Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон замыг чөлөөлсөн байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч орон нутагт цасан шуурга шууран
зарим чиглэлд замын үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тухай бид
өмнө нь мэдээлсэн билээ. Өнөөдөр Улаанбаатараас Чойр чиглэлийн замын
зарим хэсэг цасанд боогдсон байсныг Налайх дүүргийн АЗЗА-н ИТА-ууд
цэвэрлэж, саадгүй болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл маргааш дуусна гэв

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш дуусах гэж байна.
Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер,
ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.

Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн
үүрэгтний үнэмлэх /байхгүй бол хоёр хувь цээж зураг /, ажлын газрын
болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд
ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00
цагийн хооронд очиж бүртгүүлэх юм.

Тиймээс тогтсон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж, иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

Нийслэлийн
Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг
угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын
нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион
байгуулна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах
Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын
08-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа
зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний
бүтээгдэхүүний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангуулах арга хэмжээ
авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж буй байршлууд.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 24 градус хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.

2016 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий, Завхан голын эхээр 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газар болон 22-27 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 22-24 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 31 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 887 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ цаг-үе

​Ө.Ганзориг: Оюу толгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес энэ жилийг давахгүй

“Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг багасгах асуудал ид яригдаж байна. Хямд хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжих бодитой боломж эдийн засагт байгаа юу?

-Ажиглаж байхад энэ асуудал дээр маш олон тал байр сууриа илэрхийлж байна. Янз бүрийн өнцгүүд ч гаргаж ирж байх шиг байна. Зарим тохиолдолд бүүр орон сууцны зээл хэрэггүй ч гэх хүмүүс байдаг. Юуны өмнө иргэдээ орон сууцтай болох боломжоор хангах нь аль ч төрийн үүрэг. Гэхдээ тэр орон сууцыг төрөөс өгдөг социалист эдийн засаг нуран унаж иргэн өөрийн хөдөлмөрийн үр шимээр орон сууцаа худалдан авдаг чөлөөт зах зээлт, ардчилсан нийгэм шалгарч үлдээд байгаа гэж би ойлгодог. Орон сууцны зээл буюу моргэйж, эсвэл ипотек гэж нэрлээд байгаа энэ зүйл бол чөлөөт эдийн засаг дахь шалгарсан санхүүгийн механизм гэдгийг юуны өмнө ойлгох ёстой. Энэ утгаараа моргэйжийн хүүг буулгах нь аль ч төрийн, төв банкны, арилжааны банкны зорилго байдаг. Манайд 2004, 2005 оноос буюу нэлээд хожуу банкны моргэйжийн бүтээгдэхүүн гарч эхэлсэн. Гэхдээ банкуудын эх үүсвэрийн өртөг их өндөр тул хүү нь өндөр байсан. Найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд 15 орчим хувийн хүүтэй моргэйжээ найман хувийн зээлд хөрвүүлсэн. Шинээр маш олон мянган хүн орон сууцтай болж чадсан давуу тал бий. Одоогийн байдлаар 76 мянган өрх моргэйжтэй байна. Сүүлийн гурван жилд гурав дахин өссөн гэсэн үг.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж шийдвэр гаргах түвшинд яриад эхэлчихсэн. Гурван хувиар буулгах боломж бүрдсэн үү, ингэж буулгасны сул болон давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Америкт моргэйжийн хүү жилийн дөрвөн хувьтай, Японд 1.5 хувьтай байна.Тэдний төв банкны бодлогын хүү ердөө тус тус 0.5 болон 0.1 хувьтай байгаа. Нөгөө талд Оросын дундаж моргэйж 12 хувьтай байхад Оросын төв банкны бодлогын хүү 11 хувь байх жишээтэй. Манайд харин бодлогын хүү 12 хувь байхад моргэйж найман хувийн хүүтэй байгаа. Моргэйжийн хүүг таван хувь хүртэл буулгах эсэх асуудал ярьж байна. Гол нь зөв нөхцөл байдлыг бүрэлдүүлэх нь чухал. Монголд зээлийн хүү маш өндөр байна. Зөвхөн моргэйж гэлтгүй бүхий л төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг Монголбанк дангаараа шийдэж чадна гэж бодохгүй байна. Юуны өмнө зээлийн хүү өөрөө банкуудын эх үүсвэрийн хүүн дээр суурилж гардаг. Хадгаламжийн хүү 10, 12, 15 хувьтай байхад бид зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь тун хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Эх үүсвэрийг хямд, олдоцтой болгох чиглэлээр засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд ч гэсэн энэ тал дээр маш хариуцлагатай байх ёстой.

-Орон сууцны зээлийн эх үүсвэр манайд байна уу?

