Categories
мэдээ нийгэм

Хөлдөөсөн үнэг, чоно хадгалж байжээ

Цагдаагийн байгууллагад “Эмээлтийн түүхий эд авах цэгийн хашаан дотор чонын хөлдөөсөн мах байна” гэсэн мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлт овоо” түүхий эд авах цэгт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух Б-ын “Nissan Х-Trail” автомашинд хөлдөөсөн таван чоно, долоон үнэг, дөрвөн ширхэг хярс хадгалж байсныг илрүүлжээ.

Эдгээрийг эд мөрийн баримтаар түр хураасан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэл ням гаригт дуусна

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл нэгдүгээр сарын 06-нд эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.

Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүлжээ

УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

Иймд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болсон байна. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ы сайд шийдвэр гаргах юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр дарга намаа өөрөө удирдаад явах боломж бүрдсэн учраас би дэд даргын албаа өгөх шийдвэр гаргасан

УИХын гишүүн, МАХНын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Таныг МАХНын намын дэд даргынхаа албан тушаалыг өгч байгаа гэсэн яриа гарсан байна. Та албан ёсоор энэ тал дээр тайлбар хийсэнгүй. Үнэхээр дэд даргынхаа албан тушаалыг өгч байгаа юм уу?

-Энэ үнээн. МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгсөн. Шинэ жил таарсан учраас мэдээлэл хожуу цацагдаж л дээ. Манай намын хувьд намын дарга эзгүй, гадаадад эмчлүүлж байх үед бол яах аргагүй дэд дарга шаардлагатай байсан цаг үе бий. Ер нь нам “олон толгойтой” болох тусам намыг нэгдсэн бодлогоор зангидахад түвэгтэй болж, өөрийн тойргоо үүсгэж, дотоод эв нэгдэлд халтай болж, их мэдэгчид бужигнуулах сөрөг тал ажиглагддаг. Тийм ч учраас миний хувьд олон дэд даргатай байх шаардлагагүй гэж үздэг. МАН, АН дэд даргагүй л байгаа биз дээ. Намын дарга Н.Энхбаярыг БНСУ-д эмчлүүлж байхад ч хэд хэдэн удаа “МАХН-ын дэд даргын албан тушаалыг өгнө” гэж өөрийн байр сууриа илэрхийлж байсан. МАХН-ын дарга Монголд ирсэн, намын удирдлага зохион байгуулалтыг нэг гарт төвлөрүүлэн удирдаж ажиллах шаардлага өнөөгийн нийгэм, улс төр, намын дотоод нөхцөл байдлаас бодитой үүсээд байгаатай уялдан Н.Энхбаяр дарга өөрөө удирдаад явах боломж бүрдсэн учраас миний хувьд дэд даргын албаа өгөх шийдвэр гаргаж байгаа юм.

Та ч яахав өргөдлөө өгдөг юм байж. Намын дарга Н.Энхбаяр таны өргөдлийг хүлээж авсан юм уу. Өмнө нь өөрөө БНСУд байхдаа хүлээж аваагүй юм байна шүү дээ. Таны улс төрийн туршлага аль алийг нь бодсон ч намын дэд дарга байх нь МАХНд хэрэгтэй байх?

-Нэгдүгээрт, Би УИХ-ын гишүүн. Тиймээс намын дарга болон дэд дарга нар ямар нэгэн байдлаар өөрийн байр сууриа илэрхийлэхээр л намын бодлого гэж ойлгогдох явдал бий. Тухайлбал, Оюу толгойн Дубайн гэрээн дээр би хатуу байр суурьтай байсан. Зөвхөн Оюу толгой гэлтгүй бусад асуудал дээр үг хэлчихээр л Тэрбишдагвын гэхээсээ илүүтэй МАХН-ын байр суурь болж харагддаг.

Хоёрдугаарт, аливаа нам сонгуульд ялах нь маш чухал байдаг. Тиймээс сонгуулийн тойрог дээр олон түмэнтэй тулж ажиллаж, өөрийн биеэр оролцохгүй л бол болдоггүй. Намын дэд даргын хувьд хурал зөвлөгөөн зохион байгуулах, өдөр тутмын амьдралд оролцох, намын гишүүд, хүмүүсийг хүлээн авах зэрэг оволзсон шахуу ажил ихтэй байдаг юм. Манай улс төрийн нөхцөл, цаг агаар шигээ их хувирамтгай.

амын даргын гарт удирдлага төвлөрч, асуудал хариуцсан олон нарийн бичгийн дарга нар бас ажиллаж байна. Сонгууль ойртсон үед хуралдаж, зохион байгуулалтын ажилд хутгалдаж цаг барж байхаар дэд даргын ажлаа өгчихөөд, МАХН-аас нэр дэвшигчдийг ялалт байгуулахын төлөө тодорхой дүүрэг, аймаг хариуцаж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн МАХН-ын рейтингийг өсгөнө гэдэг бол УИХ-д орж ирэх хүмүүсийн тоог нэмнэ гэсэн үг. Миний хувьд 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж 42399 сонгогчийн саналыг авснаар хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн хоёрдугаарт орж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөө өгсөн саналын 35.8 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг. Аль болохоор л тойрогт нэр дэвшигчийг олноор ялуулж байж МАХН маань парламентад жагсаалтаар цөөнгүй хүнээ оруулж чадна. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг чухалчилж байгаа.

Таныг тэгээд дэд даргаас албан ёсоор чөлөөлсөн юм уу. Та Н.Энхбаяр даргатай уулзсан уу?

-Намын даргад өргөдлөө хүргүүлснээс хойш уулзаж амжаагүй байгаа. Н.Энхбаяр дарга гадагшаа явж таарсан. Миний хувьд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Р.Бурмаа сайдын хамт гадаадад туршлага судалж байгаад ирлээ. Намын дарга болон журмын нөхөд маань ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй л байна.

Таныг дэд даргын албан тушаалаа өгөх сургаарТэрбишдагва Н.Энхбаяртай таарахаа больжээ”, “Тэрбишдагва намаасаа гарах гэж байна”, “Шадар сайдын суудлыг өгөөгүй болохоор намдаа гомджээгээд янз бүрийн таамаг явж байна. Яг ямар асуудал болсон юм бэ?

-Тийм яриа сошиал мэдээллээр их тархсан байна лээ. Миний өмнөөс ярилцлага зохиочихдог болжээ. Би өөрөө ч мэдээгүй байхад янз бүрийн юм гардаг. Гэхдээ нам бол амьд организм. Олон бодол санаа уралдуулж байж амьд, хүчтэй байдаг. Аль ч намын амьдрал тийм шүү дээ. Бүх зүйлд дуулгавартай явдаг тийм хөг өнгөрөөд олон жил болж байгаа. Үүнийг олон ургальч үзэл ч гэдэг. Үзэл бодлоо илэрхийлэх явдал байнга тохиолддог шүү дээ. Намайг дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөр өөрсдийнхөө бодсоноороо янз бүрээр бичиж л байх шиг байна. “Стандарт бус Засгийн газарт хадаг бариад ирсэн ч орохгүй, хууль бусаар Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээг байгуулсан “Шийдлийн” нэртэй Засгийн газарт ажиллах нь Монгол Улсынхаа эсрэг ажилласнаас ялгаагүй” гэж ярилцлага өгч байсан. Тиймээс энэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ тов тодорхой илэрхийлсэн байгаа биз дээ. Сайдын ажлыг авч ч байсан, өгч ч байсан. Авсан бол хийсэн шиг хийх хэрэгтэй, өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Араас нь хэл ам болж, гоншигоноод байх хэрэггүй гэж үздэг. Би ийм л зарчимтай.

Таныг бас бүлгийн дарга бол гэсэн юм биш үү?

