Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар агаарын бохирдлоор хоёрдугаарт оржээ

Манай улсын нийслэл Улаанбаатар дэлхийд
агаарын бохирдлоор “аман хүзүүдэж”, Ираны Ахваз хотын дараа орсон
байна. Энэ талаар Ал Жазира телевиз мэдээлэхдээ “Монголын нийслэлийн агаарын
бохирдол үр зулбах, зүрх, элэг, уушгины өвчний суурь болдог” гэжээ. Мөн мянган
төрөлт тутамд үр зулбах тохиолдол дулаан сард 23 байдаг бол утаатай өвлийн сард
73 болж нэмэгддэг гэж дурдсан байна.

Categories
гадаад мэдээ

17 настай хүү таван хүний аминд хүрчээ

Канадын баруун хэсгийн Саскачеван мужийн
Ла-Лош хотноо өнгөрсөн баасан гаригт онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Хууль
бус галт зэвсэгтэй этгээд Ла-Лош хотноо байрлах нэгэн байшинд нэвтэрч, 13 болон
17 настай ах, дүү хоёрыг буудан хөнөөсөн байна. Гэмт этгээд хөвгүүдийн аминд
хүрснийхээ дараа тус хотын нэгэн ахлах сургуульд очиж, гурван хүний амь насыг
бүрэлгэжээ. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд халдлага үйлдсэн гэмт
этгээдийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээлэв. “Гэрчүүдийн мэдээлснээр
“Гэмт этгээд цагдаа нарыг харсныхаа дараа бууж өгсөн” гэжээ. Цуврал халдлага
үйлдсэн гэмт этгээд дөнгөж 17 настай хэмээн цагдаагийн газраас уламжилсан
байна. Түүнийг аллага болон хүн амины хэргээр 11 төрлийн зүйл ангиар буруутган
шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2015” наадмын хоёрдугаар шат эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион
байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур наадам энэ сарын
16-28 ны өдjрүүдэд зохион байгуулгдаж байгаа юм. Оны шилдэг дуу
шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна.

Наадмын эхний шат Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ
сарын 16, 17-нд болсон бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын
28-нд СТӨ-нд болно. Морин Хуур” наадам нь дууны урын санг дууны ая,
аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр
баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн
хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд
түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хамгийн том дууны наадам
билээ

Categories
мэдээ спорт

Теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Дариа түрүүлжээ

Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга
шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргаллаа.
Тэрээр өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4,
6:2-өөр хожсон байна.

Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон Т.Дариа
гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ
багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон юм.

Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд 18 орны 76 тамирчин
ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байна. Манай
улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж буй. Тус
тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Мөс нимгэн бутралт ихтэй байгааг анхаарууллаа

2016-01-07-ны
өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт /цэг
хоорондын зай 6-8 км/мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45
см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт /цэг хоорондын зай 3 км / хэмжилт
хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн,
бутралт ихтэй байна. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас
Далбай хүртэлх нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50
см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг
хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын
орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус
мөсний зузаан бага, далд өрх ажиглагджээ.

Ус судлалын
Хөвсгөл-Хатгал харуулын мэдээгээр 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24
см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд 12 дугаар
сарын 31-нд 31 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна.
Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу байна.

Нуурын мөсний
зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх
нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй
хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох
шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох
шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Өв соёлоо дээдлэгч бизнесмэн

Халхын умард замын дундад хошууны нэгэн ноён Богдод хандан нутгийн нэгэн нэртэй отчийг урамшуулан шагнаж, цол хэргэм хайрлахыг хүсчээ. Түүнийг нь ёсоор болгож хариуд нь отчийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болгон Найман Манал бурхан өргөмжлөлийн хамт илгээсэн байна. Богдоос ирүүлсэн бурхан болон дархан оточ өргөмжлөлийг нь баталгаажуулсан захидлыг нутгийн хошуу ноён оточ маарамбад хүргүүлсэн түүхтэй. Эдгээр нь өнөөдөр Монголын урлагийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө түүнийг “Модун” группийн ерөнхийлөгч Д.Батбаяр нэртэй маарамбын хойч удмаас худалдан авчээ. Шар торгон дээр хар бэхээр “Найралт төвийн наймдугаар оны намрын тэргүүн сарын шинийн долоон” хэмээн бичсэн нь 1730 оны наймдугаар сарын 7-ны өдөр аж. Түүнийг Халхын умард замын дундад зүүн этгээдийн хошуу захирагчийн тамгатай бичгийг түүхчдээр уншуулан нягтлуулж суухад нь очиж таарсан юм. Хуучин монгол бичигт тайлагдсан хэд хэдэн хүнээр уншуулан орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичүүлж авснаа залуу докторуудаар дахин хянуулж буй ажээ. Утга санааны хувьд эргэлзээ төрүүлсэн үгүүд, чухам аль хошууны ноён бичсэн эсэхийг ийнхүү мэргэжлийн эрдэмтдээр тайлуулсан нь энэ. Манай томоохон бизнес эрхлэгчид бүгд л зах зээлд шилжсэн 1990-ээд оны үед ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн Д.Батбаяр Монголын радиод редактороор ажиллаж байгаад 1992 онд наймаа хийж амьжиргаагаа дээшлүүлэхээр ажлаасаа гарсан гэнэ.

Анх 500 мянган төгрөгийн зээл банкнаас авч бизнесээ эхэлсэн бөгөөд Бээжингээс бараа дарж Орост аваачиж зарахаар явсан боловч Эрхүүгээс буцсан байна. Шантарсандаа ч биш ганзагын наймаа өөрт нь тохирохгүй гэдгийг мэдэрсэн гэнэ. Түүнээс хойш бараа солилцоо болон мөнгөөр авсан тарваганы арьсаа өөрөө элдэж зарахаас эхлээд янз бүрийн наймаа хийжээ. 1995 оны үед Өмнөд Солонгосоос “Аксент”, “Соната”, “Спортейж” маркийн шинэ машинууд анх оруулж ирж байсан үеэ дурсан ярив. Улаанбаатараас Сөүл хот руу долоо хоногт ердөө нэг л удаа МИАТ-ийн онгоц ниснэ. Өнөөдрийнх шиг олон улсын банк хоорондын харилцаа хөгжөөгүй, онлайнаар мөнгө шилжүүлдэггүй, зээлийн карт хэрэглээнд нэвтрээгүй байсан үе. Машин авах 200000-300000 ам.доллараа цүнхлээд явна. Хүмүүс ихэвчлэн хуучин машин оруулж ирнэ. Худалдан авагчдын шаардлага өөр болсныг эрт анзааран шинэ машин авснаа цуг явсан хүмүүстээ ярьжээ. Тэгэхэд бүгд л түүний тэнэгийг гайхсан гэнэ. Харин Улаанбаатарт ирэхэд түүний машинууд хамгийн түрүүнд борлогдож, харин хуучин машин зарагдахгүй нэлээд уджээ. Цуг явсан нөхөд нь түүнийг сайн зөвлөж хэлсэнгүй хэмээн гомдоллож байсан удаатай гэнэ.

“Исимусс”, “Харли Дэвидсон” “Riley” нэртэй шөнийн клубууд Улаанбаатарт моодонд орж байсан үе бий. Батбаяр “Исимусс”-ээ Төв номын сангийн үүдэнд байсан Сталины хөшөөгөөр чимжээ. Тухайн үед Сталины хөшөөг буулгаж, хааш нь аваачихаа мэдэхгүй байхад нэг бизнесмэн авсан талаар яриа сонстож байсан. Харин тэр нь “Модун”-ы Д.Батбаяр байв. Тэрээр Улсын төв номын сантай, баримлыг арван жил түрээслэх гэрээ хийсэн гэнэ. Тэр үед мөн “Riley” хэмээх дээд зэрэглэлийн биллиард клуб байгуулж залуучууд, бизнес эрхлэгчдийн цуглардаг газар болсон.

