. Анх

“…Цоохор даага жирийхээрээ жирийнэ

Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ…” гэдэг шүлгийг уншаад л гайхамшигт автсан юм, энэ шүлэг гэгч ямар гайхалтай зүйл вэ гэж. Тэгэхэд магадгүй миний дотор байсан нэг зүйл нээгдсэн байх л даа. Тэр цагаас хойш яруу найраг бол ерөөс энэ ертөнцийн юм биш гэсэн гүн бат итгэл үнэмшил тогтчихсон. Гэтэл баргийн хүүхэд тэр шүлгийг уншаад тийм том итгэл үнэмшил олж авахгүй л дээ. Тэгэхээр тухайн үед миний дотор байсан өгөгдөл тэр хоёр мөрөөр сэржээ гэж боддог. Сурагч байхдаа шүлэг бичдэг байлаа, оюутан болоод ч шүлэг бичсээр л байсан. Гэвч, хүнд ухаан орно гэж нэг юм байдаг юм байна. Монголчууд 60-тайдаа ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэсэн егөө үг байдаг шүү дээ. Тэр бас үнэний ортой юм шиг санагддаг. Манай аав хэлдэг байсан юм, би 13-тай ухаан орсон, яг толгой дундуур том модоор татаад авсан юм шиг цэлс хийгээд л ертөнцийн явдал тодорхой болоод явчихсан гэж. Яг тэр явдал надад 23-тайд минь тохиолдсон. Гэнэт л надад маш олон зүйл тодорхой болоод явчихсан. Түүнээс хойш бичсэн нэг ч шүлгээ шатаагаагүй. Түүнээс өмнө бол хангалттай олон муу шүлэг бичсэн дээ. Цветаевагийн нэг үг байдаг даа, хүнд муу шүлэг бичих үе улаан бурхан өвчин шиг зайлшгүй тусдаг, түүнийг аль болох хурдан туулах хэрэгтэй гэсэн. Азаар залуу насандаа амжиж тэр үеэсээ салсан шиг байгаа юм. Миний шүлгийн номонд орсон хамгийн эртний шүлэг гэхэд л 1992 оных байдаг.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Батчимэг: Эцэг эхчүүд хүүхдэдээ хичээлээ сайн хийвэл компьютер тоглуулна гэж урамшуулдаг нь буруу

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захиалга сургалтын албаны эмчийн сургалт хариуцсан арга зүйч Б.Батчимэгтэй ярилцлаа.

Сургуулийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын гол онцлог юу вэ?

-Энэ сургалт тав болон 10 жил ажиллаж байгаа эмч нар хоорондоо туршлага солилцож байгаагаараа өмнөх сургалтуудаас онцлог. Архи, тамхи, мансууруулах бодис, компьютерт донтохоос хүүхдийг хэрхэн сэргийлэх вэ гэсэн агуулга нь таван жил ажиллаж байгаа эмч нарт орсон. Арван жил ажиллаж байгаа эмч нарт нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүйн ажиллагааны дүрмийг оруулсан. Тогтвортой хөгжил эмч нарын хувьд чухал ойлголт. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, анги танхимын эрүүл ахуй нь яах аргагүй эмч нартай холбоотой учраас сургалтыг зохион байгуулж байна.

Сургуулийн эмч нар юу хийх ёстой вэ. Хүүхдүүдэд вакцин хийж чаддаг байх ёстой юу?

-Эмчийн ажлын үүрэгт вакцинжуулах, бие бялдрын үзүүлэлтийг оношлох болон дархлаажуулалт ордог. Эмч нар хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшинг хүч, уян хатан байдал хурд, хөдөлгөөн, тэнцвэрийг тогтоох тестүүдээр авдаг. Харин дархлаажуулалтад нь вакцинууд орно. Цэцэрлэгт байхаас заасан насанд нь вакцин хийлгэх ёстой. Вакциныг зөвхөн хороон дээр очиж эмчээр хийлгэдэг. Цэцэрлэг, сургуулийн эмч нар судалгаа, хяналтыг нь хариуцдаг юм. Сургуульд байхад нь нэгдсэн журмаар ангиар нь вакцин хийх тохиолдолд хорооноос вакцин хийдэг эмч авчирч, сургуулийн эмчийн хяналтад тарина. Сургуулийн эмч хэдэн настай хүүхдэд хийх вэ гэдгийг судалгаагаар гаргачихсан байдаг. Эмч, багш гэдэг бол олон хүнтэй харилцаж ажилладаг мэргэжил. Эрүүл ахуйч эмч, өрхийн эмч, өсвөр үеийн эмч, НЭМГ-ын эмч нартай хамтарч ажиллах статустай байдаг.

Компьютерт донтсон хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол. Тийм хүүхэдтэй яаж харьцах ёстой вэ?

-Эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ буруу харьцдаг. Үүний жишээ гэвэл хичээлээ сайн хийвэл компьютер тоглуулна эсвэл онц сурвал компьютер авч өгнө шүү гэдэг. Ер нь нэг, хоёр, гуравдугаар ангийн хүүхэд долоо хоногт 45 минутаас илүү компьютер дээр сууж болохгүй. Дөрөв, тав, зургадугаар ангийн хүүхдүүд өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Долоо, найм, есдүгээр ангийн хүүхдүүд долоо хоногт хоёр цаг 30 миниут, өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх. Арав, арваннэгдүгээр ангийн хүүхэд долоо хоногт долоон цаг компьютер ашиглаж болно.

Компьютерт донтсон хүүхдийн шинж тэмдэг нь хүн дуудахад сонсохгүй, гэр бүл найз нөхдөө үл хайхрах, хааяа ухаан алдах, нүдэнд нь хий юм харагдах гэх мэтээр илэрдэг. Бие организмын хувьд нүд аргаж хуурайших, толгой нуруу өвдөх, хоолонд дургүй болох, эрүүл мэндээ анхаарахгүй байх, гар хуруу нь салгалж чичрэх зэргээр шинж тэмдэг илэрдэг юм.

Энэ байдлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ажилладаггүй эцэг эхчүүд л ийм байдалд хүрдэг. Мөн хэт урамшуулж, давруулах нь маш буруу. Сургуульд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, эмч, багш болон эцэг эхийн оролцоо маш чухал. Хүүхэд чинь хэт донтсон байвал нийгмийн эрүүл мэндийн сэтгэц судлалын эмч нарт хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ зурагт олон цагаар үзүүлэх хэрэггүй. Бага насны хүүхдэд зориулагдсан нэвтрүүлгийг л үзүүлэх хэрэгтэй. Ингээд хэвшчихсэн хүүхэд яг л цагтаа үзэх ёстой юмаа үзээд л зурагтаа унтраадаг болно. Хүүхдийг донтуулах бас нэг хэрэгсэл бол гар утас. Хичээл дээр утас тоглуулахгүй байхыг сургуулиуд хориглосон байдаг ч хичээлээс гадуур байнга утастай байдаг. Утсаа дэрлэж унтсанаас болоод чих нь сонсохоо больчихчсон, утсаараа тоглосноос, залгуураа зөв салгаагүйгээс болоод өөрийгөө гэмтээж байгаа толхиолдлууд байна. Утсаа биендээ хэт ойрхон байлгаснаар долгионы урсгал гэж ийм хортой зүйл байдаг гээд зөвлөгөө өгч, зөв бурууг нь ялгаж хэлэхэд хүүхэд дорхноо ойлгодог. Эцэг эхчүүд хүүхдээсээ гар утсыг холдуулахдаа энгийн аргуудыг ашиглах нь зөв. Гар утасны оронд сонирхолтой ном авч өгөх хэрэгтэй. Эсвэл гэр бүлээрээ зугаалганд явж, сонирхлыг нь өөр тийш нь татах хэрэгтэй. Энэ талаар ЕБС-ийн сурагчдад маш сайн сургалт хйиж байгаа, эцэг эхчүүд ч мөн ойлгож байгаа байх. Эмч нар сурталчилгаагаа сайн хийж, эцэг эхчүүдэд зөвлөж, туслах ажлаа идэвхтэй хийх ёстой.

Ахлах ангийнханд арай өөр сургалттай байх уу?

-Ер нь өсвөр үе нөхөн үржихүйн сургалт чухал байр суурийг эзэлж байгаа. Үүнд амьдрах ухааны хичээл орж ирсэн. Үүнийг яаж явуулах аргачлал нь их чухал. Жишээ нь эмчтэй уулзалт зохион байгуулах, өсвөр үеийн хүүхэдтэй хамтарч ажиллаад энэ талаар жүжигчилсэн тоглолт үзүүлж, ярилцах хэрэгтэй. Өсвөр үеийнхний дунд үе тэнгийнхний сургагч бэлтгэдэг. Энэ сургагч хүүхдийг сургууль болгон дээр эмч нар өөрсдөө сургаж байгаа. Сүүлийн үед Монголд амиа хорлолт их байна. Үүний шалтгаан үерхэл нөхөрлөл, бэлгийн дарамт, амьдралын нөхцөлөөс болдог. Сурагчдын дунд судалгаа хийхэд найман настай хүүхдүүдийн найман хувь нь тамхи татах сонирхолтой гэж хариулсан. 10-11 настай хүүхэд болон 12-13 настай хүүхдүүдийн 20 хувь нь тамхи татаж үзсэн гэдэг. Харин 16-аас дээш насны хүүхдүүдийг 33 хувь нь ямар нэгэн байдлаар тамхи татдаг гэсэн судалгаа гарсан.