-Эх үүсвэр дотоодын болон гадаадын зах зээлээс орж ирдэг. Дотоодын зах зээл бол мэдээж хязгаарлагдмал. Харин гадаад зах зээлд мөнгө хангалттай их байна. Гэвч манай нэр хүнд маш хангалтгүй байгаа учраас гадаадаас хямд эх үүсвэр орж ирэхгүй байна. Монголын банкууд, компаниуд гадаад зах зээлээс зээл, хөрөнгө оруулалт татсан бол чадах чинээгээр ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл Монгол Улсын нэр хүндийг унагаахгүй байх чиглэлд бүх чадлаа дайчилж ажилладаг. Харин нөгөө талд нь улстөрчид судалгаа тооцоогүй, алсыг хараагүй, эсвэл эрх мэдлийн төлөө буруу шийдвэр, буруу популизм хийж гадаад зах зээлийг хааж байна. Тийм учраас би зээлийн хүүг бууруулах асуудалд зөвхөн арилжааны банк, Монголбанк, Засгийн газрыг яриад өнгөрвөл туйлын өрөөсгөл болно гэж үздэг. Найман хувийг таван хувь болгож бууруулах төлөвлөгөө гаргаад, бүгдээрээ хичээгээд ажиллах хэрэгтэй. Тэрнээс чадна, чадахгүй гэж бид хичнээн олон жил мэтгэлцээд ч найман хувь тав болж буурахгүй. Эдийн засгийн суурь нөхцөл байдлууд хүндхэн байна. Түүнийг засах, залруулах, өмнөх алдаагаа давтахгүй байх, өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлэх тал дээр анхаармаар байна.

-Орон сууцны бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гол суурь нь 1.9 болтлоо буурсан инфляци гэж байгаа. Инфляци өсвөл зээлийн хүү өснө гэсэн үг үү?

-Инфляциас хадгаламжийн хүү өндөр, хадгаламжаас зээлийн хүү өндөр байдаг. Ийм л энгийн зүй тогтолтой. Инфляцийг бууруулах ачааг Монголбанкинд даатгаж хаячихаад өөрсөө дор бүрнээ дуртай зүйлээ хийдэг хариуцлагагүй байдлаа одоо зогсоох ёстой. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляцийг жилийн 2-3 хувь дээр тогтвортой барих ёстой. Тэгэхийн тулд улстөрчид маш өндөр хариуцлагыг өөр дээрээ авах ёстой байна. Инфляцийг яагаад буулгаж чадсангүй вэ гээд Монголбанкныхныг загнаж байгаа харагддаг. Тэр асуултыг өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байсан цаг үе бидэнд байсан. Одоо таг алга л болсон. Хэн хариуцлага хүлээх талаар ярьж байгаа зүйл ч алга байна.

-Инфляци өсөх ямар эрсдэлүүд байгаа вэ?

-Бид нийлүүлэлтийн сувгаа нээлттэй байлгаж, эдийн засгаа төлөвлөж чаддаггүй учраас эдийн засагт гэнэт огцом мөнгө орж ирэхээр инфляци савлаж өсчих гээд байдаг тал бий. Мэдээж зөв тооцоолохгүй, бэлтгэлгүй байвал Оюу толгойн төслийг дагаж орж ирэх хөрөнгө оруулалт инфляцийг өсгөх эрсдэлтэй.

-Бодлогын хүүг бууруулсан нь хэр цагаа олсон шийдвэр бол?

-Бодлогын хүүг харин ч хоцорч буулгалаа гэж би бодож байгаа. Одоо зах зээлд мөнгө хэрэгтэй байна. Засгийн газар төсвийн тэлэх, Монголбанк мөнгөний тэлэх бодлого явуулах цаг болсон. Эдийн засгийн хүндрэл даамжирч хямрал болоход ойрхон байна. Хямрал гэдэг бол компаниуд аргагүйн эрхэнд хүмүүсээ үй олноор нь халж эхлэх явдал шүү дээ. Түүнийг л хямрал гэдэг. Миний харж байгаагаар манай компаниуд сүүлчийн хүчээ шавхаж хүмүүсээ ажилтай нь үлдээх гэж зүтгэж байна. Энэ процесс их удаан үргэлжлэхгүй зовлон бий.

-Оюу толгой төслийн гүний уурхайн санхүүжилт энэ жилээс орж ирж байгаа. Эдийн засагт яаж нөлөөлнө гэж та харж байна вэ?

-Энэ оны хувьд Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтэд л найдаж байна. 2014, 2015 онд Монголын Засгийн газар өмнөх онуудад гарсан алдааг засах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гэж нэлээд оролдсон. Амжилт олсонгүй. Эндээс харахад хөрөнгө оруулагчид бодитой үйлдэл, бодит өөрчлөлт харахыг хүсч байна л даа. Ер нь бол бид чөлөөт зах зээлийн зүй тогтлыг, глобал зах зээлийг ойлгох болоогүй байна.

-Оюу толгойг дагаж гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Сэргэнэ. Гэхдээ бидний бодсон шиг хурдан байхгүй нь. Манай хууль эрх зүй, улс төрийн шийдвэр гаргалт, улстөрчдийн боловсрол нь өөрөө чөлөөт зах зээлийг дэмжиж, хамгаалж, гадаадын ч бай дотоодын ч бай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгаж чадна гэдгийг бид бодитоор харуулах хэрэгтэй.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь, 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт орж ирэх нь арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Оюу толгой болон бусад төслүүдтэй холбоотойгоор арилжааны банкуудад эерэг дүр зураг үүснэ гэж ойлгож байгаа. Хэд хэдэн хэмжүүр байгааг бид анхаарах хэрэгтэй.Хэрэв бид Оюу толгой болон Таван толгойгоо хөдөлгөхгүй бол тэртэй тэргүй хангалттай дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнесүүд 2016 оныг давахгүй. Түүнээс болж банкны салбарт хүндрэл үүснэ. Нөгөө нэг хэмжүүр нь банкуудын хөрвөх чадвар юм. Монголбанкны зүгээс хөрвөх чадварын шалгуурыг 2009 оноос хойш өсгөсөн учир Монголын арилжааны банкууд сайн хөрвөх чадвартай байгаа гэдгийг хэлмээр байна.