Д.Батбаяр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, ээжээсээ арван нэгүүлээ, айлын гурав дахь хүүхэд. 80 гарсан ээж нь одоо ч нутагтаа амьдардаг, 4000 гаруй малтай. Ойрд нутагтаа, ээж дээрээ очсон уу хэмээн сонирхоход Дундговь аймагт сүүлийн жилүүдэд ган болсон тул манайхан аймаг дамнан байнга оторт явдаг болсон. Тэднийг олоход хэцүү гэв. Ээж нь 1989 онд аймгийн аварга саальчин болж байсан бол 2005, 2010 онуудад хоёр дүү нь аймгийн аварга малчнаар шалгарчээ. Таван дүү нь нутагтаа мянгат малчин.

Д.Батбаяр “Модун” группийг 90-ээд оны үед байгуулж, 1998 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байгааг ярив. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй, эдийн засгийн байдал сайжрах нь гарцаагүй гэнэ.

Тэрээр утга зохиол, урлаг, тэр дундаа уран зураг, эртний үнэт эдлэлийг олон жилийн өмнөөс сонирхсон. 2009 оноос эхлэн уран зураг цуглуулах болсноо нэлээд хожуу эхэлсэн хэмээн тодорхойлов. Түүний цуглуулгад Монголын орчин үеийн зураачдын нэлээд бүтээл байдаг. Олон жилийн туршид цуглуулсан уран зураг, эртний ховор эд зүйлс, урлагийн бүтээлүүдээрээ Монголын урлагийн музейг байгуулж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Батбаяр бол ер нь их сонин хүн. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр “Mongolians” зоогийн газраа нээж байсан. Харин энэ удаагийн хямралаар “Монголын урлагийн музей”-гээ байгууллаа” гэж тэмдэглэсэн. Ямар ч үед нээсэн бай энэ музей манай улсын соёлын түүхэнд тохиож буй бас нэгэн чухал үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Музей байгуулахын тулд сүүлийн арван жил судалгаа хийжээ. Дотоод дизайн, бүтээлүүдээ хэрхэн байрлуулах, үзмэрүүдийн тайлбараа яаж бичиж, ямар материалаар хийж, хаана нь байрлуулах зэрэг нь маш нарийн ажил. Энэ бүхнийг одоо болтол судалсаар байгаа гэнэ. Итали, Франц, Герман, Япон, Швейцарь гээд өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэртэй музейг үзэхдээ юм юмыг нь анзаардаг. Ер нь гадаадад явахдаа музейгээс салдаггүй гэнэ. Германы Манхаймын музей, Францын Лувр, Мюнхений орчин үеийн урлагийн музейг үзэхэд өөрийн эрхгүй биширч, бахархах сэтгэл төрсөн тухайгаа ярьсан юм. Хүн төрөлхтний түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурваас бүрддэг шиг урлаг ч мөн адил. Тиймээс музей энэ гурван үеийг харуулах ёстой хэмээн ярив. Аль нэг үеэр нь дагнасан бол өрөөсгөл мэт санагддаг гэнэ. Тиймээс ч Монголын урлагийн музейдээ гурван үеийг харуулахыг зорьсон. Нийтдээ зургаан танхимтай. Хүрэл зэвсгийн үе, угсаатны зүй, бурхад, танка зураг, үнэт эдлэл, орчин үеийн урлаг гээд. Харин музейн дэргэдэх “Од” галерей нь зураач, уран бүтээлчид, цуглуулагчдад үзэсгэлэнгээ гаргах боломж олгож байгаа гэнэ. Мөн музейн дэргэд тохилог кофе шоп байгуулж уран бүтээлчдийн уулзаж санал бодлоо солилцдог газар болоосой хэмээн боджээ. Нээгдсэн цагаасаа хойш музейгээ сайжруулах ажил үргэлжилсээр байгаа. Энэ бол нэг өдөр, нэг сар ч юм уу нэг жилд хийгээд дуусдаг ажил биш. Цаг хугацааны явцад цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Учир нь цаг хугацаа үргэлжилж шинэ, шинэ бүтээлүүд туурвигдсаар байна гэв. “Модун” групп Хан-Уул дүүрэгт томоохон цогцолбор барьж байгаа. Монголын урлагийн музейн үйл ажиллагааг яваандаа тэндээ төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд ирж буй жуулчид очиж үздэг, Монголын түүх, орчин үеийн уран зургийн талаар тодорхой ойлголт өгдөг газар болох зорилготой гэдгээ ч хэлсэн юм.

Д.Батбаярын ийнхүү урлагийн бүтээл, тэр дундаа эртний ховор эдлэл, уран зураг шимтэн сонирхдог нь удам судартай нь холбоотой бололтой. Өвөө аав нь аймаг орондоо алдартай уран Санжид хэмээх алт, мөнгөний дархан хүн байжээ. 1939 онд Халх голын дайнд оролцож цэргээс ирэхдээ нэлээд хэдэн хайрцагтай хаягдал сэлэм, жад зэргийг нутагтаа авч ирсэн гэдэг. Тэдгээрийгээ хайлуулж хэт хутга хийж нутгийнхандаа худалдан улмаар өөрийн гарын хийцийг хүртэл бий болгож байжээ. Саяхныг болтол улсын томоохон музейд өвөөгийнх нь хийсэн хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь харагддаг байсан гэнэ. Батбаярын нагац ах нь хүүхдийн нэрт зохиолч С.Надмид агсан.

Биднийг ийнхүү ярьж суутал музей үзэх гэсэн хэсэг хүмүүс орж ирэв. Батбаяр тэдэнтэй ярилцаж музейнхээ талаар тайлбарлав. Соёлын хосгүй үзмэрийг агуулсан музейгээ цаашид хэрхэх талаар сонирхоход “Энэ музей бол миний болон манай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмнийх” гэв. Түүний ярьснаар бид бол зөвхөн урлагийн бүтээл, соёлын өвийг тээгч, хадгалагч, хамгаалагч нь. Харин музей бол ард түмний өмч, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэлд тодхон үлдсэн сумын цагаан сар

Цагаан сарын баяр дөхөхөөр хүн бүрийн сэтгэлд ирж буй хаврын урь, зураас татуулан хайлах замын цас, дээврээс гоожих усан дусал, хөдөө нутагт бол хурга ишиг төлийн дуу, цантай жавартайд уур савсуулан айлын хаалга татах золголт, халуун дулаан бүхэнтэйгээ сэтгэлд буудаг биз ээ. Миний хувьд сар шинийн баяр ингэж л айлчлан ирдэг. Сар шинийн баяр яригдаж эхлэх үеэс л, одоо бол цагаан сартай холбогдолтой зар сурталчилгаа яваад ирэхтэй зэрэгцэн сэгтгэлд дотнохон мэдрэмж, багын дурсамж, гэгэлзэл, амар амгалан мэдрэгддэг.

Жил жилийн цагаан сарын баяраас хамгийн сэтгэлд үлдсэн, гэгээхэн нь сумын төвд өнгөрүүлсэн хүүхэд насны минь баяр. Сумын цагаан сар их гоё. Сар шинэ дөхөөд ирэхээр хүүхэд, хөгшин хөвөөгүй л хөл хөөрцөг болно, хийх ажил ч их. Дээвэр, туурга, ширдэг, хөшиг цавагныхаа тоосыг буулгах, хэдэн өдрийн цэвэрлэгээ хийх, түлш түлээ бэлдэх, мөс, цас зөөх, баншаа чимхэх, хэвийн боовоо хайрах гээд хийх ажил юу эс мундах вэ. Худал ярьсан хүнд бараг л сарын өмнөөс бэлдэж эхэлнэ. Хөдөө, сум нутагт цагаан сарын бэлтгэлийг айл саахалт, ах дүүс бөөнөөрөө нийлж хийдэг монголчуудын бас нэг сайхан заншил бий.

