Categories
мэдээ улс-төр

“Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулж байна

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг”
уулзалтад оролцож, мэдээлэл хийлээ.

2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын
үндэс” баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц
хуулиудыг шинэчлэх эрх зүйн орчин тавигдсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай,
Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Мөн “Цэргийн албан хаагчийн
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн
төслийг санаачлан
боловсруулж, Улсын Их Хуралд өргөн
мэдүүлэхэд
бэлэн болсон, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг
боловсруулж байна гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон онцоллоо.

Бүтээн байгуулалт, энхийг дэмжих, хүмүүнлэгийн үйл
ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай,
Говь-Алтай аймагт байгуулахаар болжээ. Үүнээс
гадна Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг
“Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны
бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II
шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн,
шийдвэрлүүлсэн байна. Мөн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг
илгээх чиглэлээр судлан, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ
хэрэгжүүлж, 1000 гаруй оюутныг хамруулсан бөгөөд энэ онд ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн
хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид тус хөтөлбөрт хөдөө орон нутагт үйл
ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулах зорилт тавин
ажиллаж байна гэдгийг Ц.Цолмон сайд тодотголоо.

Батлан хамгаалахын салбарт ажиллаж буй алба хаагчдын
нийгмийн хамгаалалд анхаарч, нийслэлд цэргийн алба хаагчдын 300, албан тушаалын
63, Баян-Өлгий аймагт 40, Завхан аймагт 24 айлын орон сууцыг тус тус ашиглалтад
оруулсан байна. Бүтээн байгуулалтын хувьд “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хичээлийн
шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын
нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн
хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг
ашиглалтад оруулсан гэлээ.

Монгол Улсын Засгийн
газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр үргэлжлэн
хэрэгжиж,
“Төмөр зам” бүтээн байгуулалтын ажилд 2000 гаруй хугацаат цэргийн
алба хаагчид оролцохоор болсон зэрэг мэдээллийг хийсний дараа Батлан
хамгаалахын сайд Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Котошёгикү монгол аваргуудыг дараалан давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башё Токио хотноо 12 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын Хацу башё тун сонирхолтой болж байна. Учир нь 2006 оны нэгдүгээр сарын башёд япон бөх түрүүлснээс хойш нэгэн арванд дахин япон бөх түрүүлж байсангүй.

Тэгвэл энэ башёд япон бөх түрүүлэх боломж тун ойрхон боллоо. Өнөөдрийн барилдаанд озэки Котошёгикү Харумафүжи их аваргатай хүч үзэж, цүкиотоши мэхээр аваргыг өвдөг шороодуулан 12 дахь даваагаа авлаа. Ингэснээр тэрээр нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Котошёгикүгийн хувьд Какүрюү М.Ананд, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нарын монгол аваргуудыг дараалан унагаж, шуугиан дэгдээв.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээс АН-ын бүлэг завсарлага авав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авсан. Тус намын бүлгийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх дээр тав хоногийн завсарлага авсан юм.

Тэгвэл АН-ын бүлэг Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээр завсарлага авав. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна.” гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж тус тус заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох; Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.” гэж заасан тул Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох саналыг Улсын Их Хуралд ирүүлжээ. Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Улсын Их Хурал нь сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай саналаа ирүүлсэн байна.

Ингээд байнгын хорооны дарга А.Бакей эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм. Харин энэ үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотой бүх тогтоолын төслөөс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг байнгын хорооны дарга хүлээн авч буйгаа мэдэгдсэн тул байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо.

Categories
мэдээ нийгэм

“Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргажээ

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
Н.Мөнхбат тэргүүтэй төлөөлөл энэ сарын 16-нд Хөгжлийн банкны бондын
санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн
явцтай танилцсан юм. “Дархан нэхий” компани жилд 500 мянган ширхэг нэхий
болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харъяа гутлын үйлдвэр нь жилд 500
мянган хос гутал зах зээлд нийлүүлжээ. Мөн “Адуу мал” брэндийг бий
болгосон байна.

Тус компани Евро стандартын шаардлага
хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй
хувийг гадаад зах зээлд экспортлож буй юм байна. “Дархан нэхий” компани
“Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 4 хувийн хүүтэй, 5 жилийн
хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээл авч, хүүгийн төлбөр нь 2015 оны
хоёрдугаар сараас төлөгдөж эхэлжээ. Тус үйлдвэр нь Итали, Испани,
Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн
экспортлож байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ
экспортлох гэрээ байгуулжээ. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ
болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга
авч эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ

“Монгол алтан тос” үйлдвэр одоо
үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч
зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын
ажлаа эхлүүлжээ. Монголдоо анхдагч гэгддэг тус үйлдвэр Чингис бондын
хөрөнгөөс 850 сая төгрөгийн санхүүжилт авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд
зарцуулсан байна. Одоогийн байдлаар 260 сая төгрөгийг нь эргүүлэн
төлжээ.