-Оюу толгой дангаараа биш өөр мега төсөл амжилттай хэрэгжиж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурь бий. Жишээ Таван толгой. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Таван толгой бол Хятадын зах зээлээс хамгийн их хамааралтай төслүүдийн нэг. Тэр ч утгаараа бид Хятадын зах зээлийг анхааралтай ажиглах ёстой. Юмны үнэ тогтмол байдаггүй гэдгийг улстөрчид одоо эрх биш ойлгосон байх гэж найддаг. Тийм учраас бид Таван толгойн төслөө одоо шийдэж байх ёстой. Үнэ өссөн хойно нь шийдэх гэж мунгинаж байх хооронд нүүрсний үнэ эргээд унана. Нүүрсний үнэ өсөх болно, бас унах ч болно. Тийм учраас бид нүүрсний үнэ өндөр, бага байх бүх нөхцөлийг хангасан уян хатан гэрээг хөрөнгө оруулагчидтайгаа байгуулаад Таван толгойгоо хөдөлгөх ёстой. Оюу толгой гэсэн ганцхан төслөөс хамааралтай байх нь бидэнд л муу.

Categories
мэдээ цаг-үе

Гиннест хоёр удаа бичигдсэн “Роллинг Стоунз”

Английн рок хөгжмийн алдарт “Роллинг Стоунз” хамтлагийг гишүүд болох Мик Жеггер ч биш, Кейт Ричардс ч биш харин менежер Эндрю Олдэн байгуулсан юм. Тэрбээр “Хэрвээ “Битлз” байгаа л юм бол “анти-Битлз” байх л ёстой” гэж үзжээ.

“Битлз” хамтлаг костюм өмсөн зангиа зүүж “Би чиний гараас атгамаар байна” хэмээн дуулж байсан бол Роллинг стоунзчууд зүгээр л, “Би чамтай загас наадуулмаар байна” гэж дуулах хэрэгтэй байв. Э.Олдэм өөрийн сэдсэн санаагаа 1962 онд биелүүлж чадсан юм. Хамтлагийн нэр хүнд тэр даруйдаа гайхалтай өсч, 1960-аад оны дунд үе гэхэд Европ, Хойд Америк даяар шүтэн бишрэгчидтэй болсон байлаа. 1965 оноос тэднийг дэлхий даяар мэддэг болж, 1970, 1980, 90-ээд он хүртэл байлдан дагуулав. Өдгөө ч тэдний шүтэн бишрэгчид, фэн клубийнхэн хэдэн зуун саяар тоологдоно.

Тэд “Гитар барьсан дээрэмчид”, “Урт үстнүүд” гэх цол гуншинг шүтэн бишрэгчдээсээ хүртсэн байна. Гэхдээ хамтлагийнхан гитар барьсан “танхайчууд” гэхээсээ илүү ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн, сэхээтэн айлын хүүхдүүд байв. Басс гитарчин Билл Ваймен, бөмбөрчин Чарли Ваттс хоёр хангалуун айлын хүүхдүүд, гоцлол дуучин, төгөлдөр хуурч Мик Жаггер Лондонгийн эдийн засгийн сургуульд сурдаг, гитарчин Кейт Ричардс Дартфордын уран зургийн сургуульд сурдаг байж. Харин сүүлд хамтлагт нэгдсэн Брайн Жонс хамтлагийнхаа ганц сахилгагүй нь байв. Тэр шуудангийн хайрцаг шатаах хоббитой байжээ. “Роллинг”-чуудаас хамгийн олон хүүхэн сольсон “Дон Жуан” нь Билл Ваймен байсан аж. Хамтлагийн тоглолт бүрт хэл ам таталж, очсон хот бүртээ зочид буудалд зодоон үүсгэдэг байжээ.

Уран бүтээлийн хувьд “Роллинг Стоунз” хамтлагийнхан 1964 оныг хүртэл америк маягийн блюз тоглож, Чак Берри, Бо Дидли нарыг шүтдэг байжээ. Анхны синглээ 1963 оны долдугаар сарын 7-нд, анхны цомгоо 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан. 1967 оноос “Роллинг Стоунз”-ын урын сан дан өөрсдийнх нь дуунуудаас бүрдэх болжээ. Түүхэндээ хамгийн олон цомог борлуулсан хамтлагуудын нэг нь тэд юм. Ойролцоогоор 200 сая цомог борлуулсан хэмээн тэмдэглэгджээ.

Флоридад тоглолт хийж явахад нь Кейт Ричардсын зүүдэнд нэгэн гитарын аялгуу орж иржээ. Түүний сэтгэл маш их хөдөлж, хөнжлөөсөө суга үсрэн босоод, магнитофондоо тэр аялгууг бичиж авсан гэдэг. Эцэст нь дэлхий нийтээр мэдэх болсон “Satisfaction” дуу нь төржээ. Энэ дуу “Роллинг Стоунз” хамтлагийнхантай үргэлж цуг байдаг үнэнч фэнүүдийнх нь сүлд дуу болсон юм.

1965-1966 онд “Роллинг Стоунз”-ын “алтан үе” эхэлж, анхны хит дуунууд нь төрсөн байна. “Lady Jane”, “Under my thumb” зэрэг алдартай дуунууд нь багтсан “Aftermath” цомог нь гайхалтай амжилтад хүрчээ. Хамтлагийнхан ч дэлхийн рокийн шилдгүүдэд тооцогдох болсон юм.