Цагаан сарын бэлтгэл хийх далимаар залуус нэг нэгнийхээрээ хэсч, даалуу, панжига тоглох, шагай наадах гээд зугаатай өдрүүд үргэлжилнэ. Анги ангиараа нийлсэн хүүхэд залуус багшийнхаасаа авахуулаад л хэдэн гэрээр, хэдэн орой ээлжлэн банш чимхэлцэнэ. Манай нутаг Ховд аймгийн Чандмань сум л даа. Хоймортоо Жаргалант хайрхнаа залж, баруун болон хойд захаараа Дөргөн, Хар-Ус нуураар хүрээлүүлсэн сайхан нутаг бий. Сумын хүүхдүүд тачигнасан жавартай наадан голын мөсөн дээр хацартаа улаа бутартал тоглоно. Багаасаа цас, бороо, салхи жаврыг тоохгүй явсаар угийн улаан болсон хацар нь улам ч тодрон, сэргэлэн цовоо нүд гялалзуулан өдөржингөө л чаргаар гулгана. Ахлах, дунд ангийн ах эгч нар өөрсдийгөө нэг л их том хүмүүст бодоцгоон, хөвгүүд нь дээлийнхээ ханцуйг нударгалан цагаан сарын банш чимхэлцэхээр жавар сэнгэнүүлсээр л айл айлыг хэснэ. Энэ нь тэдний хувьд нэг ёсны албан бус үүрэгт ажил нь. Айлын бууз чимхэлцэнгээ сайн охин юм уу хөвгүүнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх, бас догдолсон сэтгэлээ илэрхийлэх боломж гарч ч юуны магад. Сайн хүүхдийнхээ гэрт бууз чимхэхээр очихдоо хамгийн гайгүй хувцсаа өмсч, үсээ гөлчийтөл нь норгож самнах зэргээр байдгаараа л хичээнэ. Басхүү аав ээжид нь ч гайгүй харагдчих санаатай ч цагаа тулахаар гэрт нь орохын өмнө бөөн нүүр халаастай. Иймхэн нэгэн цагаан сарын өмнөх амттайхан дурсамжийг сумын төвд өссөн хүн бүхэн л амссан биз. Харин цагаан сарын банш чимхэх, боов хийх, гэр орны ажил хийгээд эхлэхтэй зэрэгцэн хөөрцөглөн догдолж, шинийн нэгний өглөөг хоног тоолон хүлээнэ. Бид л мэддэггүй байсан болохоос ахмадууд ч бас тэрүүхэн тэндээ л хөөрцөглөж байсан шиг.

Хавь ойрын хүмүүс, хамаатан, ах дүүс, ах эгч нарын найзууд гээд банш чимхэх өдрийн оройхон хоймроор дүүрэн хүн. Банш чимхэх ажлыг ерөнхийдөө аав удирдан явуулж, ээж амталгааг тааруулна. Хэрэгт дуртай багачууд бид үүгээр далимдуулж ойрд идээгүй сайхан хоол идэх, тун ховорхон хүртдэг чихэр, боов, ундаа зэргийг горьдон сууна. Том дүү бид хоёрын гол нугалах ажил нь дээр үеийн төмөр гар чийдэнгийн бөгсөөр дарсан нэгэн жигд гурилыг хүмүүст тараах, чимхсэн банш өрж, тоолох. Их ажил хийдэг мундаг хүүхдүүд гэж магтуулахын далимаар, томчуудын яриа, маазрааныг чагнаж чихээ халаан сууна.

Цагаан сарын боов хийх гэж бас нэг том ажил. Аав минь гартаа бяртайгаар хэвийн боовныхоо бэмбээг хэдэн цаг нухаж сууна. Хайрах ажлыг ч аав л амжуулна. Их ч нямбай хийнэ. Хот газар нэг л тавгийн идээ засдаг ч манай нутагт бол заавал ч үгүй гурван таваг засна. Гурвын гурван тавгийн боов хайрна гэдэг бас ч амаргүй ажил байсан байх даа, тэр үед. Жилдээ ганц хийдэг энэ гоё боовноос халуун дээр нь авах гээд л дайрна даа. “Гал руу орчих гээд байх юм” гээд л зэмлүүлнэ. Бас тавгийн орой дээр тавьдаг самар боовыг хийлцэх гэж зэмлүүлнэ. Гурилын элдүүрний үзүүрийг бүрж байгаад самар шиг үе гаргаж хайчилдгийг хүмүүс мэднэ дээ. Нэг жилийн цагаан сараар аав, ээж хоёр гэрээ цоожлоод дүү бид хоёрыг айлд үлдээчихээд бэлгийн юм цуглуулах гээд аймгийн төв явчихсан юм. Аав, ээжийг явсан хойгуур дүү тооноороо ороод самран боов, ул боовноос нь хулгайлж идээд тэр нь яг битүүний өдөр илрээд ихэд зэмлүүлж байж билээ. Угийн миний доод талын эрэгтэй багаасаа их хөдөлгөөнтэй, “бич жилтэй бич Төрөө” гэдэг нэртэй хүүүхэд байсан. Аав оройжингоо л айлаас илүү боов хайх ажил гарсан даа.

Нутгийн хүмүүсийн дунд дээл хувцас сайхан оёдог уран гартай гэгддэг ээжид минь сар шинийн баяр дөхөөд ирэхээр дээл оёулах захиалга их ирнэ. Хөдөөний хүн болохоор нэгэндээ үнэрхэж мөнгө төгрөг хэлж чадахгүй л дээ. Гэрийнхээ хойморт дээлийн шинэхэн өнгө дэлгээд, гал дээр шингэн жонхуу халаан, гар машинаараа нямбай нь аргагүй оёж суудаг нь их сайхнаар сэтгэлд үлджээ. Ер нь ээжийг эмээгээс үлдсэн ганц орос, хар оёдлын машинаа гаргаад л суухад “нэг их гоё юм хийх гэж байгаа юм шиг” сайхан мэдрэмж төрдөг байж билээ. Одоо ээж минь “Тэр үед нэг дээлийг бараг дөрөв таван өдөр барьж дуусгадаг байсан. Мөн ч удаан оёдог байж дээ” гэж ярьдаг юм. Одоо ч гэсэн ээж маань цагаан сар болгоноор л дээлний захиалгандаа дарагдаж суугаа. Гэрийнхнийхээ дээлийг хамгийн сүүлд, бүх захиалгаа дууссаны дараа оёно. Шинийн нэгний ургах нартай уралдан сүүлийн дээлийнхээ шилбийг хадаж дуусдаг даа, ээж минь. “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэрийг үзүүлэхгүйн тулд, гэрийнхнээ бусдаас гайгүй харагдуулах гэж нойроо хугаслан суудаг юм. “Би яахав. Хуучин дээлтэйгээ цагаалчихъя, аавд чинь л нэг юм оёж өгье” гэнэ.

За тэгээд хэдэн өдөр эхнэр хүүхдүүд угаалга, цэвэрлэгээний ажил хийж, өнгөтэй бүхнээ гаргаж тавихад битүүний орой айл бүхэн дор бүрнээ шинэхэн гэрлэсэн хосын өргөө шиг цэмбэлзсэн сайхан болдог доо. Аль ч айлын үүдээр оронгуут шар тос, хайлмаг, хэвийн боов, буузны холилдсон сайхан үнэр ханхалж, дулаан уур амьсгал өөдөөс пүнхийтэл үлээнэ. Одоо ч хот хүрээ газар битүүнийг ном ёсоор нь утга төгөлдөр тэмдэглэх нь ховор болсон юм шиг. Хөдөө нутагт айл бүхэн дор бүрнээ нэгнээсээ түрүүлж битүүний хүргэлт хийхийг зорино. Аав битүүний орой гурван мөс тотгон дээрээ тавих, хашаа хороо цэгцлэх, ууцаа тэгшилж тавих, арц хүж унгасгаж, сан тавих зэрэг зан үйлийг гүйцэтгэх бол ээж хайлмагаа хийх салат зуурах, тавгаа засах гээд л нарийн нандин ажлуудыг амжуулна. Бас бидний шинийн нэгний өглөө өмсөх хувцсыг бэлдэж тавина. Жилээс жилд уламжилж ирсэн энэ бүх зан үйл насан туршид минь тодхон үлдэх биз ээ.