-Намайг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга бол гэсэн. Бүлгийн дарга болох уу, үгүй юу гэдгийг МАХН, МҮАН хоёр хамтарч хуралдаж, бүлэг дээр санал бодлоо нэгтгэж байж шийдвэр гарсны дараа л шийдэгдэнэ.

Та МАХНыг МАНтай нэгтгэх гээд байгаа юм уу?

-Монголын улс төрийн амьдралд гарсан сонин үйл явдал бол МАХН хагарч хуваагдсан явдал. Үүнд намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл олон түмэн хүртэл таатай биш байдаг. Хуучин намын зүтгэлтнүүд хүртэл байж ядаад, хажуугаас хараад сууж чадахгүй болоод хоёр намын даргад нэгдэх тухай бичиг өргөснийг та мэдэж байгаа. Миний хувьд, угшил нэгтэй намууд яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж боддог. Хүчээ нэгтгэх, хамтарч ажиллах талаар эртнээс ярьсан нь үнэн л дээ. Тухайн үеийн намын удирдлагууд МАХН гэдэг нэрийг өөрчилж, шүүмжлэл хэлсэн хэдийгээ нүд үзүүрлэж, эв нэгдлийг сарниулах бодлого явуулснаас болоод хоёр нам хуваагдсан.

Ер нь дэлхий дээр хамгийн үнэтэй брэнд нэр арав гаруй тэрбум ам.долларын үнэд хүрч байсан юм билээ. Жишээ нь Google, Coca cola гээд л. МАХН гэдэг 90 жилийн түүхтэй, биднийг ямар байдлаас ямар болгосон билээ гэж жирийн олон талархдаг брэнд нэр. 2008 оны сонгуулиар ард түмэн МАХН гэдэг нэрэнд дургүйцээгүй, харин ч дэмжиж, үнэмлэхүй олонхи болгож байлаа. Гэтэл нийгмийн сэтгэлзүй, олон нийтийн хандлага, гишүүд, дэмжигчдийн байр суурийг үл тоож, цөөн тооны хэдэн нөхдүүд хуйвалдаж, хүчээр асуудлыг шийдэхээр задрал явагдах нь гарцаагүй шүү дээ. Хэдийгээр ингэж нам задарсан ч гэлээ олон жил нөхөрлөж яваа андууд маань МАН-д бий. Нуух хэрэггүй ээ, би тэдэнтэй уулзаж, санал бодлоо солилцдог ярилцдаг. Бид хэдийгээр МАХН, МАН гэж хоёр хуваагдсан ч Монгол Улсын төлөө нэг эрх ашгийн цэг дээр санал нийлдэг юм. Хот хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад тэд ганцхан юмыг захин хэлж байгаа нь “Энэ хоёр нам хамтран ажиллах ёстой, тэр цаг үе нь болсон” гэж байна. Үүнийг хоёр намын удирдлагууд зарим явцуу эрх ашгаас дээгүүрт тавьж анхаарал хандуулж ажил хэрэгчээр асуудалд хандах цаг нь болсон.

Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгоно гэдэг яриа нэг хэсэг явсан. Түүний ялтайд тооцогдох хугацаа нь дууссан, дуусаагүй гээд аль нь зөв ярьж байгааг үнэндээ хэн ч мэдэхгүй л байна. Дээр нь Г.Шийлэгдамба сайдын асуудал байна. Эргээд Эрүүл мэнд, спортын сайд болох боломжтой гэж ярих юм?

-Н.Энхбаярыг Шадар сайд болохыг хувьдаа дэмждэг. Яагаад Шадар сайд болж болохгүй гэж. Монголын төрийн гурван дээд албан тушаалыг хашсан энэ хүнд мэдлэг, чадвар, туршлага хангалттай бий. Энэ хүний туршлага, оюуныг Монголын төр ашиглах хэрэгтэй. Монгол төрд ашиглах хүмүүс гэж бий шүү. Зарим хүмүүс Ерөнхийлөгч байсан хүн Шадар сайд болж, доошоо буух гэлээ, Ерөнхийлөгч байсан хүнийг улс төр рүү дахин оруулж болохгүй гэсэн яриа ч явдаг. Ерөнхийлөгч байсан хүнийг шоронд оруулсан биз дээ. Хэлмэгдүүлэлт явуулж, шоронд хийхэд юу ч дуугараагүй хүмүүс өнөөдөр Шадар сайд болох гэлээ гээд эмзэглээд байх хэрэггүй.

Одоо болтол Эрүүл мэндийн сайдыг томилоогүй байна. Өргөн барьсныг Ерөнхий сайд хүлээж авахгүй гээд л томилогдох хүнгүй байгаа юм уу?

-Өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, ёс суртахуунтай, эмчийн тангараг өргөсөн хүмүүс нь ажлаа хийгээд явж байна. Гэхдээ энэ хүмүүст бодлого тодорхойлогч зайлшгүй хэрэгтэй. Одоо болтол сайдыг томилсонгүй. “Шударга ёс” эвслээс санал болгосон хүнийг Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хүлээж авахгүй байж болно. Өөрт нь олон гарц бий. Заавал нэг хүнийг сайдаар томилоод нөгөөхийг нь шилжүүлэн тавина гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон хүн өмнө нь энэ салбарыг удирдаж байсан ч мэргэжлийнх биш. Тиймээс сайдыг нь мэргэжлийн хүн л томилмоор байгаа юм. Эрүүл мэндийн салбарт олон мундаг эрдэмтэн, докторууд байна шүү дээ.

Та надаас хоёрхон асуулт асууна гэж хэлсэн биз дээ. Энэ удаад хоёулаа ярилцлагаа ингээд дуусгах уу. Улс төр, эдийн засгийн асуудлын талаар цагаан сарын өмнө хоёулаа дэлгэрэнгүй ярилцъя.

Categories
мэдээ цаг-үе

Номоор баян, хаан түүхч, “Хан шувуу” Ж.Болдбаатарынд өнжлөө

“Номондоо түрэгдээд, эхнэр бид хоёр коридортоо унтах нь холгүй болсон” хэмээн түүхч Ж.Болдбаатар ярьсан. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатарынх үнэхээр их номтой айл байлаа. Зочны өрөөнийх нь ханыг тэр чигтээ номын сан эзэлжээ. “Номынхоо өрөөг дүүргээд, зочныхоо өрөөний ханыг тэр чигээрээ номоор дүүргээд, зусланд социализмын үеийн ном хичнээн хайрцгаар нь аваачиж хаяад ч багтахгүй байгаа” гэж гэрийн эзэн хэлсэн. “Хуучин онол, улс төрийн түүхтэй холбоотой ном их цуглуулж байлаа.

Одоо бол түүхийн бүх чиглэлээр ном цуглуулдаг. Ховор сонин номууд ч байдаг” гэнэ.

Номын тавиурт Ж.Болдбаатар түүхчийн “хуулбар”-ын зураг харагдана. Хальт хараад гэрийн эзний залуугийн зураг юм болов уу гэж бодсон ч ахиулж харвал хүү Б.Гүнбилэгийн “Бидний гарц” хуульчийн эрэгцүүлэл ном хүндтэй байранд заларсан нь тэр байлаа. Хуучны социализмын үеийн сэхээтнүүдийн маягаар амьдардаг айл шиг санагдсан. Том өрөөнд нь номын сангаас гадна ширээ онцгой зай эзэлжээ. Гэрийн эзний ажлын ширээнээс гадна, гэргий яруу найрагч С.Оюунчимэг эгчийн ажлын ширээ, компьютер, зочны ширээ хил залгах. Зочны ширээн дээр мөнгөн аяганууд давхарлан тавьсан байх агаад аяганууд дээр дурсгалын бичээс дурайна. Хажуугийн жижиг өрөөнд бурхан тахил байрлуулсан үзэгдэв. Бурхан тахилын дэргэдээс гэрийн эзэн Чойрын хийдийн Чогчин дуганы хуралд дууддаг бүрээ гаргаж ирж үзүүлсэн. Тэр нь шүр, сувд, номин шигтгэж, мөнгөөр тоноглосон дун байлаа. 1920-1930 оны эд гэнэ.

