Categories
мэдээ спорт

Эмэгтэй лигийн хоёр дахь тоглолт болов

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний супер лигийн хоёр дахь тоглолт Спортын төв ордонд боллоо. Лигийн анхны хожлоо аваад байсан ҮБТДС болон лигт анх удаа оролцож байгаа “Монген Хөх Толбо” багийн тоглолт болж, ҮБТДС-ийн баг 40 онооны зөрүүтэй хожлоо. Тоглолтод ҮБТДС 77:47 харьцаатай “Монген Хөх Толбо” багийг буулган авсан юм. ҮБТДС-аас Н.Түвшинтөгс 15 оноо, 19 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Б.Мичид 16 оноо, долоон самбараас бөмбөг авалт, А.Чимэгсанаа 11 оноо, Б.Хос-Эрдэнэ долоон оноо, есөн оновчтой дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт гүйцэтгэн бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлэн хожил байгуулснаар улирлын хоёр дахь хожлоо авсан байна. Харин “Хөх Толботнууд”-аас Г.Сарантуяа 12 оноо, долоон самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлжээ. Тэдний хожигдлын гол шалтгаан будагтай талбайн хамгаалалт болон бөмбөг алдалтууд их байсан аж. Тоглолтын турш багаараа 38 бөмбөг алджээ.

Categories
мэдээ улс-төр

Зарим Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах тухай саналыг өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилуулах тухай саналыг танилцуулахаар өнөөдөр өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн тухай гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай 14 дүгээр зүйлийн 3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маньбадрахын Ганболд, Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төгсжаргалын Ганди, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар нарыг тус тус эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзсэн байна. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь Дипломат албаны тухай хуульд заасан Дипломат төлөөлөгчийн газрын бүрэн эрх /7 дугаар зүйл/, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний бүрэн эрх /10 дугаар зүйл/-ийг хэрэгжүүлэн суугаа болон хавсран суугаа орондоо Монгол Улсыг төлөөлөн, харилцааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэрлэх, хоёр болон олон талын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, улс орныхоо хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгаа хийх, холбогдох байгууллагад танилцуулах, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын амралтыг сунгалаа

Нийслэлийн
1-5 ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгаж ирэх сарын 1-нээс
хичээллүүлэхээр болжээ.

Учир нь нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар
ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас
шалтгаалан бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн
юм. Энэ дагуу БШСУ-ны сайд Л.Гантөмөр хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн бага
ангийн сурагчдын амралтыг сунгахаар болсон байна. Харин орон нутгийн сурагчдын
амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулаагүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ буурчээ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос, шатахууны үнийг 100 төгрөгөөр буюу 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдсэн. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өдрөөс өдөрт унаж байгаа юм. Тодруулбал, энэ жил газрын тосны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин буурсан байна.

Энэ мэдэгдлийн дагуу зарим шатахуун түгээх компаниуд үнээ буруулж эхэллээ. Тухайлбал, M-Oil групп компани өчигдрөөс эхлэн шатахууны төрөл тутмаа 100-150 төгрөгөөр бууруулсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Марэй Кэри тэрбумтантай гэрлэх бололтой

Австралийн баячууд дотроо дөрөвт бичигддэг 4.5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй Жэймс Пакер, Америкийн поп хатагтай Марэй Кэрид гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн тухай TMZ сайт мэдээлж байна. Тэд өнгөрсөн зунаас хойш олон нийтийн өмнө хамтдаа байж ил харагдах болсон. Нью Йорк хотноо ойр дотныхоо хүмүүсийн хамт байж Кэрид сүй тавьсан Паркерын хувьд энэ гурав дахь гэрлэлт нь болох юм байна. Кэригийн хувьд ч энэ гурав дахь нь бөгөөд тэр хоёр дахь нөхөр Ник Кэнноноосоо салах өргөдлөө өгөөд удаагүй байгаа билээ. Таван удаагийн “Грэмми”-гийн шагналт Марэй Кэри хоёр хүүхэдтэй бол түүний шинэ нөхөр болох гэж байгаа 48 настай Пакер бас хоёр хүүхэдтэй юм гэнэ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Цэргийн эмнэлэг удахгүй ашиглалтад орно

Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллажээ. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт сургалтын төв, зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулжээ. Энэ ондоо багтаж хэд, хэдэн ангийн обьектод засвар үйлчилгээ, барилга байгууламж шинээр барьж байгуулах юм байна.