Дараа нь хар тамхитай холбоотой түүх эхэлж, Мик, Кейт хоёрыг таван жил шоронд хорихдоо тулжээ. Гэвч шүүх тэдэнд арай зөөлөн хандсан юм. Алдарт “The Time” сонин өөрийнхөө нийтлэлээр хөгжимчдийн талд орсон байлаа. Шүүх хурлын төгсгөлд Кейт “Би та нарын доройтсон ёс суртахууныг жигшиж байна” гэж хэлснийхээ төлөө 500 фунтээр торгуулсан аж.

1967 онд “Their Satanic Majesties Request” гэдэг содон нэртэй цомог гаргасан ч тийм их амжилт олсонгүй. Энэ үе “Роллинг Стоунз”-ынхонд цочрол өгчээ. Тэдний урын сангаас энгийн блюз үгүй болж, энэ нь “психоделик” (сэтгэл зүйн) рокийг туршиж эхэлснээс нь тодорхой харагдаж байв. Блюзыг психоделик роктой хослуулж чадсан тод жишээ нь “Beggars Banquet” (Гуйлгачдын найр) цомогт нь орсон байлаа. Энэ цомогт нь орсон “Symphathy for the Devil” (Шуламд татагдсан нь) дуунаасаа болж дахиад л сатанизмыг сурталчилсан гэж буруутгагджээ. Энэ үед Брайн Жонсын эрүүл мэнд эрс доройтож, тайзан дээр энгийн аккордуудыг ч авч чадахгүй, бүр хөл дээрээ ч тогтохоо больсон байлаа. Эцэстээ “Роллинг Стоунз” ч тэвчихээ байж, Мик Тейлороор түүнийг орлуулжээ. 1969 оны зургадугаар сарын 9-нөөс тэр хамтлагийн албан ёсны гишүүн болсон байна. Харин сарын дараа Брайн Жонсыг усан санд нас барсныг олсон нь шуугиан тарьж байв. Түүний оршуулганд Билли, Чарли хоёр л ирсэн гэдэг.

1969 оны арванхоёрдугаар сард “Роллинг Стоунз” хамтлагийн нэгэн тоглолтон дээр харамсалтай үйл явдал болсон нь тэдний уран бүтээлд удтал үргэлжилсэн, “хар тамхи”, “шулам”-ыг сурталчлахад нь цэг тавьжээ. Лос-Анжелесийн ойролцоох Алтамоне хотод болсон тоглолтон дээр “Шуламд татагдсан нь” дуугаа дуулж байхад нь хамтлагийн фэн, 18 настай хар арьст залууг хамгаалагч нар зодсоор алж орхисон байна. Гол буруу нь хамтлагийнханд тохогджээ. Тэр үед хамтлагийн гишүүн Кейт Ричардс “Yнэхээр аймаар юм болсон. Түүнийг алж байхыг бид харсан хэдий ч юу ч хийж чадаагүй” гэж ярьж байж.

Ийнхүү 1970 оны эхэн үеэс “Роллинг Стоунз” хамтлагийн шинэ хувьсгал эхэлсэн. Эхлээд тэд Францад очиж “Decca” фирмтэй гэрээ байгуулж, өөрсдийнхөө “Rolling Stones Records” студиэ ч байгуулжээ. Энэ студидээ бичсэн анхны цомог “Sticky Fine”-даа тэд гаднаас хөгжимчид урьж оролцуулсан байлаа. Энэ үед “Роллинг”-чууд бичлэгтээ Рэй Кудер, Эл Купер, Билли Престон зэрэг олон рок одыг урьж байжээ.

Мөн энэ үед “Rolling Stones records” фирмийн алдарт лого болох урт улаан хэл унжуулсан зураг гарчээ. 1970-аад оны эхээр “Роллинг Стоунз” олон цомог гаргаж байв. Эхлээд “Exile on main street” /1972/ цомог гарсан нь блюз, кантри аялгууг нэлээд хэрэглэсэн болохоор Америкт гайгүй амжилт олжээ. Дараа нь “Goat’s head soup” цомгоо гаргаж, “Angie” дуу нь хит болсон байна. Сүүл рүүгээ хөгжимчид уран бүтээлийн хямралд орж эхэлжээ. Удалгүй тэдний тоглолтыг зөвхөн мөнгөтэй хүмүүс үздэг болж, гишүүд ч өөрсдөө саятангуудын тоонд бичигдсэн байв. Мөн Билл Уаймэн бие даан “Monkey Grip” цомгоо гаргаж, Мик Тейлор хамтлагаа орхисон нь тэдний дунд ан цав, маргаан үүсгэх болсон аж. Тэр 1974 онд гаргасан “It’s only Rock-n-Roll” цомгийн бичлэгийн дараа хамтлагаасаа гарчээ. Дахиад л шинэ гитарчин хэрэгтэй болж Рон Вудыг хамтлагтаа авсан байна. Тэр 1974 оны арванхоёрдугаар сард хамтлагийн албан ёсны гишүүн болжээ.