Алдартай түүхчид өөр ямар цуглуулга байдгийг лавлахад “Базаалттай ч юм биш дээ. Гэхдээ бас хоосонгүй, бага сага юм байдаг. Миний нагац өвөөгийн хонх бий. Хаант засгийн үеийн бирдаан буу худалдаж аваад, ханандаа өлгөчихсөн чинь авгай уурлаад “Хичнээн ч хүний амь хороосон юм билээ” гээд бараг гаргаад хаясан байх аа. Аав нь сүрхий түүхч байсан юм гэнэ лээ, юу үлдээчихсэн юм бэ гэж магадгүй гээд бага сага юм цуглуулж, хүүдээ өгсөн. Тэрнээс биш мундаг цуглуулагч нар шиг биш” гэж хариуллаа.

Биднийг очиход гэрийн эзэн угтсан юм л даа. “Манай хүн дэлгүүр хоршоогоор яваа” гэнэ. Гэргий нь гаднаас ирсэн зочдодоо үйлчлэх ажилтай яваа. Ж.Болдбаатар гуай бидэнд цай аягалж, бууз жигнэн таваглаж, амттай яриагаар дайлав. Тэрбээр хааяа гарынхаа хоолыг хийх дуртай. Их төлөв жинхэнэ монгол лавшаа хийдэг. Хоолны талдаа сүрхий. Дэлгүүрээс юм хум цуглуулах ажлыг би л хийдэг. Дандаа цаас шагайж суудаг хүн өөр орчинд орж байгаа нь тэр л дээ. “Ямар сонин юм бэ, дэлгүүрт явж байх юм. Хэдий завандаа ном бичдэг юм гэж нэг хүн гайхсан. Хэзээ бичдэг гэхээр бодол ханах цагтаа бичдэг. Юм уншаад, эргэцүүлээд, судлаад бодож байтал гэнэт бодол ханадаг. Тэгэхэд л сайхан бичнэ. Тэр их бодолд автаад заримдаа өөр замаар яваад өнгөрчихсөн байх тохиолдол байдаг. Таксинд суухаар жолооч юм ярих гээд би дуугардаггүй, юмаа бодох гээд. Бодол ханах цагт юм бичвэл амжилттай болдог. Тоосноос болоод архивт сууж чадахаа байсан” хэмээн хуучиллаа.

“Замбараагүй их юм бичиж дээ. Хэвлэлийн хуудсаар бол 34-35 мянган хуудас ном бичсэн” гэв. Түүний бичих арга барилыг сонирхлоо. “Сонин юм сонсвол орой нь очоод дор нь тэмдэглэдэг. Сүүлд хэрэгтэй үед сайхан материал болдог. Бичсэнээ хэвлэчихвэл тэмдэглэлээ хаячихдаг гэнэ. Өдрийн тэмдэглэл гадаадад явахдаа л ихэвчлэн хөтөлдөг. “Нэгэн жарны амьдрал” гээд өөрийнхөө амьдралын тухай хоёр боть бичсэн. Тэмдэглэл хөтөлсний үр дүн тэрэн дээр гардаг. Өглөө 4-5 цагт босоод найман цаг хүртэл сууж бичээд, ажилдаа явна. Зав л гарвал бичнэ. Хүмүүс тухалж бичих гэдэг. Би бол чамтай ярьж суугаад, дараагийн хүн таван минутын дараа орж ирэхэд юмаа бичиж л байна. Ямар ч нөхцөлд ажиллаж чадна. Их сургуульд оюутнууд шуугиад, багш нар орж гараад долоон шидийн юм яриад байхад ер саад болдоггүй. Орой гэртээ ирээд хоолоо идчихээд 23 цаг хүртэл бичнэ гэнэ.

Түүхч хүн хэдэн үеэ мэддэг бол хэмээн сонирхлоо.

-Би зургаан үеэ мэдэж байгаа юм даа. Тэрнээс цааш мэдэхгүй. Тэрнээс цааш мэдэх боломж байсан. Яахав “Мунхгийн ухаан үдээс хойш” гэдэг. Хөгшчүүл байхад тэрийг ухамсарлаж чаддаггүй л байж дээ. Манай аав сүрхий хүн байсан л даа. Үүх түүхээ мэдүүлэх гэж оролддог. Дайчин вангийн хошууны хамаг л юм мэддэг гэсэн хөгшчүүлтэй намайг оюутан байхад дагуулж очиж уулзуулж байлаа. Миний нагац өвөө Ёндон гэж хүн байсан. Гавж хүн. Нагац өвөөгөө дагаж, Булганы тэр үеийн том гэсэн лам, гавж нартай, уулзаж яриаг нь сонсч байлаа. Үүх түүх сонирхоход энэ гол нөлөө үзүүлсэн байх. Тавдугаар ангиасаа л би түүхч болно гэдэг дээр баттай зогссон хүн дээ. Намайг тавдугаар ангид байхад эртний дэлхий дахины түүхийг М.Шагдар багш заах гэж орж ирээд, Улс төрийн товчооны гишүүдийг хүүхдүүдээс асуулаа. Би арай том биетэй хүүхэд байсан учраас хойно сууж байсан. Эхний хүүхдүүд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Д.Моломжамц гээд хэдхэн хүний нэр хэлээд, сүүлийн эгнээнд ирэхэд би Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нэрлэхэд яамдын сайдуудыг асуусан. Хамгийн сүүлд “МУИС-ийн ректор хэн бэ” гэхэд нь Намсрайн Содном гэж хариулсан. Тэгсэн чинь манай багш маш их баярласан. Тавдугаар ангийн сурагч мөртлөө их юм мэддэг хүүхэд байна гэсэн. Тэр нь юутай холбоотой гэхээр манай аавын нөлөө байсан. Аав алба хааж байсан. Нэг их боловсролтой хүн биш л дээ. Бичиг үсэгтэй. Намын үүрийн дарга, сумын орлогч, нэгдлийн дарга хийж байгаад сүүлдээ зүрх нь өвдөөд, юм уншиж чадахаа больж, группт орсон юм. Намайг нэгдүгээр ангид орж уншдаг болсон үеэс авахуулаад, “Үнэн” сонины эхний нүүр, дөрөвдүгээр нүүрийг уншуулна. Би тэрийг нь уншсаар байгаад, сүүлдээ өөрөө сонирхолтой болсон. Тавдугаар анги гэхэд зөндөө л юм уншилгүй яах вэ. Олон улсын байдал долоон шидийн юм уншина.

