Categories
мэдээ нийгэм

Багш, оюутнууд бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Барилгын политехник коллеж хамтран оюутан сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг гаргав. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үзэсгэлэнг нээж “Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа ажиллах хүчнийг манай яамны харьяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд бэлтгэж байна. Цаашид салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, тулгамдаж буй асуудлуудаа даруй шийдвэрлэж байх шаардлага тулгарч байна” гэв.

Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүс бэлтгэж буй мэргэжлийн боловсрол эзэмшигчид жил ирэх тусам чадваржиж буйг хэлж байлаа.

Үзэсгэлэнг хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогсод үзэж сонирхсон юм. Энэ зөвлөлгөөнд яам болон харьяа газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, аймгуудын хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн захирлууд оролцов.

Categories
мэдээ спорт

Котошёгикү маэгашира Тоёоношимад уналаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башё Токио хотноо 13 дахь өдрөө болж өндөрлөлөө. Монгол аваргуудыг дараалан унагаад байсан озэки Котошёгикү өнөөдөр маэгашира Тоёоношимтай барилдаж, тотари мэхээр ялагдлаа.

Энэ сарын Хацу башё тун сонирхолтой болж байна. Учир нь 2006 оны нэгдүгээр сарын башёд япон бөх түрүүлснээс хойш нэгэн арванд дахин япон бөх түрүүлж байсангүй. Тэгвэл энэ башёд япон бөх түрүүлэх боломж тун ойрхон байсаар байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Smartbe” нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээжээ

Хүүхдээ салхилуулах тун амархан болжээ. Учир нь АНУ-ын зохион бүтээгчид “Smartbe” нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээсэн байна. АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад жолоочгүй машин бүтээж, нэг хэсэг шуугиан тарьж байсан. Энэ санааг овжиноор ашиглан эцэг, эхчүүдийн нэг том ажлыг хөнгөвчлөх үүднээс ийн өөрөө явдаг тэргийг зохион бүтээжээ. Энэхүү тэрэг нь цахилгаан мотороор ажилладаг бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангаж өгсөн байна.

Тэргэн доторх чийгшил, температур тохируулагч, зам чиглүүлэх, бартаа зэргийг тодорхойлох камертай аж. Явах зааврыг өгөхөд хяналтын камераараа бартаа, саад тойрог зэргийг тодорхойлон өөрөө залуурдах юм байна. Гэхдээ энэ тэрэг нь зөвхөн шулуун зам дээр явна. Эцэг эхчүүд одоо хүүхдээ салхилуулангаа дагаж, гүйх, дасгал хийх, ядрахгүй байх бүрэн боломжтой болжээ.”Smartbe” ухаалаг тэрэг дээд тал нь зургаан цаг явах боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Зураг шаргал морьтой Зул алдар хаан” туулийг хайлна

Богд Хааны ордон музей дэх “Хаан туульсын өргөө”-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай. Өнгөрсөн 16-ны өдөр “Долоон түмэн настай Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан. Энэ удаад харин “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлах гэж байна. Туйлийг маргааш буюу нэгдүгээр сарын 23-ны бямба гаригт “Хаан туульсын өргөөн”-нд хайлах юм.

Монгол тууль 2009 онд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад ороод буй. Манай улсад өдгөө ная гаруй туулийн 270 гаруй хувилбар хадгалагдан үлдсэн гэдэг. Тууль бол Монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог том хэмжээний туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль ч байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинээс өмнө төвийн бүсийн нефтийн үнийг бууруулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар С.Бямбацогт гишүүнээс Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 30 ам.доллараас бууж 28 ам.доллар руу унасан байна. Жил гаруйн өмнө дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэг баррель нь 120 ам.доллартай байсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллийг танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав. Тухайлбал:

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр нэг баррель нь 28 доллар болсон байна. Ингэж үнэ буусан тохиолдолд дотооддоо нефтийн үнийг бууруулж чадвал маш олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр хийж байгаа ажил байна уу? гэж асуув.

Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид хариулахдаа: -Уул уурхайн яам, Газрын тосны газар үнийг тогтворжуулах, буулгах чиглэлээр байнга ажиллаж байгаа. Баруун, зүүн хязгаараа зохих хэмжээгээр буулгасан. Манай улс импортын нефтиэр хэрэгцээгээ хангадаг. Түүхий газрын тос 1.2 сая тонныг экспортолдог ч гадаадаас импортоор авч хэрэгцээгээ хангадаг. Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна. Судлаачдын зүгээс яван өснө гэсэн прогноз хийсэн. Тийм учраас боломжтой үед нь буулгах, улсын төсөвт татвараа татах зэрэг арга хэмжээ авч байна гэв.

УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл: -120 ам.долларын үнэтэй байсан нефть 28 ам.доллар руу орж буурчихаад байхад манайд буурахгүй байгаа нь олны анхаарал татаж байгаа. Тогтвортой нэрээр 1660 төгрөгөөс доош буухгүй байна. Тухайлбал, Засгийн газар нефть импортлогчдоос татвараа ахиу авах бодлого барьж байгаагаас үнэ буурахад нөлөөлж байна гэсэн яриа байна. Хэзээнээс дотоодоосоо нефтиэ хангадаг болох вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа. Онцгой албан татварыг хоёр ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа. Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний хараат байдлыг яаж өөрчлөх вэ гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажилладаг. Монголд 1 сая орчим тонн газрын түүхий тос олборлодог болсон. Хэрэгцээ харин 1.3 сая тонн байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангах болоогүй байгаа. Жижиг оврын үйлдвэр байгуулах чиглэлээр Аж үйлдвэрийн яаманд их ажил явж байна. Говьд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь хийгдэж байна. Өмнө нь нефтийн үнэ зөвхөн нэг газраас хамааралтай байсныг задалж Хятад, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орноос татдаг болсон. Урд хилээр татан авалтыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн зэрэгцээ бусад жижиг боомтоор авах чиглэлээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. Таныг би Эрдэс баялгийн сайд гэж харж байна. Гэтэл ОАТ тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. ОАТ-аар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляци 2 хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляци мах, шатахуун 2-т л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Уул уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга анхаарал тавьж байгаа. Шаардлага хангасан аж ахуйн нэгж цаад талтайгаа гэрээ хэлцэл хийгээд хямд үнээр татан авах боломж нь нээлттэй. Үнийн бодлого явуулахдаа Уул уурхайн яам дангаараа шийддэггүй. Мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагаас төлөөлөл оролцсон Үнэ тогтоох зөвлөл гэж байдаг, аж ахуйн төлөөлөл ордог. Үүн дээр ярьж санал болгосноор үнээ цааш нь яах вэ гэдгээ зохицуулдаг. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар, УИХ-д оруулж шийдүүлдэг. Хүчээр зохицуулах боломж байдаггүй.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Баруун, зүүн аймгийн нефтийн үнийг 10-15 хувиар бууруулсан. Сар шинээс өмнө төвийн бүсийн нефтийн үнийг бууруулна. Өнөөдөр Замын-Үүдэд буурч байна. Нэг тонн нефтийг 440 ам.доллараар худалдан авч байна. Өнөөг хүртэл бүс нутаг, байршлаас шалтгаалан шатахууны үнэ өндөр, нам байж ирсэн. Үүнийг зохицуулахыг эрмэлзэж байна. Баруун, зүүн хязгаарын 6 аймагт бензиний үнийг бууруулсан. Одоо төвийн аймаг, сумдын бензиний үнийг нэг түвшинд хүргэхийг зорьж байна. Төв замын дагуух жижиглэнгийн шатахууны үнэ нэг хэмжээнд очно гэж харж байгаа. Уул уурхайн яам шатахууны үнийг зөв зохистой буулгах бодлогын төлөө ажиллаж байгаа гэдгийг дахин хэлье гэв.

