Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 11:30 цагаас хойш замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбанын албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн төв замуудыг хэсэгчлэн хаагаад байна. Өнөөдөр өглөөний 7.30 цагаас 11.00 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Нийслэлийн гудамж зэргийг хаагаад байна. Эдгээр замуудын хөдөлгөөн 11:00 цагаас хойш хэвийн үргэлжлэх юм байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал бөгөөд энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана. Мөн айлчлалын хугацаанд хоёр талын бизнес форум зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм. Тус хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал багтжээ.

Тодруулбал, УИХ өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаараа хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгох тухай төслийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Хүний хөгжлийн сангаас хүүхдэд олгох мөнгөн журмаа өөрчлөхөөр болсон аж. Энэ асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оруулах юм байна.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хоёр дахь чухал асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэлцүүлэх аж. Үүнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл багтаж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Улсын Их Хурлын тогтоолын төсөл эгүүлэн татах тухай

С.БАЯРЦОГТ

2

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын протоколын төсөл

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 13 дугаар тогтоол)

Л.ПҮРЭВСҮРЭН

4

Ази, Европын дээд түвшний уулзалтын аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай

Д.ДОРЛИГЖАВ

5

Улсын Их Хурлын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах тухай журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

7

Аргачлал батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

8

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Д.ДОРЛИГЖАВ

9

Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай (Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл)

Д.ЭРДЭНЭБАТ

10

Киноны тухай хуулийн төсөл

Л.ГАНТӨМӨР

11

Журамд өөрчлөлт оруулах тухай (Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам)

С.ЭРДЭНЭ

12

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

13

Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга

С.ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Дара эх, Лхам бурхдаар үзэсгэлэн гаргана

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан сар шинийн өмнө дэлгэж буйгаараа онцлог юм. “Арван хангал” бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн болох тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээлийг дэглэж үзүүлэх гэнэ. Үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаа юм.

Бурханы шашинт ард түмэн, түүний дотор Монголчууд “Лхам” бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Түүний нэгэн зүйл хэмээвээс Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ. Тус үзэсгэлэнд Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө толилуулж буй нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын зөвлөхөөр M.Хүдэрбаатар томилогджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар М.Хүдэрбаатарыг зөвлөхөөр томиллоо. Ингэснээр тэрбээр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, ажиллаж байгаа анхны хүн болж байна. Тэрбээр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр ажиллалаа. Шинэчлэлийн Засгийн газрын Нийгмийн бодлогын зөвлөхөөр 2012-2014 онд ажилласан. Энэ хугацаандаа өв соёлоо дэлгэрүүлэх “Адуучин” тэмцээнийг санаачилж, үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, аймаг бүрт бүсийн оношлогооны төв барих, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бууруулах чиглэл гээд олон ажилд оролцсон туршлагатай зөвлөх юм.

Өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллах юм байна. Тэрбээр 2007 онд “Токио Метрополитан” их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академи Удирдахуйн ухааны магистраар, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Categories
мэдээ улс-төр

​Унгарын Ерөнхий сайд айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан /Victor Orban/ албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо өнөө өглөө хүрэлцэн ирлээ. Эрхэм зочин өнөөдөр айлчлалынхаа эхэнд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүний дараа Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурна. Унгарын Ерөнхий сайд УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан, айлчлалын талаарх мэдээллийг өгөх ажээ.

Виктор Орбаныг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-д зочилж, Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохиох ажээ. Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох юм.

Categories
мэдээ цаг-үе

Уран бүтээлч, спортын алдартан хоёрын хамтарсан үзэсгэлэн Токиод нээгдэв

Японы Токио хотноо аж төрж, уран бүтээлээ туурвидаг зураач Самбуугийн Заяасайхан, сумогийн аварга Харумафүжи Даваанямын Бямбадорж нарын хамтарсанХоёр ертөнцхэмээх уран зургийн үзэсгэлэнгийн нээлт саяхан болсон билээ. Сумогийн аваргатай хамтран өөрийн ертөнцөө дэлгэн харуулсан зураач С.Заяасайхантай хөөрөлдсөн яриагаа хүргэж байна.

Японы Токио хотын тансаг Гинза дүүрэгт алдартНичидогалерейд сумогийн аврага Харумафүжи Д.Бямбадоржтой хамтранХоёр ертөнцүзэсгэлэнгээ амжилттай нээсэн танд баяр хүргэе. Японд хэд дэх удаагаа үзэсгэлэнгээ гаргаж байна вэ?

-Токио, Осака, Кобе, Мацуяамад бие даасан найм, хамтарсан долоо, нийтдээ арвантав дахь удаагаа үзэсгэлэн гаргалаа. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Америк, Австрали, Англи, Франц, Тайвань, Хонгконгд бас үзэсгэлэнгээ гаргасан даа.

Энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ онцлогоос дурдаач?

-Харумафүжи Д.Бямбадорж аваргатай хамтарснаараа онцлог боллоо. Уран бүтээлч, спортын хоёр өөр ертөнцийн хүн хамтраад нэгэн зүйлийг хийснээрээ сонин байсан болов уу.

Нээлтийн үеэр сэтгүүлчид та хоёрыг хэзээнээс танилцаж, ийм үзэсгэлэн гаргах санаа төрөв гэж их сонирхон асуухад аварга таны зургийг харангуут маш их таалагдсан гэж хэлж байсан даа?

-Ноднин өдийд болсон бие даасан үзэсгэлэнг аварга ирж үзэн, анх танилцаж байлаа. Миний зургуудад амар амгалан, энхтайван, гэр бүл, үр хүүхэд, эмэгтэйчүүдийн сэдэв зонхилдог. Аваргын амьдрал мэдээж спортын байнгын хатуу ширүүн тэмцэл, өрсөлдөөн дунд өрнөж байгаа гэж бодож байна. Зураг бол тайвшруулж, амар амгаланг мэдрүүлэх нэгэн зэмсэг. Хүнийг тайвшруулж, баяр баясгалан, ухаарал сэхээрэл өгч, хүнд юм бодогдуулдаг. Бас уйтгар гунигтай болгодог ч байх. Тэднийх гурван хүүхэдтэй, манайх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл гэдгээрээ ч бидний сэтгэлгээ ойролцоо санагдсан байх. Аливаа зургийн ар талд заавал түүх, учир шалтгаан байдаг. Тэрхүү зүйл нь аваргад бас төстэй санагдсан байх. Аварга маань ч уран зураг зурдаг. Түүнээс хойш дотно найзууд болж, уулзалддаг болсон.

Та хоёрын хэн нь анх үзэсгэлэн гаргая гэсэн санал гаргав?

-Би эхлээд үзэсгэлэн гаргая гэж санал тавьсан. Өнгөрсөн долдугаар сард хоёулаа шийдсэн л дээ. Аварга бэртлээсээ болоод хоёр башё амарч байх зуураа Фүжи уулын олон цуврал зураг зурсан. Харумафүжиг би шаггүй сайн зураач гэж боддог шүү. Би бас урландаа зурсаар байсан. “Хоёр ертөнц” гэсэн нэрийн хувьд олон утга учиртай л даа. Нэг талаар сумогийн их аваргыг барилддаг л гэж харахаас биш зураач гэж хүмүүс бодохгүй. Гэтэл урлагийн нарийн мэдрэмжтэй, зураач хүн. Нөгөө талаар тэрхүү хүмүүсийн мэддэггүй уран зургийн ертөнцтэй холбогдсон хүн нь найзын хувьд би болчихож байгаа юм. Хүнд харагдах нэг ертөнц байхад харагдахгүй бас нэг ертөнц байдаг. Зураг бол тэр үл үзэгдэх ертөнцийг илэрхийлдэг, дотоод сэтгэлийн илрэл. Тэрхүү ертөнцөө хүмүүстэй хуваалцаж байгаа нь энэ.