Би ангийн ахлагч болчихсон. Ангийн дарга хичээл дуусаад багш нарын конторт журнал оруулж өгдөг. Тэгтэл арван хэдэн багш хичээл завсарлаад ирчихэж. Манай М.Шагдар багш намайг магтлаа. Тавын “А-гийн Болдбаатар бол түүхийн том эрдэмтэн болно. Гучин нас гэхэд дэд эрдэмтэн болсон байна. Та нар хараарай гэсэн. Тэрнээс хойш өөр тийшээ хазайгаагүй. Би түүхч болно. Нийгмийн ухааны хичээлд бусдаас сайн байх ёстой гээд хичээдэг. Их сургуулийн түүхийн ангид ороод төгсөөд, яг гучин насандаа түүхийн ухааны дэд эрдэмтэн хамгаалсан. Энэ чиглэлээр тууштай явахад олон сайн багш маань нөлөөлсөн дөө. МУИС-д ороод, Монголын бурхны шашны түүхийн их том мэргэжилтэн, профессор Пүрэвжав багшийг дагаж хоолонд хүрсэн. Пүрэвжав багш намайг архивт их суулгадаг. Багш маань их сонин хүн байсан. Шинжлэх ухааны төлөө хүн гэдэг тийм л байдаг байх. Москвад намайг аспирантурт байхад хоёр, гуравхан өдрийн хуралд оччихоод, зав зайгаар нь Лениний номын санд суугаад, бусад ирсэн улсууд нь дэлгүүрээр гүйдэг байсан. Эрдэм номд хачин их шуналтай. Тэр үлгэр жишээ намайг гайгүй түүхчийн замд ороход их нөлөөлсөн дөө хэмээн хуучилсан.

Хамба лам шиг төрхтэй харагддаг Ж.Болдбаатар гуай ийм тодорхойлолтыг уриалгахан хүлээж авав.

-Намайг 1992-1994 онд УИХ-д сууж байхад сэтгүүлчид төрх байдлаар маань шигтгээ хийж шоглоно. Батбаяр гэдэг сэтгүүлч харсаар байтал асар том ламын сүнс байх гэж бичиж байсан. О.Дашбалбар “Таныг харахаар том лам хүн санагдаад байдаг” гэж хэлсэн. Тиймэрхүү төрх байдаг юм байлгүй. Намайг дунд сургуульд байхад ангийн Лувсанням гэдэг хүүхэд гавж гэдэг байсан хэмээн хуучлав.

Алдарт түүхчийн гэргийтэйгээ танилцсан түүх уншигчдад маань ч сонин байх болов уу.

-Эхнэртэйгээ МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Марксизм, Ленинизмийн кабинетад ном уншиж байгаад танилцсан. Их сургуульд хэдэн залуу багш байлаа. МАХН-ын дарга байсан Б.Даш-Ёндон, сүүлд дэд доктор болсон Хүрэлбаатар, Гаваа гээд хэдэн залуу багштай найзууд л даа. Хуулийн ангийнханд бид хоёр дахь жилдээ л багшилж байсан юм. Хичээл завсарлаад ороод иртэл найзууд маань “Хуулийн нэгдүгээр курст танай Булганы нэг охин байна. Эвлэлийн XVI хурлын төлөөлөгч, сая факультетийн Эвлэлийн хорооны даргаар сонгогдсон. Тэр охиныг авч өгнө” гэлээ. Тэр нь манай хөгшин л дөө. Тав, зургаа ах юм чинь намайг хөгшин гээд тоохгүй ш дээ гэсэн чинь “Яг таарна” гэцгээсэн. Марксизм, Ленинизмийн кабинетийн эрхлэгч Цэрэн багш “Орой болгон манай энд суудаг юм. Чи одоо суу” гэсэн. Тэгээд тэнд сууж байгаад танилцаж, орой гэрт нь хүргэж өгдөг болсон. Хоёдугаар курст байхад нь гэр бүл болсон л доо. Гуравдугаар курст анхны охинтой болсон. Том охин маань Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилдаг. Хүү маань Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч доктор, Гүнбилэг гээд залуу байна. Хоёр хүүхэдтэй. Манайх хүргэн бэр, ач зээтэйгээ нийлээд 11 болж байх шив дээ. Миний нандин эрдэнэ болсон хоёр ач, гурван зээ байна. Анх бид хоёр их сургуулийн оюутны байранд тусдаа гарч байсан. Манай хүн буцалж, бургилсан зантай. Би бол хүлээцтэй, тийм нөхцөлд тохирдог шиг байгаа юм. Хоёр тачигнасан хүн тохирдоггүй, хоёр налайсан хүн чинь бас амьдрал нь явдаггүй. Буцалж бургилж явдаг зан нь намайг ирлэж өгсөн байх л даа гэж Ж.Болдбаатар гуай хуучлав.

Түүхээр амьсгалсан энэ хүнээс шүлэг төрдөг болов уу гэж бодогдлоо. “Юмны халгиа цалгианд залуу насандаа шүлэг бичих явдал байсан. Гэхдээ бараг хэвлүүлж байгаагүй. Ном, багшдаа зориулж шүлэг бичиж байсан гэнэ. Гэхдээ л энэ гүндүүгүй томоотой эр “Бурханы мэлмийтэй бүсгүй”-н тухай шүлэглэсэн удаатай.

Эр дунд насандаа эрхлэн энхрийлүүлэхийг хүслээ.

Насны намбаа бодохоор наалинхай байхын аргагүй

Бууравчлах насанд учирсан

Бурханы мэлмийтэй бүсгүй минь гэсэн үгс эр хүний эмзэг сэтгэлээс хөвөрсөн уянга. Хэнд зориулсан юм бэ гэж хэрэгт дурлахад маань “Зүгээр л нэг тийм сэтгэгдэл орж ирэхгүй юу даа” хэмээн булзааруулав. Бурханы мэлмийн тухай тодруулахад “Дарь эхийн царайтай бүсгүй гэсэн үг” хэмээн инээсэн.

Түүний гэргий яруу найрагч С.Оюунчимэг үнэхээр сайхан хэдэн дуутай.

Буцлаа ч ирлээ ч надад хоргодсон хан шувуу

Буулаа ч нислээ ч чамайг хайрласан хатан шувуу хэмээн сэтгэлд хоногшсон үгтэй түүний “Хан шувуу” дуу Ж.Болдбаатар гуай шиг монгол эртэй ханилсан бүсгүйгээс л төрдөг болов уу хэмээн санагдсан.

Ж.Болдбаатар гуай Монголын түүхийн архив болсон хүн. Харин өөрөө энэ тухайгаа “Монголын түүхийн бүх үеэр бага ч болсон судалгаа хийгээд, ярьдаг, бичдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа улстөрчийн хөрөг, намтар судлалын чиглэлээр нэлээд бичиж байна. Их Монгол Улсын үе, Чингис хааны үе, XX зуун, Монголын төр эрх зүйн түүхээр голлож ажилладаг.