1970 оны сүүлч 80-аад оны эхэн үе бол тус хамтлагийн уналтын үе байлаа. Энэ үед тэдэнд олон таагүй үйл явдал тохиосон юм. Мик эхнэрээсээ салж, Ричардс хар тамхины хэргээр шүүхдэх болсон байна. Эцэст нь Мик Жеггерийн олон жил үерхсэн Жон Леннон Нью-Йоркт алуулсан байв. 1980-аад онуудад шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ийн тухай “элэгдсэн чулуу” гэж бичицгээж байлаа.

Гэвч хөгжимчид бууж өгсөнгүй. 1980-аад онд хоёр том аялан тоглолт зохиосон нь 1981 оны намар АНУ-д, 1982 оны зун Европт хийсэн тоглолтууд нь байсан юм. Тоглолтууд ч амжилттай болж, тасалбар нь аль эрт борлогджээ. Мөн 1982-1984 оны үеүдэд хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл хийх болжээ. Гэвч 1986 онд “Роллинг Стоунз”-ынхон ” Dirty Work” цомгоо бичүүлэхээр нэгдэцгээжээ. Бичлэгийн үеэр Мик, Кейт хоёр студид тус тусдаа орж бичүүлж байлаа. Хамтлагийнхан тэдэнд аль алинд нь адилхан л хандахыг хичээцгээж байжээ. Юутай ч тэр үед “Роллинг Стоунз” тарсангүй.

“Still Wheels” цомгоо Барбадос арал, Испани, Англид бичүүлсэн нь тэдний “эвлэрлийн аялал” болсон байна. “Роллинг Стоунз” рок-н-роллын агуу хамтлаг гэдэг нэр алдраа сэргээсэн юм. Үр дүнд нь цомог амжилттай болж олон хит дуу нь төрсөн билээ.

Харин тэдний “Urban Junfle Tour” аялан тоглолт нь хамгийн урт удаан үргэлжилснээрээ Гиннесийн номд орсон юм. Аялан тоглолт хоёр жил үргэлжилжээ. Дашрамд дурдахад, “Роллинг Стоунз” хамтлаг 34 алт, 15 цагаан алтан цомгийн эзэд болсноороо мөн Гиннесийн номд бичигдсэн байна.

Аялан тоглолтынхоо үр дүнд тэд “Flashpoint” концертын цомгоо гаргажээ. Хамтлаг дахин тарахад хүрэв. Гэхдээ энэ удаа ямар ч хэрүүл маргаан байсангүй. Тэдэнд өөр өөрсдийн төлөвлөсөн ажил байжээ. Мик Жеггер эртний найз бүсгүй Жерри Холлтой хоёр дахь амьдралаа зохиосон байлаа. 1990-ээд онд ээлжит цомгийн бичлэгийн өмнөхөн, Билд Уайтмэн хамтлагаа орхихоо мэдэгдсэн ч бусад нь сөргөөр хүлээж аваагүй байна. 30 жил аргил гитар тоглосон тэрбээр нас нь явснаа мэдэрчээ. “Роллинг Стоунз” байнгын аргил гитарчинтай болох гэж эрж хайсангүй. Аялан тоглох бүрдээ гадны хөгжимчдийг урьж байлаа. Тэдний дотор Стинг, Дэриэл Жонс нар орж байв. Тэр үеэс “Роллинг Стоунз” дөрвөл болсон юм.

“Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсан шинэ цомог “Woodoo Longeneses” нь 1994 онд гарчээ. Цомгийн хөгжим маш сайн болсон байлаа. Шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчид ийм хөгжмийг 1971 оноос хойш сонсож байсангүй” гэж бичжээ. Энэ цомгийг нь “Ашиг орлого өчүүхэн ч горилоогүй, жинхэнэ блюз цомог” гэж хэвлэлүүдэд тодорхойлсон байна.

1994 оны гол үйл явдал нь аялан тоглолт, мөн “Роллинг Стоунз”-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунууд нь орсон “The Very Best” түүвэр хос цомог гарсан нь байв.

“Bridges to Babylon” цомгоо бичүүлж байх үед шөнийн нэг цагт гитарчин Рон Вуд гэнэт эрч хүч орсноо мэдэрч, орноосоо босоод студи рүүгээ гүйжээ. Шөнөжин ажиллаад тэр өглөө нь продюсерээ орж ирэхэд “Та хэн бэ” гэж нүдээ нухлан асууж байсан гэдэг.

1997 онд бичүүлсэн “Bridges to Babylon” цомог нь “Роллинг Стоунз” стильдээ үнэнч гэдгийг дахин баталсан юм. “Мик, Чарли, бид гурав амьд байгаа цагт “Роллинг Стоунз” байх болно” гэж Кейт Ричардс хэлсэн удаатай билээ. Тус хамтлагийг 2008 онд “Billboard”-ын сэтгүүлд бүх цаг үеийн 100 шилдэг уран бүтээлчээр тодорхойлсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол өв соёлын дархлаа болсон үндэсний бөхийг бөхчүүдээр удирдуулж болохгүй

Монгол бөх бол Монголын ард түмний бий болгосон өв соёлын дархлаа юм. Улс үндэстэн оршин тогтнож буй нөхцөлд түүх соёл, ёс уламжлалынх нь илэрхийлэл болж ирсэн монгол бөх устаж мөхөх ёсгүй. Харин ч цаг үеэ даган хөгжин дэвшиж, шинэчлэгдэхийн зэрэгцээ тухайн үндэстний хөрс суурь, онцлогоо хадгалж байх учиртай. Тэгэхээр бөх гэдэг зүгээр нэг барилдаж ноцолдож, зугаагаа гаргаж, хообийгоо дарж явдаг хэдэн нөхдийн асуудал биш гэдэг нь ойлгомжтой юм.