-“Хоёр ертөнцгэсний учир нь өөрсдийн дотоод ертөнцөө илэрхийлсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Зурдаг гээд байнгын хөдөлгөөнгүй зураад байна гэж байхгүй. Ямар нэгэн уран бүтээл гэдэг амьдралд хэр зэрэг төлөвшиж байгаагийн нөгөө нэг илэрхийлэл болдог. Амьдралыг хэр гүн мэдэрч ойлгоно төдий чинээгээр сайн бүтээл гарна. Зураг бол суудаг мэргэжил. Нэг юмыг удаан сууж, үргэлжлүүлээд байвал ядарч, стресс хуримтлагдана. Дунд нь мэдээж завсарлага хэрэгтэй. Миний хувьд бие махбодоо хөдөлгөж, спортоор хичээллэж, гүйж алхан, завсарлага авахаар зурж байгаа уран бүтээлээ огт өөр нүдээр харах боломж гардаг. Аялах ч юм уу хүнтэй уулзаж, дахин уран бүтээл хийх цэнэгээ авдаг. Харумафүжи аваргын хувьд байнгын хүнд бэлтгэл хийсний дараа сууж, бясалгах маягаар зураад амсхийвэл оюун санааны гүн амралт болдог болов уу. Эргээд нөгөө хүнд хүчир спортын ертөнцдөө орохоор хүч орж, сэргэдэг байх. Ийм утгаараа хоёр өөр ертөнц нэг болж нэг нэгнийгээ мэдэрсэн адил тал оршиж байна гэсэн үг л дээ.

Та багаасаа зурдаг байсан гэл үү?

-Арвандөрвөн настайгаасаа зурж эхэлсэн. Аав маань Баянхонгор аймгийн Баацагаан суманд монгол хэл, уран зохиолын багш ч гэлээ зургийн хичээл заадаг, маш сайн зурдаг, авьяастай хүн байсан. Би өөрийгөө авьяастай гэж боддоггүй, итгэдэг ч үгүй байлаа. Би зургаа, долдугаар ангид байхдаа баахан бурхан зурсан юм. Би догшин бурханд их дуртай. Аав минь харчихаад жаахан зэвүүцэж, дургүйлхсэн. Тэгэхээр нь би нэг шөнөжингөө сууж байгаад нилээд том Цагаан дарь эх зурсан юм. Аавд харагдах газар нь зураад тавьчихъя гэж бодлоо. Аав минь сэрээд босохдоо нөгөө зургийг хараад “Ээ бурхан минь” гэж уулга алдаж “Миний хүү зураач болчихож” гэж учиргүй баярлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тэр үед аавыгаа баярлуулчихъя гэсэн хүүхдийн сэтгэлээр зурсан. Баярлаж байгааг нь харах тоолондоо урамшин зурсаар байгаад зургаа орхиогүй юм шиг байгаа юм. Түүнээс биш гоц авьяастайдаа ч зураач болчихоогүй юм аа. Дүрслэх урлагийн коллежийг 1997 онд дүүргээд, Соёл урлагийн их сургуулийн монгол зургийн ангийг 2001 онд төгссөн.

Шинэ мянганы эхээр зурж байсан зургуудыг тань харж байхад бурхан, чөтгөр, Чингис хаан, баатар, бөөгийн сэдэв зонхилж, нэлээн өвөрмөц, хүнд сэдэвтэй байсан шүү?

-Тэр үед ардчилал дөнгөж гарч, үндэсний бахархал, шашин шүтлэг сэргэж эхэлж байсан. Зураач, зохиолч, уран бүтээлчдийн хувьд ч түүхэн сэдвээр их бичиж, мэддэггүй байсан Чингис хаанаа сонирхон, бөө, далдын хүчний сэдвээр зурах их сонирхолтой байлаа. Уран бүтээлч хүний сэдэв байнга өөрчлөгдөж, хувьсч явдаг. Ямар нэгэн юманд дурлаж, зүтгэж, эрж хайж явдаг. Би сэдэвт тийм их ач холбогдол өгөөд байдаггүй. Одоо бол гэр бүл, үр хүүхэдтэй болчихсон. Хувь хүнийхээ хувьд ч тайван байхыг хүсч байна. Гол уран бүтээлийн санаа гэдэг маань эргэн тойрноосоо санаа аваад л бүтээл болгож байгаа дүр төрх юм болов уу. Оюутан ахуй үедээ өөртөө ямар ч хамааралгүй өнө эртний баатар, түүхэн сэдвийг хангалттай зурсан гэж бодож байгаа.

Одоо өөрийн тань уран бүтээлд эх хүн, эмэгтэйчүүдийн сэдэв их голлоод байна уу?

-Эмэгтэй хүн дүрсэлсэн болохоор яг хэн нэгнийг эсвэл эхнэрээ зурсан юм уу гэж асуух нь олон. Аливаа уран бүтээлийг эмэгтэй хүний дүрээр дүрсэлж, олон утга санааг илэрхийлж болох юм шиг санагдсан. Жишээ нь, байгаль дэлхийг илэрхийлж болно эсвэл орчин үеийн тулгамдаад буй экологийн асуудал, байгаль цаг уурын өөрчлөлтийг хөндөхөд болон амар амгалан, уйтгар гуниг, хүний сэтгэлд юу болдог бүх юмыг эмэгтэй хүний дүрээр илэрхийлж болно. Түүнээс биш яг бодит нэг эмэгтэй хүн биш.

Харумафүжин Д.Бямбадоржийн зурсанАлтан Фүжизураг нь дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдаж бүх мөнгийг нь зүрхний өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ.

-“Саксафон-1, 2, 3” гэсэн эвэр бүрээ үлээж байгаа бүсгүйн гурван цуврал зураг онцгой санагдаад байсан л даа. Тэрхүү зураг ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?

-Тэр бол ерөнхийдөө онцгой утга учир агуулаагүй. Монгол үндэсний эхнэр хүний хувцсыг харахад зарим талаараа хөгжмийн зэмсэгтэй адилхан харагдаад байдаг. Бас нөгөө утгаараа эмэгтэй хүн өөрөө хөгжимлөг байдаг. Эмэгтэй хүнийг хөгжим гэж бодвол зарим нь залхаад чихээ тагламаар чийхарсан хөгжим тоглодог бол зарим нь уяраад, салахын аргагүй хөгжим эгшиглүүлдэг байж болно. Үндэсний хувцасны элементийг орчин үеийн хөгжмийн зэмсэгтэй холбовол сонирхолтой санагдаад тийм зохиомжилсон чимэглэлийн хэлбэрийн зураг юм.

Хээр талд бурхан зүүсэн охины зураг ямар утга учиртай вэ?

