Categories
мэдээ улс-төр

ТББХ-ны хуралдааны дараа чуулган үргэлжлэхээр болов

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Өглөөний 8 цаг 40 минут гэхэд хуралдааны танхимд Ардчилсан намын бүлэг болон Иргэний Зориг-Ногоон намаас тус байнгын хороонд харяьалагддаг гишүүд бүгд хүрэлцэн ирсэн юм. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга болон уг төслийг санаачилсан бусад гишүүд хуралдааны танхимд ирээгүй учраас байнгын хорооны дарга А.Бакей өдрийн 13:30 цагт хүртэл хуралдааныг хойшлуулаад байсан. Гэвч мөн л ирц бүрдэхгүй байсан учраас ТББХ-ны хуралдааныг дахин хойшлуулж, чуулганы хуралдаанд орцгоов.

Чуулганы хуралдаанд Ардчилсан намын бүлгээс 31, МАН-аас гурав, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс тав, ИЗНН-аас 2 гишүүн ирсэн байв. Харин бие даагчдаас нэг ч гишүүн ирээгүй юм. Тус хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбоотой төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Дараа нь зарим байнгын хорооны хуралдаанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг сонголоо. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр сонголоо.

Ингээд мөн л завсарлаж, ТББХ-ны хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хойшилж, чуулган хуралдахаар болов

Өнөөдөр 08.30 цагт хуралдах байсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас 13:30 хүртэл хойшилсон. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон хуралдаан мөн л дахин хойшлов. Учир Харин 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлав.

Чуулганы нэгдсэн хуралдааныг хийж дууссаны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар болж хуралдааны хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тус хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг анхаарал татах асуудлууд хэлэлцэгдэх юм.

Categories
гадаад мэдээ

​Б.Немцовын хэргийг шалгах ажиллагаа ямар явцтай байгаа талаар ярьжээ

Оросын Холбооны улсын Мөрдөн байцаах комиссын тэргүүн Александр Бастрыкин Борис Немцовын аллагатай холбоотой хэрэг явдлын талаар өчигдөр Оросын нэгэн сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу жил орчмын өмнө Оросын сөрөг намын томоохон төлөөлөгч болох Б.Немцовыг Кремлиэс холгүйхэн алсан юм. Түүнийг буудсан этгээдүүдийг долоо хоногийн дотор баривчилсан бөгөөд нийтдээ энэ хэрэгт 5 хүн сэжиглэгдэж байгаа, тэдний эсрэг хавтаст хэрэг нээж ажиллаж байгаагаас хойш нэлээд удаан хугацаа өнгөрлөө” гэжээ.

Мөн цааш нь хэлэхдээ “Немцовыг устгах төлөвлөгөөг 2014 оны есдүгээр сараас эхлэн боловсруулж эхэлсэн байдаг. Зохион байгуулагчдаар нь Чеченийн “Хойд” нэртэй тусгай батальоны албан хаагчид болох Руслан Мухудинов голлон ажиллаж, Беслан Шаванов, Заур Дадаев, Хамзат Бахаев нарыг өөртөө урвуулсан байж. Тэд Немцовын араас нэлээд хэдэн сар мөшгисөн бөгөөд түүнийг ямар замаар гэртээ харьдаг, хэдэн цагт хаагуур яаж явдаг зэргийг сайн судалсны эцэст хороосныг мөрдөх ажиллагааны явцад тодорхой болгосон” гэв.

Б.Немцов Моксвагийн цагаар 23:30 минутын үед ГУМ дэлгүүрээс Дурицкая гэх украйн эмэгтэйтэй хамт гарч, гэрийн зүг алхсан байна. Энэ үед алуурчид хуваагдаж, Шаванов, Губашев нар Дадаевт ажиллагааг эхлэх дохиог өгчээ. Дадаев улстөрчийн араас дагасаар “Большой Моксворецкий” гүүрэн дээр гүйцэж очоод “макаров” маркийн буугаар зургаан удаа буудаж, амийг нь хороосон байна. Түүний дараа Дадаевыг Шаванов, Губашев нар ZAZ маркийн машинаараа тосон авч зугтсан байна. Сэжиглэгдэж байгаа хүмүүс мөрдөн байцаах ажиллагааны эхний үед л хэргээ хүлээжээ. Тэднээс аллагыг гардан үйлдсэн гол сэжигтэн болох Дадаев ямар зорилгоор хэргийг үйлдсэнээ хэлэхдээ “Немцов Charlie Hebdo гэх сэтгүүлийнхнийг хамгаалж байсан үйлдэлд нь зэвүүцэж түүнийг буудсан. Тэр лалынхныг үргэлж гадуурхдаг байсан” гэжээ.