Сургагч хүүхдүүд маань бэлгийн хавьтлаас сэргийлэх, өөрийгөө хэрхэн хамгаалж, үгүй гэж хэлж сурах гэх мэт зүйлээс үе тэнгийнхэндээ ойлголт өгдөг байх хэрэгтэй. Эмч нар энэ тал дээр маш сайн ажил зохион байгуулдаг. БЗХӨ ахлах ангийн сурагчдын дунд ихэсч байна. Тиймээс жилд нэг удаа эмчээр дамжуулан охидын үзлэгт хамруулдаг.

Энэ сургалтуудаас гадна хүүхэд гэнэтийн шоконд ороход эмч нар бэлэн байх ёстой байх?

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах гэсэн хичээлүүд явагдаж байгаа. Жишээлбэл цэцэрлэгийн насны хүүхэд цамцныхаа товчийг амандаа хийж байгаад хахсан үед анхны тусламж яаж үзүүлэх зэргийг зааварладаг. Мөн аваар ослын аюулгүй байдал, шатны аюулгүй байдал, усны аюулгүй байдал, анги танхимын ариун цэвэр, замын гэрлэн дохиог хэрхэн ойлгуулах, биеэ хэрхэн авч явах талаар хичээл заадаг.

Categories
мэдээ цаг-үе

Европын хөлбөмбөгийн шилдэг дөрвөн лигийн өнөөгийн дүр төрх, байдал

ГЕРМАНЫ БУНДЕСЛИГ

Хэдийгээр Мюнхений “Бавари” энэ жил түрүүлж ээлжит аваргын цомоо өргөнө гэдэг нь тодорхой ч гэлээ Ла лигийг бодвол ямар ч багийн тоглолт үзэгчдээр пиг дүүрэн байдаг зөв зохион байгуулалттай лиг бол Германы Бундеслиг билээ.

Нийт 18 баг 34 тойрог тоглох ёстойгоос одоогийн байдлаар 17 давааг өнгөрөөгөөд байна. Яг тал замаа туулсан Бундеслигт “Бавари” 46 оноотой тэргүүлж байгаа бол хоёрт бичигдэх “Борусси”Дортмунд түүнээс найман оноогоор хоцорч байна. Харин гуравдугаар байранд тэр бүр хөлбөмбөгийн балиашигуудын “аманд” байдаггүй Берлиний “Герта” баг гарч ирлээ.

Япон, Өмнөд Солонгосоос олон хөлбөмбөгчид тоглодог, дэлхийн хэмжээний том одууд “Бавари”-гаас бусад багуудад бараг байхгүй, ихэвчлэн хойд Европын харьж яваа одуудаар эгнээгээ дүүргэдэг багуудтай гэхэд Бундеслиг дотооддоо сонирхолтой тоглож чаддаг, үзэгчдээ алддаггүй, Европын дэвжээнд ч гэлээ нэр нүүрээ хамгаалж чаддагийн жишээ нь Аваргуудын лигийн тоглолтууд билээ.

ИСПАНИЙН ЛА ЛИГ

Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг буюу удахгүй ерэн жилийнхээ ойг тэмдэглэх Ла лигийн хорин баг одоогийн байдлаар 18,19 тоглолтын ард гараад байна. Хэтрүүлж хэлэхэд “Барселон”, “Реал” гэдэг хоёр багийн хооронд л аваргын титэм нь шилжиж байдаг Ла лигт харин сүүлийн дөрөв таван жил “Атлетико” Мадрид хэмээх өвөрмөц тоглолттой баг шаантаглаад ороод ирсэн.

Одоо энэ баг 44 оноотойгоор Ла лигийг тэргүүлж байгаа. Гэхдээ өнгөрсөн сард Япон улсад зохиогдсон багуудын ДАШТ-д оролцож түрүүлсэн “Барселон” дээрх тэмцээнээс шалтгаалан нэг тойрог хоцорсон тул түүнийгээ нөхөөд жагсаалтын эхэнд бичигдэхийг үгүйсгэхгүй л дээ. Түүний мөнхийн өрсөлдөгч Эзэн хааны баг гэгддэг “Реал” Мадрид улирлын дундуур ахлах дасгалжуулагчаа солилоо. Анхнаасаа л багийнх нь хөлбөмбөгчид Рафа Бенитесийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтайг мэдсээр байж түүнийг авчирсан “Реал”-ын удирдлага түмэн буруутай. Ийм үед аль ч багийн хөлбөмбөгчдийн дургүйцлээ илэрхийлдэг гол арга болох маруухан тоглоод эхэлдэг аргийг “Реал”-ын одууд Роналдугаар ахлуулан гүйцэтгэсээр байгаад хөөрхий Бенитесийг явуулчихлаа. Сайн дасгалжуулагчдыг амны алчуур мэт сольдог “Реал”-ын боссууд энэ удаа харин шилдэг дасгалжуулагч урьсангүй, өөрийнхөө залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байсан нэгэн цагийн шилдэг хөлбөмбөгч боловч дасгалжуулагчийн хувьд “ногооноороо” Зинедин Зиданыг томилж гайхшрууллаа. Гэхдээ энэ бас зөв хувилбар байж болох юм. Хамгаалагч Рамос “Ёох, Бенитес явж санаа амарлаа. Бид Зиданыг бүхий л талаараа дэмжиж тоглох болно” гэх утгатай ярилцлага өгснөөс харвал тэдний амжилт дээшлэх бололтой.