Битүүний орой хөрш саахалт, хамаатан ах дүүсээр явж идээ будааны дээж, бууз тараахаар тэрүүхэндээ багахан өрсөлдөөн болно, дүү бид хоёрын дунд. Гэхдээ голдуу би л аавыг юм уу аль нэг айлынхаа ахыг дагаж явдаг байсан санагдана. Шинийн нэгнээс өмнө айл болгоныг ямар болж гэдгийг харж бас битүүний чихэрнээс түрүүлж гоёыг нь авах гэж тэгж яардаг байсан. Битүүний бууз хүргэж ирсэн хүнд хүн болгон л “Дээшээ суу” гээд хүндэтгэлтэй хандана. Хамгийн түрүүнд Муужуу ахын (Д.Мягмаржав), Аагаагийн (Т.Ганхүү), Балгаагийн (Д.Баттулга) гээд л том авга нагац нараасаа эхлээд л тараана даа. Мөн айл руу бууз зөөхтэй зэрэгцэн айлуудаас ч битүүлгийн идээ ирнэ. Тэгээд л аав бурхандаа, галдаа нэг өргөөд үлдсэнийг нь өөрсдөө хуваагаад амсана. Дараа нь “Муужаагийн банш сул болж, Балгаангийнх шорвогдуу байна” гэх мэтчилэн ярьснаа “Ер нь манайх шиг амттай болсон айл алга байна даа” гэж ээжийг жаахан дөвийлгөнө. Одоо ч айл айлын бууз амсч үзээд тэгдэг хэвээрээ.

Хивсээ өнгий нь гартал угааж, бүх л гоёл зүүсгэлээ зүүсэн гэрийнхээ хойморт, идээ таваг зассан ширээнийхээ цаадах орон дээрээ унтах гэж дүү бид хоёр их булаацалдана аа. Тэгж тэгж эвсээд хамтдаа дээш, доошоо хараад унтахаар болно. Битүүнээр бурхандаа өргөсөн зулын гэрэлд ууц, тавгийн идээ, ээжийн хичээнгүйлэн зассан ширээг харан харсаар дуг нойрондоо автдаг байж билээ, хүүхэд байхдаа. Хэдий насанд хүрч, нөхөр хүүхэдтэй болсон ч багадаа догдолдог тэр сэтгэл минь яг хэвээрээ. Шинийн нэгний өглөө босуут л ширээ зассан том өрөөндөө орно. Харин бага үеэ бодоход тэр бүх ширээг ээжээрээ бус өөрөө засдаг завгүй нэгэн болжээ.

Шинийн нэгний өглөө хэдий эрт боссон ч ээж аль хэдийнэ босоод цайгаа чаначихсан, аав монгол цамцаа өмсчихсөн дуудаж байдаг сан. Ээж ургах улаан наранд цайны дээжээ өргөөд, аав, эрэгтэй дүү хоёр мөрөө гаргана. Хамгийн түрүүнд саахалтын Д.Цэвээравдан ахынд орж золгоно. Д.Цэвээнравдан ах аав ээжтэй жилээр чацуу ч сараараа ахмад, түүнчлэн өвөөгийн ахын хүүхэд тул аав, ээж хоёр түрүүлж зочилдог юм. Ер нь баруун нутгийнхны сар шинийн ёс их нарийн дэг жаягтай. Түрүүлж орж золгосон ахмад айлдаа халуун савтай цай, тавгийн идээгээ барьж орж золгоно. Манайхан гэртээ золгохгүй, Д.Цэвээнравдан ахынд хоорондоо золгочихдог байв. Дүү, бид хоёр жаахан байсан болоод тэр биз. Улмаар аавын нагац ах, монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржав, том хүргэн ах Д.Баттулга, ээжийн ах Т.Ганхүү гээд л ахмадуудаасаа эхлээд золголт үргэжилнэ дээ. Сумын төвийн айлууд бүгд нэгнийгээ таньдаг мэддэг, хамаатан садан айл их болохоор золголт хэдэн өдөртөө л үргэлжилдэг сэн. Тухайн үед сумын төвийн цөөхөн айл 69, пургон машинтай , бусад ихэнх нь морь, мотоциклиор айл хэсдэг байлаа. Хол айлууд руу явах бол аав маань “улаан яав”-аа асааж аваад дүүг банкин дээрээ суулгаж, ээж намайг урдаа дүүрээд л айл хэсдэг байв. Нэлээд юм гадарладаг болсон хойноо ингэж айл хэсэхээс их санаа зовдог байсан. Тэр үед аав, ээж маань залуухан болохоор шинийн нэгэнд орж ирэх хүн амьтан байхгүй. Харин сүүлийн жилүүдэд шинийн нэгнээр зочлох айлын тоо, аавд барьж золгосон архины тоо нэмэгдэж байгаа нь тэдний минь нас явж байгааг илтгэх шиг.

Хөдөө газар шинийн нэгнээс эхлээд сумын төвийн улаан хацартай, уур савсуулсан хүүхдүүдийн цуваа хэдэн өдөртөө тасрахгүй. Дөрөв, тав, зургаа, заримдаа бүр арван хэдээрээ нийлж аваад сумын дээд лагерийн айлаас доод лагерь хүртэл, урд талаас хойд тал хүртэл нэг ч айл үлдээхгүй хэснэ дээ. Бүгд өнгөтэй өөдтэй шинэ дээл, хувцсаараа гангарна. Орж ирчихээд л бүгдээрээ золгох гээд очерлоод зогсчихно. Хөдөөний хүүхдүүд айлын хоймор руу дураараа гарч зүрхлэхгүй, баруун талын баганаас хаалга хүртэл бөнжийтөл хөлөө нугалаад сууцгаана. Хурдхан л цайгаа уугаад, хоёр бууз үмхчихээд, салат хийдэг айл байвал тэрнээс нь ахиухан цохичихоод бэлгээ авахын түүс болно. Сумын төвийн тэр олон хүүхдэд бэлэг өгөх гэж айлууд өнгийн бал, харандаа, юухан хээхэн их авдаг байлаа. Зарим нэг нь ороогүй найзуудаа дагаад дахиад ороод ирнэ. Түүнийг нь ээж маань болон бусад айлын эзэгтэй нар мартаад дахиад л бэлэг өгнө. Тэр бүрт нь ээждээ сануулах их буянтай ажил хийнэ. Миний дүү болон үеэлүүд маань ч ингэж хэсдэг байв. Харин охидууд нэрэлхээд тэгж хэсэх нь харьцангуй бага. Зарим боломж муутай айл нь арав, хорин төгрөг, чихэр зэргэхнийг атгаад өгчихдөг байж л дээ. Тэр бүрийд хөвгүүд хоорондоо “Хн цус, тэднийх 20 төгрөг л өгч байна л ээ. Гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад ирсэн” гэж ярих нь их. Жилдээ нэг ингэж сумын төвийн хүүхдүүдээ бүртгэдэг ажил гардаг сан. Одоо ч сумын хүүхдүүд тэгж айл хэсдэг хэвээрээ гэсэн.Хот суурин газар юун тэгж бөөнөөрөө айл хэсэх байтугай хамаатан, саднаараа ч орох дургүй, ах дүү ураг саднаа мэдэхгүй хүүхэд, залуус их болсон шиг.