Оросын холбооны улсын Мөрдөн байцаах комиссын тэргүүн Александр Бастрыкин ярилцлагынхаа төгсгөлд энэ хэргийг хэзээ мухарлан шийдэх тухай ямар нэгэн тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна гэжээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2010 төгрөг байна

Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш огцом өсч 2000 төгрөгийг давсан. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 2007 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.долларыг 2008 төгрөгөөр аваад 2010 төгрөгөөр зарж байгаа юм. Ам.долларын ханш сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой өсч байгааг эдийн засагчид хэлж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Давост эдийн засгийн чуулган үргэлжилж байна

Швейцарийн Давос хотноо үргэлжилж буй 46 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд өнөөдрийн байдлаар нийт дөч гаруй улсын тэргүүнүүд, дэлхийн хөгжлийг тодорхойлдог 2500 орчим шинжлэх ухаан, эдийн засгийн байгууллагын удирдлагууд цуглараад байна. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал” гэсэн нэртэй, зорилго нь эдийн засгийг аль чиглэлд түлхүү хөгжүүлэх вэ, IT технологи аж үйлдвэрлэлд ямар дэвшил авчрах вэ гэдгийг хэлэлцэх бололтой.

Түүнээс гадна дэлхий дахиныг бүхэлд нь хамаараад байгаа аюул болох цаг агаарын өөрчлөлт, усны хомсдол, цагаач, дүрвэгсдийн нүүдэл, суудал зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм байна.

авосын эдийн засгийн чуулга уулзалтын нэг давуу тал нь улс төрийн талаар бараг ярьдаггүй гол нь нэг дор газар, газрын “их мөнгөтэй” хүмүүс, тэр мөнгийг нь “зөөлөн хөрсөнд, зөв газар суулгаж” өсгөх боломж бүхий саналтай хүмүүс бултаараа цугларч саналаа солилцдогоороо онцлогтой.

Мөн Давосын чуулганыг бусад ижил төрлийн уулзалтуудаас ялгадаг хэд хэдэн шинж чанарууд бий. Дэлхийн тэргүүнүүд уулзахдаа заавал үйлддэг протокол хөтлөх, зураг авахуулах, сэтгүүлчдэд тайлагнаж, хэвлэлийн бага хурал зохиох гэх мэт албан ёсны арга хэмжээнээс “бултаж” болдог. Зүгээр л жижиг өрөөнд сууж байгаад аяга кофены араас аль алиндаа тулгамдаад байгаа эдийн засгийн асуудал, сонирхлоо хаалгаа хааж байгаад ярилцчихна.

Энэ удаагийн чуулганд 18 жил завсарласны дараа БНАСАУ-ын төлөөлөгчдийг уг нь урьсан байсан ч он гараад тэдний үйлдсэн устөрөгчийн бөмбөгийн туршилт-дэлбэрэлтээс шалтгаалан урилгаа цуцалжээ. Харин Холливудын од Леонардо ди Каприо энд алхаж яваа харагдана лээ. Чуулга уулзалтыг зохион байгуулагчид түүнийг дэлхийн хүрээлэн буй орчинг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Crystal Award шагналаараа мялаажээ. Жүжигчний санаачилсан Leonardo DiCaprio Foundation сан дөч гаруй улсын байгаль эх дэлхийг хамгаалах 70 орчим төсөлд гучин сая ам.долларын хөрөнгө зарцуулсан юм билээ. “Хүн төрөлхтөн цэвэр агаар, цэвэр байгаль, цэнгэг устай газар амьдрах эрхтэй билээ ” хэмээн тэр шагнал гардахдаа хэлсэн.