Categories
мэдээ улс-төр

Геодези, зураг зүйн хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр /2016.01.22/ Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Манай улсад газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ байдаг байна. Энэ бүхнийг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа ОХУ, Япон, Индонези, БНСУ зэрэг гадаад улс орнуудын ижил төстэй хууль, эрх зүйн баримт бичгийг судалсан бөгөөд төрийн нууцад хамааруулсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан байр зүйн зураг нь тусгай зориулалттай, бусад байр зүйн зураг нь нийтэд нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүх намуудыг бүртгэхээс татгалзав

Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг өнөөдөр хянан хэлэлцжээ. Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг зарим талаар хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцогч орон байх бодлого барьж ирсэн

Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө чуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангел Гурия, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий захирал Ирина Георгиева Бокова, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ёонг Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагард, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Питер Маурер, Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао, НҮБ-ын БОХ-ийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан болон Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Литва улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швейцарийн Холбооны Улс зэрэг улсуудын төрийн тэргүүн нар, Бельгийн Вант Улсын хаан, Израйл, Норвегийн Вант Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, Нидерланд, Грек, Франц, Их Британи улсуудын Ерөнхий сайд нар, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зэрэг гадаад орны төр, засгийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагын тэргүүн нартай уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн өчигдөр “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” уулзалтад оролцов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус уулзалтуудад яригдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтын ерөнхий сэдэв “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” гэсэн агуулгыг тодорхойлсон байна. Улс орнууд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж, ямар тодорхой асуудлуудыг дэвшүүлж байна вэ. Мөн манай улсын хувьд энэ талаар ямар бодлогоо эргэж харах, ямар чиглэлийн зохицуулалтуудыг хийх шаардлагатай болж байна вэ?

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэдгээ мэдээллийн технологитой холбож ярьж байгаа юм. Дэлхий дээр маш олон янзын арга хэмжээ явагдаж байдаг. Тэдгээрээс хоёрт нь Монгол Улсын хувьд их ач холбогдол өгч, идэвхтэй оролцъё гэсэн бодолтой байдаг юм. Нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблей. Хоёр дахь нь Дэлхийн эдийн засгийн энэ чуулган юм. Энэ хоёрт идэвхтэй оролцох нь Монгол Улс өөрийгөө таниулах, бусадтай холбогдох, өөрийнхөө нүүр царайг дэлхийн тавцанд танилцуулах, мөн санаа зовж байгаа асуудлуудаа ярилцах боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Таны хувьд жил бүрийн чуулга уулзалтад оролцохдоо байнга байр сууриа илэрхийлж оролцож байгаа нэг гол салбар хуралдаан бол усны чиглэлийн асуудал. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр бусад улс оронтой хэрхэн хамтарч ажиллах боломж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн гол асуудал нь уул уурхай, ус, мөн засаглалтай холбогдсон асуудал байдаг, хуулийн засаглал, авлигын эсрэг үйл ажиллагаа гээд. Энэ үйл ажиллагаануудад бид идэвхтэй оролцдог. Зохион байгуулагчдын зүгээс ч биднийг энэ хуралдаануудад урьж оролцуулдаг. Тиймээс бид үүнд идэвхтэй байр сууриа илэрхийлж оролцох ёстой. Түүнээс гадна Монгол Улс бүс нутагтаа энэ чиглэлээр яаж идэвхтэй ажиллах вэ. Жишээлбэл, усны асуудлаар энэ жил тавдугаар сард Ази, Номхон далайн бүс нутгийн усны чуулган Монгол Улсад болох гэж байгаа. Ус гэдэг бол бүх юмны эхлэл, бүх асуудлын. Дэлхий даяар хамгийн их санаа зовоож байгаа асуудал юу вэ гэж сүүлийн гурван жилд санал асуулга явуулахад дандаа ус гэж хариулж, усны хомсдол, устай холбогдсон асуудлууд ямагт нэгдүгээр асуудал болж гарч ирж байгаа. Тийм учраас устай холбогдсон асуудал манайд ч гэсэн их чухал. Хот суурин газрын ус, ашигт малтмал, хөдөө аж ахуйтай холбогдсон усны асуудал. Энэ сэдвээр маш өргөн хүрээтэй ярилцлага явагдаж байгаа. Ер нь энэ талаар цаашид Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын оролцсон өндөр дээд түвшний зөвлөл бий болгоё. Бизнес, мөн нийгэм талаасаа олон нийтийн байгууллага, нөгөө талаас төрийн оролцоотой алтан гурвалжин механизмыг идэвхтэй ажиллуулах хэрэгтэй байна гэсэн ийм санаануудыг сая ярилаа л даа. Сая бүгдээрээ харсан байх, Дэлхийн банкны Ерөнхийлөгч энд хүрэлцэн ирсэн байна, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр ирж энд асуудлаа танилцуулж байна. Эндээс усны асуудал бол дэлхий нийтийн маш том асуудал болсон нь харагдаж байгаа.