Сүүлхэн 2000 оны эхэн үед манайхыг Улаанбаатар гэдэг их хүрээ рүү нүүхийн өмнө сумын төвийн айлууд сумын клубт нэгдсэн золголт хийдэг болсон. Сумын нэгдсэн золголт одоог хүртэл уламжлагдсан гэсэн.

Хот суурин газар ч гэлтгүй, хөдөө орон нутагт ч хамаатан, ах дүүсийнхээ аль нэгэнд цугларч, нэгдсэн золголт хийдэг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Энэ дагуу манай ээжийн ах дүүс сүүлийн арав гаруй жил нэгнийдээ нэгдэн золгож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнгөнтулга: Дамчаа гуайг чулуугаар нүүлгэж байсан гэдэг, яг тийм зэвүүцэл төрүүлсэн дүр бүтээмээр байна

“Гялбаа”, “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ө.Мөнгөнтулгатай ярилцлаа.

-Дээд сургуульдаа ямар багш нараас номын дуу сонсч байв, кино найруулъя гэж боддог уу?

-Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА жүжигчин С.Чинзориг гэсэн гурван мэргэжлийн багшийн удирдлага дор төгсч байлаа. Би хараахан найруулагч мэргэжил эзэмшээгүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш болон олон найруулагчтай хамтран хоёрдугаар найруулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр утгаараа найруулга хийхийг бага зэрэг оролддог. Гэхдээ өөрийгөө найруулагч гэж хэлэгдэхээр хэмжээний авьяасгүй гэж боддог.

-Сургуулиа төгсөөд нэг хэсэг дуу оруулагчаар ажилласан байх аа?

-Сургуулиа төгсөөд УДЭТ-т нэг жил дагалдан жүжигчнээр ажилласан юм. Тэгээд 2003 онд TV9 телевиз анх байгуулагдахад орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэр үед СТА Элбэгсайхан, МУГЖ Цэмпэлмаа, МУГЖ Нэргүйбаатар, Равдан, СТА Наранбаатар, СТА Оюун гээд Монголын шилдэг авьяас чадалтай орчуулгын киноны болоод дуу оруулалтын жүжигчидтэй танилцаж, тэднээс анх суралцаж эхэлж байлаа. Орчуулгын киноны жүжигчин мэргэжилдээ дуртай. Одоо хүртэл энэ ажлаа хийгээд явж байна.

-Анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-2005 онд TV5 телевизийн таван ангит “Гялбаа” нэртэй сэтгэл зүйн кинонд Анар гэдэг залуугийн дүрийг бүтээж байлаа. Түүний дараа нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлд ороогүй ч зарим кинонд туслах дүрд тоглосон. Тэгээд 2011 онд анх удаа “Чонын алтан шагай” телевизийн 35 ангитай киноны гол дүрд тоглосон юм. Түүнээс хойш орчуулгын киноны жүжигчнээс гадна дэлгэцийн урлагт хүч сорих болсон.

-Багадаа мөрдөгч, тагнуулч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. “Замбуулин дуусах болоогүй” цуврал кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн гэж сонслоо. Тэгэхээр тоглосон дүрээрээ мөрөөдлөө биелүүлжээ дээ?

-TV5 телевизээс хийж байгаа 54 ангит кино л доо. Амар гэж мөрдөн байцаагч залуугийн дүр дээр ажиллаад дуусах шатандаа ороод явж байна. Нэг бодлын мөрөөдлөө биелүүлсэн гэж болох юм. Мөрдөн байцаагч мэргэжлийн онцлог юу вэ гэдгийг огт мэддэггүй байлаа. Жүжигчин хүн нэг дүр авахад зайлшгүй судалгаа хийх ёстой. Энэ дүр дээр ажиллахын тулд цагдаад ажилладаг найзуудаасаа зөвлөгөө авч байж орсон шүү.

-Мөрдөгч болохыг хүсдэг байсан хүн яагаад жүжигчин болохоор шийдчихэв?

-Ээжийн минь хүсэл л дээ. Намайг долдугаар ангид байхад автын ослоор нас барсан юм. Ээжийнхээ хүслийг биелүүлмээр санагдаад шалгалт өгөөд тэнцсэн. Жаахан авьяас байсан юм болов уу гэж боддог. “Гарын таван хуруу” киноны Шагдарт тоглодог Лхасүрэн багшийнх манай хажуугийн байранд амьдардаг байлаа. Доржсамбуу найруулагчийнх бас тэнд. Тэр хоёрыг гудамжинд явахаар хүмүүс их хүндэлнэ. Түүнийг нь харчихаад олны танил байх гоё юм аа гэж бахархан боддог байлаа. Багын тэр мэдрэмж ч энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.

-Таныг кино урлагийг хөгжих болоогүй гэж ярьсныг уншиж байсан. Яагаад хөгжихгүй байна гэж, харин ч хөгжөөд байх шиг анзаарагддаг?

-Монголын кино урлаг хөгжихгүй байна гэж гарчигласан байна лээ. Уг нь кино урлаг хөгжиж байгаа, гэхдээ удаашралтай байна гэсэн агуулгатай зүйл ярьсан юм. Шийдвэр гаргах хүрээнийхэн кино урлагийн төлөө бага юм хийж байна л даа. Киноны тухай хууль батлагдана гээд хэлэлцүүлэг явуулаад санал шүүмжлэл сонсох шиг боллоо. Тэр хууль хэний талд батлагдахыг мэдэхгүй байна. Төр засгаас кино хий гэж мөнгө өгч, болсон болоогүй кино хийлгэх эсвэл баталсан төсөл дээр хэн нэг нь хээл хахууль төлж хоорондоо өрсөлдөөд байхдаа гол нь биш. Бэлэн мөнгөний асуудал багахан хэмжээнд байгаад ихэнхдээ гадаад харилцааг сайн хөгжүүлмээр санагддаг. Жишээлбэл жилд 30-40 кино гарч байна. Хамгийн сайн болсон таван киног нь сонгоод бусад улс орнуудад Монголын кино өдөрлөг хийж яагаад болохгүй гэж. Сонгосон кинонуудынхаа гол дүрийн жүжигчин, найруулагч, зохиолчийг авч яваад гадныхантай уулзуулж туршлага солилцуулах хэрэгтэй. Үүнийг хийхэд бүхэл бүтэн кино хийх хэмжээний зардал гарахгүй. Зөвхөн хоёр улсын хоорондын соёлын газрынхны шугамаар гарын үзэг зуралцаад хийж болохоор ажил.

Хоёрт, Монголын уран бүтээлчдийг гадны уран бүтээлд туршлага солилцох маягаар оролцуулах шаардлагатай. Яагаад Анхням, Амарсайхан нар л жүжигчнийхээ хувьд Холливуд руу гарах гүүр болох ёстой юм. Хоёрхон хүн биш төр засаг анхаараад хоёр улсын гадаад харилцааны түвшинд ярилцчих асуудал. Тэгвэл ажил хурдан бүтэж, олон залуус гадны уран бүтээлд оролцоно. Улсын зардлаар сурсан авьяастай үгүй нь ч мэдэгдэхгүй хэн нэгэн яаманд,соёлын газарт ажиллаад байгаа нь үнэн. Киноны ажлын үр шимийг мэддэг, амтыг нь мэдэрчихсэн залуусаа гадагш нь явуулж туршлага солилцуулбал кино урлаг хурдан хөгжинө.

-Хувь уран бүтээлчид гадны кинонд оролцоод эхэлчихсэн гэхээр жүжигчдэд гадны кинонд тоглох санал нэлээд ирээд байх шиг. Ер нь Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарахад юу саад болоод байна?