-Хүн байгаль эхээсээ холдоод байна. Хотод амьдраад л, улам иргэншээд амьд байгалийн харилцаанаасаа хөндийрөөд байна. Би бүх зургандаа монгол сэдвийг хөнддөг. Би хэдийгээр Японд есөн жил аж төрж байгаа ч хэзээ ч Японыг зураагүй. Дургүйдээ биш. Хүмүүс яагаад орчин үеийн онгоц, машин, техник, олон нийтийн таашаалд нийцсэн юм зурахгүй байгаа юм гэж их асуудаг. Юу гэсэн үг вэ гэвэл хүн, байгаль хоёрын жинхэнэ амьд буюу эв найртай харьцаа хаана байсан бэ гэвэл нүүдэлчдэд л байсан. Тэрийг ямар нэгэн хэмжээгээр хөндөхийг бодсон. Нэгэн залуухан охин буян хийх гээд холын аянд явсан түүх уншиж байснаас санаа аваад л “Бурхантай охин” гэсэн хөрөг зураг бүтээсэн юм. Гүнзгий утга санаа байхгүй ч үзэж байгаа хүмүүс өөрийн хүсч буй далд мөрөөдөл, бодол санаагаа түүнээс олж авч, амар амгаланг мэдрээсэй гэсэн хүсэл эрмэлзлээ шингээж зурсан юм.

Зохиолч Б.БатрэгзэдмаагийнОчир эрхшээгчномын хавтас дээр байдаг зурагныхаа талаар ярина уу?

-Ном гарахаас өмнө байсан зураг л даа. Зохиолч нь интернэтээр холбогдож надаас асуусан. Агуулгатай нь хэр нийцэж байгааг мэдэхгүй байна. Номыг нь уншиж амжаагүй явна. Зохиолч нь надад бэлэглэсэн. Тэр зургийг шидэт малгай гэдэг. Цамын бүжгийн гол удирдагч хүний малгай юм. Их сүсэг, нүнжигтэй, бурхан шашны их гүн агуулгатай эд зүйл болсон малгайг зүгээр нэг саваагүй охин өмсчихсөн байгаа юм. Их сонин содон санагдаад л духдуулчихсан түүний хувьд бол шидэт малгай юм.

Хүн баярласан үедээ өнгөлөг гэгээлэг зурдаг, гуньсан үедээ хар бараан зурдаг гэдэг. Энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Би гунигтай үедээ зурдаггүй. Амьдрал өөрөө богинохон шүү дээ. Аль болох гэгээлэг явъя л гэж бодож байна. Хар бараан сэдэв амьдралаар дүүрэн байна. Дайн дажин, үзэн ядалт хаа сайгүй болж байна. Түүнийг хөндөж, хурцаар илэрхийлснээр миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Аливаа юмны сайн сайхныг олж харахыг л хичээж байна. Сайхан юм бодоод л амар амгалан, тодорхой хэмжээнд тайвшралыг олоод уран бүтээлээ хийх нь зүйтэй санагдаад байгаа юм. Хүнд сэдвүүдийг оюутан байхдаа нэлээн зурж байсан бол одоо огт өөр болсон.

Одоогийн зурж байгаа бүтээлүүдэд тань гуниг шингээгүй гэсэн үг үү?

-Түүнийг үзэж байгаа хүн л мэдрэх байх аа.

Зураач хүн бол оюун ухаандаа төвлөрч боловсруулах үе шат нь зурахаасаа удаан байдаг гээд байдаг.

-Хувь хүнээсээ л шалтгаална. Зарим бүтээл олон жил бодож явж байгаад хэдхэн сарын дотор гарчихдаг. Бодоогүй байж байгаад гэв гэнэт зорилгогүй зураад эхэлтэл аятайхан санаа ороод ирдэг. Сайн бүтээл хийе гэвэл үнэхээр цаг хугацаа ордог. Монгол зураг бол нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг. Одоо зурж байгаа миний зургуудыг яг уламжлалт монгол зураг гэж тодорхойлох бас хэцүү. Монгол хүний гараар бүтэж, зурж байгаа болохоор монгол уран зураг гэж хэлж болох байх аа. Монгол уламжлалт арга техникээр зурсныг монгол зураг гэх үү. Яг тийм гэж тодорхойлоход түвэгтэй болчихож байгаа юм. Онолын хувьд ч тодорхой биш. Япон зураг гэж байна уу, франц зураг гэдэггүй биз дээ. Төрлөөрөө л хэд ангилдаг болохоос биш. Миний уран бүтээлүүд биеийн минь нэг тасархай. Хөлс хүч, үзэж туулсан амьдрал юу мэдэрч бодож буйн тусгал болдог. Хүмүүс зургийг минь хараад ямарваа нэгэн зүйлийг мэдэрч, өөр нэгэн ертөнцийг харсан бол боллоо гэж үздэг.

Залуу зураач дэлхийн түвшинд гарахын тулд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Зураад л бай гэж хэлмээр байна. Сайн зураад байвал хүмүүс сонирхоод л ирнэ. Шууд утгаар нь битгий ойлгоорой. Арван мянган цагийн хууль бил үү зарчим гэж байдаг. Зургийг хийхээс нааш өөрөө өөрийгөө ойлгож мэдрэхгүй. Хичнээн хэмжээгээр түүнд цаг үрнэ. Төдий чинээгээр чи өөрийгөө олж авна. Зүгээр бодож явж байгаад гэнэт нэг өдөр суугаад сайн бүтээл хийнэ гэж байхгүй. Жишээ нь, алдарт Бетховен, Моцарт төрөлхийн сод авьяастай л гээд байна. Тэд гэнэт гарч ирээд хөгжим тоглоод байгаагүй. Төрснөөсөө эхлээд л бага балчраасаа тоглож ирсэн. Хичнээн цагийг төгөлдөр хуурын өмнө сууж, дасгал сургуулилт хийснийг хүмүүс мэддэггүй. Ямар ч уран бүтээлч аливаа нэг зүйлийг төгс хийхийн тулд дор хаяж арван мянган цаг зарцуулж байж ямар нэгэн хэмжээгээр дөртэй болно гэсэн нийтлэг нэг зарчим байдаг. Янз янзын урсгал, измүүдийг судлаад цоо шинэ юм гаргана, ингэнэ тэгнэ гээд л амласан ч цаг заваа гаргаагүй л бол тэр мөрөөдөл болон үлдэнэ. Манай зах зээл том биш учраас зураачдад хэцүү хүнд болчихоод байдаг. Гадаадын зах зээл том учраас зөөлөн, амархан гэсэн үг биш л дээ. Дэлхийн янз бүрийн зуугаад зураачтай танил болж, харьцаж байна. Тэдний дундаас байр сууриа эзэлчихсэн од ч байна. Энгийн нь ч байна. Тэдний бараг ерэн хувь нь зургаа зурахын тулд ажил хийдэг. Бүгд мөнгөний асуудалтай. Японы алдартай зураач Сорияма Хажимэ “Оддын дайн” Холливудын киноны зураачаар ажиллаж байсан. “Сони” группийн сүүлд гаргасан робот нохойг бүтээсэн хүний найз л даа. Дэлхийд танигдсан хүмүүс ч гэлээ амьдралын асуудал адилхан байдаг. Илүү алдартай болох тусам илүү шалгуур, сорилт ирдэг. Дуртай юмаа хийхийн тулд маш их золиос гаргах хэрэгтэй гэж л хэлэх гээд байна. Японд нилээн хэдэн жил амьдарч, зөвхөн дуртай юм болох зургаа зураад өөр юу ч хийхгүй оршин байна гэдэг миний хувьд амжилт юм болов уу. Алдар нэр, хөрөнгө мөнгөтэй байх нь нэг их чухал биш. Зургаа зуун сая доллараар зараад баярлахаас илүү дуртай зургаа зурж байгаа тэр агшныг мэдэрч амьдрах нь л миний баяр баясгалан. Зургаа л сайн зураад явбал амжилтад хүрнэ.