1991 оны нэгдүгээр сард доктор хамгаалаад ирсэн чинь Булган аймгийнхан цугладаг юм байна. Цуглаад гараад явж байсан чинь Гаадамба багш таарч баяр хүргээд, нэг хачин үг хэлэхгүй юу. “Болдбаатар, доктор болох яах вэ, доктор байх хэцүү шүү” гэсэн юм. Тэгэхэд Гаадамба багш доктор хамгаалаагүй, дэд эрдэмтэн байсан. Би залуу ч байж, юу гэж байгаа юм бол гээд онцгүй сэтгэгдэл төрж байснаа гэнэт ухаарсан чинь мундаг үг хэлсэн байна лээ. Би намын түүхийн сэдвээр хамгаалсан. Намын түүх шинжлэх ухаанд ялгаагүй хэрэгтэй. Гэхдээ эргэцүүлээд бодсон чинь Монголын түүхийн бүх үе дээр миний багш нар, алдарт эрдэмтэд эзэн суучихсан байгаа юм ш дээ. Тэр талын судалгаа хийж байгаа хүн тэдний юмыг харахгүйгээр явахгүй. Тийм юм надад хэрэгтэй болсон. Ингээд үзсэн чинь Монголын төр эрх зүйн түүхийг бүхэлд нь хамарсан зохиол байгаагүй. Тэрнийг барьж авах гэсэн чинь эрх зүйн мэдлэг дутаад болдоггүй. Өөрийн шавь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд хэллээ. “Эрх зүйн талыг нь чи дэмжээд, хоёулаа “Монголын төр эрх зүйн түүхийн ном бичье” гэсэн. Тэгээд хоёулаа зориглож ороод,”Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” гээд нэлээд том ном бичсэн. Энэ ном гарсан цагаасаа хууль, эрх зүйн ангийн оюутнуудад сурах бичиг болж байна л даа. Одоо бол Монголын төр эрх зүйн түүхээр ажиллаж байгаа хүн бид хоёрын судалгаан дээр улбаалахгүйгээр явахгүй. Ингэж өөрийнхөө замыг олж авсан. “Вопрос историй” гэж сэтгүүл уншиж байсан чинь Гуриевич гэдэг хүн түүхэн хүн судлалын тухай бичиж л дээ. Түүхийг бичнэ гэдэг чинь түүхэн том хүмүүсийг нарийн судалж байж, үнэн зөв гардаг. Тэгээд би намтар судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж, ерээд онд УИХ-д сууж байхдаа ч А.Амар сайдын тухай, Бага хурал болон Их хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Г.Бумцэнд гуай, Намын төв хорооны нэгдүгээр дарга байсан Д.Дамба гуайн тухай хэдэн товхимол бичээд, түүнээс хойш хүн судлалын чиглэлээр тасралтгүй бичсэн. Одоо түүхэн хүн судлалын чиглэлээр бичиж байгаа хүн намайг ишлэх болно. Өнөөдөр намайг Монгол дахь түүхэн хүн судлалын загалмайлсан эцэг гэж хэлж байгаа хүн ч байдаг. “Монгол түмний сод хүмүүс” гээд 12 боть ном хийхээр бодсон. Тав зургаан боть хэвлэгдээд байна гэж түүхч ярилаа.

Түүхэн хүмүүсийн намтар бичдэг түүнтэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүсийн хувийн амьдралын тухай хөөрөлдсөөр сүүлдээ Богд хааны үр удам, амраг сэтгэлийн тухай ярианд шилжив. Мань түүхч “Богд хаан Дондогдулам хатнаас өмнө, Норов хатнаас нэг охинтой байсан” хэмээн хуучилсан нь цочир сонин байлаа. “Цэрэндорж гүнгийн хатанг залуудаа эргүүлээд, сүүлдээ бөөн зарга болжээ. Норов хатанг нөхрөөсөө салсан хойно нь Богд өөрийн ордны урлал, хувцас хунар хариуцдаг ажилд авчээ. Шаравдоо гэдэг донир Норов хатантай учир ургуулаад, улсууд тэр тухай Богдод хов хэлсэн чинь Шаравдоог нь зуу ташуурдаад, Богдын ордноос холдуулсан юм байж. Тэгээд ийм дуу гарсан байгаа юм хэмээн хуучлангаа

Цагаан шаазанг цавтай байвал

Цайгаа уухаа болих уу даа хө

Цааз хууль нь чанга байвал

Норовтой уулзахаа болих уу даа хөхэмээн эвлэгхэн аялав. “Одоо бол миний хоолой байхгүй болж, тэрнээс биш залуудаа дажгүй дуулчихдаг байсан юм. Гэхдээ би жигтэйхэн саваагүй хүүхэд байсан юм шүү дээ. Биеийн тамирын уралдаан тэмцээнд гүйж л явна, урлаг уран сайханд гүйж л явна, нийгмийн янз бүрийн арга хэмжээнд гүйж л явна. Ёстой хэнхэг хүүхэд байсан. Ямар сайндаа Сурагчдын зөвлөлийн дарга болчихоод наймдугаар ангид байхдаа, сургуулийн хоёрдугаар давхарт бүх сурагчдыг цуглуулаад, дунд нь ширээн дээр гарчихаад үг хэлж байсан хэмээн дурсав.

Гэргий С.Оюунчимэг эгч гаднаас “Шоппинг хийх чинь миний ажил биш юм аа” гэсээр орж ирлээ.

-С.Удвал багш “Зүүний үзүүр элээхээс өмнө, хэдэн үзэгний хошуу элээсэн хүн дээ” гэдэг шиг би бол наймаанд сонирхолгүй ч хүн юм гэж тэр хэлэв.

-Огурцы, помидор байгаа шүү дээ өвгөөн, гэж түүнийг хэлэхэд нөхөр нь

-Тэрнийг чинь эрээд олдоггүй гэсэн яриа гэр бүлийн хоёрын дунд өрнөв.

“Ж.Болдбаатар гуай зөөлөн хүн шиг харагддаг. Гэртээ чанга дуугарах үе байдаг уу” гэж гэргийгээс нь асуувал “Хүн л юм чинь байлгүй яах вэ. Хий гаргалгүй яах вэ дээ. Маршал унгадаг юм байна гэдэг шиг юм болох нь шив дээ” гэж байна.

-Би ер нь одоо эргээд бодоход маш их зарагдсан хүн. Анх энэ хүнтэй нийлэхэд Болдоогийн удаах дүү багшийн дээдийн оюутан байсан. Манайд амьдарч байгаад төгссөн. Түүний дараагийнх нь хамт амьдардаг байлаа. Түүний дараагийнх нь ч бас. Манай хадам найм, арав төгсгөдөг. Бид хоёр амьдралд хүргээд авгай аваад манайхаас гардаг. Зарим жил манайд таван хүүхэд суусан удаа байсан. Манайх арван хэдэн жил оюутны байранд байв. Хүүгээ таван нас хүрэхэд улсын байранд орсон доо. Манай хоёр хүүхэд оюутны байранд өссөн. Жижигхэн өрөөнд тэр олон хүн амьдраад байдаг. Гэхдээ манай хэдэн дүү нар дуулгавартай хэмээн эзэгтэй хуучиллаа.

“Нөхрөө анх харахад ямар залуу санагдсан бэ” хэмээн хэрэгт дурлахад маань “Энэ хүн л намайг сонгосон байх, би лав сонгоогүй. Эдний аав ээж хоёр аймагт манайд очиж хадаг тавьсан юм билээ. Ээж маань “Өндөр шар хүн, намхан шар авгай хоёр ирээд хадаг тавиад явлаа, ямар учиртай юм бэ” гэж байсан. Манай буурай аав уншлагатай. Би буурай аав дээрээ өссөн. Аавын маань ээж 82 хүрсэн. Нөгөөдүүл чинь ламаас асуужээ. Би бол Ж.Болдбаатар гэж хүний тухай асууна даа. Тэр хөгшчүүл харин “Жигжидийн гэдэг айл хэр нуруутай вэ” гэж асуусан юм байна. Буурай ээж маань “Эрэгтэй тал нь амны хишигтэй айл байна” гэж ирсэн. Тэгээд боломжийн гэж үзсэн юм байгаа биз дээ. Хадам ээж ирээд явахдаа Болдоод “Айлын эрх охин гэсэн шүү, сайн хувцаслаж байгаарай” гэж хэлсэн гэдэг. Гуйгаад очихоор нь манай ээж “Ээ бурхан минь ээ, тэр хүүхдийн толгойг бид нар мэдэхгүй. Хоёр хөгшин нь өсгөсөн, зоргоороо хүн шүү. Та нар эрхлүүлж чадах юм болов уу даа” гэж л дээ. Манай ээж айлын ганц охин. Би дөрөвдүгээр анги төгстөлөө буурайгийнхаа нуруун дээр өссөн хүн дээ.