Сүүлийн найм,есөн жилийн туршид дэлхийн шилдэг хөлбөмбөгч цолыг хүртэж байгаа Месси, Роналду нарын тоглодог лиг юм шүү дээ гэж Ла лигийг тодорхойлбол үнэхээр мундаг юм аа гэхээр. Гэхдээ хоёр гранд багуудын тоглолтоос бусад багууд тоглохоор үзэгч бараг цуглардаггүй цэнгэлдэх харагдах нь ерөнхийдөө дампуурч буй илрэл мэт.

АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ

Энэ цаг үеийн хамгийн шилдэг, үзүүштэй, өрсөлдөөнтэй лиг болох Английн Премьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч шөнө явагдлаа. Нийт 20 баг оролцож 38 тойрог тоглох ёстой Английн УАШТ-д одоогийн байдлаар нэр заагаад хэлчихээр цойлж гарсан лидер байхгүй, нийтдээ долоо, найман багийн дунд түрүүлэх асуудал яригдсан хэвээр байна. Өнөөдөр хэлж болох нэгэнт болоод өнгөрчихсөн асуудал гэвэл өнгөрөгч улирлын аварга Лондонгийн “Челси” энэ жил түрүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон. Тэдний зорилго түрүүлэхэд бус шилдэг дөрөвт багтаж ирэх жилийн Аваргуудын лигт багтахын төлөө гэдэг лозунгтай уралдаж байгаа. Одоогийн байдлаар Премьер Лигийг “Арсенал”, “Лестер” багууд 43 оноотойгоор хамтдаа тэргүүлж байгаа бөгөөд 21 дүгээр тойрогт “Арсенал” “Ливэрпүүл”-тэй 3:3-аар тэнцсэн бол “Лестер” “Тоттэнхэм”-ийг нутагт нь 0:1-ээр хожлоо. Лестер хотын “Лестер” хэмээх баг өнгөрөгч жилийн өдийд хамгийн сүүлийн байранд жагсаж доошоо унах магадлалтай багийн тоонд бичигдэж байсан бол өнөөдөр шилдгүүдийн эгнээнд санамсаргүй бус авьяас чадвараараа хүч түрэн зогсож байгаа нь гайхалтай. Жижигхэн төсөвтэй, нэр заахаар том одгүй, түүх яримаар сүрлэг хотод харьяалагддаггүй гээд өчнөөн “дутагдалтай” мөртлөө Премьер Лигийн уламжлалт томчуудтай ана мана үзэлцэж байгаа “Лестерийн үнэгнүүдийг” магтахаас өөр гарцгүй. Түүнчлэн 2004 оноос хойш аваргалж үзээгүй байгаа Лондонгийн “Арсенал” энэ улиралд овоо гайгүй өнгөлөг байна. Тэд энэ жил тун сайн хаалгачтай болсноос гадна багийн бүрэлдэхүүн нь тогтворжиж гадагшаа одуудаа алдахаа больсон нь нөлөөлж эхэллээ. Тьерри Анригаас хойш “Арсенал” улирал дуусах бүрт аль өөдтэй гэсэн хөлбөмбөгчдөө өрсөлдөгч нартай “бэлэглэдэг” байлаа шүү дээ. Ван Перси, Насри, Коло Турэ, Санья, Фабрегас гээд олон сайн хөлбөмбөгчдийг алдаж байсныгаа санхүүгийн хүндрэлтэй холбож тайлбарладаг байлаа. Харин одоо мөнгөний гачаалаас гарсан тул одуудаа алдахгүй харин ч олшруулж шинэ оргил өөд тэмцэж байна гэж ахлах дасгалжуулагч Арсен Венгер хэлсэн байсан. Мөнгөтэй бас бөөн одуудтай мөртлөө өөдлөхгүй байгаа нэг баг байгаа нь “Манчестер Юнайтед”. Эсвэл гоол оруулж чадахгүй баахан “хуурай” тоглолтуудыг өнгөрөөнө, үгүй бол оруулсан гоолтойгоо адилхан тооны бөмбөг хаалгандаа алдаж хайнаагаар тэмцээнээ дуусгадаг ийм нэгэн “саарал” баг одоогийн байдлаар долдугаар байрт бичигдэж байна. Дасгалжуулагч Ван Гаал өнгөрөгч улирлын төгсгөлд “бид дараа жил түрүүлэх багуудын эгнээнд жагсана” гээд сүржин мэдэгдээд байсан нь яасан бэ гэмээр. Хамгийн гол нь нэгэн цагт цоглог дайчин тоглолтоор бусдыг айлгаж хожсон ч хожигдсон ч дуутай шуутай нааддаг байсан Фергюсоны “хүүхдүүд” өнөөдөр хачин үлбэгэр, алдаа гаргаад загнуулах вий гэх хэмжээний аймхай тоглодог болчихлоо.