Өндөр өртөгтэй Японд ганцхан зургаараа амьдрахад хэцүү биш үү?

-Манайх Сайтама мужид байдаг. Үнэ өртгийн хувьд бол зарим газар бараг Монголоос хэд дахин хямд ч байж магадгүй. Урландаа өдөрт 10-12 цаг сууж зурдаг. Дуртай болохоор цаг хугацаа элдвийн зүйлд баригдахгүй чөлөөтэй суудаг. Ядарснаа ч мэддэггүй. Зургандаа бүр автсан байдаг. Байнга хөгжим сонсож зургаа зурдаг.

Олон сайхан уран бүтээлийн ард гарна гэдэг гэр бүлийн болон олон хүний дэмжлэг, урмын үг их нөлөөлдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Ил, далд дэмжиж байгаа олон хүний сэтгэлийг мэдэрч, урмын үгийг сонсч явна. Зургийг минь худалдаж авч байнаа гэдэг надад өөр зүйлд санаа зовохгүйгээр зураг зуруулах цагийг өгч байна гэсэн үг. Будаг, бийр, цаасаа авна. Хэн нэгний дэмжлэг байхгүй бол бүтээлээ хийж чадахгүй. Амь зуулгаа бодоод уран бүтээл дээрээ төвлөрч чадахгүй. Хүмүүсийн дэмжлэг авахын тулд тэднийг баярлуулах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл хүнд заавал хүрдэг шүү дээ.

Уран бүтээлдээ яаж үнэ тогтоодог вэ?

-Энэ бол зураачийн өөрийнх нь цэвэр шийдвэр. Миний хувьд уран бүтээлээ хийчихээд тодорхой хэмжээнд төсөөлчихсөн байгаа. Энэ зургийг тэдээр л зарчихвал сэтгэл хангалуун болно гэдэг ч юм уу. Хүн өөрийнхөө бүтээлийг тодорхой хэмжээнд үнэлэх ёстой. Зарим газарт хэн зурсан, хэн авсан бэ гэдэгт их ач холбогдол өгдөг юм билээ. Ялангуяа олон улсын үзэсгэлэн дээр ямар алдар хүндтэй зураач байна, ямар алдартай хүн зургийг нь авсан бэ гэдгийг их анхаардаг тохиолдол байдаг. Дуудлага худалдаан дээр бие биеэ ялахын тулд үнэтэй болгох ч байна. Хэдэн сая доллараар авсан зургийг ямар үнэтэй бүтээл вэ гэж хараад байдаг. Гэтэл тэр бол зураачийн үнэлгээ болдог. Ихэнхдээ зураачтайгаа тохироод галерей тодорхой хэмжээнд зургуудад үнэ тогтоочихсон байдаг.

Монгол зураачдад яавал дэлхийн дэвжээ илүү ойртох бол?

-Арваад жилийн өмнөөс Хятадын тэрбумтнууд уран зургийг үнэ хаяж, худалдаж авах нь эрс ихэссэн. Одоо тэнд уран зургийн зах зээл маш өндөр хөгжиж байна. Буриадад ч ялгаагүй. Ерөөсөө л нэг нэгнээ дэмжээд явах ёстой. Тус тусдаа хөгжинө гэж байхгүй. Төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үндэсний урлагийн бүтээл болох зургийг зураачаас нь компаниуд худалдаж авсан тохиолдолд татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу, гадаад дотоод явахдаа бэлгэнд зураг худалдаж авах, олон улсын үзэсгэлэн худалдаанд бэл бэлчинтэй хүмүүс нь зураачаа дэмжиж, хамт дагуулж явах зэрэг тусламж дэмжлэг хэрэгтэй байна.

Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

​С.Пүрэв: Гааль, татвар нэгдсэн мэдээлэлтэй, амь нэгтэй байгууллага болж байна

Сангийн дэд сайд С.Пүрэв Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнтэй ярилцлаа.

Гаалийн байгууллагыг мөнгө хураах гэдэг талаас нь харж татварын байгууллагатай нэгтгэсэн нь бодлогын алдаа гэж шүүмжилж байна. Чухам яагаад энэ хоёр байгууллагыг нэгтгэв гэдгээс яриагаа эхэлье?

-Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар бол олон жилийн түүхтэй байгууллагууд. Яагаад энэ хоёрыг нэгтгэсэн бэ гэдгийг олон талаас нь авч үзэх хэрэгтэй л дээ.

Өнөөдөр бид эдийн засгийн томоохон, реформын чанартай өөрчлөлтүүдийг хийж байна. Улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, цэвэр тунгалаг байлгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд бүртгэл хяналтын систем маань жигд, үүнд тохирсон боловсронгуй байх ёстой. Төр засгаас Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг бүртгэж авъя, хяналттай байя гэсэн утгаар НӨАТ-ын тухай хуульд шинэчлэлт хийсэн.

Татварын байгууллага нь хөөгөөд л, аж ахуйн нэгж нь цаашаагаа нууж хаагаад л ийм нэг чөтгөрийн тойрог шиг юмаар олон жил явлаа шүү дээ. Ингэж болохгүй юм байна гэж үзээд, олон улсын туршлага, тэдний хийж байгаа зүйлсийг судлаад иргэдийг оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Иргэдтэйгээ хамтраад бүртгэл тооцоогоо сайжруулъя гэсэн чиглэл гарч энэ утгаар хуульд өөрчлөлт орсон.

Иргэд маань өнөөдөр хоёр төрлийн татвар төлж байгаа. Нэгдүгээрт, цалин буюу орлогоосоо орлогын албан татвартаа 10 хувиа төлж байгаа. Дээр нь иргэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа 10 хувиа төлдөг. НӨАТ хэлбэрээр 10 хувийг иргэн төлдөг. Энэ бол худалдааны татвар гэсэн үг. НӨАТ гэдэг бол Худалдааны албан татварын боловсронгуй хэлбэр. Дэлхийн 120 гаруй орон НӨАТ-аар Худалдааны албан татвар авч байна. Хуучин бидний мөрдөж байсан Худалдааны татвараас юугаараа ялгаатай вэ гэвэл байгууллага бүр өөрийнхөө суутгалыг хийгээд хяналт тавиад явчихдаг байсан. Одоо бол иргэд өөрийнхөө худалдан авалтаа баримтаараа баталгаажуулаад “Би татвараа төлчихсөн шүү, худалдаж авсан бараа болгондоо. Үүнийг танд мэдэгдэж байна. Үүнийг замаас нь хэн нэгэнд гувшуулчихгүйн тулд та нар олж аваарай. Тэгээд эргүүлээд миний хүүхдийн сургууль, цэцэрлэгт зориулаарай” гэсэн л утгатай зүйл шүү дээ. Би маш энгийн, ойлгомжтой тайлбарлалаа. Энэ утгаараа иргэдийг худалдан авалт, үйлчилгээ бүрээ баримтаар баталгаажуулж өгөөч ээ гэж байгаа юм. Ийм л юм. Ингэснийх нь төлөө бид иргэдээ юу гэж тоолгүй орхихов. Нэг ёсондоо хөдөлмөрлүүлж байна шүү дээ, хяналт тавиулж байна. Монгол Улс татварын гурван сая байцаагчтай боллоо гэсэн үг. Татварын 1800 байцаагчтай байсан бол гурван сая байцаагчтай болчихлоо. Тэгэхээр гурван сая байцаагчаа урамшуулж, цалин өгөх ёстой. Тийм болохоор 10 хувийнх нь хоёр хувийг нь буцаагаад өгч байгаа юм. Би энгийнээр яриад байгаа юм шүү. Ингэж төр засаг маань иргэдтэй хамтраад ажиллах нь хэн хэндээ ашигтай. Нэгдүгээрт, иргэн өөрийнхөө худалдан авалтаа баримтаараа баталгаажуулж үүргээ гүйцэтгэж байна. Татвараа төлснөө мэдэж байна. Хоёрдугаарт, өөрийнхөө гэр бүлийн бүртгэл тооцоогоо хийхэд сайхан болж эхэлнэ. www.ebarimt.mn сайт руу ороход таны худалдан авалт ангилагдаад орон сууц, хоол хүнсэнд хэдэн төгрөг зарж вэ гэдгээ харж анализ хийхэд хялбар болно. Аж ахуйн нэгжүүдэд ч их хэрэгтэй. Юмаа нууж хаагаад байхаар нягтлан бодогчдоо ч, захиралдаа ч хэцүү. Ийм байдал олон жил бугшлаа. Ил тод байдлын тухай хуулиар 9.1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болчихоод байна.