Бөхчүүд эрт дээр үеэс монгол соёлын өв тээгчид байсаар ирсэн. Бөхийн дэвжээ ариун байж, бузартах ёсгүй гэдэг нь тэнд ноцолдож байгаа хэдэн нөхдийн бузартах эсэхтэй огтоос хамаагүй зүйл.

Энэ бол монгол үндэсний дархлаа бат бөх байж улс гүрэн хүчирхэг оршин тогтнохын үүднээс хэлсэн өвгөдийн билигт үг юм. Мөн монгол бөхийн хийморь биднийг ивээг гэдэг нь монгол эрийн хийморь лундааг оршоосон жудаг ёс, түүхээ дээдлэхийн утга болохоос авлига хээл хахууль, алив муу муухай зүйлд автаж, иртэй чадалтайдаа эрдэж эрдэм оюун, хүний мөс чанарыг доогуур үзэх болсон хөлстэй хэдэн нөхдийн ард түмнийг ивээх асуудал бүрчиг биш билээ. Өнөөдөр монгол үндэстний соёлын дархлаа алдагдахад хүрч, хамгийн бат бөх байх үнэт баялаг маш хэврэг болжээ. Үүнд соёлын өв тээгчид болох бөхчүүд буруутай, өөр хэн ч биш. Тэд соёлын өв тээгчид гэдгээ ухамсарладаггүй, үүрэг хариуцлага гэдгийг мэддэггүй, төр түмний хайр хүндэтгэлийг үл умартаж, Монголын ард түмний зуун зуунд бий болгосон ёс уламжлал руу эрээ цээргүйгээр нулимж эхэлсэнтэй нь холбоотой.

Бөхчүүдийн бүтээсэн баялаг, үнэт өв гэж алга байгаа нь үүний баталгаа юм. Мөн үндэсний соёлоо цэвэр ариунаар нь хадгалж үлдэхийн оронд ир бяр, алдар нэрээрээ дулдуйдаж популист үйл ажиллагаа явуулах болсон нь аймшигтай. Хэдэн халтар цааснаас болж хий хоосон эх орончдын дүр эсгэн бөхчүүд гудманд төр түмнийхээ эсрэг “улилдаж” эхлэх юм бол өнөө үндэстний дархлаа бүр шалдаа буух аюулд хүрнэ. Монгол төрийн алтан хэлхээ гэдэг шиг монгол ёс уламжлалыг амин хэлхээ үндэсний бөхийн ертөнцөд алдагдаж байна уу даа гэх гунигт бодол төрөх боллоо. Ардын хувьсгалаас хойших бөхийн уламжлалын аваад үзье. Домог болсон хүчтнүүдийн нэг Буур Жамъян аваргыг бөхийн ертөнцөд дагуулж ирж, төрийн наадамд зодоглуулсан хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. Вандан аваргаас бөхийн ёс жаяг, уламжлалыг авч үлдсэн хүн Буур аварга байх нь. Буур аваргын дараа тодорсон хүчтэн бол Бадамдоригийн Түвдэндорж аварга юм. Түвдэн аваргыг Баянаа аварга “Миний багш” хэмээн хүндэтгэн дээдэлж бөхийн ариун голомтыг нь авч үлдсэн түүхийг бид мэднэ. Бөхийн уламжлал ингэж явсаар хоёр Мөнхөөр дамжиж, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргуудаар үргэлжилж Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын аваргуудтай золгосон. Сүхбат Баянмөнхийн шавь, Өсөхөө Мөнхбатын шавь. Өсөхөөг бүр багад нь Буур аварга захиж үлдээснийг Мөөеө аварга хэлдэг. Тэгэхээр Буур Жамъян хийгээд “Их Монгол” Шаравжамц нарын аваргуудаас улбаатай бөхийн уламжлал гэж айхавтар нарийн зүйл байжээ. Тэрхүү нарийн дэг жаяг, дархлаа өдгөө С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын үед алдагдахад хүрлээ. Үүнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар буруутай. Энэ нөхөд монгол ёс уламжлалын амин хэлхээг дараагийн аварга цолтой бөхчүүддээ хүлээлгэн өгч чадаагүй нь мэдрэгдээд байна. Сүхбат, Сумъяа, Өсөхөө энэ хэдэд Бат-Эрдэнэ аварга хэрхэн нөлөөлсөн бол гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Зулайг нь гишгэж төрсөн гэдэг шиг ар шилийг нь дарж гарч ирсэн Сүхбат тэр хоёрын дунд эвтэй найртай байдал эхэн үедээ харагддаггүй байсан. Тэрсэлдсэн, толхилцсон тийм л байдалтай байв. Эл бүгд үндэстний соёлын дархлаа алдагдахад, ёс уламжлалын багана гуйвахад нөлөөлдөг байна. За тэгээд бөхчүүдийн овог аймгаараа талцсан байдал, жалга дов, нутаг усны үзэл бөхийг мөхөл рүү нь түлхэхээс өөрөөр гийгүүлээгүй дээ, хөөрхий.