-Ер нь уул уурхайн чиглэлээр ямар тодорхой санал гаргаж байна вэ? Манай улс энэ чиглэлд онцгой ач холбогдол өгч, олон улсын тодорхой хурлуудыг зохион байгуулж байсан шүү дээ.

-Уул уурхайн хувьд ер нь хамгийн гол асуудал бол усаа эргэж ашиглахтай холбогдсон асуудал байгаа юм. Усаа ашиглаад, усны бассейныг бий болгоод, түүний 70-90 хувийг уул уурхайн үйлдвэрлэлдээ эргүүлж ашигладаг. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр асар том далан хийчихсэн, тэндээс усны хэрэглээнийхээ бараг 90 хувийг хангаад явдаг шүү дээ. Мөн говьд байгаа уул уурхайн компаниудад мөн тийм шаардлага тавьдаг. Дээрээс нь нэг шаардлага бол цэвэр ус ашиглаж байгаа бол өндөр хэмжээний татвар тавья. Цэвэр биш, ашиглачихсан, төв суурин газруудын саарал усыг ашиглаж байгаа бол татвараас чөлөөлье ч гэдэг юм уу энэ чиглэлийн санаачилга их чухал байгаа. Үүнийг бид цаашид төрийн бодлого болгож, татварын бодлогодоо тусгаж явбал их зөв байх гэж бодож байна.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг санаачлагч профессор Клаус Шваб өчигдөр Танд бараалхлаа. Энэ үеэр гаргасан нэг гол санал бол Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах асуудлыг энэ үеэр хөндлөө. Түрүүнд нь ч энэ чиглэлээр Та санал гаргаж байсан. Энэ чуулга уулзалтыг Монголд зохион байгуулснаар ямар бодит боломж бий болно гэж Та үзэж байна вэ?

– Ер нь дэлхийн улс орнуудыг бүс нутгаар нь ангилаад, эдийн засгийн чуулганыг очиж зохион байгуулдаг. Дэлхийн эдийн засгийн чуулганы зүгээс өөрсдөө ч тавьсан санал байгаа, “Монгол Улсад жишээлбэл, Зүүн Азийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж болох юм” гэж. Тэгэхээр үүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, дэд бүтэц. Хэрэв бид АСЕМ-ын чуулганыг энэ жил амжилттай зохион байгуулж чадвал бид энэ хэмжээний чуулганыг зохион байгуулах дэд бүтэцтэй болох юм. Хоёр дахь асуудал бол хамгийн гол нь тухайн орны эдийн засаг, хөрөнгө оруулалт энэ бүхэн бусдын сонирхлыг татахуйц байх ёстой. Тухайлбал, Монгол гэдэг бол сэдэв болох ёстой. Тиймээс Монгол улс үнэхээр сэдэв болох чухал ач холбогдолтой орон болж харагдах уу, үгүй юү гэдэг асуудал бий. Манай өөрийн байршил, манай өөрийн боломж, бас нийтлэг үнэт зүйл байна. Ингээд үзвэл бас энэ талаар Монгол Улс давуу талтай л даа. Энэ утгаараа энэ чуулганыг 2017 оны тавдугаар сард зохион байгуулж болох юм гэж ярилцлаа. Хамгийн гол нь бэлтгэл ажлын асуудал чухал.