Хууль санаачлагчид энэ хуулийг хэрэгжүүлээд долоо, найман их наяд төгрөгийн хөрөнгө ил болно гэж төлөвлөсөн юм билээ, уг нь?

-Бид үүнийг чинь л ил тод болгохын төлөө яваад байгаа. Тэгэхгүй нэгнээсээ юмаа нуугаад яваад байж болохгүй. Бид чинь XXI зуунд амьдарч байна, эрин үетэйгээ хөл нийлж байна. Улс орон маань хөгжих ёстой ш дээ. Бид юм хийх ёстой. Тэгтэл юм хийснийгээ баалаад л. Бид ямар нэгэн юм хийх ёстой. Хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд татвараа цуглуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь төр засгийн чадвар, чадавхийг харуулдаг чухал үзүүлэлт. Энэ талаас нь харвал бид их доогуур байна. Далд эдийн засаг 40 гаруй хувьтай байна. Тэгтэл 9.1 их наяд төгрөг ил болж байна шүү дээ. Үүний жараад хувь нь НӨАТ. Иргэдийн төлсөн татвар орж ирдэггүй байсан гэсэн үг. Ийм л байна. Иргэдтэй л хамтарч ажиллахгүй бол болохгүй. 1800 байцаагчаа 3600 болгоод ч ийм их мөнгийг ил болгож чадахгүй байсан. Системээ бид өөрчилж байж л үүнийг хийж байна.

Цаад үр дагавар нь нийгмийг эрүүлжүүлэх асар их ач холбогдолтой. Системийн чанартай ийм өөрчлөлт хийж байгаа болохоор үүнийг хэрэгжүүлэх бүтцээ сайжруулах шаардлагатай болсон. Хуучин системээр явж чадахгүй. Бүртгэл тооцоо, мэдээллийн урсгал маань нэг болоод эхэлж байна. Гаалиар бараа орж ирлээ, НӨАТ төллөө. Эцсийн борлуулалт хүртэлх бүх үйл ажиллагаа нэгдсэн хяналтад ороод ирчихэж байгаа тохиолдолд үүнийг нэгдсэн байгууллага л бүртгэх ёстой. Үүнтэй холбогдуулж Гааль, татварын ерөнхий газрыг байгуулсан.

Иргэдийн худалдан авалт хийсэн баримт нь эргээд хяналтын том механизм болж байна гэж харж болох нь ээ?

-Жишээ ярья. Автомашины 100 дугуй оруулж ирсэн нөхөр зарсан чинь 200 ширхгийг зарчихаж байгаа юм. Яагаад гэхээр гааль дээр дарчихсан байгаа байхгүй юу. 200-г оруулж ирээд талыг нь гаалийн байцаагчидтай нийлээд аргалаад 100 дугуй оруулж ирсэн гэж бүртгүүлчихнэ. Энэ нууц биш шүү дээ. Гэтэл тэр хүнийг 200 дугуй зарсан гэдгийг иргэд гаргаад ирчихэж байна. Иргэд дугуйг худалдан аваад баримт нэхнэ дээ. Иргэд ингэж мэдээллэчихэж байгаа юм.

Гаалийн байцаагч нар мөнгө төгрөгтэй холбоотой ажилтай бага зууралдаж, жинхэнэ үүргээ биелүүлэх боломж гарч ирж байгаа гэж ойлгож болох уу?

-Гааль их хэмжээний орлого оруулдаг төсөв бүрдүүлэгч том байгууллага. Энэ байгууллагыг зөвхөн мөнгөнийх гэдэг талаас нь харлаа гээд байгаа. Гэтэл үгүй юм. Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэгтэй холбогдуулж “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг ажил дээрээ байх цаг зав гаальчдад гарч байгаа юм. Орлогын асуудлыг татвар нь бариад явчихаж байгаа учраас манай гаальчид жинхэнэ ажил дээрээ байх нөхцөл нь бүрдэж байна.

Өмнө нь энэ хоёр байгууллага тусдаа, нэгдсэн мэдээлэлгүй байжээ?

-Нэгдсэн мэдээлэлгүй, гаргадаг шийдвэр нь тусдаа байсан. Одоо бол нэгдсэн нэг мэдээлэлтэй, шийдвэрээ нэг сувгаар гаргадаг амь нэгтэй байгууллага болж байна. Энэ чиглэлээр хамгийн сүүлд сая Португал улс гааль, татвараа нэгтгэлээ. Польш, Словак улсууд ч нэгтгэчихлээ. Дэлхийн чиг хандлага ийм болчихоод байгаа юм.

Гааль, татварын ерөнхий газар ямар бүтцээр ажиллах юм. Бүтцийн өөрчлөлтөө зөвхөн удирдах шатанд хийж байгаа гэсэн үү?

-Мэдээллийн нэг баазтай болж нэгдсэн нэг шийдвэр гаргаж, түүндээ нэгдсэн байдлаар хяналт тавих ийм үйл ажиллагааг л нэгтгэж байгаа, удирдах газрынхаа түвшинд. Бүх боом хэвийн ажиллаж байна, татварын бүх байгууллагууд ч хэвээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдэж байгаа болохоор тодорхой хэмжээний орон тоо хэмнэгдэнэ.

-120 гаруй хүнийг цомхотгоно гээд байгаа?

-Гааль, татвараас нийлээд 120 гаруй хүнийг цомхотгоно. Үүн дотор тэтгэвэрт гарах, өвчтэй, чөлөөтэй байгаа хүмүүс, дээр нь бүтэц нийлж давхардсан чиг үүргийг нэг болгосонтой холбогдуулж тодорхой тооны хүмүүс чөлөөлөгдөнө гэж үзвэл бүх шатандаа зуу гаруй хүн цомхотголд орно.

Гааль, татварт нийт хичнээн албан хаагч ажиллаж байна вэ?