Тэр жилийн наадам (2009 он)-аар их шөвгийн дөрөвт хүч үзсэн Г.Өсөхбаяр аварга, Х.Мөнхбаатар арслан нарын барилдааныг санах нэг нь санаж байгаа. Яагаав, хөлийн цэцтэйгээ нийлсэн гурвалжилсан, дөрвөлжилсөн барилдаан болоогүй юу. Хөлийн цэц Б.Ганбаатар арслан Өсөхөө аваргыг илт дэмжиж хазайхад нь гүйж очин түшээд үзэгчдийн бухимдлыг төрүүлж байлаа. Хэрвээ Мөнхбаатар давсан бол тэр жилийн наадмаар аварга цолтон төрөх байсан юм. Учир нь түрүү үзүүрт До.Ганхуяг арслан үлдчихээд тэр хоёрын хэн давсантай нь барилдахаар хүлээж байлаа. Эндээс харахад, бөхчүүдийн жалга довны өчүүхэн сэтгэлгээ, аль нэг спорт хороогоор овоглож харьяалагддаг өрөвдмөөр байдал монгол төрийн наадмаа хүртэл гутаагаад зогсохгүй, өв соёлоо уландаа гишгэлж буй гэдэг нь илэрхий. Харамсалтай нь үүнийг мэдэрдэг хүн гэж алга болж. Тэр байдал хоёр жилийн дараа буюу ерэн жилийн түүхт ойгоор давтагдаж байсан.

2011 оны наадмын долоогийн даваанд Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нар тунаж барилдсан. Мань хоёр удаа ч үгүй шууд барьц сонгохоор шийдэж Санжаадамбын талаар таарсан санагдана. Тэндээс л өнөө будлиан чинь гарсан. Архангайн голдуу нөхөд хөлийн цэцээр сууж бас л гурвалжин дөрвөлжин юм болсон. Хоёр бөх тахимаа өгөлцөж авалцалгүй бараг дөрөв таван цаг наадмыг уяж байлаа. Аргаа барсан үзэгчид “Санжааг хас” гэж орилж байсан. Үүнд Санжаадамбын юм уу, Содномдоржийн буруу байхгүй. Төрийн наадмын заан цолны даваанд залуучууд ана мана үзэлцэж, аль байдгаараа хичээн зүтгэх нь мэдээж. Харин хэн хэнд нь ижилхэн сануулж, шаардлага тавьж, хууль журмын дагуу барьцыг нь бариулсан бол асуудал гарахгүй шүү дээ. Хөлийн цэцүүд буруу шийдвэр гаргаснаас үүдэн Хөвсгөлийн хоёр болох Содномдорж, Мөнхбаатар нар эсэргүүцэл зарлаж, цэнгэлдэхийн дэвжээн дээр нус нулимстайгаа зогсож байлаа.

Эл бүгдээс харахад монгол үндэсний бөхийг бөхчүүд нь удирдаж, зохион байгуулах боломжгүй юм байна гэдэг нь батлагдаад байгаа. Өнөөдөр бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг анзаарахад бөхчүүд барьцаа авах гэж хичнээн цаг хугацааг авч, өөрсдийг нь үзэх гэж ирсэн олон түмнийг залхаан цээрлүүлж, доромжилж байна вэ. Сүүлийн үед шуугиулж барилдаж байгаа Ховдын залуу гэхэд алсын сүвээний барьц авахдаа өрсөлдөгч бөхийнхөө суган доогуур мөрөө бүтэн шургуулж байж барьц авч харагдах юм. Тэгээд л ар зоогоор нь пэдхийтэл өргөөд шидчихэж байна. Хэрвээ тийм барьц өгөхгүй бол барилдахгүй гээд гүрийчихнэ. Ерөнхийлөгчийн цомын баяр, Үндсэн хууль, тусгаар тогтнолын ой аль нь ч хамаагүй. Бөхчүүдэд төрөө хүндэтгэх, ард түмнээ хүндэтгэх ойлголт ямар байх биш. Дээрээс нь ахмад бөхчүүдийнхээ үгэнд орно гэж ёстой лөөлөө юм аа. Ардын багш Д.Сэрээтэр гуайг нэг залуу бөх өөрт нь шаардлага тавилаа гэж тийрээд унагасан дуулддаг. Тийм л зэвүүн, хүйтэн, харгис хэрцгий болжээ, өнөө цагийн бөхчүүд. Тийм хүйтэн, хөндий, харгис, хүнийрхүү сэтгэлтэй нөхдөд яалаа ч гэж үндэстний соёлын дархлааг хадгалах, өвийг тээх боломж нөхцөл, сайн сайхан зүйл байхав дээ гэж бодогдоно. Барьц сонгоход өөрийнхөө ая тааллыг бодож, ард түмнээ залхааж байгаа нөхдийг барилдаанаас шууд хасдаг дүрэм журам бий болгох хэрэгтэй.

Бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан гэсэн хоёр хүн сүүлийн 25 жил тасралтгүй удирдаж байгаа. Тэднийг цахим ертөнцөөр элдвээр зүхэж байгаа харагддаг. Энэ хоёр хүн монгол бөхөд үнэндээ шинэчлэл хийсэн. Монгол түмнийг бөхийн өргөөтэй болгосноос аваад нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэхээр зүйл олныг хийсэн. Мэдээж нэг салбарт хүмүүс удахаараа ад болдог нь жам хойно. Мөнхийн юм гэж байхгүй учир тэд хэн нэгэнд ажлаа өгч таарна. Харин бөх гэх нэртэй, алдар цолтой нөхдөд бөхийн холбоог өгч болохгүй шүү гэдгийг сануулмаар байна. Р.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ нэг өдөр ажлаа өгнө. Одоо ч өгөхөд бэлэн байна. Харин нэр бүхий найман хүнд бөхийн өргөө, бөхийн холбоог өгөхгүй” гэж мэдэгдсэн. Тэр найм нь хэн байж болох уу гэсэн таамаг олны дунд явж А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын хэдэн хүн дээр тогтсон. Мөн Нямдорж, Данзан хоёртой үздэг, үзэлцсээр ирсэн нөхдийн нэр ч дуулдаж л байсан. Нямдоржийн хэлж байгаа үнэн л дээ. Өөрийнх нь олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаан, амь амьдралаа зориулсан талбар дээр хэн нэгэн иртэй бяртай нөхөр гарч ирээд бөхчүүдээ овог аймгаар нь талцуулж, хэдэн тийш нь бусниулаад, өөрийн эрх ашгийн үүднээс байж боломгүй олон зүйлийг сэдэж бөхийн ертөнцийг өшөө хорсол, ад зэтгэрийн үүр уурхай болгож өнөө өв соёлын дархлаа, ёс уламжлалыг чинь уландаа гишгэлэхийг хэн хүсэх билээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр бөхийн холбоо руу дайрч байсан бөхчүүд ихэнх нь тийм л үзэл санаа агуулж байсныг удирдлагууд нь хэлдэг юм. Мэдээж бөхийн холбооны тэргүүлэгчдэд бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд нь байлгүй яахав. Харин удирдан манлайлагч нь монгол бөхийг мэддэг, бөхөө дээдэлдэг, монгол хэл соёл, үндэсний ёс уламжлалаа хүндэтгэдэг, шилдэг сайн менежер байх нь зүйд нийцэх болов уу. Ингэснээр бөхөөр дамжин монгол соёлын дархлаа олон улсад хадгалагдаж, улс үндэстний оршин тогтнохын нэгэн баталгаа нь болж үлдэх юм.

Б.Батболд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үндэсний баяраа түүртэж биш, өөрсдөдөө сайхан болгож тэмдэглэе” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы амралтын өдрийн дугаар хэвлэгдлээ. Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрэнд шатахууны үнэ буурч байгаа мэдээ сурвалжлагыг онцолжээ. Дэлхийн зах зээлд газрын тос хямдарч байгаатай холбогдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос, шатахууны үнийг 100 төгрөгөөр буюу 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу уржигдраас “М-Ойл” групп бүх төрлийн шатахууныхаа үнийг литр тутамд нь 100-150 төгрөгөөр хямдруулсан юм. Мэдээллийн үргэлжлэлийг есдүгээр нүүрэнд онцолсон байна.

Хоёрдугаар нүүрнээс хүүхдийн 20 мянган төгрөгийг алагчлалгүйгээр олгохоор баталсан тухай болон өчигдрийн чуулганы хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн байна.

Энэ өдрийн “Баримт, үзэл бодол” буланд “Үндэсний баяраа түүртэж биш, өөрсдөдөө сайхан болгож тэмдэглэе” нийтлэл гарчээ. Үндэсний уламжлалт баяр болох сар шинийн баяраа хэрхэн зөв зохистой тэмдэглэвэл зүгээр вэ гэдгийг энэхүү нийтлэлээр өгүүлэхийг зорьжээ. Иргэдийн үзэл бодлыг сонсох боломжийг олгодог “Хэлэх эрхийн индэр” чөлөөт булангаа дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

Энэ амралтын өдрийн онцлох зочиноор Улсын аварга, ДАШТ-ний хошой мөнгөн медальт залуу жүдоч Ц.Цогтбаатарыг онцолсон байна. Түүний талаар хэрхэн өгүүлснийг тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Бямба гариг бүр уламжлан гардаг “Нэг ангийнхан” буланд урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын нэг ангийнхныг онцолжээ. Түүнийг “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Үнэний хорвоо” зэрэг уран бүтээлээр нь мэдэх билээ. “Дэлхийн хүмүүс” буланд Хорват улсын нэрт эрдэмтэн, дэлхийн цахилгаан эрчим хүчний эцэг Никола Теслаг онцолсон байна. Түүнийг цахилгаан үйлдвэрлэлийн салбар үүсч хөгжихөд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэдэг билээ. Шатахууны үнийн хямдралтай холбоотой мэдээ сурвалжлагыг есдүгээр нүүрнээс уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг үнэлгээгээр Төрийн албаны зөвлөл хамгийн бага оноо авчээ

“Эм Ди Эс анд Хаан Лекс” хуулийн фирм 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлангаа Төрийн ордонд танилцуулав. Энэ үнэлгээг УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хийжээ.

Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг, бусад төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр хамгийн бага оноог Төрийн албаны зөвлөл /64.3 оноо/ авсан байна. Харин хамгийн өндөр оноог Сонгуулийн ерөнхий хороо /86.4 оноо/, Үндэсний статистикийн хороо /79 оноо/ авчээ.

Энэхүү тайлангийн дүнг УИХ-ын цахим сайтад нээлттэйгээр байршуулжээ.

Categories
мэдээ спорт

Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд энэ ням гаригийн 14 цагаас Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан болно.

Энэ барилдааныг 2006 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Анхны барилдаанд харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр үзүүрлэж байсан юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давсан бөхөд улсын харцага цол олгодог билээ.