-Гадны уран бүтээлчид манай жүжигчдэд кинонд тоглох санал их тавьдаг. Монголын жүжигчдийг авьяастай гэж үнэлдэг. Хамгийн гол саад нь хэлний бэрхшээл. Саяхан Хятадад Түвдийн тухай 60 ангит кино хийх гэж байна, танилцуулгаа явуулаач гэсэн хүсэлт ирсэн. Би танилцуулгаа явуулсан. Хятадаар өдөр тутмын ярианы хэллэг мэдэх үү гэж асууж байна лээ. Мэдэхгүй гэнгүүт уучлаарай бид өөр жүжигчин хайя гэж байгаа юм. Учир нь намайг тоглуулахын тулд орчуулагч, хөтөч гээд хоёр хүн ажиллуулж, илүү зардал гаргахыг хэн ч хүсэхгүй.

-Монголын жүжигчдийн үнэлэмж зах зээлээсээ хамаараад тийм ч сайн биш. Хөгжил нь удаашраад байгаагийн нэг шалтгаан гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Ядаж арван сая хүн амтай байсан бол өнөөдөр урлагийнхан ингэж амьдрахгүй. Өнөөдөр хэн нэг жүжигчин найруулагчтай хамтарч кино хийчихээд тэрийг яаж зах зээлд борлуулах билээ гэж толгойгоо гашилгадаг. Найруулагч хүн зөвхөн киноныхоо найруулгыг л бодоод явах боломж бүрдвэл оюуны бядаа шавхаж, сайн уран бүтээл хийхэд асуудалгүй. Нэг хүн найруулаад эсвэл зургийн дарга хийлээ гэхэд хаа хамаагүй юманд давхар санаа зовж ажиллах хэрэгтэй болдог. Гадны жүжигчид хэзээ ч кинонд ажиллаж байгаа хүмүүсийн хоол унданд санаа зовдоггүй. Тэгэхээр бодлогоо зөв болгочихвол кино урлаг асуудалгүйгээр хөгжих боломжтой.

-Монголд аймшгийн кино тэр бүр хийдэггүй, та “Зоорь”, “Хүүхэлдэй” гээд хоёр аймшгийн киноны гол дүрд тоглосон. Хэр амжилттай болсон гэж боддог вэ?

-“Зоорь”-ийг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлээд “Кино цамхаг” группийн найруулагч Цогт-Эрдэнэ бид хоёр санаачилж хийсэн юм. Аймшгийн кино хийе гэж 2013 оны зун шийдсэн. Хувь студи уран бүтээлчид өөрсдөө мөнгөө гаргаад кино хийж байгаа тохиолдолд тэр бол бараа таваар л гэсэн үг. Киногоо борлуулж байж зардлаа нөхөж, ашиг орлого олох ёстой. Мэдээж монгол киноны зах зээлийн судалгааг хийсэн. “Зоорь” гэдэг өгүүллэгийг олон залуус цахим болон ном хэлбэрээр их уншсан байсан. Кино хийвэл гоё болно, үзнэ гэсэн санал хүсэлт их байсан. Тэр нь мэдээж нөлөөлсөн. Хувиараа мөнгөө гаргаад хийж байгаа учраас бидэнд алдах эрх байхгүй. Кино маань ч амжилттай болсон. Тэр жил Монголд шинээр 38 кино гарсан юм. Аймшгийн кино ч хийгдсэн байсан. СТА жүжигчин С.Болд “Хөлтрөг”, найруулагч, жүжигчин Алтансүх “Үхлийн симфони”, найруулагч Б.Чингүүн “Call” гэх нэртэй кинонууд хийсэн жил л дээ. Манай кино энэ кинонуудаас илүү орлого олж, тэр жил гарсан 38 киноноос ашгаараа гуравдугаарт орсон. Зохиолчийн маань номын захиалга бас өссөн. Ашиг гэхээс илүү “Кино цамхаг” гэдэг студи байгуулсан олзуурхам явдаг болсон шүү.

-Аймшгийн кинонд тоглох бусад кинонд дүр бүтээхээс өөр байдаг уу?

-Ямар ч кинонд тоглосон жүжигчин хүний ерөнхий шугам нэг. Дотоод мэдрэмж нь л өөр. Аймшгийн кинонд яаж айж байгаагаа аль талаас нь илэрхийлбэл үзэгчдийг хөтлөх тал дээр ажиллах ёстой. Бусад төрлөөс ялгаатай нь жүжигчнээс сэтгэл зүйн ачаалал их шаарддаг. Аймшгийн кинон дээр жүжигчин буруу тоглоод буруу айгаад өөрийгөө буруу илэрхийлбэл хүн инээлгэх аюултай талтай. Хамгийн том эрсдэл нь тэр. Худлаа орилохын оронд хоолойгоо хяхтнуулаад ч юм уу тэр киног үзэж байгаа хүмүүст айдас төрүүлэх нь чухал. Худлаа жүжиглээд үзэгч нэг л инээчихвэл цаашаагаа ямар ч аймшгийн юм гарч, айлгаж цочоогоод үзэгчийн сэтгэл зүйг барьж авна гэдэг хэцүү.

-“Хүүхэлдэй” кино өмнөх киноноосоо хэр ялгаатай болсон бэ?

-Хоёр дахь удаагаа яг нэг жилийн дараа буюу 2015 нэгдүгээр сард “Хүүхэлдэй” киногоо нээсэн. Мөн л Ц.Ууганбаярын зохиол. Мэдээж судалгаа хийсэн. Тэр жил аймшгийн кино ерөөсөө хийгдээгүй. “Зоорь”-ийг бодвол хүнд эффект ихтэй зохиолыг зориглож сонгосон. Аймшгийн төрлийн хувьд дорно дахины юм уу барууны гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болно. Дорно дахиных гэхээр сэтгэл зүйг барьж хийдэг. Барууных болохоор гадаад байдлаар вампир, захиалгат алуурчин зэргээр хүнийг цочоож айлгадаг. Манайх дорно дахины буюу сүнслэг чанарыг нь барьж хийдэг. Хаалга чихарч онгойх, хөшиг салхинд хийсэх зэргээр хүнийг дотоод сэтгэхүйгээр нь айлгадаг. “Хүүхэлдэй” киног арай баруунлаг маягийг барьж хийсэн. Манай Ууганбаяр өөрөө их чөлөөтэй сэтгэдэг. Тэр кино хэдэн хэсэг аймшигтай үйл явдлыг нэгтгэж хүүхэлдэйн дээр төвлөрүүлсэн. Энэ кино хэмжээ нь ч хамаагүй том болсон. Мөн л үр өгөөжөө өгсөн. “Кино цамхаг” группийнхэн маань том хэмжээтэй кинон дээр ажиллах туршлага хуримтлуулж чадсан.

-Хоёр аймшгийн кинонд тоглосны дараа “Ороолон” гэх аймшгийн киноны найруулагчаар ажилласан байх аа?

-“Ороолон” киног хийхээс өмнө арай өөр төрлийн кинон дээр ажиллах гэж байсан юм. Хувиасаа гаргаад хийхээр төсөвт багтахаар хэмжээний сэдэв биш байсан л даа. Тэгээд ажил болоогүй. Юм хийхгүй удах тусам зэвэрдэг талтай. Хурдхан дараагийн уран бүтээлдээ ороод явахгүй бол нэгд төсөөрнө, хоёрт цугласан баг хамт олны итгэл үнэмшил алга болно. Тиймээс бид “Ороолон” нэртэй уран бүтээл хийлээ. Зураг авалт дуусчихсан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Ерөнхий найруулагч Цогт-Эрдэнэтэй зохиолоо ярилцаад дуусахад надад тохирох дүр байгаагүй. Үзэгчдэдээ зориулж уран бүтээл хийхээс, өөртөө зориулж зохиол худалдан авч бичүүлнэ гэдэг утгагүй. Тиймээс залуусыг оролцуулсан кино хийе гэж шийдсэн. “Кино цамхаг” студи хийж байгаа учраас би ямар нэг үүрэг гүйцэтгэх ёстой. Цогт-Эрдэнэ маань ерөнхий санаагаа бичээд миний хувьд жүжигчидтэйгээ ажиллаад явбал оновчтой гэж шийдсэн. “Ороолон” кино зургаан гол дүртэй. Зургаан залуу шинэ жилийн баяраа хотын захад очиж тэмдэглэхэд тэр байшин ороолонтой, ад зэтгэртэй байж таарна. Ингээд кино үргэлжилнэ дээ.