-Нийлээд 3200 гаруй хүн ажиллаж байна. Манай хуулиар аж ахуйн нэгжүүд маань өөрөө орлогоо мэдүүлдэг. Гэтэл хоёр жил болгоод шалгуулдаг. Энэ чинь юу вэ гэхээр хоёр биедээ итгэхгүй байгаа гэсэн үг. Итгэхгүй учраас татвараас шалгаж байгаа юм. Яагаад итгэлгүй байдал үүсэв гэвэл нэгдсэн мэдээлэл алга. Мэдээлэл дутуу дулимаг байгаа учраас итгэхгүй байгаа юм. Тэгэхээр мэдээллээ боловсронгуй болгочихвол заавал хоёр жил тутам шалгаж дарамтлаад байх зүйлгүй болно. Ирүүлсэн мэдээлэл нь үнэн зөв байгаад байвал тав, арван жилээр ч шалгахгүй байж болно. Иргэдээрээ хөндлөнгөөс хянуулна гэдэг маань эргээд ийм ач холбогдол, сайн үр дагавар авчирч байгаа юм.

Хөдөө орон нутагт иргэд баримтаа хэр авч байна вэ. Сум, багийн дэлгүүр хоршоонууд баримт хэвлэж өгч байгаа болов уу?

-Олон нийтийн радио, телевизээр байнга сурталчилж байна. Дээр нь манай татварын байгууллагууд бүх нэгжүүдээрээ хуулийг сурталчлах, ойлгуулах, таниулах ажлыг хийж байна. Хуулиараа бол энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ чиглэлээр манай зарим аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ сайн хангаж чадаагүй. Үүнийг нь ойлгож байна. Хуульд хэвлэх машин, тоног төхөөрөмж түүнтэй адилтгах төхөөрөмжтэй байна гээд заачихсан байгаа. Иргэнд заавал баримт гаргаж өгөх үүрэгтэй. Иргэн баримтаа шаардаж авах эрхтэй. Энэ мэтээр хуулийг таниулах, хэрэгжилтийг зохион байгуулахад татварын газар идэвхтэй ажиллаж байна. Гол анхаарлаа үүнд хандуулж байна. Манай татварын байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаад аж ахуйн нэгж болгонтой тулж ажиллаж байгаа. Аймгийн татварын хэлтсүүд сум, орон нутагтаа сургалт хийж байна. Их олон ажил хийж байна. Энэ сарын 18-наас бүх ажил жигдрээд эхлэх болов уу гэж бодож байна. Түүнээс биш төр оролцоод кассын машиныг нь авчирч өгч оролцоод байх шаардлага байхгүй. Техникийн хувьд бид олон арга зам гаргаж өгч байгаа. Хэвлэх төхөөрөмжтэй байхад л болно. Заавал кассын машин гэх шаардлагагүй. Бид программыг нь үнэгүй тараагаад өгчихсөн. Ямар ч байгууллага www.ebarimt.mn сайт руу ороод татаад авах боломжтой. Баримт хэвлэсэн машинаа интернэтээр бидэнтэй холбох ёстой. Гурав хоногийн дотор мэдээллээ явуулах ёстой. Интернэтгүй сум гэж байхгүй. Гурав хоногт нэг удаа явуулчихад болно.

Бид “Жи мобайл” компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурсан. “Жи мобайл”-ын гар утсаар баримтаа илгээхэд үнэгүй болчихлоо. Бусад үүрэн телефоны компаниуд ч бидэнтэй энэ тал дээр хамтарч ажиллахаар эхнээсээ саналаа ирүүлж байна. Аж ахуйн нэгжүүд маань ч үүний ач холбогдлыг ойлгоод дэмжиж байна. Иргэд маань ч маш сонирхолтой, идэвхтэй оролцож байна.

Кассын машины асуудлыг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зохицуулах ёстой байсан гэж зэмлэх хүмүүс байна. Мөн ганц талх авахад баримт аваад яах юм. Тав, арван мянгаас дээш төгрөгөөр худалдан авалт хийхдээ л баримт хэвлүүлэх хэрэгтэй гэж ярих хүн ч байх юм?

-Өмнө нь дэлгүүрт ороод талх авахдаа баримт авдаг л байсан биз дээ. Бид шинээр юм зохиогоогүй, хуучин байсан юмаа татвартай холбочихсон. Иргэнийг хохироож болохгүй. Хаана ч байлаа гэсэн баримт хэвлэж өгөх л ёстой. Хуульдаа ингээд заачихсан. Тэрийгээ хийгээгүй байж одоо юу гээд шүүмжлээд байгаа юм бэ. Иргэнийг хохироохгүйгээр НӨАТ-тай байна уу, байхгүй байна уу, сугалаатай байна уу, сугалаагүй байна уу хамаагүй баримт өгөх л ёстой. Тэрийгээ л өг гээд байна шүү дээ. Тэрийг нь татвартай холбочихоор ингээд янз бүрийн юм яриад байгаа байхгүй юу. Бид хуулиа хэрэгжүүлэх чиглэлд хатуу шаардлага тавьж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Магваны Эрдэнэбат: Санаа гүйцээд ирэхээр үзгээ шүүрэхээс аргагүйд хүрдэг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбаттай уулзаж хөөрөлдлөө. ТүүнийгХөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороотүүвэр, “Хөлгүй цэнхэр нууруран сайхны кино, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн наролон ангит кино, “Хүний үнэртелевизийн жүжиг зэрэг уран бүтээлээр нь олон түмэн андахгүй.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэн болсонд баяр хүргэе!

-Хар нялхаасаа уран зохиолд дурлаж, идэвхтэй уншигч, бичигч байж, арвандолоон наснаасаа өнөөг хүртэл зүтгэсний минь буян хишиг ирлээ. Утга зохиолын хамгийн том оргил Д.Нацагдоржийнхоо нэрэмжит шагналыг авсандаа маш баяртай байна. Би арвантавтайгаасаа шүлэг бичиж эхэлсэн.

Их утга зохиолд түүчээлж хөтөлсөн багшийнхаа талаар дурсаач?

-Энэ сайхан мөчид дурсахгүй байхын аргагүй хүн бол утга зохиолын замч соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал багш минь юм. Түмээ ахтайгаа би аравдугаар ангиа төгсөн ЗХУ-ын Орелын ТМС-д суралцахаар очсон үедээ учирсан сайхан хувь заяатай. ТМС-д суралцахаар яваа хүүхдүүдийг харгалзаж явсан багш нь Түмээ ах байлаа. Бид тавыг жагсааж байгаад сургаал их айлдана. Тэр үед амьхандаа хэдэн шүлэг бичмэглэсэн болохоор “Шүлэг бичдэг хүүхэд байна уу гэж асуугаасай” гэж дотроо их залбирна. Тэр жил аав минь бурхан болчихсон байсан болохоор бяцхан зүрх минь юу эсийг бичсэн байх билээ. Тухайн үедээ би Түмээ ахыг “Зохиолч л гэж онгироод байх юм. Шүлэг бичдэгийг минь асуугаасай” л гэж их бодно. Тэгтэл нэг өдөр асуулаа шүү. Асуунгуут л би ч маш хурдтайгаар гараа өргөж, жагсаалаас гарч ирсэн. Үүнээс хойш их дотноссон.

Түмэнжаргал зохиолч тэр үед юу гэж байв?