Манай аав намайг нөхөрт гарахад гурван юм захисан юм. Н.Жанцанноровын Уугантуяа хуримаа хийхэд П.Очирбат гуай, Ш.Цэвэлмаа эгч бид хэд нэг ширээнд таарлаа. Намайг үг хэл гэхээр нь аавынхаа захисныг хэлээд өнгөрсөн. Ноднин Х.Уртнасан эгчийн 70 насны ой боллоо. “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболдын авгай “Би таны хэлсэн үгийг мартахгүй, бодож явдаг” гэлээ. Би чиний ухаан санаад оршихоор юу хэлсэн юм бэ гэсэн чинь. “Та Уугантуяагийн хуриман дээр нэг үг хэлсэн дээ” гэсэн. Тэр нь аавын маань захисан үгийг хэлж байгаа нь тэр. Нэгдүгээрт, эр хүн эрэл сурал, наймаанд хэд хоногоор ч яваад ирж болно. Өөрөө л хэлэхгүй бол хаашаа яваад ирэв гэж битгий асуу. Хэзээ ирэх вэ гэж битгий асуу. Эр хүн цалин дээрээсээ хоолны мөнгө өгнө. Тэрийг нь хүргэ. Түүнээс эр хүний хэтэвчийг битгий ухаж бай, хэрүүл үүснэ гэсэн. Эмэгтэй хүн өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Би бол угаасаа үнээ малтайгаа ирсэн хүн л дээ. Аав маань бас “Эр хүнд торгон өмд өмсгөж бай” гэсэн. Манай аав агент байсан хүн л дээ. “Торгон өмд өмсгөж бай” гэсэн чинь П.Очирбат гуай “Оюунаа чи бод доо. Торгон өмд өмсдөг эр нэг муу бахиал хөлдөө шаах уу даа. Лут эр явжээ, танай аав” гэсэн юм. Аав, ээжийн сургаал миний амьдралын философийг бий болгосон. Нагац эмээ маань цай дэврэхээр “Ээ, шүтээн минь” гэдэг. Миний “Ээж шүтээн” гэдэг анхны дуу маань эндээс эхтэй. Хүн чинь уулга алдахдаа хүртэл гоё үг хэлэх ёстой юм байна. Үр хүүхэд нь сонсоод л үлддэг. Сэтгэлийн халуун угт тэр хүний ярьж хэлж байсан үг л үлддэг хэмээн С.Оюунчимэг эгч ярилаа.

“Та тэгээд аавынхаа хэлсэн захиасыг биелүүлсэн үү, нөхөртөө торгон өмд өмсүүлсэн үү” гэчихэв. “Энэ нөхөр юу гэж торгон өмд өмсөх вэ дээ. Болдоо бол маш гоёмсог, дээд зэргийн костюм өмсөнө шүү дээ. Сонинд өөдтэй өгүүлэл ч бичээгүй хүнтэй сууж байсан. Ер нь хүнийг хажуудах нь өрөмдөж, хөгжүүлж байж өөдтэй явдаг. “Залуучуудын үнэн” сонинд “Зоригийн хүмүүжил” гэдэг өгүүлэл надтай суусныхаа дараа л бичсэн хэмээн гэргий хэлсэн. Эзэгтэй биднийг сайхан айргаар дайллаа. “Одоо хэр нь Булганы Могодын айраг салахгүй. Өвөлжингөө айраг ууна. Сайхан амьдарна гэдэг санааных” гэж тэр хэлсэн юм. “Би заримдаа шөнө босоод шүлгээ бичдэг. Нөхөртөө өглөө болгон шинэ хоол хийж өгнө. Бид хоёр тав хагас гээд босдог” гэсэн.

Тэрбээр “Манай өвгөн насаараа нарийн бичигтэй явсан хүн. Компьютер шагайж хараагаа муутгахгүй, дандаа гараар бичдэг” хэмээн тайлбарлав. Эзэгтэй долоо хоногт нэг удаа бүжгэнд явдаг, нөхөр нь ч Орост төгссөн учраас сайн бүжиглэдэг байж.

Гэрийн эзэн цанын улсын нэгдүгээр зэргийн тамирчин явжээ. Боксоор хичээллэж байсан удаатай гэнэ. Эхнэр, нөхөр хоёрыг нэг орой харьж явтал хэдэн залуу замыг нь хааж, нэг нь “Зогс буудлаа” гэж л дээ. Нөхөр нь сүрдүүлэгчийг цохиод унагачихсан түүхтэй. Нөхрөө академич, том түүхч эрдэмтэн болгож “зэрэг нэмэхэд” ар тал нь болж явсан энэ эмэгтэйд ч бас тэвчээр шаардсан өдрүүд байжээ.

Нөхрөө, аспирантур, докторт сурч, олон жилээр харьд суух хооронд хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх үүрэг гэргийд ногдсон. Ямар сайндаа хүү нь багадаа “Ээж ээ, аав энэ шинэ жилээр гэртээ байх болов уу” гэж асуусан удаатай.

Эзэгтэйг багад буурай аав, ээжийнхээр нь хүүхдүүд орж гарах дуртай байжээ. Одоо ч С.Оюунчимэг эгч олонтой явдгаа “Буурай аав, ээжийнхээ буяныг хариулж байна гэж боддог” гэнэ. “Мартсан тус хүнд буян болж ирдэг” гэж буурай ээж нь хэлдэг байж. Цагаан сарын бэлтгэлээ хэдийнээс хийдгийг нь сонирхоход “Цагаан сар дуусаад л цагаан сарынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг” гэж хариулсан юм.

Харин Ж.Болдбаатар гуайгаас дуурь, кино жүжиг үздэг үү хэмээн асуухад “ Дуурь их үздэг, бөхийн хорхойтон байлаа. Бурхан багшийн өгсөн цаг, томилолтын хугацаа цөөхөн үлдсэн. Одоо цагаа хайрлаад, элдэв юманд цаг гаргаж чадахаа байсан гэлээ. Тэрбээр жилд хоёр боть ном гаргах зорилготой яваа. Түүнтэй ярилцахыг хүсэхэд маань эхэндээ завгүй гээд байсан юмсан…

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Түрээсийн орон сууц 50 мкв талбайтай, сард 200-300 мянган төгрөг төлнө

УИХын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.

Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Иргэдийг орон сууцжуулах асуудал бол төрийн бодлогын маш чухал хэсэг. 1998 онд тухайн үеийн төр засгаас орон сууцыг иргэддээ хувьчилж өгсөн. Үүний дараа төрөөс орон сууц барих чиглэлээр тодорхой ажил хийж чадаагүй. Хөрөнгө мөнгөний бололцоо ч бага байлаа. Харин хувийн хэвшлийнхэн барилга, орон сууц барьж эхэлсэн. Ингээд 2008 оноос эхлэн дөрвөн мянган айлын орон сууц, бага хүүтэй зээлийн талаар яригдаж эхэлсэн юм. 2012 оноос эхлэн бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдсэн байдаг. Ер нь 2003 оноос эхлэн банкны буюу ипотекийн зээлээр орон сууцанд орох ажил эхэлсэн юм. Тэгэхэд банкны өндөр хүүгээр буюу 16-20 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж байсан. Тэгэхээр найман хувийн хүүтэй ипотекийн зээл маань бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн болохоор 30 хувийн урьдчилгаатай, 20 жилийн хугацаатай байлаа. Ийм тогтолцоонд шилжсэнээр эхний үед сард гурваас дөрвөн мянган иргэн орон сууцтай болж байсан. Сүүлдээ сард 1200 болж буурсан байх. Үүний зэрэгцээ ипотекийн зээл авч чадахгүй иргэд бас байгааг харгалзаж үзэхээс аргагүй. Тэдэнд зориулан хүү багатай, урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад ийм жишиг байдаг. Энэ дагуу 1300 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулах үүргийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Саяхан 900 гаруй айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглахаар болсон байгаа.

Түрээсийн орон сууцны төлбөрийн нөхцөл ямар байх вэ?