-Чуулганыг зохион байгуулснаараа манайх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэдэг юм уу, эдийн засагт томоохон дэмжлэг бий болох боломж бүрдэх үү?

-Зүүн Азийн гэдэг бол зөвхөн Монголын асуудлыг ярихгүй. Зүүн Азид тулгамдаж байгаа эдийн засгийн болон бусад асуудлыг ярилцана. Гэхдээ нэгэнт хүлээж авч байгаа орны хувьд Монгол Улс өөрийн боломжийг, өөртөө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг яаж шийдэх гэж байгаагаа танилцуулах аятайхан боломж бүрдэж байгаа юм л даа. Энэ эрхийн төлөө улс орон бүр зүтгэж, санал тавьж байдаг. Тийм учраас Монгол Улс бол ер нь НҮБ, Дэлхийн эдийн засгийн чуулган гэдэг энэ хоёр байгууллагын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцогч орон байх чиглэлээр бид сүүлийн үед бодлого барьж байсан. Би хувьдаа энэ нь зөв бодлого гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж байна вэ? Ер нь гишүүдийн гаргаж байгаа үндэслэлийг юу гэж үзэж байна вэ?

-Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа. Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал. Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга. Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй. Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй. Одоо эдийн засгийн байдал хүнд байна, ард иргэдийн амьдралын байдал хүнд байна. Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл. Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашгирч, хашгирчихаад, түүнийг бий болгочихоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл. Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй. Ер нь энэ чиглэлээр бид хууль, эрх зүйн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон. Цаашид энэ асуудалд бүтээлчээр хандах хэрэгтэй болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр /2016.01.21/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаа 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэхээр байна. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарчээ.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшиний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“МИАТ-ийг ажилчдаа хохироосон гэж үзэв

“МИАТ” компани ажилчдаа хохироосон гэж үзэн, тус компанийн ууган ажилчид мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр “Жи Ти Эм Жи Эл” компанийн захирал Б.Пүрэвтогтох “МИАТ” компани ажилтнуудынхаа ажлын байрыг булааж байна гэв. Тус компанийн ажилтнууд “МИАТ” компанийн Хангамж үйлчилгээний хэлтэст тасралтгүй 15-25 жил ажилласан юм байна. 2014 оны есдүгээр сард тэд Засгийн газрын 147 дугаар тогтоолоор цомхотголд оржээ. Хуулийн этгээд болсноор ажлын байраа хадгалах боломжтой гэсний дагуу “Жи Ти Эм Жи Эл” компанийг байгуулсан аж. Ингэхдээ ажил үйлчилгээний гэрээгээр бус түрээсийн гэрээ хийсэн нь компанийнхан хохирох эхлэлийг тавьжээ.

Харин “МИАТ” компанийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргал эл мэдээллийг үгүйсгэв. Тэрээр хэлэхдээ “Жи Ти Эи Жи Эл” компани анхан болон давж заалдах шатны шүүх дээр заргаа алдсан. “Жи Ти Эм Жи Эл” компанийн ажилтнуудын асуудлыг шууд “МИАТ” компанид хамаатуулах нь учир дутагдалтай гэсэн юм.

“Жи Ти Эм Жи Эл” компани нь “МИАТ” компанийн нэгдүгээр давхрын зоогийн газар нисэх бүрэлдэхүүн, ажилчид болон бусад үйлчлүүлэгчид хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг ажээ. Компанийнхан эрх ашиг нь зөрчигдөж буй талаар Зам тээврийн яам болон “МИАТ” компанийн удирдлагад өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хүргүүлсэн аж. Cалбарын сайд он удаан жил ажилласан хүмүүсийн эрх ашгийг хангаж, ажлын байрны гэрээг сунган, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар мэдэгдсэн байна. Гэвч “МИАТ” компани сайдынхаа үгийг үл тоомсорлосон гэж хэвлэлийн хурал хийгчид үзэж байгаа юм байна.

О.Нямсүрэн