Премьер Лигийн доод хэсэгт ч гэлээ хэн хасагдаж Чемпоншип руу унах вэ гэдэг нь тодорхойгүй байна. 14 дүгээр байранд бичигдэж байгаа “Челси”-гээс эхлээд “Астон Вилла” хүртэлх зургаан багийн аль нь ч бүдрэх магадлал өндөр.

ИТАЛИЙН СЕРИ А

Италийн хөлбөмбөгийн дээд лиг Сери А-д яг одоо Неаполь хотын “Наполи” баг 41 оноотой тэргүүлж явна. Гэхдээ түүний араас “Ювэнтүүс”, “Интер”, “Феоринтино” гэсэн гурван баг “ганц алхам”-ын зайтай хөөж ч

байна. Сери А өнгөрөгч зууны ерээд оны хавьцаа хамгийн үзүүштэй УАШТ гэгддэг байсан ч гэлээ хээл хахууль, тохирооны тоглолтууд, шүүгчдийн бульхай зэргээс шалтгаалан доошоо уруудсан. Сайн хөлбөмбөгчид очихоо байж сонирхолгүй болсон үе харин хойно хоцорч байгаа бололтой. Лиг нь эрүүлжиж буйн гол шинж болох багуудын хооронд дахь онооны зөрүү багассан нь үзэгчдийг буцаан авчирч буй. Одоогийн байдлаар хорин багийн ихэнх нь 19 тоглолт хийгээд байгаагаас “Верона”-гаас бусад бүх баг ямар нэгэн хэмжээгээр Сери А-д үлдэх боломжоо хадгалсан хэвээр. Хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл одоо тавдугаар байрт бичигдэж байгаа “Рома” ахлах дасгалжуулагч Руди Гарсиагаа халж хуучин цагийн “өөрийн хүн” Спаллетигаа буцаан томилж байна.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотоос 21 гишүүн Их хуралд сонгогдох ч цөөднө

Хотын иргэдийн хурлын дарга Д.Баттулга нийслэл дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог олон болгох хүсэлт гаргажээ. Энэ бол туйлын зөв санал санаачилга юм. Өмнө нь ийм санал яригддаг байсан ч тэгсгээд замхардаг байсан бололтой. 2012 оны УИХ-ын сонгуулиар нийслэлээс 14 гишүүн сонгогдож байсан. Үүнийг 21 болгон өсгөж өгөөч хэмээн хүсэлтээ УИХ болон Сонгуулийн ерөнхий хорооны даргад илгээсэн нь олон хүний талархал дэмжлэгийг хүлээгээд байна. Учир нь Улаанбаатар хот бол Монгол Улс. Нийт хүн амын 44 хувь буюу нэг сая 314 мянган хүн байнга оршин сууж байна. Хөдөө гадаанаас ирж очигсодтойгоо нийлэх юм бол хүн амын тал хувь нь энд бужигнаж байгаа. Монгол Улсын засаг төр, үйлдвэр үйлчилгээ, их дээд сургууль гээд бүгд Улаанбаатарт төвтэй. Нийт эдийн засгийн 60 хувь нь төвлөрсөн гээд бодохоор нийслэл хот маань Монгол Улсын амь амьдрал, гол цөм нь юм. Иймээс их хотын хөгжил цэцэглэлт, эрх ашгийн төлөө дуугардаг том бүлэг УИХ-д байх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, 200 мянга гаруй иргэнтэй Сонгинохайрхан дүүрэг УИХ-д гурван төлөөлөлтэй. Хуваавал нэг гишүүнд нь 70 мянган иргэн ноогдож байна. Тэгвэл долоон мянган иргэн ч төлөөлөөгүй гишүүн энэ Их хуралд бий. 70 мянга, долоон мянга хоёрын хооронд хол зөрүү бий биз. Одоогийн нийслэлээс сонгогдсон хэд нь хүн амтайгаа харьцуулахад хэтэрхий багадаад, бодлого шийдвэр гаргахад цөөдөөд буйг хэн хүнгүй анзаарч байгаа байх. Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг явуулахдаа хүн амын тоог харгалзаж тойрог, мандатын тоог тогтооно гэж заажээ. Сонгуулийн хуулиар УИХ-ын 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдоно. 48 мандатыг хүн амын тоонд харьцуулбал нийслэл 14 биш 21 мандаттай болох юм. Монгол Улсын иргэн бүрийн сонгох эрхийг хангаж, эрх ашгаа төвлөрүүлэх бодит боломж бол энэ. Ингэж байж хотын хөгжил, өргөн утгаар нь харвал улсын хөгжилд түлхэц болохуйц бодлого шийдвэрүүд цогцоороо гарч хөгжлийн суурь үндэс бүрэлдэнэ.