Тэд 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны
дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд
үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох
төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Монголын ургамлын тосны хэрэглээ жилд
18 мянган тонн байдаг. “Монгол Алтан тос” үйлдвэр жилд 33 мянган тонныг
үйлдвэрлэх хүчин чадалтай учраас бүрэн хүчин чадлаараа ажиллавал
дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд борлуулах
боломжтой. Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлснээр дахивар
бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майноз
зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Энэ үйлдвэр жилд 1.6 тэрбум төгрөгийн
татвар төлдөг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТББХ-ны дарга А.Бакей “УИХ ямар ч хууль зөрчөөгүй” гэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тайлбар хийлээ.

Н.Номтойбаяр, Л.Цог нарын гишүүд дээрх асуудлыг хүч түрэн шийдэж, УИХ-ын дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээсэн.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ хууль зөрчсөн ямар нэгэн алхам, үйл ажиллагаа хийгээгүй. Төрийн ажлыг гацаанаас гаргахын тулд ном журмынх нь дагуу ажилласан” гэж тайлбарлалаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр гишүүн хүч түрэн шийдлээ гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Өнөөдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарч, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах болсон. Харин Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Батхүү чөлөөлөгдөж, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах болсон юм.

Энэ асуудлаар Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийж, Н.Батцэрэг гишүүнийг эзгүйд хэлэлцэн, УИХ-ын дэгийн хуулийн дагуу нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хүсэхэд хүлээж авалгүйгээр хүч түрэн шийдлээ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Oюутнуудад сар бүр 80 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хөтөлбөр зарлажээ

Залуусын “80&80” клубийнхэн их, дээд сургуулийн 3-4 дүгээр дамжаанд гурваас дээш голч дүнтэй суралцдаг оюутнуудад сар бүр 80 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлгийг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, бага орлоготой өрхийн оюутнуудад өгөх юм байна. Учир нь тэтгэлгийг эдийн засгийн хямралтай үед санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэхээр өгч байгаа гэнэ.

Энэ тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд “Би монгол мөрөөдлийг бүтээнэ” гэсэн 500 үгтэй эссэ бичих шаардлагатай. Анхны шалгаруулалтыг бүрдүүлсэн материал болон эссэг үндэслэн явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлагад урих юм байна. Тэтгэлгийн бүртгэл ирэх сарын 16-нд дуусна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авав

Өглөөнөөс хойш ирц бүрдэхгүй байна гэх шалтгаанаар хойшлоод байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэв. Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаар “гацаад” байсан ирцийн асуудал шийдэгдэв. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэхээр байсан ч энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр энэ асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж байна.

арин байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан асуудал нь хууль зөрчиж байна гэж үзсэн Н.Номтойбаяр, Л.Цог нарын гишүүд багагүй маргаан дэгдээж Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээв.

Categories
энтертаймент-ертөнц

​Дуучин Сиа “Бүргэдийн анчин”-ы дууг дуулахаар болжээ

“Бүргэдийн анчин” киноны дууг алдарт дуучин Сиа дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг өчигдөр гадны хэвлэлүүдээр цацжээ. Сиа “Angel by the wings” шинэ дууныхаа бичлэгт ороод байгаа аж. Тэрээр “Chandellier” дуугаараа олонд танигдсан юм.

Британийн BBC агентлагийн гэрэл зурагчин анх Баян-Өлгий аймгийн харьяат Н.Айшолпан охин зургийг авч олонд хүргэсэн байдаг. Тухайн жилээ дэлхийн шилдэг зургаар шалгарч байсан юм. Харин үүний дараа Н.Айшолпан охин “Бүргэдийн анчин” нэртэй баримтат киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд Америкт нээлтээ хийхээр болоод буй.

Н.Айшолпан Америкийг зорихынхоо өмнө манай сонинд ярилцлага өгч, эмч болохыг хүсдэг тухайгаа ярьсан. Түүний ярилцлагыг “Өдрийн сонины дугаарт” буландаа нийтэлснийг уншаарай.