Б.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

ТББХ-ны хуралдаан хойшлоод байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 8.30 цагаас эхлэхээр товлосон байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй, Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан гишүүн Г.Уянга хуралдааны танхимд ирээгүй зэрэг шалтгаанаар дөрвөн цагийн турш гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байгаа түр хойшлов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үдийн цайны цагийн дараа буюу 13:30 цагт товлов.

Categories
мэдээ нийгэм

Шашны харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулжээ

Монгол Улсад 900 гаруй сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаа тул 1993 онд батлагдсан хуулиар энэ харилцааг зохицуулах боломжгүй болоод байгаа аж. Иймд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, нийслэлийн ИТХ Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

1993 онд хууль батлагдах үед 130 гаруй сүм, хийд байжээ. Харин энэ тоо өнөөдөр 900 гаруй болтлоо өсөж, шашны асуудал яваандаа улс орны тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж мэдэх түвшинд хүрч байна гэж үзсэн байна. Иймд сүм хийдэд зөвшөөрөл олгох, хяналт тавих, стандарт батлах, өмчлөлийн асуудлыг ч авч үзэх хэрэгтэй болсон аж. Монголд насанд хүрээгүй хүүхдүүд буддын эсвэл ислам, христ, католик, бахай зэрэг шашны байгууллага, холбоонд элсч номын дуу сонсож буй нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Categories
мэдээ спорт

Гаванад манай есөн жудоч зодоглоно

Кубын Гавана хотод олимпийн эрхийн оноо олгох жудо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнийг Олон улсын жудо бөхийн холбооны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 24-нд өндөрлөх уг тэмцээнд оролцохоор 400 гаруй тамирчин бүртгүүлжээ.

Манай улсаас есөн жүдоч Гаванагийн дэвжээнд хүч үзнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Ц.Цогтбаатар (60 кг), Г.Одбаяр (73 кг), Н.Дагвасүрэн (81 кг), О.Ууганбаяр (81 кг), Б.Тэмүүлэн (-100 кг), Ө.Дүүрэнбаяр (+100), эмэгтэйчүүдээс А.Цолмон (52 кг), П.Лхамдэгд (-78 кг), О.Жавзмаа (+78 кг) нар Гаванаг зориод байна. Тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш О.Балжинням, олон улсын хэмжээний мастер Г.Дашдаваа нар удирдан явжээ. “Гран при-Гавана 2016”-гаас алтан медаль хүртсэн тамирчин 300 оноо, мөнгөн медальтанд 180 оноо, хүрэл медальтанд 120 оноо олгох юм.
Олимпод оролцох жүдочдыг ирэх зургадугаар сард албан ёсоор зарлана.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр эсрэг кноп дарахгүй байхыг үүрэгджээ

Өнөөдөр өглөө 08.30 цагт эхлэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны танхимд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс өөр гишүүд орж ирээгүй байна.

Уг хуралдаанаар Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсныг хэлэлцэх юм. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нарыг Засгийн газрыг огцруулах кноп дарахгүй байхыг хатуу үүрэгдсэн тухай мэдээлэл байна. Тус бүлгийн хуралдаан өндөрлөсөн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд орж ирэхгүй байгаа юм. Хуралдаан зохион байгуулах албанаас дээрх гишүүдийг хуралдаандаа оролцоно уу хэмээн залгаад байгаа ч хэн нь ч олдохгүй байгаа аж. Хуралдааны танхимд АН-ын бүлгийн найман гишүүн дээр ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нэмэгдээд байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Цас хайлуулдаг 300 тн бодис нэмж авна

Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн мэдээлснээр нийслэлийн зам гүүрийн мөсийг хайлуулахад цацдаг 300 тн бодисыг нэмж авахаар болжээ.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 25,5 тн цас хайлуулах бодис, 89,2 тн давс, 391 тн шоо метр элсний нөөц байгаа юм байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хоёрдугаар сар гартал хүйтэрч, гурван удаа цас орно гэж мэдээлээд байгаа. Энэ сарын эхээр нийслэлийн зам, гүүрэнд цацдаг бодис хомсодсон талаар албаны хүмүүс мэдээлж байсан юм, харин нэмж 300 тн бодим авахаар болжээ.