-Гадаадын зарим кинонд болсон явдлаас сэдэвлэлээ, сүнс хоргодсон бодит байшинд нь хийлээ гэдэг. Танай групп зураг авалт хийх байшингаа яаж сонгосон бэ?

-Түүхэн киног болсон газар нь очиж зураг авах тал ажиглагддаг. Аймшгийн кинонд заавал ад зэтгэртэй байшинд очих шаардлагагүй. Монголчууд чинь их шашинлаг улс. Монголчуудын арван хүний ес нь шашин шүтдэг байх. Тэгэхээр сүнснээс мэдээж айдаг. Хэрэв киноны жүжигчдийн дундаас зураг авалт явж байхад эсвэл дараа нь ямар нэг золгүй явдал тохиолдвол яах вэ. Эсвэл гэр бүлийнхнээс нь золгүй явдал тохиолдвол хүн хамгийн түрүүнд дүр бүтээсэн аймшгийн кинотойгоо холбож ойлгоно. Тиймээс ад зэтгэртэй байшинд очиж зураг авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг кино зураг авалтын багийнхан сайн бодох хэрэгтэй. Бид ад зэтгэртэй газар зураг авалтаа хийгээгүй. Гэхдээ кинонд гарч байгаа зүйл сонирхолтой байх ёстой.

-Та “Улаан дөрвөлжин” кинонд чимэг дүрд тоглосон байдаг. Галзуу хүн болох ямар байсан бэ?

-Энэ кино 2012 онд хийгдсэн. “Хамба” студийн найруулагч СТА Б.Ганболд намайг урьж киноны Ням гэх залуугийн дүрд тоглооч гэсэн санал тавьсан. Би их азтай. Б.Ганболд бас л Монголын урдаа барьдаг найруулагчдын нэг. “Улаан дөрвөлжин” кино сүүлийн үеийн кинонууд дунд цөөхөнд тооцогдох том хэмжээний уран бүтээл болж чадсан. Кинонд жар, далаад жүжигчин оролцож, нийтдээ 150 хүн ажилласан байдаг. “Улаан дөрвөлжин” киноны зохиолч Золзаяа, Ганболд найруулагч хоёр надад зохиолоо өгөөд ямар нэг дүр заалгүйгээр унш гэсэн юм. Дараа нь “Аль нь таалагдаж байна” гэж асуусан. Мэдээж Ц.Төмөрбаатар ахын тоглодог эмнэлгийн даргын Даваа гэх дүр миний насных биш. Бусад дүрийнх нь хувьд хамгийн их хийх юмтай, жүжигчний хувьд ажиллагаатай, авьяас, ухаан шаардах дүр нь Ням гэж номын цагаан солиотой залуугийн дүр байсан. Миний дүрээс сүүлд их хасагдсан юм. Номын цагаан солиотой хүн их юм уншсан байх ёстой гэдэг үүднээсээ гурван хуудас шүлгийг нэг дор унших гээд ажиллагааны хувьд кайфтай байсан. Орчуулгын киноны жүжигчин гэдэг утгаараа, уран уншлага сонирхдог маань их хэрэг болсон. Тэр дүрээ дажгүй болсон гэж боддог. Үзэгчид аймшгийн кино гэж ярьдаг юм билээ. “Улаан дөрвөлжин” цэвэр сэтэл зүйн драм. Өнөөгийн нийгмийн амьдрал дээр байгаа салбар салбарын асуудлыг шүүмжилсэн сэтгэлгээний кино. Долоо хоногийн даваагаас ням гариг болоод монгол тооллын долоон дүртэй. Хүний амьдрал долоон өдөрт эргэж байдаг гэдэг утгаар нь дүрүүддээ нэр өгсөн гэдэг юм. Компьютерийн солиотой, урлагийн хэнээтэй, эд мөнгөний туйлшрал гээд ерөнхийдөө манай нийгэм галзуугийн эмнэлэг шиг байна шүү гэдэг санааг гаргасан кино.

-Танд одоо тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Намайг ихэнхдээ аймшгийн кинонд тоглодог гээд байдаг юм. Надад л тохиолдож байгаа хувь тавилан шүү дээ. Киноны гол дүрд сайхан залуу тоглох нь элбэг. Судалгаагаар ч сайхан залуу, бүсгүйг тоглуулж байж кино амжилттай болж үзэгчдийн тоо ихэсдэг. Ихэнх киноны гол дүр сайхан залууг сонгодог. Тэр дүрүүд миний бодлоор хийх юм багатай шиг санагддаг. Тэрний оронд тэр гол дүрд саад учруулж, хорлож, ямар нэгэн байдлаар дүрийг хатгаж байгаа, ажиллагаатай, жүжигчний авьяасыг шавхсан хүмүүст сонирхолтой хэлбэрээр хүрдэг дүрүүдэд ажиллахсан гэж боддог. Дамчаа гуайг гудамжаар явахад чулуу шиддэг байсан гэж ярьдаг. Дамчаа гуай шиг эсрэг талаараа хүний сэтгэл санаанд тултал хийсэн нэг тийм дүртэй болохсон гэж хүсдэг. Хүмүүсийн зэвүүг хүргэсэн дүртэй болохыг хүсч байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Хүүхдэдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх үү?

-Ам бүл тавуулаа. Эхнэр маань “Сарнайх” гоёлын студид ажилладаг С.Цэвэлмаа гэдэг бүсгүй бий. Саргуун, Тэмүүлэн, Соёмбо гэдэг гурван хүүтэй. Том хүү маань “Тэмүүжин өрлөг” сургуульд энэ жилээс суралцаж байгаа. Нөгөө хоёр маань сургууль, цэцэрлэгтээ явна. Том маань жаахан байхдаа жүжигчин болно гэж ярьдаг байсан. “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” кинонд бас тоглоод авсан шүү. Гэхдээ одоо тэгж ярихаа больсон байна. Өөрсдөө л сонгох байлгүй. Ажиглаад байхад дунд хүү маань нөгөө хоёроо бодвол урлагийн мэдрэмж сайтай. Дүр төрх нь ч гэсэн жүжигчин байхаар харагддаг. Гадаад байдлаараа ч, сэтгэж байгаа байдлаараа ч сайн жүжигчин болох шинжтэй харагдаад байдаг юм, болох ч байх. Зүгээр нэг жүжигчний диплом авах амархан. Жилд хэдэн жүжигчин төгсөөд хэд нь мэргэжлээрээ ажилладаг билээ. Нэг бодлын амархан юм шиг харагддаг боловч хэцүү мэргэжил. Их тэвчээр, тэсвэр шаардана. Тоондоо муу, оюун ухааны бядгүй хүн орчихдог анги юм шиг хандлага байдаг. Дүрсгүй хүн болгон жүжигчин болохгүй. Ер нь юм, юм шавхдаг мэргэжил шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол банкинд дөрвөн тонн алт биетээрээ хадгалагдаж байна

“Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө манай улс жилд 700 орчим кг алт олборлож байжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш тонн давж эхэлсэн гэдэг. 1996 онд 5.4, 2005 онд 24 тонн хүрсэн статистик бий. Харин урт нэртэй хуулийн дараа 5.7 тонн хүрч буурсан юм. Сүүлд Монголбанкинд тушаасан алтны нөөц ашигласны татварыг бууруулж, урт нэртэй хуульд хамрагдсан зарим лицензийг буцааж олгосноор алт олборлолт эрс нэмэгдсэн. Энэ жил Монголбанкинд 15 тонн алт тушаажээ. Дөрвөн тонн нь биет байдлаараа хадгалагдаж байгаа аж. Үлдсэнийг нь экспортолжээ. Алтны шороон ордын ашиглах нөөц багасч байгаа учраас Гацуурт, Бурхан дэл, Нарантолгой, Үрлийн овоо, Өндөрнаран, Хатавч өндөр, Алтан цагаан овоо зэрэг хүдрийн ордуудыг ашиглалтад оруулах хэрэгтэй гэж геологичид онцолдог. Сонирхуулж хэлэхэд Монголд 1902-1918 онуудад Орос, Франц, Америкийн хамтарсан “Монголор” хэмээх компани 9.3 тонн орчим алт олборлосон албан мэдээ бий.