-Төлбөрийн нөхцөлийн хувьд ипотекийн зээлээр байр худалдан авснаас бага байх ёстой. Иргэдэд түрээсийн орон сууцанд амьдарч байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэх боломж олгохын тулд түрээсийг бага байлгана. Иргэд маань түрээсийнхээ байранд амьдарч байх хугацаандаа бүрдүүлсэн хуримтлалаараа хувийн орон сууц руу шилждэг болно. Ийм жишиг бүх улсад байдаг. Түрээсийн орон сууцны асуудлыг төр дангаараа нуруун дээрээ авч явахгүй. Хувийн хэвшлийнхнийг түрээсийн орон сууц барих бодлогыг дэмжиж ажиллана. Өнөөдөр нийслэл, аймгийн төвд гэр хороололд амьдарч буй олон айл байна. Гэр бол манай улсын уламжлалт сууцны нэг. Гэлээ гэхдээ төвлөрсөн цэвэр устай, цахилгаан хангамжтай, бохирын шугамд холбогдсон байранд амьдрахыг ямар ч хүн хүснэ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэдний тал нь өөрсдийн амины орон сууцтай болчихсон. Тэр байшинг нь дэд бүтцээр холбох асуудал гарч ирж байгаа. Дээр нь үлдсэн 100 гаруй мянган айлын хашааны газар дээр амины орон сууц барих хөтөлбөр гэж бий. Энэ маань иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болж батлагдах ёстой. Тиймээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалт хийх ёстой.

Түрээсийн орон сууц гэхээрБуянтУхаашиг ч юм уу хороолол тусад нь босгох уу. Мөн түрээсийн орон сууц хэдэн метр квадрат талбайтай байх вэ?

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт оруулж ирэхдээ талбайн хувьд 50 мкв, нэгээс хоёр өрөө орон сууц байхаар тусгасан. Ерөнхийдөө залуу гэр бүлд зориулсан хөтөлбөр байгаа юм. Орон сууцны тухайд бие даасан байр байлгана. Энд тэнд байрлалтай бол хэрэгжүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Тиймээс нэг дор төвлөрсөн байдлаар шийдэх байх.

Зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган айлын орон сууц бий гэсэн судалгаа байна. Тэдгээр орон сууцны хорооллоос ашиглах уу, эсвэл шинээр хороолол барих юм уу?

-БНХАУ-ын “Экзим” банкнаас зээл авч баригдаж байгаа хорооллууд байгаа. Тухайлбал долоо, арвандөрөвдүгээр хороолол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа газарт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компанитай гэрээ байгуулсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилттэй буюу ТОСК-ийн барьж буй орон сууцны хороололд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдрах хугацаанд хязгаарлалт байх уу. Мөн хувь хүнээс орон сууц түрээсэлж амьдрахаас яг ямар ялгаатай байх вэ?

-Түрээсийн жишиг үнийг Засгийн газраас баталсан байна лээ. Сардаа 200-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Амьдарч буй айл мэдээж хэрэг цахилгаан, дулаан зэрэг хэрэглээнийхээ төлбөрийг төлөөд явна. Дээр нь тодорхой хэмжээний түрээсээ өгөх юм. Хувь хүмүүсээс орон сууц түрээсэлж байгаа хүмүүс зах зээлийнхээ ханшаар өндөр төлбөр төлж байгаа байх. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас түрээсийн үнэ үүнээс бага байх нь ойлгомжтой. Нэг ёсондоо 50 мкв талбайтай орон сууцанд сарын 200-300 мянган төгрөг төлөөд амьдарч болно гэсэн үг. Мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид орон сууцны түрээсийн үнэ зах зээл дээр буурах боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд хуримтлал үүсгэснийхээ дараа амьдарч буй байраа ипотекийн зээлээр худалдан авч болох уу?

-Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцанд орно. Харин тодорхой хугацааны дараа хуримтлал үүсгэсэн хойноо шинэ орон сууц худалдаж авах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний зөөлөн бодлого хумигдсан эдийн засгийг тэлнэ

Оргил үедээ 17 хувь давж байсан эдийн засгийн өсөлт 2.5 болтлоо уруудсан энэ үед гялтайх цөөхөн мэдээний нэг нь инфляци огцом буурсан явдал байв. Махны үнэ буурсан, эдийн засаг хумигдах хэрээр хэрэглээ танагдсан гэх мэт шалтгаан инфляци буурахад нөлөөлсөн юм. 14-өөс 1.9 хувь болтлоо уруудсан инфляци оны эхээр үл ялиг өснө гэсэн таамаг бий. Цагаан сар ойртсон өдий цагт өсдөг жамаараа бага зэрэг дээшлээд эргээд уруудах болов уу гэсэн төлөвийг шинжээчид хэлж байгаа. Инфляцид жин дарахуйц нөлөөтэй махны үнэ яг өдийд тэнгэрт хаддаг учраас жил бүрийн сар шинийн өмнө инфляцийн хувь дээшилдэг нь байдаг л үзэгдэл. “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд эхлэхээр инфляци эргээд өсөх байх гэх мэт болгоомжлох бас бус шалтгаан байгаа ч төв банкны байр суурийг анзаарахад инфляци огцом цойлохгүй гэсэн итгэл төрөхөөр үндэслэлүүд дуулддаг.

Өөр нэг сайн мэдээ нь ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь руу буулгах нааштай сураг. УИХ-аар одоо яригдаж буй хуулийн төслүүд батлагдчихвал зогсчихоод байгаа найман хувийн зээл тав руу уруудаж хэрэгжиж эхэлнэ, дагаад барилгын компаниуд өндийгөөд ирнэ гэсэн эерэг хүлээлт бий. Барилгын компаниудыг дагаад цемент, тоосго, арматур үйлдвэрлэгчид, цаашлуулж яривал үйлчилгээний салбарынхан дажгүй мөнгө олоод эхлэх өөдрөг зураг харагдаж байгаа. Товчхондоо орон сууцны таван хувийн хүүтэй зээл хэрэгжээд эхэлбэл эдийн засаг тэлэхэд мэдрэгдэхээр нөлөөлнө гэсэн үг. Инфляци 14 хувь байхад найман хувийн орон сууцны зээл хэрэгжүүлж болсон юм чинь 1.9 хувь болтлоо уруудсан үед ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож буулгах нь асуудал биш гэдэг бол үгүйсгэх аргагүй тайлбар. Инфляци энэ янзаараа нам дор хэвээр хадгалагдвал ипотекийн зээлийн хүү өснө гэж болгоомжлоод байх зүйлгүй л дээ.

Гэхдээ урт хугацаандаа инфляци өсөхгүй гэсэн баталгаа өгөхөд хэцүү. Зуд болбол ирэх хавар махны үнэ хаданд гарах нь ойлгомжтой. Махны үнэ өсөөд ирэхэд л инфляци цойлох эрсдэл байгаа. “Шивээ энержи” зэрэг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын том төслүүд хэрэгжээд явчихвал инфляцид нөлөөлнө гэсэн болгоомжлол сонсогддог. Гэхдээ барилгын материалуудынхаа дийлэнхийг дотооддоо үйлдвэрлээд эхэлсэн учраас инфляци өмнөх шиг огцом цойлохгүй байх бүрэн боломжтой гэсэн тайлбар бас бий. Найман хувийн зээлийг таван хувь болгож бууруулбал хүүнд төлөх байсан 12 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах боломж иргэдэд нээгдэнэ гэсэн тооцоо байгаа. Байрныхаа зээлд төлөх байсан энэ хэмжээний мөнгөөр иргэд хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Эрс багасчихаад байгаа худалдан авалт ихсэхээр хаалгаа барихдаа тулаад буй олон компанийн орлого нэмэгдэж таарна. Энэ мэт эерэг нөлөөлөл өчнөөн л дөө.