-“Чи ерөөсөө намайг дагаад зүгээр л явж бай. Энд Орост сураад байх юм чамд юу ч байхгүй. Монголд очиж байгаад хэл, уран зохиолын ангид оруулна. Монголын том зохиолчид тэр чигээрээ миний найз нар байгаа” гэхэд хөдөөгийн хүү би тэр том амьтдын нэрийг л дуулснаас цаашгүй болохоор үнэндээ их биширдэг байлаа. Хоёр жил Түмээ ахыгаа дагаж, Горькийн утга зохиолын сургууль орж, Ленинградын цагаан шөнөд дурлаж, Оросын алдартай зохиолчдын гэр музейгээр яван нүд тайллаа. Түүний хажуугаар хойно сурч байсан одоогийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, зохиолч Г.Аюурзана, орчуулагч О.Чинбаяр, Дашлхүмбийн Галбаатар багш, яруу найрагч М.Баттөмөр, Эрхүү хавьд сурч байсан ТЕГ-ын дарга асан Ариунсан, яруу найрагч Рагваагийн Гэрэл, Д.Чинзориг нартай танилцуулж байлаа. Орельд их зохиолч Тургеневын гэр музейг анх үзүүлж, өөрөө тайлбарлаж байсан нь сэтгэлд одоо ч тодхон байна. Түмээ ахынхаас ном их авч уншина. Тэр дотор Дармын Батбаяр гуайн “Айсуй баярын зөн” гэж их гэгээхэн богино өгүүллэгүүдтэй ном авч уншаад өгүүллэг бичмээр санагдсан. Тэр сэдэл л миний хүүрнэл зохиол бичих эхлэл болсон доо.

Багш тань дагуулж явахдаа хамтсавахуу. Хүнийхээ хувьд ямаршуухан зохиолч байв?

-Насны зөрөө ихтэй болохоор цугтаа уугаад байна гэж юу байхав. Тэр үед би хөдөөний жаахан хүүхэд болохоор ах захаа хүндэлнэ. Ахмад хүний хажууд тархигүй загнаад байхааргүй гэрийн хүмүүжил бидний үеийнхэнд бүгдэд нь байсан даа. Багш маань найз нөхөд олонтой хүн байсан. Тэр үед цүнх сав, үзэг балаас нь өгсүүлээд хямгадах юм зөндөө байлгүй яахав. Хамгийн гол нь тэр агуу хүмүүсийн яриа хөөрөөг чагнаж, архинд нь хааяа гүйнэ. Багш Явуухулан багшаа, шог зохиолч Жаргалын Барамсай найзаа, их зохиолч Балжирын Догмидын тухай ч юм уу, үзэг нэгт уран бүтээлчдийнхээ аль сайхан бүхнийг галт тэргэнд явж байсан ч, дэлгүүр хоршоогоор орсон ч их ярина. Тэр бүхэн нь надад авьяас билгийн их тэжээл болсон доо. Манай Түмээ багш хүүхэд шиг гэнэн зантай, онгироодуу ч юм шиг ил цагаан үгтэй уран бүтээлч хүний нийтлэг дүр болсон хүн байсан даа.

Орелийн ТМСээ төгсөж ирээд Монголдоо ямар сургуульд оров?

-МУИС, УБИС-ийн утга зохиолын ангид оруулна гэж багш их дагуулж явсаан. Тэгтэл харин С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль элсэлт авч, анхны ангид нь орж суралцсан даа. Манай сургуульд төрийн шагналт зохиолч агуу их Ш.Гаадамба, яруу найрагч Очирбатын Дашбалбар, эрдэмтэн зохиолч Сэндэнжавын Дулам нарын утга зохиолын томчуул багшилна. Тэдний бараа дүрийг хараад сүрдэж байна ч гэж жигтэйхэн, баярлаж байгаа ч гэж юу гэх вэ. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга нар ч манай сургуулиар их ирнэ. Миний аж төрөл, эргэн тойрны амьдрал дандаа л авьяаслаг гэгээн хүмүүсийн дунд үргэлжилсэн. Одоо ч би Монголын аль л авьяастай онгодтой гэгээн сайхан хүмүүстэй үерхэж нөхөрлөж яваа минь сайхан хувь заяа гэж боддог.

Өгүүллэг бичээд өөрийгөө тоосон ч юм уу, өрөөлөөс урмын үг сонссон гэгээн агшнаа дурсвал олон биз?

-Урмын үг олныг сонсож явлаа. Хүүрнэл зохиол гэдэг чинь яруу найрагчид шиг “Болор цом” ч юм уу, ямар нэг уралдаан тэмцээнд ороод урмын үг сонсоод байх нь ховор, харьцангуй нуугдмал төрөл. “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг маань анх “Билгүүн судар” сонинд гарахад олон хүн баяр хүргэсэн. Тэр сонин чинь тухайн үедээ нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж, Дөнгөтийн Цоодол, Баарангийн Пүрэвдаш, Г.Аюурзана, Э.Сонинтогос, Б.Галаарид нарын мундаг шүүлтүүр бүхий коллегитой байсан. Жинхэнэ авьяастныг их дэмждэг, уран бүтээлийн шагнал нь ч өндөр, босго өндөртэй хэвлэл байлаа. Монголын радио телевизэд ажилд орсны дараа программын хэлтсийн дарга, одоогийн ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай намайг дуудаад “Сэнгийн Эрдэнэ зохиолчийн 70 насны ой нутагт нь болно. Сурвалжлаад ир” гэлээ. Эрдэнэ баавайн “Сэрүүн дуганы мөхөл” гэж алдартай тууж байдаг даа. Хэлмэгдлийн үед сүйрсэн энэ дуганыг сэргээхээр ардын жүжигчин Жаргалсайхан, Эрдэнэт хотын дарга байсан Цэвээн гуай, Эрдэнэ баавай нар сэтгэл зүрх хамтатган нутгаа зорьсон хэрэг.

Тэр үед Эрдэнэ баавайтай сайхан дотносов уу?

-Эрдэнэ гуай мань мэтийг юугаа л мэдээ аж, тэр том хүн гэж бодож явсан юм. Тэгсэн баавай “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Ил товчоо” зэрэг сонинд гарсан өгүүллэгүүдийг маань тоож, өөрийнхөө “Арван шувуу” номын хавтсан дээр “Их утга зохиолын ачааг Эрдэнэбат хүүд үүрүүлэв” гэж гарын үсгээ зурдаг юм байна. Ерэн есөн оны наймдугаар сард шүү дээ. Монголын сэтгэлзүйн уянгын их мастер Эрдэнээ гуайгаас тийм их итгэл найдвар тээсэн бэлэг авсан хүн урам авалгүй яах вэ.

Дашбалбар багш өөрийг чинь аль хэр үнэлдэг байв?

-Багш надад анхандаа сахилгагүй гээд жаахан тиймхэн ханддаг байсан. Сүүлд “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг хэвлэгдсэний дараа маш их тоож “Чи ийм арван өгүүллэг биччихвэл Монголдоо сонгодог, зуун ийм өгүүллэг бичвэл дэлхийн сонгодог зохиолч боллоо л гэсэн үг” гээд надад урам хайрлаж билээ.

Танай Жамьянгаравын сургуулийн ангиас чинь олон зохиолч төрсөн үү?

-Олон зохиолч төрөөгүй ш дээ. Яахав, сэтгүүлчид бол хэд хэд байна. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, зохиолч Б.Батрэгзэдмаа нар сүүлд ирж төгссөнийг эс тооцвол цөөхөн зохиолчтой шүү, манай анги.

Бүтээл туурвих цаг хүн хүнд өөр байдаг. Та хэдийд голдуу бичдэг вэ?