МАНАЙ УЛС ОХУ, АНГЛИ, ЯПОНД АЛТАА ЦЭВЭРШҮҮЛДЭГ

Алтыг олон улсын зах зээлийн эргэлтэд оруулахын тулд агууламжийг нь өндөр цэвэршилттэй буюу 999.9-999.99 сорьцтой болгох шаардлагатай аж. Өнөөг хүртэл манай улс ОХУ, Англи, Япон зэрэг оронд алтаа цэвэршүүлж иржээ. Ингэж гадаадад цэвэршүүлэхээр зардал нь өндөр гардаг сул тал бий. Алт цэвэршүүлэх технологи улс бүрт адилгүй. Ер нь алтыг хими, цахилгаан, пиро, гидрометаллургийн аргыг ашиглан сорьцыг нь 999.9-д хүргэж цэвэршүүлдэг байна. Пирометаллургийн аргыг энгийнээр хэлбэл алтанд байгаа хольц элементүүдийг өндөр температурт дэгдээх замаар цэвэршүүлдэг юм байна. Алт боловсруулалт цэвэршүүлэлтийн технологийн түвшнээр АНУ, Япон, Англи, Герман Австрали, Өмнөд Африк, Орос зэрэг улс тэргүүлдэг. Лондонгийн металлын биржийн баталгаагүй үйлдвэрт цэвэршүүлсэн алтыг дэлхийн зах зээлд гаргах, барьцаалан хадгалуулах, арилжаа хийх боломжгүй аж.

Цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд заавал их хэмжээний металл цэвэршүүлэх хүчин чадалтай байж үр ашигтай ажиллана гэдэг ойлголт өрөөсгөл гэнэ. Монголын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэр барих хууль, эрх зүйн орчин бүрджээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Улаанбаатар, Бор-Өндөрт байгуулах боломжтой гэсэн хэтийн төлөвлөгөө дуулддаг. Төлөвлөсөн хоёр үйлдвэр ашиглалтад орчихвол жилд 32 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэсэн тооцоог салбарынхан нь хийжээ. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтын хэмжээ нь 0.5-1 сая хүртэлх ам.доллар гэсэн тооцоо гаргасан байдаг.

ХАМГИЙН ТОМ АЛТ ОЛБОРЛОГЧ НЬ ХЯТАД

Хамгийн том алт олборлогч компани бол Канадын “Баррик гоулд”. Тус компани АНУ, Канад, Австрали, Перу зэрэг олон оронд алтны 27 уурхайтай. Дэлхий даяар жилдээ 3000 орчим тонн алт олборлодог гэсэн тоо бий. ӨАБНУ алт олборлолтоороо зуу гаруй жил дэлхийд тэргүүлж. 2007 онд урд хөршид байраа тавьж өгчээ. БНХАУ сүүлийн долоон жилийн турш хамгийн том алт олборлогч гэсэн тодотголоо алдаагүй байна. Урд хөрш жилдээ 360 гаруй тонн алт олборлодог. Энэ нь дэлхийн олборлолтын зургаан хувийг эзлэхээр том тоо. Хятад, Австрали, ОХУ, АНУ, Перу, Өмнөд Африк зэрэг улс алт олборлолтоороо тэргүүлдэг. Монголын хувьд 2015-2025 онуудад 19.3-42 тонн алт олборлох төлөв бий.

3000 ТОНН АЛТНЫ ТААМАГ НӨӨЦ БИЙ

Алтны нөөцөөрөө дажгүй улсын нэгд Монгол ордог. Боломжтой нөөц нь нийлээд 513970 килограмм гэсэн тоог эрдэмтэд 2010 онд гаргаж байж. Европын хэвлэлд Монголын алтны нөөцийг Канадын Клондейк нутагтай зүйрлэж бичсэн удаатай. Монголын хөрсөн доор 3000 тонн алт бий гэсэн тоо ч сонсогддог. Алтны шороон ордын нөөц эрс буурч, зэс, хар тугалга, цайрын ордуудад дагалдах байдлаар тогтоогдсон алт болон дан алтны үндсэн ордын нөөц эрс ихсэх хандлагатай байгаа. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутагт орших Гацууртын үндсэн орд нөөцөөрөө том ордод багтах боломжтой гэдэг. Энэ ордын нөөцийг 50 тонн гэж бүртгээд байгаа юм. Гацуурт, Баян айраг, Бурхан дэл, Өндөр наран, Алтан цагаан овоо, Хармагтай, Эрдэнэтолгойн ордуудаас 1-4 тонн хүртэл алт олборлох тооцоо бий. Алтны үндсэн орд илрүүлэх хэтийн төлөв сайтай үндсэн ордын тоонд Ургамал, Говь-Алтай, Өмнөговь, Өмнөт Хэрлэн, Өмнөд Хэнтий, Баянговь-Баянлиг зэрэг бүс багтдаг.

АЛТ АЛЬ Ч ҮЕД ҮНЭЭ АЛДДАГГҮЙ

Санхүүгийн хямрал 2007 оноос эхлэхээс таван жилийн өмнө алтны үнэ өсч эхэлжээ. Ер нь сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засаг ямар байхаас үл хамаарч алтны үнэ өссөөр ирснийг статистикаас харж болно. Хөрөнгө оруулалт өссөн, зогссон аль ч үед ханшаа алдаагүй металл бол алт. Жишээ нь 2002-2004 онд алтанд оруулах хөрөнгө оруулалт 21 хувиар буурсан байхад алтны үнэ 41 хувиар өсч байж. 2006-2008 онд алтны хөрөнгө оруулалт дөрөвхөн хувиар өсөхөд алтны үнэ 67 хувиар өсчээ. Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн прогноз бий. Олон улсын байгууллагуудын прогнозыг дундажлахаар алтны ханш энэ онд 1150 орчим, ирэх онд 1180 гаруй ам.доллараас буухгүй гэсэн ерөнхий таамаг гараад байгаа. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа гэсэн шалтгаанаар алтны ханш сая дурдсан хэмжээнээс ч өсөх хандлага байгаа аж. Ирэх оны төсвийн тооцоололд нэг унци алтны үнийг 1156 ам.доллар байхаар төсөөлсөн. Мөн 23.6 тонн алт олборлох тооцоо бий. “Оюутолгой” гэхэд л 10.1 тонн алтыг олборлож экспортлох юм билээ. Монголбанк, арилжааны банкуудад 13.5 тонн алт тушаагдана гэж одоогоор төлөвлөж буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс
голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32
градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус,
өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө
10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус
хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган
шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 37-42
градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,
Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21
градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн
байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган
шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар
шөнөдөө 38-43 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34
градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган
шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15
градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн
байна.