Ялангуяа, салбартаа хүлээлттэй, барилга гүйцэтгэгч талаас хамааралттайгаар удаашралтай байгаа Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор энэ оны эхний улиралдаа багтаж ашиглалтад оруулахаар товложээ. Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар “ХААН” банк, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн орон сууц худалдан авахад туслах зорилгоор цөөнгүй цэргийн алба хаагчдад 10 хувийн урьдчилгаа олгох асуудлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийдвэрлэсэн байна. Цэргийн алба хаагчдад зориулсан албан тушаалын 25 айлын орон сууцыг зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдан авахаар тохирчээ. Зэвсэгт хүчинд АНУ-аас “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Р.Бурмаа сайдаас уучлал гуйжээ

ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/-ын өмгөөлөгч Г.Батбаяр телевизийн ярилцлагын үеэрээ “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх гол сумын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдэгдлийг хийж байсан. Харин үүнийг нь ХХАА-н сайд Р.Бурмаагийн зүгээс гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж үзэн, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байсан.

Тэрхүү гомдлын дагуу ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярыг хариуцагчаар татан шүүх хурлыг СБД-ийн I тойргийн шүүх өмнө оны хуралдуулсан боловч хариуцагч талын өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшлуулаад байсан юм. Харин өчигдөр шүүх хурал хуралдан шийдвэрээ гаргажээ. Шүүх хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн буруугаа хүлээж, Р.Бурмаа сайдаас уучлал гуйсан байна. Ингээд ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярын “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх голын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдээлэл нь худал бөгөөд өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэж шүүхээс тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ Ашигт малтмалын газарт ажиллаж байна

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус газрын удирдлагаас гаргасан аливаа шийдвэр, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажилласан эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн орон нутагт гарч байгаа бичил уурхайн олборлолттой холбогдох гомдол, мэдээлэл зэргийг судалж байгаа аж. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж шаардлагатай тайлбар, тодруулга авах, мэдээлэл гаргуулахаар ажиллаж байгаа гэнэ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллах үеэр тус салбартай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсаар болон атг.мон цахим хуудсаар авч байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Орос, Америк, Япон зэрэг оронд цас их орох болжээ

Энэ өвөл ойрын хэдэн жилдээ хүйтрээгүйгээр хүйтэрч байгаа билээ. Хөрш зэргэлдээ ОХУ болон арлын Япон оронд ч мөн их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч эхэлсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас үргэлжлэн орж, цасны хэмжээ нэмэгдсээр байгаа аж. Их цас орсны улмаас зам тээврийн хөдөлгөөн, шугам сүлжээ, нисэх болон төмөр замын хөдөлгөөнд багагүй саад учирч эхэлжээ. Өмнө нь Москва хотын тээврийн газраас цаг агаарын байдал эрс хүндэрч буйтай холбогдуулан хотын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан байна. Одоогийн байдлаар Москвад орсон цасны зузааны хэмжээ 77 см хүрчээ.

Мөн энэ үеэр Японы ихэнх нутгаар цас орж, зарим бүс нутагт онц байдал зарлахад хүрсэн тухай “NHK” телевиз мэдээлжээ. Япон улсын Онцгой байдлын газраас мэдээлснээр Симькава мужид орсон цасны улмаас 7000 өрх цахилгаангүй болсон байна. Өчигдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнөөдрийг хүртэл хэд хоног үргэлжилсэн цасны зузаан 150 см хүрч, цасан бүрхүүл тогтсон байна. Зарим мужид 70-100 см-ийн цасан бүрхүүл тогтжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт зарим нислэгийг цуцалсан билээ.

Түүнчлэн АНУ-ын зүүн зүгийн нутгаар ойрын хоёр хоногт цасан шуургатай байна. Цасан шуурганаар АНУ-д сүүлийн 100 жилд ороогүй их хэмжээний хур тунадас унахыг цаг уурын агентлагаас нь сэрэмжлүүлжээ. Цасан шуурганы улмаас АНУ-ын таван муж улсад онц байдал зарлаж, газар болон агаарын тээврийн үйлчилгээг зогсоосон аж. АНУ-ын Мэриленд, Хойд Каролина, Пеннсилвани, Виржиниа, Вашингтон муж улсад онц байдал зарлажээ. Оршин суугчид цасан шуурганаас өмнө хүнсээ базаахаар супермаркетуудад урт дараалал үүсгэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2011 төгрөгт хүрлээ

Сүүлийн үед ам.долларын ханш хурдацтай өсөх боллоо. Өнгөрсөн долоо хоногт 2007 төгрөгөөр зарагдаж байсан доллар өнөөдрийн байдлаар 2011 төгрөг хүрчээ. Монголбанкны өнөөдрийн ханшийн мэдээгээр 2007 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” арилжааны төв дээр 2008 төгрөгөөр авч, 2010 төгрөгөөр борлуулж байна.

Харин арилжааны банкуудын ханшийг танилцуулбал: Худалдаа хөгжлийн банкинд ам.долларыг 2002 төгрөгөөр худалдан авч, 2011 төгрөгөөр борлуулж байна. Мөн Голомт, Хас банкуудад 2202, 2003 төгрөгөөр авч 2011 төгрөгөөр зарж байгаа бол Хаан банкинд 2000 төгрөгөөр авч, 2010 төгрөгөөр борлуулж байгаа ханшийн мэдээлэл байна.