-Санаагаа олчихоод бодоод л явдаг. Санаа гүйцээд ирэхээр өглөөний жин цагаар л үзэг рүүгээ явахаас аргагүй болдог доо. Жүжиг, киноны зохиолын голыг тасалчихгүй юмсан гэсэн бодлоор “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит киноны зохиолуудаа бичсэн. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов ахын “Эцсийн тушаал” зэрэг телевизийн хэдэн ланжгар жүжиг байдаг. Үүнийг бодож байгаад “Хүний үнэр”, “Хүйтэн бороо” хоёр жүжгээ бичлээ. Хүний моралийн тухай жүжгүүд. Миний үеийн сайхан уран бүтээлч Ц.Буянзаяагийнхаа “Морин уруул” романыг саяхан уншлаа. Одоогоос зуугаад жилийн өмнөх түүхэн хүний тухай нэг роман, хоёр ч жүжгийн зохиол эхлүүлээд явж байна. Уран зохиол гэдэг хүн шиг өөрийн гэсэн хувь заяатай. Тиймээс өөрийн сэтгэл зүрхнээс төрсөн бүхнээ л уран бүтээл болгон амьдруулах юмсан гэж боддог доо. Тэрнээс онолоор хув хуурай юм бичиж, машин шиг олон бүтээл хувилахыг хүсдэггүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар түүхэнд байгаагүй өссөн нь Холбооны нөөцийн банкны шийдвэрээс шалтгаалжээ

“Өдрийн
сонин”-ы 2016-01-19-ний дугаараас

“Найман шарга” зах дээр өчигдөр ам.долларыг 2005 төгрөгөөр авч 2008 төгрөгөөр зарж байв. Ноён ногооны ханш өмнө нь энэ хэмжээнд хүрч өсч байгаагүй юм. Жил бүрийн сар шинийн өмнөхөн ам.долларын ханш өсдөг гэсэн уламжлалт шалтгаан бий. Үүнээс гадна ямар шалтгаан нөлөөлснийг сонирхлоо.

Доллар өссөн гол шалтгаан нь Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой гэж эдийн засагчид онцолж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн юм. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах магадлал өндөр байгаа. Уг шийдвэр ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад нөлөөлж эхэлжээ. Долларын “галзуурал”-ын хамгийн том нөлөөлөл нь энэ гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилж буй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ам.доллар руу хошуурч эхэлсэн гэсэн үг. Энэ нь манайх шиг уул уурхайд суурилсан эдийн засагтай улсуудад гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол үүсгэж, ханшийн дарамт үүсгэх замаар нөлөөлж байгаа аж.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН УНАЛТ АМ.ДОЛЛАРЫН ГАРАХ УРСГАЛЫГ БУУРУУЛНА

Судалгааны байгууллагаас ам.долларын ханшийн талаар ямар таамагтай байгааг сонирхсон юм. “Эгүлэ капитал” судалгааны компанийн хувьд ноён ногооны ханш өнгөрсөн онд ямар байсныг “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувиар, иенийн эсрэг 3.8 хувиар, юанийн эсрэг 1.6 хувиар тус тус суларсан бол рублийн эсрэг 15.6 хувиар, еврогийн эсрэг 6.4 хувиар чангарлаа. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн оны эхний хагас жилд өндөр хэлбэлзэлтэй буюу 50-100 төгрөгөөр хэлбэлзэж байсан бол сүүлийн хагас жилд сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтворжсон юм. Төгрөгийн ханш тогтворжсон нь Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын гэрээ зурагдаж, зах зээлд эерэг хүлээлт бий болсонтой холбоотой байсан” гэж тайлбарлалаа.

“Эгүлэ капитал” судалгааны компаниас гаргасан тайланд ам.долларын ханш ирэх онд ямар байх талаар “Манай улсын гадаад валютын орох урсгалын 30 орчим хувь нь зэсийн баяжмалын арилжаанаас бүрддэг. Дэлхийн зэсийн 45 хувийг импортолдог Хятадын эдийн засаг удааширч байгаа, АНУ-ын бодлогын хүүний өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2016 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш болон эрэлт буурах хандлага зонхилж байна. Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэхдээ гэр хороолол болон жижиг үйлдвэрүүдийн хэсэгт хөнгөн цагаан ашиглах тухай яригдаж байгаа. Энэ нь 2016 оны зэсийн эрэлтийг буурахад мөн хүчтэй нөлөө үзүүлж магадгүй. Алтны арилжаанаас орох валютын урсгалын хувьд манай улсын валютын нийт орох урсгалын тав орчим хувийг бүрдүүлдэг. Холбооны нөөцийн банкнаас 2016 онд бодлогын хүүгээ улирал бүр 0.5 хувиар өсгөх талаар яригдаж байгаа. Холбооны нөөцийн банкнаас хүүг өсгөснөөр алт худалдан авахын алдагдсан боломжийн зардлыг нэмэгдүүлж байгаа учир алтны ханш буурсаар 1,000 ам.доллараас доош орох магадлал өндөр. Ирэх оноос Хятадын юань ОУВС-гийн нөөц валютуудын нэг болж байгаа учир юанийн эсрэг алтны ханш мөн унах магадлалтай байна.Валютын гарах урсгалын 10 орчим хувийг нефтийн бүтээгдэхүүний импортоор гадагшлах валютын урсгал бүрдүүлдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний импортын төлбөрөөр гарах валютын урсгал манай улсын нийт валютын гарах урсгалын тав орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа нь манай улсын хувьд валютын гарах урсгалыг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Иран улс цөмийн хөтөлбөрөө цуцалж буй учир ирэх жилийн эхээр зах зээлд тус улсаас их хэмжээний газрын тосны нийлүүлэлт хийгдэхээр хүлээгдэж байна. Тэгэхээр энэ онд газрын тосны үнэ үргэлжлэн буурах төлөв бий гэсэн үг. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтаас үүдэлтэй валютын гарах урсгал буурч байна. Мөн зэс, алтны эрэлт болон ханшийн бууралттай холбоотойгоор манай улсын валютын орох урсгал ч буурч мэднэ. Гэхдээ валютын орох урсгалын бууралт нь гарах урсгалын бууралтаас давах төлөв илүү ажиглагдаж байна. Тиймээс энэ онд төгрөгийн ханш бага зэрэг сулрах болов уу” хэмээн дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд Үндсэн хууль зөрчив үү?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” уламжлалт буланд алдарч уяач, MAX группын Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдийн өргөө хоймор зочилсон сурвалжлага гарлаа. Дэлгэрэнгүйг XII, XIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд Үндсэн хууль зөрчив үү?” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд хандахад болохгүй юмгүй гэдгийг өгүүлсэн юм.

Харин Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Ирээдүйн тэтгэврийн нөөц сан хөрөнгө оруулалтын том эх үүсвэр болох ёстой ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаар II, V нүүрнээс уншаарай. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “Хүүхдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг улсын байцаагчтай болно” ярилцлага хэвлэгдэв. Энэ талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншиж болно.

Баримт, үйл явдал нүүрэнд “А.Мурат хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан бололтой” нийтлэл хэвлэгджээ. Мөн цаг үеийн мэдээ мэдээллүүдийг уншаарай.

“Уран бүтээлч” нүүрт Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Би “Морин хуур” наадамтай хөгжмийн зохиолчийн хувьд хамгийн их холбоотой” ярилцлага хэвлэгджээ. Та бүхэн энэ ярилцлагыг XIX нүүрнээс унших боломжтой.

“Сав шим” нүүрт Дэлхийд гуравхан үлдсэн цагаан хирсний талаарх сонирхолтой баримтыг уншаарай. Сүүлчийн эрэгчин цагаан хирсийг 24 цагийн турш буутай цэргүүд хамгаалж байгаа гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүйг та XVII нүүрт хэвлэв. Мөн амралтын өдрүүдэд болсон цаг үеийн үйл явдлыг мэдээ нийтлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