Хэрэв өмнөх сонгууль шиг хотод 14 мандат өгсөн болоод үлдсэн нь орон нутгаас сонгогдвол байдал одоогийнх шиг хэвээрээ л үргэлжилнэ. Жалга довны депутатууд сумын улаан булан барих, угтах хаалга хийх, худаг гаргах, өвс зөөхөд ахиухан мөнгө гаргуулчих гэж хичээхээс улс орны хөгжлийг хангасан, холын стратеги төлөвлөгөө, уялдаа холбоо бүхий цогц бодлого гаргаж чадахгүй. Тийм нөхцөл ч бүрэлдэхгүй. Хөрөнгө мөнгөө ч төвлөрүүлж чадахгүй. Хөгжил бол хөрөнгө дагаж ирдэг зүйл. Хөгжлийн нэгдсэн бодлогоо яаж ийж байгаад гаргалаа гэхэд түүнийг хэрэгжүүлдэг хөрөнгө, хамгаалах хүч бололцоо одоо алга байна. Нийтлэлч Баабарын бичсэнээр “Жижиг дов өмчилсөн гишүүдээс болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төвөг болдог, сахилга бат хариуцлага хөсөр хаягдан улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдан бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой”.

Бид ийм нөхцөлд хангалттай удаан амьдарлаа. Аймаг сумандаа ардын баатар болсон нөхдүүд дахин дахин сонгогдох гэж төсвийн хэдэн төгрөгийг угтах хаалга мэтийн зүйлд зарцуулж талаар нэг хийсгэсээр байтал улсын цөм болсон нийслэл хотын маань хөгжил нь зогсонги болж, утаандаа дарагдсан уруу доройхон төрх л харагдах юм. Улс маань ч яг л ийм төрхөөр дэлхийд харагдаж байгаа.

Хүн амынхаа тоонд харьцуулан тойрог, мандат хуваарилах нь олон улсад жишиг болон тогтсон болохоор манайх үүнийг мөрдөхөөс өөр аргагүй. Бүхэл бүтэн тив улс Австралид л гэхэд дээрх зарчим үйлчилдэг байна. Тус бүртээ таван сая гаруй хүнтэй, нийгэм, эдийн засгийн төв болсон Сидней, Мельбурн хотдоо сонгуулийн мандат нь илүү байх жишээтэй. Энэ хэргээрээ хөрөнгө оруулалт төвлөрч, хөгжил дэвшил цэцэглэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол ч ийм байх ёстой. Аль ч улс төвлөрсөн том хотуудаасаа хөгжил нь гадагшилж, бусдыгаа татаж хөгждөг. Хятадыг Бээжин, Шанхай, Оросыг Москва, Санкт-Петербургээс эхэлж хардагтай адил Монголыг Улаанбаатараар төсөөлдөг.

Хөдөө орон нутагт хүн амын 60 хувь амьдардаг гээд маргах хүн бишгүй гарна. Мэдээж, тоо бүртгэл дээр ч тийм байгаа. Үнэндээ амьдардаг хүн нь цаасан бүртгэл дээрхтэй харьцуулахад хавьгүй бага байдаг. Залуус нь Солонгос, Япон гараад олон жил болчихсон, зарим нь Америк, барууны орнуудад амьдардаг. Хамгийн ойрын Төв аймгаар л жишээлье. Бүгд шахам хотод ирээд суучихсан, хотын иргэн болчихсон яваа. Бид аман дээрээ өсч төрсөн нутаг минь, хөдөө хөдөө л гэдэг. Яг амьдрал дээр аймаг сумын ная, ерэн жилийн ойгоороо л нэг зүглэдэг шүү дээ. Бусад үед очдог ч үгүй, боддог ч үгүй.

Энд би хөдөөний амьдралыг муулах гэсэнгүй, хөдөө амьдардаг хүмүүсийг зөнд нь орхих санаа агуулсангүй. Харин хүн амын тоонд харьцуулан сонгуулийн мандатаа тогтоох нь олон улсын жишиг бөгөөд улс орны хөгжилд нэн тустай гэсэн санааг тодотголоо. Нийслэл хот маань олон улсын жишигт хүртэл хөгжиж чадаж гэмээнэ Монгол Улсын хөгжил тэгж урагшилна. Монгол Улс хөгжиж гэмээнэ бид хот хөдөөгүй л сайхан амьдрах боломж бүрдэх билээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга, А.Гансүх нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгааг “Өдрийн сонин”-оос уншаарай

Х.Баттулга, А.Гансүх нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгааг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 21-ний пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, гарлаа. Энэ өдрийн дугаарын хамгийн сонирхолтой ярилцлага,анхаарал татсан сэдвүүд, шуугиантай нийтлэл юу вэ гэдгийг тоймлон хүргэе.