Бас нэг эерэг мэдээ бол бодлогын хүү буурсан явдал. Төв банк удаан хугацаанд 13 дээр барьсан бодлогын хүүг нэг хувиар бууруулж 12 хувь болгоод удаагүй байна. Төсвийн алдагдал буураагүй гэх мэт шалтгаанаар бодлогын хүүг хэвээр нь үлдээх болов уу гэсэн хүлээлт байсан ч Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Дор хаяж зургаан сараас нэг жилийн дотор эерэг нөлөөлөл нь мэдрэгдээд эхэлчих болов уу гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлээд эхэлчихсэн.

Бодлогын хүү буурснаар эдийн засагт ямар эерэг бодитой нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайя. Шинжээчдийн хувьд энэ шийдвэрийг эдийн засгийн мөчлөгийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого хэмээн харж буй. Төв банк бодит эдийн засгийг дэмжих үүднээс мөнгөний бодлогоо зөөллөлөө гэсэн тайлбарууд сонсогдож байгаа. Ямартай ч нэг хувиар буурсан бодлогын хүү эрс хумигдчихаад байгаа эдийн засгийг тэлэхэд голлох нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, үйлдвэрлэл хөгжинө, ажилгүйдэл буурна, үнэт цаас, бонд, банкны зээлийн хүү буурахад ч нөлөөлнө гэсэн таамаглал бий. Иргэдийн хувьд зээлийн хүү буурна гэдэг сайн мэдээ. Бизнес эрхлэгчдэд хямд хүүтэй зээл авах боломж нээгдэнэ гэдэг бас л таатай мэдээ. Засгийн газрын хувьд ч мөнгөний зөөлөн бодлого эерэгээр тусна. Төсөв алдагдалтай ийм хүнд үед бондын өндөр хүү гэсэн амар биш даваа засгийн өмнө байгаа. Бондын хүү буурвал засгийн төлөх мөнгө багасна. Хүүгийн дарамтаас тодорхой хэмжээгээр гарна гэсэн үг. Болгоомжлох нэг асуудал бий. Бондын хүү өндөр байх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөдөг. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулагчдын сонирхол буурах эрсдэлтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны зах зээлд оролцох, банкны хадгаламжийг сонирхох зэрэг өөр сонголтууд бийг эдийн засагчид онцолж буй. Хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн, арилжааны банкууд амаргүй нөхцөлд ажиллаж байгаа энэ үед харин ч эерэг нөлөөлөл болж мэдэх юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд дунд хугацаанд мэдрэгдэхээр сайжирна гэсэн таамаг голлож байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хавраас эрчимжихээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад өгсөх нь тодорхой.

Гадаад ертөнцийн хувьд эдийн засаг сайн биш байгаа. Таамаг, прогноз гаргадаг олон улсын байгууллагууд байсхийгээд л таамагласан тоогоо бууруулж байгаа нь үүний тод нотолгоо. Дэлхийн банк гэхэд л саяхан гаргасан “Дэлхийн эдийн засгийн төсөөлөл” тайландаа энэ оны дэлхийн эдийн засгийн төсөөллөө 2.9 хувь болтол бууруулсан юм. Тэд өнгөрсөн оны зургадугаар сард дэлхийн 2016 оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь гэж төсөөлж байсан юм. Тус банкны өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг “Хүмүүсийн урмыг хугалахад хүргэсэн” гэж зүгээр ч нэг онцлоогүй. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч бөгөөд тэргүүн эдийн засагч Каушик Басу “2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт төсөөллөөс дахин буурсан, 2016 он ч эрсдэлийн он болно” гэсэн гутранги үг унагаад байна. Ирэх онд хөрөнгө оруулалтын урсгал сайн биш хэвээр үргэлжилнэ гэсэн төсөөллийг Дэлхийн банк гаргажээ. Гэхдээ манай улсын хувьд Оюу толгойн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүтсэн гэх сайн мэдээ бий. Дэлхийн уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй хоёр төслийн нэг нь гэхээр Монголын эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь гарцаагүй л дээ. Манайд таатайгаар нөлөөлж болох нэг таамгийг Дэлхийн банкнаас гаргажээ. Бразил, Оросын эдийн засаг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй бол Хятад, Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өргөжин хөгжих магадлалтай байгаа гэж Дэлхийн банк харжээ. Байгалийн баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг сайн байх нь бидэнд ашигтай. Эдийн засагчид мөнгөний зөөлөн бодлогоос улбаатай эдийн засгийн тэлэлт, Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын эрчимжил зэрэг шалтгаанаар энэ оны эдийн засаг дажгүй байна гэсэн таамгийг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “Үндсэн хуулийн Цэц хувийн компани биш” ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаараас дараахь ярилцлага, нийтлэлийг онцолж тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн “Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн Цэц хувийн компани биш” ярилцлага нэг, хоёр, дөрөвдүгээр нүүрт гарлаа.

Тэрбээр:

Өнгөрөгч лхагва гаригт УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

Цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?

УИХын гишүүн Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг өргөн барих эрхгүй гэсэн Үндсэн хуулийн шийдвэр гарсан. УИХын гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш үү?

Манайд бол Цэцийн гишүүд Үндсэн хуулийнхаа дээр гараад суучихсан байна гэх шүүмжлэл байдаг. Үнэхээр ийм байна уу? гэх зэрэг Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуултуудад хэрхэн хариулсныг уншаарай.

Мөн өчигдөр удтал хүлээж, бас хэд дахин хойшилж байж хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлагаас:

Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Г.Уянга нарын гишүүд өөрсдөө хуралдаа ирээгүйгээс болж хойшилсон уу. Г.Уянга гишүүн бол ирц бүрдэхийг хүлээж байна гэсэн байна лээ?

Засгийн газар огцорлоо гэж муугаар бодоход улс төрийн нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой байх. Нийгэм эдийн засгийн хувь ч тэр, цас зудтай байгаа энэ үед улс төрийн зуд ч гэж хэлж болохоор харагдаж байна л даа? гэх асуултын хариултыг уншиж болох юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Улс орноо эрхэмлэх ёстой гишүүд амин хувийн ашиг сонирхлоо дагачихаагүй байгаа даа?” нийтлэл хэвлэгдлээ.

Харин арванхоёрдугаар нүүр сонсогч олноо ардын дууч хэмээн нэрлэгддэг. Д.Бурмаагийн ярилцлагыг хэвлэлээ. Тэрбээр “Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна” хэмээн өгүүлжээ. Мөн улсын заан С.Хүрэлбаатарын ярилцлага 13 дугаар нүүрт гарлаа. Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд эрхэм заан өнөө жилийн цагаан сарын барилдаанд П.Бүрэнтөгс арсланг түрүүлнэ хэмээн хүлээж байгаагаа ярьжээ.

Эдгээрээс гадна “Улаанбаатарын амьдрал”, “Дэлхийн мэдээ”, “Баримт, үйл явдал” зэрэг булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Зуун айл”-д гал гарчээ

“Зуун айл”-д гал гарсан байна. Энд барилгын материалын дэлгүүрүүд төвлөрдөг. Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын аврах ангийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч байгаа аж. Зуун айл орчмын зам нэлээд түгжрэлтэй байдаг учраас гал гарч байгаа дэлгүүр рүү очиход бэрхшээлтэй байсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.21/ өргөн барилаа.

Хууль санаачлагч болон Улсын Их Хуралд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байна. Мөн хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгааг хууль санаачлагч танилцууллаа.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй эсхүл, төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалтыг хуульд нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа боловсронгуй болж, Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад ач холбогдолтой гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.