Бид “Өдрийн сурвалжлага” булангаараа “Шангрила”-д өчигдөр болсон “Улаан баатар худалдан авалт-2016” чуулганы талаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн нийтэллээ. Мөнгөтэй л бол хотын захиргааны шинэ барилгыг барих боломж барилгын компаниудад байна. Нийслэлээс захиргааныхаа шинэ байрыг Баянхошуунд барихаар товлочихоод буй. Солонгосын компанитай хамтрах шийд гаргаж ажлаа эхлүүлсэн ч хөрөнгө мөнгө босгох дээрээ гацсан талаар Нийслэлийн санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа танилцуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ-ны хурал болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Чухам ямар шалтгааны улмаар хойшилсон болон өчигдөр болсон үйл явдлыг мөн дэлгэрэнгүйгээр нь манай сониноос уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч, Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хорин тавны” социолизм нийтлэлийн хоёрдугаар цуврал хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд бичихдээ “…Хэрвээ хүнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно … Бид нүүдэлчин байхаа аль хэдийн больсон. Иймээс бүхнийг өөрөө хийдэг, өөрийн бүх хэрэгцээгээ өөрөө хангах хэрэггүй болсон. Улс үндэстэн ч гэсэн өөр өөрийн чаддаг юмтай. Улс үндэстнүүд чаддаг чаддагаа хийж, чаддаг нэгнийхээ хийснийг хэрэглэх болсон. Энэ хэвээр яваад байвал “Үндэсний үйлдвэрлэл”, “Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих” гэхчилэн эсэргүүцэх аргагүй тэнгэрлэг сайхан ойлголтууд хөгжсөөр сүүлдээ төрд нүүртэй хэн нэгний хийсэн юмыг заавал худалдан авах үүрэг хүлээх өдөр ойрхон байна” хэмээсэн бөгөөд бүрэн эхээр нь“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрнээс хүлээн авна уу.

Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл 2014 оныхоос 280-аар буюу 20 хувиар өсчээ. Үүний шалтгаан нөхцөл болон хүчирхийллийг хэрхэн бууруулах талаарх мэдээллийг Баримт, үйл явдлын зургадугаар нүүрт орсон цагдаагийн ахмад Э:Баярбаясгалангийн “Гурав буюу түүнээс дээш удаа гэр бүлийн гишүүнээ зодсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ” хэмээх ярилцлагаас харж болно.

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг АТГ, ЭЦГ хамтран шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг холбогдуулан шалгах болсон. Тэднийг чухам ямар шалтгааны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар нүүртээ хэвлэлээ. Маргааш буюу 22-нд Улсын драммын эрдмийн театрт “Увертура” хамтлаг “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа билээ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Г.Пүрэвдагвын ярилцлага 12 дугаар нүүрт гарлаа. Харин 11 дүгээр нүүрнээс “Сар шинийн барилдаанд хэн түрүүлэх вэ” бөхийн барилдааны таамгийг хүлээн авч уншаарай. Өнөө жилийн цагаан сарын бөхийн барилдааны үзүүр түрүүнд хэн үлдэх бол. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Б.Пүрэвсайхан нарыг тун чиг магадгүй гэж таамаг дэвшүүлж бичлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголдоо хеликобактерын оношлуурыг үйлдвэрлэдэг болов

АШУИС-ийн шинжлэх ухаан технологийн төвийн Цөм лабораторид байрлах “MON-HP” компани өнөөдөр нээлтээ хийв. Энэ компани нь ходоодны салстаас хеликобактер пилорийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэх юм. Компанийн захирал, анагаах ухааны доктор Х.Оюунцэцэг “Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, тэр дундаа ходоодны хелико бактерыг оношлох судалгааг олон жилийн өмнөөс хийж эхэлсэн. Өмнө нь цөөн эмнэлэг судалгааны зорилгоор ашиглахын тулд гадаадаас 15-20 ам.доллараар оруулж ирдэг байсан. Бид үүнийг хөнгөвчилж хеликобактер пилорийн халдварыг 30 минутад илрүүлэх оношлуурыг бүтээсэн” гэсэн байна.

“MON-HP” компанийн үйлдвэрлэсэн оношлуур 5000 төгрөгийн үнэтэй юм байна. Энэ оношлуурын мэдрэг чанарыг шинжлүүлэхэд 94.3 хувь, өвөрмөц чанар 98.2 хувьтай байсан нь маш сайн үзүүлэлт болохыг мэргэжлийн хүмүүс хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан Засгийн газраа авч үлдье, дотоод асуудлаа хойш тавья гэж шийджээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан өнөөдөр 17 цагт товлогдсон боловч саяхныг хүртэл эхлэхгүй байсан юм. Энэ удаагийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар эх сурвалж мэдээлэв.

Төрийн ордны Их танхимд эхлэх байсан тус хуралдаанд 40 гаруй гишүүн товлосон цагтаа хүрэлцэн ирээд байсан. 18 цагийн үед үндэсний зөвлөлдөх хурлын ирц 70-д хүрсэн бол 19 цагт 20 гаруйхан хүн болтлоо цөөрсөн юм. Тус хороо нь нийт 228 гишүүнтэй.

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тайлбарлахдаа “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй ярилцаж энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулахаар боллоо. Учир нь Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан энэ үед Ардчилсан нам дотоод асуудлаа хойш тавьж, Засгийн газраа авч үлдэх нь зөв гэж шийдлээ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарыг жуулчдад ээлтэй хот болгоно

Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад
ээлтэй хот болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай
хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн
Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл,
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, Монголын Аялал
жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Үүнд:

  • Нийслэл ба түүний ойролцоо бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аялал
    жуулчлалын худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэг
    стандарттай болгох

  • Улаанбаатар хотод Монгол брэндийн олон улсын стандартад нийцсэн худалдааны төв бий болгох

  • Нийтийг хамарсан аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах

  • Дотоод, гадаадын жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төв байгуулах

  • Аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор нийслэлд худалдаа үйлчилгээ, үзвэрийн газрын цогцолбор байгуулах

  • Шинэ нисэх онгоцны буудал орчмын газар нутгийг аялал жуулчлалын
    чөлөөт бүс болгон хөгжүүлэх, дамжин өнгөрөх жуулчдыг татах зорилгоор
    “Khan city” бий болгох, бүтээн байгуулах тал дээр дэмжиж ажиллах

  • Улаанбаатар хот орчмын аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс
    болохуйц газруудыг тодорхойлж, худалдаа үйлчилгээ болон үзвэрийн газар
    бүхий цогцолбор байгууламжуудыг тараан байршуулах

  • Шууд нислэггүй бүс нутгууд руу захиалгат нислэг үйлдэх зорилгоор
    түрээсийн онгоцны тоог нэмэгдүүлэхийг дэмжин ажиллах саналыг холбогдох
    байгууллагуудад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хамтран
    хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ спорт

Н.Дашлхүндэв улсын мэргэн цолны болзлыг хангажээ

Архангай аймагт болж буй мөсний шагайн 16 дахь удаагийн улсын аваргын тэмцээний аваргууд тодров. Талын харваанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Д.Алтанхуяг, Б.Цэрэнлонжид нар тэргүүлсэн байна. Харин цуваа харваанд Архангай Цэнхэр сумын харваач Н.Дашлхүндэв тэргүүлэв. Тэрээр мөн мөсний шагайн харвааны улсын мэргэн цолны болзлыг хангажээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нүүдэлчдийн өвлийн наадмыг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг байна. Мөсний шагайн харваа нь орчин үед үндэсний спортын түвшинд хөгжиж байгаа юм.

О.НЯМСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Турк рүү шатахуун ачиж явсан 23 автоцистернийг сөнөөжээ

Оросын цэргийн онгоцууд Сирид дөрвөн өдрийн турш 157 нислэг үйлдэж, алан хядагчдын 600 орчим объектод цохилт өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрээр “Өнгөрсөн дөрвөн өдрийн турш Оросын агаарын цэргийн хүчний онгоцууд Сирид 157 нислэг үйлдэж, Алеппо, Дейр-эз-Зор, Хомс, Хама, Ракка, Латакия дахь алан хядагчдын 579 объектод цохилт өгсөн гэж” хэлсэн талаар ТАСС уламжилсан байна.

Игор Конашенковын мэдээлснээр, ОХУ-ын сөнөөгч онгоцууд Сирийн нутгаар дайран, Алеппо мужаас Турк рүү шатахуун тээвэрлэж явсан 23 автоцистернийг сөнөөжээ. “Террорист бүлэглэлийн орлогын эх үүсвэрийг үгүй хийхийн төлөө, ОХУ-ын байлдааны онгоц Ракка мужид шатахуун болон тос тосолгооны материалын агуулах, нефть шахах станцыг сөнөөсөн. “Су-34” бөмбөгдөгч онгоц Деир Еззор мужид байрласан террорист этгээдийн оршин суух цэгийг сөнөөж, 60 гаруй террорист этгээдийг устгасан. Дүүрэн тэсрэх бодис ачсан 3 ачааны машин, алсын тусгалтай их буу ачсан хоёр жийп машиныг сөнөөсөн” гэж тэрээр мэдээлжээ.